3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “байгалийн ургамал” гэж байгаль дээр өөрийн түүхэн хөгжлийн зүй тогтлын дагуу ургаж байгаа дээд болон доод ургамлыг;
3.1.2. ”дээд ургамал” гэж тодорхой үүрэг бүхий үндэс, иш, навч, цэцэг, үр жимс зэрэг эд эрхтэнтэй ургамлыг;
3.1.3. ”доод ургамал” гэж тодорхой үүрэг бүхий эрхтэн ялгарч хөгжөөгүй, эгэл биетэй ургамлыг;
3.1.4. байгалийн ургамлын түүхий эд” гэж судалгаа шинжилгээний, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тодорхой зүйл ургамлын газрын дээрх болон доорх хэсгийг;
3.1.5. ”газрын дээрх хэсэг” гэж хөрсний гадаргуугаас дээш байрлах иш, навч, цэцэг, үржимс, зэрэг эд эртнийг;
3.1.6. “газрын доорх хэсэг” гэж хөрсний гадаргуугаас доош байрлах үндэс, үндэслэг иш, булцуу зэрэг эд эрхтнийг;
3.1.7. “унаган ургамал” гэж хязгаарлагдмал тархацтай зөвхөн Монгол орны нутаг дэвсгэрт тархан ургадаг дээд болон доод ургамлыг;
3.1.8. ”үлдвэр ургамал” гэж эртний гарал үүсэлтэй, өдгөө үлдэж хоцорсон ургамлыг;
3.1.9. “биологийн нөөц” гэж тухайн зүйл ургамлын нийт тархац нутагтаа үүсгэж буй нөөцийн хэмжээг;
3.1.10. “ашиглалтын нөөц” гэж тухайн газар нутгийн хувьд ашиглах ургамлын түүхий эдийн биологийн нөөцийн 20 хүртэлх хувийг;
3.1.11. “байгалийн ургамлын тархац, нөөцийн судалгаа” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг, биологийн болон ашиглалтын нөөцийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа судалгааг;
3.1.12. “тарималжуулсан байгалийн ургамал” гэж байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, түүхий эд болгон ашиглах зорилгоор зориудаар тарьж ургуулсан байгалийн ургамал, тэдгээрийн үр, суулгацыг;
3.1.13. “ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж батлагдсан аргачлалын дагуу тухайн зүйл ургамлын оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн нэгж жингийн мөнгөн үнэлгээг;
3.1.14. “байгалийн ургамлын генийн сан” гэж Монгол улсын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байгалийн дээд болон доод ургамлын бүх зүйлийн баримтжуулсан биет материалын хатаадас /гербари/, өсгөвөр, үр, үрцэрийн цуглуулгаас бүрдсэн сан хөмрөгийг;
3.1.15. “харь зүйл ургамал” гэж улсын хилийн гаднаас зориудаар болон санамсаргүй байдлаар тархан ургаж байгаа зүйл ургамлыг;
3.1.16. зөвшөөрөл” гэж байгалийн ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргах, гадаад улсаас оруулахад хуулийн этгээдэд төрийн захиргааны байгууллагаас олгох албан ёсны баримт бичгийг;
3.1.17. .“байгалийн ургамлын хамтын менежментийн нөхөрлөл” гэж нутгийн иргэдэд байгалийн ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх эрхийг олгож, нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод, шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс гарсан үр ашгийг иргэдэд тэнцүү хуваарилах зорилготой Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн дагуу байгуулсан нөхөрлөлийг;
4 дүгээр зүйл. Байгалийн ургамлын сан, түүний ангилал
4.1. Байгалийн ургамлын сан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ургаж байгаа дээд болон доод ургамлаас бүрдэнэ.
4.2. Байгалийн ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна:
4.1.1. /нэн ховор;
4.1.2. /ховор;
4.1.3. /элбэг.
4.3. Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устаж байгаа болон устаж болзошгүй ургамал хамаарна.
4.4. Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай эмзэг ургамал хамаарна. Нэн ховор, ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.
4.5. Энэ зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь хэсэгт зааснаас бусад ургамлыг элбэг ургамалд тооцно.