Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 10-р сарын 07 өдөр
Ulaanbaatar city
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах, эх орондоо буцан ирэхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах хууль тогтоомж
2.1. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон энэ хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “гадаадад зорчих” гэж Монгол Улсын иргэн албан болон хувийн хэргээр Монгол Улсын хилээр гарч явах, буцан ирэхийг;
3.1.2. “цагаачлах” гэж гадаад улсын эрх бүхий байгууллагаас цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр байнга оршин суухаар Монгол Улсын хилээр гарч явахыг;
3.1.3. “үндэсний гадаад паспорт түүнийг орлох бичиг баримт” гэж Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.1-д заасан баримт бичгийг.
4 дүгээр зүйл. Гадаадад зорчих Монгол Улсын иргэний эрх, үүрэг
4.1. Гадаадад зорчих Монгол Улсын иргэн дараах эрхтэй:
4.1.1. гадаадад байхдаа төрийнхөө ивээлд байж, зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулах;
4.1.2. өөрт оногдох эд хөрөнгө, гадаад валютыг хууль тогтоомжийн дагуу авч явах;
4.1.3. хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраар /цаашид “Дипломат төлөөлөгчийн газар” гэх/ дамжуулан төрийн үйлчилгээ авах;
4.1.4. эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор өөрийн биеэр, эсхүл гэр бүлийн гишүүн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Дипломат төлөөлөгчийн газарт болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргах.
4.2. Гадаадад зорчих Монгол Улсын иргэн дараах үүрэгтэй:
4.2.1. Монгол Улсын хилээр нэвтрэхдээ гадаадад зорчих зорилгоо үнэн зөв мэдүүлэх;
4.2.2. Гадаад 90-ээс дээш хоногийн хугацаагаар оршин суух тохиолдолд энэ хуулийн 10.1.1-д заасан цахим мэдээллийн санд, эсхүл Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн бүртгүүлэх;
4.2.3. гадаадад зорчихдоо Монгол Улсын эрх бүхий байгууллагаас гаргасан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлэгтэй танилцаж, тухайн улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх;
4.3. Гадаадад 90 хоногоос доош хугацаагаар оршин сууж байгаа иргэн Дипломат төлөөлөгчийн газарт энэ хуулийн 4.2.2-т заасны дагуу бүртгүүлж болно.
4.4. Төрийн болон албаны нууцтай танилцах эрх олгогдсон иргэн, тусгай нөхцөлөөр танилцсан болон нууц хамгаалах чиг үүрэг бүхий албан тушаалтан гадаадад зорчихтой холбоотой харилцааг Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нарийвчлан зохицуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ГАДААДАД ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ
5 дугаар зүйл. Гадаадад цагаачлах
5.1. Гадаадад цагаачлах иргэн тухайн улсын виз мэдүүлэх, визийн хүчинтэй хугацаанд тухайн улсад нэвтрэх асуудлыг өөрөө хариуцна.
5.2. Гадаадад хууль ёсны зөвшөөрөлгүйгээр оршин суугаа Монгол Улсын иргэнийг тухайн улсаас гаргасан хүсэлтийг үндэслэн Монгол Улсын олон улсын гэрээний дагуу буцаан авч болно.
5.3. Гадаадад цагаачилсан иргэн энэ хуулийн 4.2.2-т заасны дагуу бүртгүүлнэ.
5.4. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаадад цагаачилсан иргэний бүртгэл, мэдээллийг харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
6 дугаар зүйл. Насанд хүрээгүй иргэн гадаадад зорчих, цагаачлах
6.1. Насанд хүрээгүй иргэн гадаадад зорчих, цагаачлахдаа эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт явна.
6.2. Насанд хүрээгүй иргэн эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс өөр хүний хамт гадаадад зорчих тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан этгээдээс насанд хүрээгүй иргэний хамт гадаад улсад зорчих этгээдэд олгосон итгэмжлэлийг үндэслэн улсын хилээр нэвтрүүлнэ.
6.3. 16-18 насны иргэн эцэг, эх, харгалзан дэмжигчийн хамт гадаадад цагаачлах тохиолдолд түүний зөвшөөрлийг бичгээр авна.
6.4. Энэ хуулийн 6.1, 6.2-т заасан этгээд улсын хилээр хамт нэвтэрсэн насанд хүрээгүй иргэнийг гадаад улсад үлдээсэн тохиолдолд түүнийг асран хамгаалалтад авч үлдсэн хүний талаарх мэдээлэл, тайлбар, нотлох баримтыг улсын хил хамгаалах байгууллагад гаргаж өгнө.
6.5. Энэ хуулийн 6.4-т заасан байгууллага насанд хүрээгүй иргэнийг гадаад улсад үлдээсэн шалтгааныг тодруулж, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлнэ.
6.6. Насанд хүрээгүй иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ГАДААДАД ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХАД ОЛГОХ БИЧИГ БАРИМТ, ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САН
7 дугаар зүйл. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлахад олгох бичиг баримт
7.1. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах бол түүнд үндэсний гадаад паспорт олгоно.
7.2. Монгол Улсын иргэнд хууль тогтоомжид заасны дагуу хил нэвтрэх үнэмлэх олгож болно.
7.3. Монгол Улсын үндэсний гадаад паспорт нь Монгол Улсын төрийн өмч мөн.
7.4. Монгол Улсын үндэсний гадаад паспортыг Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу олгоно.
8 дугаар зүйл. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
8.1. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сантай холбоотой харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ГАДААДАД ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ, ХЯНАЛТ ТАВИХ
9 дүгээр зүйл. Гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх
9.1. Монгол Улсын иргэний гадаадад зорчих, цагаачлах эрхийг дараах үндэслэлээр доор дурдсан хугацаагаар түдгэлзүүлнэ:
9.1.1. эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн өдрөөс эхлэн уг тогтоолыг хүчингүй болгох, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл;
9.1.2. эрүүгийн ял шийтгүүлсэн бол уг ялыг эдэлж дуустал, эсхүл ялаас чөлөөлөх тухай шийдвэр гарах хүртэл;
9.1.3. ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол уг хугацаа дуусах, эсхүл шүүхээс уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох хүртэл;
9.1.4. Төрийн болон албаны нууцтай танилцах эрх олгогдсон иргэн, тусгай нөхцөлөөр танилцсан болон нууц хамгаалах чиг үүрэг бүхий болон түүнийг шууд хариуцаж байгаа албан тушаалтан цагаачлах хүсэлт гаргасан бол уг ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн өдрөөс хойш гурван жилийн дотор;
9.1.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрт заасан хугацаагаар.
9.2. Энэ хуулийн 9.1-д зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын иргэний гадаадад зорчих, цагаачлах эрхийг хязгаарлахыг хориглоно.
9.3. Монгол Улсын иргэн гадаадад зорчих хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон нь тухайн улсын эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдсон, эсхүл гэмт хэрэгт холбогдон шалгагдах хугацаандаа оргон зайлсан талаар эрх бүхий байгууллагаас мэдээлэл ирүүлсэн тохиолдолд тухайн иргэнийг гадаад улсад гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага тухайн иргэнд үндэсний гадаад паспорт олгохыг хоёр хүртэл жилийн хугацаанд түдгэлзүүлж болно.
9.4. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 9.3-т заасан иргэний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлнэ.
9.5. Энэ хуулийн 9.1-д зааснаар Монгол Улсын иргэний гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхэд шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, улсын хилээр нэвтрэх үед хилийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.
9.6. Хилийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн Монгол Улсын иргэдийн мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтөлнө.
9.7. Монгол Улсын иргэний гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх эрх бүхий байгууллага нь тухайн иргэний гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн, сунгасан, хүчингүй болгосон талаарх мэдээллийг Монгол Улсын хил хамгаалах байгууллагад даруй мэдээлнэ.
9.8. Энэ хуулийн 9.5-д заасан мэдээллийг улсын хил хамгаалах байгууллагад мэдээлээгүйгээс үүсэх үр дагаврыг тухайн байгууллага, албан тушаалтан хариуцна.
9.9. Монгол Улсын иргэний гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх эрх бүхий байгууллага хоорондын мэдээлэл солилцох, мэдээллийн сан хөтлөх, ашиглах журмыг Засгийн газар батална.
ТАВДУГААР БҮЛЭГ. ГАДААДАД ЗОРЧСОН, ЦАГААЧИЛСАН МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ЭХ ОРОНДОО БУЦАН ИРЭХ
10 дугаар зүйл. Гадаадад зорчиж байгаа Монгол Улсын иргэний бүртгэл
10.1. Дипломат төлөөлөгчийн газар нь гадаадад зорчсон иргэний бүртгэлийн талаар дараах үүрэгтэй:
10.1.1. энэ хуулийн 4.2.2-т зааснаар гадаадад зорчсон, түр болон байнга оршин суугаа иргэний зорилгыг үндэслэн төрөлжсөн цахим мэдээллийн сан бүрдүүлж, хөтлөх;
10.1.2. гадаад улсад мэргэжил эзэмшсэн иргэнийг Монгол Улсад буцан ирэхийг дэмжих зорилгоор энэ хуулийн 10.1.1-д заасан санд бүртгэлтэй иргэний мэдээллийг түүний зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын төрийн байгууллага, ажил олгогч хуулийн этгээдэд нээлттэй ашиглах боломжийг бүрдүүлж ажиллах.
10.2. Энэ хуулийн 10.1.1-д заасан мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх, ашиглах журмыг Засгийн газар батална.
10.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах иргэний бүртгэлийн асуудал хариуцсан ажилтанг томилж, чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулна.
10.4. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, тогтоол биелүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах, хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авахтай холбоотой харилцааг Монгол Улсын нэгдэн орсон олон талт болон тухайн улстай байгуулсан хоёр талт гэрээ, хэлэлцээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хуульд зааснаар зохицуулна.
11 дүгээр зүйл. Гадаадад зорчсон, цагаачилсан иргэнийг эх орондоо буцан ирэхийг төрөөс дэмжих
11.1. Засгийн газар гадаадад зорчсон, цагаачилсан иргэнийг буцан ирэхийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1. иргэнийг эх орондоо ирж ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх;
11.1.2. гадаадаас эх орондоо буцан ирж аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа болон гадаадаас Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байгаа иргэний туршлагыг сурталчлах, урамшуулах;
11.1.3. гадаадад ажиллаж, эзэмшсэн мэдлэг, туршлага, сургалтыг хүлээн зөвшөөрөх, дүйцүүлэн баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх;
11.1.4. гадаадад удаан хугацаагаар зорчсон, цагаачилсан иргэнийг эх орондоо буцан ирэхийг дэмжих талаар үндэсний хөтөлбөр баталж хэрэгжүүлэх;
11.1.5. гадаадад ажиллаж байгаа иргэн тухайн улсад төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсад төлсөнтэй адилтган тооцох талаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хууль тогтоомжийн хүрээнд бусад улстай байгуулах;
11.1.6. гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн иргэнийг ажлын байраар хангах, гадаадад төгсөгчдийг ажлын байраар хангасан хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох.
11.2. Гадаад улсад гамшиг, аюулт үзэгдэл, онц болон дайн бүхий байдлын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй нөхцөл бий болсон бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн улсад зорчих, цагаачлах иргэнд энэ тухай шуурхай мэдээлэх, шаардлагатай тохиолдолд тухайн улс, бүс нутгаас Монгол Улсын иргэнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авна.
11.3. Хөдөлмөрийн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаад улсын ажиллах хүчний талаар баримталж байгаа бодлого, шийдвэр нь Монгол Улсын ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөнд нөлөөлөх талаар судалгаа, дүн шинжилгээ хийж Засгийн газарт тухай бүр танилцуулна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ. БУСАД ЗҮЙЛ
12 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
12.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
12.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
8. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх