10 дугаар зүйл. Гадаадад зорчиж байгаа Монгол Улсын иргэний бүртгэл
10.1. Дипломат төлөөлөгчийн газар нь гадаадад зорчсон иргэний бүртгэлийн талаар дараах үүрэгтэй:
10.1.1. энэ хуулийн 4.2.2-т зааснаар гадаадад зорчсон, түр болон байнга оршин суугаа иргэний зорилгыг үндэслэн төрөлжсөн цахим мэдээллийн сан бүрдүүлж, хөтлөх;
10.1.2. гадаад улсад мэргэжил эзэмшсэн иргэнийг Монгол Улсад буцан ирэхийг дэмжих зорилгоор энэ хуулийн 10.1.1-д заасан санд бүртгэлтэй иргэний мэдээллийг түүний зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын төрийн байгууллага, ажил олгогч хуулийн этгээдэд нээлттэй ашиглах боломжийг бүрдүүлж ажиллах.
10.2. Энэ хуулийн 10.1.1-д заасан мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх, ашиглах журмыг Засгийн газар батална.
10.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах иргэний бүртгэлийн асуудал хариуцсан ажилтанг томилж, чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулна.
10.4. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, тогтоол биелүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах, хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авахтай холбоотой харилцааг Монгол Улсын нэгдэн орсон олон талт болон тухайн улстай байгуулсан хоёр талт гэрээ, хэлэлцээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хуульд зааснаар зохицуулна.
11 дүгээр зүйл. Гадаадад зорчсон, цагаачилсан иргэнийг эх орондоо буцан ирэхийг төрөөс дэмжих
11.1. Засгийн газар гадаадад зорчсон, цагаачилсан иргэнийг буцан ирэхийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1. иргэнийг эх орондоо ирж ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх;
11.1.2. гадаадаас эх орондоо буцан ирж аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа болон гадаадаас Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байгаа иргэний туршлагыг сурталчлах, урамшуулах;
11.1.3. гадаадад ажиллаж, эзэмшсэн мэдлэг, туршлага, сургалтыг хүлээн зөвшөөрөх, дүйцүүлэн баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх;
11.1.4. гадаадад удаан хугацаагаар зорчсон, цагаачилсан иргэнийг эх орондоо буцан ирэхийг дэмжих талаар үндэсний хөтөлбөр баталж хэрэгжүүлэх;
11.1.5. гадаадад ажиллаж байгаа иргэн тухайн улсад төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсад төлсөнтэй адилтган тооцох талаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хууль тогтоомжийн хүрээнд бусад улстай байгуулах;
11.1.6. гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн иргэнийг ажлын байраар хангах, гадаадад төгсөгчдийг ажлын байраар хангасан хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох.
11.2. Гадаад улсад гамшиг, аюулт үзэгдэл, онц болон дайн бүхий байдлын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй нөхцөл бий болсон бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн улсад зорчих, цагаачлах иргэнд энэ тухай шуурхай мэдээлэх, шаардлагатай тохиолдолд тухайн улс, бүс нутгаас Монгол Улсын иргэнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авна.
11.3. Хөдөлмөрийн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаад улсын ажиллах хүчний талаар баримталж байгаа бодлого, шийдвэр нь Монгол Улсын ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөнд нөлөөлөх талаар судалгаа, дүн шинжилгээ хийж Засгийн газарт тухай бүр танилцуулна.