”5 дугаар зүйл.Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар салбар хоорондын хамтын ажиллагаа, төр, иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо
5.1.Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ;
5.1.1.тамхины хэрэглээг бууруулах, урьдчилан сэргийлэх талаарх улсын нэгдсэн бодлогыг боловсруулах, Засгийн газраар батлуулах, хэрэгжилтэд хянат тавих;
5.1.2.тамхины хэрэглээг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн бүх шатны болон нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран ажиллах, салбар хоорондын уялдааг хангах;
5.1.3.тамхины хэрэглээ, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдээлэл цуглуулах, нэгдсэн статистик хөтлөх, түүнд дүн шинжилгээ, үнэлгээ хийх;
5.1.4.импортлох тамхины хэмжээ, нэр төрлийн талаар энэ хуульд заасан тамхины хэрэглээг бууруулах зарчимтай уялдуулан нэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
5.1.5.тамхины хяналтын талаар олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тайлан, мэдээ илгээх;
5.1.6.тамхины хамаарлаас гаргах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих, хөгжүүлэх.
5.2.Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
5.2.1.ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хөтөлбөрт тамхины хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх сургалтын агуулга боловсруулж, багтаах;
5.2.2.бүх шатны сургууль, сургалтын байгууллагад энэ хуулийн 6.7.14, 9.1.8-д заасан хориглосон заалтын хэрэгжилтийг хянах, зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэх, сургуулийн орчинд бүх төрлийн тамхи хэрэглэхийг хориглох, хэрэгжилтэд хяналт тавих;
5.2.3.бүх шатны сургуулийн орчин дахь тамхидалт, түүнтэй холбоотой бусад үйл ажиллагааны талаар нэгдсэн тоо мэдээлэл хөтлөх, судалгаа, үнэлгээ хийх.
5.3.Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
5.3.1.энэ хуулийг зөрчсөн зөрчлийн шийтгэлийн хэрэгжилтэд хяналт тавих, шийтгэлийн төрлийн үр нөлөөтэй байдалд үнэлэлт, дүгнэлт, судалгаа хийх;
5.3.2.энэ хуулийн 9.1-д заасан хориглосон газарт тамхи татсан, тамхи худалдахтай холбоотой гарсан зөрчлийг цагдаагийн байгууллагаар дамжуулан шийдвэрлэх, хуулийн хэрэгжилтийг хангах;
5.3.3.энэ хуулийг зөрчсөн зөрчлийн талаарх мэдээллийг иргэнээс хүлээн авах үр дүнтэй зөрчил мэдээллэх тогтолцоог бий болгох.
5.4.Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ;
5.4.1.энэ хуулийн 4.1.1-д заасан тамхины татварын талаар баримтлах бодлого болон татвараас бий болсон орлогыг хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тогтвортой санхүүжүүлэх зарчмыг баримтлан, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх:
5.4.2.тамхины импорт, экспорт, үйлдвэрлэл, худалдаанд гааль, татварын бодлогыг хэрэгжүүлэх замаар хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх;
5.4.3.энэ хуулийн 4.1.6-д заасныг хэрэгжүүлэх.
5.5.Тамхины хяналтын талаар хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
5.5.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тариалах хувь хэмжээ, нэр төрөл нь хүн амд аюул учруулахгүй түвшинд байлгах, тамхины хэрэглээг бууруулах зарчимтай уялдуулсан бодлого, зарчим баримтлах;
5.5.2.энэ хуулийн 4.1.6-д заасныг хэрэгжүүлэх.
5.6.Тамхины хяналтын талаар бүх шатны Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.6.1.харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд тамхины хяналтын хэрэгжилтийг зохион байгуулах;
5.6.2.тамхины эсрэг сургалт, сурталчилгаа, тамхигүй орчин бий болгох чиглэлд төлөвлөгөө гарган ажиллах;
5.6.3.энэ хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.3, 9.1.4, 9.1.7, 9.1.8, 9.1.9-д заасан хориглосон газраас бусад гадаад орчин дахь нийтийн эдэлбэр газарт байгуулах тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн байршил, төсвийг шийдвэрлэх;
5.6.4.тамхи худалдаалах зөвшөөрөл олгох цэгийн тоо байршлыг тогтоохдоо энэ хуульд заасан зарчим, хязгаарлалтыг хангах, тамхи худалдаалах зөвшөөрөлтэй цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих;
5.6.5.орон нутгийн хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах.
5.7.Тамхины хяналтын талаар иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:
5.7.1.энэ хуулийн хэрэгжилтийг гэр бүл, ажлын байрны орчинд хангах;
5.7.2.насанд хүрээгүй хүнд тамхи татахыг санал болгох, тамхи олж авах, хэрэглэхэд дэмжлэг үзүүлэхгүй байх, бусад хүнийг дам тамхидалтад өртөхөөс урьдчилан сэргийлэх;
5.7.3.тамхи үйлдвэрлэгч, импортлогчоос бүх төрлийн хандив, тусламж, тэтгэлэг хүлээж авахаас татгалзах;
5.7.4.энэ хуулийн 9.1.5, 9.1.6-д заасан газарт тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300м2-аас доошгүй талбай бүхий барилга байгууламжид нэгээс илүүгүй байхаар тухайн хуулийн этгээд байгуулах.
5.8.Тамхины хяналтын талаар тамхи үйлдвэрлэгч, импортлогч хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:
5.8.1.хуулийн этгээдийн 20-оос дээш хувийн хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, тамхины үйлдвэрлэл, импорттой холбоотой бусад мэдээллийг өөрийн цахим хуудаст байршуулан нийтэд ил тод байлгах;
5.8.2.энэ хууль болон эрх бүхий байгууллагаас баталсан тамхины найрлага, тамхины хайрцаг, сав, баглаа боодолд тавигдах стандартыг хангах;
5.8.3.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.”