18.1. Малчны хариуцлагатай байдлыг малчин өрх, малчны бүлэг, хэсэг, баг, сумын түвшинд тодорхойлох ба дараах чиглэлийн үйл ажиллагаанд зохистой дадлыг нэвтрүүлсэн байдлыг тогтооно:
18.1.1. байгалийн нөөц, бэлчээр, тэжээл, усны хангамжийн зөв зохистой ашиглалт;
18.1.2. мал маллах, тэжээх, арчлах арга барил, технологийн малд ээлтэй байдал;
18.1.3. мал сүргийн нөхөн үйлдвэрлэл, үржүүлэг селекцийн ажлын зохион байгуулалт, чанар, бүтээмж;
18.1.4. малын эрүүл мэнд, аюулгүй байдал;
18.1.5. малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, бэлтгэн нийлүүлэлтийн түвшин.
18.2. Энэ хуулийн 18.1.1-д заасан зохистой дадлыг дараах шаардлага, шалгуурыг хангасан байна:
18.2.1. малчин өрх, хот айл нь бэлчээр нутгаа дундаа хамтран ашиглаж ирсэн уламжлал дээрээ үндэслэн харилцан зөвшилцөж, дүрмээ баталгаажуулан малчны бүлэг, хэсгийн зохион байгуулалтад орсон;
18.2.2. бэлчээрийн мал аж ахуйн уламжлалыг хадгалж, жилийн 4 улиралд 4 ба түүнээс дээш удаа нүүдэлж, мал сүргийн ая тухтай байдлыг хангадаг, бэлчээрийн менежментийн зохистой дадлуудыг хэрэгжүүлсэн;
18.2.3. гэрээний дагуу ашиглаж байгаа бэлчээр, хадлангийн газарт жил бүр сумын газрын даамал бэлчээрийн төлөв байдал, чанарын үнэлгээ хийлгэсэн байдалд хяналт тавьдаг;
18.2.4. гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийн ургац нэмэгдүүлэх, сайжруулах арга хэмжээг жил бүр хэрэгжүүлсэн, бэлчээрийн төлөв байдал, голлох зүйл ургамлын эзлэх хувийг гэрээ байгуулах үеийн тогтоосон суурь түвшнээс бууруулаагүй;
18.2.5. бэлчээрийн даацыг тухайн экологийн бүсийн хэвийн хэмжээнээс хэтрүүлээгүй, бэлчээрийн ачаалал суурь жилтэй харьцуулахад нэмэгдээгүй.
18.3. Энэ хуулийн 18.1.2-д заасан зохистой дадалд дараах шаардлага, шалгуурыг хангасан байна:
18.3.1. малын хэрэгцээ, шаардлагыг хангахуйц өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, хороо, байр, зөөврийн хашаатай байх;
18.3.2. дөрвөн улиралд нүүдэллэж байршихдаа орчны хогийг цэвэрлэж, байгаль орчин бохирдуулахгүй, хог хаягдал үлдээдэггүй байх;
18.3.3. малын хэвтэр бууц, хашаа хороог байнга цэвэрлэж, өвөлжөөний хөрзөнг жил бүр авдаг, ахуйн хогийг төвлөрсөн цэгт байршуулж, устгадаг байх;
18.3.4. мал маллах ээлтэй арга ашигласан байх;
18.3.5. мал сүргийг жилд 300 ба түүнээс дээш хоногийн хугацаанд байгалийн бэлчээрт бэлчээрлүүлэх, хэрэгцээт эрдэс тэжээлээр хангах;
18.3.6. малын өвөлжилт, хаваржилтад зориулж 90-ээс доошгүй хоногт хүрэлцэхүйц өвс, нэмэгдэл тэжээл бэлтгэж нөөцлөх;
18.3.7. уст цэг, худаг, хөв цөөрөм бий болгох, сэргээн засварлахад хөрөнгө оруулалт хийж, хэрэглэх усны чанар, эрүүл ахуйд үнэлгээ хийлгэсэн байх;
18.3.8. мал хариулах, тууварлахдаа уламжлалт аргаар ашигласан байх;
18.3.9. малыг тусгайлан бэлтгэсэн эсхүл зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэдэг байх.
18.4. Энэ хуулийн 18.1.3-д заасан зохистой дадалд дараах шаардлага, шалгуурыг хангасан байна:
18.4.1. эрх бүхий байгууллагаас тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрсөн үүлдрийн малтай, хээлтүүлэгч мал нь үржлийн гэрчилгээтэй, бүртгэлтэй байх;
18.4.2. нийт мал сүргийн 30 хүртэлх хувийг тухайн жилд эдийн засгийн эргэлтэд оруулж, борлуулдаг байх;
18.4.3. нэг малаас авч буй ашиг шимийн дундаж гарц, малын амьдын жин, махны гулуузны жин стандартад заасан тоо, хэмжээнд болон түүнээс дээш байх;
18.4.4. малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд 3 жил тутамд чанарын үнэлгээ хийлгэх;
18.4.5. малын үржүүлэг, технологийн үйлчилгээг мэргэжлийн нэгж, мэргэжилтнээс авах, гэрээ байгуулах;
18.4.6. хээлтүүлэгчийн хүрэлцээг тогтоосон нормд байхаар зохион байгуулах, малын шилжилт хөдөлгөөний талаар мэргэжлийн байгууллагад заавал мэдээлнэ.
18.5. Энэ хуулийн 18.1.4-д заасан зохистой дадалд дараах шаардлага, шалгуурыг хангасан байна:
18.5.1. малын гоц халдварт, халдварт, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлсэн байх;
18.5.2. малын эрүүл мэндийн түүхийг мөшгөх нөхцөлийг бүрдүүлж малын шилжилт хөдөлгөөнийг хянадаг, мэдээлдэг байх;
18.5.3. малын эм болон төрөл бүрийн химийн бэлдмэлийн хэрэглээний зохистой дадлыг нэвтрүүлэх, эмийн үлдэгдэл агуулаагүй, баталгаатай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх.
18.6. Энэ хуулийн 18.1.5-д заасан зохистой дадалд дараах шаардлага, шалгуурыг хангасан байна:
18.6.1. бэлтгэсэн болон борлуулсан түүхий эд бүтээгдэхүүний бүртгэлийг хөтөлж, гарал үүсэл, аюулгүй байдал, чанарыг мөшгөх нөхцөлийг бүрдүүлсэн байх;
18.6.2. түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг үнэлүүлж, суурь түвшнийг сайжруулах арга замыг боловсруулж, мөрдөн ажиллаж байгаа;
18.6.3. малын ноос, ноолуурыг технологийн хугацаанд холбогдох стандартын шаардлагын дагуу нас, хүйс, өнгөний ялгаатай байдлаар ангилж, үйлдвэрт ээлтэй нягт, тааран шуудай, баглаа боодолд савлаж, бэлтгэн нийлүүлдэг;
18.6.4. малын арьс ширийг эсгэж, огтлохгүйгээр өвчиж, хоёр цагийн дотор цэвэрлэгээ, анхан шатны тордолтыг хийж, холбогдох стандартын шаардлагын дагуу чанарын хамгаалалттайгаар бэлтгэх;
18.6.5. малын сүүг түүхий сүүнд тавигдах ерөнхий шаардлагын стандартыг ханган бэлтгэж, сав суулга нь эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй байдлыг хангасан байх;
18.6.6. малын мах бэлтгэлийг хийхдээ холбогдох стандартын дагуу төхөөрдөг байх.