4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
4.1.1. “уур амьсгалын өөрчлөлт” гэж байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас уур амьсгалын төлөв байдалд урт хугацаанд гарч буй өөрчлөлтийг;
4.1.2. “уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах” гэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээг;
4.1.3. “дасан зохицох” гэж байгаль орчин, нийгэм, эдийн засагт бодитой учирсан, эсхүл ирээдүйд тохиолдож болзошгүй уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн өртөх эмзэг байдлыг бууруулах, даван туулахад чиглэсэн чадавхыг бэхжүүлэх тогтвортой үйл ажиллагааг;
4.1.4. ”даван туулах” гэж уур амьсгалын өөрчлөлт, аюултай үзэгдэл, тогтворгүй өөрчлөлт тулгарахад нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтолцоо үндсэн чиг үүргээ хадгалан хариу үйлдэл үзүүлэх, дасан өөрчлөгдөх, сэргээн зохион байгуулагдах чадавхыг;
4.1.5. “уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл” гэж уур амьсгалын аюултай үзэгдэл, эмзэг байдал, өртөмтгий байдлын харилцан нөлөөллөөс үүсэх сөрөг үр дагаврын магадлал, хэмжээг;
4.1.6. “уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, үр дагавар” гэж уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүний эрүүл мэнд, нийгмийн тогтолцоо, эдийн засгийн үйл ажиллагаа, экосистемд үзүүлэх сөрөг өөрчлөлт, хохирлыг;
4.1.7. “гарз хохирол” гэж уур амьсгалын өөрчлөлтийн зайлшгүй болон даван туулах боломжгүй нөлөөллөөс үүдэн бий болж буй эдийн засгийн болон эдийн засгийн бус хохирол, алдагдлыг хэлнэ.
4.1.8. “урьдчилан мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоо” гэж уур амьсгалын болон байгалийн аюултай үзэгдлийн талаарх мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, эрсдэлийг үнэлэх, олон нийт болон холбогдох байгууллага, албан тушаалтанд цаг тухайд нь хүргэх зохион байгуулалттай тогтолцоог;
4.1.9. “хүлэмжийн хий” гэж агаар мандалд хуримтлагдаж дулааныг тогтоон барих замаар уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг нүүрсхүчлийн хий, метан, азотын дутуу исэл болон бусад хийг;
4.1.10. “хүлэмжийн хийн ялгарал” гэж хүлэмжийн хий агаар мандалд ялгарч гарахыг;
4.1.11. “хүлэмжийн хийн тооллого” гэж холбогдох хууль тогтоомж, журам, аргачлалын дагуу улсын, салбарын, бүс нутгийн болон байгууллагын түвшинд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн агаар мандалд ялгаруулж эсвэл агаар мандлаас шингээн авч буй хүлэмжийн хийнүүдийг тооцооны аргаар тооцоолох үйл ажиллагааг;
4.1.12. “хүлэмжийн хийн шингээлт” гэж ой, ургамлын бүрхэвч, хөрс, ус болон бусад экосистем хүлэмжийн хийг хэрэглэх биологийн үйл явцыг;
4.1.13. “хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах” гэж хүлэмжийн хийн ялгарлаас урьдчилан сэргийлэх, ялгарлын үүсвэр болон хэмжээг багасгах, агаар мандлаас зайлуулах, агуулах, шингээх замаар агаар мандал дахь хүлэмжийн хийн нийт хэмжээг бууруулах үйл ажиллагааг;
4.1.14. “хүлэмжийн хийн тэнцэл” гэж хүлэмжийн хийн ялгарал, түүнийг бууруулах, шингээх арга хэмжээний үр дүнгийн тэнцвэрийг хангахыг;
4.1.15. “дүйцүүлэх” гэж хүн, хуулийн этгээд өөрийн хүлээсэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үүргийг хэрэгжүүлэх зорилгоор бусад этгээдийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, зохион байгуулах замаар сааруулалтын үр дүнг тооцуулахыг;
4.1.16. “сааруулалтын үр дүн” гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан буюу шингээсэн, хэмжигдэхүйц, баталгаажсан үр дүнг;
4.1.17. “олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн” Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйл болон холбогдох олон улсын шийдвэр, журамд нийцүүлэн улс хооронд шилжүүлэн ашиглах боломжтой, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагааны үр дүнд бий болсон бөгөөд оролцогч талууд үндэсний тооцоололд харгалзах тохируулга хийхээр хүлээн зөвшөөрсөн сааруулалтын үр дүнг ойлгоно.
4.1.18. “хүлэмжийн хийн ялгарлын тэнцлийг хангах” гэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, зайлшгүй үлдэх ялгарлыг хүлэмжийн хийн шингээлт болон дүйцүүлэх арга хэмжээгээр тооцуулж хүлэмжийн хийн ялгарлыг тэг түвшинд хүргэхийг;
4.1.19. “карбон зах зээл” гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дүйцүүлэх, шингээлтийг нэмэгдүүлэхтэй холбоотой харилцаа, зохицуулалтыг хамарсан зах зээлийн тогтолцоог;
4.1.20. “сайн дурын карбон зах зээл” гэж хууль тогтоомжоор биелүүлэх шаардлагаас ангид, иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагаанд оролцох зорилгоор ашигладаг карбон зах зээлийг;
4.1.21. “хоёр талт карбон зах зээл” гэж олон улсын гэрээнд заасны дагуу улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд сааруулалтын үр дүнг шилжүүлэн тооцох замаар хэрэгжих карбон зах зээлийг;
4.1.22. “олон талт карбон зах зээл” гэж олон улсын гэрээнд заасан механизмаар олон талын оролцоотойгоор хэрэгжих карбон зах зээлийг;
4.1.23. “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” гэж Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох зорилгоор олон улсын гэрээний дагуу тодорхойлж, хэрэгжүүлэхээр хүлээсэн зорилт, арга хэмжээний багцыг;
4.1.24. “Үндэсний карбон зах зээл” гэж үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хангах хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанаас үүссэн карбон кредитийг дотоодын бүртгэл, арилжаа, дүйцүүлэлт, шилжилт, урамшуулалтын тогтолцоогоор дамжуулан ашиглах зах зээлийн механизмыг;
4.1.25. “ногоон санхүүжилт” гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, даван туулахад чиглэсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулсан санхүүжилт, хөрөнгө оруулалтыг;
4.1.26. “ногоон таксономи” гэж эрх бүхий байгууллагаас баталсан, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох зорилгод нийцсэн бөгөөд байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүй эдийн засгийн үйл ажиллагааг ангилж, ногоон санхүүжилт, уур амьсгалын хөрөнгө оруулалтад хамааруулах шалгуур, ангиллыг;
4.1.27. “Үндэсний зохицуулагч байгууллага” гэж карбон кредитийг бүртгэх, хянан баталгаажуулах, арилжих, шилжүүлэх, тохируулга хийх, тайлагнах, хүлэмжийн хийн тооллого хийх, мэдээллийн сан үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулах эрх бүхий байгууллагыг,
4.1.28. “Парисын Хэлэлцээр” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд батлагдсан, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, бага ялгарлын хөгжлийг дэмжих зорилготой олон улсын гэрээг;
4.1.29. “Үндэсний платформ” гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, даван туулах, хүлэмжийн хийн ялгарлыг үе шаттайгаар бууруулж тэг ялгаралд хүрэхэд чиглэсэн бодлого, төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийг уялдуулах зорилгоор төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллага, олон улсын түнш, иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааны тогтолцоог;
4.1.30. “Үндэсний зохицуулагч байгууллага” гэж карбон кредитийг бүртгэх, хянан баталгаажуулах, арилжих, шилжүүлэх, тохируулга хийх, тайлагнах, хүлэмжийн хийн тооллого хийх, мэдээллийн сан үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулах эрх бүхий байгууллагыг,
4.1.31. “харгалзах тохируулга” гэж Парисын Хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд олон улсад шилжүүлсэн сааруулалтын үр дүнг олон улсын аргачлалын дагуу хүлэмжийн хийн үндэсний тооллогын дүнд тохиргоо хийн нэмж тооцохыг;
4.1.32. “карбон кредит” гэж хүлэмжийн хийн ялгарлыг 1 тонн CO₂-тэй тэнцэх хэмжээгээр бууруулсан, шингээсэн эсвэл дүйцүүлснийг баталгаажуулсан үр дүнг;