Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 11-р сарын 28 өдөр
Ulaanbaatar city
ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
нэмэв

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгааг хангах, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, холбооны эрх зүйн байдал, үйл ажиллагаатай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино
2 дугаар зүйл.Холбооны эрх зүйн байдлын хууль тогтоомж.
2.1.Холбооны эрх байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , Улсын бүртгэлийн ерөнхий хууль , Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль , Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ.
3.1.Үйлдвэрчний эвлэл, Улаан загалмай нийгэмлэг, Нотариатчдын танхим, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухааны академи, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг бусад хуульд заасны дагуу үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулснаас бусад нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2.Хоршоо, шашны байгууллага болон улс төрийн нам, улс төрийн намын байгууллагын үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.
3.3.Ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулах зорилгоор хэд хэдэн этгээд нэгдэн бүртгэгдээгүй холбоо байгуулж болно. Бүртгэгдээгүй холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд холбогдон үүсэх харилцааг Иргэний хуулийн 481, 482 дугаар зүйлээр зохицуулна.
3.4.Олон улсын болон гадаад улсын холбооны салбар, төлөөлөгчийн газрыг байгуулах, зөвшөөрөл олгох, бүртгэх, тайлагнах, бүртгэлээс хасах, зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
3.5.Иргэний хуулийн 36.2-т заасан сангийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёо.
4.1.Энэ хуульд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.2.“эрх барих байгууллага” гэж холбооны бүх гишүүдийн хурлыг;
4.1.3.“удирдах байгууллага” гэж холбооны удирдах зөвлөлийг;
4.1.4.“нийтэд тустай үйл ажиллагаа” гэж нийгмийн сайн сайхан, нийтлэг эрх ашгийн төлөө төлбөртэй болон төлбөргүй эрхлэн явуулах үйл ажиллагааг;
4.1.5.“мэргэжлийн холбоо” гэж нийтийн болон хувийн эрх зүйн хуулийн этгээдийн эрх, үүргийг хүлээж, хууль болон өөрийн дүрмээр зохион байгуулалт, үйл ажиллагаагаа зохицуулдаг, энэ хуулийн 33.1-д заасан эрх бүхий байгууллагаас эрх олгогдсон хуулийн этгээдийг.
5 дугаар зүйл.Төр, холбооны харилцаа.
5.1.Холбоо нь үйл ажиллагаагаа төрөөс хараат бусаар, өөрийгөө удирдан хууль тогтоомжийн хүрээнд явуулна.
5.2.Төрийн байгууллага нь үл ялгаварлах, тэгш боломж олгох, нээлттэй байх зарчмыг баримтлан холбоотой хууль тогтоомжийн хүрээнд харилцан хамтран ажиллана.
5.3.Мэргэжлийн холбоо нь хууль тогтоомжийн төсөл, захиргааны хэм хэмжээний актын төсөл боловсруулах, батлагдсан шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хүрээнд оролцох, хяналт тавих, шаардлага гаргах эрхтэй.
5.4.Холбоо нь Улсын Их Хурал, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаарх мэдээллийг хуульд заасны дагуу олж авах, түгээх, өөрийн байр сууриа илэрхийлэх эрхтэй.
5.5.Холбоо нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор холбогдох эрх бүхий этгээдэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй.
5.6.Холбооны зорилго, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцсэн байна.
6 дугаар зүйл.Холбооны эрхлэх аж ахуйн үйл ажиллагаа.
6.1.Холбоо нь дүрэмд заасан зорилго, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд холбооны эрхлэн явуулах нийт үйл ажиллагааны 50 хувиас хэтрүүлэхгүй аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болно.
6.2.Аж ахуйн үйл ажиллагаа нь холбооны үндсэн зорилго, гол үйл ажиллагаа байж болохгүй. Энэ хуулийн 6.1-д заасан 50 хувиас холбооны эрхлэн явуулж байгаа аж ахуйн үйл ажиллагаа хэтэрсэн бол уг холбоог үндсэн зорилгоо өөрчилсөнд тооцно.
6.3.Энэ хуулийн 6.1-д заасан холбооны эрхлэн явуулах нийт үйл ажиллагааны 50 хувийг тогтоох аргачлалыг санхүү, татварын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.4.Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх шийдвэрийг тухайн холбооны дүрэмд заасан эрх бүхий этгээд гаргана.
6.5.Холбооны аж ахуйн үйл ажиллагааны орлогод Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан орлого хамаарна
6.6.Холбоо нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж олсон орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилго, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд зарцуулна.
7 дугаар зүйл.Холбоо нийтэд тустай үйл ажиллагаа явуулах.
7.1.Холбоо нь өөрийн дүрэмд заасан үйл ажиллагааны зорилго, чиглэлтэй уялдуулан энэ хуулийн 35.2-т заасан нийтэд тустай үйл ажиллагааг төлбөртэй болон төлбөргүйгээр эрхлэн гүйцэтгэж болно.
7.2.Холбоо нь энэ хуулийн 35.2-т заасан нийтэд тустай үйл ажиллагааны нэг төрөл, эсхүл хэд хэдэн төрлийг холбооны дүрэмд заасан, зорилго чиглэлдээ уялдуулан явуулж болно.
8 дугаар зүйл.Холбоо төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх.
8.1.Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хуульд заасан зарим чиг үүргийг холбоогоор хуульд заасны дагуу, эсхүл гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан чиг үүрэгт нэг удаагийн шинжтэй ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх төрийн чиг үүрэг хамаарахгүй.
8.3.Холбоогоор гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийн жагсаалтыг Засгийн газар батална.
8.4.Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын чиг үүргийг холбоогоор гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг сонгон шалгаруулалтын дүн болон тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар гаргана.
8.5.Холбоог сонгон шалгаруулах, гэрээ байгуулахад дараах зарчмыг баримтална:
8.5.1.холбооны хараат бус байдлыг хүндэтгэх;
8.5.2.үл ялгаварлах, тэгш боломж олгох;
8.5.3.нээлттэй, ил тод байх;
8.5.4.ашиг сонирхлын зөрчилгүй байх.
8.6.Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын чиг үүргийн онцлогоос хамаарч хуулиар тусгай нөхцөл, шаардлага тогтоосныг энэ хуулийн 8.5-д заасныг зөрчсөнд тооцохгүй.
8.7.Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр олон улсын болон гадаад улсын холбоо, түүний салбар, төлөөлөгчийн газраар гүйцэтгүүлэхийг хориглоно.
8.8.Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор холбоог сонгон шалгаруулах, гэрээ байгуулах болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих журмыг Засгийн газар батална.
8.9.Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэж байгаа холбоо нь төрөөс санхүүжүүлсэн үйл ажиллагаанд хамаарах санхүүгийн тайландаа Аудитын тухай хуулийн 10.2.4-т заасан хугацаанд аудит хийлгэх үүрэгтэй.
9 дүгээр зүйл.Холбооны үйл ажиллагаанд хориглох зүйл, холбооны удирдлагад тавих хязгаарлалт.
9.1.Холбооны зорилго үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актад нийцсэн байх бөгөөд доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
9.1.1.улс төрийн нам, улс төрийн намын байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх;
9.1.2.холбоо нь шашин номлох, ухуулан дэлгэрүүлэх зэрэг шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах;
9.1.3.үндсэн зорилго, үйл ажиллагаагаа өөрчилж, ашгийн төлөө ажиллах, аливаа хэлбэрээр ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмнөөс хөрөнгийн баталгаа гаргах, нийтэд тустай үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааг явуулсан иргэний төлбөрийг төлөх, хандив өгөх;
9.1.4.улс төрийн нам болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчид эд хөрөнгийн болон бусад хэлбэрээр хандив өгөх;
9.1.5.өөрийн хөрөнгө борлуулсан, ашиглуулсан, түрээслүүлсэн, шилжүүлсэн болон аж ахуйн үйл ажиллагаа, нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлж олсон орлогоо дүрэмд заасан зорилгоос бусад зориулалтаар зарцуулах;
9.1.6.хуульд зааснаас бусад тохиолдолд иргэдийн эвлэлдэн нэгдэх, холбоо байгуулах, гишүүнээр элсэх, гишүүнчлэлээс татгалзах эрхийг хязгаарлах;
9.1.7.татварын ашиг хүртэх үндсэн зорилгоор Татварын ерөнхий хуулийн 16.1.1-д заасан татварын схем дангаараа болон бусад этгээдтэй хамтран зохион байгуулах;
9.1.8.нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр данс нээх, гүйлгээ хийх, хаагдсан данс ашиглах;
9.1.9.зохицуулалтгүй санхүүгийн сувгаар мөнгөн гүйлгээ хийх;
9.1.10.Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 14.2-т заасан үйл ажиллагаа болон тэдгээр этгээдтэй харилцаа холбоо тогтоох, санхүүжилт авах зэрэг үйл ажиллагааг явуулах;
9.1.11.хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гадуурхах;
9.1.12.хуулиар хориглосон бусад
9.2.Холбооны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд дараах этгээдийг ажиллахыг хориглоно:
9.2.1.төрийн үйлчилгээний албан тушаалтнаас бусад төрийн албан тушаалтан;
9.2.2.улс төрийн намын удирдлага, намын санхүүгийн албаны дарга, түүнтэй адилтгах албан тушаалтан;
9.2.3.Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 3.1.17-д заасан хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд болон тэдгээртэй хамаарал бүхий этгээд;
9.2.4.эрүүдэн шүүх, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээд.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ХОЛБООНЫ НЭР, ДҮРЭМ, БҮРТГЭЛ, ТАЙЛАГНАЛТ.
10 дугаар зүйл.Холбооны нэр.
10.1.Холбоо нь өөрийн нэртэй байна.
10.2.Холбооны нэр түүний зохион байгуулалт, хэлбэрийг тусгасан байна.
10.3.Холбооны хэлбэрээр байгуулагдсан ашгийн төлөө бус хуулийн этгээд нь өөрийн оноосон нэрний ард “бүртгэгдсэн холбоо”, “эдийн засгийн холбоо”, эсхүл мэргэжлийн холбоо нь “мэргэжлийн холбоо” гэсэн тэмдэглэгээг хэрэглэнэ.
10.4.Холбоо нь үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон үгийг нэрэндээ оролцуулж болно.
10.5.Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг, эсхүл нэгдсэн зорилгын төлөө ажилладаг холбоо, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулсан холбоо, мэргэжлийн холбоо, эсхүл хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн хуулийн этгээдээс бусад холбоо нь МОНГОЛЫН, ҮНДЭСНИЙ, НЭГДСЭН гэсэн үг оролцсон нэртэй байж болохгүй.
10 дугаар зүйл.Холбооны нэр.6. 10.6.Холбоо нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, холбогдох журамд заасны дагуу нэрээ баталгаажуулсан байна.
10 дугаар зүйл.Холбооны нэр.7. 10.7.Холбоо нь өөрийн бэлгэдэлтэй байж болно.
11 дүгээр зүйл.Холбооны дүрэм.
11.1.Холбоо нь хуулийн этгээд болохын хувьд дүрэмтэй байна.
11.2.Холбооны дүрэмд дараах зүйлийг тусгана:
11.2.1.нэр, оршин байгаа газар, хууль ёсны хаяг;
11.2.2.зорилго, үйл ажиллагааны чиглэл;
11.2.3.байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд, түүний эрх хэмжээ;
11.2.4.байгууллагын бүтэц, зохион байгуулалт;
11.2.5.дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам;
11.2.6.өөрчлөн байгуулах, татан буулгах үндэслэл, журам;
11.2.7.санхүүжилтийн эх үүсвэр;
11.2.8.хөрөнгийг бүртгэх, шилжүүлэх журам;
11.2.9.удирдах зөвлөлийн хуралдааны журам;
11.2.10.үүсгэн байгуулагч, гишүүний мэдээлэл;
11.2.11.холбооны гишүүний эрх, үүрэг;
11.2.12.гишүүний хураамжийн хэмжээ;
11.2.13.гишүүн элсүүлэх, гишүүнчлэлээс хасах, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх үндэслэл, журам, гишүүнчлэлээс гарах арга хэлбэр;
11.2.14.хэрэгжүүлэх үйл ажиллагаа, санхүүжилт болон зарцуулалтыг олон нийтэд нээлттэй тайлагнах журам;
11.3.Дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх, дүрэмд орсон өөрчлөлтийн талаар холбогдох татварын албанд мэдээлнэ.
12 дугаар зүйл.Холбоог үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх.
12.1.Холбоо байгуулахаар тохиролцсон 5-аас доошгүй этгээд холбоог үүсгэн байгуулна..
12.2.Холбоо үүсгэн байгуулах хурлыг энэ хуулийн 12.1-д заасан этгээд зохион байгуулж, уг хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
12.2.1.холбоо үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргах;
12.2.2.холбооны дүрмийг батлах;
12.2.3.удирдах зөвлөлийг сонгох;
12.2.4.холбооны тэмдэг, хэвлэмэл хуудасны загвар батлах.
12.3.Хуульд өөрөөр заагаагүй бол холбоог татварын өргүй дараах этгээд үүсгэн байгуулж болно:
12.3.1.Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн;
12.3.2.төрийн байгууллага, улсын төсөвт болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газар, нийтийн эрх зүйн хуулийн этгээдээс бусад хуулийн этгээд;
12.3.3.Монгол Улсад хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүн.
12.4.Энэ хуулийн 12.2-т заасан үүсгэн байгуулах хурлын шийдвэрээр холбоог үүсгэн байгуулна.
12.5.Ашгийн төлөө хуулийн этгээд нь эдийн засгийн холбоо үүсгэн байгуулж болно.12.6.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 5-д заасны дагуу гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад холбоо байгуулах эрхэнд хуулиар хязгаарлалт тогтоож болно
12.7.Холбоог үүсгэн байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор холбоог улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийг хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад өгнө.
12.8.Энэ хуулийн 12.7-д заасан хугацаанд бүртгүүлээгүй бол үүсгэн байгуулах хурлыг дахин хуралдуулж, үүсгэн байгуулах эсэх шийдвэрийг гаргах арга хэмжээг авна.
12.9.Холбоо нь улсын бүртгэлд бүртгүүлсэн үеэс эхлэн хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээж, өөрийн нэрээр үйл ажиллагаа явуулна.
12.10.Холбоог улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасахтай холбогдох харилцааг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна.
12.11.Татварын алба нь улсын бүртгэлийн байгууллагын мэдээлэлд үндэслэн шинээр байгуулагдсан холбоог Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчөөр бүртгэж, хувийн хэрэг үүсгэнэ.
13 дугаар зүйл.Холбооны тайлан.
13.1.Холбоо нь үйл ажиллагаагаа хууль, дүрэмд заасны дагуу тайлагнана.
13.2.Нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлж байгаа холбоо, эсхүл мэргэжлийн холбоо нь үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа дараа жилийн эхний улиралд багтаан Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлд хүргүүлнэ.
13.3.Холбоо хууль, эсхүл гэрээний дагуу төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын чиг үүргийг гүйцэтгэсэн бол тус үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гэрээнд заасан журмаар тухайн гэрээ байгуулсан төрийн байгууллага болон Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлд дараа жилийн эхний улиралд багтаан хүргүүлнэ.
13.4.Энэ хуулийн 13.2, 13.3-т зааснаас бусад холбоо үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлд ирүүлж болно.
13.5.Холбоо үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл болон энэ хуулийн 13.3-т заасан төрийн байгууллагын цахим хуудсанд байршуулахаар хүргүүлнэ.
13.6.Энэ хуулийн 13.2-т заасан холбооны үйл ажиллагааны тайланг энэ хуулийн 35.6-д заасан маягтын дагуу гаргана.
13 дугаар зүйл.Холбооны тайлан.7. 13.7.Энэ хуулийн 13.2, 13.3-т заасан холбоо үйл ажиллагааны болон санхүүгийн жилийн тайлангаа олон нийтэд нээлттэй байлгана.
13.8.Холбоо дүрэмдээ заасны дагуу үйл ажиллагаа, санхүүжилт, түүний зарцуулалтыг гишүүддээ тайлагнах бөгөөд санхүүжүүлэгч болон хамтран ажилладаг бусад этгээдэд тайлагнах үүрэг нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ, хэлцлээр тодорхойлогдоно.
13.9.Холбоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу татварын тайлан гаргаж, харьяа татварын албанд тайлагнана.
13.10.Холбоо үйл ажиллагааны тайлангаа цахимаар хүргүүлж болно. Энэ тохиолдолд тайлан хүлээн авах байгууллагад мэдэгдэнэ.
13.11.Холбоо албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаандаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан албан хэрэг хөтлөлт болон байгууллагын архивт баримтлах журмыг мөрдөнө.
14 дүгээр зүйл.Холбооны санхүүжилт.
14.1.Холбооны санхүүжилтийн эх үүсвэр нь хууль ёсны байх бөгөөд дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
14.1.1.Монгол Улсын болон гадаад улс, олон улсын байгууллага, хувь хүн, хуулийн этгээдээс өгсөн хандив, тусламж;
14.1.2.нийтэд тустай үйл ажиллагаа явуулсны төлөө төрөөс үзүүлсэн мөнгөн болон бусад хэлбэрийн санхүүгийн дэмжлэг;
14.1.3.гишүүнчлэлийн хураамж;
14.1.4.төрөөс энэ хуулийн 8.1-д заасан үндэслэлээр олгосон санхүүжилт;
14.1.5.аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;
14.1.6.өвлөж авсан өв;
14.1.7.хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
14.2.Холбоонд өгсөн хандив, гэрээслэлээр өвлүүлсэн эд хөрөнгө нэг сая төгрөгөөс дээш бол хандив, өвлүүлэгч иргэн, байгууллагын нэр, зүйлийн жагсаалтыг холбооны тайланд оруулна.
14.3.Гадаад улсын тусгай албад, түүний халхавч байгууллага болон үндэсний эв нэгдлийг бусниулах, мөнгө угаах, террорист болон экстремист үйл ажиллагаа явуулдаг, санхүүжүүлдэг байгууллага, хувь хүнээс, эсхүл хандивлагч нь тодорхойгүй санхүүжилт авахыг хориглоно.
14.4.Энэ хуулийн 14.3-т заасан хувь хүн, байгууллагын талаарх мэдээллийг цагдаагийн болон авлигатай тэмцэх, тагнуулын байгууллага хамтран гаргаж нээлттэй мэдээлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ ХОЛБООНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ.
15 дугаар зүйл.Холбооны удирдлага, зохион байгуулалт.
15.1.Холбооны эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.
15.2.Холбооны удирдах байгууллага нь удирдах зөвлөл байна.
15.3.Холбоо нь хяналтын хороо болон холбооны өдөр тутмын үйл ажиллагааг явуулах гүйцэтгэх захиралтай байна.
16 дугаар зүйл.Холбоог төлөөлөх эрх.
16.1.Хуульд өөрөөр заагаагүй бол холбоог удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал тус тус төлөөлнө.
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан этгээд нь холбоог төлөөлөх эрхийг бусдад бичгээр шилжүүлж болно.
16.2.Дараах шинжийг агуулсан бол холбооны удирдлага, гишүүний шийдвэр, үйл ажиллагааг тухайн холбооны шийдвэр, үйл ажиллагаанд тооцно:
16.2.1.төлөөлөх эрх бүхий этгээд холбооны нэрийн өмнөөс, холбооны ашиг сонирхлын төлөө дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргасан, эсхүл зөвшөөрөл өгсөн бол;
16.2.2.холбоог төлөөлөх эрхгүй этгээдээс холбооны ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулсан, эсхүл бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тухайн холбооны удирдлага мэдсэн боловч таслан зогсоох арга хэмжээ аваагүй бол.
17 дугаар зүйл.Бүх гишүүдийн хурлын бүрэн эрх.
17.1.Бүх гишүүдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1.дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
17.1.2.удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, огцруулах;
17.1.3.холбооны жилийн төсвийн төслийг батлах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;
17.1.4.холбоонд гишүүн элсүүлэх, гишүүнээс хасах, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх тухай шийдвэр гаргах;
17.1.5.салбар, төлөөлөгчийн газар байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох;
17.1.6.гишүүн нь өөр холбоо, сангийн гишүүн, үүсгэн байгуулагч болох эсэх асуудлаар шийдвэр гаргах;
17.1.7.холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах;
17.1.8.хууль болон холбооны дүрэмд заасан бусад бүрэн эрх.
17.2.Бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус хуралдааны хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ
17.3.Энэ хуулийн 17.1.3, 17.1.4, 17.1.6-д заасан холбооны бүх гишүүдийн хурлын бүрэн эрхийг холбооны дүрмээр удирдах зөвлөлд шилжүүлж болно.
18 дугаар зүйл.Холбоонд гишүүн элсүүлэх.
18.1.Хуульд өөрөөр заагаагүй бол холбооны гишүүнчлэл сайн дурын байна.
18.2.Холбоо байгуулагдсаны дараа түүнд гишүүнээр элсэх, гишүүнчлэлээс гарах эрх нээлттэй байна.
18.3.Дүрэмд өөрөөр заагаагүй бол гишүүн элсүүлэх тухай шийдвэрийг бүх гишүүдийн хурал гаргана.
18.4.Холбоо гишүүдийн бүртгэлийг заавал хөтөлнө.
18.5.Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн холбоонд гишүүнээр элсэхэд тавигдах шаардлага, шалгуурыг холбооны дүрмээр тодорхойлно.
19 дүгээр зүйл.Холбооны гишүүнчлэл дуусгавар болох үндэслэл.
19.1.Холбооны гишүүнчлэл дараах үндэслэлээр дуусгавар болно:
19.1.1.өөрийн хүсэлтээр холбооны гишүүнээс гарсан
19.1.2.гишүүн нас барсан, эсхүл шүүхээс тухайн хүнийг эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцсон, гишүүн байгууллага татан буугдсан;
19.1.3.холбооны үйл ажиллагаа дуусгавар болсон;
19.1.4.холбооны гишүүнчлэлээс хасагдсан.
19.2.Гишүүнчлэл нь дуусгавар болсон этгээдийн тухайн холбоонд төлсөн гишүүний хураамжийг буцаан олгохгүй.
19.3.Дүрэмд өөрөөр заагаагүй бол холбооны гишүүнчлэлээс гарахдаа энэ тухайгаа бичгээр, эсхүл дүрэмд заасан арга хэлбэрээр мэдэгдэнэ.
20 дугаар зүйл.Холбооны гишүүнчлэлээс хасах.
20.1.Холбооны гишүүнчлэлээс зөвхөн дүрэмд заасан үндэслэлээр хасна.
20.2.Холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол гишүүнчлэлээс хасах шийдвэрийг бүх гишүүдийн хурал гаргана.
20.3.Холбооны гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргах хуралд тухайн гишүүн, гишүүн байгууллагын төлөөллийг оролцуулна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд оролцоогүй бол түүний эзгүйд уг шийдвэрийг гаргаж болно.
20.4.Гишүүнчлэлээс хасах тухай шийдвэрийг тухайн этгээдэд даруй бичгээр мэдэгдэнэ.
20.5.Гишүүнчлэлээс хассантай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх журмыг холбооны дүрэмд зааж болох бөгөөд дүрэмд заагаагүй бол шүүхэд гомдол гаргаж болно
20.6.Холбооны үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар оролцоогүй, дүрмээр тогтоосон хугацаанд гишүүнчлэлийн хураамжаа удаа дараа төлөөгүй гишүүний эрхийг тодорхой хугацааны дараа шууд зогсоох, тухайн холбооны гишүүнчлэлээс хасах тухай дүрэмд зааж болно.
21 дүгээр зүйл.Холбооны гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх.
21.1.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эрх, үүргээ биечлэн болон төлөөллөөрөө дамжуулан хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлд өөрийнх нь хүсэлтээр холбооны гишүүний эрхийг түдгэлзүүлж болно
21.2.Холбооны гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх үндэслэл, хугацааг холбооны дүрмээр тогтооно.
21.3.Холбооны дүрэмд заасан бол гишүүний эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд гишүүний хураамжаас чөлөөлж болно.
22 дугаар зүйл.Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах.
22.1.Дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулна.
22.2.Дүрэмдээ заасан бол бүх гишүүдийн ээлжит хурлыг цахимаар явуулж болно.
22.3.Хурлын тов, хэлэлцэх асуудлыг удирдах зөвлөл тогтооно.
22.4.Холбооны нийт гишүүдийн гуравны нэгээс дээш гишүүдийн саналаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
22.5.Дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлын зарыг хурал болохоос 30 хоногийн өмнө гишүүдэд хүргэнэ. Хурлын зараар хурал болох газар, огноо, цаг, хэлэлцэх асуудлыг мэдээлнэ.
22.6.Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлөөс ээлжит бус хурлын товыг энэ хуулийн 22.3-т заасан санал гарснаас хойш 10 хоногийн дотор багтаан товыг тогтоож, хурал болох газар, огноо, цаг, хэлэлцэх асуудлыг гишүүдэд мэдээлнэ.
22.7.Удирдах зөвлөл нь ээлжит бус хурлын товыг энэ хуулийн 22.6-д заасан хугацаанд багтаан товлоогүй бол санаачилга гаргасан гишүүд хурлын товыг тогтоож болно.
22.8.Холбооны гишүүдэд ээлжит болон ээлжит бус хурлын зар хүрээгүй бөгөөд үүнийг санаатайгаар хүргүүлээгүй гэж үзвэл сонирхогч гишүүн шүүхэд гомдол гаргаж болно.
22.9.Шүүх энэ хуулийн 22.8-д заасан гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл удирдах зөвлөлийн хурлыг дахин хуралдуулах шийдвэр гаргаж, үүнтэй холбогдон гарах зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.
23 дугаар зүйл.Бүх гишүүдийн хурал болон түүний шийдвэр хүчин төгөлдөр болох
23.1.Холбооны нийт гишүүдийн олонх оролцсоноор бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр болно.
23.2.Бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүн тус бүр нэг саналын эрхтэй байна.
23.3.Бүх гишүүдийн хуралд оролцох гишүүн байгууллагын төлөөллийг тухайн байгууллагын дүрэмд заасан эрх бүхий этгээд томилно
23.4.Холбооны дүрэмд заасан бол холбооны гишүүн дараах тохиолдолд саналын эрхээсээ татгалзаж болно:
23.4.1.нэг гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнтэй холбоотой асуудал хэлэлцэх бол;
23.4.2.тухайн гишүүн, эсхүл түүний ажилладаг хуулийн этгээдтэй холбоотой асуудал хэлэлцэх бол.
23.5.Бүх гишүүдийн хурлаас гарах шийдвэр хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно.
23.6.Дүрэмд өөрөөр заагаагүй бол хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй зүйлийг хурлаар хэлэлцүүлэхийг холбооны гишүүн санаачилж болох бөгөөд тухайн асуудлыг хэлэлцэх эсэхийг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
23.7.Бүх гишүүдийн хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд дүрэмд өөрөөр заагаагүй бол түүнд хурал даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.
23.8.Хуралдааны тэмдэглэл дараах мэдээллийг агуулсан байна:
23.8.1.хурал болсон, газар, огноо, дугаар;
23.8.2.хурал даргалагчийн нэр;
23.8.3.хурлаар хэлэлцсэн асуудал;
23.8.5.хэлэлцсэн асуудал тус бүрээр зөвшөөрсөн, татгалзсан саналын тоо, гарсан шийдвэрийн бүрэн томьёолол.
23.9.Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хууль, холбооны дүрэмтэй зөрчилдсөн гэж үзвэл сонирхогч этгээд энэ тухай шүүхэд гомдол гаргаж болно.
24 дүгээр зүйл.Удирдах зөвлөл.
24.1.Удирдах зөвлөлийн гишүүнийг бүх гишүүдийн хурлаас сонгоно.
24.2.Удирдах зөвлөлийн гишүүд дотроосоо даргаа сонгоно.
24.3.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд зөвлөлийн дарга, гишүүд, дүрэмд заасан бол хараат бус гишүүн байна.
24.4.Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, улируулан сонгох эсэхийг дүрмээр зохицуулна.
24.5.Хуульд зааснаас бусад тохиолдолд удирдах зөвлөлийн гишүүний эрх, үүргийг тухайн холбооны онцлогт тохируулан дүрмээр тодорхойлж болно.
24.6.Удирдах зөвлөл холбоог төлөөлөн шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
24.7.Удирдах зөвлөлийн дарга, гишүүн үүргээ гүйцэтгэснийхээ төлөө тухайн холбооноос цалин, урамшуулал авахгүй.
24.8.Удирдах зөвлөлийн дарга, гишүүнд зөвлөлийн хуралд оролцохтой холбоотой гарсан зардлыг дүрэмд зааснаар олгож болно.
25 дугаар зүйл.Удирдах зөвлөлийн хурал.
25.1.Удирдах зөвлөл нь бүх гишүүдийн хурлын өмнө ажлаа хариуцна.
25.2.Удирдах зөвлөлийн хуралд оролцсон гишүүн бүр нэг саналын эрхтэй байна.
25.3.Удирдах зөвлөлийн хурлаас гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлнө
26 дугаар зүйл.Удирдах зөвлөлийн даргын эрх, үүрэг.
26.1.Удирдах зөвлөлийн дарга дараах эрхтэй:
26.1.1.удирдах зөвлөлийн хурлыг даргалах;
26.1.2.бүх гишүүдийн хурлаас олгосон бүрэн эрхийн хүрээнд холбоог төлөөлөх
26.1.3.холбооны дүрэмд заасан бусад.
26.2.Удирдах зөвлөлийн дарга нь дараах үүрэгтэй:
26.2.1.дүрэмд өөрөөр заагаагүй бол холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг жил бүр бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;
26.2.2.бүх гишүүдийн хурлаас гаргасан шийдвэрийн биелэлт, холбооны гишүүдийн бүртгэлийн хөтлөлт хуульд заасан журмын дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих;
26.2.3.удирдах зөвлөлөөс зөвлөлийн гишүүнд өгсөн үүргийн биелэлтэд хяналт тавих;
26.2.4.холбооны дүрэмд заасан бусад үүрэг.
26.3.Удирдах зөвлөлийн даргад энэ хуулийн 26.1, 26.2-т зааснаас бусад нэмэлт эрх олгож, үүрэг хүлээлгэх бол холбооны дүрэмд заана.
27 дугаар зүйл.Гүйцэтгэх захирлын эрх, үүрэг.
27.1.Гүйцэтгэх захирал дараах эрхтэй
27.1.1.удирдах зөвлөлөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд холбоог төлөөлөн гэрээ, хэлцэл хийх;
27.1.2.дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд холбооны эд хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах;
27.1.3.холбооны дүрэмд заасан бусад.
27.2.Гүйцэтгэх захирал дараах үүрэгтэй:.
27.2.1.холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
27.2.2.Нягтлан бодох бүртгэлийг хуульд заасан журмын дагуу хөтлөх ажлыг зохион байгуулах;
27.2.Гүйцэтгэх захирал дараах үүрэгтэй:.3. 27.2.3.санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хуульд заасан журмын дагуу гаргаж, эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэх холбогдох байгууллагад хүргүүлэх;
27.2.4.холбооны гишүүдийн бүртгэлийг хөтлөх ажлыг зохион байгуулах;
27.2.5.холбооны дүрэмд заасан бусад.
27.3.Гүйцэтгэх захиралд энэ хуулийн 27.1, 27.2-т зааснаас бусад нэмэлт эрх олгож, үүрэг хүлээлгэх бол холбооны дүрэмд заана.
27.4.Гүйцэтгэх захирлын үүргийг багийн зарчмаар гүйцэтгүүлж болно.
27.5.Гүйцэтгэх захирлын цалин хөлсийг удирдах зөвлөлийн хурлаас тогтооно.
28 дугаар зүйл.Хяналтын хороо.
28.1.Удирдах зөвлөлөөс холбооны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороог байгуулна.
28.2.Хяналтын хорооны гишүүдийг удирдах зөвлөлөөс томилох бөгөөд бүрэлдэхүүнд гүйцэтгэх удирдлага, гүйцэтгэх албан тушаалтнаас оролцуулахыг хориглоно.
28.3.Шаардлагатай тохиолдолд холбооны үйл ажиллагаанд аудит хийлгэх саналыг удирдах зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
28.4.Хяналтын хороо ажлаа удирдах зөвлөлийн өмнө тайлагнана.
28.5.Хяналтын хороог мэдээллээр хангах үүргийг гүйцэтгэх захирал хариуцна.
28.6.Хяналтын хорооны үйл ажиллагааны зардал, гишүүдэд олгох урамшууллыг удирдах зөвлөлөөс тогтооно.
29 дүгээр зүйл.Холбооны салбар, төлөөлөгчийн газар.
29.1.Холбоо нь салбар, төлөөлөгчийн газар байгуулж болно.
29.2.Холбооны салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд түүний эрх, үүргийг тухайн холбооны дүрмээр тодорхойлно.
29.3.Салбар, төлөөлөгчийн газрын удирдлагыг тухайн холбооны дүрэмд заасан эрх бүхий байгууллага томилно.
29.4.Салбар, төлөөлөгчийн газар нь гагцхүү түүнийг байгуулсан холбооны нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулна.
29.5.Холбоо салбар, төлөөлөгчийн газар байгуулсан, үйл ажиллагааг нь зогсоосон бол хуульд заасны дагуу улсын бүртгэлийн газар, татварын албанд бүртгүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ХОЛБООГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ.
30 дугаар зүйл.Холбоог өөрчлөн байгуулах.
30.1.Холбоог түүний эрх барих байгууллагын шийдвэрээр хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулж болно.
30.2.Холбооны хэлбэрийг өөрчилж, ашгийн төлөө хуулийн этгээд болгон өөрчлөн байгуулахыг хориглоно.
30.3.Холбоо энэ хуулийн 30.2-т зааснаас бусад үндэслэлээр өөрчлөн байгуулсан бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
31 дүгээр зүйл.Холбоог татан буулгах.
31.1.Холбоог дараах үндэслэлээр татан буулгаж болно:
31.1.1.үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан, зорилгодоо хүрсэн, эсхүл дүрэмд заасан бусад үндэслэлээр сайн дураараа татан буугдах талаар эрх барих байгууллагын шийдвэр гарсан;
31.1.2.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан үндэслэлээр дампуурсанд тооцсон;
31.1.3.энэ хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.3, 9.1.11-д заасныг зөрчсөн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон;
31.1.4.шүүхийн шийдвэрээр Эрүүгийн хуульд заасан татан буулгах арга хэмжээ авагдсан;
31.1.5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу бүртгэлээс хасагдах нөхцөл байдал үүссэн;
31.1.6.хэлбэрээ өөрчилж, ашгийн төлөө хуулийн этгээд болсон.
31.2.иргэний хэргийн шүүх энэ хуулийн 31.1.2, 31.1.3-т заасан үндэслэлээр, эрүүгийн хэргийн шүүх 31.1.4-т заасан үндэслэлээр холбоог татан буулгана.
31.3.Энэ хуулийн 31.1.5, 31.1.6-д заасан үндэслэлээр холбоог улсын бүртгэлээс хасах шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллага гаргана.
31.4.Шүүхэд холбоог татан буулгах тухай гомдлыг энэ хуулийн 31.1.2-т заасан үндэслэлээр Дампуурлын тухай хуулийн 5.1-д заасан этгээд, энэ хуулийн 31.1.3-т заасан үндэслэлээр сонирхогч этгээд гаргана.
31.5.Шүүх болон энэ хуулийн 31.2-т заасан эрх бүхий этгээд нь холбоог татан буулгах асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлийн гишүүнийг шинжээчээр оролцуулж болно.
31.6.Энэ хуулийн 31.1.1, 31.1.2, 31.1.3, 31.1.4-т заасан үндэслэлээр холбоог татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий этгээд шийдвэрээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23.1-д заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллага болон холбогдох татварын албанд мэдэгдэнэ
31.7.Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан шийдвэр гаргасан эрх бүхий этгээд уг шийдвэрийг гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлд бичгээр мэдэгдэх бөгөөд татан буулгах тухай шийдвэрийн эх хувийг мэдэгдэлд хавсаргасан байна.
32 дугаар зүйл.Татан буугдах үеийн эд хөрөнгийн зохицуулалт.
32.1.Татан буугдаж байгаа холбооны хөрөнгөөс шаардах эрх бүхий харилцагчийн үүргийн гүйцэтгэлийг хангасны дараа үлдсэн эд хөрөнгийг бусдад хуваарилан олгохыг хориглоно.
32.2.Татан буугдаж байгаа холбооны эрх барих байгууллага нь үлдсэн хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий нэг, эсхүл хэд хэдэн холбоонд шилжүүлэхээр шийдвэрлэж болно.
32.3.Хэрэв энэ хуулийн 32.2-т заасан шийдвэр гараагүй бол үлдсэн хөрөнгийг түүнтэй зорилго нэг буюу ижил төстэй зорилго бүхий нэг, эсхүл хэд хэдэн холбоонд, ийм этгээд байхгүй тохиолдолд түүний дүрэмд заасан зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зориулан зарцуулахаар Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих санд шилжүүлнэ.
32.4.Энэ хуулийн 32.3-т заасан шийдвэрийг Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлийн саналыг харгалзан татан буулгах комисс гаргана.
ТАВДУГААР БҮЛЭГ ОНЦЛОГ БҮХИЙ ХОЛБОО.
33 дугаар зүйл.Мэргэжлийн холбоо.
33.1.Тухайн салбар дахь мэргэжлийн холбоог сонгон шалгаруулах, хамтран ажиллах асуудлыг Засгийн газраас баталсан журмын дагуу тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл Улсын Их Хурлаас байгуулдаг тухайн асуудлыг хариуцсан байгууллага шийдвэрлэнэ.
33.2.Мэргэжлийн холбоо нь нийтийн эрх ашигт үйлчлэх зорилготой, тухайн салбарын хүрээнд тодорхой зохицуулалтад хамрагдах этгээдийн олонхыг, эсхүл харьцангуй олонхыг нэгтгэсэн гишүүнчлэлтэй байна.
33.3.Мэргэжлийн холбоонд тавигдах тусгай шаардлагыг холбогдох хуулиар тогтоож болно.
33.4.Мэргэжлийн холбооны гишүүн нь тодорхой мэргэжилтэн, эсхүл хуулийн этгээд, эсхүл тэдгээрийг нэгтгэсэн холбоо байж болно.
33.5.Мэргэжлийн холбоо нь төрийн байгууллагатай дараах хэлбэрээр хамтран ажиллахад давуу эрх эдэлнэ:
33.5.1.салбарын хүрээнд хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, хэрэгжүүлэх, хяналт тавих ажиллагаанд гишүүдээ төлөөлөн оролцох;
33.5.2.салбарын хүрээнд мэргэжилтнийг давтан сургах, мэргэжлийн арга зүйгээр хангах үйл ажиллагаа эрхлэх;
33.5.3.төрийн байгууллагаас олгосон эрх хэмжээний хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, мэргэжлийн зэрэг олгох, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;
33.5.4.мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах журам, ёс зүйн дүрмийг баталж, мөрдүүлэх;
33.5.5.хуульд заасан бол салбарын мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх.
33.6.Мэргэжлийн холбоо нь мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн болон хариуцлага, хяналтыг хэрэгжүүлэх дүрэмтэй байна.
33.7.Тухайн салбарт асуудлыг дагнан хариуцах чиг үүрэг бүхий хэд хэдэн мэргэжлийн холбоо байж болно.
33.8.Салбарын онцлог, чиг үүргийн ялгаатай байдлыг харгалзан мэргэжлийн холбоонд энэ хуулийн 33.5-д зааснаас гадна тусгай давуу эрхийг хуулиар олгож болно.
33.9.Тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл Улсын Их Хурлаас байгуулдаг тухайн асуудлыг хариуцсан байгууллага нь энэ хуулийн 33.2, 33.3-т заасан шаардлагыг хангахгүй болсон, эсхүл энэ хуулийн 31.1.4-т заасан үндэслэлээр мэргэжлийн холбооны эрхийг хүчингүй болгоно.
33.10.Мэргэжлийн холбоог сонгон шалгаруулах, хамтран ажиллах журмыг Засгийн газар батална.
33.11.Мэргэжлийн холбоо нь энэ хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан холбооны хэлбэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.
33.12.Энэ хуульд зааснаас бусад мэргэжлийн холбоодтой холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулж болно.
34 дүгээр зүйл.Эдийн засгийн холбоо.
34.1.Өөрсдийн нийтлэг ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор ашгийн төлөө хуулийн этгээдүүд нэгдэн эдийн засгийн холбоог байгуулж болно.
34.2.Эдийн засгийн холбоо нь энэ хуулийн 9.1, 9.2, Өрсөлдөөний тухай хуулийн 7, 9, 11, 12 дугаар зүйлд заасан зах зээлд монополь, давамгай байдал тогтоох, өрсөлдөөнийг хязгаарлах үйл ажиллагаа явуулахыг хориглохоос гадна, валютын ханшид нөлөөлөхөд чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
34.3.Энэ хуулийн 34.2-т заасан үйл ажиллагаа явуулсан нь тухайн эдийн засгийн холбоог татан буулгах үндэслэл болно.
34.4.Эдийн засгийн холбоо нь энэ хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан холбооны хэлбэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ НИЙТЭД ТУСТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА.
35 дугаар зүйл.Нийтэд тустай үйл ажиллагаа, түүний төрөл.
35.1.Ашгийн төлөө бус хуулийн этгээд нь өөрийн дүрэмд заасан үйл ажиллагааны зорилго, чиглэлтэй уялдуулан нийтэд тустай үйл ажиллагааг төлбөртэй болон төлбөргүйгээр эрхлэн гүйцэтгэж болно.
35.2.Дараах үйл ажиллагааг нийтэд тустай үйл ажиллагаанд хамруулна:
35.2.1.нийгмийн хамгааллыг сайжруулах буюу Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2, 3.1.5-д заасан этгээдэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ, ажил мэргэжил олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа;
35.2.2.нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, нийтийн биеийн тамирыг дэмжих зэрэг эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа;
35.2.3.иргэний болон хүний эрхийн боловсролыг дэмжих, хүүхэд, залуучуудын хөгжил, хүмүүжил төлөвшил, чөлөөт цагаа зөв өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг боловсролыг дэмжих үйл ажиллагаа;
35.2.4.нийгмийн шударга ёс, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх;
35.2.5.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, ялгаварлан гадуурхалтыг устгах;
35.2.6.хүрээлэн байгаа орчныг хамгаалах;
35.2.7.шинжлэх ухаан, технологийн дэвшлийг дэмжих;
35.2.8.нийгэм, эдийн засгийн хөгжлийг хөхүүлэн дэмжих;
35.2.9.соёл, урлагийн болон түүх, өв, уламжлалыг хадгалж, хамгаалах, хөгжүүлэх;
35.2.10.ядуурлыг бууруулах;
35.2.11.гамшгаас хамгаалах, хүмүүнлэгийн үйл ажиллагаа;
35.2.12.цөөнхийн эрх ашгийг хамгаалах;
35.2.13.хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах;
35.2.14 хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалах;
35.2.15.үндэсний аюулгүй байдал, эв санааны нэгдэл, энх тайван найрамдлыг бэхжүүлэх;
35.2.16.төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
35.3.Төрөөс тэргүүн ээлжид дэмжлэг үзүүлэх нийтэд тустай үйл ажиллагааны чиглэлийг энэ хуулийн 35.2-т заасан хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигтэй уялдуулан Засгийн газар 2 жил тутам тогтооно.
35.4.Ашгийн төлөө бус хуулийн этгээд нь төлбөртэй гүйцэтгэсэн нийтэд тустай үйл ажиллагаанаас олсон орлогыг зөвхөн дүрэмд заасан үйл ажиллагаанд зарцуулна.
35.5.Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлд цахим, эсхүл цаасан хэлбэрээр ирүүлэх нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагааны тайланд дараах мэдээллийг тусгасан байна:
35.5.1.нэр, оршин байгаа хаяг;
35.5.2.нийтэд тустай үйл ажиллагааны чиглэл, зорилго, хэрэгжүүлсэн газар, хугацаа, үйл ажиллагаанд хамрагдсан иргэд, нийгмийн бүлгийн болон үйл ажиллагааны үр дүнгийн талаар;
35.5.3.нийтэд тустай үйл ажиллагааны санхүүжилт, түүний зарцуулалт;
35.5.4.нийтэд тустай үйл ажиллагааг төлбөртэй явуулсан бол олсон орлого, түүний зарцуулалтын зорилго, чиглэл, зарцуулалтын санхүүгийн тайлан.
35.6.Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нийтэд тустай үйл ажиллагааны тайлангийн маягтыг Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл батална.
35.7.Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл нь ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нийтэд тустай үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийлгүүлж болно. Аудитын зардлыг тухайн ашгийн төлөө бус хуулийн этгээд хариуцна
36 дугаар зүйл.Нийтэд тустай үйл ажиллагааг дүгнэх.
36.1.Энэ хуулийн 13.2, 13.3-т Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлд ирүүлсэн тайланг хүлээн авснаас хойш 45 хоногт багтаан хянаад уг үйл ажиллагааны үр дүнг үнэлж, дүгнэн, мэдээллийн санд оруулна.
36.2.Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл нь ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэсэн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг өөрийн цахим хуудсанд 30 хоногийн хугацаанд байршуулж, гомдол, мэдээллийг нээлттэй хүлээн авна.
36.3.Энэ хуулийн 36.1-д заасан дүгнэлтийг тухайн ашгийн төлөө бус хуулийн этгээдэд болон харьяа салбарын төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх бөгөөд Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
36.4.Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13.4, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.3-т заасан тайланг Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл дүгнэхгүй бөгөөд өөрийн үйл ажиллагааг Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан сурталчлах, нийтэд тустай үйл ажиллагаа эрхлэхэд Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлөөс дэмжлэг үзүүлнэ.
37 дугаар зүйл.Төрөөс нийтэд тустай үйл ажиллагаа эрхлэгч ашгийн төлөө бус хуулийн этгээдэд үзүүлэх дэмжлэг.
37.1.Төрөөс нийтэд тустай үйл ажиллагааг тогтмол, эсхүл хариу төлбөргүй эрхэлж байгаа ашгийн төлөө бус хуулийн этгээдэд энэ хуулийн 36.1-д заасан дүгнэлтийг үндэслэн дараах дэмжлэг үзүүлж болно:
37.1.1.иргэний нийгмийн хөгжлийг дэмжих данснаас энэ хуулийн 40.5-д заасан журмын дагуу мөнгөн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлэх;
37.1.2.хуульд заасны дагуу төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг санхүүжилтийн хамт давуу эрхтэйгээр гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлэх;
37.1.3.холбогдох хуульд заасан журмын дагуу төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах;
37.1.4.Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татвар ногдох орлогоос хуульд заасан хасагдах зардлыг хасаж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх.
37.2.Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн нийтэд тустай үйл ажиллагааг 2 жил, түүнээс дээш хугацаагаар эрхэлж байгаа ашгийн төлөө бус хуулийн этгээдийг нийтэд тустай үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг гэж тооцно
37.3.Энэ хуулийн 36.1-д заасан нийтэд тустай үйл ажиллагааг дүгнэх, 37.1-д заасан дэмжлэгийг үзүүлэх нөхцөл, хугацаа, журмыг Засгийн газар батална.
ДОЛООДУГААР БҮЛЭГ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛ.
38 дугаар зүйл.Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл.
38.1.Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ нь орон тооны бус 9 гишүүнтэй байх бөгөөд ажлын албатай байна.
38.2.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зөвлөлийн гишүүнээр батламжилснаас хойш 3 жил байна.
38.3.Зөвлөлийн гишүүн болох хүсэлтэй иргэн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлэх талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор нэр дэвших тухай хүсэлтээ Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлийн ажлын алба /цаашид “ажлын алба” гэх/-д ирүүлнэ.
38.4.Нэр дэвших хүсэлт гаргагч нь дараах салбарын зөвхөн аль нэг салбарт хүсэлтээ гаргана:
38.4.1.хүний эрх, ардчилал, сайн засаглал;
38.4.2.нийгмийн хамгаалал, халамж, үйлчилгээ;
38.4.3.боловсрол, соёл, шинжлэх ухаан;
38.4.4.эрүүл мэнд, сонирхогчдын спорт;
38.4.5.байгаль орчныг хамгаалах;
38.4.6.гамшгаас хамгаалах, хүмүүнлэгийн үйл ажиллагаа;
38.4.7.хүнс хөдөө аж ахуйн;
38.5.Хэрэв нэр дэвших хүсэлтийг салбар тус бүрд 3, эсхүл түүнээс доош иргэн гаргасан тохиолдолд бүртгэх хугацааг дахин 10 хоногоор сунгаж болно.
38.6.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө ажлын алба зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж, хүсэлтийг хүлээн авна.
38.7.Ажлын алба зөвлөлийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулах ажлын хэсгийг байгуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 11 гишүүнтэй байна.
38.8.Энэ хуулийн 38.6-д заасан ажлын хэсэг зөвлөлийн гишүүний орон тоонд нэр дэвших хүсэлт ирүүлэх хугацаа дууссаны дараа 15 хоногийн дотор нээлттэй сонгон шалгаруулалтыг салбар тус бүрээр явуулна.
38.9.Ажлын хэсэгт нээлттэй сонгон шалгаруулалтад салбар тус бүрд хамгийн өндөр оноо авсан 1 иргэн, нийт 9 иргэнийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Ерөнхий сайд батламжилна.
38.10.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө огцорсон, нас барсан, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд ажлын алба 60 хоногийн дотор зөвлөлийн гишүүний сул орон тоонд сонгон шалгаруулалтыг энэ хуульд заасан журмын дагуу явуулна.
38.11.Энэ хуулийн 38.3-т заасан нэр дэвшигч нь улс төрийн нам, хөдөлгөөн, шашны байгууллага болон аль нэг ашгийн төлөө хуулийн этгээдийг төлөөлдөг, эсхүл эдгээр байгууллагын үүсгэн байгуулагч, удирдах албан тушаалтан байхыг хориглоно.
38.12.Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулалт явуулах, чөлөөлөх, урамшуулал олгох нарийвчилсан журмыг Засгийн газар батална.
38.13.Зөвлөлийн даргыг гишүүд дундаасаа нууцаар сонгоно.
38.14.Зөвлөлийн гишүүн нь нийтийн албан тушаалтны нэгэн адил үүрэг хүлээнэ.
38.15.Зөвлөлийн гишүүдэд ажлын оролцоог харгалзан урамшуулал олгож болох бөгөөд урамшууллыг ажлын албаны төсөвт тусгана.
39 дүгээр зүйл.Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлийн бүрэн эрх.
39.1.Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
39.1.1.Монгол Улсын иргэний нийгэм, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн чадавхыг дэмжих, дотоод засаглал, ёс зүйн жишгийг тогтоож хөгжүүлэх;
39.1.2.төрийн бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, батлагдсан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хянахад иргэд, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн оролцоог хангах талаар төрийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, аргачлалаар хангах;
39.1.3.ашгийн төлөө бус хуулийн этгээдийн хөгжил, хамтын ажиллагаатай холбоотой нийтлэг асуудлаар төр, олон улсын болон гадаад улсын байгууллагуудтай харилцах;
39.1.4.бүртгэлийн болон статистикийн байгууллагуудтай хамтран ашгийн төлөө бус хуулийн этгээдийн талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийх;
39.1.5.ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нийтэд тустай үйл ажиллагааны болон сайн дурын тайлан авах, үйл ажиллагааны үр нөлөөг нэгтгэн дүгнэх, зөвлөмж гаргах;
39.1.6.ашгийн төлөө бус хуулийн этгээдийн мэдлэг, туршлага солилцох болон бусад хэлбэрийн хамтын ажиллагааг дэмжих, мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх арга хэмжээг авах;
39.1.7.Монгол Улсын иргэний нийгэм, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн мэдээллийн санг үүсгэх, хөтлөх, олон нийтэд мэдээлэх;
39.1.8.ашгийн төлөө бус хуулийн этгээдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд өртөх магадлал, эмзэг байдлын талаарх судалгааг хийх болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 18.1.8-д заасан үндэсний эрсдэлийн үнэлгээг 2 жил тутамд хийх, эрсдэлийг хянах, бууруулахад эрх бүхий байгууллагад дэмжлэг үзүүлэх;
39.1.9.иргэний нийгмийн байгууллагуудыг үр дүнтэй ажиллахад таатай орчныг бүрдүүлэхэд хууль эрх зүйн, санхүүжилтийн орчны үнэлгээг хийж, дүгнэлт гаргана.
39.2.Зөвлөлөөс үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа ашгийн төлөө бус хуулийн этгээдийн жагсаалтыг гаргаж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
39.3.Энэ хуулийн 39.1.7-д заасан мэдээллийн сан үүсгэх, хөтлөх, түүний мэдээллийг ашиглах, сангаас мэдээлэл авах журмыг зөвлөл батална.
39.4.Зөвлөл нь жилийн үйл ажиллагааны тайлангаа цахим хуудсандаа нээлттэй байршуулж, дараа жилийн эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
Тайлбар: Энэ хуульд заасан “ашгийн төлөө бус хуулийн этгээд” гэж нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үнэт зүйл, үзэл бодлын үүднээс төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/, нийтийн эрх зүйн хуулийн этгээдээс бусад хуулийн этгээд, иргэдээс сайн дурын үндсэн дээр байгуулсан төрөөс хараат бус өөрийгөө удирдах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг ашиг хуваарилдаггүй хуулийн этгээд/холбоо, сан/-ийг ойлгоно.
40 дүгээр зүйл.Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих данс.
40.1.Зөвлөл нь иргэний нийгмийн нийтлэг хөгжил, чадавхыг бэхжүүлэх, нийтэд тустай үйл ажиллагааг дэмжих, сурталчлах, иргэний нийгмийн талаарх судалгаа шинжилгээ хийх, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилго бүхий Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих мөнгөн хөрөнгийн данстай (цаашид “данс” гэх) байна.
40.2.Энэ хуулийн 40.1-д заасан дансны санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ
40.2.1.гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улсын болон гадаад улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн хандив, тусламж;
40.2.2.дансан дахь мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;
40.2.3.хүлээн авсан өв;
40.2.4.бусад эх үүсвэр.
40.3.Энэ хуулийн 40.1-д заасан дансанд зориулж улсын болон орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлж болно.
40.4.Дансны хөрөнгийг энэ хуулийн 40.1-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
40.5.Энэ хуулийн 40.1-д заасан дансанд дахь хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.
40.6.Энэ хуулийн 40.1-д заасан дансан дахь хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын тайланг улирал тутам гаргаж, зөвлөлийн цахим хуудсаар олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ БУСАД ЗОХИЦУУЛАЛТ.
41 дүгээр зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт.
41.1.Холбоо нь энэ хуулийг дагаж мөрдсөнөөс хойш 2 жилийн хугацаанд багтаан улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлнэ.
41.2.Энэ хуулийн 13.1-13.8-д заасан зохицуулалтыг энэ хуулийг дагаж мөрдсөнөөс хойш 1 жилийн дараа дагаж мөрдөнө.
41.3.Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь тухайн холбоог улсын бүртгэлээс хасах үндэслэл болно.
42 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага.
42.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
42.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх