Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 7-р сарын 05 өдөр
Ulaanbaatar city
ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь төрийн хяналт шалгалтын тогтолцоо, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой нийтлэг харилцаа болон Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлоход оршино.
2 дугаар зүйл. Хяналт шалгалтын хууль тогтоомж
2.1. Монгол Улсын төрийн хяналт шалгалтын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Монгол Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаа, Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурор, тагнуулын байгууллагын болон үндэсний аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой хяналт, төрийн аудитын үйл ажиллагааг тус тусын хуулиар зохицуулна.
3.2. Төрийн хяналт шалгалтын байгууллагын үйл ажиллагааг хуулиар тусгайлан зохицуулснаас бусад хяналт шалгалттай холбоотой нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.3. Засгийн газар, төрийн захиргааны болон тусгай чиг үүргийн байгууллагаас тодорхой чиглэл, салбарын хүрээнд зохион байгуулах хяналт шалгалтын үйл ажиллагаа нь энэ хуульд нийцсэн байна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. ”хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ болон бараа, бүтээгдэхүүн, ашиглаж байгаа барилга байгууламж, техник тоног төхөөрөмж, технологи нь хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээнд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэх, зөвлөн туслах, гарсан алдаа дутагдалыг арилгуулахад чиглэсэн арга хэмжээний цогцолборыг;
4.1.2. ”төрийн хяналт шалгалтын байгууллага” гэж хуулиар төрийн хяналт шалгалтын бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан төрийн байгууллага, эсхүл түүний тодорхой чиг үүргийг хуулийн дагуу шилжүүлэн авсан этгээдийг;
4.1.3. ”улсын байцаагч” гэж хуульд заасны дагуу төрийн хяналт шалгалт явуулах эрх авсан албан тушаалтныг;
5 дугаар зүйл. Төрийн хяналт шалгалтын зарчим
5.1. Төрийн хяналт шалгалт /цаашид “хяналт шалгалт” гэх/ хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
5.1.1. хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;
5.1.2. хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон орчны аюулгүй байдал нь бусад аливаа ашиг сонирхлоос илүүд байх;
5.1.3. хяналт шалгалт нь ил тод, шуурхай байх;
5.1.4. хяналт шалгалтын үйл ажиллагаа хараат бус, бие даасан байх;
5.1.5. эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь хуульд нийцсэн, хөндлөнгийн нөлөөллөөс ангид байх;
5.1.6. хяналт шалгалттай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх, хуульд зааснаас бусад тохиолдолд хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой аливаа төлбөрийг шалгуулагч этгээдээс шаардахгүй байх;
5.1.7. шалгуулагч этгээдэд адил тэгш хандах, зөвлөн туслах, шалгуулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах;
5.1.8. хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн обьект, үйл ажиллагааны эрсдэлийн ангиллыг үндэслэх;
5.1.9. хяналт шалгалтыг хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагч, эсхүл хуулийн дагуу эрх шилжүүлэн авсан этгээд хэрэгжүүлэх;
5.1.10. хяналт шалгалтыг ижил чиглэлээр давхардуулахгүй бөгөөд хяналт шалгалтын дүгнэлт, шинжилгээний дүнг хяналт шалгалтын болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ ШАЛГАЛТ
6 дугаар зүйл. Хяналт шалгалтын зорилго
6.1. Хяналт шалгалтын зорилго нь хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилт, стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, хуульд заасны дагуу дүгнэлт гаргах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, алдаа дутагдлыг арилгуулах замаар болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход оршино.
7 дугаар зүйл. Хяналт шалгалтын төрөл
7.1. Хяналт шалгалт нь ерөнхий, төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэсэн төрөлтэй байна.
7.2. Хяналт шалгалтын төрөл тус бүрийг хэрэгжүүлэх нийтлэг журмыг энэ хуулиар тогтооно.
7.3. Хяналт шалгалтын хамрах хүрээ, чиглэлийн онцлогоос хамаарч хяналт шалгалтын төрлийг холбогдох хуулиар өөрөөр тогтоож болно.
8 дугаар зүйл. Ерөнхий хяналт шалгалт
8.1. Ерөнхий хяналт шалгалтыг тодорхой салбар болон үйл ажиллагаа, үйлчилгээний чиглэлийг хамруулж байнгын буюу тасралтгүй хэрэгжүүлнэ.
8.2. Ерөнхий хяналт шалгалтыг тодорхой нэг хүн, эсхүл тодорхой нэг хуулийн этгээдэд чиглүүлэн явуулахыг хориглоно.
8.3. Ерөнхий хяналт шалгалтын удирдамжийг хууль, эсхүл хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий албан тушаалтан батална.
8.4. Хяналт шалгалтын байгууллага нь ерөнхий хяналт шалгалтаар илэрсэн алдаа дутагдал, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, залруулах, давтан гаргахгүй байх нийтлэг асуудлаар зөвлөмж гаргаж, хяналт шалгалтын хүрээнд хамаарах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хүн, хууийн этгээдэд болон нийтэд мэдээлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
9 дүгээр зүйл. Төлөвлөгөөт хяналт шалгалт
9.1. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг тусгай удирдамжийн дагуу явуулна.
9.2. Тусгай удирдамжийг хяналт шалгалтын ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн хяналт шалгалтын байгууллагын дарга тухай бүр нь батлана.
9.3. Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд хяналт шалгалтын байгууллага нь шалгалтын ерөнхий төлөвлөгөөг өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор баталж, нийтэд мэдээлэх бөгөөд шалгуулах этгээдэд 10-аас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдсэн байна.
9.4. Шалгалтын ерөнхий төлөвлөгөөнд хяналт шалгалтын байгууллагаас тухайн жилд тусгай удирдамжийн дагуу явуулах хяналт шалгалтын зорилго, чиглэл, хүрээ, шалгалтанд хамруулах хүн, хуулийн этгээдийн нэр, шалгалтыг хэрэгжүүлэх хугацааг тусгах бөгөөд хэрэгжилтийг тухайн хяналт шалгалтын байгууллага хариуцна.
9.5. Төлөвлөгөөт хяналт шалгалт явуулах чиглэл, шалгалтанд хамруулах иргэн, хуулийн этгээдийг тогтоохдоо өмнөх жилийн төлөвлөгөөт шалгалтын дүн, хяналт шалгалтын обьект, үйл ажиллагааны эрсдэлийн ангилал, хяналт шалгалтын явцад илэрч байгаа нийтлэг алдаа дутагдал зэргийг харгалзан үзнэ.
9.6. Ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн тодорхой нэг асуудлаар дагнан хэрэгжүүлэх хяналт шалгалтыг тусгайлан төлөвлөж болно.
9.7. Хяналт шалгалтын обьект, үйл ажиллагааны эрсдэлийг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болох хор хохирол, үр дагаврыг харгалзан бага, дунд, их хэмжээний гэж ангилах бөгөөд эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур үзүүлэлтийг Засгийн газар тогтооно.
9.8. Энэ хуулийн 9.7-д заасан шалгуур үзүүлэлтийг үндэслэн эрсдэлийн ангилалд хамаарах обьект, үйл ажиллагааны жагсаалт, хяналт шалгалтад хамруулах давтамжийн хугацааг харьяалах хяналтын чиглэл бүрээр хяналт шалгалтын байгууллагын дарга батална.
9.9. Хяналт шалгалтыг орон нутагт болон дагнасан чиглэлээр хэрэгжүүлдэг нэгжийн энэ хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг дээд шатны байгууллага нь баталгаажуулсан байна.
9.10. Хуульд өөрөөр заагаагүй бол тухайлсан обьект, үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 15 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүн гаргах хугацаа хамаарахгүй.
9.11. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ахлагчийг тухайн хяналт шалгалтын байгууллагын даргын тушаалаар тухай бүр нь томилно.
9.12. Төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд шалгуулагч хүн, хуулийн этгээдийн төлөөлөгчийг байлцуулах бөгөөд тухайн хүн, хуулийн этгээдийн төлөөлөгч ирээгүй нь уг хяналт шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй.
9.13. Хяналт шалгалтын байгууллага нь төлөвлөгөөт хяналт шалгалтын дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн 8.4-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
10 дугаар зүйл. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт
10.1. Хяналт шалгалтын байгууллага нь дараах үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ:
10.1.1. осол аваар, халдварт өвчин, хордлого, гамшгийн зэрэг онцгой нөхцөл байдал үүссэн үед хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар аюул учуулж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, ирлүүлэх, таслан зогсоох арга хэмжээг хэрэгжүүлэх;
10.1.2. ажил, үйлдвэрлэл, үйчилгээ, барилга байгууламж, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал нь хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээнд нийцэж байгаа эсэхийг тодорхойлох;
10.2. Энэ хуулийн 10.1.2-т заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулах үндэслэл нь иргэн, хуулийн этгээдийн өөрийнх нь хүсэлт, эсхүл бусад иргэний гомдол, мэдээлэл, эсхүл хуульд заасны дагуу тодорхойлолт гаргуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр байна.
10.3. Энэ зүйлийн 10.2-т заасан гомдол, мэдээлэлд Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцсон үйлдэл, эс үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээлэл хамаарахгүй. Хяналт шалгалтын байгууллага нь зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хүлээн авч шийдвэрлэнэ.
10.4. Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн обьект, үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүн гаргах хугацаа хамаарахгүй.
10.5. Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно.
11 дүгээр зүйл. Гүйцэтгэлийн хяналт шалгалт
11.1. Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад илэрсэн алдаа дутагдалыг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна.
11.2. Улсын байцаагч өгсөн албан шаардлагын хугацааг дуусмагц биелэлтийг бичгээр авч, гүйцэтгэлийн шалгалт хийх эсэх саналаа нэгжийн удирдлагад тавьж шийдвэрлүүлнэ.
11.3. Гүйцэтгэлийн хяналт шалгалтыг явуулах бол шалгуулагч этгээдэд ажлын хоёроос доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.
11.4. Албан шаардлагад тодорхой хугацаа заагаагүй бол төлөвлөгөөт хяналт шалгалт хийснээс хойш 6 сарын дотор гүйцэтгэлийн хяналт шалгалтыг явуулж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
12.1. Хяналт шалгалтыг дараах нийтлэг аргаар явуулна:
12.1.1. үзлэг хийж, хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэх,;
12.1.2. тайлбар авах;
12.1.3. дээж авч шинжилгээнд хамруулах;
12.1.4. туршилт, хэмжилт, магадлал хийх;
12.1.5. мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах;
12.1.6. тэмдэглэл үйлдэн баримтжуулах;
12.1.7. хуульд заасан бусад арга.
11.2. Хяналт шалгалтын хамрах хүрээ, чиглэлийн онцлогоос хамаарч хяналт шалгалтын аргыг холбогдох хуулиар өөрөөр тогтоож болно.
13 дугаар зүйл. Хяналт шалгалтанд хориглох зүйл
13.1. Хяналт шалгалтыг явуулахад дараах зүйлийг хориглоно:
13.1.1. хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хяналт шалгалт хийх;
13.1.2. хяналт шалгалтыг урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хэрэгжүүлэх;
13.1.3. хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд болон хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхол, ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулах хууль бус арга хэрэглэх;
13.1.4. хувь хүн, хуулийн этгээдийн болон хяналт шалгалтын нууцыг задруулах;
13.1.5. албан тушаалын давуу байдлаа ашиглан шалгуулагч хүн, хуулийн этгээдэд аливаа дарамт шахалт үзүүлэх, эсхүл түүнээс хөнгөлөлт, үйлчилгээ, шан харамж авах;
13.1.6. улсын байцаагчийн эрхгүй, эсхүл хяналт шалгалт хийх эрх олгогдоогүй этгээд хэрэгжүүлэх.
13.1.7. хуульд заасан бусад.
13.2. Хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд шалгуулагч этгээдээс баримт бичиг, төлбөр, хураамж шаардахыг хориглоно.
13.3. Хяналт шалгалттай холбоотой дүгнэлт, шийдвэр эцэслэн гараагүй байхад хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд харш аливаа мэдээ, мэдээллийг олон нийтэд тараахыг хориглоно.
14 дүгээр зүйл. Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх нийтлэг журам
14.1. Хяналт шалгалтыг хууль, эсхүл хяналт шалгалтын төлөвлөгөө, эсхүл албан шаардлагын хүрээнд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр удирдамжийн дагуу зохион байгуулна.
14.2. Хяналт шалгалтын удирдамжинд хяналт шалгалтын чиглэл, төрлөөс хамаарч шалгах асуудал, хэрэглэх аргыг тодорхой заасан байна.
14.3. Хяналт шалгалтыг мэдээлэлд суурилсан хэлбэрээр хялбаршуулсан журмаар явуулж болно.
14.4. Хяналт шалгалтыг хялбаршуулсан журмаар зохион байгуулах журмыг энэ хуульд нийцүүлэн тухайн хяналт шалгалтын асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална
14.5. Хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй.
14.6. Улсын байцаагч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүн, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх тохиолдолд арга хэмжээ авах болсон үндэслэл, шалтгааныг тухайн этгээдэд мэдэгдэж, эрх, үүрэг болон гомдол гаргах журмын тайлбарлаж өгөх үүрэгтэй.
14.7. Улсын байцаагч хяналт шалгалт явуулахдаа бусадтай хүндэтгэлтэй харьцаж, зүй бус үг хэллэг хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй.
14.8. Улсын байцаагч нь хяналт шалгалт хийх обьектод саадгүй нэвтэрнэ.
14.9. Улсын байцаагч нь хяналт шалгалт хийхдээ шаардлагатай байр танхим, техник хэрэгслийг шалгуулагч этгээдээс гаргуулж болно.
14.10. Хяналт шалгалтыг шалгуулагч этгээдийн үйл ажиллагаанд аль болох саад учруулахгүйгээр зохион байгуулна.
14.11. Хяналт шалгалтын ажиллагаанд хяналт шалгалтын бүрэлдэхүүнээс өөр хүн оролцуулах, байлцуулахыг хориглоно.
14.12. Хяналт шалгалтыг шалгуулагч этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл төлөөлөх эрх бүхий албан тушаалтныг байлцуулан тогтоосон хугацаанд бүрэн гүйцэд хийнэ.
14.13. Хяналт шалгалтын явцад илэрсэн алдаа дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээг холбогдох хуульд заасны дагуу авч хэрэгжүүлнэ.
14.14. Улсын байцаагч нь шалгуулагч этгээдээс авсан баримт бичиг, шинжилгээний дээж, нотлох баримтын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хариуцна.
14.15. Хяналт шалгалтын явцад мэргэжлийн байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж болно.
14.16. Улсын байцаагч нь хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцдаа холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, стандартыг сурталчилж, шалгуулагч этгээдэд эрсдэлийн ангиллыг танилцуулж, эрсдэлийг бууруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө.
14.17. Шалгуулагч этгээдийн зүгээс хяналт шалгалтын ажилд саад учруулах, шаардлагатай баримт материалыг гаргаж өгөхгүй байх, хяналт шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөөгүй нь хяналт шалгалтын ажиллагааг зогсоох, хойшлуулах үндэслэл болохгүй.
14.18. Шаардлагатай бол хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, шинжээч, иргэн, хэвлэл мэдээлийн ажилтныг оролцуулж болно.
15 дугаар зүйл. Хяналт шалгалтын дүгнэлт
15.1. Улсын байцаагч, эсхүл хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагч хяналт шалгалтын мэдээ, баримт материалд үндэслэн хяналт шалгалтын дүгнэлтийг гаргана.
15.2. Хяналт шалгалтын дүгнэлтэнд хяналт шалгалтын зорилго, үндэслэл, илэрсэн алдаа дутагдал, авах арга хэмжээний талаарх зөвлөмж болон өгөх үүрэг даалгавар, авах арга хэмжээний талаар заасан байна. Хяналт шалгалтын дүгнэлтийг шалгуулагч этгээдэд танилцуулж, тэмдэглэлийн хувийг өгнө.
15.3. Улсын байцаагч шаардлагатай гэж үзвэл хяналт шалгалтын дүгнэлтийг үндэслэн дараах арга хэмжээг авч болно:
15.3.1. шалгуулагчийн ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, машин, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтыг түр зогсоох;
15.3.2. ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, бараа, бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, зах зээлээс буцаан татахыг шалгуулагчид даалгаж, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх;
15.3.3. шаардлага хангахгүй бараа, бүтээгдэхүүнийг хураан авах, устгах, эсхүл зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах;
15.4. Үйл ажиллагаа, ашиглалтын түр зогсоох хугацааг улсын байцаагчийн мэдэгдэлд заана. Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох хугацааг хяналт шалгалтаар илрүүлсэн алдаа дутагдлыг засах боломжит хамгийн богино хугацааг харгалзан тогтоох бөгөөд 30 хоногоос хэтрэхгүй байна.
15.5. Шалгуулагч заасан хугацаанаас өмнө алдаа дутагдлыг зассан бол улсын байцаагч түүнд холбогдох үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох шийдвэрээ цуцлана.
15.6. Энэ хуулийн 15.3.2, 15.3.3-т заасан арга хэмжээний зардлыг шалгуулагч этгээд хариуцна.
15.7. Улсын байцаагчийн даалгаврыг биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
15.8. Тухайн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн нь энэ хуулийн 15.3, 15.6-д заасан үүрэг, зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
16 дугаар зүйл. Хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг шийдвэрлэх
16 .1. Хяналт шалгалтын явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэх, эсхүл шийдвэрлүүлэхээр холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
16 .2. Хяналт шалгалтын явцад цуглуулж, бэхжүүлсэн баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт болгон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд зохих журмын дагуу хүргүүлнэ.
17 дугаар зүйл. Хяналт шалгалтын хүрээнд хамтран ажиллах
17.1. Хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн хяналт шалгалтын ажиллагаанд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан туслалцаа үзүүлж хамтран ажиллах, уг ажиллагааг явуулах бололцоогоор хангаж ажиллах үүрэгтэй.
17.2. Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, иргэнийг татан оролцуулж болно.
17.3. Хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь иргэн, хуулийн этгээд дэмжлэг, туслалцаа үзүүлж, хамтран ажиллана.
17.4. Тодорхой салбар, чиглэлийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүргийг мэргэжлийн холбоодод Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар шилжүүлж болно.
17.5. Мэргэжлийн холбоодод шилжүүлэх хяналт шалгалтын чиглэл болон мэргэжлийн холбоодод тавигдах шаардлагыг Засгийн газар батална.
18 дугаар зүйл. Улсын байцаагчийн нийтлэх эрх, үүрэг
18.1. Улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд зааснаас нийтлэг эрх, гадна дараах нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
18.1.1. хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих;
18.2.2. хяналт шалгалт хийх обьектод саадгүй нэвтрэн орох;
18.2.3. хяналт шалгалтын ажилд шаардлагатай хуулиар хориглосноос бусад мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
18.2.4. хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгуулагчийн ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, бараа, бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, хураан авах, устгах шийдвэр гаргаж, олон нийтэд зарлан мэдээлэх;
18.2.5. хяналт шалгалтын явцад илэрсэн алдаа дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;
18.2.6. амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаа аливаа халдлагаас хамгаалах, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах, зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргаж шийдвэрлүүлэх;
18.2.7. хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх;
18.2.8. өөртэйгээ болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлэх;
18.2.9. улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан шийдвэрийнхээ үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;
18.2.10. хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах;
18.2.11. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
18.3. Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг холбогдох хуулиар тогтооно.
18.4. Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 18.2-т заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.4.1. төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг батлах;
18.4.2. улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;
18.4.3. хяналт шалгалт явуулах улсын байцаагч, эсхүл ажлын хэсгийг томилох, шаардлагатай бол чөлөөлөх, өөрчлөх.
18.5. Улсын байцаагч албаны үнэмлэх, хувийн дугаар бүхий таних тэмдэгтэй байна.
18.6. Улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ таних тэмдэг, албаны үнэмлэхээ бусдаас нуух үйлдэл хийхийг хориглоно.
18.7. Улсын байцаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.
18.8. Улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19дүгээр зүйл. Улсын байцаагчийн эрх олгох, цуцлах
19.1. Улсын байцаагч, ахлах байцаагчийн эрхийг тухайн чиглэлийн Улсын ерөнхий байцаагч, Улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар, эсхүл хуульд заасан эрх бүхий этгээд олгоно.
19.2. Хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, цуцлах журмыг тухайн хяналт шалгалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
20 дугаар зүйл. Улсын байцаагчид тавигдах шаардлага
20.1. Улсын байцаагчийн үйл ажиллагааны үр дүнг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу үнэлж, дүгнэнэ.
20.2. Улсын байцаагч нь тусгай сургалтанд хамрагдсан байна.
20.3. Хуульчийн мэргэжлийн шалгалтанд тэнцсэн бол энэ хуулийн 20.2-т заасан сургалтаас чөлөөлөх үндэслэл болно.
20.4. Улсын байцаагчийн мэргэшлийн түвшинг 2 жил тутам үнэлэх бөгөөд Улсын байцаагчийн мэргэжлийн түвшинг үнэлэх журмыг тухайн салбарын асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
20.5. Хяналт шалгалтын байгууллагын дарга нь үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээний үр дүнг харгалзан улсын байцаагчийг зохих шатны сургалтад хамруулах, улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх, цуцлах эсэх асуудлыг тухай бүр шийдвэрлэнэ.
21 дүгээр зүйл. Улсын байцаагчийн хяналтын баримт бичиг
21.1. Улсын байцаагч нь хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дүгнэлт, зөвлөмж, мэдэгдэл, албан шаардлага гаргана.
21.2. Улсын байцаагчийн хяналтын баримт бичгийн бусад төрлийг хуулиар тогтоож болно.
21.3. Улсын байцаагчийн хяналтын баримт бичиг хууль ёсны үндэслэлтэй, хуульд заасан шаардлагыг хангасан байна.
21.4. Улсын байцаагчийн хяналтын баримт бичгийн загварыг хуульд нийцүүлэн тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
21.5. Зөвлөмжийг шалгуулагч этгээдийн үйл ажиллагаа, обьект, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг үнэлэн эрх зүйн болон мэргэжлийн зөвлөгөө өгсөн, эсхүл хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ зөрчигдөж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг арилгуулах талаар санамж өгөх чиглэлээр гаргана.
21.6. Дүгнэлтээр барилга, байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар аюулгүй байдал нь хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлно.
21.7. Мэдэгдэлийг бараа, тээврийн хэрэгслийг хяналтанд хамруулахаар түр саатуулах, эсхүл барааг буцаах, эсхүл шалгуулагч этгээдийн үйл ажиллагаа болон барилга байгууламж, үйлдвэрлэл, үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалтыг түр зогсоох, шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх тохиолдолд гаргана.
21.8. Албан шаардлагыг хяналт шалгалтаар илэрсэн алдаа дутагдал, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах чиглэлээр гаргана.
21.9. Улсын байцаагчийн хяналтын баримт бичгийг үндэслэлгүй гэж үзвэл өөрөө, эсхүл түүний дээд шатны албан тушаалтан хүчингүй болгож, эсхүл өөрчилж болно.
22 дугаар зүйл. Хяналтын баримт бичигт тавигдах ерөнхий шаардлага
22.1. Хяналтын баримт бичгийг хэвлэмэл хуудсан дээр үйлдэх бөгөөд хяналтын баримт бичиг бүрт нэгдсэн дугаартай байна.
22.2. Хяналтын баримт бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2-т заасан шаардлагыг хангасан байна.
22.3. Хяналтын баримт бичигт тогтоогдсон бодит нөхцөл байдал, илэрсэн алдаа дутагдал, түүнд холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний заалтыг нарийвчлан тусгана.
22.4. Хяналт шалгалтын тэмдэглэл, улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага, мэдэгдэл, шалгуулагч этгээдэд танилцуулж гарын үсэг зуруулна. Шагуулагч гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбарыг бичүүлнэ. Тайлбар бичихээс татгалзвал улсын байцаагч тайлбар бичнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТОДОРХОЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ
23 дугаар зүйл. Үзлэг хийх
23.1. Улсын байцаагч нь үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн, барилга, байгууламж, техник тоног төхөөрөмж нь хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээнд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулах зорилгоор ажлын байр, агуулах, эд зүйл, баримт бичигт үзлэг хийнэ.
23.2. Үзлэгийг хяналтын хуудсанд заасан нөхцөлийг тодруулах журмаар гүйцэтгэнэ.
23.3. Үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно.
23.4. Үзлэг хийх үед хуулиар хориглосон зүйл илэрвэл хураан авч, тэмдэглэлд тусгана.
23.5. Үзлэг хийх явцад хүний амь нас, эрүүл мэндэд аюул, орчинд хөнөөл учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх болон химийн хортой бодис, бусад эд зүйл байна гэж үзвэл холбогдох мэргэжилтнийг оролцуулж болно.
23.6. Үзлэг хийх явцад шаардлагатай бол шинжилгээнд зориулж дээж авах, эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагааг явуулж болно.
23.7. Үзлэг хийлгэхээс татгалзсан, эсэргүүцэл үзүүлсэн бол үзлэгийг албадан гүйцэтгэнэ.
24 дүгээр зүйл. Тайлбар авах
24.1. Улсын байцаагч хяналт шалгалттай холбоотой асуудлаар хүн, хуулийн этгээдийн төлөөлөгч, удирдах болон бусад албан тушаалтнаас тайлбар авч болно.
24.2. Улсын байцаагч тайлбарыг тухайн хүний байгаа газарт, эсхүл хяналт шалгалтын байгууллагад урьж ирүүлэн авч болно
24.3. Тайлбарыг асуулт асуух, хариулт авах хэлбэрээр авах бөгөөд хүсвэл тайлбар өгч байгаа хүн тайлбараа бичгээр өгч болно.
24.4. Тайлбарыг тэмдэглэлээр бэхжүүлэх бөгөөд тайлбар авсан он, сар, өдөр, эхэлсэн дууссан хугацаа, тайлбар авсан газрыг тодорхой тусгаж, тайлбар аван улсын байцаагч болон тайлбар өгсөн хүн гарын үсэг зурна.
24.5. Тухайн хүн тайлбар өгөхөөс татгалзсан бол энэ тухай тэмдэглэлд тусгана.
25 дугаар зүйл. Бичиг баримт, мэдээлэл гаргуулан авах
25.1. Улсын байцаагч нь хяналт шалгалтад шаардлагатай баримт бичгийг шалгуулагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулан хүлээн авч, шалгалт дууссаны дараа албан ёсоор хүлээлгэж өгнө. Шаардлагатай бол нотлох баримт болгохоор хувилуулж авч болно.
25.2. Хүн, хуулийн этгээд, албан тушаалтан улсын байцаагчийн даалгаварт заасан хугацаа, хэлбэрийн дагуу мэдээлэл, баримт бичгийг гарган өгч, нууцыг хадгална.
25.3. Баримт бичиг, мэдээлэл эргэлзээ төрүүлбэл хуульд заасан арга хэрэгслийг ашиглан түүний бодит нөхцөл байдлыг шалган тогтооно.
26 дугаар зүйл. Шинжилгээнд зориулж дээж авах, шинжилгээ хийлгэх
26.1. Шинжилгээ хийх зорилгоор эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтнаас хэв загвар, дээж авч болно.
26.2. Шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах ажиллагаанд мэргэжилтнийг оролцуулж болно.
26.3. Орчин тойрондоо аюул учруулж болзошгүй мал, амьтан, тэсэрч дэлбэрэх, хорт бодис, бусад байдлаар аюул учруулж болзошгүй эд зүйлээс хэв загвар, дээж авахдаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээг урьдчилан авна.
26.4. Хяналт шалгалтын явцад дээж авах бол улсын байцаагч тусгайлан акт бичих бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана:
26.4.1. дээж авах тухай акт бичсэн он, сар, өдөр, газар;
26.4.2. шалгуулагч этгээдийн нэр, хаяг;
26.4.3. дээж авахад байлцсан шалгуулагч этгээдийн төлөөлөгчийн нэр, албан тушаал;
26.4.4. дээж авсан улсын байцаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал;
26.4.5. дээж авах үндэслэл, шаардлага;
26.4.6. импортолсон улс болон үйлдвэрлэгчийн нэр;
26.4.7. дээж авсан хугацаа, бүтээгдэхүүний нэр, төрөл, савлалт, цувралын дугаар, үйлдвэрлэсэн болон хадгалалтын дуусах хугацаа, нийт импортолсон болон дээж авсан тоо хэмжээ, дээжийн үнэ.
26.5. Энэ хуулийн 26.4-т заасан актыг гурван хувь үйлдэх бөгөөд шалгуулагч этгээд болон итгэмжлэгдсэн лабораторид тус тус нэг хувийг өгч, үлдэх хувийг шалгалтын хувийн хэрэгт хавсаргана.
26.6. Улсын байцаагч холбогдох журмын дагуу дээж авч тухайн дээжийн бүрэн бүтэн байдал, ариун чанар, хадгалалтын горимыг хангана.
26.7. Шалгуулагч этгээд дээж авах явцад байлцаж санал, гомдол гаргах эрхтэй.
26.8. Дээж, загвар авснаар шалгуулагч этгээдийн үйлдвэрлэлийн горимын хэвийн үйл ажиллагаа алдагдах тохиолдолд түүнийг шинжилсэний дараа буцаан олгоно.
26.9. Хяналт шалгалтын байгууллага шинжилгээнд авах дээжийн үнийг төлөх бөгөөд тухайн бүтээгдэхүүний үнийг тодорхойлох аргачлалыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Бүтээгдэхүүний үнийг тодорхойлохдоо тухайн бүтээгдэхүүний сүүлийн зургаан сарын бөөний /зах зээлийн/ үнийг харгалзана.
26.10. Шинжилгээний дүнгээр дээж нь хууль тогтоомж, стандартад заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн бүтээгдэхүүнд давтан шинжилгээ хийсэн, хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт гарсан тохиолдолд шинжилгээний төлбөрийг шалгуулагч этгээдээс гаргуулна.
26.11. Улсын байцаагч эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтан, технологийн горим зэрэгт шинжилгээ хийлгэнэ.
26.12. Ажил, үйлчилгээ гүйцэтгэхэд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнд шинжилгээ хийлгэж болно.
26.13. Тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн улсын байцаагч өөрөө бие даан шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж болно.
26.14. Шинжилгээ хийх журмыг Засгийн газар батална.
27 дугаар зүйл. Туршилт, хэмжилт, магадлал хийх
27.1. Барилга, байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар аюулгүй байдал нь хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор тушилт, хэмжилт, магадлал хийж болно.
27.2. Туршилт, хэмжилт, магадлал хийхэд хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулах арга, технологи ашиглахыг хориглоно.
27.3. Туршилт, хэмжилт, магадлал хийх нийтлэг журмыг Засгийн газар батална.
28 дугаар зүйл. Тэмдэглэл үйлдэх журам
28 .1. Хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараах нийтлэг зүйлийг тусгана:
28 .1.1. ажиллагааг явуулсан улсын байцаагчийн нэр, албан тушаал;
28 .1.2. ажиллагааг явуулсан газар, эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут, хэрэгжүүлэх явцад хугацаа тасалдсан бол түүний шалтгаан, хугацаа;
28 .1.3. шалгуулагч болон ажиллагаанд оролцсон хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, байршил;
28 .1.6. ажиллагаанд байлцсан бусад хүний хувийн баримт бичиг дэх мэдээлэл;
28 .1.7. шалгуулагчид эрх, үүргийг тайлбарласан тухай;
28 .1.8. шалгуулагч, эсхүл оролцогч санал, хүсэлт гаргасан эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн.
28 .2. Тэмдэглэлд улсын байцаагч, шлгуулагч болон ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна.
28 .3. Тэмдэглэлд нэмэлт оруулсан, засвар хийсэн бол ямар засвар, өөрчлөлт хийсэн талаар тусгаж, энэ хуулийн 28.2-т заасан аргаар баталгаажуулна.
28 .4. Ажиллагаанд шалгуулагч, оролцсон хүн гарын үсэг зурахаас татгалзсан, эсхүл баталгаажуулах боломжгүй бол шалтгааныг тэмдэглэлд тусгана.
28 .5. Ажиллагааны явцад хийсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, гэрэл зураг, гар зураглал, хэв загварыг тэмдэглэлд хавсаргана.

ТАВДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, ЧИГ ҮҮРЭГ
29 дүгээр зүйл. Мэргэжлийн хяналтын байгууллага
29.1. Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд улсын төсвөөс санхүүжнэ.
29.2. Мэргэжлийн хяналтын байгууллага нь мэргэжлийн хяналтын төв байгууллага, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хэлтэс, хилийн мэргэжлийн хяналтын алба, нутаг дэвсгэр хариуцсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас бүрдэнэ.
29.3.Мэргэжлийн хяналтын төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
29.3.1.хуульд заасны дагуу хууль тогтоомж захиргааны хэм хэмжээний акт, стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний биелэлтэд хяналт тавих;
29.3.2.хяналтанд хамаарах асуудлаар хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг хэрэгжилтийг судлан нэгтгэж, жилд нэг удаа Засгийн газарт танилцуулах;
29.3.3.хяналтын чиглэл тус бүрээр хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, техникийн ерөнхий шаардлага, эрсдэлийн ангиллыг харгалзан хяналт шалгалт хийх стандарт, хяналтын хуудас батлах;
29.3.4.мэргэжлийн хяналтын орон нутгийн байгууллагыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах;
29.3.5.мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг бэлтгэх, давтан сургах, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах;
29.3.6.хяналт шалгалтын бүртгэлийн нэгдсэн санг бүрдүүлж хөтлөх;
29.3.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
29.4.Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг хүлээхгүй.
29.5.Энэ хуулийн 29.3.3-т заасан журам, заавар, хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний жагсаалт нь олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байна.
29.6.Мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхой чиг үүргийг хууль тогтоомж болон Засгийн газраас баталсан чиглэл, шаардлагын дагуу Мэргэжлийн холбоонд шилжүүлж болно.
Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байдлыг харгалзан хуулийн дагуу сонгон шалгаруулж томилно.
30 дугаар зүйл.Сургалт, судалгааны байгууллага
30.1.Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, бусад алба хаагч, ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, давтан болон мэргэшүүлэх сургалт явуулах сургалтын төвийг мэргэжлийн хяналтын төв байгууллагын дэргэд байгуулж болно.
30.2.Энэ хуулийн 30.1-д заасан чиг үүргийг хууль сахиулах алба хаагч бэлтгэдэг дээд боловсролын байгууллагатай хамтарч гэрээгээр гүйцэтгүүлж болно.
30.3.Энэ хуулийн 30.1-д заасан сургалт явуулах журмыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
30.4.Энэ хуулийн 30.1, 30.2-т заасан сургалтын төлбөрийн хэмжээг санхүү, төсвийн болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтооно.
30.4.Мэргэжлийн хяналтын байгууллага нь судалгааны төвтэй байх бөгөөд судалгааны төв дараах чиглэлээр сан бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, дүн шинжилгээ хийх, санал боловсруулах үүргийг гүйцэтгэнэ:
30.4.1.мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх стандарт, дүрэм, журам, зааврыг боловсронгуй болгох;
30.4.2.мэргэжлийн хяналт шалгалтыг явуулах арга, хэлбэрийг боловсронгуй болгох;
30.4.3.хууль тогтоомж зөрчихөөс хэргээс урьдчилан сэргийлэх;
30.5.Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгааны төвийн дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга тогтооно.
31 дүгээр зүйл.Мэргэжлийн хяналтын улсын байцаагч
31.1.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутгийн байгууллагад улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.
31.2.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.
31.З.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг энэ хуулийн 19.1-д заасны дагуу олгоно.
31.4.Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагад улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллах бөгөөд тэдгээрт болон хуулиар улсын байцаагчийн эрхтэй бусад этгээдэд улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.
31.5.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын даргыг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж мэргэжлийн хяналтын төв байгууллагын дарга томилно.
31.6.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын дарга нь улсын ахлах байцаагч байна.
31.7.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын улсын байцаагчийг тухайн орон нутаг дахь улсын ахлах байцаагч томилж, чөлөөлнө.
31.8.Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон үнэмлэх, таних тэмдэг болон хяналтын баримт бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
32 дугаар зүйл.Улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа
32.1.Улсын байцаагч Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, түүнд олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэвэр, тэтгэмжээс гадна дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана:
32.1.1.хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж явахдаа хот, суурингийн доторхи нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон тохиолдолд хувиас гарсан зардлыг тогтоосон журмын дагуу нөхөн гаргуулах;
32.1.2.байгаль орчин, хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь хянан шалгах үүргээ гүйцэтгэхэд шаардагдах хөдөлмөр хамгааллын хувцас болон техник хэрэгслээр хангагдах;
32.1.3.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан доромжилсон, гүтгэсэн, дарамталсан, амь нас, эрүүл мэндэд нь бодит аюул заналхийлсэн бол цагдаагийн байгууллагаар аюулгүй байдлаа хангуулах арга хэмжээ авахуулах.
33 дугаар зүйл.Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт
33.1.Хуулиар тусгайлан эрх олгосон асуудлаар Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.
33.2.Мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод хяналтыг мэргэжлийн хяналтын төв байгууллагын дарга хэрэгжүүлнэ.
33.3.Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
33.4.Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.
33.5.Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг Хяналтын зөвлөл гүйцэтгэнэ.
33.6.Хяналтын зөвлөл нь иргэдийн болон тодорхой мэргэжлийн төлөөлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллөөс бүрдсэн 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бус байна.
33.7.Хяналтын зөвлөл хараат бус ажиллаж, байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэгтэй.
33.8.Хяналтын зөвлөл дараах эрхтэй:
33.8.1.байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, санал өгөх;
33.8.2.улсын байцаагчийн сургалт болон үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;
33.8.3.байгууллагад ирсэн гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх;
33.8.4.улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;
33.8.5.байгууллагын үйл ажиллагааг сайжруулан өөрийн нутаг дэвсгэр дэх иргэд, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх чиглэлээр санал боловсруулах.
33.9.Хяналтын зөвлөлд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
33.9.1.улсын байцаагчийн хяналт шалгалтын ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох;
33.9.2.улс төрийн үйл ажиллагаа явуулах.
33.10.Хяналтын зөвлөл чиг үүрэгтээ хамаарах асуудлаар байгууллагын дарга, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус санал, зөвлөмж хүргүүлнэ.
33.11.Хяналтын зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар олонхийн саналаар нэг жилийн хугацаагаар сонгоно.
33.12.Хяналтын зөвлөлийн төсөв болон гишүүдэд олгох мөнгөн урамшлыг төсвөөс санхүүжүүлнэ.
33.13.Хяналтын зөвлөлийн дүрмийг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ ШАЛГАЛТАНД ОРОЛЦОГЧ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НИЙТЛЭГ ЭРХ, ҮҮРЭГ
34 дүгээр зүйл.Хяналт шалгалтын талаархи иргэн, хуулийн этгээдийн үүрэг
34.1.Байгууллага, аж ахуйн нэгж нь холбогдох хууль тогтоомжийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дотоодын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх журам тогтоож ажиллана.
34.2.Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан, иргэн нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчаас тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.

ДОЛДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САН
35 дугаар зүйл.Хяналт шалгалтын бүртгэл
35.2. Мэдээллийн нэгдсэн сан нь төрийн хяналт шалгалтын баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ.
35.3.Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд цахимаар хөтлөхөд аюулгүй байдлыг хангасан, кодлогдсон технологийг ашиглана.
35.4.Мэдээллийн нэгдсэн сангийн журмыг мэргэжлийн хяналтын төв байгууллагын дарга батлана.
35.5.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг хуулиар хүлээсэн чиг үүрэгтээ хамааралгүй зорилгод ашиглах, хууль, журамд зааснаас бусад тохиолдолд бусдад шилжүүлэхийг хориглоно.
35.6.Шалгалтын дүнгнэлт эцэслэн гарсны дараа улсын байцаагч хяналт шалгалтын талаарх мэдээллийг хяналт шалгалтын обьект тус бүрээр мэдээллийн нэгдсэн санд оруулна.
35.7.Хяналт шалгалтын хувийн хэрэгт дараах баримт бичиг орно:
35.7.1.тухайн хяналт шалгалтыг хийх үндэслэл (хүн, хуулийн этгээдийн хүсэлт, гомдол мэдээлэл, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, удирдамж, хяналтын хуудас гэх мэт);
35.7.2.мэдэгдэх хуудас;
35.7.3.хяналт шалгалтын явц болон үр дүнгийн талаарх мэдээлэл, баримт бичиг (тэмдэглэл, шалгуулагч болон холбогдох бусад этгээдийн санал, тайлбар зэрэг шалгалтын явцад үйлдсэн баримт бичиг, нотлох баримт);
35.7.4.хяналт шалгалтын дүгнэлт, улсын байцаагчийнүйлдсэн хяналтын баримт бичиг, түүний биелэлт, бусад тайлан мэдээлэл зэрэг холбогдох баримт бичиг.

НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗОХИЦУУЛАЛТ
36 дугаар зүйл.Гомдол шийдвэрлэх журам
36.1.Энэ хуульд заасан улсын хяналт шалгалтын ажиллагаатай холбоотой гаргасан шийдвэр, үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлоо түүний дээд шатны албан тушаалтанд гаргаж болно.
36.3.Дээд шатны албан тушаалтан гомдлыг хянаад дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
36.3.1.улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хэвээр үлдээх, хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хууль зөрчөөгүйд тооцох;
36.3.2.улсын байцаагчийн гаргасан шийдвэр, хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн өөрчлөх;
36.3.3.улсын байцаагчийн гаргасан шийдвэр, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хууль бус болох нь тогтоогдвол хүчингүй болгох.
36.4.дээд шатны албан тушаалтны шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.
36.5.Улсын байцаагчийн зөрчил шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шийдвэрт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гомдол гаргана.
36.2.Гомдлыг хүлээж авсан хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан түүнийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх арга хэмжээ авна.
37 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
37.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
37.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
5. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь

Төслийн хэрэглэгчид

Э. Баттогтох

Ж. ГАНБААТАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх