4.1.1.“аюул тулгарсан агаарын хөлөг” гэж агаарын хөлөг болон зорчигчдод аюул учирч, түүнийг нисэх баг өөрийн үйл ажиллагаагаар арилгаж чадахгүйд хүрсэн, эсхүл агаарын хөлөг холбоогүй буюу байрлал нь тодорхой бус болсон;
4.1.2.“аюулд нэрвэгдсэн агаарын хөлөг” гэж агаарын хөлөг болон зорчигчдод аюул учирч, нислэгийн явгалалт, хөөрөлт, буулт, нислэгийн үед гэмтэж аргагүйдсэн буулт үйлдсэн эсхүл бүрэн эвдэрсэн;
4.1.3.“байлдааны агаарын хөлөг” гэж байлдаанд ашиглах зориулалтаар зэвсэг, галт хэрэгсэл, тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон агаарын хөлгийг;
4.1.4.“байлдааны үүргийн нислэг” гэж байлдааны үүрэг, байлдааны жижүүрлэлт болон Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлыг хангах ажиллагааны нислэгийг;
4.1.5.“захиалгат нислэг” гэж гамшиг ослын болон бусад үед яаралтай хүний амь нас, эрүүл мэндийг аврах болон тусгай үүрэг гүйцэтгэх чиглэлээр иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр үйлдэх нислэгийг;
4.1.6.“онцгой үүргийн нислэг” гэж Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 6.1.6, 6.1.7-д заасан этгээдэд үйлчлэх нислэгийг;
4.1.7. “олон улсын нислэг” гэж энэ хуулийн 14.1.1, 14.1.6-д зааснаас бусад олон улсад үйлдэх нислэгийг;
4.1.8.”сургууль-байлдааны нислэг” гэж бүх төрлийн буудлага, бөмбөгдөлт, пуужингийн харвалттай нислэг болон олон улсын хээрийн сургууль дадлагын нислэгийг;
4.1.9.“сургууль-дадлагын нислэг” гэж олон улсын сургууль, хамтарсан болон бие даасан бүх төрлийн дадлага сургалт, эрх олгох нислэгийг;
4.1.10.“тусгай үүргийн нислэг” гэж тайван цагийн батлан хамгаалах нислэг, хил хамгаалалт, хилийн эрэл, тусгай ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гамшиг, осол, эрэн хайх, аврах ажиллагаа, эмнэлгийн яаралтай түргэн тусламж болон төрийн чиг үүргийг гүйцэтгэх байгууллагуудын ажил, үүргийг гүйцэтгэх нислэгийг;
4.1.11. “улсын агаарын хөлөг” гэж төрийн цэргийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын агаарын хөлгийг;
4.1.12.“улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллага” гэж төрийн цэргийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагыг;
4.1.13.“улсын нисэх” гэж улсын агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхтэй холбогдсон цогцолбор ойлголтыг;
4.1.14.“цэргийн зориулалттай нисгэгчгүй нисэх хэрэгсэл” гэж Зэвсэгт хүчний тухай хуулийн 3.1.10-т заасан ажиллагаанд ашиглагдах алсаас удирдлагатай, эсхүл автомат удирдлагатай нисгэгчгүй нисэх хэрэгсэл (дрон)-ийг;
4.1.15.“шалгалт, туршилтын нислэг” гэж агаарын хөлгийг агаар болон газарт шалгах, засвар, техникийн үйлчилгээ, тоног төхөөрөмж суурилуулсны дараа хийх нислэгийг;
4.1.16.”Улсын нисэхийн багц дүрэм” гэж энэ хуульд нийцүүлэн гаргасан улсын нисэхийн үйл ажиллагааг зохицуулах баримт бичгийг;