Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 11-р сарын 10 өдөр
Ulaanbaatar city
Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь байгалийн ургамал, түүний олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж
2.1. Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “байгалийн ургамал” гэж байгаль дээр өөрийн түүхэн хөгжлийн зүй тогтлын дагуу ургаж байгаа дээд болон доод ургамлыг;
3.1.2. ”дээд ургамал” гэж тодорхой үүрэг бүхий үндэс, иш, навч, цэцэг, үр жимс зэрэг эд эрхтэнтэй ургамлыг;
3.1.3. ”доод ургамал” гэж тодорхой үүрэг бүхий эрхтэн ялгарч хөгжөөгүй, эгэл биетэй ургамлыг;
3.1.4. байгалийн ургамлын түүхий эд” гэж судалгаа шинжилгээний, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тодорхой зүйл ургамлын газрын дээрх болон доорх хэсгийг;
3.1.5. ”газрын дээрх хэсэг” гэж хөрсний гадаргуугаас дээш байрлах иш, навч, цэцэг, үржимс, зэрэг эд эртнийг;
3.1.6. “газрын доорх хэсэг” гэж хөрсний гадаргуугаас доош байрлах үндэс, үндэслэг иш, булцуу зэрэг эд эрхтнийг;
3.1.7. “унаган ургамал” гэж хязгаарлагдмал тархацтай зөвхөн Монгол орны нутаг дэвсгэрт тархан ургадаг дээд болон доод ургамлыг;
3.1.8. ”үлдвэр ургамал” гэж эртний гарал үүсэлтэй, өдгөө үлдэж хоцорсон ургамлыг;
3.1.9. “биологийн нөөц” гэж тухайн зүйл ургамлын нийт тархац нутагтаа үүсгэж буй нөөцийн хэмжээг;
3.1.10. “ашиглалтын нөөц” гэж тухайн газар нутгийн хувьд ашиглах ургамлын түүхий эдийн биологийн нөөцийн 20 хүртэлх хувийг;
3.1.11. “байгалийн ургамлын тархац, нөөцийн судалгаа” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг, биологийн болон ашиглалтын нөөцийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа судалгааг;
3.1.12. “тарималжуулсан байгалийн ургамал” гэж байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, түүхий эд болгон ашиглах зорилгоор зориудаар тарьж ургуулсан байгалийн ургамал, тэдгээрийн үр, суулгацыг;
3.1.13. “ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж батлагдсан аргачлалын дагуу тухайн зүйл ургамлын оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн нэгж жингийн мөнгөн үнэлгээг;
3.1.14. “байгалийн ургамлын генийн сан” гэж Монгол улсын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байгалийн дээд болон доод ургамлын бүх зүйлийн баримтжуулсан биет материалын хатаадас /гербари/, өсгөвөр, үр, үрцэрийн цуглуулгаас бүрдсэн сан хөмрөгийг;
3.1.15. “харь зүйл ургамал” гэж улсын хилийн гаднаас зориудаар болон санамсаргүй байдлаар тархан ургаж байгаа зүйл ургамлыг;
3.1.16. зөвшөөрөл” гэж байгалийн ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргах, гадаад улсаас оруулахад хуулийн этгээдэд төрийн захиргааны байгууллагаас олгох албан ёсны баримт бичгийг;
3.1.17. .“байгалийн ургамлын хамтын менежментийн нөхөрлөл” гэж нутгийн иргэдэд байгалийн ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх эрхийг олгож, нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод, шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс гарсан үр ашгийг иргэдэд тэнцүү хуваарилах зорилготой Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн дагуу байгуулсан нөхөрлөлийг;
4 дүгээр зүйл. Байгалийн ургамлын сан, түүний ангилал
4.1. Байгалийн ургамлын сан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ургаж байгаа дээд болон доод ургамлаас бүрдэнэ.
4.2. Байгалийн ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна:
4.3. Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устаж байгаа болон устаж болзошгүй ургамал хамаарна.
4.4. Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай эмзэг ургамал хамаарна. Нэн ховор, ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.
4.5. Энэ зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь хэсэгт зааснаас бусад ургамлыг элбэг ургамалд тооцно.
5 дугаар зүйл. Байгалийн ургамлын мэдээллийн сан
5.1. Байгалийн ургамлын мэдээллийн сан дараах хэсгээс бүрдэнэ:
5.1.1. байгалийн ургамлын олон янз байдлын тархац, нөөцийн хэмжээ, экологи-эдийн засгийн үнэлгээ;
5.1.2. ургамлын судалгааны, тайлан мэдээ;
5.1.3. байгалийн ургамлын биет цуглуулгын мэдээ;
5.1.4. байгалийн ургамлыг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээний мэдээ.
5.2. Байгалийн ургамлын мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАЙГАЛИЙН УРГАМЛЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ
6 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хамгаалах
6.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчны чиглэлээр төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн нутаг орны хэмжээнд нөөц багассан, устах аюулд өртөөд байгаа ургамлын зүйлийг уугуул тархац нутагт нь хамгаалах, нөхөн сэргээх дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлнэ.
6.2. Ургамлыг гал түймэр, өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах, харь зүйл ургамал тархахаас сэргийлэх ажлыг бүх шатны Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр, гэрээний дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.
6.3. Ургамлыг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж, хими, биологийн бодисын хортой нөлөөнөөс хамгаалах, хорио цээр тогтоох журмыг хуулиар тогтооно.
6.4. Ургамлыг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж, хими, биологийн бодисын хортой нөлөөнөөс хамгаалах, хорио цээр тогтоох журмыг хуулиар тогтооно.
6.5. Нэн ховор ургамал бүхий газрыг тухайн ургамлыг хамгаалах, нөхөн сэргээхээс бусад зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхийг хориглоно.
6.6. Нэн ховор, ховор, унаган, болон үлдвэр ургамлын удмын санг хадгалан хамгаалах зорилгоор тарьж ургуулсан ургамлын цуглуулгыг төрийн өмчит шинжлэх ухааны байгууллагад хадгална.
6.7. Монгол Улсын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байгалийн дээд болон доод ургамлын баримтжуулсан биет материалын хатаамал /гербари/, өсгөвөр, үр, үрцэрийн цуглуулгыг байгалийн ургамлын генийн санд хадгална.
6.8. Байгалийн ургамлын генийн сангийн үйл ажиллагааг төрийн өмчит шинжлэх ухааны байгууллага хариуцна. Байгалийн ургамлын генийн сангийн ажиллах журмыг байгаль орчны болон шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
6.9. Харь зүйл ургамлыг байгальд тарьж ургуулах, доройтсон газрыг нөхөн сэргээхийг хориглоно.
6.10. Иргэн, хуулийн этгээд хүнс, техникийн зориулалтаар тарьж байгаа харь зүйл ургамлыг байгальд тархаахыг хориглоно.
6.11. Доройтсон бэлчээрийг сайжруулдаа тухайн газар нутгийн бүлгэмдлийн үндсэн ургамлыг тарьж ургуулах бөгөөд энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан журмыг баримтлан гүйцэтгэнэ.
7 дугаар зүйл. Ургамлын тархац, нөөцийн судалгаа явуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох
7.1. Ашиглалтад өртөмтгий ургамлын тархац, нөөцийн судалгааг 5 жил тутамд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, шинжлэх ухааны байгууллагатай хамтран явуулна.
7.2. Ургамлын тархац, нөөцийн судалгаа явуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ хийх зардлыг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын төсвөөс санхүүжүүлнэ.
7.3. Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.4. Үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх ургамлын зүйлийн нэр, түүхий эдийн хэмжээ, хугацаа, газрыг төрийн өмчит шинжлэх ухааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил бүр тогтооно.
7.5. Байгалийн ургамлын тархац нөөцийн судалгааны тайланг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан мэдээллийн санд бүртгүүлнэ.
8 дугаар зүйл. Ургамлыг нөхөн сэргээх
8.1. Байгалийн ургамлын биологийн нөхөн сэргээлт хийх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.2. Байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан хуулийн этгээд ургамлын биологийн нөхөн сэргээлт хийх журмын дагуу өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийж тухайн шатны Засаг даргад хүлээлгэн өгнө
8.3. Ургамал түүж бэлтгэсэн газартаа биологийн нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн дараа жилийн ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл олгохгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
БАЙГАЛИЙН УРГАМЛЫГ АШИГЛАХ
9 дүгээр зүйл. Байгалийн ургамлыг ашиглах зориулалт
9.1. Иргэн, хуулийн этгээд нэн ховор ургамлыг судалгаа шинжилгээний зориулалтаар, ховор ургамлыг судалгаа шинжилгээний болон ахуйн зориулалтаар, элбэг ургамлыг судалгаа шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.
10 дугаар зүйл. Байгалийн ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах
10.1. Хуулийн этгээдэд нэн ховор ургамлыг судалгаа шинжилгээний зориулалтаар түүх зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
10.2. Судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглахаар түүж бэлтгэсэн ургамлыг үйлдвэрийн түүхий эд болгон ашиглах, худалдан борлуулахыг хориглоно.
10.3. Судалгаа шинжилгээний зориулалтаар олгох нэг удаагийн зөвшөөрлийн хэмжээ нэн ховор ургамал тухайн үеийн жингийн газрын дээрх хэсэг 0,2 кг, газрын доорх хэсэг 0,2 кг, ховор ургамлын газрын дээрх хэсэг 0,5 кг, газрын доорх хэсэг 0,5 кг, элбэг ургамлын газрын дээрх хэсэг 1.5 кг, газрын доорх хэсэг 1,5 кг-аас илүүгүй байна.
11 дүгээр зүйл. Ургамлыг ахуйн зориулалтаар ашиглах
11.1. Иргэн ховор ургамлыг гэр бүлийн хэрэгцээнд сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно.
11.2. Ахуйн зориулалтаар авсан зөвшөөрлийг бусдад дамжуулах, түүж бэлтгэсэн ховор ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, худалдан борлуулахыг хориглоно.
11.3. Ахуйн зориулалтаар нэг удаагийн зөвшөөрлөөр олгох ховор ургамал тухайн үеийн жингийн газрын дээрх хэсэг 3 кг, газрын доорх хэсэг 3 кг, элбэг ургамал газрын дээрх хэсэг 8 кг, газрын доорх хэсэг 8 кг-аас илүүгүй байна.
12 дугаар зүйл. Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах
12.1. Байгалийн ургамлын мэргэжлийн байгууллагын эрх бүхий хуулийн этгээд элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар, ховор ургамлын ашиглалтын нөөцийн 10 хүртэлх хувийг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрлийн үндсэн дээр ашиглаж болно.
12.2. Тарималжуулсан байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болно.
12.3. Элбэг ургамлын үндэс, үндэслэг иш, булцууны биологийн нөөцийн 30 ба түүнээс дээш хувийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тохиолдолд тухайн ургамлыг тарималжуулсан байна.
12.4. Байгалийн ургамлыг тарималжуулах, гадаад улсад гаргах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
13 дугаар зүйл.. Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглох газар
13.1. Байгаль орчны тэнцлийг хангах ач холбогдол бүхий дараах газар нутагт ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглоно:
13.1.1. хот, тосгон, бусад суурины ногоон бүс;
13.1.2. гол, горхины эх болон нуур, цөөрмийн эргээс 2 километрийн доторхи газар;
13.1.3. нэн ховор амьтны байршил газар;
13.1.5. ургамлын бүрхэвч нь талхлагдсан газар;
13.1.6. элсний нүүлтээс хамгаалах ач холбогдол бүхий газар;
13.1.7. хөрсний элэгдлээс хамгаалах зурвас газар.
13.2. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 13.1 дэх хэсгийн 13.1.3, 13.1.4, 13.1.6, 13.1.7-д заасан газар, түүний заагийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтооно.
13.3. Энэ зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.4-т зааснаас бусад газарт мал аж ахуй, эрхлэх, мал бэлчээхийг хориглоно.
14 дүгээр зүйл. Байгалийн ургамлыг хадлан, бэлчээрийн зориулалтаар ашиглах
14.1. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг иргэн, хуулийн этгээд оршин суугаа /оршин байгаа/ сум, дүүргийн газар нутагт мал бэлчээх, хадлан авах зэргээр бэлчээр, хадлангийн газар дахь ургамлыг ашиглахдаа Газрын тухай хуулийн 52, 53 дугаар зүйлийг баримтална.
14.2. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэн ховор ургамлыг хамгаалах зорилгоор түүний ургадаг газар мал бэлчээх, хадлан авахыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн 3 хүртэл жилийн хугацаагаар хориглож болно.
14.3. Ургамлыг нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалах зорилгоор бэлчээр, хадлангийн газрыг хуваарийн дагуу, даацад нь тохируулж ашиглуулах асуудлыг мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ.
14.4. Байгалийн ургамлыг хадлангийн зориулалтаар бэлтгэн гадаад улсад гаргахыг хориглоно.
15 дугаар зүйл. Ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох
15.1. Элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг энэ хуулийн 7.4 дэх хэсэг болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно.
15.2. Ховор ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг энэ хуулийн 7.4 дэх хэсэг болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
15.3. Ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох байгууллага хүсэлт хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор шийдвэрлэнэ. Зөвшөөрлийг 30 хоногийн хугацаатай олгож, 30 хоногоор нэг удаа сунгана. Зөвшөөрлийг бусдад шилжүүлэн ашиглуулахыг хориглоно.
15.5. Энэ хуулийн 15.4 дэх зүйлд заасан зөвшөөрлийн загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.6. Зөвшөөрөлд ургамал түүж бэлтгэх иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг, ургамлын зүйлийн нэр, түүхий эдийн нэр, түүж бэлтгэх хэмжээ, хугацаа, газрыг заана.
15.7. Тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч ургамал ашиглах зөвшөөрлийг үндэслэн ургамал түүж бэлтгэх газрыг иргэн, хуулийн этгээдэд зааж өгнө.
16 дугаар зүйл. Ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргах
16.1. Ургамал ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээд ургамал түүж бэлтгэх журам, стандарт, зөвшөөрлийг баримтлан түүнэ.
16.2. Байгалийн ургамал, түүний түүхий эдийг гадаад улсад гаргах, гадаад улсаас оруулах зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох бөгөөд хүсэлт хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор шийдвэрлэнэ. Зөвшөөрлийг 30 хоногийн хугацаатай олгож, 30 хоногоор нэг удаа сунгана.
16.3. Гадаадын иргэн, хуулийн этгээд байгалийн ургамлыг аливаа зориулалтаар түүж бэлтгэхийг хориглоно.
16.4. Нэн ховор, ховор ургамал, түүний түүхий эдийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар гадаад улсад гаргахыг хориглоно.
16.5. Байгалийн ургамал түүж бэлтгэх, гадаад улсад гаргах, оруулахтай холбоотой журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
17 дугаар зүйл. Байгалийн ургамлын хамтын менежментийн нөхөрлөл байгуулах
17.1. Нутгийн иргэд байгалийн ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх зорилгоор нөхөрлөл байгуулж хамтаар ашиглаж болно.
17.2. Нөхөрлөлийн үйл ажиллагааны зарчим, хамрах хүрээ, төлөвлөгөө зэрэг зохион байгуулалтын үндсийг Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын тухай хууль болон Иргэний хуулиар тус тус зохицуулна.
18 дугаар зүйл. Ургамал ашиглагчийн үүрэг
18.1. Ургамал ашиглагч нь дараах үүрэгтэй байна:
18.1.1. байгалийн ургамлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх;
18.1.2. ургамал түүж бэлтгэх, нөхөн сэргээх журмыг баримтлах;
18.1.3. журам, зөвшөөрөлд заасан хэмжээ, хугацаанд ургамлыг түүж бэлтгэх;
18.1.4. ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх;
19 дүгээр зүйл. Ургамал ашигласны төлбөр
19.1. Иргэн, хуулийн этгээд төрийн өмчийн газар дээрх байгалийн ургамал ашигласны төлбөр төлнө.
19.2. Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээ, нөхцөлийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
20 дугаар зүйл. Мансууруулах бодис бүхий ургамал
20.1. Мансууруулах бодис агуулсан ургамал гэж Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр конвенциор тодорхойлогдож, тэдгээрийн жагсаалтад орсон ургамлыг хэлнэ. Мансууруулах бодис бүхий ургамлын жагсаалтыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
20.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мансууруулах бодис агуулсан ургамал ашиглаж эм бэлтгэн найруулах аж ахуйн нэгж, байгууллагад шинжлэх ухааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөл олгож тэдгээрийг тусгай бүртгэлд бүртгэнэ.
20.3. Энэ хуулийн 20.2 дахь хэсэгт зааснаас бусад хуулийн этгээд мансууруулах бодис бүхий ургамлыг түүх, ашиглах, тарих, худалдан борлуулахыг хориглоно.
20.4. Мансууруулах бодис бүхий ургамлыг ашиглах, хэрэглэх, улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой асуудлыг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулиар зохицуулна.
21 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
21.1. Энэ хууль болон энэ хуультай уялдан гарсан аливаа хэм хэмжээний актыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийг Зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
21.2. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
21.3. Энэ хуулийг ... оны ... дугаар сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
8. Өргөн мэдүүлэх -Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
9. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
10. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх