4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "даатгалын үйл ажиллагаа" гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг;
4.1.2. “давхар даатгалын үйл ажиллагаа” гэж даатгагч нь даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишерийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн дахин даатгах даатгалын үйл ажиллагааг;
4.1.3. “даатгалын зуучлалын үйл ажиллагаа” гэж даатгалын брокер даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах болон хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үйл ажиллагааг;
4.1.4. “даатгагч” гэж энэ хуульд заасны дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг;
4.1.5. “даатгуулагч" гэж өөрийн болон даатгагдсан этгээдийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулан даатгалын хураамж төлөх үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг;
4.1.6. “даатгагдсан этгээд” гэж амь нас, эрүүл мэнд, хариуцлага, эд хөрөнгө, эсхүл бусад хууль ёсны ашиг сонирхол нь гэрээний дагуу даатгалын хамгаалалтад хамрагдсан иргэн, хуулийн этгээдийг;
4.1.7. “бенефишер” гэж даатгалын тохиолдол бий болсон үед гэрээний дагуу даатгагчаас даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг;
4.1.8. “хохирогч” гэж даатгалын тохиолдлын улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон бусад хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учирснаас үүдэн хууль, эсхүл даатгалын гэрээнд заасны дагуу даатгагчаас нөхөн төлбөр шаардах эрх бүхий гуравдагч этгээдийг;
4.1.9. “даатгалын хураамж" гэж даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг;
4.1.10. "даатгалын тохиолдол" гэж даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирол, тохиролцсон нөхцөл бүрдэх, эсхүл бусдад хохирол учруулах;
4.1.11. "даатгалын нөхөн төлбөр" гэж даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын гэрээний дагуу олгох мөнгөн болон бусад хэлбэрийн хөрөнгийг;
4.1.12. “даатгагчийн баталгаа” гэж даатгагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь даатгагчид төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн хэлцлийг;
4.1.13. “даатгалын мэргэжлийн оролцогч” гэж даатгалын үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий даатгагч, давхар даатгагч, даатгалын брокер, банк даатгалын зуучлагч, төлөөлөгч, даатгалын хохирол үнэлэгч, актуарч, даатгалын андеррайтер болон даатгалын байгууллагад аудит хийх эрх бүхий этгээдийг;
4.1.14. “даатгалын зуучлагч” гэж даатгалын брокер, банк даатгалын зуучлагчийг;
4.1.15. “даатгалын брокер” гэж даатгуулагч, даатгагдсан этгээд, бенефишерийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, даатгалын хэрэгцээг тодорхойлох, даатгагчдын гэрээний нөхцөлийг харьцуулан тайлбарлах, даатгалын гэрээ байгуулах, нөхөн төлбөр нэхэмжлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх, үүнийхээ төлөө хөлс авах эрхтэй компанийг;
4.1.16. “банк даатгалын зуучлагч” гэж даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг банкны харилцагчдад зуучлан борлуулах, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс авах эрхтэй банкийг;
4.1.17. “даатгалын хохирол үнэлэгч” гэж даатгагч, даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгалын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шалгах, бодит хохирлыг тогтоох, талуудын хооронд хэлэлцээ хийх чиг үүргийг хэрэгжүүлэх, ийнхүү хэрэгжүүлсний төлөө цалин хөлс болон бусад төлбөр авах даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан этгээдийг;
4.1.18. "актуарч" гэж даатгагчийн төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан үнэлж эдийн засаг, математикийн тооцоо, судалгааны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг этгээдийг;
4.1.19. “даатгалын төлөөлөгч” гэж даатгагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий даатгагчийн томилсон буюу эрх олгосон этгээдийг;
4.1.20. “даатгалын бүтээгдэхүүний дистрибутер” гэж даатгалын үйл ажиллагаа эрхлэх нь үндсэн чиг үүрэг биш боловч өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбогдуулан даатгагчийн өмнөөс даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, санал болгох, даатгалын гэрээ байгуулах үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийг;
4.1.21. “иншуртек” гэж даатгалын бүтээгдэхүүн боловсруулах, борлуулах, гэрээ байгуулах, эрсдэлийг үнэлэх, хохирол тооцох, нөхөн төлбөр олгох болон бусад үйлчилгээ үзүүлэхэд алгоритм, мэдээллийн систем болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмжид суурилсан шийдлийг;
4.1.22. “нийтлэг эрсдэлийн даатгалын гэрээ” гэж гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, урьдчилан тогтоосон нөхцөлийг шууд хүлээн авч байгуулсан даатгалын гэрээг;
4.1.23. “бизнесийн эрсдэлийн даатгалын гэрээ” гэж энэ хуулийн 4.1.22-д заасан нийтлэг эрсдэлийн даатгалын гэрээнээс бусад даатгалын гэрээг;
4.1.24. "холбогдох этгээд" гэж дараах этгээдийг:
4.1.24.а. тодорхой гэрээний үндсэн дээр хамтран тухайн компанийн удирдлагын шийдвэрийг тодорхойлох боломж бүхий бүлэг хүмүүс;
4.1.24.б. Компанийн тухай хуулийн 6.14-т заасны дагуу тодорхойлсон компанийн нэгдэлд хамаарч байгаа компанийн хувьд компанийн нэгдлийн бусад оролцогч компани, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан;
4.1.24.в. компанийн удирдлагын шийдвэрийг хамтран тодорхойлох боломж бүхий компани болон хүн /бүлэг хүмүүс/;
4.1.24.г. нэг хүн /бүлэг хүн/ гаргах шийдвэрийг нь тодорхойлох боломж бүхий компани;
4.1.24.е. нэг гэр бүлийн гишүүн, эцэг, эх, хүүхэд, ач, зээ нар, ах, дүү, бусад төрөл, садангийн хүн;
4.1.24.ё. нэг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчид;
4.1.24.ж. өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь хувьцааны хяналтын багцыг нь эзэмшдэг болон эрх бүхий албан тушаалд ажилладаг компани, уг компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогч компани болон тэдгээрийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч болон эрх бүхий албан тушаалтан;
4.1.24.з. уг этгээд ажил олгогч бол түүний ажилтан;
4.1.24.и. Санхүүгийн зохицуулах хорооноос "холбогдох этгээд" гэж тодорхойлсон бусад этгээд.
4.1.25. “эрх бүхий албан тушаалтан” гэж Компанийн тухай хуулийн 84.1-д заасан этгээдийг;
4.2. Бодит хохирлоос үл хамааран тодорхой итгэлцүүр буюу бусад аргачлалыг ашиглан даатгагчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг томьёогоор дундажлан тооцоолж гаргадаг үйл ажиллагаа энэ хуулийн 4.1.1-д нэгэн адил хамаарна.