10.1. Цэцийн нийт гишүүнээс бүрдсэн Цэцийн зөвлөгөөн /цаашид “Зөвлөгөөн” гэх/ ажиллана.
10.2. Зөвлөгөөнд хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад Цэцийн гишүүн оролцоно. Зөвлөгөөнийг долоогоос доошгүй гишүүн хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол Зөвлөгөөнд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлаа шийдвэрлэнэ.
10.3. Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
10.3.1. Цэцийн даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;
10.3.2. Үндсэн хуулийн цэцийн дэгийг батлах;
10.3.3. Бага, Дунд суудлын бүрэлдэхүүний хуваарийг жил бүр батлах;
10.3.4. Цэцийн төсвийн талаар санал гаргах, төсвийн гүйцэтгэлтэй танилцах;
10.3.5. Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх;
10.3.6. Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг тогтоох, энэ тухай шийдвэрээ Улсын Их Хуралд хүргүүлэх;
10.3.7. Цэцийн ажлын алба /цаашид “ажлын алба” гэх/-ны бүтэц, орон тоо, дүрмийг батлах;
10.3.8. Цэцийн даргын саналаар ажлын албаны дарга, Цэцийн судалгааны төвийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх, огцруулах;
10.3.9. Ажлын албаны үйл ажиллагааны тайлан, мэдээлэл сонсох, чиглэл өгөх;
10.3.10. Цэцийн гишүүдийн гуравны нэгээс доошгүйн санал болгосон асуудал.
10.4. Зөвлөгөөн хэлэлцсэн асуудлаараа хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол гаргана.
10.5. Зөвлөгөөний хуралдааны тэмдэглэлийг хөтлөн баримтжуулж, архивын нэгж үүсгэн хадгална.
10.6. Дэгийг Цэцийн цахим хуудаст байршуулна.
10.7. Зөвлөгөөн ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байна. Ээлжит Зөвлөгөөнийг улиралд нэгээс доошгүй удаа хуралдуулна. Ээлжит бус Зөвлөгөөнийг энэ хуулийн 11.2-т заасан хугацаанд, эсхүл Цэцийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь, эсхүл Цэцийн даргын саналаар хуралдуулна.
10.8. Цэцийн гишүүн Зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудалтай гурваас доошгүй ажлын өдрийн өмнө урьдчилан танилцаж, хуралдаанд оролцох, санал гаргах тэгш боломжоор хангагдана.
10.9. Зөвлөгөөний ажиллах журмыг Дэгээр зохицуулна.