Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 3-р сарын 18 өдөр
Ulaanbaatar city
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, экспортлох, импортлох, реэкспортлох, худалдах, түүгээр үйлчлэх, хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэхэд оршино.
2 дугаар зүйл. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж
2.1. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль , Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль , Хүнсний тухай хууль , Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль , Эрүүл ахуйн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль дараах харилцаанд хамаарахгүй:
3.1.1. ашиг олох зорилгогүй, хувийн хэрэгцээнд зориулан уламжлалт аргаар, байгалийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн ашиглан согтууруулах ундаа үйлдвэрлэх;
3.1.2. ашиг олох зорилгогүй, зорчигчийн хувийн хэрэглээний согтууруулах ундааг улсын хилээр нэвтрүүлэх;
3.1.3. Монгол Улсын болон гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага, тэдгээртэй адилтгах бусад байгууллагын албан хэрэгцээнд зориулан согтууруулах ундааг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх;
3.1.4. олон улсын үзэсгэлэн, худалдаанд оролцох, бүтээгдэхүүний дээж, загварыг танилцуулах, Монгол Улсын болон гадаад улсын эрх бүхий байгууллагад шинжлүүлэх, экспортлох болон импортлох тусгай зөвшөөрөл авах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэх.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “согтууруулах ундаа” гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан дарс, тэдгээрийн үндсэн дээр бэлтгэсэн ундаа, шар айраг, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг;
4.1.2. “согтууруулах ундааны эргэлт” гэж согтууруулах ундааг үйлдвэрлэх, экспортлох, импортлох, худалдах, хэрэглэх болон түүгээр үйлчлэхийг;
4.1.3. “хатуулаг” гэж спиртийн уусмалд агуулагдах этилийн спиртийн хэмжээг эзэлхүүний хувиар илэрхийлсэн үзүүлэлтийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ. СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ
5 дугаар зүйл. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл
5.1. Засгийн газар сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 5.5-д заасан журмын дагуу олгож, хүчингүй болгоно.
5.2. Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь татвар, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн 5.1-д заасан зөвшөөрлийн хугацааг сунгаж, түдгэлзүүлж, сэргээнэ.
5.3. Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрийн мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно. Экспортлох зорилгоор сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно.
5.4. Энэ хуулийн 5.1, 5.3-т заасан тусгай зөвшөөрлийг төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно.
5.5. Төсөл сонгон шалгаруулж тусгай зөвшөөрөл олгох журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.
5.6. Энэ хуулийн 5.1, 5.3-т заасан тусгай зөвшөөрлийг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгоно.
5.7. Энэ хуулийн 5.1, 5.3-т заасан тусгай зөвшөөрөлд согтууруулах ундааны нэр төрөл, үйлдвэрлэх арга, ашиглах түүхий эд, үйлдвэрийн байршил, үйлдвэрлэлийн хүчин чадал, заавал үйлдвэрлэвэл зохих согтууруулах ундааны доод хэмжээг тусгана.
5.8. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр бусдад шилжүүлэх, ашиглуулахыг хориглох бөгөөд үйлдвэрлэх согтууруулах ундааны нэр төрөл, үйлдвэрийн байршлыг өөрчлөх, эсхүл шинэ нэр төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэхэд энэ хуулийн 5.1, 5.3-т заасан тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулна.
5.9. Энэ хуулийн 5.7-д заасан үйлдвэрлэлийн хүчин чадлыг тооцоолох аргачлал, заавал үйлдвэрлэх согтууруулах ундааны доод хэмжээг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
6 дугаар зүйл. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
6.1. Энэ хуулийн 5.1, 5.3-т заасан тусгай зөвшөөрөл хүсэгч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
6.1.1. согтууруулах ундааны үйлдвэрийн төслийн баримт бичиг;
6.1.2. урьд өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан бол аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан;
6.1.3. үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, тэдгээрийн чанар, стандарт, өмчлөлийн талаарх мэдээлэл;
6.1.4. үйлдвэрлэх согтууруулах ундааны нэр төрөл, хэмжээ, үйлдвэрлэлийн хүчин чадлыг тодорхойлсон баримт бичиг;
6.1.5. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэх, мэдээлэх тоног төхөөрөмж суурилуулах, түүнийг нэгдсэн сүлжээнд холбох тооцоолол;
6.1.6. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэх, онцгой албан татварын тэмдэг наах, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбох тоног төхөөрөмж шаардлага хангасан эсэх талаар татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлт;
6.1.7. энэ хуулийн 6.1.1-д заасан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, мэргэжлийн хүний нөөцийн талаарх мэдээлэл;
6.1.8. татварын өргүй тухай татварын байгууллагын тодорхойлолт.
6.2. Энэ хуулийн 6.1.1-д заасан бичиг баримтын жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
7 дугаар зүйл. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлага
7.1. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан, тохирлын гэрчилгээ авсан согтууруулах ундааг худалдаа, үйлчилгээнд нийлүүлэх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:
7.1.1. эрх бүхий байгууллагаас хянаж, баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан, стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, агуулах болон тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, технологийн заавартай байх;
7.1.2. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэх, мэдээлэх тоног төхөөрөмж суурилуулах, түүнийг нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байх;
7.1.3. үйлдвэрлэлийн үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцаж ажиллах мэргэжлийн хүний нөөцтэй байх;
7.1.4. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлд ашиглах түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалган тогтоох лабораторитой байх;
7.1.5. цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байх;
7.1.6. Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 5.3-т заасны дагуу баталсан шаардлага хангасан онцгой албан татварын тэмдэг наах, мэдээллийг бүртгэх тоног төхөөрөмжтэй байх;
7.1.7. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх;
7.1.8. хуульд заасан бусад.
8 дугаар зүйл.. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
8.1. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, дуусах хугацаанаас нь гурван жилийн хугацаагаар сунгаж болно.
8.2. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах бол түүний хугацааг дуусахаас гурван сар, түүнээс багагүй хугацааны өмнө хүсэлтээ гаргах бөгөөд уг хугацааг баримтлаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
8.3. Тусгай зөвшөөрөл сунгах эрх бүхий этгээд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн согтууруулах ундаа үйлдвэрлэх болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас нэг сар, түүнээс багагүй хугацааны өмнө хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ.
8.4. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.4-т заасны дагуу согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
8.5. Татварын байгууллагад татварын өртэй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
9 дүгээр зүйл. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх
9.1. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд түдгэлзүүлнэ:
9.1.1. согтууруулах ундааны үйлдвэрлэлд шууд таслан зогсоох, эсхүл хугацаатай үүрэг өгч арилгуулах боломжгүй доголдол, зөрчил илэрсэн;
9.1.2. үйл ажиллагаагаа хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэх талаар хяналт тавих эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй;
9.1.3. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний талаар энэ хуулийн 40.1-д заасан хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдээллийг хугацаанд нь ирүүлээгүй;
9.1.4. хяналт тавих эрх бүхий байгууллагаас үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, тэдгээрийн чанар, аюулгүй байдал болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэх, мэдээлэх тоног төхөөрөмжид хяналт шалгалт хийх үйл ажиллагаанд саад учруулсан;
9.1.5. татварын өрөө хоёр ба түүнээс дээш удаа хуульд заасан хугацаанд төлөөгүй.
9.2. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 9.1-д заасан зөрчлийг арилгуулах үүднээс 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, зөрчлийг арилгасан тохиолдолд сэргээнэ.
9.3. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 10.1-д заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зөрчил гаргасан нь тогтоогдсон бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэх хүртэл хугацаагаар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.
10 дугаар зүйл. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
10.1. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
10.1.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч татан буугдсан;
10.1.2. эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан;
10.1.3. энэ хуулийн 6.1-д заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл тэдгээр нь худал мэдээлэл агуулсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;
10.1.4. энэ хуулийн 42.2-т заасан онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, эсхүл онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэг ашигласан, захиалгаар хийлгэсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэг наасан согтууруулах ундаа худалдан борлуулсан;
10.1.5. энэ хуулийн 9.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд согтууруулах ундаа үйлдвэрлэсэн;
10.1.6. нэг жилийн хугацаанд хоёр, түүнээс дээш удаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний талаар энэ хуулийн 40.1-д заасан хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдээллийг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл худал мэдээлэл ирүүлсэн;
10.1.7. стандарт, техникийн зохицуулалтад нийцээгүй согтууруулах ундаа үйлдвэрлэсэн, худалдсан;
10.1.8. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэх, мэдээлэх тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаагүй, үйл ажиллагааг нь санаатайгаар гэмтээсэн, устгасан, эсхүл лацыг хөдөлгөсөн;
10.1.9. энэ хуулийн 9.2-т заасан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хугацаанд зөрчлийг арилгаагүй;
10.1.10. хуульд өөрөөр заагаагүй бол үйлдвэрлэлийн хүчин чадлын тогтоосон доод хэмжээг ашиглаагүй;
10.1.11. онцгой албан татварын тэмдгийг бусдад дамжуулсан, шилжүүлсэн;
10.1.12. тусгай зөвшөөрөл олгосноос хойш хоёр жил, түүнээс дээш хугацаанд согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлээгүй;
10.1.13. согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр бусдад шилжүүлсэн, ашиглуулсан;
10.1.14. хуульд заасан бусад.
10.2. Энэ хуулийн 10.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн байршилд согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаанд дахин олгохыг хориглоно.
11 дүгээр зүйл. Согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавигдах шаардлага
11.1. Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг шугамын оролт, гаралтыг тоолууржуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөр технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөл, батлагдсан стандартын дагуу явуулна.
11.2. Согтууруулах ундааны үйлдвэрлэлд ашиглах үндсэн техник, тоног төхөөрөмж нь Монгол Улсын стандарт, техникийн шаардлагад нийцсэн байна.
11.3. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тоо хэмжээ, хатуулгийг бүртгэж, холбогдох эрх бүхий байгууллагад тогтмол мэдээлэх үүрэгтэй.
11.4. Орц, найрлага, түүхий эд, хатуулаг ижил согтууруулах ундааг нэгээс дээш нэрээр үйлдвэрлэхийг хориглоно.
11.5. Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч нь хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлсэн бүтээгдэхүүний нууцлал бүхий бүртгэлтэй, буцаан татах бодлого, механизмыг бүрдүүлсэн байна.
11.6. Энэ хуулийн 11.1-д заасан төхөөрөмж нь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэгдсэн сүлжээнд тус тус холбогдсон байх бөгөөд тоног төхөөрөмжид тавигдах шаардлага, нэгдсэн сүлжээнд холбох, үйл ажиллагаанд хяналт тавих журмыг хүнсний болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
12 дугаар зүйл. Согтууруулах ундаа үйлдвэрлэх доод хэмжээ
12.1. Энэ хуулийн 5.1-д заасан согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлд заасан үйлдвэрлэлийн хүчин чадлын тодорхой хувиас доошгүй бүтээгдэхүүнийг заавал үйлдвэрлэнэ.
12.2. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 12.1-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй тохиолдолд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа түр зогсоох тухай мэдэгдлийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
12.3. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа сэргээх бол энэ тухай мэдэгдлийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хуулийн 12.1-д заасан хэмжээг тооцоолоход үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нь зогсоосон хугацааг хасаж тооцно.
12.4. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр зогсоох үндэслэл, журам болон энэ хуулийн 12.2-т заасан мэдэгдлийг хүргүүлэх, бүртгэх журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.5. Энэ хуулийн 12.2-т заасан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр зогсоох хугацаа нь үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэхээс бусад тохиолдолд зургаан сараас илүүгүй байна.
13 дугаар зүйл. Согтууруулах ундааны шошго, савлагаанд тавигдах шаардлага
13.1. Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундаа дараах мэдээллийг агуулсан шошготой байна:
13.1.1. согтууруулах ундааны нэр төрөл;
13.1.2. согтууруулах ундаа үйлдвэрлэгчийн нэр, хаяг;
13.1.3. согтууруулах ундааг үйлдвэрлэсэн газар;
13.1.4. стандарт, техникийн зохицуулалт;
13.1.5. согтууруулах ундааны савлагааны хэмжээ;
13.1.6. орц, найрлага;
13.1.7. үйлдвэрлэсэн огноо болон хадгалах хугацаа, нөхцөл, цувралын дугаар;
13.1.8. спиртийн ангилал болон хатуулаг.
13.2. Согтууруулах ундааны шошго нь согтууруулах ундаанаас үүдэлтэй эрүүл мэндийн хор нөлөөний тухай болон энэ хуулийн 30.1-д заасан хүн хэрэглэхийг хориглох тухай анхааруулгатай байна.
13.3. Согтууруулах ундааны шошгонд тавигдах шаардлага, анхааруулгын загварыг хүнсний болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
13.4. Гадаад улсад экспортлохоос бусад согтууруулах ундааны шошго нь монгол хэлээр байх бөгөөд согтууруулах ундааг гадаад улсад экспортлох тохиолдолд энэ хуулийн 13.1-д заасныг мөрдөхгүй байж болно.
13.5. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь согтууруулах ундааны нэр, савлалтын хэмжээ болон тэдгээрийн өөрчлөлтийг тухай бүр татварын байгууллага болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.
13.6. Гадаад улсад экспортлохоос бусад тохиолдолд 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 2 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.
13.7. Гадаад улсад экспортлох, агаарын хөлгийн үйлчилгээ, татваргүй барааны дэлгүүр, зочид буудлын хэрэгцээнд тусгай зориулалтаар, захиалгаар нийлүүлэхээс бусад тохиолдолд 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0,33 литрээс бага, 1 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.
13.8. Согтууруулах ундааны сав, баглаа, боодол, бөглөө нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан байна.
13.9. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь согтууруулах ундааны шил, савыг эргүүлэн татах, дахин ашиглах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.
13.10. Согтууруулах ундаа үйлдвэрлэгчээс бусад этгээд согтууруулах ундааны сав, баглаа, боодол, бөглөөг гаалийн хилээр нэвтрүүлэхэд тухайн нэрийн согтууруулах ундааг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээг үндэслэнэ.
14 дүгээр зүйл. Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэхийг хориглох газар
14.1. Дараах газарт согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэхийг хориглоно:
14.1.1. төрийн байгууллагын эзэмшлийн болон үйл ажиллагаа явуулж байгаа албан байр, барилга байгууламж;
14.1.2. хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар, соёл, урлагийн газар, тэдгээрийн эзэмшил, ашиглалтад байгаа бүх төрлийн барилга байгууламж;
14.1.3. спортын бэлтгэл, сургуулилт, уралдаан, тэмцээн зохион байгуулах зориулалт бүхий бүх төрлийн барилга байгууламж;
14.1.4. оюутан, сурагчдын хичээлийн болон дотуур байр;
14.1.5. нийтийн зориулалттай орон сууц, түүний орц, хонгил, өргөтгөл, суурийн давхар;
14.1.6. галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудал.
ГУРАВДУГААР БҮЛЭГ. СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ИМПОРТ, ЭКСПОРТ, РЕЭКСПОРТ
15 дугаар зүйл. Согтууруулах ундааг импортлох, экспортлох, реэкспортлох
15.1. Импортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийн техникийн зохицуулалтыг эрүүл мэндийн болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
15 .2. Импортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын үзүүлэлт нь согтууруулах ундаанд тавигдах үндэсний стандарт болон чанар, аюулгүй байдлын үзүүлэлтээс доошгүй байна.
15.3. Импортолж болох согтууруулах ундааны жагсаалтад орсон согтууруулах ундааны дээжийг мэргэжлийн хяналтын байгууллагаар урьдчилан шинжлүүлж, хилээр нэвтрүүлэх үед мэргэжлийн хяналтын болон гаалийн байгууллагын хяналт шалгалтад хамруулж баталгаажуулсан байна.
15.4. Импортолж болох согтууруулах ундааны жагсаалтыг Засгийн газар батлах бөгөөд согтууруулах ундааны нэр төрөл, хатуулгийг тодорхой заана.
15.5. Экспортлох, импортлох, реэкспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавих, импортлох тусгай зөвшөөрөл олгох, сунгах журмыг Засгийн газар батална.
15.6. Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гурван жилийн хугацаагаар олгоно.
15.7. Энэ хуулийн 15.6-д заасан хугацааг дуусахаас өмнө тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гурван жилийн хугацаагаар сунгаж болно.
15.8. Импортолж болох согтууруулах ундааны жагсаалтад ороогүй согтууруулах ундааг худалдах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
15.9. Согтууруулах ундааг импортлох, реэкспортлох, экспортлоход Засгийн газраас тогтоосон боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ
16 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл
16.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 16.7-д заасан тусгай зөвшөөрлийн тоонд нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд чөлөөт бүсийн захирагч олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно.
16.2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмыг Засгийн газар батална.
16.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, тухай бүр таван жилийн хугацаагаар сунгана.
16.4. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан, тохирлын гэрчилгээ авсан согтууруулах ундааг худалдана.
16.5. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.3, 6.4-т заасан журмыг баримтална.
16.6. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлийг бэлэглэх, худалдах, барьцаалах зэргээр бусдад шилжүүлэх болон энэ хуульд зааснаас бусад тохиолдолд үйл ажиллагаа явуулах байршлыг өөрчлөхийг хориглоно.
16.7. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл, түүний төрлийн тоог тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, эрүүл мэнд, соёл, спортын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон дотуур байрны байршлыг харгалзан хүнс, эрүүл мэнд болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
16.8. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 16.1-д заасан эрхээ сум, дүүргийн Засаг дарга, доод шатны албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
16.9. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон, татварын байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй этгээдэд олгоно.
17 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн төрөл
17.1. Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгоно.
17.2. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд олгох бөгөөд дараах төрөлтэй байна:
17.2.1. 00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх;
17.2.2. 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх.
17.3. Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан тусгай зөвшөөрөл авах үйлчилгээний ангилал, тавигдах шаардлагыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
18 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх
18.1. Дараах тохиолдолд энэ хуулийн 40.3.2, 40.3.4-т заасан байгууллага, албан тушаалтны санал, дүгнэлтийг үндэслэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ:
18.1.1. илэрсэн зөрчлийг арилгах, үйл ажиллагаагаа хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэх талаар хяналт тавих эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй;
18.1.2. хууль тогтоомж, стандартад заасан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг хангаагүй;
18.1.3. согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд сайн дураараа биелүүлээгүй.
18.2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 18.1-д заасан зөрчлийг арилгах хүртэл гурван сараас илүүгүй хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд түдгэлзүүлсэн үндэслэл арилмагц тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
18.3. Энэ хуулийн 18.2-т заасан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн түдгэлзүүлсэн хугацааг сунгуулах хүсэлт болон илэрсэн зөрчлийг арилгах боломжийг харгалзан гурван сар хүртэл хугацаагаар сунгаж болно.
19 дүгээр зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
19.1. Дараах тохиолдолд энэ хуулийн 40.3.2, 40.3.4-т заасан байгууллага, албан тушаалтны саналыг үндэслэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
19.1.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч татан буугдсан;
19.1.2. тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан;
19.1.3. тусгай зөвшөөрөл хүссэн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл тэдгээр нь худал мэдээлэл агуулсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;
19.1.4. согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх хуульд заасан өдөр, цагийн хязгаарыг гурван сарын хугацаанд гурав, түүнээс дээш удаа зөрчсөн;
19.1.5. энэ хуулийн 18.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болсон зөрчлийг арилгаагүй, эсхүл хоёр сарын хугацаанд хоёр, түүнээс дээш удаа тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх зөрчил гаргасан;
19.1.6. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн;
19.1.7. тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр бусдад шилжүүлсэн, хуульд зааснаас бусад тохиолдолд үйл ажиллагаа явуулах байршлыг өөрчилсөн;
19.1.8. согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй;
19.1.9. энэ хуулийн 23.1, 26.3-т заасныг гурван сарын хугацаанд давтан зөрчсөн;
19.1.10. энэ хуулийн 31.1-д заасныг зөрчсөн;
19.1.11. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээс бусад тохиолдолд зургаан сараас дээш хугацаагаар тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулаагүй;
19.1.12. стандарт, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, эсхүл баталгаажилтгүй, онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн, хуурамчаар үйлдсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэг ашигласан, захиалгаар хийлгэсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэг наасан согтууруулах ундаа худалдан борлуулсан, цахим төлбөрийн баримтгүй согтууруулах ундаа худалдан борлуулсан;
19.1.13. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлээгүй;
19.1.14. хуульд заасан бусад.
20 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх түр зөвшөөрөл олгох
20.1. Олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэх түр зөвшөөрөл олгож болно.
20.2. Энэ хуулийн 20.1-д заасан түр зөвшөөрлийг тухайн арга хэмжээг зохион байгуулагчтай гэрээ байгуулсан, энэ хуульд заасан согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно.
20.3. Түр зөвшөөрлийн хугацааг тухайн үйл ажиллагаа явагдах хугацаагаар тогтоох бөгөөд уг хугацаа 30 хоногоос илүүгүй, энэ хуулийн 17.2-т заасан цагийн хязгаарт нийцсэн байна.
21 дүгээр зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох
21.1. Онц байдлын тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан нөхцөл байдал үүссэн болон шаардлагатай бусад тохиолдолд тодорхой нэр төрлийн, эсхүл бүх нэр төрлийн согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээг тодорхой нутаг дэвсгэрт хориглох шийдвэрийг орон нутагт тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч, улсын хэмжээнд Засгийн газар гаргана.
22 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар
22.1. Дараах газарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно:
22.1.1. энэ хуулийн 14.1.1, 14.1.2, 14.1.4-т заасан газар, тэдгээрийн гаднах эзэмшлийн орчин;
22.1.2. бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг болон зорчигч тээврийн галт тэрэгний зөвшөөрөгдсөн цэгээс бусад;
22.1.3. нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, шатахуун түгээх газар, шашны байгууллагын байр, нийтийн гудамж, талбайд байрлаж байгаа авто тээврийн хэрэгсэл дотор;
22.1.4. галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;
22.1.5. энэ хуулийн 20.1-д зааснаас бусад тохиолдолд олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, спортын арга хэмжээ, тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж байгаа газар, түүний ойр орчим;
22.1.6. согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад этгээдийн ажлын байрны дотоод орчин;
22.1.7. анх батлагдсан зураг төсөл нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж, тохижуулснаас бусад орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэх;
22.1.8. худалдаа, үйлчилгээний газар, олон нийтийн бусад газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт.
23 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл
23.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд дараах зүйлийг хориглоно:
23.1.1. хорин нэгэн нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;
23.1.2. стандарт, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, эсхүл баталгаажилтгүй, эсхүл савалгаа нь энэ хуулийн 13.6, 13.7-д заасан шаардлагад нийцээгүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;
23.1.3. онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;
23.1.4. согтууруулах ундааг зайнаас /холбоо, олон нийтийн мэдээллийн сүлжээ ашиглан/ болон өөртөө үйлчлэх автомат төхөөрөмж ашиглан худалдах, түүгээр үйлчлэх;
23.1.5. согтууруулах ундааг хаягаар хэрэглэгчид хүргэх;
23.1.6. энэ хуулийн 13.8-д заасанд нийцээгүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;
23.1.7. согтууруулах ундааг гар дээрээс, эсхүл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, түдгэлзүүлсэн үед худалдах, түүгээр үйлчлэх.
24 дүгээр зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдөр
24.1. Дараах өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно:
24.1.1. сар бүрийн эхний өдөр;
24.1.2. Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26;
24.1.3. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29;
24.1.4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр.
25 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарлалт
25.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно.
25.2. Энэ хуулийн 25.1 дэх хэсэг татваргүй барааны дэлгүүрийн горимд хамаарахгүй.
26 дугаар зүйл. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах тусгай шаардлага
26.1. Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид зориулсан, худалдан авсан согтууруулах ундааг хэрэглэх танхимтай байна.
26.2. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс худалдан авсан согтууруулах ундааг энэ хуулийн 26.1-д заасан танхимд хэрэглэнэ.
26.3. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 35 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг үйлдвэрийн лонх, савлагаатай нь худалдаж үйлчлэхийг хориглоно.
26.4. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд энэ хуулийн 17.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ.
26.5. Согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээний стандартыг хүнсний болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулна.
26.6. Согтууруулах ундаагаар үйлчлэх танхимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсэх хор уршгийн талаар санамж, такси, нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг байршуулна.
27 дугаар зүйл. Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээ
27.1. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байна.
27.2. Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт нь согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг таниулах, үйлчлүүлэгчийн насыг тогтоох, үйлчлүүлэгч согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйлчилгээний арга барилыг төлөвшүүлэхэд оршино.
27.3. Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтыг аймаг, нийслэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан нэгжээс магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээд гүйцэтгэх бөгөөд төлбөрийн жишгийг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно. Сургалтын үргэлжлэх нийт хугацаа 5 цагаас ихгүй, 3 цагаас багагүй байна.
27.4. Энэ хуулийн 27.2-т заасан сургалтын хөтөлбөрийг хууль зүйн болон хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
28 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө баримт бичгийг шалгах
28.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажилтан нь үйлчлүүлэгчийн баримт бичгийг шалгах эрхтэй.
28.2. Үйлчлүүлэгч хорин нэгэн нас хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд энэ хуулийн 28.1-д заасан ажилтан согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгах зорилгоор үйлчлүүлэгчийн баримт бичгийг заавал шалгана.
28.3. Энэ хуулийн 28.1-д заасан ажилтан үйлчлүүлэгч баримт бичиггүй, эсхүл баримт бичгээ шалгуулахаас татгалзсан тохиолдолд түүнд согтууруулах ундаа худалдахгүй, эсхүл түүгээр үйлчлэхгүй.
28.4. Үйлчлүүлэгчийн үйлдэлд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэх байдал илэрсэн тохиолдолд энэ хуулийн 28.1-д заасан ажилтан түүнд согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхээс татгалзах эрхтэй.
28.5. Энэ хуулийн 28.1-д заасан баримт бичигт иргэний үнэмлэх, гадаад паспорт болон жолоочийн үнэмлэх хамаарна.
29 дүгээр зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлага
29.1. Хорин нэгэн нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.
29.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 28.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үйлчлүүлэгч хуульд заасан насанд хүрээгүй болохыг мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
ТАВДУГААР БҮЛЭГ. СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ
30 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох
30.1. Дараах хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:
30.1.1. тээврийн хэрэгсэл жолоодож байгаа;
30.1.2. хорин нэгэн нас хүрээгүй;
30.2. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно.
31 дүгээр зүйл. Согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохгүй байх
31.1. Хорин нэгэн нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа хэрэглэх боломж олгох, хэрэглэхийг санаачлан зохион байгуулах, энэ зорилгоор орон байр ашиглуулах, мөнгөн туслалцаа үзүүлэх, согтууруулах ундааг дамжуулан өгөх, дайлах, бэлэглэх болон бусад хэлбэрээр согтууруулах ундаа олж авах, хэрэглэхэд нь туслахыг хориглоно.
31.2. Хуульд заасны дагуу хяналт шалгалтын арга хэмжээ явуулж байгаагаас бусад тохиолдолд хорин нэгэн нас хүрээгүй хүн согтууруулах ундаа худалдаж авах, биедээ авч явахыг хориглоно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ. АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ
32 дугаар зүйл. Согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг хориглох
32.1.1. Зар сурталчилгааны тухай хуулийн 141.4-т зааснаас бусад тохиолдолд спортын, соёл, урлагийн болон нийтийг хамарсан арга хэмжээ, нэвтрүүлгийн үеэр согтууруулах ундааны зар сурталчилгаа явуулах, байршуулах;
32.1.2. төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэр, зургийг, согтууруулах ундааны нэр, лого, барааны тэмдэг, зураг, сурталчилгаанд ашиглах;
32.1.3. согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хямдрал, урамшуулал зарлах, хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдах, үйлчлэх болон урамшуулал, хөнгөлөлтийг илэрхийлсэн утгатай зар сурталчилгаа ашиглах;
32.1.4. согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч согтууруулах ундаагаар дээж, загвар хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчлэх, бусдыг дайлах, амтлагаа зохион байгуулах;
32.1.5. нэг тогтоосон үнээр хязгааргүй хэмжээгээр согтууруулах ундаагаар үйлчлэх;
32.1.6. согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч согтууруулах ундааг зээлээр худалдах, түүгээр зээлээр үйлчлэх;
32.1.7. согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлсийг орлуулан олгох, согтууруулах ундаа оролцуулсан тоглоом, наадам зохион байгуулах;
32.1.8. Зар сурталчилгааны тухай хуулийн 141 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, лого, барааны тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, хоолны цэс, зорчигчийн тийзэнд болон бусад биет байдлаар гаргах;
32.1.9. согтууруулах ундааны нэрээр хуулийн этгээдийг нэрлэх, эсхүл хуулийн этгээдийн нэрээр согтууруулах ундааг нэрлэх;
32.1.10. согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч соёл, урлаг, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд согтууруулах ундаа сурталчлах зорилгоор ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг үзүүлэх;
32.1.11. согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад газарт эд бараа, хувцас, хэрэглээний зүйлд согтууруулах ундаа болон согтууруулах ундааны зураг, нэр, тэмдэг хэрэглэх;
32.1.12. согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах;
32.1.13. онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, хуурамч онцгой албан татварын тэмдэг ашиглах, захиалгаар хийлгэх, хуурамч онцгой албан татварын тэмдэг наасан согтууруулах ундаа худалдан борлуулах.
32.2. Энэ хуулийн 32.1.2-т заасан согтууруулах ундааны нэр, лого, барааны тэмдэг, зураг, сурталчилгаанд ашиглахыг хориглох түүхэн хүний нэр, зургийн жагсаалтыг Засгийн газар батална.
32.3. Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахаас бусад тохиолдолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно.
33 дугаар зүйл. Архидан согтуурахын эсрэг сурталчилгаа
33.1. Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл, боловсролын байгууллага бүх төрлийн сурталчилгаа явуулах үүрэгтэй.
33.2. Хүн, хуулийн этгээд согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг сурталчилгааг ивээн тэтгэж болно.
34 дүгээр зүйл. Согтууруулах ундааны зар сурталчилгаанд тавих хязгаарлалт
34.1. 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг сурталчлахыг хориглоно.
34.2. Согтууруулах ундааг сурталчлахад хорин нэгэн насанд хүрээгүй хүн оролцуулах болон түүнд согтууруулах ундаа хэрэглэхийг зааж сургахыг хориглоно.
34.3. Согтууруулах ундааны зар сурталчилгааны үед согтууруулах ундааны хор хөнөөлийн талаарх сэрэмжлүүлгийг заавал байршуулна.
34.4. Согтууруулах ундааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах харилцааг Зар сурталчилгааны тухай хуулиар зохицуулна.
35 дугаар зүйл. Стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааг нийтэд мэдээлэх
35.1. Хүний амь нас, эрүүл мэндэд хортой болох нь эрх бүхий байгууллагын шалгалт, шинжилгээгээр тогтоогдсон, стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааны хор хөнөөлийн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд шуурхай зарлан мэдэгдэнэ.
35.2. Стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааны хор хөнөөлийн талаарх мэдээллийг бүх төрлийн хэвлэл мэдээллийн байгууллага үнэ төлбөргүйгээр, саадгүй хүлээн авч, нийтэд түгээх үүрэгтэй.
36 дугаар зүйл. Албадан эрүүлжүүлэх
36.1. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх ажиллагааг хуулиар зохицуулна.
37 дугаар зүйл. Эмчилгээ
37.1. Архинд донтох өвчтэй нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн этгээдийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулиар зохицуулна.
37.2. Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурсан этгээдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах, донтох өвчний хор уршигтай тэмцэх Засгийн газрын санг байгуулах бөгөөд уг сантай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
37.3. Энэ хуулийн 37.2-т заасан сангийн хөрөнгөөс Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан тусламж, үйлчилгээний зориулалтаар зарцуулж болно.
38 дугаар зүйл. Архидан согтуурахтай тэмцэх олон нийтийн санаачилгыг дэмжих
38.1. Архидан согтуурахтай тэмцэх зорилго бүхий олон нийтийн санаачилгыг төрийн байгууллага дэмжин туслах үүрэгтэй.
38.2. Бүх нийтийн ерөнхий боловсролын агуулгад согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг эзэмшвэл зохих мэдлэгийг заавал тусгана.
38.3. Хуулийн этгээд нь өөрийн ажлын байрны дотоод орчин болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ архидан согтуурч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч, ажилтнууддаа архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүрэгтэй.
38.4. Архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа ашгийн төлөө бус байгууллагыг төрөөс дэмжиж болно.
39 дүгээр зүйл. Спирт болон согтууруулах ундааны хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих
39.1. Хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журмыг хүнс, хууль зүй, санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
ДОЛДУГААР БҮЛЭГ. ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ЗОХИЦУУЛАЛТ БОЛОН БУСАД ЗҮЙЛ
40 дүгээр зүйл. Үйлдвэрлэл, импорт, экспорт, реэкспорт, худалдаа, үйлчилгээ, хэрэглээнд тавих хяналт
40.1. Согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавих хяналтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч, татварын болон оюуны өмчийн байгууллага хэрэгжүүлнэ.
40.2. Согтууруулах ундааны импорт, экспорт, реэкспортод тавих хяналтыг гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ.
40.3. Дараах байгууллага, албан тушаалтан согтууруулах ундаа худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэх талаар тогтоосон журмын биелэлтэд энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаар олгосон эрх хэмжээний дотор хяналт тавина:
40.3.1. бүх шатны Засаг дарга;
40.3.2. цагдаагийн байгууллага;
40.3.3. хүүхдийн эрхийн улсын байцаагч;
40.3.4. мэргэжлийн хяналтын байгууллага;
40.3.5. хуулийн этгээдийн удирдлага;
40.3.6. хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллага;
40.3.7. татварын байгууллага;
40.3.8. гаалийн байгууллага;
40.3.9. хуульд заасан бусад.
40.4. Энэ хуулийн 40.1, 40.2, 40.3-т заасан этгээд согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, хэрэглээнд хяналт тавихдаа тус тусын хууль тогтоомжид заасан журмыг баримтлах бөгөөд хяналт шалгалт нь өдөр тутмын, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байна.
40.5. Энэ хуулийн 40.1, 40.2, 40.3-т заасан этгээд тус тусын эрхэлсэн асуудлын хүрээнд хамтарсан хяналт шалгалт хийж болно.
40.6. Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, хэрэглээ, импорт, экспорт, реэкспортод хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг холбогдох байгууллага, албан тушаалтан даруй биелүүлэх үүрэгтэй.
40.7. Энэ хуулийн 40.1, 40.2, 40.3-т заасан этгээд согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлыг хангах, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах зорилгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
40.7.1. согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын стандартыг тогтоож, мөрдүүлэх;
40.7.2. согтууруулах ундааны үйлдвэрлэл, хэрэглээ, түүний хор уршгийн талаар судалгаа, хяналт, шинжилгээ хийх;
40.7.3. согтууруулах ундааны хэрэглээг багасгах, зохистой хэрэглээний стандарт бий болгох, түүний хор хөнөөлийг сурталчлан таниулах хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
40.7.4. согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, реэкспортлох, худалдах, түүгээр үйлчлэх хууль тогтоомжийн биелэлтийн талаар шалгалт хийх.
41 дүгээр зүйл. Зөрчлийн талаар мэдээлэл авах
41.1. Төрийн эрх бүхий байгууллага согтууруулах ундаа хууль бусаар үйлдвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, борлуулсан зөрчлийн талаарх мэдээллийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу төлбөртэй авч болно.
42 дугаар зүйл. Татвар, хураамж төлөх, онцгой албан татварын тэмдэг
42.1. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа экспортлох үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд хууль тогтоомжид заасны дагуу татвар, хураамж төлнө.
42.2. Экспортлох болон гаалийн баталгаат бүсийн горимд байршуулснаас бусад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн болон импортолсон архи, дарс онцгой албан татварын тэмдэгтэй байх бөгөөд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, онцгой албан татварын тэмдэг хуурамчаар үйлдэх, хуурамч онцгой албан татварын тэмдэг ашиглах, захиалгаар хийлгэх, хуурамч онцгой албан татварын тэмдэг наасан согтууруулах ундаа худалдан борлуулах, цахим төлбөрийн баримтгүй согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоно.
43 дугаар зүйл. Мэдээллийн сан
43.1. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим санг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ.
43.2. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь шийдвэр гаргасан даруйд энэ хуулийн 43.1-д заасан мэдээллийн санд мэдээлэл оруулж байх үүрэгтэй.
43.3. Энэ хуулийн 43.1-д заасан мэдээллийн сан нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, цахим төлбөрийн баримтын систем болон төрийн мэдээллийн бусад сантай мэдээлэл солилцох боломжтой байна.
44 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
44.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
44.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
45 дугаар зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
45.1. Энэ хуулийн 13 дугаар зүйл нь тус хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдвэрлэгдсэн согтууруулах ундаанд хамаарахгүй.
45.2. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, 13.7 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
45.3. Энэ хуулийн 16, 17 дугаар зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
45.4. Засгийн газар энэ хуулийн 16.7-д заасан тусгай зөвшөөрлийн тоог 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор батална.
45.5. Энэ хуулийн 16.7-д заасан тусгай зөвшөөрлийн тоог батлах хүртэл хугацаанд шинээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.
45.6. 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу олгогдсон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 16.7-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн тоог батлах хүртэл хугацаагаар сунгана.
45.7. Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн тоог батлагдсанаас хойшхи хугацаанд 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу олгогдсон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусмагц хүчингүй болсонд тооцох бөгөөд хүсэлт гаргасан хуулийн этгээдэд энэ хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
8. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
9. Хэлэлцэх эсэх -Олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналын нэгтгэл /МУИХЧХДТХ/

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх