22.1. Хязгаарлалтын бүсэд экологийн даац, менежментийн төлөвлөгөөнд нийцүүлэн судалгаа, шинжилгээ, аялал жуулчлал, уламжлалт мал аж ахуй, өвөлжөө, хаваржаа, хадлан бэлтгэлийн зориулалтаар болон нутгийн иргэний ахуйн хэрэглээний байгалийн ургамал, ойн дагалт баялгийг ашиглаж болно.
22.2. Хязгаарлалтын бүсэд энэ хуулийн 22.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагааг менежментийн төлөвлөгөөнд үндэслэн явуулж болно:
22.2.1.стандартын дагуу зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах;
22.2.2.ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас, хүйс, сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг батлагдсан аргачлалын дагуу явуулах;
22.2.3.стандартын дагуу хиймэл нуур, хөв цөөрөм байгуулах;
22.2.4.зөвшөөрсөн бүсэд тусгай зориулалтаар төлбөртэй загасчлах.
22.3. Экологийн холбоос нутгийг тасалдуулах дэд бүтэц, хашаа, байгууламж барих болон тогтоосон зам, маршрут, байршлаас гадуур тээврийн хэрэгслээр зорчих, шинээр зам гаргахыг хориглоно.
22.4. Энэ хуулийн 22.9-д заасны дагуу инженерийн болон нийгмийн дэд бүтэц байгуулах тохиолдолд амьтны нүүдэллэх, шилжилт хөдөлгөөнийг хангах гарц, гарам байгуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
22.5. Тусгай хамгаалалттай газар нутагт энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн хот, суурингийн суурьшлын бүсэд хот, суурин орчмын хязгаарлалтын бүс тогтоож болно.
22.6. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн хилийн заагийг Улсын Их Хурал тогтооно.
22.7. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн хилийн заагийг өргөтгөх, тусгай хамгаалалттай газар нутагт шинээр суурьшлын бүс байгуулахыг хориглоно.
22.8. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүс тогтоох нь тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, хамгаалалтын зорилго, эрх зүйн байдлыг өөрчлөх үндэслэл болохгүй.
22.9. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн менежмент, газар ашиглалт, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг дараах баримт бичгийг үндэслэн Засгийн газар баталж, хэрэгжүүлнэ:
22.9.1.хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
22.9.2.инженерийн болон нийгмийн дэд бүтцийн төлөвлөгөө;
22.9.3.ус ашиглалт, бохир ус, хог хаягдлын менежментийн төлөвлөгөө.
22.10. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсэд хүн амын нягтаршил, ус ашиглалт, авто тээврийн ачаалал, бохир ус, хог хаягдлын хэмжээ нь экологийн даацаас хэтрэхгүй байна.
22.11. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн газар ашиглалт, барилга байгууламжтай холбогдсон харилцааг Засгийн газар шийдвэрлэнэ.