Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 5-р сарын 12 өдөр
Ulaanbaatar city
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/6 дугаар зүйлийн 6.7.16, 6.7.17 дахь заалт:
” 6.7.16.энэ хуулийн 3.1.1.а, 3.1.1.б, 3.1.1.в-д заасан бүх төрлийн тамхи, цэнэглэх шингэнд үнэр, амт оруулах бодис, бэлдмэл нэмсэн байх;
6.7.17.тамхины хайрцаг, сав, баглаа боодол нь өнгө, дүрслэл, хэлбэр дизайн, материал, гүйцэтгэл болон бусад гадаад шинж чанараараа хүний анхаарал, сонирхлыг татахуйц, эсхүл бусад эд зүйлстэй андуурагдахаар байх.”
2/6 дугаар зүйлийн 6.8.3-6.8.5 дахь заалт:
“6.8.3.тамхийг худалдахдаа далд байршуулж, хэрэглэгч бүтээгдэхүүнийг сурталчилгааны шинж чанар агуулаагүй жагсаалтаас сонгон худалдан авах нөхцөлийг бүрдүүлэх;
Тайлбар: “далд байршуулах” гэдгийг хэрэглэгч бүтээгдэхүүнийг шууд харах боломжгүй, бүрэн хаалттай хайрцаг, шүүгээнд байршуулж, хэрэглэгчийн хүсэлтээр түр хугацаанд нээж үзүүлэх боломжтой байдлаар худалдахыг ойлгоно.
6.8.4.энэ хуулийн 6.8.3-т заасан жагсаалтад бүтээгдэхүүний нэр болон үнийн мэдээллийг тусгасан байх;
6.8.5.энэ хуулийн 6.8.4-т заасан жагсаалт нь зөвхөн мэдээлэл өгөх зорилготой байх бөгөөд бүтээгдэхүүнийг брэнд, лого оруулж сурталчлах хэлбэрээр хэрэглэгчид үзүүлэхийг хориглоно.”
3/7 дугаар зүйлийн 7.111 дэх хэсэг:
“7.111.Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих, тамхи импорлох, худалдах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцно.”
4/9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх заалт:
“9.1.9.эмнэлэг, сувилал, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, гудамж, цэцэрлэгт хүрээлэн, спортын байгууламж.”
“91 дүгээр зүйл.Тамхины хамаарлаас гаргах эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
91.1.Тамхи татдаг хүнийг тамхинаас гаргах, никотины хамаарал, хорт зуршлаасаа салах үйл явцыг дэмжих, хөнгөвчлөх зорилготой зөвлөгөө, эмчилгээ, сэтгэлзүйн дэмжлэг, эм бэлдмэл зэргийг багтаасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Тусламж үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:
91.1.1.сэтгэлзүйн эмчилгээ;
91.1.2.никотин орлуулах эмчилгээ;
91.1.3.эмийн эмчилгээ;
91.1.4.тусгай утасны зөвлөгөө, мэдээллийн тусламж үйлчилгээ.
91.2.Энэ хуулийн 91.1-д заасан тусламж үйлчилгээ нь үр нөлөөтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй, холбогдох стандартын шаардлага хангасан байх ба тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан үзүүлнэ.
91.3.Энэ хуулийн 91.1-т заасан тусламж үйлчилгээг төрөөс дэмжих, бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх бөгөөд тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сан болон хөнгөлөлттэй эмийн жагсаалтад хамруулах замаар санхүүжүүлнэ. Үүнтэй холбогдсон харилцааг холбогдох хуулиар нарийвчлан зохицуулна.
91.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ хуулийн 91.1-т заасан тусламж үйлчилгээний үр нөлөө, чанар, хүртээмжийн талаар тогтмол судалгаа, үнэлгээ хийнэ.”
2 ДУГААР ЗҮЙЛ.ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР 6.7.10 ДАХЬ ЗААЛТЫН “СУГАЛАА ГАРГАХ” ГЭСНИЙ ДАРАА “, ҮНЭГҮЙ ТАРААХ, БЭЛЭГЛЭХ, ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ, ЭД ЗҮЙЛСЭЭР АРИЛЖААЛАХ” ГЭЖ, 72 ДУГААР ЗҮЙЛИЙН 72.2.11 ДЭХ ЗААЛТЫН “ЭРҮҮЛ АХУЙН” ГЭСНИЙ ДАРАА “БОЛОН ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН БУСАД” ГЭЖ, 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.4 ДЭХ ХЭСГИЙН “БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ” ГЭСНИЙ ДАРАА “БОЛОН НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТ, УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ, СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ, УЛС ТӨРИЙН НАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС” ГЭЖ ТУС ТУС НЭМСҮГЭЙ.
3 ДУГААР ЗҮЙЛ.ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
1/3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт:
”3.1.1.“тамхин бүтээгдэхүүн” (цаашид “тамхи” гэх) гэж тамхины навч, ургамлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн болон нийлэг аргаар гаргаж авсан никотин, түүний уламжлал дагавар бодис, бохь, химийн бодис агуулсан, амт, үнэр оруулагч нэмсэн, эсхүл нэмээгүй, татах, үнэрлэх, сорох, зажлах, аманд уусгах, биед наах, эсхүл бусад аргаар, дагалдах хэрэгсэл бүхий төхөөрөмжийг ашиглаж болон ашиглахгүйгээр хэрэглэх зориулалттай, хууль тогтоомжид заасны дагуу эмийн бүртгэлд бүртгэгдсэн тамхинаас гаргах эмээс бусад дараах бүтээгдэхүүнийг хэлнэ:
3.1.1.а.тамхины түүхий эд, задгай тамхи, татаж хэрэглэх зориулалттай навчин, дүнсэн, шүүлтүүртэй, шүүлтүүргүй янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхийг;
3.1.1.б.цахилгаан халаагч болон бусад арга, хэрэгслээр асаахгүйгээр сорж татах зориулалттай бүх төрлийн халаадаг тамхи болон түүний хэрэгсэл, тэдгээрийн эд анги, дагалдах хэрэгслийг;
3.1.1.в.никотин, никотин давс, амт, үнэр оруулагч болон бусад химийн бодис агуулсан, эсхүл агуулаагүй шингэнийг цахилгаан хэрэгслээр ууршуулан татах, эсхүл түүнтэй адилтгах аргаар хэрэглэх зориулалттай электрон тамхи, түүний цэнэглэгч шингэн, эд анги, дагалдах хэрэгслийг;
3.1.1.г.усан хоолойгоор татах зориулалттай тамхи, тамхи орлуулагч, амт, үнэр оруулагч бүтээгдэхүүн, тэдгээрийг хэрэглэх зориулалттай татах төхөөрөмж, түүний эд анги, дагалдах хэрэгслийг;
3.1.1.д.үнэрлэх, сорох, зажлах, аманд уусгах, биед наах болон татахаас бусад аргаар хэрэглэх зориулалттай, никотин агуулсан, эсхүл агуулаагүй химийн бодис, амт, үнэр оруулагч бутээгдэхүүнийг.
2/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт:
“3.1.11.“тамхи татах зөвшөөрөгдсөн цэг" гэж энэ хуулийн 3.1.1.д-д зааснаас бусад тамхийг энэ хуулийн 3.1.3-т заасан дам тамхидалт бий болгохгүйгээр татах зориулалтаар тусгайлан бэлтгэсэн талбай, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглож тусгаарласан өрөөг.”
”5 дугаар зүйл.Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар салбар хоорондын хамтын ажиллагаа, төр, иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо
5.1.Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ;
5.1.1.тамхины хэрэглээг бууруулах, урьдчилан сэргийлэх талаарх улсын нэгдсэн бодлогыг боловсруулах, Засгийн газраар батлуулах, хэрэгжилтэд хянат тавих;
5.1.2.тамхины хэрэглээг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн бүх шатны болон нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран ажиллах, салбар хоорондын уялдааг хангах;
5.1.3.тамхины хэрэглээ, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдээлэл цуглуулах, нэгдсэн статистик хөтлөх, түүнд дүн шинжилгээ, үнэлгээ хийх;
5.1.4.импортлох тамхины хэмжээ, нэр төрлийн талаар энэ хуульд заасан тамхины хэрэглээг бууруулах зарчимтай уялдуулан нэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
5.1.5.тамхины хяналтын талаар олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тайлан, мэдээ илгээх;
5.1.6.тамхины хамаарлаас гаргах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих, хөгжүүлэх.
5.2.Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
5.2.1.ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хөтөлбөрт тамхины хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх сургалтын агуулга боловсруулж, багтаах;
5.2.2.бүх шатны сургууль, сургалтын байгууллагад энэ хуулийн 6.7.14, 9.1.8-д заасан хориглосон заалтын хэрэгжилтийг хянах, зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэх, сургуулийн орчинд бүх төрлийн тамхи хэрэглэхийг хориглох, хэрэгжилтэд хяналт тавих;
5.2.3.бүх шатны сургуулийн орчин дахь тамхидалт, түүнтэй холбоотой бусад үйл ажиллагааны талаар нэгдсэн тоо мэдээлэл хөтлөх, судалгаа, үнэлгээ хийх.
5.3.Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
5.3.1.энэ хуулийг зөрчсөн зөрчлийн шийтгэлийн хэрэгжилтэд хяналт тавих, шийтгэлийн төрлийн үр нөлөөтэй байдалд үнэлэлт, дүгнэлт, судалгаа хийх;
5.3.2.энэ хуулийн 9.1-д заасан хориглосон газарт тамхи татсан, тамхи худалдахтай холбоотой гарсан зөрчлийг цагдаагийн байгууллагаар дамжуулан шийдвэрлэх, хуулийн хэрэгжилтийг хангах;
5.3.3.энэ хуулийг зөрчсөн зөрчлийн талаарх мэдээллийг иргэнээс хүлээн авах үр дүнтэй зөрчил мэдээллэх тогтолцоог бий болгох.
5.4.Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ;
5.4.1.энэ хуулийн 4.1.1-д заасан тамхины татварын талаар баримтлах бодлого болон татвараас бий болсон орлогыг хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тогтвортой санхүүжүүлэх зарчмыг баримтлан, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх:
5.4.2.тамхины импорт, экспорт, үйлдвэрлэл, худалдаанд гааль, татварын бодлогыг хэрэгжүүлэх замаар хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх;
5.4.3.энэ хуулийн 4.1.6-д заасныг хэрэгжүүлэх.
5.5.Тамхины хяналтын талаар хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
5.5.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тариалах хувь хэмжээ, нэр төрөл нь хүн амд аюул учруулахгүй түвшинд байлгах, тамхины хэрэглээг бууруулах зарчимтай уялдуулсан бодлого, зарчим баримтлах;
5.5.2.энэ хуулийн 4.1.6-д заасныг хэрэгжүүлэх.
5.6.Тамхины хяналтын талаар бүх шатны Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.6.1.харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд тамхины хяналтын хэрэгжилтийг зохион байгуулах;
5.6.2.тамхины эсрэг сургалт, сурталчилгаа, тамхигүй орчин бий болгох чиглэлд төлөвлөгөө гарган ажиллах;
5.6.3.энэ хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.3, 9.1.4, 9.1.7, 9.1.8, 9.1.9-д заасан хориглосон газраас бусад гадаад орчин дахь нийтийн эдэлбэр газарт байгуулах тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн байршил, төсвийг шийдвэрлэх;
5.6.4.тамхи худалдаалах зөвшөөрөл олгох цэгийн тоо байршлыг тогтоохдоо энэ хуульд заасан зарчим, хязгаарлалтыг хангах, тамхи худалдаалах зөвшөөрөлтэй цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих;
5.6.5.орон нутгийн хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах.
5.7.Тамхины хяналтын талаар иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:
5.7.1.энэ хуулийн хэрэгжилтийг гэр бүл, ажлын байрны орчинд хангах;
5.7.2.насанд хүрээгүй хүнд тамхи татахыг санал болгох, тамхи олж авах, хэрэглэхэд дэмжлэг үзүүлэхгүй байх, бусад хүнийг дам тамхидалтад өртөхөөс урьдчилан сэргийлэх;
5.7.3.тамхи үйлдвэрлэгч, импортлогчоос бүх төрлийн хандив, тусламж, тэтгэлэг хүлээж авахаас татгалзах;
5.7.4.энэ хуулийн 9.1.5, 9.1.6-д заасан газарт тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300м2-аас доошгүй талбай бүхий барилга байгууламжид нэгээс илүүгүй байхаар тухайн хуулийн этгээд байгуулах.
5.8.Тамхины хяналтын талаар тамхи үйлдвэрлэгч, импортлогч хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:
5.8.1.хуулийн этгээдийн 20-оос дээш хувийн хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, тамхины үйлдвэрлэл, импорттой холбоотой бусад мэдээллийг өөрийн цахим хуудаст байршуулан нийтэд ил тод байлгах;
5.8.2.энэ хууль болон эрх бүхий байгууллагаас баталсан тамхины найрлага, тамхины хайрцаг, сав, баглаа боодолд тавигдах стандартыг хангах;
5.8.3.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.”
4/6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт:
“6.4.1.зурагт анхааруулга нь тамхины дотор, гадна хайрцаг, сав, баглаа боодол, татах төхөөрөмж, эд анги, дагалдах хэрэгсэл тус бүрийн нүүрэн талын гадаргууны талбайн 70-аас багагүй хувийг эзэлсэн байх;”
5/6 дугаар зүйлийн 6.7.2 дахь заалт:
“6.7.2.энэ хуулийн 3.1.1.а, 3.1.1.б-д заасан тамхийг нэг хайрцагт 20 ширхгээс цөөн тоогоор, эсхүл дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг 200 граммаас багаар савлах, энэ хуулийн 3.1.1.в-д заасан электрон тамхины шингэний хэмжээг 2 миллилитрээс, цэнэглэгчийг 10 миллилитрээс ихээр савлах, электрон тамхины шингэн дэх никотины агууламж 20 миллиграмм/миллилитрээс их байх;”
6/9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь заалт:
“9.1.8.цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, хүүхдийн асрамжийн газар, хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх газар;”
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.7.15 ДАХЬ ЗААЛТЫН “ХУДАЛДАХ.” ГЭСНИЙГ “XУДАЛДАХ;” ГЭЖ, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН “УТААТ ТАМХИ” ГЭСНИЙГ “ТАМХИ”, МӨН ЗҮЙЛИЙН 9.1 ДЭХ ХЭСГИЙН “УТААТ” ГЭСНИЙГ “ЭНЭ ХУУЛИЙН 3.1.1.Д-Д ЗААСНААС БУСАД” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.
5 ДУГААР ЗҮЙЛ.ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 3.1.2 ДАХЬ ЗААЛТЫН, 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.3 ДАХЬ ХЭСГИЙН “УТААТ”, 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.1.7 ДАХЬ ЗААЛТЫН, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.1.5, 9.1.6 ДАХЬ ЗААЛТЫН “УТААТ” ГЭСНИЙГ ТУС ТУС ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСУГАЙ.
6 ДУГААР ЗҮЙЛ.ЭНЭ ХУУЛИЙГ 2025 ОНЫ ... ДУГААР САРЫН ...-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

О. НОМИНЧИМЭГ

О. НОМИНЧИМЭГ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх