Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 3-р сарын 28 өдөр
Ulaanbaatar city
ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь хуульчийн мэргэжлийн шалгалт, хуульчийн үргэлжилсэн сургалт, хуульч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах болон хуульчид тавих нийтлэг шаардлага, Хуульчдын холбооны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.
2 дугаар зүйл. Хуульчийн эрх зүйн байдлын хууль тогтоомж
2.1. Хуульчийн эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Прокурорын тухай хууль, Нотариатын тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцаанд энэ хууль үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “хуульч” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хүнийг;
4.1.2. “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүгч, прокурор, шүүгчийн туслахаар ажиллах, нотариатчийн, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, төрийн байгууллага, хуулийн этгээдэд хуульч ажиллахаар заасан ажил, албан тушаал эрхлэхийг.
5 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1. хууль дээдлэх;
5.1.2. шударга ёсыг сахих;
5.1.3. хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх;
5.1.4. хүнлэг, энэрэнгүй байх;
5.1.5. хараат бус байх;
5.1.6. нууц хадгалах;
5.1.7. мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэн хамгаалах;
5.1.8. ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ
6 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн шалгалт
6.1. Хуульчийн мэргэжлийн шалгалт /цаашид “Хуульчийн шалгалт” гэх/-ын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх мэдлэг, мэргэжлийн чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэнэ.
6.2. Хуульчийн шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд тэгш байдал, шударга ёсыг хангах, ил тод байх, хууль дээдлэх, хараат бус байх, нууцыг хадгалах зарчмыг баримтална.
7 дугаар зүйл. Шалгалтын комисс
7.1. Шалгалтын комисс нь шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгч, хуульч эрдэмтэн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.
7.2. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг хуульчийн шалгалт явуулах тухай бүрд энэ хуулийн 33.1-д заасан Хуульчдын холбооны Удирдах зөвлөлөөс томилох бөгөөд шалгагчдын нэрсийн жагсаалт нь хуульчийн шалгалт явуулах өдөр, цаг хүртэл байгууллагын нууцад хамаарна.
7.3. Шалгалтын комисс нь Хуульчдын холбооны Удирдах зөвлөлөөс баталсан журмын дагуу доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.3.1. хуульчийн шалгалтыг зохион байгуулах;
7.3.2. хуульчийн шалгалтын дүнг шалгуулагчдын нууц дугаараар мэдээлэх;
7.3.3. хуульчийн шалгалтад оролцогчийн даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх;
7.3.4. хуульчийн шалгалтын дүнг үнэн зөв нэгтгэн Хуульчдын холбоонд хүргүүлэх;
7.3.5. хуульчийн шалгалтын зохион байгуулалт болон даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөхтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх;
7.3.6. тухайн хуульчийн шалгалтын даалгаврын боловсруулалт, даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх аргачлалыг боловсронгуй болгох талаар санал боловсруулах.
7.4. Шалгалтын комиссоос энэ хуулийн 7.3-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь аливаа байгууллага, албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
7.5. Шалгалтын комиссын гишүүдэд урамшуулал олгох бөгөөд урамшууллын хэмжээг Хуульчдын холбооны Удирдах зөвлөл тогтооно.
8 дугаар зүйл. Хуульчийн шалгалтад орох эрх
8.1. Эрх зүйч мэргэжлээр суралцаж, бакалаврын болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн, хуульчийн шалгалтад орох үед 2 жил, түүнээс доошгүй хугацаанд эрх зүйч мэргэжлээр ажиллаж мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй.
9 дүгээр зүйл. Мэргэжлийн дадлага
9.1. Дараах ажил, албан тушаалд ажилласныг энэ хуулийн 8.1-д заасан эрх зүйч мэргэжлээр ажиллаж мэргэжлийн дадлага хийсэнд тооцно:
9.1.1. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, прокурорын, эсхүл нотариатчийн, эсхүл өмгөөлөгчийн туслах;
9.1.2. төрийн байгууллага, хуулийн этгээдэд эрх зүйч мэргэжил шаардах үндсэн ажил, албан тушаал;
9.1.3. хууль зүйн сургуулийн багш, төрийн байгууллага болон ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрх зүйн судалгааны ажилтан;
9.1.4. шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, мөрдөгч, арбитрч болон эвлэрүүлэн зуучлагч, эрх зүйн хөтөч.
9.2. Гадаад улсад мэргэжлийн дадлага хийсэнд тооцох журмыг Хуульчдын холбооны Удирдах зөвлөл батална.
10 дугаар зүйл. Хуульчийн шалгалтад орох тухай өргөдөл гаргах
10.1. Энэ хуулийн 8.1-д заасан шаардлагыг хангасан хүн хуульчийн шалгалтад орох тухай өргөдлөө Шалгалтын комисст гаргана.
10.2. Хуульчийн шалгалтад орох тухай өргөдөлд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:
10.2.1. Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд паспорт болон түүнийг орлох баримт бичгийн хуулбар;
10.2.2. эрх зүйч мэргэжлийн боловсролын дипломын хуулбар;
10.2.3. мэргэжлийн дадлага хийснийг нотлох баримт бичиг;
10.2.4. Хуульчдын холбооны Удирдах зөвлөлөөс баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл гаргагчийн мэдээлэл;
10.2.5. сэтгэцийн эмгэггүйг нотолсон тодорхойлолт.
10.3. Өргөдөл гаргагч энэ хуулийн 9.1-д заасан мэргэжлийн дадлага хийснээ өөрөө нотлох үүрэгтэй.
11 дүгээр зүйл. Хуульчийн шалгалтад орох тухай өргөдлийг шийдвэрлэх
11.1. Шалгалтын комисс нь доор дурдсанаас бусад тохиолдолд өргөдөл гаргагчийн хуульчийн шалгалтад орох эрхийг жагсаалтаар баталгаажуулж, нийтэд мэдээлнэ:
11.1.1. өргөдөл гаргагч энэ хуулийн 8.1-д заасан шаардлагыг хангаагүй;
11.1.2. энэ хуулийн 10.2-т заасан баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн;
11.1.3. өргөдөл гаргагчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа;
11.1.4. Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаа дуусаагүй;
11.1.5. хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан.
11.2. Шалгалтын комисс хуульчийн шалгалтад орох тухай өргөдөл, энэ хуулийн 10.2-т заасан мэдээллийн үнэн зөв байдлыг шалгах зорилгоор шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг гаргуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 10.2-т заасан баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулгаж, баталгаажуулна.
12 дугаар зүйл. Шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрт гомдол гаргах
12.1. Өргөдөл гаргагч нь хуульчийн шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульчийн шалгалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид гомдол гаргах эрхтэй.
12.2. Хуульчдын холбооны Ерөнхийлөгч хуульчийн шалгалт эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө гомдлыг эцэслэн шийдвэрлэнэ.
12.3. Өргөдөл гаргагч энэ хуулийн 12.2-т заасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бол Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.
13 дугаар зүйл. Хуульчийн шалгалт явуулах газар, хугацаа
13.1. Хуульчийн шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.
13.2. Хуульчийн шалгалтын товыг шалгалт эхлэхээс 60-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
13.3. Хуульчийн шалгалтын товд шалгалтын хуваарь, бүртгэх журам, шалгалт авах газар, хугацаа, шалгалтын дарааллыг заана.
13.4. Хуульчийн шалгалтад оролцогчийг бүртгэх ажиллагаа шалгалтын товыг зарласан өдрөөс эхэлж, шалгалт эхлэхээс 14 хоногийн өмнө дууссан байна.
14 дүгээр зүйл. Хуульчийн шалгалтын даалгавар
14.1. Шалгалтын комисс хуульчийн шалгалтын даалгаврын нууцлалыг шалгалт эхлэх хүртэл, түүний хариултын нууцлалыг шалгалт дуусах хүртэл хамгаална.
14.2. Хуульчийн шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг тоогоор дугаарлах бөгөөд дугаартай холбогдох шалгалтад оролцогчийн нэр нууцлагдсан байна.
15 дугаар зүйл. Хуульчийн шалгалт авах журам
15.1. Хуульчийн шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын болон хууль хэрэглээ, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх итгэл үнэмшил, мэргэжлийн ур чадварыг тодорхойлоход чиглэгдсэн бодлогын шалгалтын хэлбэрээр явагдана.
15.2. Хуульчийн шалгалтад оролцогч сорилгын шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийг авсан бол бодлогын шалгалтад орох эрхтэй болно.
15.3. Сорилгын болон бодлогын шалгалтад авсан онооны нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70, түүнээс дээш хувьд хүрсэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хангалттай итгэл үнэмшил, хандлага тогтсон гэж үнэлэгдсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно.
16 дугаар зүйл. Хуульчийн шалгалтад тэнцсэнийг баталгаажуулах
16.1. Хуульчдын холбоо хуульчийн шалгалт дууссанаас хойш 14 хоногийн дотор хуульчийн шалгалтад тэнцсэн оролцогчдыг жагсаалтаар баталгаажуулж, батламж олгоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ
17 дугаар зүйл. Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн зөвшөөрөл олгох
17.1. Шалгалтын комисс хуульчийн шалгалтын тайлан, хуульчийн шалгалтад тэнцсэн оролцогчдын жагсаалтыг Хуульчдын холбооны Удирдах зөвлөлд хүргүүлнэ.
17.2. Хуульчдын холбоо нь энэ хуулийн 18.1, 19.1-д зааснаас бусад тохиолдолд шалгалтад тэнцсэн оролцогчийн хүсэлтийг үндэслэн хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг /цаашид “хуульчийн зөвшөөрөл” гэх/ хугацаагүй олгоно.
17.3. Хуульчдын холбооны Удирдах зөвлөл нь хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтлөх журмыг батална.
17.4. Гадаад улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан иргэн Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.
17.5. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажиллаж байгаа болон ажилласан эрх зүйчид хуульчийн зөвшөөрөл олгоход энэ хуульд заасан шалгалт өгөхийг шаардахгүй бөгөөд хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр хуульчийн зөвшөөрөл олгосонд тооцно.
18 дугаар зүйл. Хуульчийн зөвшөөрөл олгох ажиллагааг түдгэлзүүлэх
18.1. Энэ хуулийн 10.2-т заасан баримт бичигтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд хуульчийн шалгалтад тэнцсэн оролцогчид хуульчийн зөвшөөрөл олгох ажиллагааг түдгэлзүүлнэ.
18.2. Энэ хуулийн 18.1-д заасан үндэслэл арилсан бол хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх ажиллагааг ердийн журмаар явуулна.
19 дүгээр зүйл. Хуульчийн зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл
19.1. Хуульчийн шалгалтад тэнцсэн оролцогчид доор дурдсан тохиолдолд хуульчийн зөвшөөрөл олгохоос татгалзана:
19.1.1. санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон;
19.1.2. энэ хуулийн 10.2-т заасан баримт бичиг нь хуурамч болох нь тогтоогдсон;
19.1.3. энэ хуулийн 8.1-д заасан шаардлагыг хангаагүй болох нь шинээр илэрсэн.
19.2. Өргөдөл гаргагч хуульчийн зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.
20 дугаар зүйл. Хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх
20.1. Хуульчийн зөвшөөрлийг дараах үндэслэлээр түдгэлзүүлнэ:
20.1.1. эрүүл мэндийн байдлын улмаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон;
20.1.2. хүүхэд асрах, эсхүл эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүнийг асрамжлах болсон;
20.1.3. гадаад улсад байнга оршин суух болсон;
20.1.4. хугацаат, гэрээт цэргийн алба хаах болсон;
20.1.5. төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон, томилогдсон.
20.2. Хуульч хүндэтгэн үзэх шалтгаанаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон тохиолдолд өөрийнх нь хүсэлт болон эрх бүхий этгээдийн дүгнэлтээр хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлж болно.
20.3. Хуульч нь шүүгчээр томилогдсон бол Хуульчдын холбооны гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр түдгэлзэж болно.
20.4. Шүүгч нь Хуульчдын холбооны гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр түдгэлзсэн хугацаанд энэ хуульд заасан Хуульчдын холбооны гишүүний эрх эдэлж, үүрэг хүлээхгүй.
20.5. Хуульчийн зөвшөөрлийг энэ хуулийн 20.1, 20.3-т заасан үндэслэл бий болсныг нотолсон эрх бүхий байгууллагын баримт бичгийг үндэслэн түдгэлзүүлэх тухай шийдвэрийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч гаргана.
21 дүгээр зүйл. Хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгох
21.1. Доор дурдсан тохиолдолд хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгоно:
21.1.1. хуульчийн зөвшөөрөл авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
21.1.2. хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон;
21.1.3. энэ хуульд заасан үргэлжилсэн сургалтын багц цагийг хангах үүргээ 3 жил, түүнээс дээш хугацаагаар биелүүлээгүй;
21.1.4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56.1.5-д заасан үндэслэлээр шүүгчийг огцруулсан, Прокурорын тухай хуулийн 68.2-т заасан үндэслэлээр прокурор ажлаас халагдсан, Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.6-д заасны дагуу нотариатчийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон, Өмгөөллийн тухай хуулийн 11.1.7-д заасан үндэслэлээр өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосон;
21.1.5. энэ хуулийн 38.4-т заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хураамжийг 1 жил, түүнээс дээш хугацаанд төлөөгүй.
21.2. Энэ хуулийн 21.1-д заасан үндэслэлээр хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шийдвэрийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч гаргана.
21.3. Энэ хуулийн 21.1.2-т зааснаас бусад үндэслэлээр хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгосон бол хүчингүй болгосон өдрөөс хойш 2 жилийн хугацаа өнгөрсний дараа дахин хуульчийн шалгалтад орох өргөдөл гаргах эрхтэй.
22 дугаар зүйл. Хуульчийн зөвшөөрлийг дуусгавар болох
22.1. Доор дурдсан тохиолдолд хуульчийн зөвшөөрлийг дуусгавар болно:
22.1.1. хуульч өөрөө хүсэлт гаргасан;
22.1.2. хуульч нас барсан, эсхүл хуульчийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
22.1.3. хуульчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл сураггүй алга болсонд тооцсон, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
22.2. Энэ хуулийн 22.1-д заасан үндэслэлээр хуульчийн зөвшөөрлийг дуусгавар болгох тухай шийдвэрийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч гаргана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГБҮЛЭГ
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ
23 дугаар зүйл. Хуульчийн үргэлжилсэн сургалт
23.1. Хуульчийн үргэлжилсэн сургалтын агуулга нь шинээр батлагдсан хууль тогтоомжийг таниулах, хуульчийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг, ёс зүйг нэмэгдүүлэх, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх дадал төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
23.2. Хуульчийн үргэлжилсэн сургалтыг тогтоосон хуваарь, хөтөлбөрийн дагуу зохион байгуулах бөгөөд тухайн жилд явуулах сургалтын хөтөлбөр, хуваарийг улирал бүр гаргаж хуульчдад мэдээлнэ.
23.3. Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг 10 хүртэлх жилийн хугацаанд эрхэлж байгаа бол үргэлжилсэн сургалтын хүрээнд нэг жилд дөрвөөс доошгүй багц цагийн, 10-аас дээш 16 жил хүртэл хугацаагаар эрхэлж байгаа бол гурваас доошгүй багц цагийн, 16-гаас дээш жилийн хугацаагаар эрхэлж байгаа бол хоёроос доошгүй багц цагийн сургалтад хамрагдсан байна.
23.4. Хуульч энэ хуулийн 23.3-т хуульчийн үргэлжилсэн сургалтын 4-өөс доошгүй багц цаг байхаар заасан сургалтын 2 багц цагийг, 2-3 багц цаг байхаар заасан сургалтын 1 багц цагийн сургалтыг Хуульчдын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна.
23.5. Хуульчдын холбоо нь Үндсэн хуулийн эрх зүй, хуульчийн ёс зүйтэй холбоотой сургалтыг бие даан зохион байгуулна.
23.6. Хуульчдын холбоо шүүгч, прокурор, нотариатч болон өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хуульчийн үргэлжилсэн сургалтыг шүүх, прокурор, танхим, холбоо болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулж болно.
23.7. Хуульчийн үргэлжилсэн сургалт нь төлбөртэй байх бөгөөд төлбөрийн хэмжээг Хуульчдын холбоо тогтооно. Нотариатч болон өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хуульчийн үргэлжилсэн сургалтын төлбөрийг тухайн холбоо, танхимтай хамтран тогтооно.
23.8. Хуульч энэ хуулийн 23.6-д заасан аль ч байгууллагаас зохион байгуулж байгаа хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, багц цагаа хангаж болно.
23.9. Хуульчдын холбоо нь сургагч багш сонгох, бүртгэхдээ тухайн этгээдийн мэргэжлийн ур чадвар болон ёс зүйн байдлыг харгалзана. Хуульчдын холбоо нь сургагч багш сонгох, бүртгэх үйл ажиллагааг энэ хуулийн 23.6-д заасан байгууллагатай хамтран зохион байгуулна.

ТАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬЧИЙН НИЙТЛЭГ ЭРХ, ҮҮРЭГ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ
24 дүгээр зүйл. Хуульч нэрийг хэрэглэх, хуульчаар ажилласанд тооцох
24.1. Хуульчийн зөвшөөрөл авсан хуульч нь “хуульч” мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болно.
24.2. Хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн, эсхүл дуусгавар болсон бол хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй болно.
24.3. Энэ хуулийн 4.1.2-т заасан магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, төрийн байгууллага, хуулийн этгээдэд хуульчаар ажилласанд тооцох албан тушаалын жагсаалтыг Хуульчдын холбооны Удирдах зөвлөл батална.
25 дугаар зүйл. Хуульчийн нийтлэг эрх
25.1. Хуульч нь дараах нийтлэг эрхийг эдэлнэ:
25.1.1. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг бүрдүүлэх, түүнийг сайжруулахыг шаардах;
25.1.2. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа, түүнийг эрхлэх зөвшөөрөлтэй нь холбогдуулан гаргасан Хуульчдын холбооны шийдвэртэй танилцах, тэдгээрийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх;
25.1.3. хуульчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах;
25.1.4. хуулиар хориглоогүй ажил хөдөлмөр, албан тушаал эрхлэх, аливаа үйл ажиллагаанд оролцох;
25.1.5. мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор сургалтад хамрагдах;
25.1.6. хуульд заасан бусад.
25.2. Хуульч нь итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй бөгөөд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар үзэл бодлоо илэрхийлэх, олон нийтийн хэлэлцүүлэгт оролцох, мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарах асуудлаар үндэсний болон олон улсын байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хуралдаанд оролцох эрхтэй.
25.3. Хуульч энэ хуулийн 25.2-т заасан эрхээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд захирагдана.
26 дугаар зүйл. Хуульчийн нийтлэг үүрэг
26.1. Хуульч дараах нийтлэг үүрэг хүлээнэ:
26.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид болон мэргэжлийн ёс зүйн дүрэмд захирагдах;
26.1.2. шударга ёсыг эрхэмлэн мэргэжлийн нэр хүндийг хамгаалах;
26.1.3. хуульчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, олон нийтэд хүндлэл, итгэл хүлээхүйц байдлаар биеэ авч явах;
26.1.4. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг гагцхүү өөрөө буюу биечлэн эрхлэн гүйцэтгэх;
26.1.5. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг шударгаар эрхлэх;
26.1.6. хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хууль бус үйлдэл хийхгүй байх, бусад хуульчдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах;
26.1.7. өөрийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг тогтмол дээшлүүлэх, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдах, тогтоосон багц цагийн сургалтад хамрагдах;
26.1.8. бусдын хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзах, хууль бус аливаа нөлөөлөлд автахгүй байх;
26.1.9. хуульд өөрөөр заагаагүй бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад аливаа этгээд хууль зөрчсөн нь илэрсэн бол зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх;
26.1.10. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллага, хувь хүн болон үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах;
26.1.11. хуульчийн бүртгэлийн болон хуульчийн зөвшөөрлийн хураамж төлөх;
26.1.12. хуульд заасан бусад үүрэг.
26.2. Энэ хуулийн 20.1, 20.2-т заасны дагуу хуульчийн зөвшөөрөл нь түдгэлзсэн, 20.3-т заасны дагуу Холбооны гишүүнчлэлээс түдгэлзсэн хуульч нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр түдгэлзүүлсэн хугацаанд хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг хангах болон хуульчийн зөвшөөрлийн хураамж төлөх үүрэг хүлээхгүй.
27 дугаар зүйл. Хуульчид хориглох зүйл
27.1. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд дараах үйл ажиллагааг хориглоно:
27.1.1. хууль, мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчих, зөрчихөөр завдах, мэдсээр байж бусдыг тийм үйлдэл хийхэд туслах, хатгах;
27.1.2. хуульчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх гэмт хэрэг, зөрчил үйлдэх;
27.1.3. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бус аргаар эрхлэх;
27.1.4. төрийн байгууллага, албан тушаалтан, бусад хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа, тэдгээрээс шийдвэр гаргах үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх;
27.1.5. хуульчийн мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллага, хувь хүний нууц, хүний хувийн мэдээллийг хууль бусаар задруулах, уг мэдээллийг өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлын тулд ашиглах;
27.1.6. хууль тогтоомж болон үйл баримтын талаар худал мэдээлэл өгөх;
27.1.7. хувийн ашиг сонирхлын үүднээс өөрийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд хамаарахгүй хэрэг маргааны материал, баримт бичиг, мэдээ, мэдээлэлтэй танилцах, тэдгээрийг эрж хайх;
27.1.8. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар амлалт өгөх;
27.1.9. хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худал мэдүүлэг, хуурамч баримт сэлт, мэдээ, мэдээлэл гаргаж өгөх, тэдгээрийг мэдсээр байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах, бусдаар худал тайлбар, мэдүүлэг нотлох баримт, баримт сэлт, мэдээ, мэдээлэл гаргаж өгөхийг зөвлөх, шаардах, уг үйлдэлд нь зөвшөөрөл олгох, туслах, дэмжих, зохион байгуулах;
27.1.10. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нь хамаарах этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусад этгээдийн нэрээр худалдан авах, эсхүл өөр бусад аргаар олж авах, эзэмших;
27.1.11. хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэх, хувийн ашиг сонирхлын тулд урвуулан ашиглах, бусдыг аливаа хэлбэр, үндэслэлээр ялгаварлан гадуурхах, бусдад хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах;
27.1.12. шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн аливаа арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;
27.1.13. хуульд заасан эрх хэмжээгээ шашны ухуулга, сурталчилгаанд ашиглах;
27.1.14. хууль тогтоомжид заасан ашиг сонирхлын зөрчил бүхий, эсхүл татгалзан гарах үндэслэл бүхий нөхцөл байдалд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх;
27.1.15. бусдын хууль бус хүсэлт, үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлэх, биелүүлэхээр зөвшөөрөх;
27.1.16. шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар өөрийн байр сууриа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэх;
27.1.17. хэрэг, маргааны талаар худал ташаа мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд тараах, мэдээлэх.
27.2. Энэ хуульд зааснаас бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг хууль, мэргэжлийн ёс зүйн дүрмээр тогтооно.
27.3. Шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай, Прокурорын тухай, Төрийн албаны тухай, Нотариатын тухай, Өмгөөллийн тухай хуульд заасны дагуу тус тус нарийвчлан зохицуулна.
28 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууц
28.1. Хуульчаас өөрийн үйлчлүүлэгчид үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, тэдгээрийн харилцаатай холбоотой бүхий л баримт сэлт, мэдээлэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууцад хамаарна.
28.2. Үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх явцад олж мэдсэн зүйлтэй нь холбогдуулан хуульчаас гэрчийн мэдүүлэг, тайлбар авахыг хориглоно.
28.3. Хуульч мэргэжлийн үйл ажиллагааны нууцыг үрэгдүүлэх, эсхүл өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлын тулд ашиглах, эсхүл үйлчлүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр задруулах, дамжуулахыг хориглоно.
28.4. Хуульч мэргэжлийн үйл ажиллагааны нууцаа хугацаагүй хадгална.
28.5. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууцыг олж мэдсэн хуульчийн туслах, түүний байгууллагын бусад ажилтан уг нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
28.6. Хуульчийн дараах үйлдэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууцад хамаарахгүй:
28.6.1. үйлчлүүлэгч болон бусад этгээд гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа талаар эрх бүхий байгууллагад мэдээлэх;
28.6.2. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх;
28.6.3. хуульч болон үйлчлүүлэгчийн хооронд байгуулсан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээтэй холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЭРХ ЗҮЙЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ
29 дүгээр зүйл. Эрх зүйн бакалаврын сургалтын хөтөлбөр
29.1. Эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллага нь үндсэн ангийн сургалтын хөтөлбөрөөр эрх зүйч бэлтгэхэд бакалавар, эчнээ, оройн сургалтын хөтөлбөрөөр суралцагчид дипломын зэрэг олгоно.
29.2. Эрх зүйн бакалаврын хөтөлбөр нь суралцагчаас Дээд боловсролын тухай хуульд заасан багц цагийн хүрээнд судлах ерөнхий суурь хичээлээс гадна хууль зүйн мэргэжлийн боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлийг 90-ээс доошгүй багц цаг судлахыг шаардана.
29.3. Суралцагч энэ хуулийн 29.2-т заасан хууль зүйн мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх хичээлийг хууль зүйн сургуульд гурваас доошгүй жил судална.
29.4. Эчнээ, оройн сургалтын хөтөлбөрөөр суралцаж дипломын зэрэг авсан этгээд нь үргэлжлүүлэн суралцаж, энэ хуульд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр бакалаврын зэрэг авч болно.
29.5. Энэ хуулийн 29.3-т заасан хөтөлбөрийн багц цагийн заавал судлах болон сонгон судлах хичээлийн 40 хувь нь хувийн эрх зүйн чиглэлийн хичээл байна.
29.6. Суралцагч энэ хуулийн 29.3-т заасны дагуу хууль зүйн мэргэжлийн боловсрол эзэмшиж төгсөхдөө судалсан нийт багц цагийн 30-аас доошгүй хувь нь хувийн эрх зүйн чиглэлийн хичээл байна.
30 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын эрх зүйч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл
30.1. Дээд боловсролын сургалтын байгууллагын эрх зүйч бэлтгэх сургалтын хөтөлбөр нь энэ хуульд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн байна.
30.2. Энэ хуулийн 30.1-д заасан магадлан итгэмжлэлийг Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэх ажлын хэсэг байгуулах замаар хэрэгжүүлнэ. Магадлан итгэмжлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хуульч эрдэмтэд, магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр бүхий хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл ажиллана.
30.3. Магадлан итгэмжлэх ажлын хэсгийн ажиллах журам, сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам, магадлан итгэмжлэлийн төлбөрийн хэмжээг Хуульчдын холбооны саналыг үндэслэн хууль зүйн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
30.4. Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг 6 жил тутамд хийлгэнэ.
30.5. Магадлан итгэмжлэл хийлгэхээр хүсэлт гаргасан хууль зүйн сургууль энэ хуулийн 30.2-т заасан сургалтын хөтөлбөрт тавих шаардлагын дийлэнх шаардлагыг хангасан бөгөөд цаашид хоёр жилээс ихгүй хугацаанд шаардлагыг бүрэн хангах талаар үндэслэл бүхий төлөвлөгөө, хүсэлт ирүүлсэн тохиолдолд тухайн хөтөлбөрийг тодорхой болзолтойгоор магадлан итгэмжилж болно.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, ЧИГ ҮҮРЭГ, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
31 дүгээр зүйл. Хуульчдын холбоо
31.1. Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн шалгалт, хуульчийн үргэлжилсэн сургалт, эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна.
31.2. Хуульчдын холбоо нь хараат бус, бие даасан байх бөгөөд Их Хурал, Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Хяналтын хороо, ажлын алба, хуульчийн шалгалт, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах болон эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжтэй байна.
31.3. Хуульчдын холбоо нь хууль, дүрэмд нийцүүлэн холбогдох нэгж, хороодыг байгуулан ажиллуулж болно.
31.4. Хуульчдын холбоо нь хуульч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу мэдээлэх үүргээ хэрэгжүүлэхэд хяналт тавих нэгжтэй байж болно.
31.5. Энэ хуулийн 31.4-т заасан нэгжид ажиллах этгээдэд тавих шаардлагыг Хуульчдын холбооны Удирдах зөвлөл холбогдох этгээдтэй хамтран батална. Тус нэгжид ажиллах улсын байцаагчийн эрхийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу олгоно.
31.6. Хуульчдын холбоо нь энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтантай холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллана.
31.7. Хуульчдын холбооны Их Хурал, Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Хяналтын хороо, ажлын алба, бүтцийн нэгж нь энэ хууль, дүрэмд заасны дагуу үйл ажиллагаа явуулна.
31.8. Хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байна.
32 дугаар зүйл. Их Хурал
32.1. Хуульчдын Холбооны эрх барих дээд байгууллага нь Хуульчдын Их Хурал /цаашид “Их Хурал” гэх/ байна.
32.2. Их Хурал нь дөрвөн жилд нэг удаа хуралдана.
32.3. Их Хурал нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчдын төлөөлөл тус бүр 40 буюу нийт 200 төлөөлөгчөөс бүрдэнэ.
32.4. Их Хурлын шүүгч, прокурор, бусад хуульчийн төлөөллийг Хуульчдын холбоо, өмгөөлөгч болон нотариатчийн төлөөллийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Нотариатчдын танхим тус тус хариуцан сонгон шалгаруулна.
32.5. Энэ хуулийн 20.3-д заасны дагуу шүүгчийн гишүүнчлэл түдгэлзсний улмаас Хуульчдын холбооны Их Хуралд оролцох шүүгчийн төлөөлөл хүрэлцэхгүй тохиолдолд энэ хуулийн 32.6-д заасан журмын дагуу бусад гишүүний төлөөллөөс бүрдүүлнэ.
32.6. Их Хурлыг хуралдуулах, Их Хурлын төлөөлөгч сонгон шалгаруулахтай холбоотой нарийвчилсан журмыг Хуульчдын холбооны дүрмээр зохицуулна.
32.7. Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
32.7.1. Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох;
32.7.2. Хуульчдын холбооны Удирдах зөвлөл, Хяналтын хорооны гишүүдийг сонгох;
32.7.3. Хуульчдын холбооны дүрмийг батлах;
32.7.4. Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлах.
33 дугаар зүйл. Удирдах зөвлөл
33.1. Хуульчдын холбооны Удирдах зөвлөл нь 25 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
33.2. Удирдах зөвлөлийг шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч болон бусад хуульчдын төлөөллөөс бүрдүүлнэ.
33.3. Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
33.4. Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх журмыг Хуульчдын холбооны дүрмээр зохицуулна.
33.5. Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
33.5.1. хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
33.5.2. хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, шүүхийн практик, хууль зүйн бодлогын чиглэлд судалгаа хийх;
33.5.3. хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах;
33.5.4. дээд боловсролын сургалтын байгууллагын эрх зүйч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах;
33.5.5. хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрийг хянаж, магадлан итгэмжлэх;
33.5.6. хуульчийн үргэлжилсэн сургалт болон мэргэшүүлэх сургалтын явцад хяналт тавьж, үр дүнгийн талаар дүгнэлт гаргах;
33.5.7. хуульчийн шалгалт зохион байгуулах журам батлах;
33.5.8. сургалтын багц цагийг тооцох аргачлал, журам батлах;
33.5.9. Хуульчдын холбооны Ажлын албаны бүтэц, орон тоог батлах;
33.5.10. хууль, дүрэмд заасан бусад.
34 дүгээр зүйл. Холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан
34.1. Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд гишүүдийн олонх оролцсоноор хүчинтэй болно.
34.2. Удирдах зөвлөлийн гишүүн нь зөвлөлийн хуралдаанд тогтмол оролцох үүрэгтэй бөгөөд Хуульчдын холбооны шийдвэр болон хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар санал гаргах, өөрийн биеэр хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд хэлэлцэх асуудлын талаар саналаа бичгээр, эсхүл цахимаар хүргүүлж болно.
34.3. Хуульчдын холбооны Ерөнхийлөгч хуралдааныг даргалах бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүд хуралдааны товд багтсан асуудлыг хэлэлцэхэд уг асуудлын талаар өөрийн үзэл бодол, байр суурийг илэрхийлэх, санал гаргах тэгш эрхтэй байна.
34.4. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
34.5. Удирдах зөвлөл нь хуралдааны дэгээ өөрөө тогтооно.
35 дугаар зүйл. Хуульчдын холбооны Ерөнхийлөгч
35.1. Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаагаар сонгох бөгөөд улируулан сонгохгүй.
35.2. Ерөнхийлөгч холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
35.2.1. Хуульчдын холбооны Удирдах зөвлөлтэй зөвшилцөн Хуульчдын Их Хурлыг зарлан хуралдуулах;
35.2.2. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, дуусгавар болгох шийдвэр гаргах;
35.2.3. Хуульчдын холбоог гадаад, дотоод харилцаанд төлөөлөх;
35.2.4. Хуульчдын холбооны ажлын албаны даргыг томилох;
35.2.5. энэ хууль болон Хуульчдын холбооны дүрмээр олгосон бусад.
36 дугаар зүйл. Хяналтын хороо
36.1. Хуульчдын холбооны Хяналтын хороо нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
36.2. Хяналтын хорооны гишүүдийг шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчдын төлөөллөөс бүрдүүлнэ.
36.3. Хяналтын хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
36.4. Хяналтын хороо нь Хуульчдын холбооны эд хөрөнгийн хуримтлал, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
36.5. Хяналтын хорооны гишүүнд нэр дэвшүүлэх журмыг Холбооны дүрмээр зохицуулна.
37 дугаар зүйл. Хуульчдын холбооны ажлын алба, бүтцийн бусад нэгж, түүний чиг үүрэг
37.1. Хуульчдын холбооны ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
37.1.1. Хуульчдын холбооноос баталсан хууль, дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
37.1.2. хуульчдын нэгдсэн бүртгэл хөтлөх;
37.1.3. хууль, дүрэмд заасан бусад чиг үүрэг.
37.2. Хуульчдын холбооны бүтцийн бусад нэгж, түүний чиг үүргийг энэ хуульд нийцүүлэн Холбооны дүрмээр зохицуулна.
38 дугаар зүйл. Хуульчдын холбооны санхүүжилт
38.1. Хуульчдын холбооны санхүүжилт нь хуульчийн шалгалтын болон хуульчийн нэгдсэн бүртгэлийн хураамж, магадлан итгэмжлэлийн төлбөр, хуульчийн зөвшөөрлийн хураамж, хуульчийн үргэлжилсэн сургалтын төлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэсний орлого, хэвлэн нийтлэлийн орлого, хуулиар хориглоогүй хандив, тусламжаас бүрдэнэ.
38.2. Хуульчдын холбооны санхүүгийн тайлан нээлттэй байх ба санхүүгийн үйл ажиллагаанд 2 жил тутам аудит хийлгэж, нийт гишүүддээ мэдээлнэ.
38.3. Хуульч хуульчийн нэгдсэн бүртгэлийн хураамжийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад нэг удаа, хуульчийн зөвшөөрлийн хураамжийг жилд нэг удаа төлнө.
38.4. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хураамж нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дөрөвний нэгтэй тэнцүү хэмжээтэй байна.
39 дүгээр зүйл. Хуульчдын холбооноос хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай харилцах
39.1. Хуульчдын холбоо хуульчдын нэгдсэн бүртгэл, хуульч бэлтгэх үйл ажиллагааны хэрэгжилтийн талаарх мэдээллийг хагас жил тутам, хуульчийн шалгалт зохион байгуулсан талаарх мэдээллийг тухай бүр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
39.2. Хуульчдын холбоо үйл ажиллагааны тайланг жил бүр, Их Хурлын хуралдааны талаарх тайланг тухай бүр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
39.3. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Хуульчдын холбооны бие даасан байдалд нөлөөлөхийг хориглоно.
40 дүгээр зүйл. Шилжилтийн зохицуулалт
40.1. Энэ хуулийн 29.1 дэх хэсэг нь хууль хүчин төгөлдөр болохоос өмнө элсэн суралцагчид хамаарахгүй бөгөөд хууль хүчин төгөлдөр болсны дараах хичээлийн жилээс эхлэн үйлчилнэ.
41 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
41.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
41.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
8. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх