Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 5-р сарын 01 өдөр
Ulaanbaatar city
ОЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын ойн экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдлыг хадгалах, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглалтыг хангах, орон нутгийн оролцоог хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.
2 дугаар зүйл. Ойн тухай хууль тогтоомж
2.1. Ойн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “ой” гэж 5 метр болон түүнээс өндөр ургах боломжтой, 10-аас дээш хувийн титмийн бүрхэцтэй, 0.5 га-аас доошгүй талбайд модлог ургамал зонхилон ургасан, ургамал, амьтан, бичил биет, хөрс, ус, агаарын харилцан үйлчлэл бүхий экосистемийг;
3.1.2. “ойн экосистем” гэж байгалийн болон таримал ойд орших амьд болон амьгүй бүрэлдэхүүн, тэдгээрийн харилцан хамаарал, экологийн үйл явц, экосистемийн үйлчилгээний нийлбэрийг;
3.1.3. “таримал ой” гэж урьд өмнө нь ой байгаагүй газарт зориудаар модлог ургамал тарьж ургуулан бий болгосон ойг;
3.1.4. “ногоон бүсийн ой” гэж хот, суурин газрын орчны экологийн тэнцвэр, эрүүл ахуйн нөхцөлийг хангах зорилгоор тогтоосон бүсэд хамаарах ойг;
3.1.5. “ногоон байгууламж” гэж хот, суурин газрын орчинд байгаль орчин, нийгэм, гоо зүйн зориулалтаар байгуулсан модлог ургамал бүхий талбайг;
3.1.6. “заган ой” гэж говь, цөлийн бүсэд заг мод зонхилон ургасан, 0.3 га-аас доошгүй талбай, арваас дээш хувийн титмийн бүрхэц бүхий, хөрс хамгаалах, цөлжилтийг сааруулах ач холбогдолтой ойн экосистемийг;
3.1.7. “ойн баялаг” гэж ойн модны нөөц, ойн дагалт баялаг болон экосистемийн үйлчилгээний нийлбэрийг;
3.1.8. ”ойн модны нөөц” гэж ойн талбай болон модны эзлэхүүнээр илэрхийлсэн хэмжээг;
3.1.9. “ойн дагалт баялаг” гэж самар, жимс, жимсгэнэ, мөөг, эмийн ургамал, давирхай, шүүс болон ойгоос бэлтгэж ашиглаж болох бусад баялгийг;
3.1.10. “ойн генетик нөөц” гэж модлог ургамлын удамшлын мэдээлэл агуулсан генетик материал, түүний эх үүсвэрийг;
3.1.11. “ойн эдийн засаг” гэж ойг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах, боловсруулах болон экосистемийн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдсон үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоог;
3.1.12. “ойн экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээ болон экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг батлагдсан аргачлалд үндэслэн мөнгөн дүнгээр илэрхийлснийг;
3.1.13. “ойн аж ахуйн арга хэмжээ” гэж ойг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглахтай холбогдсон бүх төрлийн үйл ажиллагааг;
3.1.14. “ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт организмд нэрвэгдсэн, хөгширсөн, хүчтэй салхи, их цасанд өртсөний улмаас амьдрах чадваргүй болсон босоо хатсан болон унасан мод, гишүү, мөчрийг цэвэрлэх замаар ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг;
3.1.15. “ойн арчилгаа” гэж ойн бүтэц, чанарыг сайжруулах зорилгоор хийгдэх арга хэмжээг;
3.1.16. “ойжуулалт” гэж ой байгаагүй газарт ой шинээр бий болгох үйл ажиллагааг;
3.1.17. “ойн нөхөн сэргээлт” гэж доройтсон ойг сэргээх үйл ажиллагааг;
3.1.18. “ойн нүүрстөрөгчийн шингээлт” гэж ойн экосистем нүүрстөрөгч шингээж, хуримтлуулах үйл явцыг;
3.1.19. “ойн нүүрстөрөгчийн ялгарал” гэж ойн экосистем доройтож, нүүрстөрөгч алдагдах үйл явцыг;
3.1.20. “ойн нүүрстөрөгчийн кредит” гэж хэмжиж бүртгэсэн нүүрстөрөгчийн шингээлт эсхүл ялгаруулахаас сэргийлсэн хэмжээг;
3.1.21. "нөхөрлөл" гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8-д заасны дагуу байгуулагдсан нөхөрлөлийг;
3.1.22. “мод” гэж 5 метрээс дээш өндөр ургах боломжтой, ганц голлосон иштэй олон наст модлог ургамлыг;
3.1.23. “сөөг” гэж 5 метрээс бага өндөртэй, олон салаалсан иштэй, олон наст модлог ургамлыг;
3.1.24. “ойн экологи-эдийн засгийн үнэлгээ" гэж ойн нөөц, ойн дагалт баялгийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг;
3.1.25. “хуш модны самрын биологийн ургац” гэж тухайн жилд хушин ойд ургасан самрын нийт ургацыг;
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
4.1. Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн хамгаалалт, ашиглалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгайлан тогтоох ба түүнийг үндэслэл болгож тусгай хамгаалалттай газар нутгийн ойн менежментийг энэ хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ.
4.2. Тусгай хамгаалалттай газар нутаг болон усны сан бүхий газарт явуулах ойн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ойн аж ахуйн арга хэмжээ хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
4.3. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Галын аюулгүй байдлын тухай болон Гамшгаас хамгаалах тухай хуулиар тус тус зохицуулна.
4.4. Агро-ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
4.5. Ойн баялгийн нөөцийг хүнсний зориулалтаар боловсруулах, худалдаалахтай холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Хүнсний тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.
4.6. Ой, мод, сөөгтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулах бөгөөд хот, суурин газрын цэцэрлэгжүүлэлт болон бусад ногоон байгууламжтай холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.
4.7. Ойд ан агнахтай холбоотой харилцааг Амьтны тухай хуулиар зохицуулна.
4.8. Ойн сан бүхий газарт газар эзэмших, ашиглахтай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна.
4.9. Ойн салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоотой холбогдох энэ хуульд зааснаас бусад харилцааг Төрийн бус байгууллагын тухай хууль болон Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.
4.10. Ойн хууль тогтоомж хоорондоо зөрчилдөх, хийдэл гарах тохиолдолд ойн тогтвортой менежментийн үүднээс уг хууль тогтоомжийг тайлбарлана.
5 дугаар зүйл. Төрөөс ойн талаар баримтлах зарчим
5.1. Төрөөс ойн талаар дараах зарчмыг баримтална:
5.1.1. Монгол Улсын ой төрийн хяналт, хамгаалалтад байх;
5.1.2. ойн нөөцийг ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;
5.1.3. ойн нөөцийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу зориулалтаар нь үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;
5.1.4. ойн экосистемийн үйлчилгээ хүртээмжтэй байх, ойн эдийн засгийг дэмжих;
5.1.5. ойн менежментийн төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ОЙН БҮСИЙН АНГИЛАЛ, ДЭГЛЭМ
6 дугаар зүйл. Ойн сан бүхий газар
6.1. Ойн сан бүхий газарт ой, мод, сөөг бүхий газар, заг бүхий газар, ойн цоорхой, цагаан энгэр, доройтсон ойн талбай, ой тэлэн ургахад шаардлагатай талбай, ой доторх мод үржүүлгийн талбай, ойн нөхөн сэргээлт хийсэн талбай, ойн түймрээс хамгаалах зурвас гаргасан талбай, таримал ойн эзлэх талбай хамаарна.
6.2. Энэ хуулийн 6.1-д заасан ой тэлэн ургахад шаардлагатай талбайд ойн захаас 100 метр хүртэлх талбай болон таримал ой бий болгох зорилгоор газрын нэгдмэл бусад сангийн ангиллаас ойн санд бүртгэж авсан талбай хамаарна.
6.3. Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж байгаа газарт байгаа мод үржүүлгийн талбай нь ойн сан бүхий газарт хамаарахгүй.
7 дугаар зүйл. Ойн бүсийн ангилал
7.1. Ойн нөөц, экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан ойн бүсийг дор дурдсанаар ангилна:
7.1.1.хамгаалалтын бүсийн ой; 7.1.2.ашиглалтын бүсийн ой; 7.1.3.тусгай зориулалтын ой.
7.2. Ойн тооллого, ой зохион байгуулалтын дүнг үндэслэн орон нутгийн иргэдийн саналыг харгалзан ойн ангиллыг тогтоох, өөрчлөх, ангилал хооронд шилжүүлэх асуудлыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.
7.3. Төрийн захиргааны байгууллага нь ойн тооллого, ой зохион байгуулалтыг хуулийн этгээдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ.
7.4. Ойн тооллого, ой зохион байгуулалтыг хийх аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
8 дугаар зүйл. Ойн тооллого
8.1. Ойн тооллогыг улсын хэмжээнд таван жил тутам явуулна.
8.2. Ойн тооллогоор ойн экосистемийн нүүрстөрөгчийн шингээлт, ялгарал, биологийн олон янз байдал, ховор болон нэн ховор зүйл, тэдгээрийн амьдрах орчинг тодорхойлно.
9 дүгээр зүйл. Ой зохион байгуулалт
9.1. Ой зохион байгуулалтын ажлыг улсын хэмжээнд арван жил тутам хийнэ.
9.2. Ойн зохион байгуулалтаар ойн талбай, ойн нөөц, насны бүтэц, төрөл зүйлийн бүрэлдэхүүн, ойн төлөв байдал, экосистемийн даац, нөхөн сэргэх чадавх, доройтлын түвшин, хөрс, ус, амьдрах орчинд үзүүлэх нөлөөлөл, түймэр, хөнөөлт организм зэрэг хөнөөлт хүчин зүйлийн эрсдэл, орон нутгийн амьжиргаа, уламжлалт хэрэглээний хэрэгцээ, нийгэм, эдийн засаг, экологийн үр нөлөөг судлан тогтооно.
9.3. Ой зохион байгуулалтын дүнг үндэслэн ойн ангиллын зааг, байршил, талбайн хэмжээг харуулсан газрын зургийг үйлдэнэ.
10 дугаар зүйл. Хамгаалалтын бүсийн ой, түүний дэглэм
10.1. Байгаль орчны тэнцвэр, ус, хөрс, уур амьсгал, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын бүсийн ойг тогтооно.
10.2. Хамгаалалтын бүсийн ойд дараах ой хамаарна:
10.2.1. усны эх, гол мөрний сав, нуур, рашааны эх, усан сан, бусад усны байгууламжийн эрэг дагуух ус хамгаалалтын бүсэд байрлах ой;
10.2.2. цармын бүслүүр болон өндөр уулын эмзэг экосистем бүхий ой;
10.2.3. тусгай хамгаалалттай газрын ой;
10.2.4. элсний нүүлт, хөрсний эвдрэл, гулсалт, цөлжилтөөс хамгаалах цөл, хагас цөлийн заган ой;
10.2.5. хуш мод зонхилсон экологийн эмзэг бүсийн ой;
10.2.6. байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас экологийн ач холбогдолтой гэж тогтоосон бусад ой.
10.3. Хамгаалалтын бүсийн ойд хуульд заасан үндэслэл журмын дагуу дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж болно:
10.3.1. ой хамгаалах;
10.3.2. арчилгаа, цэвэрлэгээ;
10.3.3. түймэр, хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ;
10.3.4. нөхөн сэргээлт, ойжуулалт;
10.3.5. шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ;
10.3.6. экологийн боловсрол, танин мэдэхүй, зөөлөн хэлбэрийн аялал жуулчлал;
10.3.7. орон нутгийн иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний мод авах, хашаа хороогоо сэлбэх.
10.4. Хамгаалалтын бүсийн ойд дараах үйл ажиллагааг хориглоно:
10.4.1. үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх;
10.4.2. ойн нөхөн сэргэх чадавх, хамгаалалтын чиг үүргийг алдагдуулах;
10.4.3. хөрс, ус, амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа;
10.4.4. химийн бодис ашиглан хөнөөлт организмтэй тэмцэх;
10.4.5. мод, сөөг, заг шилжүүлэн суулгах.
11 дүгээр зүйл. Ашиглалтын бүсийн ой, түүний дэглэм
11.1. Ашиглалтын бүсийн ойн экосистемийн тэнцвэрийг хадгалах нөхцөлтэйгөөр мод, ойн дагалт баялаг, экосистемийн үйлчилгээ болон ойн эдийн засгийн бусад үйл ажиллагааг тогтвортой явуулах зорилгоор тогтооно.
11.2. Ашиглалтын бүсийн ойд менежментийн төлөвлөгөөг үндэслэн хуульд заасан зөвшөөрлийн хүрээнд дараах үйл ажиллагаа явуулж болно:
11.2.2. ойн дагалт баялаг түүх, бэлтгэх;
11.2.3. ойн аялал жуулчлал;
11.2.4. нүүрстөрөгч шингээлтэд суурилсан төсөл;
11.2.5. ойн зам, дэд бүтцийг төлөвлөх, байгуулах, ашиглах;
11.2.6. био-эдийн засгийн үйл ажиллагаа;
11.2.7. хуульд тодорхой заасан бусад үйл ажиллагаа;
11.2.8. экосистемийн үйлчилгээ авах.
11.3. Ашиглалтын бүсийн ойн үйл ажиллагаа нь орон нутгийн амьжиргаа, хэрэгцээ, менежментийн төлөвлөгөөтэй уялдсан байна.
11.4. Ашиглалтын бүсийн ойд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
11.4.1. нөхөн сэргэх боломжийг алдагдуулах;
11.4.2. зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн ойн нөөцийг ашиглах;
11.4.3. менежментийн төлөвлөгөө, гэрээний үүргээ зөрчиж, үйл ажиллагаа явуулах;
11.4.4. байгаль орчинд эрсдэлтэй технологи, арга хэрэглэх.
11.5. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ашиглалтын ойн бүсэд хяналт шалгалт тавина.
11.6. Хяналт шалгалтаар ашиглалтын бүсийн ойн доройтол, нөөцийн хомсдол, экологийн эрсдэл тогтоогдсон бол тухайн бүсэд ашиглалтын хэмжээг бууруулах, түр зогсоох, ангиллыг өөрчлөх, нөхөн сэргээлт хийх шийдвэрийг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гаргана.
12 дугаар зүйл. Тусгай зориулалтын ой, түүний дэглэм
12.1. Тусгай зориулалтын ойг ойн нөөцийг хамгаалах, хот, суурины ногоон бүсийг хөгжүүлэх, түүх, соёлын үнэт зүйлсийг хамгаалах, нийгмийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор тусгай зориулалтын ойг тогтооно.
12.2. Тусгай зориулалтын ойд дараахь ойг хамааруулна:
12.2.1.ойн генетик нөөц, үрийн эх үүсвэрийн ой; 12.2.2.шинжлэх ухааны туршилт, сургалт, судалгааны ой; 12.2.3.хот, суурины ногоон бүсийн ой; 12.2.4.түүх, соёлын ач холбогдол бүхий ой; 12.2.5.суурин газар, зам, инженерийн байгууламж, хөдөө аж ахуйн эдэлбэрийг хамгаалах зурвас ой, агро-ой; 12.2.6.тусгай зориулалтаар төрөөс тогтоосон бусад ой.
12.3. Тусгай зориулалтын ойд менежментийн төлөвлөгөөг үндэслэн хуульд заасан зөвшөөрлийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж болно:
12.3.1.ой хамгаалах, арчлах, цэвэрлэх; 12.3.2.нөхөн сэргээлт, ойжуулалт; 12.3.3.шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ; 12.3.4.сургалт, дадлага, экологийн боловсрол; 12.3.5.зохицуулалттай аялал жуулчлал; 12.3.6.тухайн зориулалтад нийцсэн уламжлалт хэрэглээ.
12.4. Тусгай зориулалтын ойд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
12.4.1.үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх; 12.4.2.ойн дагалт баялгийг арилжааны зорилгоор ашиглах; 12.4.3. хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах; 12.4.4.тухайн ойн зориулалтад нийцэхгүй байгууламж барих; 12.4.5.төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл.
12.5. Тусгай зориулалтын ой нь тусгай хамгаалалттай газар нутаг, соёлын өв, хот байгуулалтын бүсэд давхар хамаарах тохиолдолд энэ хуульд заасан дэглэмээс гадна холбогдох хууль тогтоомжид заасан дэглэмийг мөрдөнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ОЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ
13 дугаар зүйл. Ойн тогтвортой менежментийн зарчим
13.1. Ойн тогтвортой менежмент нь ойн экологийн тэнцвэртэй байдал, эдийн засгийн үр өгөөж, нийгмийн ашиг тусын тулд ойн нөөцийг урт хугацаанд , тэнцвэртэй, хариуцлагатайгаар удирдахад чиглэнэ.
13.2. Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд дараах нийтлэг зарчмыг баримтална:
13.2.1. эрүүл ойг хадгалах, байгалийн нөхөн сэргэлтийг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалах;
13.2.2. уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд нийгмийн сайн сайхан байдалд хувь нэмэр оруулах;
13.2.3. нүүрстөрөгчийн шингээлтыг хадгалах, ялгарлыг бууруулах;
13.2.4. ой нөөцийн бүтээгдэхүүн, экосистемийн үйлчилгээг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эдийн засгийн үйл ажиллагаанд чиглүүлэх.
13.3. Ойн менежментийн зарчмыг улсын, аймаг, нийслэл, сумын, зарим дүүргийн ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-үнэлгээ, шинжилгээ хийхэд баримтална.
14 дүгээр зүйл. Ойн менежментийн төлөвлөгөө
14.1. Ойн менежментийн төлөвлөгөө нь ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, ангилах, бүсчлэх, эрсдэлийг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэгдсэн стратеги төлөвлөлтийн баримт бичиг байна.
14.2. Ойн менежментийн төлөвлөгөө нь доор дурдсан төлөвлөгөөнөөс бүрдэнэ:
14.2.1.улсын ойн менежментийн төлөвлөгөө; 14.2.2.аймаг, нийслэлийн менежментийн төлөвлөгөө; 14.2.3.сумын ойн менежментийн төлөвлөгөө.
14.3. Ойн менежментийн төлөвлөгөөг ойн тооллого, ой зохион байгуулалтын дүнг үндэслэн боловсруулна.
14.4. Сумын ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, шинэчлэх явцад төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, нөхөрлөл, хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн иргэд, олон нийтийн саналыг авна.
14.5. Ойн менежментийн төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тайланг ойн мэдээллийн цахим системд байршуулж, олон нийтэд ил тод мэдээлнэ.
14.6. Ойн менежментийн төлөвлөгөөг арван жил тутам батлах ба хугацаанаас өмнө дараах үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно:
14.6.1. байгалийн гамшигт үзэгдлийн улмаас ойн төлөв байдалд ихээхэн хэмжээний өөрчлөлт орсныг эрсдлийн үнэлгээгээр тогтоогдсон бол;
14.6.2. газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ойн сан бүхий газрын ангилалд өөрчлөлт орсон бол.
14.7. Ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулах аргачлалыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
15 дугаар зүйл. Улсын ойн менежментийн төлөвлөгөө
15.1. Улсын ойн менежментийн төлөвлөгөөг Засгийн газар батална.
15.2. Улсын ойн менежментийн төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:
15.2.1. цөлжилтөөс сэргийлэх, бууруулах, сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, байгаль, орчин, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой улсын хэмжээнд хэрэгжих ойжуулалтын төсөл;
15.2.2. улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэх ойн аж ахуйн арга хэмжээ;
15.2.3. Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн бусад ойжуулах төсөл.
15.2.4. Улсын ойн менежментийн төлөвлөгөөнд ойжуулалтын төсөл, ойн аж ахуйн арга хэмжээ, хэрэгжүүлэх арга зам, үе шат, санхүүгийн эх үүсвэр, хүрэх дүн, шалгуур үзүүлэлт, хяналт үнэлгээ, шинжилгээ хийх асуудлыг тусгасан байна.
15.2.5. Улсын ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хангуулна.
15.2.6. Улсын ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцан зохион байгуулна.
15.2.7. Улсын ойн менежментийн төлөвлөгөөнд туссан ойжуулалтын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг ойн асуудал хариуцсан төрийн байгууллага хариуцан зохион байгуулна.
15.2.8. Техник, эдийн засгийн үндэслэлийг ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж баталгаажуулна.
15.2.9. Улсын ойн менежментийн төлөвлөгөөнд туссан ойжуулалтын төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг холбогдох хуулийн дагуу хийнэ.
16 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө
16 .1. Аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
16 .2. Аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө нь тухайн нутаг дэвсгэрийн ойн бүсийн ангилал, дэглэм, эрсдэлийн түвшинд нийцсэн байна.
16 .3. Аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөнд дараахь асуудлыг тусгана:
16 .3.1. улсын ойн менежментийн төлөвлөгөөнд туссан өөрийн нутаг дэвсгэрт хамаарах ойн аж ахуйн арга хэмжээ;
16 .3.2. аймаг, нийслэлийн хэмжээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ойн аж ахуйн арга хэмжээ.
17 дугаар зүйл. Сумын ойн менежментийн төлөвлөгөө
17.1. Сумын ойн менежментийн төлөвлөгөөг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал батална.
17.2. Сумын ойн менежментийн төлөвлөгөөнд дараахь дараах асуудлыг тусгана:
17.2.1. ойн бүсийн ангилал, зааг, талбай;
17.2.2. хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлтийн бүсчилсэн арга хэмжээ;
17.2.3. ашиглалтын хэмжээ, нөхцөл, дараалал;
17.2.4. ойжуулалт, нөхөн сэргээлт, цэвэрлэгээ, арчилгаа, хамгаалалтын арга хэмжээ;
17.2.5. түймэр, хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ;
17.2.6. самар, ойн дагалт баялаг, аялал жуулчлал, агро-ойн аж ахуйн зохицуулалт;
17.2.7. орон нутгийн иргэд, нөхөрлөл, хоршоо, малчин, малчин өрхийн холбоо, хувийн хэвшлийн оролцоо;
17.2.8. орон нутгийн иргэдийн уламжлалт хэрэглээ, эрхийг харгалзсан зохицуулалт;
17.2.9. орон нутгийн орлогын хуваарилалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн санхүүжилт;
17.2.10. хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналын тогтолцоо.
18 дугаар зүйл. Хушин ойн менежмент
18.1. Хушин ой нь экологийн хувьд эмзэг, эдийн засгийн ач холбогдолтой тул тусгайлсан менежментийн дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
18.1.1. самрын нөөц, ашиглах хэмжээ, хугацаа, квот тогтоох;
18.1.2. механик гэмтлээс хамгаалах;
18.1.3. байгалийн сэргэн ургалтыг дэмжих;
18.1.4. хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хяналт тавих;
18.1.5. түймэр, хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх;
18.1.6. хөрс, үндсийг хамгаалах;
18.1.7. самрыг зохистой ашиглах;
18.1.8. доройтсон талбайд нөхөн сэргээлт хийх.
18.2. Хушин ойд иргэн, хуулийн этгээдээс дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно:
18.2.1. механик аргаар самар бэлтгэх;
18.2.2. байгалийн сэргэн ургалтыг устгах;
18.2.3. хөрс, үндэс гэмтээх;
18.2.4. зөвшөөрөлгүй ашиглах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ОЙН ЭДИЙН ЗАСАГ
19 дүгээр зүйл. Таримал ойг өмчлөх, эзэмшиж ашиглах
19.1. Дараах газарт иргэн, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр ой, модыг тарьж ургуулж, үр шимийг хүртэж болно:
19.1.1. Монгол Улсын иргэн өмчлөлийн газартаа;
19.1.2. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эзэмшиж байгаа газартаа;
19.1.3. улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөнд ойжуулалт хийхээр төлөвлөсөн газарт.
19.2. Монгол Улсын иргэн өмчлөлийн газартаа өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ой, модыг өмчилж болно.
19.3. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эзэмшиж байгаа газартаа өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ой, модыг эзэмшиж ашиглаж болно.
19.4. Улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөнд ойжуулалт хийхээр төлөвлөсөн газарт өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ойг эзэмшиж ашиглаж болно.
19.5. Энэ хуулийн 19.1.3-т заасан газарт ойжуулалтыг хуулийн этгээд хамтран хийж болно.
19.6. Энэ хуулийн 19.5-д заасны дагуу хамтран ойжуулалт хийсэн тохиолдолд таримал ойн үр шимийг хүртэх асуудлыг талуудын байгуулсан гэрээгээр шийдвэрлэнэ.
19.7. Энэ хуулийн 19.1.2-т заасны дагуу ойжуулалтын зориулалтаар эзэмшүүлэх газрыг олгох асуудлыг төсөл сонгон шалгаруулах замаар шийдвэрлэнэ.
19.8. Улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөнд ойжуулалт хийхээр төлөвлөсөн газрыг улсын болон орон нутгийн хэрэгцээнд авах асуудлыг Газрын хуулиар зохицуулна.
19.9. Улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөнд ойжуулалт хийхээр төлөвлөсөн газарт хийх ойжуулалт хийх хуулийн этгээдийг төсөл сонгон шалгаруулалтаар сонгоно.
19.10. Иргэн, хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ой, модыг ойгоор бүртгүүлэх хүсэлтээ сумын болон сум дундын ойн ангид цахимаар гаргана.
19.11. Сумын болон сум дундын ойн анги тухайн иргэн, хуулийн этгээдийн тарьж ургуулсан ой, мод нь энэ хуулийн 3.1.1-д заасан ойн шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
19.11.1. ойн шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзвэл ойн мэдээлллийн цахим системд тухайн таримал ойг бүртгэж, цахим гэрчилгээ олгоно.
19.11.2. ойн шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үзсэн бол ойн мэдээллийн цахим системд тухайн таримал ойг бүртгэхгүй;
19.11.3. энэ хуулийн 19.11.2-т заасны дагуу таримал ойгоор бүртгээгүй тохиолдолд тарьсан модыг ойн мэдээллийн цахим системд бүртгэх.
19.12. Таримал ойн цахим гэрчилгээний загварыг ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
19.13. Таримал ойг эзэмшиж ашиглаж байгаа этгээд нь таримал ойн үр шимийг захиран зарцуулна.
19.14. Таримал ой өмчлөгч нь өөрийн өмчлөлийн газраа худалдсан тохиолдолд тухайн газар дээрх таримал ой хамт шилжинэ.
19.15. Таримал ойг эзэмшиж ашиглаж байгаа тохиолдолд таримал ойг өвлүүлэхээс бусад хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хориглоно.
19.16. Ойжуулах зориулалтаар эзэмшиж байгаа газарт тарьсан таримал ойг эзэмшиж ашиглах хугацаа нь газар эзэмших хугацаатай нэгэн адил байна.
19.17. Улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөнд ойжуулалт хийхээр төлөвлөсөн газарт таримал ой эзэмшиж ашиглах хугацаа 10 жилийн давтамжтайгаар 60 хүртэл жил байна.
19.18. Энэ хуулийн 19.1-д заасан газарт тарьж ургуулсан таримал ойд ойн тооллого, ой зохион байгуулалтыг энэ хуульд заасны дагуу хийнэ.
19.19. Таримал ойг өмчлөгч иргэн, эзэмшиж ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд нь тухайн ойг хамгаалах, гал түймэр, хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, доройтлоос хамгаалах болон ойн зохион байгуулалтын арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хийх ба холбогдох стандарт, техникийн зохицуулалтыг мөрдөх үүрэгтэй.
20 дугаар зүйл. Ойн сан бүхий газрыг хариуцуулах
20.1. Харьяалах нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газар нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн эзэмшилд байна.
20.2. Ойн сан бүхий газрын тодорхой хэсгийг хамгаалах, нөхөн сэргээх, хадгалах зориулалтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоонд хариуцуулж болно.
20.3. Энэ хуулийн 20.2-т заасан нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоонд хариуцуулах ойн сангийн тодорхой хэсэг нь сумын ойн менежментийн төлөвлөгөөнд туссан байна.
20.4. Нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоонд гэрээгээр арван жилийн давтамжтайгаар 60 хүртэл жилийн хугацаагаар хариуцуулж болно.
20.5. Ойн сан бүхий газрын тодорхой хэсгийг хариуцан хамгаалж байгаа нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоо нь сумын ойн менежментийн төлөвлөгөөний дагуу ойг хамгаалах, гэрээнд заасны дагуу ойн аж ахуйн арга хэмжээ явуулж болно.
20.6. Нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоо тухайн ойн ангиллын дэглэмд нийцүүлэн сумын ойн менежментийн төлөвлөгөөний дагуу түлээний мод, дагалт баялгийг ашиглах, бусад хэлбэрээр ойн баялгийн нөөцөөс үр шимийг нь хүртэх эрхтэй.
20.7. Нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоо хариуцаж байгаа ойн сан бүхий газрын тодорхой хэсэгтээ бусад иргэн, хуулийн этгээд ойд хохирол учруулахгүйгээр аялал зугаалгаар явах, малын туувар дайран өнгөрөх, зөгий үржүүлэх, өвс хадах, , тухайн нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбооны хяналтан дор хуульд заасны дагуу авсан зөвшөөрлийн үндсэн дээр мод бэлтгэх, ойн дагалт баялгийг ашиглах, ан хийж болно.
20.8. Энэ хуулийн 20.7-д заасан этгээд тухайн ой сан бүхий газрын тодорхой хэсэгт хохирол учруулсан тохиолдолд учирсан хохирлыг арилгахтай холбогдсон зардлыг нөхөн төлүүлэхээр нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоо шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.
20.9. Хариуцаж байгаа ойн сан бүхий газрын тодорхой хэсгийг бусдад шилжүүлэх, түрээслэх, барьцаалах, хувь нийлүүлсэн хөрөнгөд тооцохыг хориглоно.
20.10. Нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоо хариуцаж байгаа ойн сан бүхий газарт гэрээнд заасны дагуу ойн аж ахуйн арга хэмжээ хэрэгжүүлсэн бол энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан урамшуулалд хамрагдаж болно.
20.11. Нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоо нь өөрийн хариуцаж байгаа ойн сан бүхий газарт ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлснээс үүссэн ойн нүүрстөрөгчийн кредитыг худалдаж болно.
21 дүгээр зүйл. Ойн эдийн засгийн үйл ажиллагаа
21.1. Ойн эдийн засгийн үйл ажиллагаа нь ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, ойн экосистемийн үйлчилгээний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээнээс бүрдэнэ.
21.2. Ойн эдийн засгийн үйлдвэрлэл, үйлчилгээ нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
21.2.1. тухайн ойн бүсийн ангилал, дэглэмд нийцсэн байх;
21.2.2. ойн менежментийн төлөвлөгөөнд үндэслэсэн байх;
21.2.3. дэвшилтэт, ногоон технологи ашигласан байх;
21.2.4. нөөцийг хаягдалгүй үр ашигтай, тогтвортой ашиглах, хаягдлыг бууруулах, үлдэгдэл биомассыг био-эдийн засгийн эргэлтэд оруулах.
21.2.5. ойн нөөцийн гарал үүсэл тодорхой байх, ул мөрийг мөшгөх тогтолцоог нэвтрүүлсэн байх;
21.2.6. нөөцийн гарал үүсэл, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын тоо хэмжээг цахим системд бүртгэх, тайлагнах;
21.2.7. үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нөхөн сэргээх, хамгаалах санхүүжилтийн эх үүсвэртэй байх;
21.2.8. орон нутгийн иргэд, нөхөрлөл, уугуул иргэдийн эрх, ашиг сонирхлыг харгалзсан байх;
21.2.9. холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангах;
21.2.10. хуульд заасан бусад.
Тайлбар: Энэ хуулийн 21.2.4-т заасан “Үлдэгдэл биомасс”-ийг түүхий эдийг бэлтгэх, боловсруулах болон ашиглах үйл ажиллагааны явцад үүссэн, дахин ашиглах боломжтой органик гаралтай үлдэгдэл материал гэж ойлгоно.
22 дугаар зүйл. Ойн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
22.1. Ойн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь ойн модны нөөц, ойн дагалт баялаг, ойн биомасс, экосистемийн үйлчилгээний тогтвортой ашиглалтад суурилсан байна.
22.2. Ойн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дараах үйл ажиллагаа хамаарна:
22.2.1.мод бэлтгэх; 22.2.2.мод боловсруулах; 22.2.3.ойн дагалт баялгийг түүж бэлтгэх, боловсруулах; 22.2.4.био-эдийн засгийн үйлдвэрлэл эрхлэх; 22.2.5.хуульд нийцсэн, ойн менежментийн зорилгод харшлахгүй бусад үйлдвэрлэл эрхлэх.
23 дугаар зүйл. Мод бэлтгэх
23.1. Сумын болон сум дундын ойн анги нь сумын менежментийн төлөвлөгөөнд заасан хэмжээнд багтаан бэлтгэх модны нөөцийн хэмжээг жил бүр гаргаж, хуваарилна:
23.1.1. үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх модны нөөцийг хуулийн этгээд тус бүрээр;
23.1.2. арчилгаа, цэвэрлэгээг хуулийн этгээд, нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоо тус бүрээр;
23.1.3. иргэдийн ахуйн болон уламжлалт хэрэглээнд зориулсан модыг баг тус бүрээр.
23.2. Үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэлийг ашиглалтын бүсийн ойд менежментийн төлөвлөгөөнд нийцүүлэн зөвшөөрлийн үндсэн дээр явуулна.
23.3. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн бэлтгэх, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэхийг хориглоно.
23.4. Өөр сумын нутаг дэвсгэрт мод бэлтгэх тохиолдолд холбогдох сумын Засаг дарга нар урьдчилан тохиролцож, тухайн жилийн бэлтгэх модны хэмжээнд тусгуулах саналыг холбогдох аймгийн Засаг дарга нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
23.5. Энэ хуулийн 23.4-д заасны дагуу холбогдох сумын засаг дарга нар тохиролцоонд хүрээгүй тохиолдолд холбогдох аймгийн засаг дарга шийдвэрлэнэ.
23.6. Иргэн, хуулийн этгээд мод бэлтгэх хүсэлтээ тухайн орон нутгийг хариуцсан ойн ангид цахим системээр дамжуулан гаргана.
23.7. Хүсэлтийг энэ хуулийн 21.2-д заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдэд мод бэлтгэх цахим эрхийн бичгийг олгоно.
23.8. Ойгоос бэлтгэсэн мод, модон материалыг аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахдаа цахим гарал үүслийн гэрчилгээтэй байна. Гэрчилгээг тухайн орон нутгийг хариуцсан ойн анги цахим системээр олгоно.
23.9. Засгийн газар дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор боловсруулаагүй модны экспортод хязгаарлалт тогтоож болно.
23.10. Ой бүхий нутагт оршин суугч иргэд ахуйн хэрэгцээндээ зориулан түлээний мод бэлтгэж болно.
23.11. Түлээний мод бэлтгэх хэмжээ, байршил, хугацаа, нөхцөлийг тухайн сумын ойн менежментийн төлөвлөгөөнд үндэслэн орон нутгийн ахуйн бодит хэрэгцээнд нийцүүлэн ойн анги тогтооно.
23.12. Ахуйн зориулалтаар бэлтгэсэн түлээний модыг ашиг олох зорилгоор худалдахыг хориглоно.
24 дүгээр зүйл. Ойн модны нөөцийг ашиглуулах
24.1. Ойн модны нөөцийг Монгол Улсын хуулийн этгээдэд төсөл сонгон шалгаруулах замаар сумын ойн менежментийн төлөвлөгөөний дагуу 10 жилийн хугацаатай гэрээгээр ашиглуулж болно.
24.2. Төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна.
24.3. Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шалгуурыг хангасан байна:
24.3.1.техникийн болон мэргэжлийн чадавх; 24.3.2.байгаль орчны менежментийн туршлага; 24.3.3.санхүүгийн чадавх; 24.3.4.нөхөн сэргээлтийн баталгаа; 24.3.5.орон нутгийн оролцоо, ашиг хүртээмжийн санал; 24.3.6.мэдээллийн ил тод байдал, тайлагналын чадавх.
24.4. Дараах этгээдийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй:
24.4.1.хуульд заасан шаардлага хангаагүй; 24.4.2.хуурамч бичиг баримт бүрдүүлсэн; 24.4.3.байгаль орчинд ноцтой хохирол учруулсан нь тогтоогдсон; 24.4.4.өмнөх гэрээний үүргээ зөрчсөн.
24.5. Төсөл сонгох шалгаруулах журмыг ойн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
25 дугаар зүйл. Ойн модны нөөц ашиглуулах гэрээ
25.1. Энэ хуулийн 24.2-т заасан сонгон шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдтэй сум болон сумын ойн анги, сумын Засаг дарга үйлдвэрлэлийн зориулалтаар модны нөөц ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулна.
25.2. Гэрээнд дараах зүйлийг тусгана:
25.2.1. ойн модны нөөцийг ашиглуулах үндэслэл /зохих шийдвэр/;
25.2.2. ойн нөөцийг ашиглах зориулалт, нөөцийн хэм хэмжээ;
25.2.3. ойн сан бүхий газрын талбайн хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, хэсэглэл, ялгарлын дугаар;
25.2.4. тухайн ойн нөөцийн талбайн үнэлгээний мэдээлэл;
25.2.5. ойн нөөцийг ашиглуулах хугацаа;
25.2.6. талуудын эрх, үүрэг, хариуцлага;
25.2.7. менежментийн төлөвлөгөөний дагуу хамгаалах, арчлах, нөхөн сэргээх;
25.2.8. хөрөнгө оруулалтын хэмжээ, үе шат, гэрээг дүгнэх, цуцлах, түдгэлзүүлэх, хүчингүй нөхцөл;
25.2.9. шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.
25.3. Гэрээг жил бүр дүгнэж, гэрээний үүргээ биелүүлээгүй, ойн сан бүхий газарт хохирол учруулсан бол гэрээг цуцална.
25.4. Гэрээний хугацаа дууссан тохиолдолд дахин төсөл сонгон шалгаруулалт явуулна.
25.5. Үйлдвэрлэлийн зориулалтаар ойн модны нөөцийг ашиглагч нь дараах үүрэгтэй байна:
25.5.1. ашиглалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөтэй байх;
25.5.2. мэргэжлийн хүний нөөц, техник, тоног төхөөрөмжтэй байх, техник, аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангасан байх;
25.5.3. гарал үүсэл нь тодорхой, бэлтгэл, тээвэрлэлт, худалдааны бүртгэл хөтөлсөн байх.
25.6. Ойн модны нөөц ашиглагч нь бэлтгэсэн модны мэдээллийг ойн мэдээллийн цахим системд тухай бүр бүртгэнэ.
25.7. Ойн модны нөөц ашиглагч эрхлэгч нь мод бэлтгэлийн үйл явцад энэ хуулийн 53 дугаах зүйлд заасны дагуу баталгаажуулалт хийлгэж болно.
26 дугаар зүйл. Мод боловсруулах үйлдвэрлэл
26.1. Ашиглалтын бүсийн ойгоос бэлтгэсэн, гарал үүсэл нь тодорхой түүхий эдэд тулгуурлан холбогдох стандарт, техникийн зохицуулатын дагуу мод боловсруулах үйлдвэрлэлийг явуулна.
26.2. Мод боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч нь үйлдвэрлэлийн үйл явцад энэ хуулийн 53 дугаах зүйлд заасны дагуу баталгаажуулалт хийлгэж болно.
27 дугаар зүйл. Ойн дагалт баялгийг түүж бэлтгэх, боловсруулах
27.1. Ойн дагалт баялгийг түүж бэлтгэх, боловсруулах үйл ажиллагаанд дараах шаардлага тавигдана:
27.1.1. нөөц, нөхөн сэргэлтийн чадавхад үндэслэсэн байх;
27.1.2. түүж бэлтгэх хэмжээ, квот, бүсчлэл, хугацааг мөрдөх.
27.2. Ойн дагалт баялгийг түүж бэлтгэхэд орон нутгийн иргэд, нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоо давуу эрхтэй.
27.3. Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ойн дагалт баялгийг түүж бэлтгэхэд хязгаарлалт тогтоож болно.
27.4. Ойн дагалт баялгийг түүний сэргэн ургалтад сөрөг нөлөө үзүүлэх арга хэлбэрээр бэлтгэхийг хориглоно.
27.5. Хушны самрын биологийн ургацаас хамааран ашиглалтын нөөцийг сумын болон сум дундын ойн анги тогтоож, ойн мэдээллийн цахим системд илгээнэ.
27.6. Ойн асуудал хариусан төрийн захиргааны байгууллага нь хушны самрын биологийн ургацын нөөцийн мэдээллийг хянаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
27.6.1. ургацын хэмжээ дундаас дээш бол 60 хүртлэх хувийг ашиглахыг зөвшөөрөх;
27.6.2. ургацын хэмжээ бага бол ашиглалтыг хориглох.
27.7. Тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдөх бүсэд ургацын хэмжээнээс хамааран 40 хүртлэх хувийг ашиглахыг зөвшөөрнө.
27.8. Хушны самрын биологийн ургац, ашиглах нөөцийг тогтоох аргачлалыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
28 дугаар зүйл. Био-эдийн засгийн үйлдвэрлэл
28.1. Био-эдийн засгийн үйлдвэрлэлд био түлш, ойн химийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдэд суурилсан бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл хамаарна.
28.2. Био-эдийн засгийн нэрээр байгалийн ойг хэт ашиглахыг хориглоно.
29 дүгээр зүйл. Төрөөс үзүүлэх дэмжлэг
29.1. Дараах үйлдвэрлэл, үйлчилгээнд төрөөс дэмжлэг үзүүлж болно:
29.1.1. ногоон дэвшилтэт технологийн шинэчлэл;
29.1.2. нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоо хариуцаж байгаа ойн сан бүхий газарт гэрээнд заасны дагуу ойн аж ахуйн арга хэмжээ хэрэгжүүлсэн бол;
29.1.3. орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, агро-ойн аж ахуйн үйлдвэрлэл болон экспортын үйлдвэрлэл;
29.1.4. хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх;
29.1.5. нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбооны чадавхыг бэхжүүлэх сургалт, арга зүйн зөвлөгөө;
29.1.6. экспорт, кластер, логистикийн дэмжлэг;
29.1.7. ойн тогтвортой менежментийг нэвтрүүлсэний баталгаажуулалт.
29.2. Мод боловсруулах үйлдвэрлэлийн үлдэгдэл, арчилгаа, цэвэрлэгээ, нөхөн сэргээлтийн явцад үүссэн биомассыг эн тэргүүнд дэмжинэ.

ТАВДУГААР БҮЛЭГ
ОЙЖУУЛАЛТ, НӨХӨН СЭРГЭЭХ
30 дугаар зүйл. Ойн үр, үржлийн материал бэлтгэх
30.1. Ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажилд ашиглах болон ойн үрийн улсын нөөцийн санд худалдан авах үр, үржлийн материал нь тухайн ойн үрийн мужлалаас гарал үүсэлтэй, стандартын шаардлага хангасан байна.
30.2. Ойн үрийн мужлалын хилийн заагийг шинжлэх ухааны байгууллагын саналыг үндэслэн ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.
30.3. Ойн үр, үржлийн материалын гарал үүслийн гэрчилгээг ойн анги цахимаар олгоно.
30.4. Ойн үржлийн материалын гарал үүслийн гэрчилгээнд тухайн үржлийн материал нь холбогдох стандартыг хангаж байгаа эсэхийг тусгана.
30.5. Гарал үүслийн гэрчилгээтэй ойн үрийн шинжилгээг итгэмжлэгдсэн лаборатори хийж, дүнг ойн мэдээллийн цахим системд илгээнэ.
30.6. Лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үрийн чанарын цахим гэрчилгээг олгоно.
30.7. Байгалийн гамшгийн улмаас үр нөөцөлж чадаагүй, эсхүл үрийн бага ургацын жилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үр нийлүүлэх, үр шинэчлэх зорилгоор удамшлын болон тарилтын сайн чанарын үрээр ойн үрийн улсын нөөцийн санг бүрдүүлнэ.
30.8. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд улсын ойн үрийн нөөцийн сан, итгэмжлэгдсэн лаборатори ажиллана.
30.9. Ойн үрийн шинжилгээ хийлгэхтэй холбогдсон зардлыг үр бэлтгэсэн этгээд хариуцна.
30.10. Гарал үүсэл нь тодорхойгүй, эсхүл итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон үр, үржлийн материалын улсын нөөц бүрдүүлэх, зах зээл дээр худалдах, ашиглахыг хориглоно.
30.11. Энэ хуулийн 30.1-д заасан шаардлага нь импортлох үр, үржлийн материалд адил үйлчилнэ.
30.12. Тухайн ойн үрийн мужлалын үр, үржлийн материалыг өөр мужлалд тарихыг хориглоно.
31 дүгээр зүйл. Ойжуулалт
31.1. Ойжуулалт нь ойн сан бүхий газарт хамаарахгүй газарт мод, сөөг тарих, таримал ой бий болгох зорилготой үйл ажиллагаа байна.
31.2. Ойжуулалтыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:
31.2.1.бэлчээр, тариалангийн талбайг хамгаалах, агро ойг хөгжүүлэх; 31.2.2.баянбүрд, хөв цөөрөм, усан сан, ус намгархаг газрыг хамгаалах; 31.2.3.цөлжилт, хөрсний доройтол, элсний нүүлтээс хамгаалах; 31.2.4.төрөл бүрийн зориулалтаар хамгаалалтын ойн зурвас байгуулах; 31.2.5.гол горхи, булаг шанд, хөв цөөрөм хамгаалах; 31.2.6.жимс, жимсгэнийн цэцэрлэг.
31.3. Ойжуулалт нь дараах шаардлагыг хангасан байна:
31.3.1.тухайн бүс нутгийн уур амьсгал, хөрс, ургамлын аймагт нийцсэн байх; 31.3.2.унаган мод, бутны төрөл зүйлийг ашиглах; 31.3.3.биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх; 31.3.4.ус, хөрс хамгаалах, нүүрстөрөгч шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх.
31.4. Ойжуулалтыг ойн менежментийн төлөвлөгөө, ойн нөөцийн үнэлгээ, ой зохион байгуулалтын дүнд үндэслэн төлөвлөж хэрэгжүүлнэ.
31.5. Ойжуулалтыг төр, орон нутгийн байгууллага, нөхөрлөл, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой хэрэгжүүлж болно.
31.6. Ойжуулалтын ажлын гүйцэтгэл, чанарыг үнэлж баталгаажуулж, мэдээллийг ойн мэдээллийн цахим системд бүртгэнэ.
31.7. Ойжуулалтыг дэмжих зорилгоор татвар, санхүүжилт, урамшууллын арга хэмжээг хэрэгжүүлж болно.
32 дугаар зүйл. Нөхөн сэргээлт
32.1. Нөхөн сэргээлт нь түймэр, хөнөөлт организм, ой ашиглалт, доройтол, байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас эвдэрсэн ойн экосистемийг сэргээх, байгалийн сэргэн ургалтыг дэмжих үйл ажиллагаа байна.
32.2. Нөхөн сэргээлтийг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
32.2.1.байгалийн сэргэн ургалтыг дэмжих; 32.2.2.таримал ойжуулалт; 32.2.3.арчилгаа, цэвэрлэгээ; 32.2.4.хөрс, ус хамгаалалтын арга хэмжээ; 32.2.5.инженер, биологийн нөхөн сэргээлтийн арга.
32.3. Ой ашиглагч, эзэмшигч, гэрээт менежмент хэрэгжүүлэгч, эзэмшигч нь нөхөн сэргээлтийн үүргийг хүлээнэ.
32.4. Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг ашиглалт эхлэхээс өмнө батлуулж, шаардлагатай санхүүгийн баталгааг хуульд заасан журмын дагуу бүрдүүлнэ.
32.5. Нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлийг үнэлж баталгаажуулна.
32.6. Нөхөн сэргээлтийн үр дүн хангалтгүй гэж тогтоогдсон тохиолдолд дахин сэргээх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
32.7. Нөхөн сэргээлтийн мэдээлэл, явцыг ойн мэдээллийн цахим системд бүртгэж, олон нийтэд ил тод мэдээлнэ.
32.8. Нөхөн сэргээлтийн зардлыг ойн эдийн засгийн үйл ажиллагааны салшгүй хэсэг болгон тооцож, санхүүжилтийн тогтолцоотой уялдуулна.
33 дугаар зүйл. Агро-ойн аж ахуй
33.1. Агро-ойн аж ахуй нь ой, мод, сөөг тариалалтыг тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлсэн, нийгэм, эдийн засаг, байгаль орчны ашиг тустай, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих үйлдвэрлэл байна.
33.2. Агро-ойн аж ахуйг дараах чиглэлээр хөгжүүлнэ:
33.2.1.мод, сөөг тариалалтыг тариалангийн үйлдвэрлэлтэй хослуулан; 33.2.2.мод, сөөг тариалалтыг мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан; 33.2.3.мод, сөөгийг тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан.
33.3. Агро-ойн аж ахуй нь хөдөө аж ахуйн газарт хэрэгжинэ.
33.4. Агро-ойн аж ахуйг нөхөрлөл, хоршоо, иргэн, хуулийн этгээд хэрэгжүүлж болно.
33.5. Төрөөс агро-ойн аж ахуйд сургалт, санхүүжилт, технологи, арга зүйн дэмжлэг үзүүлж болно.
34 дүгээр зүйл. Бүх нийтээр мод, сөөг тарьж ургуулах ажлыг зохион байгуулах
34.1. Нийслэл, аймаг, улсын чанартай хот, сумын Засаг дарга нар улс даяар бүх нийтээр мод тарих ажлыг жил бүр хавар, намрын улиралд зохион байгуулж, 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод тарьж, арчилж ургуулах үүрэг хүлээнэ.
34.2. Тухайн засаг захиргааны нэгжийн Засаг дарга, түүний тамгын газар нь мод тарих, мод сонгох асуудлаар ойн анги, сум дундын ойн ангиас урьдчилан зөвлөгөө авч, иргэдийг өргөнөөр хамран оролцуулах ажлыг зохион байгуулна.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БОЛОН НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
35 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
35.1. Улсын Их Хурал ойн салбарын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
35.1.1. ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахтай холбоотой хууль тогтоомж, ойн салбарын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг батлах төрийн бодлогыг батлах,
35.1.2. ойн болон ой хээрийн түймрийн талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг тодорхойлох
35.1.3. хуульд заасан бусад бүрэн эрх.
36 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
36.1. Засгийн газар ойн салбарын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
36.1.1. улсын ойн менежментийн төлөвлөгөөг батлах;
36.1.2. аймаг, нийслэлийн ойн асуудал хариуцсан нэгж буюу ойн асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан, сум, сум дундын ойн ангийн бүтэц, байршлыг тогтоох;
36.1.3. хуульд заасан бусад бүрэн эрх.
37 дугаар зүйл. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
37.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ойн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
37.1.1. ойн салбарын бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;
37.1.2. ойн менежмент, ашиглалт, нөхөн сэргээлтийн аргачлалыг батлах;
37.1.3. ойн тооллого, ой зохион байгуулалт, ойн дагалт баялаг, самрын менежмент болон холбогдох бусад аргачлалыг батлах;
37.1.4. жил бүр ашиглах ойн нөөцийн дээд хэмжээг тогтоох;
37.1.5. ойн салбарын хүний нөөц, мэргэшлийн бодлогыг хэрэгжүүлэх;
37.1.6. ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийх;
37.1.7. хил дамнасан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах талаар бусад улстай гэрээ, хэлэлцээр байгуулж, хамтран ажиллах;
37.1.8. экологийн шаардлага, нөөцийн төлөв байдлыг харгалзан ойн нөөц, ойн дагалт баялгийг ашиглах, импортлох, экспортлох хэмжээг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;
37.1.9. улсын төсвөөс гаргах зардлын хөрөнгийг төлөвлөх, хуваарилах;
37.1.10. ойн экологи, эдийн засгийн үнэлгээг батлах;
37.1.11. .ой, хээрийн түймэр гарах өндөр магадлалтай үед хариуцсан нутаг дэвсгэртээ хамгаалалтын дэглэмд заасан зарим үйл ажиллагааг хориглох эрхийг улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд олгох;
37.1.12. ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам болон холбогдох бусад журам, түүнчлэн түймэртэй тэмцэхэд шаардагдах техник хэрэгслийн нормативыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний онцлогтой уялдуулан баталж мөрдүүлэх;
37.1.13. хуульд заасан бусад бүрэн эрх.
38 дугаар зүйл. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ойн талаарх бүрэн эрх
38.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ойн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
38.1.1. ойн баялгийн нөөцийг иж бүрэн боловсруулах үйлдвэрлэлийг бодлого, зохицуулалтаар хангах;
38.1.2. ойн баялгийн нөөц ашиглалтын нэмэгдсэн өртгийн сүлжээг хөгжүүлэх, зах зээлийн тэнцвэрт байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх;
38.1.3. мод боловсруулах салбарын хүний нөөцийн урт хугацааны бодлогыг салбарын эрэлт хэрэгцээнд үндэслэн боловсруулах, хэрэгжүүлэх;
38.1.4. мод боловсруулах үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнийг давтан сургах, мэргэшлийн зэрэг олгох журмыг батлах;
38.1.5. .тариалангийн талбай, бэлчээр хамгаалах ойн зурвас байгуулах, агро-ойн аж ахуйг хөгжүүлэх бодлого, зохицуулалтаар хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
38.1.6. арилжааны зориулалтаар мод бэлтгэх, боловсруулах, модон бэлтгэхий эдийн гарцыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах технологийн судалгаа хийх, технологи дамжуулалтад санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх;
39 дүгээр зүйл. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
39.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/, аймаг, нийслэлийн ойн асуудал хариуцсан нэгж буюу ойн асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан, аймаг, суманд сум дундын болон сумын ойн анги /цаашид "ойн анги" гэх/ ажиллана.
39.2. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.
39.3. Аймаг, нийслэлийн ойн асуудал хариуцсан нэгж буюу ойн асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан, сум, сум дундын ойн ангийн албан тушаалтнууд нь төрийн захиргааны албан хаагч байна.
39.4. Аймаг, нийслэлийн ойн асуудал хариуцсан нэгжийн дарга, албан хаагч, ойн асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан, сумын ойн анги, сум дундын ойн ангийн даргыг аймаг, сумын засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилж, чөлөөлнө.
39.5. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
39.5.1. ойн тогтвортой менежментийн хэрэгжилтийг зохицуулах, уялдааг хангах;
39.5.2. энэ хуульд заасан стандартын төслийг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах;
39.5.3. ойн ашиглалт, нөхөн сэргээлт, ойжуулалтын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх;
39.5.4. ойн мэдээллийн цахим системийг хөтлөх, хөгжүүлэх;
39.5.5. сумын ойн анги, сум дундын ойн анги, нөхөрлөлд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
39.5.6. ойн аж ахуйн арга хэмжээний зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлд магадлал хийх ажлыг зохион байгуулах, баталгаажуулах;
39.5.7. ойн үрийн улсын нөөцийн сан байгуулах, баяжуулах, үйл ажиллагааг эрхлэх, үржлийн материал бэлтгэх бодлогыг хэрэгжүүлэх;
39.5.8. ойн салбарын бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, таниулах;
39.5.9. ойн тооллого, ойн зохион байгуулалт, экологи, эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал, зааврыг батлах;
39.5.10. таримал ой бүхий газрыг улсын ойн сан бүхий газарт хүлээн авч, цахим системд бүртгэх;
39.5.11. сумын, сум дундын ойн ангийн үлгэрчилсэн дүрмийг батлах;
39.5.12. мод үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мөнгөн урамшуулал олгох, тэдгээрт шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тухайн жилийн улсын болон орон нутгийн төсөвт тусгуулж шийдвэрлэх;
39.5.13. ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх болон ашиглалтын бүсийн ойд замын хайгуул хийж, зураг, төсөв боловсруулах, ойн төв зам барьж байгуулах арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсөвт тусгах;
39.5.14. хуульд заасан бусад бүрэн эрх.
39.6. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ холбогдох төрийн байгууллага, орон нутгийн байгууллага, мэргэжлийн холбоотой хамтран ажиллана.
40 дүгээр зүйл. Сумын болон сум дундын ойн ангийн чиг үүрэг
40.1. Сумын болон сум дундын ойн анги нь өөрийн хариуцсан ойн сан бүхий газрын ойн нөөцийг судлах, тооллого хийх, бүртгэх, түүнийг хамгаалах, ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа явуулах, ойг нөхөн сэргээх, ойжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, ойг ашиглах, ашиглалтыг зохицуулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих арга хэмжээг багтаасан ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх анхан шатны төрийн байгууллага байна.
40.2. Сумын болон сум дундын ойн анги дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
40.2.1.ой хамгаалах, эргүүл, хяналтын үйл ажиллагаа явуулах; 40.2.2.ойжуулалт, нөхөн сэргээлт, арчилгаа, цэвэрлэгээ хийх ажлыг зохион байгуулах; 40.2.3.мод бэлтгэлийн талбайг тусгаарлах, тэмдэгжүүлэх; 40.2.4.ойн дагалт баялгийн ашиглалтын байдалд хяналт хэрэгжүүлэх; 40.2.5.ойн нөөц, ашиглалт, доройтол, эрсдэлийн мэдээллийн ойн цахим системд оруулах, шинэчлэх;
40.2.6.ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах эрх олгох дуудлага худалдааг зохион байгуулах; 40.2.7.ойгоос мод, түлээ бэлтгэх, ойн дагалт баялгийг ахуйн зориулалтаар ашиглах эрхийн бичиг олгох (бэлтгэсэн мод, модон материал, тарьц, суулгац, үр, мөчир, жимс, самар, мөөг); 40.2.8.орон нутгийн иргэд, нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоонд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх; 40.2.9.агро-ойн аж ахуй болон мод, сөөг тариалах арга хэмжээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.
40.3. Сумын болон сум дундын ойн анги нь ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын мэргэжлийн удирдлага дор ажиллаж, сумын Засаг даргатай хамтран ажиллана.
41 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
41.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
41.1.1. ойн менежментийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн хөгжлийн болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
41.1.2. ой, хээрийн түймэр, байгалийн гамшгийн үед салбар дундын зохион байгуулалтыг хангах;
41.1.3. нөхөрлөл, иргэн, аж ахуйн нэгжийн оролцоог дэмжих, хамтын ажиллагааг зохион байгуулах;
41.1.4. ой, хээрийн түймрийг унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах,шаардагдах зардлыг шийдвэрлэх, хохирол тооцох ажлыг хэсэг томилж ажиллуулах, хохирлыг нэхэмжлэх;
41.1.5. ойн нөөцөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хуульд заасан журмын дагуу төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;
41.1.6. хуульд заасан бусад бүрэн эрх.
42 дугаар зүйл. Сумын Засаг даргын бүрэн эрх
42.1. Сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
42.1.1. сумын ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотой зохион байгуулах;
42.1.2. ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах;
42.1.3. иргэдийн ахуйн хэрэгцээ, уламжлалт хэрэглээг хуульд нийцүүлэн зохицуулах;
42.1.4. хууль бус ашиглалт, зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдээлэх, хамтран ажиллах;
42.1.5. хуульд заасан бусад бүрэн эрх.
43 дугаар зүйл. Салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа
43.1. Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, хууль бус ашиглалттай тэмцэхэд төрийн болон орон нутгийн холбогдох байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамтран ажиллана.
43.2. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, түймрийн үед шуурхай хариу арга хэмжээ авах чиг үүргийн хүрээнд онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллана.
43.3. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ойн сан бүхий газар, ойн баялгийн нөөцтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиг үүргийн хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана.
43.4. Аймаг, нийслэл, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг шийдвэрлэнэ.
43.5. Төрийн болон орон нутгийн байгууллага нь ойн нөөц, ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлттэй холбоотой мэдээллийг энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцан солилцоно.

ДОЛДУГААР БҮЛЭГ
ОЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХЭД ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОРОЛЦОО
44 дүгээр зүйл. Нөхөрлөл
44.1. Нөхөрлөлд ойн сан бүхий газрын тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хариуцуулан ашиглуулж болно.
44.2. Нөхөрлөл нь дараах үйл ажиллагаа эрхэлж болно:
44.2.1.ой хамгаалах, эргүүл, хяналт, урьдчилан сэргийлэх ажилд оролцох; 44.2.2.нөхөн сэргээлт, ойжуулалт, цэвэрлэгээ хийх; 44.2.3.ойн дагалт баялаг, самар, аялал жуулчлал, үржүүлэг, био-эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх; 44.2.4.ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хянан дүгнэхэд оролцох; 44.2.5.сургалт, мэдээлэл, экологийн боловсролын ажил зохион байгуулах.
44.3. Нөхөрлөл нь менежментийн төлөвлөгөө, гэрээ, зөвшөөрлийн хүрээнд дараах үүрэг хүлээнэ:
44.3.1.ойн нөөцийг хамгаалах; 44.3.2.нөхөн сэргээлт, ойжуулалт, байгалийн сэргэн ургалтыг дэмжих; 44.3.3.ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн тайлан, мэдээг үнэн зөв гаргах; 44.3.4.орон нутгийн иргэдийн оролцоог хангах; 44.3.5.хууль болон гэрээнд заасан төлбөр, үүргийг биелүүлэх.
45 дугаар зүйл. Ой бүхий нутгийн иргэдийн эрх
45.1. Ой бүхий нутагт байнга оршин суугч иргэн дараах эрхтэй:
45.1.1.ахуйн хэрэгцээнд мод, ойн дагалт баялгийг хуульд заасан нөхцөл, хэмжээнд ашиглах; 45.1.2.ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэлэлцэх, санал өгөх, хэрэгжилтэд хяналт тавих; 45.1.3.ойн ашиглалт, гэрээ, зөвшөөрөл, нөхөн сэргээлт, самрын менежмент, нүүрстөрөгчийн төсөлтэй холбоотой мэдээлэл авах; 45.1.4.хууль бус ашиглалт, түймэр, доройтол, зөрчлийн талаар мэдээлэх; 45.1.5.нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжийн хэлбэрээр ойн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох; 45.1.6.ойн нөөцөөс үүсэх эдийн засгийн үр өгөөжөөс хүртэх;
45.2. Энэ зүйлд заасан эрхийг хэрэгжүүлэхдээ тухайн ойн бүсийн ангилал, менежментийн төлөвлөгөө, квот, улирлын зохицуулалтын шаардлагыг мөрдөнө.
45.3. Ой бүхий нутгийн иргэдийн оролцоог хангах, мэдээлэл өгөх, санал авах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
45.4. Иргэн нь хууль ёсны оролцоо, мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэх, гомдол гаргах, хамгаалуулах эрхтэй байна.
46 дугаар зүйл. Орон нутгийн давуу эрх
46.1. Ой бүхий нутгийн иргэд, нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоо, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлд дараах үйл ажиллагаанд давуу эрх олгоно:
46.1.1.ойн дагалт баялаг ашиглах; 46.1.2.ойн аялал жуулчлал, экологийн боловсролын үйлчилгээ; 46.1.3.анхан шатны болон нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэрлэл; 46.1.4.нөхөн сэргээлт, ойжуулалт, арчилгаа, хамгаалалтын ажил; 46.1.5.агро-ойн аж ахуй, био-эдийн засгийн жижиг, дунд үйлдвэрлэл.
46.2. Давуу эрх олгохдоо дараах шалгуурыг баримтална:
46.2.1.тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх; 46.2.2.хууль ёсны бүртгэлтэй байх; 46.2.3.сумын ойн менежментийн төлөвлөгөөнд туссан ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх чадавхтай байх; 46.2.4.байгаль орчны зөрчилгүй, эсхүл зөрчлөө арилгасан байх.
46.3. Орон нутгийн давуу эрх нь зөвхөн ашиглалт, оролцоо, эдийн засгийн боломжид давуу байдал олгоно.
46.4. Ойн нөөц ашигласны төлбөр, дагалт баялаг ашиглалтын төлбөр, ойн нүүрстөрөгчийн кредитын орлого болон хуульд заасан бусад орлогын тодорхой хэсгийг ой хамгаалалт, нөхөн сэргээлт, нөхөрлөлийн үйл ажиллагаанд зарцуулна.
46.5. Орон нутгийн давуу эрх олгох шалгуур, журам, хуваарилалтын мэдээллийг ойн мэдээллийн цахим системд бүртгэж, олон нийтэд ил тод мэдээлнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ
ОЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ СИСТЕМ, ХЯНАЛТ
47 дугаар зүйл. Ойн мэдээллийн цахим систем
47.1. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ойн, ойн баялгийн нөөц, түүний ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, менежменттэй холбоотой мэдээллийг бүрдүүлэх, бүртгэх, хадгалах, боловсруулах, солилцох, ашиглах зорилгоор улсын хэмжээний ойн мэдээллийн цахим систем ажиллуулна.
47.2. Ойн мэдээллийн цахим систем нь хуульд заасны олон нийтэд ил тод байдал байна.
47.3. Ойн мэдээллийн цахим системд дараах мэдээллээс бүрдэнэ:
47.3.1.ойн бүсийн ангилал, хил зааг, байршил, талбай; 47.3.2.ойн тооллого, ой зохион байгуулалтын мэдээлэл; 47.3.3.ойн менежментийн төлөвлөгөө (улсын, аймаг, нийслэл, сум); 47.3.4.зөвшөөрөл, гэрээ, ашиглалтын эрхийн мэдээлэл; 47.3.5.мод бэлтгэл, ойн дагалт баялаг, самрын ашиглалтын бүртгэл; 47.3.6.ойжуулалт, нөхөн сэргээлт, арчилгаа, хамгаалалтын арга хэмжээ; 47.3.7.ойн нүүрстөрөгч шингээлт, ялгаралтын бүртгэл, зах зээл, төслийн мэдээлэл;
47.3.8.түймэр, хөнөөлт организм, байгалийн гамшгийн мэдээлэл; 47.3.9.хяналт шалгалт, зөрчил, авсан арга хэмжээний мэдээлэл; 47.3.10.ойн туршилт, судалгааны байнгын болон түр талбайн байршил, арчилгааны мэдээлэл; 47.3.11.нөхөрлөлийн үйл ажиллагаа, гэрээ, тайлан, талбайн мэдээлэл; 47.3.12.сонгон шалгаруулалтын мэдээлэл, гэрээ, талбайн хил зааг, хүлээх үүрэг, хөрөнгө оруулалт, тайлангийн мэдээлэл;
47.3.13.хөрөнгө оруулалтын төсөл, санхүүжилтийн мэдээллийг 47.3.14.хуульд заасан бусад мэдээлэл.
47.4. Төрийн байгууллага, ойн анги, сум дундын ойн анги, ойн баялгийн нөөцийг ашиглагч, төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэт, хугацаанд нь цахим системд оруулах үүрэгтэй.
47.5. Энэ зүйлийн 47.4-т заасан мэдээллийг албажуулж, ойн мэдээллийн цахим системд бүртгүүлснээр тухайн эрхийг хүлээн авах, хэрэгжүүлэх эрх үүснэ.
47.6. Ойн мэдээллийн цахим систем нь газар, байгаль орчин, кадастр, уур амьсгал, статистикийн мэдээллийн системтэй харилцан уялдаатай байна.
47.7. Ойн мэдээллийн цахим системийн мэдээллийн нууцад хамаарахаас бусад хэсгийг хуульд заасан журмын дагуу олон нийтэд нээлттэй, ил тод байршуулна.
47.8. Ойн мэдээллийн цахим системийг хөгжүүлэх, ажиллуулах, шинэчлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
47.9. Ойн нөөц ашиглах хүсэлт илгээх, хянаж шийдвэрлэх, баталгаажуулахтай холбогдсон журмыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
48 дугаар зүйл. Ойн салбарын хяналт, ил тод байдал
48.1. Байгаль орчны хяналтын улсын байцаагч ойн салбарын улсын хяналт, шалгалтыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлнэ.
48.2. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ойн менежмент, ашиглалт, нөхөн сэргээлт, ойжуулалт, дагалт баялгийн ашиглалт, гэрээ, зөвшөөрлийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналт-шинжилгээ хийж, нэгдсэн зохицуулалтыг хангана.
48.3. Ойн анги, сум дундын ойн анги нь ойн ашиглалт, нөхөн сэргээлт, ойжуулалт, дагалт баялгийн ашиглалттай холбоотой мэдээллийг бүрдүүлж, энэ хуулийн 47 дугаар зүйлд заасан ойн мэдээллийн цахим системд оруулна.
48.4. Аймаг, нийслэл, сумын Засаг дарга болон холбогдох байгууллага нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалтад дэмжлэг үзүүлж, зөрчил, эрсдэлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлнэ.
48.5. Зөвшөөрөл, гэрээ, тайлан, ашиглалтын үйл ажиллагааг ойн мэдээллийн цахим системд бүртгэснээр хүчин төгөлдөрт тооцно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
САНХҮҮЖИЛТ, САН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
49 дүгээр зүйл. Ойжуулалтын сан
49.1. Ойн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, мониторинг хийх, ойн тооллого, ой зохион байгуулалт, ойн мэдээллийн цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангах, орон нутгийн оролцоог дэмжих, салбарын тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор ойжуулалтын сантай байна.
49.2. Ойжуулалтын сан нь улсын төсвийн бүрэлдэхүүнд хамаарах бөгөөд энэ хуульд заасан зориулалтаар төвлөрүүлж, зарцуулна.
49.3. Ойжуулалтын сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, санхүүгийн бүртгэл хөтлөх, тайлагнах үйл ажиллагааг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу санхүү, төрийн сангийн байгууллага хэрэгжүүлнэ.
49.4. Ойжуулалтын сангийн хөрөнгийн зарцуулалтын бодлого, хуваарилалтын үндсэн чиглэлийг Засгийн газар батална.
49.5. Аймаг, нийслэл, сумын болон сум дундын ойн анги, нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоо болон бусад эрх бүхий этгээд нь ойжуулалтын сангаас санхүүжүүлэх төсөл, санал, тайланг тогтоосон журмын дагуу ирүүлнэ.
49.6. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ойн менежментийн төлөвлөгөө, ойн нөөцийн үнэлгээ, эрсдэлийн түвшинд үндэслэн санхүүжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ба байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ойжуулалтын сангийн хөрөнгийг захиран зарцуулна.
49.7. Ойжуулалтын сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
49.7.1.ой хамгаалалт, ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах; 49.7.2.нөхөн сэргээлт, ойжуулалт, арчилгаа; 49.7.3.ойн тооллого, ой зохион байгуулалт; 49.7.4.нөхөрлөл, орон нутгийн иргэдийн чадавх бэхжүүлэх; 49.7.5.хамгаалалтын бүсийн ой, тусгай зориулалтын ой, хушин ойд хэрэгжүүлэх тусгай арга хэмжээ; 49.7.6.хүний нөөцийг сургах, чадавхижуулах, судалгаа, инновац, туршилтын төсөл; 49.7.7.хуульд заасан бусад.
49.8. Ойжуулалтын сангийн хөрөнгийг энэ зүйлд зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
49.9. Ойжуулалтын сангийн үйл ажиллагаанд төсвийн хяналт, төрийн аудит болон хуульд заасан бусад хяналт хэрэгжинэ.
50 дугаар зүйл. Ойжуулалтын сангийн эх үүсвэр
50.1. Ойжуулалтын сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
50.1.1.ойн баялгийн нөөц ашигласны төлбөр; 50.1.2.олон улсын хөтөлбөр, төсөл, буцалтгүй тусламж, хандив; 50.1.3.нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний орлого; 50.1.4.ойн баялагт учирсан хохирлын нөхөн төлбөр; 50.1.5.хуульд нийцсэн бусад эх үүсвэр.
50.2. Энэ зүйлд заасан эх үүсвэрийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ойжуулалтын санд төвлөрүүлнэ.
50.3. Ойжуулалтын сантай холбогдсон харилцааг Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн хуулиар зохицуулна.
51 дүгээр зүйл. Нүүрстөрөгчийн сан
51.1. Ойн нүүрстөрөгчийн шингээлт, ялгаралтай холбоотой төсөл, бүртгэл, баталгаажуулалт, орлогын хуваарилалт, зах зээлийн оролцоог дэмжих зорилгоор Нүүрстөрөгчийн сантай байж болно.
51.2. Сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, бүртгэл хөтлөх, тайлагнах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.
51.3. Сангийн хөрөнгийг захиран зарцуулах үйл ажиллагааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
51.4. Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нүүрстөрөгчийн сангийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
51.4.1.нүүрстөрөгчийн төсөл, бүртгэл, баталгаажуулалтын техникийн санал боловсруулах; 51.4.2.төсөл, арга хэмжээний хэрэгжилт, мониторинг, мэдээллийг нэгтгэх; 51.4.3.орлогын хуваарилалтын шалгуур, тооцоог боловсруулах.
51.5. Нүүрстөрөгчийн сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
51.5.1.нүүрстөрөгчийн тооцоо, бүртгэл, тайлагнал, баталгаажуулалт; 51.5.2.нүүрстөрөгчийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх; 51.5.3.орон нутгийн оролцогчдын чадавх бэхжүүлэх; 51.5.4.орлогын хуваарилалт; 51.5.5.эрсдэлийн нөөц, буфер механизм; 51.5.6.хуульд заасан бусад.
52 дугаар зүйл. Ойн хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоо
52.1. Ойн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн татна.
52.2. Ойн салбарын хөрөнгө оруулалт нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.
52.3. Дараах чиглэлд тэргүүн ээлжид хөрөнгө оруулалтыг дэмжинэ:
52.3.1.ойжуулалт, нөхөн сэргээлт, үржүүлэг; 52.3.2.нүүрстөрөгчийн төсөл, экосистемийн үйлчилгээ; 52.3.3.био-эдийн засаг, инновац; 52.3.4.нэмүү өртөг шингээсэн мод боловсруулах үйлдвэрлэл; 52.3.5.ойн аялал жуулчлал; 52.3.6.дагалт баялгийн боловсруулалт, логистик, маркетинг; 52.3.7.мэдээллийн систем, мониторинг, мэргэжлийн үйлчилгээ.
52.4. Хувийн хэвшил, нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоо, мэргэжлийн холбоо, судалгааны байгууллага нь хамтарсан төсөл, түншлэлийн хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж болно.

АРАВ ДУГААР БҮЛЭГ
БУСАД
53 дугаар зүйл. Ойн тогтвортой менежментийн баталгаажуулалт
53.1. Ойн менежментийн үйл ажиллагаа болон түүний үр дүнд үйлдвэрлэгдсэн ойн бүтээгдэхүүн нь Монгол Улсын, эсхүл олон улсын ойн тогтвортой менежментийн шалгуур үзүүлэлт, стандартыг хангаж байгааг нотлох үйл явцыг ойн тогтвортой менежментийн баталгаажуулалт гэнэ.
53.2. Монгол Улсын ойн тогтвортой менежментийн үндэсний стандартыг ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, стандартчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар батлуулна.
53.3. Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хоёр болон олон талт олон улсын гэрээнд ойн тогтвортой менежментийн баталгаажуулалтын дүнг харилцан хүлээн зөвшөөрөх заалтыг тусгах асуудлыг хариуцна.
53.4. Ойн тогтвортой менежментийн баталгаажуулалтыг ойн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд хийлгэнэ.
53.5. Ойн тогтвортой менежментийн баталгаажуулалтыг сайн дурын үндсэн дээр гуравдагч этгээдээр хөндлөнгийн байдлаар үнэлүүлж баталгаажуулна.
53.6. Ойн тогтвортой менежментийн баталгаажуулалтыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу итгэмжлэгдсэн, эсхүл бүртгүүлсэн баталгаажуулалтын байгууллага /цаашид "баталгаажуулалтын байгууллага" гэх/ гүйцэтгэнэ.
53.7. Ойн мэдээллийн цахим санд бүртгэлгүй баталгаажуулалтын байгууллага ойн тогтвортой менежментийн баталгаажуулалт хийхийг хориглоно.
53.8. Баталгаажуулалтын байгууллага үйлчлүүлэгчид түүний дотоод тогтолцоог боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэхтэй холбоотой сургалт хийх, зөвлөгөө өгөх, зөвлөх үйлчилгээг үзүүлэхгүй.
53.9. Ойн тогтвортой менежментийн баталгаажуулалт хийлгэх хүсэлтэй энэ хуулийн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага, эсхүл ойн үйлдвэрлэл эрхлэгч нь ойн мэдээллийн цахим санд хэрэглэгчээр бүртгүүлэх цахим хүсэлт илгээж, хэрэглэгчээр бүртгүүлнэ.
53.10. Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас шаардлага хангасан нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага, эсхүл ойн үйлдвэрлэл эрхлэгчийг хэрэглэгчээр бүртгэж, мэдээллийн санд хандах эрх олгоно.
53.11. Нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага, эсхүл ойн үйлдвэрлэл эрхлэгч нь ойн мэдээллийн цахим санд бүртгэлтэй баталгаажуулалтын байгууллагаас сонгож, цахим сангаар дамжуулан өөрийн үйл ажиллагааг баталгаажуулах тухай хүсэлт, холбогдох бусад мэдээллийг тухайн баталгаажуулалтын байгууллагад илгээнэ.
53.12. Хүсэлт хүлээн авсан баталгаажуулалтын байгууллага баталгаажуулалтыг хийж, цахим гэрчлэх тэмдэг олгоно.
53.13. Ойн тогтвортой менежментийн баталгаажуулалтын гэрчилгээ, гэрчлэх тэмдэг /лого/-ний загварыг ойн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
53.14. Баталгаажуулалтын байгууллага нь баталгаажуулалт хийлгсэн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага тооцох, баталгаажуулалтыг хүчингүй болгох арга хэмжээ авна.
54 дүгээр зүйл. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх
54.1. Ой, ойн сан бүхий газар, ойн баялгийн нөөц, экосистемд хохирол учруулсан этгээд уг хохирлыг бүрэн нөхөн төлөх үүрэгтэй.
54.2. Байгаль орчны хохиролд дараах төрлийн хохирлыг хамааруулна:
54.2.1. устсан, гэмтсэн ойн нөөц;
54.2.2. нөхөн сэргээх, ойжуулах, арчлах зардал;
54.2.3. экосистемийн үйлчилгээ;
54.2.4. нүүрстөрөгчийн шингээлт;
54.2.5. биологийн олон янз байдал.
54.3. Хохирлын хэмжээг эрх бүхий байгууллагаас баталсан аргачлалын дагуу тогтооно.
54.4. Хохирлыг нөхөн төлүүлэх нь эрүүгийн болон зөрчлийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
54.5. Хохирлыг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхийн журмаар төлүүлнэ.
54.6. Байгаль орчны хохирлын нөхөн төлбөрийн тодорхой хэсгийг ойжуулалтын санд төвлөрүүлж, нөхөн сэргээлтэд зарцуулна.
56 дугаар зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага
56.1. Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд үйлдэл, эс үйлдэхүйн шинж, учруулсан хор уршиг, нийгмийн аюул, гэм буруугийн хэмжээнээс хамааран эрүүгийн, зөрчлийн болон иргэний хариуцлага хүлээлгэнэ.
56.2. Дараах үйлдэл, эс үйлдэхүйг ойн тухай хууль тогтоомж зөрчсөнд тооцно:
56.2.1. зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах;
56.2.2. батлагдсан менежментийн төлөвлөгөө, зөвшөөрөл, гэрээг зөрчих;
56.2.3. нөхөн сэргээлт, ойжуулалтын үүргээ биелүүлэхгүй байх;
56.2.4. ойн мэдээллийн цахим системд худал мэдээлэл оруулах, мэдээлэл нуух;
56.2.5. .хушин ой болон бусад эмзэг ойн экосистемд хохирол учруулах;
56.2.6. ойн бүсийн ангилал, дэглэм зөрчих;
56.2.7. зөвшөөрөгдсөн хэмжээнээс давуулан ашиглалт явуулах;
56.2.8. ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулах;
56.2.9. үнэлгээ, төлөвлөгөө, тайлан, тооцооллыг санаатайгаар буруу гаргасан, нуусан, хуурамчаар үйлдсэн.
56.3. Энэ зүйлийн 56.2-т заасан зөрчил нь гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
56.4. Эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээсэн нь тухайн этгээдийг иргэний хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
56.5. Төрийн албан хаагч энэ хуульд заасан чиг үүргээ зөрчсөн бол Төрийн албаны тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал

Төслийн хэрэглэгчид

Б. БАТ-ЭРДЭНЭ

Б. БАТ-ЭРДЭНЭ

Initiator of the draft law
О. АЛТАНГЭРЭЛ

О. АЛТАНГЭРЭЛ

Initiator of the draft law
Э. БОЛОРМАА

Э. БОЛОРМАА

Initiator of the draft law
М. ГАНХҮЛЭГ

М. ГАНХҮЛЭГ

Initiator of the draft law
С. ЛҮНДЭГ

С. ЛҮНДЭГ

Initiator of the draft law
Л. МӨНХБАЯСГАЛАН

Л. МӨНХБАЯСГАЛАН

Initiator of the draft law
Б. МӨНХСОЁЛ

Б. МӨНХСОЁЛ

Initiator of the draft law
U. Enkhjin

Ц. ТУВААН

Initiator of the draft law
А. УНДРАА

А. УНДРАА

Initiator of the draft law
Б. УЯНГА

Б. УЯНГА

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх