Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Ulaanbaatar city
Геодези, зураг зүйн тухай /шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь газар, түүний доор, дээр, агаарын орон зайд хийгдэх геодези, зураг зүйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, санхүүжүүлэх болон тэдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Геодези, зураг зүйн хууль тогтоомж
2.1. Геодези, зураг зүйн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “байнгын ажиллагаатай суурин станц" гэж навигацийн хиймэл дагуулын дохио хүлээн авах, хадгалах, боловсруулах, өөрийн солбицол, өндрийг тухайн агшин бүрд тодорхойлох, мэдээллээ хэрэглэгчдэд түгээх байнгын тасралтгүй үйл ажиллагаатай иж бүрэн цахим төхөөрөмж бүхий байгууламжийг;
3.1.2. “байр зүйн зураг” гэж газрын гадаргуу, түүний дээрх болон доорх объектыг тусгагд оруулан, тодорхой масштабаар жижигрүүлэн буулгаж, таних тэмдгээр дүрсэлж, үзүүлэлт, шинж чанарыг нь илэрхийлсэн газрын зургийг;
3.1.3. “байрлалын сүлжээ” гэж солбицлыг нь хэмжиж, тэгшитгэн бодсон геодезийн байнгын цэг тэмдэгтийн олонлогийг;
3.1.4. "газар зүйн нэр" гэж газрын гадаргуу дээрх байгалийн болон барьж байгуулсан объектуудыг өөр хооронд нь ялган таних зорилгоор оноосон нэр болон дэвсгэр нэрийг хамтад нь;
3.1.5. "газрын зураг" гэж дэлхийн гадаргуу, огторгуй ертөнцийн бусад бодит биет буюу тэдгээрийн хэсгийг хавтгайд тодорхой масштаб, тусгаг, таних тэмдэг ашиглан жижигрүүлэн буулгаж дүрсэлснийг;
3.1.6. “газрын зургийн нэг маягийн суурь” гэж жижиг масштабын газрын зураг зохиоход ашиглах газар зүйн нийтлэг өгөгдөл агуулсан зургийг;
3.1.7. ”геодези” гэж дэлхийн хэлбэр, хэмжээ, түүний гадаргын шилжих хөдөлгөөнийг тодорхойлох, газрын гадаргын хэсгийг зураг болгон буулган дүрслэх зорилгоор од, нар, хиймэл дагуул, геодезийн хэмжлийн багаж хэрэгслийн тусламжтайгаар цэгийн болон орон зайн биетийн солбицол, өндөр, хүндийн хүчний хурдатгалыг хэмжин, математик боловсруулалт хийх шинжлэх ухааны салбарыг;
3.1.8. “геодезийн байнгын цэг, тэмдэгт” гэж геодези, зураг зүйн үйл ажиллагааны үндэс болох солбицол, өндөр, хүндийн хүчний хурдатгал зэрэг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр утга нь тодорхойлогдсон, газар, түүний доор, дээр, барилга байгууламж зэрэг хөдөлгөөнгүй биетэд бэхлэгдсэн төв цэг болон түүн дээрх байгууламжийг;
3.1.9. “геодези, зураг зүйн ажлын захиалагч” гэж геодези, зураг зүйн ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий Хүн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг;
3.1.10. “геодези, зураг зүйн мэдээллийн нэгдсэн систем” гэж геодези, зураг зүйн үйл ажиллагааны хүрээнд сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын хэмжээнд боловсруулагдсан өгөгдөл, мэдээллийг цуглуулах, шинэчлэх, нэгтгэн удирдах, зохион байгуулах, хадгалах, хамгаалах хүчин чадалтай, төрийн мэдээллийн бусад сантай харилцан уялдаа бүхий цогц үйл ажиллагаатай цахим тогтолцоог;
3.1.11. “геодезийн сүлжээ” гэж орон зайн гурав ба түүнээс дээш хэмжээст утгыг нь хэмжиж, тэгшитгэн бодсон геодезийн байнгын цэг, тэмдэгтийн олонлогийг;
3.1.12. “геодезийн сүлжээний эхлэл цэг” гэж Монгол Улсын байрлал, өндөр, гравиметрийн сүлжээний хэмжилт, тэгшитгэн бодолтод тулгуур болгон ашиглаж байгаа орон зайн гурав ба түүнээс дээш хэмжээст утга бүхий геодезийн байнгын цэг, тэмдэгтийг;
3.1.13. “геодезийн хэмжилтийн багаж хэрэгсэл” гэж өнцөг, өндөр, зай, хүндийн хүчний хурдатгал, цэгийн солбицлыг орон зайн гурав, түүнээс дээш хэмжээсээр тодорхойлох багажийг;
3.1.14. “гравиметрийн сүлжээ” гэж хүндийн хүчний хурдатгалын утгыг нь хэмжиж, тэгшитгэн бодсон геодезийн байнгын цэг тэмдэгтийн олонлогийг;
3.1.15. “гүйцэтгэлийн зураг” гэж шинээр болон өөрчлөн барьж байгуулсан зам, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн бодит байршлыг газрын гадаргуугийн өөрчлөлттэй нь харуулсан байр зүйн болон дэвсгэр зургийг;
3.1.16. “дэвсгэр зураг” гэж газрын гадаргуу, инженерийн барилга байгууламжийн бодит байршлыг газрын гадаргуугийн махиаг тооцолгүй батлагдсан түвшинд хэмжиж, дүрсэлснийг;
3.1.17. “дэвсгэр нэр” гэж газар зүйн объектуудыг өөр хооронд нь ялган тодотгох нэрийг;
3.1.18. “жижүүрлэлтийн зураг” гэж газрын зургийн агуулгын өөрчлөлтийг тухай бүр бүртгэж, тэмдэглэсэн зургийг;
3.1.19. “захиалагчийн техникийн хяналт хийх” гэж геодези, зураг зүйн ажлын үр дүн нь норматив баримт бичгийн шаардлага, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн төсөл, ажлын даалгаварт нийцсэн эсэхэд дүгнэлт гаргах мэргэжлийн үйл ажиллагааг;
3.1.20. “зураг зүй” гэж газрын гадаргуугийн дүрс, байгаль, түүний зүй тогтол, нийгмийн үзэгдэл, юмсын хоорондын харилцан хамаарал, учир шалтгааныг шинжлэн дүгнэж, тэдгээрийн цаашдын хувьсал, өөрчлөлтийн чиг хандлага, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг харуулсан тодорхой зориулалт, тусгаг, масштаб бүхий газрын зураг, атласыг зохиож хэвлэх үйл ажиллагааг;
3.1.21. ."зурагжуулах" гэж төрөл бүрийн масштабтай газрын зураг, агаар, сансрын зургаар нийт Монгол Улсын нутаг дэвсгэрийг хангах үйл ажиллагааг;
3.1.22. “инженерийн барилга байгууламж” гэж Барилгын тухай хуулийн 4.1.1, 4.1.33, 4.1.35, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.9 дэх заалтуудыг хамтад нь;
3.1.23. “кадастрын зураг” гэж геодезийн хэмжилтээр бүх төрлийн кадастрын үйл ажиллагаанд шаардагдах байршил, хил зааг, талбайн хэмжээг тодорхойлсон газрын зургийг;
3.1.24. “магадлал хийх” гэж геодези, зураг зүйн ажлын техник, эдийн засгийн үндэслэл, техникийн төсөл, ажлын даалгавар, сэдэвчилсэн газрын зураг, атласын зохиолтын болон хэвлэлийн эхэд дүгнэлт гаргах хараат бус мэргэжлийн үйл ажиллагааг;
3.1.25. “масштаб” гэж газрын зурагт дүрсэлсэн хэрчмийн уртыг газар дээрх бодит урттай нь харьцуулсан харьцааг;
3.1.26. “навигаци” гэж байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон цогц үйл ажиллагааг;
3.1.27. “ортофото зураг” гэж агаар, сансрын гэрэл зургийн газрын гадаргуу болон камерын линзийн геометрийн гажилтыг засаж тэгш өнцгийн тусгагаар үүсгэсэн ижил масштабтай гэрэл зургийн дүрсийг;
3.1.28. “өндрийн сүлжээ” гэж ортометрийн өндрийг нь хэмжиж, тэгшитгэн бодсон геодезийн байнгын цэг тэмдэгтийн олонлогийг;
3.1.29. “өндөржилт төлөвлөлтийн зураг” гэж хот суурины газар, барилга байгууламж, зам шугам сүлжээг үер ус, болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор геодезийн хэмжилт, боловсруулалтын тооцоо судалгаанд тулгуурлан гүйцэтгэсэн зураг төслийг;
3.1.30. “солбицлын бие даасан тогтолцоо” гэж тухайн нутаг дэвсгэр дэх геодезийн сүлжээний цэгт үндэслэн, физик гадаргууд тохирсон хавтгай дээр солбицлын утгыг тодорхойлсон дүрмийг;
3.1.31. “солбицол, өндөр, гравиметрийн тогтолцоо” гэж геодезийн байнгын цэг тэмдэгтийн солбицол, өндөр, хүндийн хүчний хурдатгалын тоон утгыг геодезийн сүлжээний эхлэл цэгээс харьцуулан тогтоох дүрмийг;
3.1.32. “солбицол, өндөр, гравиметрийн тогтолцооны эрин” геодезийн хэмжилт, ажиглалт, судалгаанд одот ертөнцийн таталцал, агаар мандлын соронзон идэвхжилт, дэлхийн дотоод гадаад хүчний үйлчлэлийн нөлөөллийн хувьсах үйл явцын өөрчлөлтийг тооцоолсон цаг хугацааны утгыг;
3.1.33. “сэдэвчилсэн газрын зураг, атлас” гэж газрын зургийн нэг маягийн суурь ашиглан зохиосон тухайлсан агуулга бүхий газрын зураг, атласыг;
3.1.34. “тэнхлэг” гэж инженерийн шугам сүлжээ, инженерийн дэд бүтэц, барилга байгууламжийн үндсэн хэмжээ, түвшинг улсын геодезийн сүлжээнд холбосон газар дээрх тэмдэглэгээг;
3.1.35. “Үндэсний референц эллипсоид” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн бодит гадаргууг бүхэлд нь хамгийн их нийцтэй байхаар тодорхойлж сонгосон эллипсоидыг;
3.1.36. "хаягийн зураг” гэж засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж бүрээр газар нутаг, гудамж зам талбай, үйлдвэр, аж ахуйн нэгж, хотхон, төлөвлөлтгүй суурьшсан хэсэг зэрэгт харьяалагдах үл хөдлөх эд хөрөнгийн нэр дугаар байршлыг дүрсэлсэн, байр зүйн зурагт суурилсан сэдэвчилсэн газрын зургийг.
4 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн салбарт баримтлах зарчим
4.1. Геодези, зураг зүйн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал нь геодезийн хэмжилт, газрын зургаар баталгаажна.
4.1.2. геодези, зураг зүйн үйл ажиллагааны зохицуулалт, бүртгэл, зөвшөөрлийг олон нийтэд ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулна.
4.1.3. геодези, зураг зүйн үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангана.
4.1.4. геодези, зураг зүйн үйл ажиллагааг солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд гүйцэтгэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АНГИЛАЛ, ТАВИГДАХ ШААРДЛАГА
5 дугаар зүйл. Геодези, зураг зүйн үйл ажиллагаа, хэрэгжилт
5.1. Геодези, зураг зүйн үйл ажиллагаанд дараах ажил хамаарна:
5.1.1. үндэсний референц эллипсоид, солбицол, өндрийн тогтолцоо, геоидын өндрийн загвар, тусгагийг тодорхойлох, нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, солбицлын тогтолцоо хооронд хөрвүүлэх, солбицол, өндрийн утгын цаг хугацааны өөрчлөлтийг тогтоох, дэлхийн хэлбэр хэмжээ, түүний хүндийн хүчний таталцлын орныг тодорхойлох;
5.1.2. газрын гадаргуугийн цэг, орон зайн биетийн солбицол, өндрийг тодорхойлох, тэдгээрийн орон зайн харилцан байршлыг нь тогтоох зорилгоор геодезийн хэмжилт, боловсруулалт хийх;
5.1.3. улсын геодезийн байрлалын, өндрийн, гравиметрийн сүлжээ байгуулах, цэг, тэмдэгтийн нягтрал, сүлжээний нарийвчлалыг сайжруулах;
5.1.4. геодезийн байнгын цэг, тэмдэгтийг барьж байгуулах, сэргээх, тоолох, бүртгэх, хадгалах, хамгаалах;
5.1.5. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг зурагжуулах, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн газрын зураг зохиох, шинэчлэх;
5.1.6. агаараас газрын зураг авах, агаар, сансрын зургийн фотограмметрийн боловсруулалт хийх;
5.1.7. улсын хилийг Монгол Улсын хилийн тухай хуулийн дагуу тодорхойлох, улсын хилийн шугам, хилийн тэмдгийн байршлыг тогтоох, шалгах, хоорондын зайг тодорхойлох, хилийн шугамын дагуу газрын зураг үйлдэх;
5.1.8. засаг захиргааны нэгж, тусгай хэрэгцээний газар, бүх төрлийн кадастрын хил заагийн эргэлтийн цэгийн солбицлыг тодорхойлох, хилийн цэсийн зураг, солбицлын жагсаалтыг үйлдэх;
5.1.9. геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг бүрдүүлэх, баяжуулах, хөтлөх;
5.1.10. үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг суурь өгөгдөл, мэдээллээр хангах;
5.1.11. сургалт, нийтийн хэрэгцээнд зориулсан сэдэвчилсэн газрын зураг, атлас, үндэсний атлас зохиох, хэвлэх;
5.1.12. газар зүйн нэрийг тодотгох, шинээр тогтоох, солбицолжуулах, нэрийн зураг үйлдэх, хувийн хэрэг хөтлөх, нэрийн мэдээллийн сан үүсгэх;
5.1.13. газар зүйн нэрийг зөв бичих, хөрвүүлэх, газрын зурагт тусгах, нэрийн мэдээллийн сан хөтлөх, тайлбар толь бичиг, жагсаалт, лавлах боловсруулж хэвлэх, лавлагаа гаргах, газар зүйн нэрийн зураг, альбом хэвлэж нийтийн хүртээл болгох;
5.1.14. бүх төрлийн кадастрын зураглал үйлдэх;
5.1.15. газар зохион байгуулалтын болон хот, тосгон, бусад суурины хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийг төлөвлөх, барьж байгуулах, ашиглалтын үеийн геодезийн хэмжилт хийх, газрын зураг үйлдэх, шинэчлэх, орон зайн мэдээллийн сан үүсгэх;
5.1.16. инженер геологи, гидрогеологи, геологи, уул уурхай, геофизикийн хайгуулын геодезийн хэмжилт хийх, газрын зураг үйлдэх, шинэчлэх, мэдээллийн сан үүсгэх;
5.1.17. хот байгуулалтын зураг төслийг хэрэгжүүлэх зорилгоор тусгай зориулалтын геодезийн торлол, өндөржилт төлөвлөлтийн зураг төсөл зохиох;
5.1.18. геодези, зураг зүйн салбарт шинжлэх ухааны туршилт, судалгаа явуулах, програм хангамж, багаж тоног төхөөрөмж зохион бүтээх, үйлдвэрлэл, үйлчилгээнд орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх;
5.1.19. улсын аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үед геодези, зураг зүйн ажил гүйцэтгэх;
5.1.20. өндөр уулсын ноёлох оргилын солбицол, өндрийг тодотгон тогтоох, экологийн тогтолцооны газрын зураг зохиох, шинэчлэх;
5.1.21. усны хайгуул судалгааны ажлын геодезийн хэмжилт зураглал үйлдэх, нуур, гол, гол мөрний урсац бүрэлдэх, усны эх үүсвэр, ус хангамжийн эх үүсвэр, усан сан тэдгээрийн ёроолын зураглал, усан замын газрын зураг зохиох, шинэчлэх, хэвлэх;
5.1.22. хаягийн зураг зохиох, хаягийн жагсаалт үйлдэх, хаягийн тэмдэг, тэмдэглэгээг зураг төслийн дагуу байршуулах;
5.1.23. бүх төрлийн газрын зурагт жижүүрлэлт хөтлөх;
5.1.24. далан, гүүрийн мониторинг, барилга, байгууламжийн суулт, хазайлтыг тодорхойлох;
5.1.25. геодезийн хэмжилтийн багаж, хэрэгсэл шалгах, баталгаажуулах, геодезийн хэмжилтийн багаж, төхөөрөмжийн тохируулгын жишилтийн полигоныг байгуулах, ажиллуулах;
5.1.26. газар, түүний доорх, дээрх инженерийн барилга байгууламжийн тэг тэнхлэг, улаан шугам байгуулах, барилга байгууламжийн гаднах, доторх геометр хэмжээг тодорхойлох;
5.1.27. соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлах чиглэлээр хийгдэх геодезийн хэмжилт, зураглалын ажил хийх;
5.1.28. газрын доорх геодезийн хэмжилт, зураглалын ажил хийх, өрөмдлөгийн цооног холбох;
5.1.29. байнгын ажиллагаатай суурин станц байгуулах, ажиллуулах, дэлхийн царцдасын хэвтээ, босоо хөдөлгөөний өөрчлөлтийг судлах, солбицол, өндөр, гравиметрийн тогтолцооны эрин хоорондын хөрвүүлэлт хийх;
5.1.30. лазерын хиймэл дагуулын мэдээ хүлээн авах станц, хэт урт суурь шугам хэмжих станц, хиймэл дагуулын тохируулга хийх станцыг байгуулах, ажиллуулах;
5.1.31. том, дунд масштабын газрын зураг зохиох, шинэчлэх зорилгоор хиймэл дагуулын өндөр дүрслэх чадвартай олон сувгийн мэдээ хүлээн авах суурин станц байгуулах, ажиллуулах, боловсруулах;
5.1.32. цахилгаан соронзон долгионы янз бүрийн гэрлийн мужид авсан хиймэл дагуулын мэдээг геодезийн өгөгдөлд хөрвүүлэх;
5.1.33. геодезийн хэмжилтийн багаж засварлах, тохируулга хийх.
5.2. Геодези, зураг зүйн үйл ажиллагааг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
5.2.1. энэ хуулийн 5.1 дэх хэсгийн 5.1.1, 5.1.7, 5.1.9, 5.1.10, 5.1.13, 5.1.23, 5.1.25, 5.1.29-т заасан үйл ажиллагааг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
5.2.2. энэ хуулийн 5.2.1-д зааснаас бусад үйл ажиллагааг хүн, хуулийн этгээдийн захиалгаар тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ.
5.2.3. энэ хуулийн 5.1 дэх хэсгийн 5.1.8, 5.1.16, 5.1.17, 5.1.19, 5.1.21, 5.1.24, 5.1.26, 5.1.27, 5.1.28-т заасан үйл ажиллагааг хуулиар тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага захиалах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
5.2.4. энэ хуулийн 5.2.3-т зааснаас бусад үйл ажиллагааг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага захиалах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
6 дугаар зүйл. Монгол Улсыг батлан хамгаалах зорилгоор хийгдэх геодези, зураг зүйн ажил
6.1. Монгол Улсыг батлан хамгаалах зорилгоор хийгдэх геодези, зураг зүйн ажилд энэ хуулийн 5.1.7, 5.1.19-д заасан ажлыг хамааруулан ойлгоно.
6.2. Улсын аюулгүй байдлыг хангах, улсыг батлан хамгаалах зорилгоор хийгдэж байгаа геодези, зураг зүйн ажлыг Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж хэрэгжүүлнэ.
6.3. Гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үед хийгдэх геодези, зураг зүйн ажлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж хэрэгжүүлнэ.
6.4. Энэ хуулийн 5.1.7-д заасан ажлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хил хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран Монгол Улсын хилийн тухай хуулийн дагуу зохион байгуулж хэрэгжүүлнэ.
7 дугаар зүйл. Солбицол, өндөр, гравиметрийн тогтолцоо
7.1. Монгол Улс дэлхийн хүндийн төвд эхлэлтэй гурван хэмжээст улсын солбицлын тогтолцоо, улсын өндрийн тогтолцоо, улсын гравиметрийн тогтолцоо, солбицлын бие даасан тогтолцоотой байна.
7.2. Нийслэл хот, аймаг, сумын төв, суурин газар бүр солбицлын бие даасан тогтолцоотой байна.
7.3. Солбицлын бие даасан тогтолцоог геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулж улсын солбицлын тогтолцоо хоорондын харилцан хөрвүүлгийн утгыг тодорхойлсон байна.
7.4. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг зурагжуулахад зориулсан 1:25000 ба түүнээс жижиг масштабын газрын зургийг улсын солбицлын тогтолцоонд гүйцэтгэнэ.
7.5. Хот байгуулалт, уул уурхайн ашиглалт, ашигт малтмалын нөөц тооцоолол, инженерийн барилга байгууламжийн төсөл, тооцоонд шаардлагатай геодезийн хэмжилт, том масштабын дэвсгэр зураглалыг солбицлын бие даасан тогтолцоонд гүйцэтгэнэ.
8 дугаар зүйл. Геодезийн сүлжээ
8.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт геодези, зураг зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, нутаг дэвсгэрийн хэлбэр хэмжээ, түүний хэвтээ болон босоо шилжилт хөдөлгөөнийг шинжлэн судлахад байрлалын, өндрийн, гравиметрийн сүлжээг байгуулна.
8.2. Улсын геодезийн сүлжээг дэлхийн хүндийн төвд эхлэлтэй гурван хэмжээст солбицлын тогтолцоо, улсын өндрийн тогтолцоо, улсын гравиметрийн тогтолцоонд байгуулна.
8.3. Улсын геодезийн сүлжээний бүрэлдэхүүнд байнгын ажиллагаатай суурин станц багтана.
8.4. Улсын геодезийн байрлалын сүлжээг 6-8 жил тутамд, өндрийн болон гравиметрийн сүлжээг 15 жил тутамд, хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд тухай бүр давтан хэмжиж шинэчлэнэ.
8.5. Улсын геодезийн сүлжээний бүтэц, түүнийг байгуулах, геодезийн байнгын цэг, тэмдэгтэд тавих шаардлагыг геодези, зураг зүйн норм, нормативын баримт бичгээр тогтооно.
9 дүгээр зүйл. Геодезийн байнгын цэг, тэмдэгт
9.1. Геодезийн байнгын цэг, тэмдэгт болон байнгын ажиллагаатай суурин станц нь төрийн өмч байна.
9.2. Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг байгуулах, ашиглахад холбогдох норм, нормативын баримт бичгийг баримтална.
9.3. Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хамгаалалтын бүс нь төв суурин газарт цэгийн төвөөс 1.5 метр, хөдөө орон нутагт 3 метр газрыг хамарна.
9.4. Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн өгөгдөл, мэдээллийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан болон нэгдсэн системд төвлөрүүлнэ.
9.5. Улсын геодезийн сүлжээний байнгын ажиллагаатай суурин станцын хиймэл дагуулаас хүлээн авч байгаа долгионыг хаах эсвэл ойлгох, долгионыг сарниулагч байгууламж, төхөөрөмжийг түүний хамгаалалтын зурваст байрлуулахыг хориглоно.
9.6. Байнгын ажиллагаатай суурин станцын хамгаалалтын зурвасыг Засгийн газар тогтооно.
9.7. Геодезийн байнгын цэг, тэмдэгийг эвдэлж гэмтээх, цэгийн төвийн хөдөлгөөнгүй байдал, хэмжилт хийх, түүнд чөлөөтэй хүрч очих нөхцөлийг алдагдуулах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
9.8. Хүн, хуулийн этгээд нь геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газарт барилга байгууламж барих, газар шорооны ажил хийхдээ дор дурдсан байгууллагаар уламжлан геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэн зөвшөөрөл авна.
9.8.1. Улсын хилийн зурваст Хил хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
9.8.2. улсын тусгай хэрэгцээний газарт улсын тусгай хэрэгцээний газар эзэмшигч байгууллага;
9.8.3. улсын хилийн зурвас газар болон улсын тусгай хэрэгцээний газраас бусад газарт сум, дүүргийн Засаг дарга.
9.9. Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг зайлшгүй нүүлгэн шилжүүлэх шаардлага гарвал түүнийг нөхөн сэргээх зардлыг хүсэлт гаргасан хүн, хуулийн этгээд хариуцна.
9.10. Геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газар, барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь түүнийг хамгаалах, геодезийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
9.11. Нутаг дэвсгэртээ байгаа геодезийн сүлжээний эхлэл цэг болон байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцаж цэг, тэмдэгтийг гэмтээсэн, устгасан, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан тохиолдолд геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулна.
9.12. Хилийн зурваст байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдалд хил хамгаалах байгууллага хяналт тавьж цэг, тэмдэгтийг гэмтээсэн, устгасан, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан тохиолдолд геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулна.
9.13. Улсын тусгай хэрэгцээний газарт байгаа геодезийн сүлжээний эхлэл цэг болон байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдалд тусгай хэрэгцээний газрыг эзэмшигч байгууллагын дарга хяналт тавина.
9.14. Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн ач холбогдлыг сурталчлах, иргэдийг мэдээллээр хангах, хамгаалах, ашиглах үйл ажиллагааны журам, зааврыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталж мөрдүүлнэ
10 дугаар зүйл. Газрын зургийн төрөл, ангилал, агуулга, нарийвчлал, хэрэглээ
10.1. Газрын зургийг агуулга, хэрэглээнээс хамааруулан дараах төрөлд хуваана:
10.1.1. байр зүйн зураг;
10.1.2. дэвсгэр зураг;
10.1.3. хаягийн зураг;
10.1.4. гүйцэтгэлийн зураг;
10.1.5. кадастрын зураг;
10.1.7. газар зүйн нэрийн зураг;
10.1.8. ортофото зураг;
10.1.9. сэдэвчилсэн газрын зураг, атлас;
10.1.10. жижүүрлэлтийн зураг;
10.2. Газрын зургийг масштабаар нь том, дунд, жижиг гэж дараах байдлаар ангилна:
10.2.1. том масштабын газрын зурагт 1:100, 1:200, 1:500, 1:1000, 1:2000, 1:5000;
10.2.2. дунд масштабын газрын зурагт 1:10000, 1:25000, 1:50000, 1:100000, 1:200000;
10.2.3. жижиг масштабын газрын зурагт 1:500000 ба түүнээс жижиг масштаб хамаарна.
10.3. Газрын зургийн масштабыг зориулалтаас нь хамааруулан дараах байдлаар сонгож хэрэглэнэ:
10.3.1. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг зурагжуулахад 1:25000, 1:50000, 1:100000;
10.3.2. улсын хэмжээний байгаль, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг дүрсэлсэн сэдэвчилсэн газрын зураг, атласт жижиг масштабын;
10.3.3. бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтөд 1:100000-1:500000;
10.3.4. аймаг, нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөлтөд 1:25000-1:100000;
10.3.5. усны нөөцийн тархалт, улсын геологийн эрэл хайгуулд 1:200000;
10.3.6. геологийн ерөнхий эрэл хайгуулын судалгаанд 1:25000, нарийвчилсан судалгаанд 1:2000;
10.3.7. бэлчээр, газар тариалан, авто зам, эрчим хүч, хийн хоолой, төмөр замын трассын төлөвлөлтөд 1:10000-1:25000;
10.3.8. хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хот, тосгоны газар хөдлөлийн бичил мужлалын зураглалд 1:1000, 1:5000;
10.3.9. барилгажсан талбайн байр зүйн болон дэвсгэр зурагт 1:500, барилгажаагүй талбайн байр зүйн дэвсгэр зурагт 1:1000;
10.3.10. төв суурин газрын хаягжуулалтад 1:1000, суурингаас бусад газрын хаягжуулалтад 1:100000;
10.3.11. газар зүйн нэрийн зураг зохиоход 1:25000-1:100000;
10.3.12. хот суурины хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөд 1:1000-1:2000;
10.3.13. газар доорх болон гүүрэн байгууламж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шугамын суурилуулалтад 1:100-1:200;
10.3.14. хот орчмын бүс болон орчны тойм зургийг нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамааран 1:5000 - 1:25000;
10.3.15. инженерийн барилга байгууламжийн нарийвчилсан төлөвлөлтөд 1:200, 1:500, 1:1000.
10.4. Газрын зургийн нарийвчлал нь байрлалаараа масштабын 0.1 мм, өндрийн хувьд үеийн өндрийн гуравны нэгээс багагүй байна.
10.5. Газрын зургийн агуулга, таних тэмдгийг стандартаар, газрын зураг зохиох үйл ажиллагаа, тавигдах шаардлагыг норм дүрмээр тогтооно.
10.6. Газрын зургийг зохиоход геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хадгалагдаж байгаа орон зайн өгөгдөл, мэдээллийг суурь болгон ашиглана.
10.7. Байр зүйн болон дэвсгэр зургийг зориулалтаар нь тусгай, нийтийн зориулалтын гэж дараах байдлаар ангилна:
10.7.1. Тусгай зориулалтын байр зүйн болон дэвсгэр зураг нь төрийн болон албаны нууцад хамаарсан мэдээллийг агуулсан, улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангахад зориулсан байна.
10.7.2. Нийтийн зориулалтын байр зүйн болон дэвсгэр зураг нь энэ хуулийн 10.7.1-д заасан мэдээллийг агуулаагүй байна.
10.8. Тусгай зориулалтын байр зүйн болон дэвсгэр зурагт дүрслэгдэх нууцад хамаарах мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай хуулиар зохицуулна.
10.9. Нийтийн зориулалтын байр зүйн зургийн агуулга, тавигдах шаардлагыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
10.10. Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан дунд масштабын байр зүйн зургийг 10 жил тутамд, том масштабын байр зүйн болон дэвсгэр зургийг нийслэлд хоёр жил тутамд, бусад суурин газарт гурван жил тутамд, Монгол Улсын Үндэсний атласыг 10 жил тутамд шинэчилнэ.
10.11. Ортофото зургийг том масштабын байр зүйн болон дэвсгэр зургийн нарийвчлалаар нийслэлд жил тутам, аймгийн төвд гурван жил тутам гүйцэтгэнэ.
10.12. Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дунд болон жижиг масштабын газрын зургийн жижүүрлэлтийн зургийг өөрчлөлт гарсан тухай бүрд хөтөлнө.
10.13. Дэвсгэр зургийг солбицлын бие даасан тогтолцоонд газар нутгийн хязгаарлагдмал талбайд том масштабаар үйлдэнэ.
10.14. Сэдэвчилсэн газрын зураг, атласт тавигдах шаардлагыг норм, нормативын баримт бичгээр тогтооно.
10.15. Хилийн бүсэд агаараас газрын зураг авахдаа хил залгаа улсын холбогдох байгууллагад дипломат шугамаар мэдэгдэнэ.
10.16. Тусгай зориулалтын байр зүйн болон дэвсгэр зураг, үндэсний атлас зохиох, шинэчлэх, тэдгээрийг тоон хэлбэрт шилжүүлэх, хэвлэх, ашиглах асуудлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь холбогдох бусад төрийн захиргааны байгууллагатай хамтран Засгийн газрын баталсан журмын дагуу зохион байгуулна.
10.17. Газрын зургийн масштабыг томруулан зохиохыг, хэрэглэхийг, хэвлэхийг, эсхүл зурган, тоон мэдээллийг хуулбарлан ашиглахыг хориглоно.
10.18. Тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн зохиосон зураг зүйн бүтээлийг хуулбарлах, олшруулах, хэвлэх, худалдан борлуулахыг хориглоно
11 дүгээр зүйл. Газар зүйн нэр
11.1. Газар зүйн нэрэнд дараах объектын нэр хамаарна:
11.1.1. уул, нуруу, булан, тохой, арал, хойг, хээр тал, говь, цөл, гол, мөрөн, нуур, тойром зэрэг физик газар зүйн объект;
11.1.2. улс, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот тосгоны нэр, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэр;
11.1.3. хүний үйл ажиллагаагаар бий болсон далан, гүүр, усан сан, суваг, хөшөө, түүх соёлын дурсгалт газар, гудамж, зам, талбай, хотхон, хороолол, барилга байгууламж, хөдөө аж ахуй, үйлдвэр, тээвэр, холбоо зэрэг бусад объект.
11.2. Газар зүйн нэрийг тодотгох, шинээр нэрлэхэд лавлагааны болон түүхийн эх сурвалжид үндэслэх бөгөөд аливаа эх сурвалж байхгүй бол нутгийн уугуул иргэд, түүх, угсаатан зүй, монгол хэлний эрдэмтэн судлаачдын санал, тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэнэ.
11.3. Хүн, хуулийн этгээдийг газар зүйн албан ёсны нэрийн тухай мэдээллээр хангах, газар зүйн нэрийг зөв бичих, хэрэглэх, хэвшүүлэх, хамгаалах асуудлыг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран зохион байгуулна.
11.4. Газар зүйн объектыг нэрлэхэд дараах зарчим баримтална:
11.4.1. тухайн объектыг нээх, судлах, барьж байгуулахад оролцсон буюу эзэмшиж байгаа хүний нэрээр нэрлэх;
11.4.2. ойролцоо орших өөр төрлийн объектуудын оноосон нэр нь ижил байж болох;
11.4.3. газар зүйн хуучин нэрээр нь зүг чиг, өнгө, цаг хугацааны тодотголтой нэрлэж болох;
11.5. Газар зүйн нэрийг дараах онцгой тохиолдолд өөрчилж болно:
11.5.1. адил төрлийн хэд хэдэн объектын ижил нэр нь зам, тээвэр, харилцаа холбоо, бусад байгууллагын ажилд хүндрэл учруулахаар байвал;
11.5.2. уугуул иргэд нь нэрлэж заншсан уламжлалт нэрийг сэргээх хүсэлт тавьсан;
11.5.3. тухайн объектын мөн чанарт тохирохгүй, этгээд хэллэгээр, монгол хэлнээс өөр хэл дээр нэрлэгдсэн байвал.
11.6. Шинээр нэрлэх, өөрчлөх газар зүйн нэр дараах шаардлагыг хангасан байна.
11.6.1. хүрээлэн буй орчин, газар зүйн объектын тодорхой шинж, түүх, соёл, ахуйн онцлогийг тусгасан байх;
11.6.2. монгол хэлний бичлэг, хэллэгт тохиромжтой гурваас илүүгүй үгээс бүтсэн байх;
11.6.3. газар орны онцлог, түүхэн үйл явдал, ард түмний ёс заншил, уламжлал зэргийг харгалзах.
11.7. Энэ хуулийн 11.1.1, 11.1.2 дахь хэсэгт заасан газар зүйн нэрийг Засгийн газар нэгтгэн Улсын Их Хурлаар батлуулна.
11.8. Улсын Их Хурлаар батлагдах газар зүйн нэрийн саналыг хэлэлцэж зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус газар зүйн нэрийн Үндэсний зөвлөл Засгийн газрын дэргэд, аймаг, нийслэл, сум, дүүрэгт орон тооны бус газар зүйн нэрийн салбар зөвлөл ажиллана.
11.9. Газар зүйн нэрийн Үндэсний болон салбар зөвлөлийг дараах шаардлагад нийцүүлэн байгуулна:
11.9.1. газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд томилно;
11.9.2. газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хил хамгаалах, архив, боловсрол, соёл, барилга, хот байгуулалт, газрын харилцаа, геологи, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин, гадаад харилцаа, зам, тээвэр, харилцаа, холбоо, шинжлэх ухааны судалгааны байгууллагын төлөөлөл болон Монгол Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүдээс орсон байна.
11.9.3. газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
11.9.4. газар зүйн нэрийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга батална.
11.9.5. газар зүйн нэрийн салбар зөвлөлийн дүрмийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
11.10. Энэ хуулийн 11.1.3 дахь хэсэгт заасан нэрийг газар зүйн нэрийн салбар зөвлөлийн саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
11.11. Газар зүйн нэрийг 20 жил тутамд тодотгон баталгаажуулна.
12 дугаар зүйл. Геодези, зураг зүйн зөвлөх үйлчилгээ
12.1. Геодези, зураг зүйн салбарын мэргэжлийн зөвлөх үйлчилгээг дараах чиглэлээр үзүүлнэ:
12.1.1. геодези, зураг зүйн ажлын техник, эдийн засгийн үндэслэл, техникийн төсөл зохиох;
12.1.2. геодези, зураг зүйн норм, нормативын баримт бичиг боловсруулах, шүүмж хийх, хянан тохиолдуулга хийх;
12.1.3. геодези, зураг зүйн ажилд техникийн хяналт хийх, ажлын чанарт зөвлөгөө, дүгнэлт гаргах;
12.1.4. техник, технологийн үйлдвэрлэлийн туршилт хийх, технологийн горим тогтоох;
12.1.5. багаж, тоног төхөөрөмжийн угсралт, оношилгоо, засвар, техникийн үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт хийх ажлын технологи, аргачлал тогтоох, аюулгүй байдлын төлөвт дүгнэлт гаргах;
12.1.6. өндөр төвөгшилтэй, онцгой төвөгшилтэй барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн ашиглалтын үед.
13 дугаар зүйл. Геодези, зураг зүйн салбарын даатгал
13.1. Геодези, зураг зүйн үйл ажиллагаанд оролцогч учирч болзошгүй эрсдлийг даатгуулж болно. Даатгалыг захиалагч, гүйцэтгэгч урьдчилан тохиролцон геодези, зураг зүйн ажил гүйцэтгэх гэрээнд тусгана.
13.2. Геодези, зураг зүйн ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээд мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулж болно.
13.3. Геодези, зураг зүйн ажил олгогч нь ажилтнуудыг амь насны даатгалд даатгуулж болно.
14 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн норм, нормативын баримт бичиг
14.1. Геодези, зураг зүйн үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна:
14.1.1. геодези, зураг зүйн норм дүрэм;
14.1.2. геодези, зураг зүйн журам, заавар, аргачлал;
14.2. Геодези, зураг зүйн үйл ажиллагаанд энэ хуулийн 14.1.1-д заасан геодези, зураг зүйн норм дүрмийг заавал мөрдөнө.
14.3. Геодези, зураг зүйн норм, нормативын баримт бичгээр геодези, зураг зүйн үйл ажиллагаа, техникийн нарийвчилсан нөхцөл, шаардлагыг тогтооно.
14.4. Геодези, зураг зүйн үйл ажиллагаанд дагаж мөрдөх стандартыг боловсруулах, батлах, ашиглах, тохирлын гэрчилгээ олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ
15 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
15.1. Улсын Их Хурал геодези, зураг зүйн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1. геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаарх төрийн бодлогыг тодорхойлох;
15.1.2. улсын хилийн шугамын дагуух байр зүйн зураг, хилийн тэмдэгтийн солбицол, өндөр, хилийн цэсийг батлах;
15.1.3. Энэ хуулийн 11.1.1-11.1.2 дахь хэсэгт заасан газар зүйн нэрийг батлах, өөрчлөх;
15.1.4. 25000-аас багагүй масштабтай газрын зурагт дүрсэлсэн аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн зураг, солбицлын жагсаалтыг батлах;
15.1.5. геодези, зураг зүйн тоон мэдээлэл, байр зүйн зургийн нууцын зэрэглэл тогтоох, нууцыг ил болгох.
16 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
16.1. Засгийн газар геодези, зураг зүйн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1. төрөөс геодези, зураг зүйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх;
16.1.2. геодези, зураг зүйн үйл ажиллагаа явуулах солбицол, өндөр, гравиметрийн тогтолцоо, тусгаг, солбицлын эрин, эллипсоидын хэлбэр, геодезийн эхлэл цэгийн өгөгдөхүүнийг батлах, геодезийн сүлжээний эхлэл цэгийг хамгаалалтад авах;
16.1.3. олон улсын баримт бичигт тусгах, газрын зурагт хэрэглэгдэх Монгол Улсын газар зүйн нэр, улсын болон засаг захиргааны нэгжийн хил, түүний өөрчлөлтийн талаарх мэдээллийг холбогдох олон улсын байгууллагатай солилцох;
16.1.4. газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах;
16.1.5. 5.газар зүйн нэрийг тодотгох, шинээр тогтоох, солбицолжуулах, газар зүйн нэрийн зураг үйлдэх үйл ажиллагааны журмыг батлах;
16.1.6. энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.16 дахь хэсэгт заасан журмыг батлах;
16.1.7. Хил залгаа улстай байгуулсан олон улсын гэрээний дагуу улсын хилийн шугамыг хамтран шалгах, хилийн бүсэд агаарын зураг авах, байр зүйн зураг үйлдэх ажлыг удирдан зохион байгуулах;
16.1.8. Улсыг батлан хамгаалах зорилгоор хийгдэж байгаа геодези, зураг зүйн ажлыг зохион байгуулах журмыг батлах;
16.1.9. олон улсын гэрээгээр геодези, зураг зүйн асуудлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх.
17 дугаар зүйл. Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
17.1. Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
17.1.1. геодези, зураг зүйн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
17.1.2. геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;
17.1.3. энэ хуулийн 5.1 дэх хэсэгт заасан геодези, зураг зүйн үйл ажиллагаанд баримтлах норм, нормативын баримт бичгийг батлах;