5.1. Геодези, зураг зүйн үйл ажиллагаанд дараах ажил хамаарна:
5.1.1. үндэсний референц эллипсоид, солбицол, өндрийн тогтолцоо, геоидын өндрийн загвар, тусгагийг тодорхойлох, нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, солбицлын тогтолцоо хооронд хөрвүүлэх, солбицол, өндрийн утгын цаг хугацааны өөрчлөлтийг тогтоох, дэлхийн хэлбэр хэмжээ, түүний хүндийн хүчний таталцлын орныг тодорхойлох;
5.1.2. газрын гадаргуугийн цэг, орон зайн биетийн солбицол, өндрийг тодорхойлох, тэдгээрийн орон зайн харилцан байршлыг нь тогтоох зорилгоор геодезийн хэмжилт, боловсруулалт хийх;
5.1.3. улсын геодезийн байрлалын, өндрийн, гравиметрийн сүлжээ байгуулах, цэг, тэмдэгтийн нягтрал, сүлжээний нарийвчлалыг сайжруулах;
5.1.4. геодезийн байнгын цэг, тэмдэгтийг барьж байгуулах, сэргээх, тоолох, бүртгэх, хадгалах, хамгаалах;
5.1.5. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг зурагжуулах, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн газрын зураг зохиох, шинэчлэх;
5.1.6. агаараас газрын зураг авах, агаар, сансрын зургийн фотограмметрийн боловсруулалт хийх;
5.1.7. улсын хилийг Монгол Улсын хилийн тухай хуулийн дагуу тодорхойлох, улсын хилийн шугам, хилийн тэмдгийн байршлыг тогтоох, шалгах, хоорондын зайг тодорхойлох, хилийн шугамын дагуу газрын зураг үйлдэх;
5.1.8. засаг захиргааны нэгж, тусгай хэрэгцээний газар, бүх төрлийн кадастрын хил заагийн эргэлтийн цэгийн солбицлыг тодорхойлох, хилийн цэсийн зураг, солбицлын жагсаалтыг үйлдэх;
5.1.9. геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг бүрдүүлэх, баяжуулах, хөтлөх;
5.1.10. үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг суурь өгөгдөл, мэдээллээр хангах;
5.1.11. сургалт, нийтийн хэрэгцээнд зориулсан сэдэвчилсэн газрын зураг, атлас, үндэсний атлас зохиох, хэвлэх;
5.1.12. газар зүйн нэрийг тодотгох, шинээр тогтоох, солбицолжуулах, нэрийн зураг үйлдэх, хувийн хэрэг хөтлөх, нэрийн мэдээллийн сан үүсгэх;
5.1.13. газар зүйн нэрийг зөв бичих, хөрвүүлэх, газрын зурагт тусгах, нэрийн мэдээллийн сан хөтлөх, тайлбар толь бичиг, жагсаалт, лавлах боловсруулж хэвлэх, лавлагаа гаргах, газар зүйн нэрийн зураг, альбом хэвлэж нийтийн хүртээл болгох;
5.1.14. бүх төрлийн кадастрын зураглал үйлдэх;
5.1.15. газар зохион байгуулалтын болон хот, тосгон, бусад суурины хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийг төлөвлөх, барьж байгуулах, ашиглалтын үеийн геодезийн хэмжилт хийх, газрын зураг үйлдэх, шинэчлэх, орон зайн мэдээллийн сан үүсгэх;
5.1.16. инженер геологи, гидрогеологи, геологи, уул уурхай, геофизикийн хайгуулын геодезийн хэмжилт хийх, газрын зураг үйлдэх, шинэчлэх, мэдээллийн сан үүсгэх;
5.1.17. хот байгуулалтын зураг төслийг хэрэгжүүлэх зорилгоор тусгай зориулалтын геодезийн торлол, өндөржилт төлөвлөлтийн зураг төсөл зохиох;
5.1.18. геодези, зураг зүйн салбарт шинжлэх ухааны туршилт, судалгаа явуулах, програм хангамж, багаж тоног төхөөрөмж зохион бүтээх, үйлдвэрлэл, үйлчилгээнд орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх;
5.1.19. улсын аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үед геодези, зураг зүйн ажил гүйцэтгэх;
5.1.20. өндөр уулсын ноёлох оргилын солбицол, өндрийг тодотгон тогтоох, экологийн тогтолцооны газрын зураг зохиох, шинэчлэх;
5.1.21. усны хайгуул судалгааны ажлын геодезийн хэмжилт зураглал үйлдэх, нуур, гол, гол мөрний урсац бүрэлдэх, усны эх үүсвэр, ус хангамжийн эх үүсвэр, усан сан тэдгээрийн ёроолын зураглал, усан замын газрын зураг зохиох, шинэчлэх, хэвлэх;
5.1.22. хаягийн зураг зохиох, хаягийн жагсаалт үйлдэх, хаягийн тэмдэг, тэмдэглэгээг зураг төслийн дагуу байршуулах;
5.1.23. бүх төрлийн газрын зурагт жижүүрлэлт хөтлөх;
5.1.24. далан, гүүрийн мониторинг, барилга, байгууламжийн суулт, хазайлтыг тодорхойлох;
5.1.25. геодезийн хэмжилтийн багаж, хэрэгсэл шалгах, баталгаажуулах, геодезийн хэмжилтийн багаж, төхөөрөмжийн тохируулгын жишилтийн полигоныг байгуулах, ажиллуулах;
5.1.26. газар, түүний доорх, дээрх инженерийн барилга байгууламжийн тэг тэнхлэг, улаан шугам байгуулах, барилга байгууламжийн гаднах, доторх геометр хэмжээг тодорхойлох;
5.1.27. соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлах чиглэлээр хийгдэх геодезийн хэмжилт, зураглалын ажил хийх;
5.1.28. газрын доорх геодезийн хэмжилт, зураглалын ажил хийх, өрөмдлөгийн цооног холбох;
5.1.29. байнгын ажиллагаатай суурин станц байгуулах, ажиллуулах, дэлхийн царцдасын хэвтээ, босоо хөдөлгөөний өөрчлөлтийг судлах, солбицол, өндөр, гравиметрийн тогтолцооны эрин хоорондын хөрвүүлэлт хийх;
5.1.30. лазерын хиймэл дагуулын мэдээ хүлээн авах станц, хэт урт суурь шугам хэмжих станц, хиймэл дагуулын тохируулга хийх станцыг байгуулах, ажиллуулах;
5.1.31. том, дунд масштабын газрын зураг зохиох, шинэчлэх зорилгоор хиймэл дагуулын өндөр дүрслэх чадвартай олон сувгийн мэдээ хүлээн авах суурин станц байгуулах, ажиллуулах, боловсруулах;
5.1.32. цахилгаан соронзон долгионы янз бүрийн гэрлийн мужид авсан хиймэл дагуулын мэдээг геодезийн өгөгдөлд хөрвүүлэх;
5.1.33. геодезийн хэмжилтийн багаж засварлах, тохируулга хийх.
5.2. Геодези, зураг зүйн үйл ажиллагааг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
5.2.1. энэ хуулийн 5.1 дэх хэсгийн 5.1.1, 5.1.7, 5.1.9, 5.1.10, 5.1.13, 5.1.23, 5.1.25, 5.1.29-т заасан үйл ажиллагааг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
5.2.2. энэ хуулийн 5.2.1-д зааснаас бусад үйл ажиллагааг хүн, хуулийн этгээдийн захиалгаар тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ.
5.2.3. энэ хуулийн 5.1 дэх хэсгийн 5.1.8, 5.1.16, 5.1.17, 5.1.19, 5.1.21, 5.1.24, 5.1.26, 5.1.27, 5.1.28-т заасан үйл ажиллагааг хуулиар тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага захиалах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
5.2.4. энэ хуулийн 5.2.3-т зааснаас бусад үйл ажиллагааг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага захиалах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
5.3.