1. Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ.
2. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг дараах байдлаар томилно.
1. төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллагын хуралд төрийг төлөөлөх этгээдийг уг хурлаар хэлэлцэх асуудал бүрээр өгөх саналын удирдамжийн хамт төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд томилох;
2. төрийн өмчийн оролцооны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн тухайн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлөх гишүүний нэрийг төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд тухайн компанийн нэр дэвшүүлэх хороонд санал болгох бөгөөд нэр дэвшүүлэх хороо тэрхүү нэр дэвшигдэж байгаа этгээд нь хуульд заасны дагуу төрийг төлөөлөх этгээд мөн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд оруулах үүрэгтэй;
3. энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг Засгийн газар тогтоох.
3. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Гишүүдийн хуралд төрийг төлөөлж оролцохоор томилогдсон төрийн өмчийн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байна.
4. Төрийн өмчийн төлөөлөгч дараахь эрх үүрэгтэй:
1. гишүүдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох;
2. төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах талаар санал боловсруулж төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад оруулах;
3. олгогдсон эрх хэмжээнийхээ дотор төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх.
5. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу тогтоосон этгээд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлж оролцох гишүүдийг томилохдоо дараах болзлыг хангасан нэр дэвшигчдээс томилно:
1. тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвартай;
2. тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх;
3. төрийн захиргааны албан хаагч болон энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу тогтоосон этгээдийн ажилтан байх.
6. Төрийн өмчийн төлөөлөгч болон төлөөлөн удирдах зөвлөлийн төрийг төлөөлөх гишүүнээр томилогдсон этгээд нь төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчээс баталсан удирдамж, зааврыг баримтлан ажиллана. Удирдамж, зааврыг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй нь түүнийг томилсон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
8. Төр төлөөлж Гишүүдийн хуралд оролцож байгаа төрийн өмчийн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн бусад хувийн өмчлөгчөөс төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдож байгаа гишүүний талаар санал өгөхгүй.
9. Энэ хууль болон бусад хуульд нийцүүлж Засгийн газар төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн өмчийн төлөөллийн талаар тусгай журам тогтоож болно.
11. Төрийн өмчийн төлөөлөгч нь төлөөлөн удирдах зөвлөлтэй тухайн хуулийн этгээдийн хэтийн төлөвлөгөөг тохиролцож, түүний хэрэгжилтийг хянаж, дүгнэхээс бусад хэлбэрээр өдөр тутмын удирдлагын үйл ажиллагаанд оролцохгүй.
12. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно.
13. Төрийн мэдлийн хувьцаа эзэмшигч нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс олгох ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох саналыг төлөөлөн удирдах зөвлөлд бичгээр гаргана.
14. Төлөөлөн удирдах зөвлөл энэ хуульд заасан тайлан, бусад мэдээллийг холбогдох байгууллагад хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй.
15. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нийт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн, тэдгээрээс төсвийн байгууллагын санхүү болон мөнгөн хөрөнгийн гүйлгээнд нөлөөлөх байдал, ажлын үр дүнд хяналт тавина.
16. Төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл авч, үнэт цаас гаргана.
18. Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн тухайн санхүүгийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр богино хугацаанд авах зээл, үнэт цаас хамаарахгүй.
19. Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх зээл хамаарахгүй.
20. Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлгүйгээр төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь зээл авах, үнэт цаас гаргахыг хориглоно.
21'. дүгээр зүйл.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналт
1. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага жил бүрийн 3 дугаар сарын 01-ний дотор тухайн хуулийн этгээдийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх талаарх санал /цаашид “зорилтын санал” гэх/-ын төслийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
2. Зорилтын саналд ирэх 3 жилд эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон дараах зүйлийг тусгана:
1. байгууллагын 3 жилийн хэтийн зорилт;
2. үйл ажиллагааны төрөл, хамрах хүрээ;
3. нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулахад баримталсан бодлогын тухай тайлбар;
4. санхүүгийн төлөв, түүний дотор төлөвлөж байгаа ашиг;
5. төсөвт оруулахаар төлөвлөсөн ногдол ашиг;
6. төлөвлөж байгаа хөрөнгө оруулалт.
21. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зорилтын саналыг хянаж, нэгтгэн санал дүгнэлтийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.
31. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй эцэслэн тохирсон зорилтын саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 04 дүгээр сарын 05-ны дотор хүргүүлнэ.
41. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай тухайн хуулийн этгээдийн зорилтын саналын талаар жил бүрийн 03 дугаар сарын 25-ны дотор тохиролцоно.
6. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газар болон Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд зорилтын саналыг танилцуулна.
7. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Компанийн тухай хуульд заасан журмын дагуу жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан гаргана.
8. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн тайлан нь түүний зорилтын саналтай харьцуулан дүгнэж болох ижил үзүүлэлттэй байх бөгөөд шаардлагатай мэдээллийг агуулсан байна.
9. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 02 дугаар сарын 15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийлгэнэ.
10. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд аудитын дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор тайлангаа аудитын дүгнэлтийн хамт төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.