1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХУУЛИЙН ЗОРИЛТ
1.1. Энэ хуулийн зорилт нь Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн иргэдэд нөхөх олговор олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 ДУГААР ЗҮЙЛ
ХУУЛЬ ТОГТООМЖ
2.1. Нөхөх олговор олгох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Газрын тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 ДУГААР ЗҮЙЛ
ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ
3.1. Энэ хууль нь энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төсөл хэрэгжих газрын байршил дотор амьдарч байгаа орон нутгийн иргэн, айл өрхөд хамаарна.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
НӨХӨХ ОЛГОВРЫН ЭХ ҮҮСВЭР
4.1. Нөхөх олговрыг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төслийн санхүүжилтээс олгох бөгөөд Засгийн газар төслийн санхүүжилтийн нийт үлдэгдлээс нөхөх олговорт ногдох хэсгийг тооцож Засгийн газрын тусгай санд хуримтлуулна.
5 ДУГААР ЗҮЙЛ
НӨХӨХ ОЛГОВРЫН ХЭМЖЭЭ
5.1. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төслийн нөлөөлөлд өртөх нэг иргэнд ногдох нөхөх олговрын хэмжээ нь 30 сая төгрөг байна.
6 ДУГААР ЗҮЙЛ
НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ЖУРАМ
6.1. Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан нөхөх олговор олгох журмыг Засгийн газар батална.
7.1. Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.