Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11-р сарын 20 өдөр
Ulaanbaatar city
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. 1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх зохион байгуулалт, эрх хэмжээг тогтоож, төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө олж авах, бүртгэх, үнэлэх үйл ажиллагаа, өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, түүнд тавих хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомж
2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хуулиар төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийг удирдахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулна.
3.2. Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийг удирдахтай холбоотой дараах харилцааг тухайлсан хуулиар зохицуулна:
3.2.1. улсын болон орон нутгийн төсөв, Үндэсний баялгийн сан, Эрдэнэсийн сан, Засгийн газрын тусгай сан болон Орон нутгийн тусгай сан, улсын болон орон нутгийн нөөцийн хөрөнгийн бүрдүүлэлт, хуваарилалт, түүнийг захиран зарцуулах, тайлагнах, хяналт тавих;
3.2.2. энэ хуулиар зохицуулснаас бусад төрийн болон орон нутгийн өмчит компанитай холбоотой харилцаа;
3.2.3. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс үүсгэн байгуулсан ашгийн төлөө бус сангийн зохион байгуулалт, хяналтын бүтэц, эд хөрөнгийн эрх, түүнд тавих хяналтыг хэрэгжүүлэх;
3.2.4. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, түүнд тавих хяналтыг хэрэгжүүлэх;
3.2.5. энэ хуулийн 8.1, 8.2.1, 8.2.4, 8.2.5, 8.2.7, 9.1.5, 9.1.6, 10.3.6, 10.4.6-д заасан төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, өмчийг эзэмшүүлж, ашиглуулах болон 8.2.2, 8.2.3-т заасан агаарыг хамгаалах, агаарын орон зайг ашиглуулах, түүнд тавих хяналтыг хэрэгжүүлэх;
3.2.6. соёлын биет өвийг бүртгэх, үнэлгээ тогтоох, тооллого хийх, түрээслэх, солилцох, шилжүүлэх болон түүнд тавих хяналтыг хэрэгжүүлэх;
3.2.7. төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, түншлэлийн төлбөрийг санхүүжүүлэх болон дэмжлэг үзүүлэх;
3.2.8. Монгол Улсын Төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор далай ашиглах;
3.2.9. хууль болон гэрээний дагуу төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, ашгийн төлөө бус хуулийн этгээд болон хуулиар тусгайлан эрх олгосон этгээдээр гүйцэтгүүлэх.
3.3. Тухайлсан хуулиар тогтоох төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийг удирдахтай холбоотой зохицуулалт нь энэ хуульд заасан өмчийг удирдах зарчим, өмчийн зориулалт, ангилал болон өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч этгээдийн нийтлэг эрх хэмжээнд нийцсэн байна.
3.4. Тухайлсан хуулиар зохицуулагдаагүй энэ хуулийн 3.2-т заасан төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийг удирдахтай холбоотой харилцаанд энэ хууль үйлчилнэ.
3.5. Төрийн болон албаны нууцад хамаарах хөрөнгийг удирдах, түүнд хяналт тавих журмыг энэ хууль болон холбогдох хуульд нийцүүлэн Засгийн газар батална.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “төрийн байгууллага” гэж төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг дээд, төв болон орон нутгийн бүх шатанд хэрэгжүүлэх зорилгоор хуульд заасны дагуу байгуулагдсан, төсвөөс санхүүждэг байгууллага, түүний үндсэн чиг үүргийг хариуцсан харьяа нэгжийг;
4.1.2. “албан газар” гэж төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарах нийтийн үйлчилгээ болон төрийн болон орон нутгийн байгууллагын хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээг эрхлэх зорилготой, үйл ажиллагаа, өмчлөх эрхээ төрөөс тогтоосон журмын дагуу хэрэгжүүлж, төсвөөс олгосон хөрөнгө болон өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүждэг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг;
4.1.3. “төрийн болон орон нутгийн өмчит компани” гэж Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн 4.1.1, 4.1.4-т заасан хуулийн этгээдийг;
4.1.4. “өмчийн удирдлага” гэж хуульд заасны дагуу өмчлөгч болон түүнээс эрх олгосон этгээдээс хэрэгжүүлэх төрийн болон орон нутгийн өмчийг олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хэмжээг;
4.1.5. “хөрөнгийг удирдах” гэж өөрийн эзэмшилд байгаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хууль болон гэрээнд заасан зориулалт, нөхцөл, журмын дагуу эзэмших, ашиглах болон бусдад ашиглуулах, шилжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг.
5 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийг удирдах зориулалт, зарчим
5.1. Төрийн болон орон нутгийн өмчийг дараах зориулалтаар удирдана:
5.1.1. төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
5.1.2. нийтийн эрх ашгийг хангах;
5.1.3. үр өгөөж, ашиг бий болгох;
5.1.4. нөөц бий болгох, хадгалах.
5.2. Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:
5.2.1. төрийн болон орон нутгийн өмч, гадаад улс болон нээлттэй далай тэнгис, агаарын орон зай дахь Монгол Улсын төрийн өмчийг удирдах төрийн бодлого нэгдмэл байх;
5.2.2. хуульд заасан зорилго, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн байх;
5.2.3. үр өгөөжийг ард түмэнд тэгш шударга хүртээх;
5.2.4. тооцоо, судалгаанд үндэслэсэн үр нөлөөтэй, үр ашигтай байх;
5.2.5. хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлж, хариуцлагатай, ил тод, нээлттэй байх;
5.2.6. хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол биет болон биет бус хөрөнгийн иж бүрдэл нь нэг эд хөрөнгөд хамаарах бол өмчийн удирдлагыг нэг этгээд хэрэгжүүлэх.
6 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн төрөл
6.1. Төрийн болон орон нутгийн өмч нь үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө байна.
6.2. Төрийн болон орон нутгийн өмч нь эдийн болон эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл болох эдийн бус хөрөнгө байж болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧ
7 дугаар зүйл. Төрийн өмчийн ангилал
7.1. Төрийн өмч нь төрийн нийтийн болон төрийн тусгайлсан өмчөөс бүрдэнэ.
8 дугаар зүйл. Төрийн нийтийн өмч
8.1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар ард түмний мэдэлд байхаар заасан дараах байгалийн баялаг, хөрөнгө нь төрийн нийтийн өмч байна:
8.1.1. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар;
8.1.2. газрын хэвлий, түүний баялаг;
8.1.3. ой, түүний нөөц, дагалдах баялаг;
8.1.4. ус, түүний нөөц, доторх баялаг;
8.1.6. Эрдэнэсийн сан;
8.1.7. Үндэсний баялгийн сангийн хөрөнгө.
8.2. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар төрийн хамгаалалтад байхаар заасан болон үр өгөөжийг нь нийт ард түмэнд хүртээхээр заасан дараах баялаг, хөрөнгө төрийн нийтийн өмчид хамаарна:
8.2.3. агаарын орон зай;
8.2.4. хүн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаагаас бусад түүх, соёлын үл хөдлөх болон хөдлөх дурсгал;
8.2.5. палеонтологи, археологийн олдвор;
8.2.6. төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцаа;
8.2.7. төрийн архивын сан хөмрөг;
8.2.8. нийтийн зориулалтаар ашиглахаар хуульд заасан бусад.
8.3. Монгол Улсын иргэн нь бусдад эзэмшүүлж, ашиглуулснаас бусад газар, ой, усны сан бүхий газарт чөлөөтэй нэвтрэх, энэ хуулийн 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан төрийн нийтийн өмчийг хуульд заасны дагуу хувийн болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглах, үр шимийг хүртэх эрхтэй.
8.4. Төрийн нийтийн өмчийн газрыг Газрын тухай хуульд заасан болзол, журмын дагуу Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, олон улсын болон гадаадын хуулийн этгээдэд ашиглуулж болно.
9 дүгээр зүйл. Төрийн тусгайлсан өмч
9.1. Төрийн тусгайлсан өмчид дараах хөрөнгө хамаарна:
9.1.1. төрийн байгууллага, төрийн өмчит албан газрын хөрөнгө;
9.1.2. улсын төсвийн хөрөнгө;
9.1.3. Засгийн газрын тусгай сан;
9.1.5. төрийн хөрөнгөөр бүтээсэн, олж авсан оюуны өмч, эрх;
9.1.6. төрийн үйл ажиллагаанд хамаарах хуульд заасан бүртгэл, мэдээллийн сан;
9.1.7. хуульд заасан бусад.
10 дугаар зүйл. Орон нутгийн өмч
10.1. Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор өмчтэй байна.
10.2. Орон нутгийн өмч нь орон нутгийн нийтийн зориулалттай болон орон нутгийн тусгайлсан өмчөөс бүрдэнэ.
10.3. Аймаг, нийслэлийн өмчид дараах хөрөнгө хамаарна:
10.3.1. аймаг, нийслэлийн орон нутгийн байгууллага, албан газрын хөрөнгө;
10.3.2. аймаг, нийслэлийн төсөв;
10.3.3. аймаг, нийслэлийн өмчийн хөрөнгөөр байгуулсан нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хөшөө дурсгал, олон нийтийн соёл, амралтын хүрээлэн, ногоон байгууламж, авто зам, авто зогсоол болон цэвэр, бохир усны шугам, хог хаягдал болон хаягдал ус цэвэрлэх байгууламж, үерийн далан, ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн байгууламж зэрэг нийтийн хэрэгцээнд зориулсан хөрөнгө;
10.3.4. орон нутгийн тусгай болон бусад сангийн хөрөнгө;
10.3.5. орон нутгийн өмчит компанийн аймаг, нийслэлийн эзэмшлийн хувьцаа;
10.3.6. аймаг, нийслэлийн нөөц;
10.3.7. аймаг, нийслэлийн өмчийн хөрөнгөөр бүтээсэн, олж авсан оюуны өмч, эрх;
10.3.8. хуульд заасан бусад.
10.4. Сум, дүүргийн өмчид дараах хөрөнгө хамаарна:
10.4.1. сум, дүүргийн орон нутгийн байгууллага, албан газрын хөрөнгө;
10.4.2. сум, дүүргийн төсөв;
10.4.3. сум, дүүргийн өмчийн хөрөнгөөр байгуулсан нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хөшөө дурсгал, олон нийтийн соёл, амралтын хүрээлэн, ногоон байгууламж, авто зам, авто зогсоол болон төвлөрсөн бус ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн байгууламж;
10.4.4. орон нутгийн тусгай болон бусад сангийн хөрөнгө;
10.4.5. орон нутгийн өмчит компанийн сум, дүүргийн эзэмшлийн хувьцаа;
10.4.6. сум, дүүргийн нөөц;
10.4.7. 10.4.7.сум, дүүргийн өмчийн хөрөнгөөр бүтээсэн, олж авсан оюуны өмч, эрх;
10.4.8. хуульд заасан бусад.
10.5. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1-д заасны дагуу байгуулсан сангийн хөрөнгө нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн тусгайлсан өмч байна.
10.6. Энэ зүйлийн 10.3.3, 10.3.5-д заасан хөрөнгө нь аймаг, нийслэлийн нийтийн зориулалттай өмч, 10.4.3, 10.4.5-д заасан хөрөнгө нь сум, дүүргийн нийтийн зориулалттай өмч байна.
10.7. Энэ зүйлийн 10.3.1, 10.3.2, 10.3.4, 10.3.6, 10.3.7-д заасан хөрөнгө нь аймаг, нийслэлийн тусгайлсан өмч, 10.4.1, 10.4.2, 10.4.4, 10.4.6, 10.4.7-д заасан хөрөнгө нь сум, дүүргийн тусгайлсан өмч байна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН УДИРДЛАГА
11 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
11.1. Улсын Их Хурал нь ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байна.
11.2. Төрийн болон орон нутгийн өмчийн талаар Улсын Их Хурал дараах бүрэн эрхтэй:
11.2.1. төрийн нийтийн өмчийн үр өгөөжийг ард түмэнд хүртээх стратеги, төрийн болон орон нутгийн өмчийн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг батлах, биелэлтийг хангуулах асуудлаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх;
11.2.2. хуульд заасны дагуу төрийн нийтийн өмчид болон энэ хуулийн 11.2.6, 11.2.7-д заасны дагуу төрийн өмчид хөрөнгө олж авах;
11.2.3. төрийн өмчийг удирдах эрхийг хууль тогтоомжийн дагуу Засгийн газар болон эрх бүхий бусад этгээдэд олгох, өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэх;
11.2.4. төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн талаар баримтлах үндсэн чиглэл болон бусдын өмчлөлд шилжүүлж үл болох төрийн тусгайлсан өмчийн жагсаалтыг батлах;
11.2.5. төрийн өмчит компани байгуулах стратегийн ач холбогдол бүхий салбарын жагсаалт батлах;
11.2.6. стратегийн ач холбогдол бүхий салбарт төрийн өмчит компани үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгах болон хувьцаа олж авах, шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох;
11.2.7. нийтийн эрх ашиг, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн орон нутгийн өмчийн хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлаар Засгийн газрын саналыг хэлэлцэж, шилжүүлэн авах шийдвэр гаргах;
11.2.8. төрийн болон орон нутгийн өмчийн улсын тооллогын дүн, төрийн болон орон нутгийн өмчийн төлөв байдлын талаарх Засгийн газрын тайлан /цаашид “Өмчийн төлөв байдлын тайлан” гэх/-г хэлэлцэж, Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх;
11.2.9. хуульд заасан бусад.
12 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
12.1. Засгийн газар нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд төрийн өмчийг удирдах эрхийг хэрэгжүүлж, төрийн өмчийн үр нөлөөтэй, үр ашигтай байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.
12.2. Засгийн газар нь төрийн болон орон нутгийн өмчийн талаар дараах бүрэн эрхтэй:
12.2.1. төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
12.2.2. хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчийг удирдаж, төрийн өмчийг удирдах эрхээ хуульд заасны дагуу бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн харьяа байгууллага, албан газарт, эсхүл бусад этгээдэд шилжүүлэх, өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлж, шаардлагатай асуудлаар үүрэг, чиглэл өгөх;
12.2.3. төрийн тусгайлсан өмчид болон энэ хуулийн 12.2.5-д заасны дагуу төрийн өмчид хөрөнгө олж авах;
12.2.4. Улсын Их Хурлын зөвшөөрлийг үндэслэн энэ хуулийн 11.2.6-д заасан асуудлаар шийдвэр гаргах;
12.2.5. хуульд заасан үндэслэлээр энэ хуулийн 11.2.5-д зааснаас бусад салбарт төрийн өмчит компани үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгах, төрийн эзэмшлийн хувьцааг олж авах, шилжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах;
12.2.6. төрийн өмчит компани байгуулах стратегийн ач холбогдол бүхий салбарын жагсаалт болон төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг хуульд заасны дагуу боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
12.2.7. төрийн өмчит компани байгуулж болох нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарын болон орон нутгийн өмчит компани байгуулах салбарын жагсаалт батлах;
12.2.8. төрийн байгууллага, албан газрын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх асуудлаар шийдвэр гаргах;
12.2.9. төрийн тусгайлсан өмчийн хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлэх;
12.2.10. улсын тусгай хэрэгцээ, нийтийн эрх ашгийг үндэслэн газрыг нөхөн олговортойгоор солих, эргүүлэн авах болон хуульд заасны дагуу хураан авах шийдвэр гаргах;
12.2.11. гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулах шийдвэр гаргах, гэрээ байгуулах;
12.2.12. 12.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн байгууллага, албан газар байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох, дүрмийг батлах;
12.2.13. төрийн болон орон нутгийн өмчийн улсын тооллогыг зохион байгуулах шийдвэр гаргах, дүнг хэлэлцэх, тооллогын талаарх Засгийн газрын тайланг Улсын Их Хуралд хүргүүлэх;
12.2.14. төрийн болон орон нутгийн өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргах, тайланг Улсын Их Хуралд хүргүүлэх;
12.2.15. хуульд заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг зохицуулсан журмыг батлан мөрдүүлэх;
12.2.16. хуульд заасан бусад.
12.3. Засгийн газар энэ хуулийн 11.2.4, 11.2.6, 11.2.7-д заасан асуудлаар Улсын Их Хуралд санал гаргах болон энэ хуулийн 12.2.3, 12.2.5, 12.2.7, 12.2.8, 12.2.9, 12.2.11-д заасан асуудлыг хэлэлцэхдээ Төрийн өмчийн хорооны дүгнэлтийг авсан байна.
13 дугаар зүйл. Өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний чиг үүрэг
13.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомж, Засгийн газрын холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид “Төрийн өмчийн хороо” гэх/ хэрэгжүүлэх бөгөөд Засгийн газрын тохируулагч агентлаг байна.
13.2. Төрийн өмчийн хороо нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга, төрийн захиргааны байгууллагын төлөөлөл бүхий орон тооны бус найман гишүүнтэй байна.
13.3. Засгийн газар нь Төрийн өмчийн хороо /Засгийн газрын тохируулагч агентлаг/-ны бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоож, дарга, гишүүнийг томилж, чөлөөлнө.
13.4. Төрийн өмчийн хорооны хамтын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдааны шийдвэр нь тогтоол, тэмдэглэл хэлбэртэй байна.
13.5. Төрийн өмчийн хороо нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
13.5.1. төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлага, зохион байгуулалтаар хангах, гүйцэтгэлийг хянах;
13.5.2. төрийн тусгайлсан өмчид энэ хуулийн 12.2.5, 12.2.8, 12.2.10, 12.2.11-д зааснаас бусад үндэслэлээр хөрөнгө олж авах;
13.5.3. энэ хуулийн 12.3-т заасан асуудлаар дүгнэлт гаргаж, Засгийн газарт хүргүүлэх;
13.5.4. Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан хөрөнгө шилжүүлэх, төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах болон энэ хуулийн 11.2.4-т заасан төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлт хийх шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт тайлагнах;
13.5.5. төрийн байгууллага, албан газрын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг өөрчлөх болон тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шилжүүлэх, ашиглах боломжгүйд тооцож, данс, бүртгэлээс хасах саналыг хянаж, зөвшөөрөл олгох;
13.5.6. хуульд заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн улсын тооллогыг зохион байгуулж, нэгдсэн дүнг Засгийн газарт тайлагнах;
13.5.7. төрийн болон орон нутгийн өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланг бэлтгэн Засгийн газарт тайлагнах;
13.5.8. төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн бүрдүүлэлт, хөтлөлтийг эрхлэх;
13.5.9. Орон нутгийн өмчийн газрыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах асуудлаар үүрэг, чиглэл өгөх;
13.5.10. төрийн өмчийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
13.5.11. төрийн өмчийн оролцоотой компаниас бусад төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор төрийн өмчийн төлөөлөгчийг түр томилон ажиллуулах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар холбогдох байгууллагад санал хүргүүлэх;
13.5.12. төрийн өмчийг удирдах эрх, төрийн өмчид учруулсан хохирлыг барагдуулах чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах, шүүхэд нэхэмжлэл гаргах;
13.5.13. төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомжийн талаар төрийн албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулахад Төрийн албаны зөвлөл болон холбогдох бусад байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
13.5.14. хуульд заасан бол төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг зохицуулсан захиргааны хэм хэмжээний акт батлан мөрдүүлэх;
13.5.15. хуульд заасан бусад.
13.6. Төрийн өмчийн хороонд улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.
13.7. Төрийн өмчийн хорооны дарга нь улсын ерөнхий байцаагчийн эрхтэй байх бөгөөд улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно. Улсын ерөнхий байцаагч нь улсын ахлах болон улсын байцаагчийн эрхийг олгоно.
14 дүгээр зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
14.1. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан чиг үүргийн дагуу орон нутгийн өмчийн өмчлөгч байна.
14.2. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн талаар дараах нийтлэг бүрэн эрхтэй:
14.2.1. орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд өмчийн удирдлагын үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг тусган батлах, биелэлтийг хангуулах чиглэлээр тухайн шатны Засаг даргад үүрэг, чиглэл өгөх;
14.2.2. орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хөрөнгө олж авах болон хувийн өмчит компанийн хяналтын багц, түүнээс дээш хувийг олж авах, эсхүл энэ хуулийн 14.2.4, 14.2.6, 14.2.7-д заасан үндэслэлээр орон нутгийн тусгайлсан өмчид хөрөнгө олж авах;
14.2.3. хуульд заасны дагуу өмчлөх эрхээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тухайн шатны Засаг даргад шилжүүлэх, өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлж, шаардлагатай асуудлаар үүрэг, чиглэл өгөх;
14.2.4. орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах, татан буулгах, өөрчлөн байгуулах болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа олж авах, шилжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах;
14.2.5. бусдын өмчлөлд шилжүүлж үл болох орон нутгийн тусгайлсан өмчийн жагсаалт батлах;
14.2.6. орон нутгийн байгууллага, албан газрын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх шийдвэр гаргах;
14.2.7. аймаг, сум, нийслэл, дүүргийн тусгай хэрэгцээг үндэслэн хуульд заасны дагуу бусдын эзэмшил газрыг нөхөн олговортойгоор солих, эргүүлэн авах шийдвэр гаргах;
14.2.8. орон нутгийн өмчийг төрийн өмчид шилжүүлэх шийдвэр гаргах;
14.2.9. орон нутгийн өмчийн тооллогын дүн, орон нутгийн өмчийн төлөв байдлын тайланг хэлэлцэх, тухайн шатны Засаг даргад үүрэг, чиглэл өгөх;
14.2.10. хуульд заасан бол орон нутгийн өмчийн харилцааг зохицуулсан захиргааны хэм хэмжээний акт батлан мөрдүүлэх;
14.2.11. хуульд заасан бусад.
14.3. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 14.2-т зааснаас гадна орон нутгийн өмчийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.3.1. орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн өмчит албан газар байгуулах;
14.3.2. орон нутгийн өмчийн тооллогын нэгдсэн дүн болон орон нутгийн өмчийн төлөв байдлын тайланг хэлэлцэн баталгаажуулж, Төрийн өмчийн хороонд хүргүүлэх шийдвэр гаргах.
14.4. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 14.2.2, 14.2.4, 14.2.5, 14.2.6, 14.2.8-д заасан асуудлыг тухайн шатны Засаг даргын саналаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
15 дугаар зүйл. Засаг даргын бүрэн эрх
15.1. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь хуульд заасны дагуу орон нутгийн өмчийг удирдах эрхийг хэрэгжүүлж, өмчийн үр нөлөөтэй, үр ашигтай байдлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцна.
15.2. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь орон нутгийн өмчийн талаар дараах бүрэн эрхтэй:
15.2.1. орон нутгийн өмчийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, орон нутгийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
15.2.2. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх, тайлагнах;
15.2.3. орон нутгийн тусгайлсан өмчид энэ хуулийн 14.2.2, 14.2.6, 14.2.7-д зааснаас бусад үндэслэлээр хөрөнгө олж авах;
15.2.4. орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг өөрчлөх, орон нутгийн байгууллага, албан газрын эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг бусдын өмчлөлд шилжүүлэх шийдвэр гаргах;
15.2.5. энэ хуулийн 14.2.2, 14.2.4, 14.2.5, 14.2.6, 14.2.8-д заасан асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал хүргүүлэх;
15.2.6. орон нутгийн өмчийн төлөв байдлын тайланг гаргаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх;
15.2.7. харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд өмчийн тооллогыг зохион байгуулах, дүнг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх;
15.2.8. орон нутгийн өмчийн бүртгэл, мэдээллийг үнэн зөв бүрдүүлж, мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах;
15.2.9. орон нутгийн өмчийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, орон нутаг дахь төрийн өмчийг удирдах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
15.2.10. хуульд заасан бол орон нутгийн өмчийн харилцааг зохицуулсан захиргааны хэм хэмжээний акт батлан мөрдүүлэх;
15.2.11. хуульд заасан бусад.
15.3. Засаг дарга нь энэ хуулийн 14.2.2, 14.2.4, 14.2.5, 14.2.6, 14.2.8-д заасан асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал гаргах, энэ хуулийн 15.2.3, 15.2.4-т заасан асуудлаар шийдвэр гаргахдаа Орон нутгийн өмчийн газрын дүгнэлтийг авсан байна
16 дугаар зүйл. Орон нутгийн өмчийн газар, түүний чиг үүрэг
16.1. Орон нутагт төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомж, орон нутгийн нэгжийн удирдлагын өмчийн талаарх холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, өмчийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргийг орон нутгийн өмчийн асуудал хариуцсан аймаг, нийслэлийн Засаг даргын харьяаны агентлаг /цаашид “Орон нутгийн өмчийн газар” гэх/ хэрэгжүүлнэ.
16.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоож, даргыг нь томилж, чөлөөлнө.
16.3. Орон нутгийн өмчийн газар нь дараах чиг үүрэгтэй:
16.3.1. харьяа орон нутгийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах чиглэлээр зөвлөмж, шаардлага өгөх;
16.3.2. иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас орон нутгийн өмчийн талаар гарах шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэх чиглэлд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, шийдвэрийн биелэлтийг хангуулах;
16.3.3. аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмч шилжүүлэх, орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, татан буулгах, өөрчлөн байгуулах болон бүтцийн өөрчлөлт хийх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, тайлагнах;
16.3.4. орон нутгийн өмчийн болон орон нутаг дахь төрийн өмчийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын байдалд хяналт тавих, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
16.3.5. орон нутгийн өмчийн оролцоотой компаниас бусад орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор өмчийн төлөөлөгчийг түр томилон ажиллуулах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар холбогдох байгууллагад санал хүргүүлэх;
16.3.6. аймаг, нийслэлийн өмчийн төлөв байдлын тайлан, цаашид авах арга хэмжээний талаарх дүгнэлт, саналыг бэлтгэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулж, Төрийн өмчийн хороонд хүргүүлэх;
16.3.7. энэ хуулийн 65.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд оруулах орон нутгийн өмчийн бүртгэл, мэдээллийн бүрдүүлэлт, хөтлөлтийг хариуцах;
16.3.8. энэ хуулийн 15.3-т заасан асуудлаар дүгнэлт гаргах;
16.3.9. орон нутгийн байгууллага, албан газрын эзэмшилд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг түрээслэх, тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүйд тооцож, данс, бүртгэлээс хасах саналыг хянаж, зөвшөөрөл олгох;
16.3.10. орон нутгийн өмчийн тооллогыг зохион байгуулах, нэгдсэн дүнг Төрийн өмчийн хороонд хүргүүлэх;
16.3.11. орон нутгийн өмчийг удирдах эрх, орон нутгийн өмчид хохирол учруулсан асуудлаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах, шүүхэд нэхэмжлэл гаргах;
16.3.12. төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжийг сурталчлах, төрийн албан хаагчдыг бэлтгэхэд холбогдох байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
16.3.13. хуульд заасан бусад.
16.4. Орон нутгийн өмчийн газарт улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана. Улсын байцаагчийн эрхийг өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга олгоно.
16.5. Шаардлагатай бол энэ хуулийн 16.3.1, 16.3.2, 16.3.4, 16.3.7, 16.3.11, 16.3.12-т заасан чиг үүрэг бүхий өмчийн асуудал хариуцсан ажилтныг сум, дүүрэгт ажиллуулж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ТҮҮНИЙ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХ
17 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ангилал
17.1. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг дараах байдлаар ангилна:
17.1.1. төрийн байгууллага;
17.1.3. төрийн болон орон нутгийн өмчит компани.
17.2. Энэ хуулийн 17.1.1, 17.1.2-т заасан хуулийн этгээд нь нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд хамаарах бөгөөд иргэний эрх зүйн чадвар нь хуульд заасны дагуу байгуулагдсанаар үүсэж, татан буугдсанаар дуусгавар болно.
17.3. Энэ хуулийн 17.1.3-т заасан хуулийн этгээд нь нь хувийн эрх зүйн хуулийн этгээдэд хамаарах бөгөөд иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.
18 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн эрх
18.1. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон хөрөнгийг хууль, дүрэмд заасны дагуу үр ашигтай удирдах, өмчийн бүртгэл, тооллого, дотоодын хяналтыг зохих журмын дагуу хэрэгжүүлж, хөрөнгийн талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах, тайлагнах, эзэмшлийн хөрөнгөнд учирсан хохирлыг барагдуулах асуудлаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах, шүүхэд нэхэмжлэл гаргах нийтлэг үүрэгтэй.
18.2. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд өөрт олгогдсон хөрөнгийг дараах шаардлагын дагуу эзэмшиж, ашиглана:
18.2.1. хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгийн бүртгэл хөтлөх, хуульд заасан бол улсын бүртгэлд бүртгүүлэх, хөрөнгийн тооллого хийх, санхүү, өмчийн болон хуульд заасан бусад тайлан, статистик мэдээ гаргах, тайлагнах;
18.2.2. хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, арчлах, зохистой болон аюулгүйн нөөц бүрдүүлэх, эрсдэлээс хамгаалах, даатгуулах;
18.2.3. илүүдэл, ашиглалтгүй хөрөнгийг түрээслэх, хөлслөх, бусад хэлбэрээр үр ашгийг дээшлүүлэх арга хэрэгслийг ашиглах;
18.2.4. хууль зүйн арга, хэрэгслийг ашиглан өмчлөгч, эзэмшигчийн эрхээ хамгаалах;
18.2.5. эд хариуцагчтай хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах;
18.2.6. дотоод хяналт, хяналт-шинжилгээ, үнэлгээг зохион байгуулах;
18.2.7. хөрөнгийн үйлчилгээ, ашиглалтын найдвартай, аюулгүй байдлыг хангаж бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
18.2.8. тухайлсан хуульд заасан бусад.
18.3. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь хуульд заасны дагуу хөрөнгө олж авах, өөрт олгогдсон хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах болон энэ хуулийн 12.2.5, 12.2.8, 13.5.5, 14.2.2, 14.2.6, 15.2.4-т зааснаас бусад өөрийн эзэмшлийн үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгийг хуульд заасны дагуу бусдад ашиглуулах, шилжүүлэх болон ашиглах боломжгүйд тооцож, данс бүртгэлээс хасах шийдвэр гаргах эрхтэй.
18.4. Төрөөс иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулах, нийтэд тустай үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ашгийн төлөө бус санг үүсгэн байгуулж болно.
18.5. Энэ хуулийн 18.4-т заасан сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад Сангийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хяналт тавина.
18.6. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн мөнгөн хөрөнгийг удирдах журмыг Засгийн газар батална. Журмын төслийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулах бөгөөд Монголбанкны саналыг авсан байна.
18.7. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн зээл авах, үнэт цаас гаргахтай холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн 18.1, 18.2-т заасны дагуу зохицуулна.
18.8. Төрийн байгууллага нь өөрийн эрх мэдлийн хүрээнд хамаарах тодорхой хөрөнгийн удирдлагыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бусад этгээдэд шилжүүлж болно. Гэрээгээр шилжүүлэх чиг үүргийн жагсаалтыг Засгийн газар батална.
18.9. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшилд байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон хуульд зөвшөөрөл авахаар заасан хөрөнгийг эрх бүхий этгээдийн шийдвэр, зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, ашиглуулах, данс, бүртгэлээс хасахыг хориглоно.
18.10. Төсвийн тухай хуулийн 14.1-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх салбар, хүрээний төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийн удирдлага, бүртгэл, тооллого, тайлагнах үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хуульд заасан хүрээнд хяналтыг хэрэгжүүлнэ.
18.11. Төсвийн тухай хуулийн 17.1-д заасан төслийн нэгж, ашиглалтын өмнөх захиргаа нь энэ хуулийн 18.1, 18.2, 18.3-т заасан эрх, үүргийг төрийн байгууллага, албан газрын нэгэн адил хэрэгжүүлнэ.
18.12. Төрийн болон орон нутгийн өмчит компани эд хөрөнгийн эрхээ холбогдох хуульд заасны дагуу бие даан хэрэгжүүлнэ.
18.13. Төрийн өмчит компанийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газар, орон нутгийн өмчит компанийн орон нутгийн өмчийн хувьцаа эзэмшигч нь аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна.
18.14. Засгийн газар болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хувьцаа эзэмшигчийн эрхээ өөрөө, эсхүл Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийг томилж төлөөллийн журмаар хэрэгжүүлнэ.
18.15. Хувьцаа эзэмшигч болон төлөөллийн журмаар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээдийн эрх хэмжээг Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар тогтооно.
19 дүгээр зүйл. Албан газар, түүний эд хөрөнгийн эрх
19.1. Төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарах нийтийн үйлчилгээ болон төрийн болон орон нутгийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээг хувийн хэвшил, ашгийн төлөө бус хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх боломжгүй, эсхүл үр ашиггүй нөхцөлд албан газрыг байгуулна. Албан газрын үйл ажиллагаа нь ашгийн төлөө бус байна.
19.2. Хуульд өөрөөр заагаагүй бол албан газрыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах болон түүний бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох эрх хэмжээг дараах эрх бүхий этгээд хэрэгжүүлнэ:
19.2.1. төрийн өмчит албан газрыг Засгийн газар;
19.2.2. орон нутгийн өмчит албан газрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.
19.3. Засгийн газрын гишүүн өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн өмчит албан газрын, аймаг, нийслэлийн Засаг дарга харьяа орон нутгийн өмчит албан газрын даргыг томилж, чөлөөлнө.
19.4. Албан газрын дүрэмд эрхлэх үндсэн үйл ажиллагаа, хүрэх үр дүн, үйл ажиллагаа эрхлэх хугацаанаас гадна дараах нөхцөлийг тусгасан байна:
19.4.1. жилийн төсвийг бэлтгэх суурь болон санхүүгийн төлөвлөгөөг жил бүр гаргах;
19.4.2. орлого, зарлагыг санхүүгийн төлөвлөгөөтэй нийцсэн байдлаар төсвийн задаргаанд тусгаж байх;
19.4.3. дотоод аудитын нэгж, эсхүл дотоод аудитортой байх эсэх, түүний ажиллах журам;
19.4.4. өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл.
19.5. Дараах албан газрыг байгуулах, өөрчлөх, татан буулгах, дүрмийг батлах болон бүтэц, зохион байгуулалт, хяналтыг тухайлсан хуулиар зохицуулна:
19.5.1. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг болон Улсын Их Хурлаас байгуулдаг байгууллагын харьяанд ажиллах албан газар;
19.5.2. боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах албан газар;
19.5.3. хуульд тусгайлан заасан бусад.
19.6. Албан газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлага болон холбогдох хууль, албан газрын дүрэмд заасан тусгай шаардлагыг хангасан байна.
19.7. Албан газар нь өөрийн үйл ажиллагааны орлогыг хууль, дүрэмд заасан чиг үүрэгтээ нийцүүлэн захиран зарцуулах эрхтэй бөгөөд хууль тогтоомж болон дүрэмд өөрөөр заагаагүй бол бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнийхээ үнэ, тарифыг тогтоож болно.
19.8. Албан газар нь энэ хуулийн 18.1, 18.2, 18.3-т заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлэхээс гадна Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах үүрэгтэй.
19.9. Албан газар нь хуульд заасан чиг үүргийн дагуу гаргасан өмчийн тайлан мэдээ, бүртгэл, тооллогын дүнгээс гадна дараах мэдээллийг байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулах үүрэгтэй:
19.9.1. албан газрын дүрэм, удирдлагын талаарх мэдээлэл;
19.9.2. албан газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, менежментийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийн тайлан;
19.9.3. бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тариф;
19.9.4. албан газрын байгуулсан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийн талаарх мэдээлэл;
19.9.5. тухайн санхүүгийн жилд төлсөн албан татвар, төлбөр, хураамж;
19.9.6. төсвөөс болон бусад эх үүсвэрээс авсан хөрөнгө, бусдад өгсөн дэмжлэг, хандив, тусламж;
19.9.7. байгууллагын нууцад хамааруулсан мэдээллийн жагсаалт;
19.9.8. дүрэмд заасан бусад.
19.10. Албан газрын дүрэмд заасан бол байгууллагын сүүлийн таван жилийн хөндлөнгийн аудит хийлгэсэн санхүүгийн тайлан болон тухайн жил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын мэдээлэл, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг ил тод байршуулна.
19.11. Албан газрыг татан буулгахад энэ хууль, Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасан үндэслэл, журмыг баримтална.

ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИД ХӨРӨНГӨ ОЛЖ АВАХ
20 дугаар зүйл. Төрийн өмчид хөрөнгө олж авах
20.1. Төрийн өмчид дараах үндэслэлээр хөрөнгө олж авна:
20.1.1. эрх бүхий байгууллагын баталсан төсөв, төлөвлөгөө, шийдвэрийн дагуу худалдан авсан;
20.1.2. төрийн өмчийн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шим, ашиг олсны үр дүнд бий болсон, эсхүл хөрөнгө зарцуулсны үр дүнд шинээр бий болгосон хөрөнгө;
20.1.3. төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны орлогоор бий болсон хөрөнгө;
20.1.4. шүүхийн болон шүүхийн бус журмаар шаардах эрх, авлага, хохирлын нөхөн төлбөрт тооцон авсан, даатгалын нөхөн олговорт авсан хөрөнгө;
20.1.5. хуульд заасны дагуу хандив, тусламж, бэлэглэл, өвлөх, эрх залгамжлах журмаар олж авсан хөрөнгө;
20.1.6. эзэнгүй болон дарагдмал эд хөрөнгө;
20.1.7. зээлээр авсан хөрөнгө;
20.1.8. арилжиж авсан хөрөнгө;
20.1.9. төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу шинээр бий болсон эд хөрөнгө;
20.1.10. орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлсэн хөрөнгө;
20.1.11. эргүүлэн авсан, сольж авсан газар;
20.1.12. хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу шилжүүлэн авсан, дайчлан авсан, хураасан буюу улсын орлого болгосон хөрөнгө;
20.1.13. хуульд заасан бусад.
20.2. Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон эд хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна
20.3. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмших этгээдийг Төрийн өмчийн хороо, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмших этгээдийг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.
20.4. Дарагдмал эд зүйл болох түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Иргэний хуулийн 118.3-т заасны дагуу төрийн өмчлөлд шилжүүлэн авна.
20.5. Бусад этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол тухайн оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна.
20.6. Энэ хуулийн 20.1.9, 20.1.11, 20.1.12-т заасан журмаар төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө олж авах нөхцөл, журмыг тухайлсан хуулиар зохицуулна.
21 дүгээр зүйл. Орон нутгийн өмчид хөрөнгө олж авах
21.1. Орон нутгийн өмчид энэ хуулийн 20.1.3, 20.1.5, 20.1.6, 20.1.7, 20.1.8, 20.1.9, 20.1.11, 20.1.12-т зааснаас гадна дараах үндэслэлээр хөрөнгө олж авна:
21.1.1. төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлсэн хөрөнгө;
21.1.2. орон нутгийн өмчийн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шим, ашиг олсны үр дүнд бий болсон хөрөнгө;
21.1.3. орон нутгийн үйлчилгээ, үйл ажиллагааны орлогоор бий болсон хөрөнгө;
21.1.4. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн өмчид зориулж бэлтгэсэн хөрөнгө.
21.1.5. хуульд заасан бусад.
22. Хандив, тусламж, бэлэглэл, өв, эрх залгамжлалын журмаар хөрөнгө олж авах
22.1. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь Төсвийн тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу хандив, тусламж, бэлэглэл болон өв залгамжлалын журмаар хөрөнгө олж авч болно.
22.2. Төрийн өмчит хуулийн этгээд нь бэлэг, хандив, буцалтгүй тусламжаар хүлээн авсан хөрөнгийг үнэлгээ тогтоож, данс бүртгэлд тусгах үүрэгтэй
22.3. Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад бэлэглэсэн, хандивласан, буцалтгүй тусламжаар олгосон хөрөнгийг үнэлэх, зориулалт, ашиглалтын нөхцөлийг харгалзан эзэмших этгээдийг Төрийн өмчийн хороо тогтооно.
22.4. Энэ хуулийн 22.3-т заасны дагуу хандив, тусламж, бэлэглэл, өвийн журмаар авсан хөрөнгө нь орон нутагт зориулсан бол уг хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлнэ.
22.5. Монгол Улс, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь хэрэгцээ шаардлагагүй, илүү зардал гарах, эсхүл үүрэг хүлээх нөхцөлтэй хөрөнгийг бэлэг, хандив, өвийн журмаар хүлээн авахаас татгалзах эрхтэй.
23 дугаар зүйл. Хураан авах журмаар хөрөнгө олж авах
23.1. Хураан авсан хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид шилжүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн Төрийн өмчийн хороо, эсхүл Орон нутгийн өмчийн газар хүлээн авч, зориулалт, ашиглалтын нөхцөлийг харгалзан эзэмших этгээдийг тогтооно
23.2. Эрх бүхий этгээдийн шийдвэрт хураан авсан хөрөнгийг тодорхой нэг хуулийн этгээдэд шилжүүлэхээр заасан бол хөрөнгийг тухайн этгээдийн эзэмшилд шилжүүлнэ.
23.3. Хураан авсан мөнгөн хөрөнгийг улсын орлого болгож улсын төсвийн дансанд оруулна.
23.4. Хураан авсан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг төрийн өмчид шилжүүлэх бөгөөд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналын дагуу эзэмших этгээдийг тогтооно.
23.5. Хураан авсан хөрөнгө нь хэрэгцээ, шаардлага хангахгүй, хуулиар хориглосон, аюултай эд зүйл бол хүлээн авахаас татгалзаж болно.
23.6. Хураан авсан эд зүйлийн үнэлгээ нь бодит байдалтай нийцэхгүй бол үнэлгээг шинээр тогтооно. Шинээр тогтоосон үнэлгээгээр хөрөнгийг бүртгэж, үнэлгээний хувийг тухайн өмчийг хураан авах шийдвэр гаргасан этгээдэд хүргүүлнэ.
23.7. Төрийн өмчийн хороо, эсхүл Орон нутгийн өмчийн газар нь энэ хуулийн 23.5-д заасны дагуу гаргасан хөрөнгийг хүлээн авахаас татгалзах шийдвэрийг тухайн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан этгээдэд даруй мэдэгдэнэ.
23.8. Хохирлын нөхөн төлбөрт хураан авсан хөрөнгийн үнэлгээг энэ хуулийн 23.6-д заасны дагуу шинээр тогтоосны улмаас үнийн зөрүү үүссэн, эсхүл хөрөнгийг энэ хуулийн 23.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан бол Төрийн өмчийн хороо, эсхүл Орон нутгийн өмчийн газар хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ.
24 дүгээр зүйл. Хөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болох
24.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн өмчлөх эрх нь Иргэний хууль болон энэ хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БҮРТГЭЛ, ТООЛЛОГО
25 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл
25.1. Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийг дараах ангиллын дагуу цаасан болон цахим хэлбэрээр хөтөлнө:
25.1.1. төрийн өмчийн бүртгэл;
25.1.2. орон нутгийн өмчийн бүртгэл.
25.2. Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл нь дараах мэдээллийг агуулсан байна:
25.2.1. хөрөнгийн зориулалт, бусад хөрөнгөөс ялгаж тодорхойлох мэдээлэл;
25.2.2. тухайн хөрөнгийн удирдлага, хадгалалт, хамгаалалтыг хариуцах эрх бүхий этгээдийн мэдээлэл;
25.2.3. төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн эзэмших, ашиглах, түүнтэй холбоотой бусад эрх үүссэн, нэмэгдсэн, өөрчлөгдсөн, дуусгавар болсонтой холбогдох мэдээлэл;
25.2.4. хяналтын багцыг эзэмшиж байгаа төрийн болон орон нутгийн өмчит компанийн хөгжлийн богино, дунд, урт хугацааны бизнес, стратеги төлөвлөлт;
25.2.5. хөрөнгийн ашиглалтын нөхцөл, хүчин чадал болон засвар, үйлчилгээний талаарх мэдээлэл.
25.3. Хуульд заасан бол хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийг баталгаажуулна.
26 дугаар зүйл. Төрийн өмчийн бүртгэл
26.1. Бүртгэлийн асуудлыг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад төрийн өмчийн бүртгэлийг дараах байдлаар төрөлжүүлэн хөтөлнө:
26.1.1. төрийн өмчит хуулийн этгээд, тэдгээрийн өмч, хөрөнгө;
26.1.2. төрийн байгууллага, албан газрын үл хөдлөх эд хөрөнгө;
26.1.3. төрийн өмчит компани дахь төрийн эзэмшлийн хувьцаа;
26.1.4. төрийн өмчид хамаарах соёлын биет өв;
26.1.5. төрийн өмчид хамаарах оюуны өмч;
26.1.6. итгэмжлэл, бусад удирдлагын гэрээгээр шилжүүлсэн төрийн тусгайлсан өмчийн хөрөнгө.
26.1.7. бусад өмч, хөрөнгө, эрх.
26.2. Хуулиар тухайлан зохицуулсан төрийн нийтийн болон тусгайлсан өмчийн бүртгэлийг тухайн хуульд заасны дагуу хөтөлнө.
26.3. Хуульд тухайлан заасан бол төрийн нийтийн өмчийн төрлөөр дагнасан бүртгэл хөтлөх журмыг холбогдох эрх бүхий этгээд батална.
27 дугаар зүйл. Орон нутгийн өмчийн бүртгэл
27.1. Бүртгэлийн асуудлыг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад орон нутгийн өмчийн бүртгэлийг дараах байдлаар төрөлжүүлэн хөтөлнө:
27.1.1. орон нутгийн өмчит хуулийн этгээд, тэдгээрийн өмч, хөрөнгө;
27.1.2. орон нутгийн байгууллага, албан газрын үл хөдлөх эд хөрөнгө;
27.1.3. орон нутгийн өмчит компани дахь орон нутгийн эзэмшлийн хувьцаа;
27.1.4. орон нутгийн өмчид хамаарах оюуны өмч;
27.1.5. итгэмжлэл, бусад удирдлагын гэрээгээр шилжүүлсэн орон нутгийн өмчийн хөрөнгө;
27.1.6. орон нутгийн нийтийн өмчид хамаарах хөрөнгө;
27.1.7. бусад өмч, хөрөнгө, эрх;
27.2. Орон нутгийн нөөцийн бараа, материал, материаллаг зүйлийн бүртгэлийг эрх бүхий байгууллага хуульд заасны дагуу хөтөлж, удирдана.
28 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл
28.1. Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийг ашиглах, шилжүүлэх болон холбогдох гэрээ хэлцэлд хяналт тавих, бүртгэлийн нэгдмэл байдал болон мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хөтөлнө.
28.2. Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн нэгдсэн бүртгэлийг Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн нэгдсэн бүртгэлийг Орон нутгийн өмчийн газар хөтөлнө.
28.3. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд дараах мэдээллийг тусгана:
28.3.1. үл хөдлөх эд хөрөнгө, түүний зориулалт;
28.3.2. үл хөдлөх эд хөрөнгийн хөдөлгөөн, удирдлагыг хэрэгжүүлэгч, эсхүл эрх шилжүүлэн авсан этгээдийн талаарх мэдээлэл;
28.3.3. үл хөдлөх хөрөнгийг ашиглуулах, дамжуулан ашиглуулах болон шилжүүлэх гэрээ, тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр, мэдэгдэл, бусад гэрээ;
28.3.4. бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд ашиглаж байгаа бол холбогдох шийдвэр, гэрээ;
28.3.5. үл хөдлөх эд хөрөнгийн цахилгаан, дулаан ашиглалтын талаарх мэдээлэл;
28.3.6. хуульд заасан бусад.
28.4. Хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч, эсхүл эрх шилжүүлэн авсан этгээд нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний талаарх мэдээллийг гэрээ байгуулсан, эсхүл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш ажлын таван өдрийн дотор бүртгэлд оруулах үүрэгтэй. Гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд оруулна.
28.5. Хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч, эсхүл эрх шилжүүлэн авсан этгээдийн талаарх мэдээллээс бусад мэдээлэл хууль зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд тэдгээрийг статистикийн болон мэдээллийн зорилгоор ашиглана.
29 дүгээр зүйл. Өмчийн бүртгэл хөтлөх нийтлэг журам
29.1. Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийг дараах этгээд хариуцан хөтөлнө:
29.1.1. төрийн өмчийн бүртгэлийг Төрийн өмчийн хороо;
29.1.2. орон нутгийн өмчийн бүртгэлийг Орон нутгийн өмчийн газар;
29.1.3. төрийн болон албаны нууцад хамаарах өмчийн бүртгэлийг энэ хуулийн 3.5-д заасан журмаар эрх олгосон этгээд, Төрийн өмчийн хороо хамтран;
29.1.4. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт бүртгэлтэйгээс бусад Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна оршиж байгаа Монгол Улсын төрийн өмчийн бүртгэлийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Төрийн өмчийн хороо хамтран.
29.2. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа хөрөнгийн анхан шатны бүртгэлийг хариуцан хөтөлнө.
29.3. Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл хөтлөх нийтлэг журмыг Төрийн өмчийн хороо батална.
29.4. Энэ хуулийн 29.1.3-т зааснаас бусад төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бүртгэлийн ангилал, код, маягтын загварыг Үндэсний статистикийн хорооны зөвшөөрлийг үндэслэн Төрийн өмчийн хороо батална.
30 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого
30.1. Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого дараах төрөлтэй байна:
30.1.1. улсын тооллого;
30.1.2. орон нутгийн өмчийн тооллого;
30.1.3. дотоодын тооллого.
30.2. Улсын болон орон нутгийн өмчийн тооллого явуулах журам, аргачлалыг Төрийн өмчийн хороо, хуульд тухайлан заасан бол өмчийн төрлөөр дагнасан тооллого явуулах журмыг эрх бүхий этгээд батална.
30.3. Төрийн болон орон нутгийн өмчийн тооллогыг тухайн өмчийн бүртгэл дээр үндэслэн явуулна.
31 дүгээр зүйл. Улсын тооллого
31.1. Улсын тооллогыг дараах хэлбэрээр зохион байгуулна:
31.1.1. төрийн тусгайлсан өмчийн болон орон нутгийн өмчийн эргэлтийн бус хөрөнгийн (шаардлагатай бол эргэлтийн хөрөнгийг хамруулах) улсын нэгдсэн тооллого;
31.1.2. төрийн нийтийн өмчийн тодорхой төрлийн дагнасан тооллого;
31.1.3. төрийн тусгайлсан болон орон нутгийн өмчийн тодорхой төрлийн дагнасан тооллого;
31.1.4. тодорхой салбарт ашиглагдах төрийн болон орон нутгийн өмчийн дагнасан тооллого.
31.2. Энэ хуулийн 31.1.1-д заасан тооллогыг 4 жил тутам, 31.1.2-т заасан тооллогыг холбогдох хуульд заасан хугацаанд, 31.1.3, 31.1.4-т заасан тооллогыг Засгийн газрын шийдвэрээр тухай бүр зохион байгуулна.
31.3. Улсын тооллогын зохион байгуулалтыг улсын хэмжээнд Төрийн өмчийн хороо, орон нутгийн хэмжээнд Орон нутгийн өмчийн газар хариуцна.
31.4. Шаардлагатай бол улсын тооллогыг хэрэгжүүлэх ажилд хяналт тавих, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий туслах төлөөлөгчийг орон нутагт, эсхүл тодорхой салбарт Төрийн өмчийн хороо томилон ажиллуулж болно.
31.5. Засгийн газар энэ хуулийн 31.1-д заасан улсын тооллогын дүнг Улсын Их Хуралд хүргүүлнэ.
32 дугаар зүйл. Орон нутгийн өмчийн тооллого
32.1. Орон нутгийн өмчийн тооллогыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Орон нутгийн өмчийн газар, Засаг дарга хамтран зохион байгуулна.
32.2. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр сум, дүүргийн хэмжээнд өмчийн тооллого зохион байгуулж болно.
32.3. Орон нутгийн өмчийн тооллогын зардлыг орон нутаг хариуцна.
33 дугаар зүйл.. Дотоодын тооллого
33.1. Дотоодын тооллогыг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага дараах хугацаанд явуулж улирал, жилийн тайлан тэнцэлд тусгах үүрэгтэй:
33.1.1. үндсэн хөрөнгө, дуусаагүй хөрөнгө оруулалт болон барилга угсралтын ажил, их засварын зардлын тооллогыг жил тутам хийж, тайланг тухайн оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 31-ний өдрийн дотор;
33.1.2. түүхий эд, материал, түлш, сэлбэг хэрэгсэл, бэлэн бүтээгдэхүүн, бараа, сав, баглаа боодлын тооллогыг хагас жил тутам гүйцэтгэж, тайланг тухайн оны 6 дугаар сарын 01, 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор;
33.1.3. дуусаагүй үйлдвэрлэл, өөрийн үйлдвэрийн хагас боловсруулсан зүйл, үнэт цаасны тооллогыг улиралд тутам хийж, тайланг улирлын сүүлийн сарын 25-ны өдрийн дотор;
33.1.4. мөнгөн хөрөнгийн тооллогыг сар бүр хийж, тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор;
33.1.5. мал, амьтдын тооллогыг жил тутам хийж, тайланг тухайн оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор;
33.1.6. бүх төрлийн харилцах дансны хуулгыг тухай бүр нь авч, дансны гүйлгээг шалгаж, улирал бүрийн дансны үлдэгдлийг баталгаажуулах;
33.1.7. гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас хөрөнгөнд хохирол учирсан, эсхүл хөрөнгийг арилжих бол хэсэгчилсэн тооллогыг тухай бүр.
33.2. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь хөрөнгийн дотоодын тооллогоор дутагдсан, илүүдсэн хөрөнгө болон цаашид ашиглах боломжгүй болсон хөрөнгийг тооцож, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
34 дүгээр зүйл. Тооллого хийхэд бэлтгэх
34.1. 34.1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага тооллого эхлэхийн өмнө дараах бэлтгэлийг хангах үүрэгтэй:
34.1.1. үндсэн хөрөнгө, түүнд гарсан хөдөлгөөн, өөрчлөлтийг нягтлан бодох дэлгэрэнгүй бүртгэлд тусгасан байх, техник технологийн баримт бичгийг гүйцэд бүрдүүлсэн байх;
34.1.2. бараа, материал, үнэ бүхий зүйлийн орлого, зарлагыг цэгцлэн шалгаж, нэр төрлийн бүртгэлийг эд хөрөнгө хариуцагч бүрээр хөтлүүлж тайлан гаргуулан үлдэгдлийн бүртгэлтэй тулган шалгасан байх;
34.1.3. агуулахад байгаа түүхий эд, материал, бэлэн бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг төрөлжүүлж, хураалт, хадгалалтыг цэгцэлсэн байх;
34.1.4. хэрэгцээнээс илүү байгаа үндсэн хөрөнгө, түүхий эд, хагас боловсруулсан зүйл, бэлэн бүтээгдэхүүн ашиглаж болох хоёрдогч түүхий эд зэргийг агуулахад шилжүүлж гологдол болсон бүтээгдэхүүнийг шийдвэрлэсэн, гүйцэтгэсэн ажлын бүртгэл хөтлүүлж, дуусаагүй ажлын хөрөнгө оруулалт ба барилга угсралтын ажлын хэмжээг тодорхойлсон байх;
34.1.5. мал, амьтныг эзэмшигч бүрээр тоолоход бэлтгүүлэх;
34.1.6. тооллогод хэрэглэгдэх хэмжих багаж, хэрэгслийг шалган баталгаажуулж бараа материалын үнийн болон хэвийн хорогдлын нормын жагсаалтыг үйлдсэн байх;
34.1.7. өмнөх тооллогоор тайлан тэнцлээс хасахаар шийдвэрлэсэн үндсэн хөрөнгө, түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүн, барааг худалдах, устгах зэргээр бүрэн шийдвэрлүүлж үр дүнг бүртгэлд тусгасан байх;
34.1.8. өр, авлагыг барагдуулах арга хэмжээ авч үлдэгдлийг тооцсон байх;
34.1.9. хөрөнгийн мэдээллийг батлагдсан аргачлалын дагуу бүртгэлд тусгасан байх.
35 дугаар зүйл. Тооллогын комисс, түүний эрх, үүрэг
35.1. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага тооллого эхлэхээс өмнө Тооллогын комисс байгуулна.
35.2. Тооллогын комисс байгуулах шийдвэрт тооллого эхлэх, дуусгах хугацааг тооллого явуулах салбар, нэгж бүрээр заасан байна.
35.3. Тооллогын комисс дараах эрхтэй:
35.3.1. тооллого эхлэхийн өмнө эд хариуцагчаас хөрөнгийн орлого, зарлагын бүх баримтыг нягтлан бодогчид бүрэн шилжүүлсэн эсэхээр баталгаа гаргуулан авах ба нягтлан бодогч уг баримтыг хүлээн авсан эсэхийг шалгах;
35.3.2. тооллого явуулахын өмнө хариуцагчийн хариуцаж байгаа бараа материалын үнэ бүхий зүйл, мөнгөн касс, агуулахыг лацдаж ломбодох болон харуул хамгаалалтын талаар илэрсэн дутагдлыг арилгах арга хэмжээ авахыг холбогдох этгээдээс шаардах;
35.3.3. тооллогын явц дундуур түүхий эд, бараа материал, мөнгөн хөрөнгийг хүлээн авах, тавьж олгох явдлыг бүрэн зогсоох, байгууллагын хэвийн ажиллагааг тасалдуулахгүйн тулд тооллогын комиссын хяналт дор зөвхөн үйлдвэрлэлийн хэрэгцээний зайлшгүй шаардлагатай түүхий эд, материалыг гаргах ба хүлээн авахыг зөвшөөрөх.
35.4. Тооллогын комисс дараах үүрэгтэй:
35.4.1. хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд үнэн зөв, чанартай явуулж дуусгах;
35.4.2. тоолсон, хөрөнгийн үнийг бэлтгэн нийлүүлэгчийн дагалдах баримт, тухайн үеийн зах зээлийн жишиг үнэтэй тулган шалгаж, тооллогын бүртгэлд бичих;
35.4.3. агуулахын эмх цэгц, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, анхан шатны бүртгэлийн хөтлөлт, хэмжих хэрэгслийн баталгаажилт, өмнөх тооллогоор өгсөн үүргийн биелэлт зэргийг тооллогын явцад шалгаж, дутагдлыг арилгах арга хэмжээ авах;
35.4.4. комиссын хурлаар тооллогын үр дүнг хэлэлцэж, тооллогын бүртгэлийг баталгаажуулж, холбогдох акт, материалын хамт ерөнхий нягтлан бодогчид тусгай жагсаалтаар шилжүүлэн өгөх;
35.4.5. эвдэрсэн, гэмтсэн, чанар байдлаа алдсанаас хэрэгцээнд тохирохгүй болсон тухайн үеийн зах зээлийн үнээс өндөр үнээр авсан, доогуур үнээр борлуулсан үндсэн хөрөнгө, түүхий эд, бараа материалын үнэ бүхий зүйлийн жагсаалтыг гаргаж, холбогдуулан авах арга хэмжээний талаарх санал гаргах.
35.5. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ерөнхий /ахлах/ нягтлан бодогч нь үндсэн хөрөнгө, бараа материал, үнэ бүхий зүйлийн тооллогоор бэлэн байсан үлдэгдэл, гарсан зөрүүг тооллогын акт материал батлагдсанаас хойш ажлын 5 өдрийн дотор нягтлан бодох бүртгэлд тусгаж, дансны үлдэгдлийг тулган шалгана.
36 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээ
36.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө бүрийн үнэлгээг бүртгэлд тусгасан байна.
36.2. Хөрөнгийг удирдах этгээд нь дараах ажиллагааг хэрэгжүүлэхийн өмнө тухайн хөрөнгөнд үнэлгээ хийлгэх үүрэгтэй:
36.2.1. хөрөнгийг бусдад ашиглуулах, шилжүүлэх бол;
36.2.2. компани, санд хувь нийлүүлэх, хөрөнгө оруулах бол;
36.2.3. бусад этгээдээс тухайн өмчид хөрөнгө оруулах бол;
36.2.4. төрийн өмчийн компанийн хувьцааг нийтэд санал болгох бол;
36.2.5. хохирол арилгуулах, нэхэмжлэх бол;
36.2.6. авлагад тооцож хөрөнгө хүлээн авах, өглөгөд тооцож хөрөнгө шилжүүлэх бол;
36.2.7. барьцаа, үүргийн гүйцэтгэлийн баталгаанд тавих бол;
36.2.8. хуульд заасан бусад.
36.3. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь дараах тохиолдолд хөрөнгийн үнэлгээг хийлгэж болно:
36.3.1. тухайн хөрөнгийн бүртгэлийн үнэ зах зээлийн үнээс материаллаг хэмжээний зөрүүтэй болсон бол;
36.3.2. ашиглалтын хугацаа дуусаж үлдэгдэл өртөггүй болсон боловч цаашид ашиглах боломжтой үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэ цэнийг тогтоох бол;
36.3.3. 36.3.3.хөдлөх хөрөнгийн ашиглалтын хугацаа дуусаагүй боловч цаашид ажлын хэрэгцээ шаардлага хангахгүй, эсхүл ашиглах боломжгүй болсон бол;
36.3.4. шаардлагатай бусад.
36.4. Үл хөдлөх хөрөнгө, түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлс, биет бус хөрөнгө, хязгаарлагдмал эрхээс бусад дараах хөрөнгийн үнийг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн саналыг үндэслэн тухайн байгууллагын удирдлага шинэчлэн тогтоож болно:
36.4.1. ашиглалтын хугацаа дуусаж үлдэгдэл өртөггүй болсон боловч цаашид ашиглах боломжтой хөдлөх хөрөнгө;
36.4.2. акталсан боловч бусдад худалдах боломжтой хөрөнгө.
36.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн үнэлгээ хийх нийтлэг журмыг Төрийн өмчийн хороо, хуульд тусгайлан заасан бол эрх бүхий этгээд батална.
37 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийг магадлах ажиллагаа
37.1. Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад ашиглуулах, шилжүүлэхийн өмнө төрийн болон орон нутгийн хэрэгцээнд шаардлагатай эсэхийг тодорхойлох зорилгоор магадлах ажиллагаа хийнэ.
37.2. .Дараах тохиолдолд магадлах ажиллагаа хийхгүй байж болно:
37.2.1. төрийн болон орон нутгийн байгууллага, албан газарт хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, эсхүл улс орны эдийн засгийн хөгжилд ач холбогдол бүхий хөрөнгө оруулалттай төслийг хэрэгжүүлэх, эсхүл тухайн бүс нутагт бизнесийн орчныг хөгжүүлэхэд төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хязгаарлагдмал эрхээр ашиглуулах шаардлагатай болсон бол;
37.2.2. үл хөдлөх хөрөнгийг нийтийн хэрэгцээний шугам сүлжээний ажил, улсын болон орон нутгийн чанартай автозамын ажилд ашиглуулж байгаа бол;
37.2.3. үл хөдлөх хөрөнгөд сервитутын эрх үүсгэж байгаа бол.
37.3. Магадлах ажиллагааг дараах байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг хэрэгжүүлнэ:
37.3.1. өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч этгээд;
37.3.2. хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа нэгжийн нутгийн захиргааны байгууллага;
37.3.3. Төрийн өмчийн хороо, эсхүл Орон нутгийн өмчийн газар;
37.3.4. холбогдох бусад.
37.4. Өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч нь магадлах ажиллагаа явуулах тухай мэдэгдэл гаргаж нийтэд мэдээлнэ. Магадлах ажиллагааг эхлүүлэхээс өмнө ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах тухай хүсэлтийг мэдэгдэлд хавсаргана.
37.5. Сонирхогч этгээдээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах хүсэлт хүлээн авах хугацааг энэ хуулийн 37.4-т заасан мэдэгдлийг нийтлүүлсэн өдрөөс хойш 21 хүртэл хоног байхаар тогтооно.
37.6. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлт нь бусад этгээдээс ирүүлсэн хүсэлтээс давуу эрхтэйд тооцогдоно.
37.7. Үл хөдлөх эд хөрөнгийн магадлах ажиллагаа явуулах журмыг Төрийн өмчийн хороо батална.
38 дугаар зүйл. Эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсонд тооцох
38.1. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг дараах тохиолдолд ашиглах боломжгүй болсонд тооцно:
38.1.1. ашиглалт, эдэлгээний хугацаа дууссан ба цаашид ашиглах, хэрэглэх эдийн засгийн үр ашиггүй, эсхүл ашиглалт, хадгалалтын өндөр зардал гарах болсон;
38.1.2. иргэний гүйлгээнд оруулахыг хуулиар хориглосон;
38.1.3. улс, олон нийтийн болон хувь хүний аюулгүй байдалд илт ноцтой сөрөг нөлөө үзүүлэх шинжтэй болсон;
38.1.4. ашиглалт, эдэлгээний хугацаа дуусаагүй боловч цаашид ашиглах, хэрэглэх эдийн засгийн үр ашиггүй болох нь тогтоогдсон, эсхүл ашиглалт, хадгалалтын өндөр зардал гарах болсон;
38.1.5. ашиглалт, эдэлгээний хугацаа дуусаагүй боловч төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын хэрэгцээ, шаардлагыг хангахгүй болсон;
38.1.6. бүрэн болон хэсэгчлэн устсан, гэмтсэн, тоногдсон, муудсан, хулгайд алдагдсан зэрэг шалтгааны улмаас ашиглах, хэрэглэх, эсхүл бусдад ашиглуулах, шилжүүлэх боломжгүй болсон.
38.2. Төрийн байгууллага, албан газрын эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй болсонд тооцож, данс бүртгэлээс хасах шийдвэрийг тухайн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч этгээдийн саналыг, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлсийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Төрийн өмчийн хороо, орон нутгийн байгууллага, албан газрын эзэмшлийн хөрөнгийн хувьд Орон нутгийн өмчийн газар зөвшөөрөл олгоно.
38.3. Төрийн болон орон нутгийн байгууллага, албан газрын эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 38.1.1, 38.1.2, 38.1.3, 38.1.4-т заасан үндэслэлээр өөрийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгө, газар ашиглах эрх болон тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөс бусад хөрөнгийг ашиглах боломжгүйд тооцож данс, бүртгэлээс хасах шийдвэрийг Өмч хамгаалах зөвлөлийн санал, эсхүл тооллогын комиссын дүгнэлтийг үндэслэн гаргана.
38.4. Төрийн байгууллага, албан газрын эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 13.5.5, 16.3.9-д заасан хөрөнгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг үндэслэн ашиглах боломжгүйд тооцож данс, бүртгэлээс хасах шийдвэрийг гаргана.
38.5. Энэ хуулийн 38.1.6-д заасан үндэслэлээр хөрөнгө данснаас хасах тохиолдолд буруутай этгээдийг тогтоож, хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна.
38.6. Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглах боломжгүй болсонд тооцох шийдвэрт тухайн хөрөнгийн тодорхойлолт, шийдвэр гаргасан үндэслэл болон бусдад шилжүүлэх, устгах хэлбэрийг тодорхой тусгаж, шаардлагатай бусад мэдээллийг хавсаргана.
39 дүгээр зүйл. Ашиглах боломжгүй хөрөнгийг данснаас хасах
39.1. Ашиглах боломжгүй болсонд тооцогдсон хөрөнгийг бусдад шилжүүлсэн, устгасан, барилга байгууламж бол нурааж буулгасан, сэлбэгээр ашиглах болсон тухай тэмдэглэгээг холбогдох бүртгэлд хийж, данс бүртгэлээс хасна.
39.2. Ашиглах боломжгүй болсонд тооцогдсон эд хөрөнгийг устгах, нурааж буулгах, ажиллагааг боломжит хамгийн бага зардлаар, хүний эрүүл мэндэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр гүйцэтгэнэ.
39.3. Ашиглах боломжгүй болсонд тооцогдсон эд хөрөнгийг устгах, данс бүртгэлээс хасах журмыг Төрийн өмчийн хороо батална.
39.4. Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг нурааж буулгах, данснаас хассан нь төрийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эсхүл зориулалтыг өөрчлөх үндэслэл болохгүй.
39.5. Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө, газар ашиглах эрхийг эрх бүхий этгээдийн шийдвэр, энэ хуулийн 13.5.5, 16.3.9-д заасан хөрөнгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр данс, бүртгэлээс хасахыг хориглоно.

ДОЛДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГИЙГ АШИГЛУУЛАХ
40 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглуулах
40.1. .Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр өгөөжийг нэмэгдүүлэх, нийтийн эрх ашгийг хангах зорилгоор бусад этгээдэд гэрээний үндсэн дээр төлбөртэй, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр хөлслүүлэх, түрээслүүлэх, эсхүл эд юмсын хязгаарлагдмал эрхээр ашиглуулж болно.
40.2. Эд юмсын хязгаарлагдмал эрхийн үндсэн дээр төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад ашиглуулахтай холбоотой нийтлэг харилцааг энэ хуулиар, нарийвчилсан харилцааг Иргэний хууль болон Газрын тухай хуулиар зохицуулна.
40.3. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувийн хэвшилд эзэмшүүлэх, ашиглуулах журмыг Засгийн газар батална.
40.4. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд өөрийн эзэмшилд байгаа хөрөнгийг барьцаалах, үүргийн гүйцэтгэлийн баталгаанд тавих болон хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж, эсхүл зориулалтын бусаар, эсхүл эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй, эсхүл хууль бусаар төлбөргүй, төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр хөрөнгийг бусдад ашиглуулахыг хориглоно.
40.5. Төрийн тусгайлсан өмчийн хөрөнгийг барьцаалах, үүргийн гүйцэтгэлийн баталгаанд тавих шийдвэрийг Засгийн газар гаргана.
40.6. Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад ашиглуулах шийдвэр гаргахаас өмнө магадлах ажиллагааг энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу явуулна.
40.7. Хөрөнгө ашиглуулах гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээнд хөрөнгийг ашиглах зориулалт, нөхцөл, хугацаа, төлбөрийн хэмжээ, төлбөрт тохируулга хийх нөхцөл болон татвар зэрэг хөрөнгөтэй холбоотой үүсэх нэмэлт зардлыг төлбөрт хамруулах эсэх, төлбөр төлөх журам болон хөрөнгийг дамжуулан ашиглуулж болох эсэхийг тодорхой тусгасан байна.
40.8. Өмч ашиглалтын төлбөрийг зах зээлийн үнээр тогтоох бөгөөд хуульд заасан үндэслэлээр хөрөнгийг төлбөргүй, эсхүл төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулж болно. Ашиглалтын хөнгөлөлттэй төлбөрийн доод хэмжээ нь тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай хадгалалт, хамгаалалтын зардлаас багагүй байна.
40.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглуулсны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт оруулна.
40.10. Төрийн өмчийн хөрөнгө ашиглуулах гэрээний бүртгэлийг Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглуулах гэрээний бүртгэлийг Орон нутгийн өмчийн газар хөтөлнө.
40.11. Төрийн өмчийн хөрөнгө ашиглуулах үйл ажиллагаанд Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийн хөрөнгө ашиглуулах үйл ажиллагаанд Орон нутгийн өмчийн газар хяналт тавина.
40.12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглаж байгаа этгээд зориулалтын бусаар ашигласан, эсхүл гэрээнд заасан нөхцөлийг зөрчсөн, эсхүл энэ хуулийн 40.4-т заасныг зөрчиж гэрээ байгуулсан тохиолдолд гэрээг цуцалж, хөрөнгийг буцаан авах, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл болно.
40.13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглуулах болон барьцаа авах журам, гэрээний үлгэрчилсэн загварыг Төрийн өмчийн хороо батална.
40.14. Өмчийг 10 болон түүнээс дээш жилийн хугацаагаар ашиглуулах бол Төрийн өмчийн хороо, эсхүл Орон нутгийн өмчийн газраас зөвшөөрөл авсан байна.
41 дүгээр зүйл. Хөрөнгийг төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй төлбөрөөр ашиглуулах
41.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг дараах үндэслэлээр төлбөргүй, эсхүл төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулж болно:
41.1.1. албан ажлын хэрэгцээнд, эсхүл улс болон орон нутгийн хөгжлийг дэмжих төслийг хэрэгжүүлэхэд зориулан төрийн болон орон нутгийн байгууллагад үнэ төлбөргүй;
41.1.2. албан газрын үйл ажиллагааны зорилго, чиглэл, нийтийн эрх ашгийг харгалзан үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй төлбөрөөр;
41.1.3. хууль тогтоомжид заасан бол төрийн болон орон нутгийн тодорхой чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээдэд чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зориулж, эсхүл ашгийн төлөө бус хуулийн этгээдээс явуулж байгаа нийтийн эрх ашгийн төлөөх үйл ажиллагааг дэмжих зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй төлбөрөөр;
41.1.4. олон улсын төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн зэрэг нийтийн эрх ашгийн төлөөх үйл ажиллагааны зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй төлбөрөөр;
41.1.5. хуульд заасан бусад.
41.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг төлбөргүй ашиглаж байгаа бол ашиглагч нь тухайн эд хөрөнгийн элэгдэл, ашиглалтын зардлыг төлнө.
41.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг төлбөргүй болон хөнгөлөлттэй төлбөрөөр ашиглуулах, шилжүүлэх нөхцөл, төлбөрийн хэмжээ болон хөнгөлөлт тогтоох аргачлал, үнийн тохируулга хийх болон түрээсийн зүйлд хөрөнгө оруулах нөхцөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
41.4. Энэ хуулийн 40.12-т заасан үндэслэлээр гэрээ цуцлагдаж байсан этгээдэд дахин хөрөнгө ашиглуулахыг хориглоно.
42 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийг эд юмсын хязгаарлагдмал эрхээр ашиглуулах
42.1. Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг эд юмсын хязгаарлагдмал эрхээр ашиглуулах бол холбогдох шийдвэрт эд юмсын хязгаарлагдмал эрхийн гэрээний нөхцөлийн талаарх мэдээллийг тусгана.
42.2. Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг сервитутээр ашиглуулах тухай шийдвэрт сервитут хэрэгжих талбай, нэвтрэх буюу зорчих хэсгийн зураглалыг хавсаргана.
42.3. Төрийн өмчийн газар дээр барилга байгууламж барих хязгаарлагдмал эрх бүхий этгээд нь уг эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, сервитут тогтоох, уг эрхийн үндсэн дээр баригдсан барилга байгууламжийг гуравдагч этгээдэд ашиглуулахдаа өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгчээс зөвшөөрөл авна.
42.4. Төрийн өмчийн газар дээр барилга байгууламж барих эрхийг харилцан тохиролцсон зорилгоос өөрөөр ашигласан бол өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч нь хязгаарлагдмал эрхийг хүчингүй болгоно.
42.5. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтад олгосон газрыг эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр бусдад хязгаарлагдмал эрхээр ашиглуулах, зориулалтын бус барилга байгууламж барихыг хориглоно.
43 дугаар зүйл. Эд юмсын хязгаарлагдмал эрхийн гэрээ, төлбөр
43.1. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эд юмсын хязгаарлагдмал эрхээр ашиглуулах гэрээ нь хууль болон хязгаарлагдмал эрх үүсгэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэрт нийцсэн байна.
43.2. Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг эд юмсын хязгаарлагдмал эрхээр ашиглуулах гэрээнд хязгаарлагдмал эрхийн төрөл, агуулгыг тусгана.
43.3. Төрийн болон орон нутгийн өмчид үүсгэсэн эд юмсын хязгаарлагдмал эрхийн төлбөр төлөх журмыг эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн гэрээгээр тохирно.
43.4. Хязгаарлагдмал эрхийн төлбөр төлөх үүргийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хязгаарлагдмал эрх дуусгавар болсноор уг эрхийн бүртгэлийг хүчингүй болгоно.
43.5. .Өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч нь гэрээнд заасан нөхцөл байдал өөрчлөгдсөн, эсхүл эд юмсын хязгаарлагдмал эрх үүссэнээс хойш гурван жил тутамд уг эрхийн төлбөрийн хэмжээнд тохируулга хийхийг шаардах эрхтэй байна.

НАЙМДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГИЙГ БУСДЫН ӨМЧЛӨЛД ШИЛЖҮҮЛЭХ
44 дүгээр зүйл. Хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх үндэслэл
44.1. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн нийтийн болон орон нутгийн нийтийн зориулалттай өмч, газар ашиглах эрхийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, үүргийн гүйцэтгэлийн баталгаанд тавихыг хориглоно.
44.2. Шилжүүлэхийг хуулиар хориглосноос бусад төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг дараах үндэслэлээр бусдад шилжүүлж болно:
44.2.1. илүүдэлтэй, эсхүл зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон хөрөнгийг худалдах, арилжих;
44.2.2. энэ хуулийн 41.1-д заасан хэрэгцээг харгалзан хөрөнгийг шилжүүлэх шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан;
44.2.3. арилжиж байгаа хөрөнгийн үнийн зөрүүнд тооцож өгөх;
44.2.4. өр, бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх;
44.2.5. компанийн хувьцааны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийх буюу өмч шилжүүлэх замаар төлөх, хувь нийлүүлэх;
44.2.6. хөрөнгийн үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилгоор худалдах, эсхүл хэрэгцээтэй өөр хөрөнгөөр арилжих шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан;
44.2.7. хандивлах, тэтгэмж, тусламж, дэмжлэг үзүүлэх;
44.2.8. хуульд заасан бусад.
44.3. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийг энэ хуулийн 44.2-т зааснаас бусад үндэслэлээр аливаа этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
44.4. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг түүний зах зээлийн үнэлгээтэй тэнцэх хэмжээний төлбөртэйгөөр бусдад шилжүүлнэ.
44.5. Энэ хуулийн 41.1-д заасан үндэслэлээр төрийн болон орон нутгийн өмчийг үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр шилжүүлж болно.
44.6. Төрийн болон орон нутгийн өмчийг үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр шилжүүлэх нөхцөл, төлбөрийн хэмжээг энэ хуулийн 41.3-т заасан журмаар тогтооно.
44.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг төлбөргүй, хөнгөлөлттэй төлбөрөөр, эсхүл нэмэлт нөхцөлтэйгөөр шилжүүлэн авсан этгээд хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, эсхүл нэмэлт нөхцөлийг зөрчсөн нь гэрээг цуцалж, хөрөнгийг буцаан авах, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл болно.
44.8. Энэ хуулийн 44.7-д заасан үндэслэлээр гэрээ цуцлагдаж байсан этгээдэд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг төлбөргүй, эсхүл төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр шилжүүлэхийг хориглоно.
44.9. Төрийн өмчийн эд хөрөнгөөс хандив, тэтгэмж, тусламж олгох журмыг Засгийн газар, орон нутгийн өмчийн эд хөрөнгөөс хандив, тэтгэмж, тусламж олгох журмыг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус батална.
45 дугаар зүйл. Хөрөнгө шилжүүлэх шийдвэр гаргах
45.1. Өмчлөгч, эсхүл хуульд заасны дагуу тухайн хөрөнгийг бусдад шилжүүлэх эрх бүхий этгээд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх тухай шийдвэр гаргана.
45.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг шилжүүлэх тухай шийдвэр гаргахад дараах нөхцөлийг урьдчилан тогтоосон байна:
45.2.1. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг бусдад шилжүүлэх болсон үндэслэл, үнэлгээний тайлан, дүгнэлт;
45.2.2. шилжүүлэн өгөх этгээдийг тогтоох арга, тухайн аргыг сонгосон үндэслэл;
45.2.3. худалдах, арилжих доод үнэ, үнэ тогтоосон аргачлал, төлбөрийн нөхцөл;
45.2.4. уралдаант шалгаруулалтаар шилжүүлэх бол нэмэлт нөхцөл;
45.2.5. арилжааны журмаар шилжүүлэх бол нэмэлт нөхцөл;
45.2.6. хөрөнгө шилжүүлэх ажлыг зохион байгуулах, төлөөлөн гэрээ байгуулах этгээд, түүний эрх, үүрэг;
45.2.7. хөрөнгө шилжүүлэх ажлыг зохион байгуулах зардал, зардлын эх үүсвэр.
45.3. Хөрөнгө шилжүүлэх шийдвэрт шилжүүлэх хөрөнгийн тоо хэмжээ, үнэлгээ болон хөрөнгийг хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийг шилжүүлэх журам, нөхцөл, түүнийг хэрэгжүүлэх зохион байгуулалт, хугацаа зэрэг мэдээллийг тусгасан байна.
45.4. Төрийн болон орон нутгийн өмчийн үнэт цаасыг шилжүүлэх шийдвэрт тусгагдах нэмэлт нөхцөлийг холбогдох хуулиар зохицуулна.
45.5. Энэ хуулийн 45.1-д заасан этгээд нь өмч шилжүүлэх шийдвэр гаргахын өмнө хөрөнгийг үнэлэх болон үл хөдлөх хөрөнгийн магадлах ажиллагаа хийж, хуульд заасан бол холбогдох дүгнэлт, зөвшөөрлийг гаргуулсан байна.
46 дугаар зүйл. Хөрөнгийг шилжүүлэх журам
46.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг бусдын өмчлөлд дараах журмаар шилжүүлнэ:
46.1.1. дуудлага худалдаа;
46.1.2. уралдаант шалгаруулалт/төсөл сонгон шалгаруулах;
46.1.3. шууд гэрээ байгуулах.
46.2. Шаардах эрх, урлагийн бүтээл зэрэг үнэлгээг нь шууд тогтоох боломжгүй хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийг холбогдох хуульд заасан тусгай аргыг ашиглан хөрөнгийн үнэлгээг тогтоож болно.
46.3. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг шилжүүлэхдээ тэргүүн ээлжид дуудлага худалдааны аргыг хэрэглэх бөгөөд тусгай нөхцөл заах шаардлагатай бол уралдаант шалгаруулалтын аргыг хэрэглэнэ.
46.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг дараах үндэслэлээр бусдын өмчлөлд шууд гэрээ байгуулах журмаар шилжүүлж болно:
46.4.1. энэ хуулийн 44.2.1, 44.2.2-т заасан үндэслэлээр төрийн болон орон нутгийн байгууллага, албан газар хооронд;
46.4.2. энэ хуулийн 44.2.2-т заасан үндэслэлээр 41.1.3, 41.1.4-т заасан этгээдэд;
46.4.3. 46.4.3.энэ хуулийн 44.2.3, 44.2.4, 44.2.5, 44.2.7-д заасан үндэслэлээр бусад этгээдэд.
46.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг энэ хуулийн 46.4-т зааснаас бусад үндэслэлээр шууд гэрээ байгуулах журмаар бусад этгээдийн өмчлөлд шилжүүлэхийг хориглоно.
46.6. Төрийн өмчийн хөрөнгө шилжүүлэх ажиллагаанд Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийн хөрөнгө шилжүүлэх үйл ажиллагаанд Орон нутгийн өмчийн газар хяналт тавина.
46.7. Төрийн болон орон нутгийн өмчийг шилжүүлэх журам, гэрээний загварыг Төрийн өмчийн хороо батална.
47 дугаар зүйл. Хөрөнгийг өөр хөрөнгөөр арилжих
47.1. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хэрэгцээгүй боловч бусад этгээдэд хэрэгцээтэй хөрөнгийг өөрт хэрэгцээтэй хөрөнгөөр арилжиж болно.
47.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн арилжааг нийтийн эрх ашигт нийцсэн, үр ашигтай нөхцөлд хийнэ.
47.3. Энэ хуулийн Хөрөнгийн арилжаа хийх нөхцөл, шаардлагыг ил тод зарлаж, арилжаа хийх этгээдийг нээлттэй сонгон шалгаруулна.
47.4. Хөрөнгийн арилжаа хийхийн өмнө арилжих хөрөнгө тус бүрийн үнэлгээг энэ хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу, үл хөдлөх эд хөрөнгө бол магадлах ажиллагааг энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хийнэ.
47.5. Энэ хуулийн 47.4-т заасны дагуу тогтоосон үнэлгээний талаар талууд саналын зөрүүтэй байгаа нөхцөлд үнэлгээг хөндлөнгийн хараат бус үнэлгээчнээр хийлгэнэ.
47.6. Арилжиж байгаа хөрөнгийн зах зээлийн үнийн зөрүү үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 10 хувиас, хөдлөх эд хөрөнгийн хувьд 30 хувиас хэтрэхгүй байна.
47.7. Энэ хуулийн 47.6-д заасны дагуу арилжиж байгаа хөрөнгийн үнийн зөрүүг мөнгөн хэлбэрээр тооцон авах бөгөөд орлогыг улс, орон нутгийн төсөвт, хэрэв хуульд заасан бол тухайн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө болно.
47.8. Харилцан тохиролцсон бол арилжин авч байгаа хөрөнгийн үнийн зөрүүнд тооцон түүнтэй тэнцүү үнэлгээ бүхий хөрөнгийг өгч болно.
47.9. Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр арилжина.
47.10. Соёлын биет өвийг бусдад арилжихыг хориглоно.
48 дугаар зүйл. Хөрөнгө шилжүүлэх гэрээ
48 .1. Энэ хуулийн 45.1-д заасан эрх бүхий этгээд нь хөрөнгө шилжүүлэн авч байгаа этгээдтэй дараах нөхцөл бүхий гэрээг бичгээр байгуулна:
48 .1.1. хөрөнгийн нийт үнэ, түүнийг төлөх хугацаа, хэлбэр;
48 .1.2. өмчлөх эрхийн гэрчилгээ олгох нөхцөл;
48 .1.3. хөрөнгийг шилжүүлэн өгөх газар, хугацаа болон хүлээлцэх ажлыг гүйцэтгэх журам, талуудын эрх, үүрэг;
48 .1.4. хөрөнгийг хариу төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр шилжүүлж байгаа бол өмчийг ашиглах тусгай зориулалт, хөрөнгө шилжүүлэн авсан зорилгыг биелүүлэх хугацаа;
48 .1.5. гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга;
48 .1.6. хөрөнгийн ашиглалтын талаар хүлээх үүрэг, хариуцлага болон эд хөрөнгийг хүлээн авах, хүлээлгэн өгөх хугацаа, журам зөрчсөний хариуцлага, маргаан шийдвэрлэх журам;
48 .1.7. бусад нэмэлт нөхцөл.
48 .2. Гэрээнд хөрөнгө хүлээлгэн өгсөн тухай акт болон холбогдох баримт бичгийг хавсаргана.
48 .3. Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр хөрөнгө шилжүүлэх бол гэрээг Төрийн өмчийн хороо, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр шилжүүлэх хөрөнгийн гэрээг тухайн шатны Засаг дарга энэ хуулийн 48.1-д заасны дагуу байгуулна.
48 .4. Хөрөнгө шилжүүлэх гэрээний нэгдсэн бүртгэлийг Төрийн өмчийн хороо хөтөлнө.
49 дүгээр зүйл. Өмч шилжүүлсний дараах хяналт
49.1. Өмч шилжүүлсний дараах хяналтыг хөрөнгийг шилжүүлсэн зорилго, хөрөнгийг ашиглах тусгай зориулалт болон уралдаант шалгаруулалтын нэмэлт нөхцөлийг хангаж байгаа эсэхийг энэ хуульд заасан гэрээний биелэлтийг хянах болон хяналт шалгалтын журмаар хэрэгжүүлнэ.
49.2. Өмч шилжүүлсний дараах хяналтыг дараах этгээд хэрэгжүүлнэ:
49.2.1. гэрээний биелэлтийн хяналтыг энэ хуулийн 45.1-д заасан этгээд;
49.2.2. хяналт шалгалтын журмаар хэрэгжүүлэх төрийн өмчид хамаарах хяналтыг Засгийн газрын шийдвэрээр Төрийн өмчийн хороо;
49.2.3. хяналт шалгалтын журмаар хэрэгжүүлэх орон нутгийн өмчид хамаарах хяналтыг аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр орон нутгийн өмчийн газар.
49.3. Өмч шилжүүлсний дараах хяналтыг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батална.
49.4. Өмч шилжүүлэн авсан этгээд өмчийг шилжүүлсэн зорилго, зориулалтаас гадуур ашигласан, гэрээний нөхцөл болон уралдаант шалгаруулалтын нэмэлт нөхцөлийг зөрчсөн, эсхүл хяналтаар дараах нөхцөл байдал илэрсэн нь гэрээг цуцлах, шилжүүлсэн өмчийг буцаан авах, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл болно:
49.4.1. эрх бүхий этгээдийн шийдвэр, зөвшөөрөлгүйгээр зохион байгуулж, ялагчид хууль бус давуу байдал үүсгэсэн;
49.4.2. энэ хуулийн 54.5.2, 54.5.4-т заасан нөхцөл илэрсэн;
49.4.3. гэрээ байгуулсан этгээд хөрөнгийн үнэ, хууль, гэрээнд заасан бусад төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй;
49.4.4. худалдах доод үнээс бага үнээр худалдсан буюу худалдах, шилжүүлэхийг зөвшөөрөөгүй хөрөнгө оролцуулан авсан, өгсөн;
49.4.5. хөрөнгө шилжүүлэн авсан этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй;
49.4.6. шилжүүлсэн хөрөнгийн үнийг төлөхөд хуулиар хориглосон эх үүсвэрийг ашигласан.
49.5. Энэ хуулийн 49.4-т заасан үндэслэлээр гэрээг цуцлах шийдвэрийг Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газар гаргана.
49.6. Гэрээг цуцлах шийдвэрт тухайн хөрөнгийг хамгаалах болон цаашид авах арга хэмжээний талаар заана.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
50 дугаар зүйл. Дуудлага худалдаа
50.1. Дараах тохиолдолд дуудлага худалдааны аргыг хэрэглэнэ:
50.1.1. төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 37.2.1, 37.2.2-т зааснаас бусад үндэслэлээр бусдад ашиглуулах бол;
50.1.2. энэ хуулийн 46.4-т заасны дагуу шууд гэрээ байгуулахаас бусад тохиолдолд өмчийг бусдад ашиглуулах, эсхүл шилжүүлэх бол;
50.1.3. дуудлага худалгааны аргыг хэрэглэхээр хуульд заасан бол
50.2. Дуудлага худалдаа явуулах тухай зар мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газрын болон тухайн өмчийг эзэмшигч байгууллагын цахим хуудсаар дамжуулан мэдээлнэ.
50.3. Санал хүлээн авах хугацааг мэдэгдэл гаргасан өдрөөс хойш 14-өөс доошгүй хоног байхаар тогтоох бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны талаарх зарыг 30-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ.
50.4. Энэ хуулийн 50.2-т заасан мэдэгдэлд шилжүүлэх, ашиглуулах хөрөнгө, зориулалт, хөрөнгийн үнэ, эдийн засгийн үр ашгийн үзүүлэлт, хөрөнгийг худалдах доод үнэ, эд хөрөнгө, ажил үйлчилгээний нөхцөл, онцлогтой холбогдох бусад болон гэрээний төслийн талаарх мэдээлэл, дуудлага худалдаа явуулах хугацаа, хураамж, дэнчин ба бусад нөхцөлийг тусгасан байна.
50.5. Дуудлага худалдааны талаар мэдэгдэх, сурталчлах ажлыг энэ хуулийн 50.2-т зааснаас гадна бусад нэмэлт арга хэрэгслээр нийтэд түгээж болно.
50.6. Дуудлага худалдааны тухай нийтэд мэдээлснээс хойш сонирхогч аливаа этгээд зохион байгуулагчийн тогтоосон газар, цагт ашиглуулах, шилжүүлэх хөрөнгийг үзэж, шалгаж болох ба гэрээний нөхцөл, саналтай танилцаж болно.
50.7. Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгөд үзлэг, тооллого хийх бөгөөд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцан хамгаалах, хөрөнгийг шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөх хүртэл хамгаалалтыг хариуцах үүрэгтэй этгээдийг томилж, зөвшөөрөлгүйгээр хөдөлгөөн хийхийг хориглоно.
50.8. Дуудлага худалдаа зохион байгуулах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бөгөөд орлогыг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.
50.9. .Дуудлага худалдаа зохион байгуулах журмыг Төрийн өмчийн хороо батална.
50.10. Дуудлага худалдааны тайланг Төрийн өмчийн хороонд хүргүүлж, баримтыг зохих журмын дагуу архивд шилжүүлнэ
50.11. Дуудлага худалдааны дүнг Мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд оруулж, хөрөнгийн шилжилтийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.
51 дүгээр зүйл. Дуудлага худалдааны доод үнэ
51.1. Дуудлагаар худалдахаар шийдвэрлэсэн эд хөрөнгийн санал болгох доод үнийг тухайн хөрөнгийг ашиглуулах, шилжүүлэх шийдвэр гаргасан этгээд нь тогтооно.
51.2. Дуудлага худалдааны доод үнийг тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг харгалзан тогтоох бөгөөд Төрийн өмчийн хороо, эсхүл Орон нутгийн өмчийн газрын зөвшөөрлийг авна.
51.3. .Дуудлага худалдааг дахин зарлах тохиолдолд доод үнийг шинээр тогтоох бөгөөд хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг анхны дуудлага худалдааны доод үнийг 20 хүртэл хувиар багасган тогтоож болно.
51.4. Дуудлага худалдааны доод үнэ тогтоох журмыг Төрийн өмчийн хороо батална.
52 дугаар зүйл. Хураамж, дэнчин тогтоох
52.1. Энэ хуулийн 51.1-д заасан этгээд хураамж болон дэнчингийн хэмжээг тогтооно.
52.2. Дуудлага худалдаанд оролцох хураамжийг тухайн хөрөнгийн дуудлага худалдааны доод үнийн хоёр хувь хүртэл хэмжээгээр тогтоож болно. Хураамжийн хэмжээг тогтоохдоо дуудлага худалдаа зохион байгуулах зардал, хүлээгдэж байгаа оролцогчдын тоо зэргийг үндэслэнэ.
52.3. Дэнчинд төлөх мөнгөн дүнг тухайн хөрөнгийн дуудлага худалдааны доод үнийн 20 хувь хүртэл хэмжээгээр тогтоож болно.
52.4. Дуудлага худалдаанд ялагч болсон этгээд гэрээг тогтоосон хугацаанд байгуулаагүй, байгуулахаас татгалзсан, эсхүл гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа гаргаж чадаагүй нөхцөлд дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй.
53 дугаар зүйл. Дуудлага худалдааг зохион байгуулах
53.1. Дуудлага худалдааг танхим, эсхүл цахим хэлбэрээр нээлттэй, хаалттай зохион байгуулна.
53.2. Оролцогчид дуудлага худалдаанд биечлэн оролцох боломжтой нөхцөлд дуудлага худалдааг танхимаар зохион байгуулж болно.
53.3. Танхимаар зохион байгуулах дуудлага худалдаанд оролцогчид саналаа дуудлага худалдааны нөхцөлийн дагуу тогтоосон өдөр битүүмжилсэн дугтуйнд хийж ирүүлнэ.
53.4. Дуудлага худалдаанд оролцогчийн санал дуудлага худалдааны дүн гартал хүчинтэй гэж тооцогдох ба дуудлага худалдаанд ялагчийн үнийн саналыг гэрээ байгуулах хүртэл хүчинтэй гэж үзнэ.
53.5. Цахим хэлбэрээр дуудлага худалдаа явуулах бол оролцогчид нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээгээр дамжуулан дуудлага худалдаа зохион байгуулагчтай холбогдож, саналаа гаргана. Дуудлага худалдаанд оролцогчийн үнийн санал бусад бүх оролцогчдод нэгэн зэрэг ил харагдах боломжтой байна.
54 дүгээр зүйл. Дуудлага худалдааны үр дүнг батлах
54.1. Танхимын аргаар зохион байгуулсан дуудлага худалдааны ялагч ба хоёр дахь дээд үнийн санал гаргагчийн үнийн санал, бүртгэлийн дугаарыг дуудлага худалдааны ялагч тодормогц оролцогчид болон олон нийтэд зарлан мэдэгдэнэ.
54.2. Цахим дуудлага худалдааны үр дүнг ялагч тодормогц бүх оролцогчид болон олон нийтэд нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээгээр дамжуулан тэр даруй мэдэгдэнэ.
54.3. Дуудлага худалдаа зохион байгуулах шийдвэр гаргасан этгээд дуудлага худалдааны үр дүнг хүлээж авснаас хойш ажлын 10 өдрийн дотор дуудлага худалдааг хүчинтэй эсэхийг баталгаажуулна.
54.4. Дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулсан шийдвэрт дуудлага худалдааны ялагчийн нэрийг, ялсан үнийн санал болон хоёр дахь дээд үнийн санал ирүүлсэн этгээдийн нэрийг үнийн саналын хамт тусгана.
54.5. Дараах тохиолдолд дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулахаас татгалзаж, энэ тухай зарлана:
54.5.1. оролцогчид хөтлөгчийн зааварчилгааг дагаагүй, дуудлага худалдааны журам, дэг зөрчсөн нь дуудлага худалдааны үр дүнд нөлөөлсөн бол;
54.5.2. дуудлага худалдааны үеэр оролцогчид өөр хоорондоо хуйвалдсан, түүнтэй төсөөтэй үйлдэл гаргасан бөгөөд энэ нь дуудлага худалдааны үр дүнд нөлөөлсөн болох нь илэрсэн бол;
54.5.3. дуудлага худалдааг зохион байгуулах этгээд, эсхүл дуудлага худалдааны хөтлөгч нь дуудлага худалдаа явуулах журам, дэгийг зөрчсөн нь дуудлага худалдааны үр дүнд нөлөөлсөн бол;
54.5.4. дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдаанд оролцох эрхгүй этгээд бол.
54.6. Дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулахаас татгалзах тухай шийдвэрт шалтгааныг тодорхой тусгана.
55 дугаар зүйл. Дуудлага худалдааг дахин зарлах
55.1. Дараах тохиолдолд дуудлага худалдааг дахин зарлана:
55.1.1. хоёроос доошгүй оролцогч бүртгүүлээгүй, эсхүл бүртгүүлсэн хоёроос доошгүй оролцогч дуудлага худалдаанд оролцоогүй бол;
55.1.2. хоёроос доошгүй санал ирээгүй, эсхүл шаардлага хангасан нэг ч санал ирээгүй бол;
55.1.3. энэ хуулийн 56.4-т заасан нөхцөл бий болсон;
55.1.4. дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулахаас татгалзах тухай шийдвэр гарсан бол.
56 дугаар зүйл. Дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулах
56.1. Энэ хуулийн 45.1-д заасан этгээд нь ялагчтай гэрээ байгуулах хугацааг дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулснаас хойш хоёр сараас илүүгүй байхаар тогтооно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацааг нэг удаа сунгаж болно.
56.2. Ялагч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуульд заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа гаргаж чадаагүй бол хоёр дахь дээд үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар баталгаажуулж, гэрээ байгуулах саналыг гаргана.
56.3. Энэ хуулийн 56.2-т заасны дагуу хоёр дахь дээд үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар баталгаажуулсан бол гэрээг нэг сарын дотор байгуулна.
56.4. Хоёр дахь дээд үнийн санал ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан бол дуудлага худалдааг дахин зарлана.
56.5. Дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийг өмчлөх эрх нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг бүрэн төлсний, хэрэв энэ нь үл хөдлөх эд хөрөнгө бол үнийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

АРАВДУГААР БҮЛЭГ
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
57 дугаар зүйл. Уралдаант шалгаруулалт
57.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглуулах, шилжүүлэхэд тусгай болзол, шаардлагыг тогтоох бол уралдаант шалгаруулалтын аргыг хэрэглэнэ.
57.2. Уралдаант шалгаруулалтын зар мэдээллийг шалгаруулалт явуулахаас 60-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.
57.3. Уралдаант шалгаруулалтын талаарх зар мэдээлэлд энэ хуулийн 50.4-т зааснаас гадна дараах зүйлийг заавал тусгана:
57.3.1. хөрөнгийн цаашдын ашиглалт, захиран зарцуулалтад тавих нэмэлт болзол, шаардлага;
57.3.2. уралдаант шалгаруулалтын шалгуур үзүүлэлтүүд;
57.3.3. шалгаруулалтад оролцогчдыг урьдчилан бүртгэх хугацаа;
57.3.4. уралдаант шалгаруулалтын төслийг ирүүлэх эцсийн хугацаа;
57.3.5. гэрээний ерөнхий нөхцөл;
57.3.6. дэнчин, хураамжийн хэмжээ.
57.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгийг удирдах үйл ажиллагааг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр уралдаант шалгаруулалт явуулж болно.
57.5. Энэ хуулийн 50.2, 50.4, 50.5, 50.6, 50.7, 50.8, 50.10, 50.11, 53.3, 53.5-д заасан журам нь уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахад нэгэн адил үйлчилнэ.
57.6. Уралдаант шалгаруулалтын доод үнэ болон хураамж, дэнчинг энэ хуулийн 51, 52 дугаар зүйлд заасны дагуу тогтооно.
57.7. Уралдаант шалгаруулалтын журмыг Төрийн өмчийн хороо батална.
58 дугаар зүйл. Уралдаант шалгаруулалтын нэмэлт нөхцөл
58.1. Уралдаант шалгаруулалтаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглуулах, бусдын удирдлага, өмчлөлд шилжүүлэхэд дараах нэмэлт нөхцөл тогтоож болно:
58.1.1. хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг байдлаар хөрөнгө оруулалт хийх;
58.1.2. хөрөнгийг тусгай зориулалтаар ашиглах үүрэг хүлээлгэх;
58.1.3. ажилтнуудыг тогтвортой ажиллуулах;
58.1.4. шинэ ажлын байр бий болгох;
58.1.5. тогтоосон шаардлагад нийцсэн техникийн, санхүүгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах;
58.1.6. байгаль орчныг хамгаалах шаардлагыг биелүүлэх;
58.1.7. орон нутгийн болон тухайн бүс нутгийн иргэдэд шаардлагатай нийтийн үйлчилгээг хүргэх;
58.1.8. хөрөнгийг уралдаант шалгаруулалтаар ашиглуулах, шилжүүлэх шийдвэр гаргасан этгээдээс тогтоосон бусад нэмэлт нөхцөл.
59 дүгээр зүйл. Уралдаант шалгаруулалтын ялагчтай гэрээ байгуулах
59.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг уралдаант шалгаруулалтаар ашиглуулах, шилжүүлэх шийдвэр гаргасан этгээд ялагчтай гэрээ байгуулна.
59.2. Уралдаант шалгаруулалтын ялагчтай байгуулах гэрээнд дараах нөхцөлийг тусгана:
59.2.1. үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр хөрөнгө оруулж, технологийг шинэчлэх замаар хуулийн этгээдийн үр ашгийг нь дээшлүүлэх;
59.2.2. хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг нийгэм, бүс нутгийн болон хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлж өөрчлөн байгуулах;
59.2.3. менежментийн гэрээг хэрэгжүүлэгч этгээдээс үйлдвэрлэл, үйл ажиллагааны зохион байгуулалт, технологийн үйл ажиллагааг өөрчлөн байгуулах болон үр ашиг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа, үе шат, дүгнэж үнэлэх шалгуур үзүүлэлт, журам болон менежментийн гэрээ хэрэгжүүлэгч этгээдийн цалин хөлс, урамшуулал;
59.2.4. гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд төрийн өмчийн эд хөрөнгөөс шилжүүлэн өгөх хэмжээ, хэлбэр, үнэ;
59.2.5. гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээлгэх хариуцлага, учруулсан хохирлыг нөхөн төлөх хэлбэр, хэмжээ, барьцаалах хөрөнгө.
59.3. Менежментийн гэрээгээр ажиллах этгээд нь гэрээнд заасан бол өөрийн багийг бүрдүүлж болно.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХЯНАЛТ, ТАЙЛАН
60 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хяналт
60.1. Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт нь өмчлөгчийн хяналт, төрийн хяналт болон хуулийн этгээдийн дотоодын хяналтаас тус тус бүрдэнэ.
60.2. Төрийн өмчийн өмчлөгчийн хяналтыг Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн өмчийн өмчлөгчийн хяналтыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ.
60.3. Төрийн хяналтыг энэ хуульд заасан журмын дагуу Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газар хэрэгжүүлнэ.
60.4. Төрийн аудитын байгууллага болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн төрийн хяналтыг хэрэгжүүлнэ.
61 дүгээр зүйл. Өмчлөгчийн хяналт
61.1. Энэ хуулийн 60.2-т заасан этгээд нь өмчлөгчийн хяналтыг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
61.1.1. төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, тооллогын дүн, тайлан, мэдээтэй танилцах, үүрэг чиглэл өгөх;
61.1.2. төрийн болон орон нутгийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын үр дүн, хөрөнгийн удирдлагын талаар гаргасан шийдвэр, гүйцэтгэх удирдлагатай гэрээ байгуулсан, дүгнэсэн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгөх;
61.1.3. өмчийн чиглэлээр хэрэгжүүлсэн мэргэжлийн болон дотоод хяналт шалгалт, аудитын тайлан, зөрчил, дутагдлыг арилгах талаар авсан арга хэмжээний үр дүнтэй танилцах, үүрэг чиглэл өгөх.
61.2. Өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэгч нь шаардлагатай бол дараах арга хэмжээг хэрэгжүүлж болно:
61.2.1. өмч, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдээс хөрөнгө олж авсан, хөрөнгийг ашиглах зөвшөөрөл өгсөн, өмчийг удирдсантай холбоотой баримт бичиг, мэдээлэлтэй танилцах, асуулга, асуулт тавих;
61.2.2. өмч, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдийн бүртгэлд оруулсан мэдээлэл үнэн зөв эсэхийг нягтлах зорилгоор газар дээр нь үзлэг, шалгалт хийхийг даалгах;
61.2.3. хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлд тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг, даалгавар өгөх.
61.3. Өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэгч этгээдийн өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн зохион байгуулалтад хяналт тавих, холбогдох тайлан, мэдээллээр хангах үүргийг Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газар хариуцна.
62 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн төрийн хяналт
62.1. Энэ хуулийн 60.3-т заасан этгээд нь төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийг удирдах болон өмчийн хадгалалт, хамгаалалтад тавих төрийн хяналтыг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
62.1.1. өмчийн бүртгэл, тооллогыг хэрэгжүүлсэн байдал, түүний үр дүнг хянаж, дүгнэлт гаргах;
62.1.2. хуульд заасны дагуу гаргасан тайланг хянаж, дүгнэлт гаргах;
62.1.3. хөрөнгийн удирдлагын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийх.
62.2. Хяналт шалгалт нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэлбэртэй байна.
62.3. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл Төрийн өмчийн хороо болон Орон нутгийн өмчийн газрын даргын баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хэрэгжүүлнэ.
62.4. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ хуулийн 62.1-д заасан хяналтаар илэрсэн алдаа дутагдал, зөрчлийн шалтгааныг тогтоох, эсхүл өмчийг удирдах ажиллагаатай холбоотой иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу явуулна.
62.5. Төрийн өмчийн хороо болон Орон нутгийн өмчийн газрын хяналтын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
62.5.1. хяналт шалгалтыг хууль, журамд заасны дагуу бүрэн гүйцэд хийх;
62.5.2. илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах, хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр хугацаатай үүрэг бүхий албан даалгавар өгөх;
62.5.3. буруутай этгээдэд хариуцлага тооцох, төрийн өмчит болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагыг солих асуудлаар холбогдох эрх бүхий этгээдэд санал хүргүүлэх;
62.5.4. шалгалтаар илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлэх;
62.5.5. төрийн болон орон нутгийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар шүүхэд нэхэмжлэх, холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
62.5.6. шалгалтын дүн, авсан арга хэмжээний талаар гомдол, мэдээлэл гаргасан этгээдэд мэдэгдэх;
62.5.7. төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагад Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл, албадлагын арга хэмжээ оногдуулах;
62.5.8. хуульд заасан бусад.
62.6. Хяналтын байцаагч нь хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ дараах ажиллагааг явуулж болно:
62.6.1. ажлын байранд ажлын цагаар нэвтрэн орох;
62.6.2. өмч, хөрөнгөнд үзлэг, шалгалт хийх;
62.6.3. холбогдох баримт бичгийг хянах үзэх, түүнийг хуулбарлан авах;
62.6.4. хяналт шалгалттай холбоотой асуулт тавьж, хариулт, тайлбар авах;
62.6.5. шалгалтад шаардлагатай мэдээ, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах;
62.6.6. хуульд заасан бусад.
62.7. Хяналтын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ шударгаар гүйцэтгэх, төр болон төрийн албан хаагчийн хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд холбогдох асуудлыг шалгахаас татгалзах үүрэгтэй.
62.8. Хяналтын байцаагч нь энэ хуулийн дагуу хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлагын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг хариуцна.
62.9. Хяналтын байцаагч нь энэ хуулийн 62.5.2-т заасан албан даалгаврын биелэлтийг шалгах, 62.5.3-т заасан саналын шийдвэрлэлтийг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй.
62.10. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд санхүүгийн хяналт шалгалт хийх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, өмчийн удирдлагын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт явуулах журмыг Төрийн өмийн хороо тус тус батална.
62.11. Шаардлагатай бол төрийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдийн удирдлага, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан баримтын иж бүрэн шалгалтыг хийж болно.
63 дугаар зүйл. Дотоодын хяналт шалгалт
63.1. Өмчийн дотоодын хяналтыг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд энэ зүйлд заасан журмаар өөрөө, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Төсвийн тухай хуулийн 11.1.11, 12.1.6-д заасны дагуу төсвийн аудит, хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.
63.2. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь энэ хуулийн 63.1-д заасан төсвийн аудит, хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, баримтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд бүрэн гаргаж өгөх үүрэгтэй.
63.3. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих үүрэг бүхий байнгын ажиллагаатай, орон тооны бус Өмч хамгаалах байнгын зөвлөл ажиллана.
63.4. Өмч хамгаалах байнгын зөвлөлийг тухайн байгууллагын даргын шийдвэрээр үндсэн үйл ажиллагаа эрхэлсэн удирдах албан тушаалтан ахалж, нягтлан бодогч, эд хариуцагч, мэргэжлийн /инженер, техникийн зэрэг/ ажилтны бүрэлдэхүүнтэй байгуулна.
63.5. Төрийн байгууллага, нутгийн удирдлагын байгууллага нь өөрийн салбар, харьяа байгууллага, хуулийн этгээдийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд салбарын хэмжээний төлөвлөгөөт дотоод хяналт шалгалт, үнэлгээг зохион байгуулж, хийсэн хяналт шалгалтын тайланг жил бүрийн эхний улиралд багтаан өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
63.6. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага нь дотоодын хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулж, хяналт шалгалтын тайланг баталгаажуулан тухайн жилийн 12 дугаар сарын 25-ны дотор Мэдээллийн нэгдсэн санд оруулна.
63.7. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмыг Төрийн өмчийн хороо батална.
64 дүгээр зүйл. Тайлан, мэдээ гаргах
64.1. Төрийн болон орон нутгийн байгууллага, албан газар энэ хуульд заасан, төрийн болон орон нутгийн өмчит компани нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуульд заасан холбогдох мэдээ, тайланг батлагдсан маягт, зааврын дагуу тухай бүр, санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу, хөрөнгийн удирдлагын жилийн тайланг дараа жилийн эхний улиралд багтаан тайлагнах үүрэгтэй.
64.2. Төрийн өмчийн хороо дараах нэгтгэсэн тайланг гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлнэ:
64.2.1. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн нэгтгэсэн тайланг цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналын хамт дараа жилийн эхний улиралд багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;
64.2.2. төрийн болон орон нутгийн өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланг жил бүр гаргаж, дараа жилийн эхний хагас жилд багтаан Засгийн газарт.
64.3. Засгийн газар энэ хуулийн 64.2.2-т заасан нэгдсэн тайланг Улсын Их Хурал, Үндэсний аудитын газарт хүргүүлнэ.
64.4. Орон нутгийн өмчийн газар нь аймаг, нийслэлийн өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, дараа жилийн эхний улиралд багтаан Төрийн өмчийн хороонд хүргүүлнэ.
64.5. Энэ хуулийн 64.3-т заасан тайланг Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороо, харьяа орон нутгийн өмчийн төлөв байдлын тайланг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Орон нутгийн өмчийн газар байгууллагын цахим хуудсандаа тус тус байршуулна.
64.6. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь хуульд заасан чиг үүргийн дагуу гаргасан тайлан мэдээ, бүртгэл, тооллогын дүнгээс гадна энэ хууль болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн 54.1, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.6.2, 8.6.4, 8.6.8, 8.6.12-т заасан холбогдох мэдээллийг байгууллагынхаа цахим хуудсанд нээлттэй байршуулах үүрэгтэй.
64.7. Төрийн болон албаны нууцад хамаарах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан хаалттай болон хязгаарлалттай мэдээллийг энэ хуулийн 64.5-д заасан журмын дагуу цахим хуудсанд байршуулахгүй.
64.8. Өмчийн төлөв байдлын тайланд төрийн болон орон нутгийн өмч, түүний хөдөлгөөн, хөрөнгийн удирдлагын хэрэгжилтийн байдал, төрийн болон орон нутгийн өмчит компанийн үр ашиг, менежментийн гүйцэтгэлийн талаарх нэгдсэн мэдээллийг тусгасан байна.
64.9. Өмчийн төлөв байдлын нэгдсэн тайланд тавигдах шаардлага, тайлагнах журмыг Засгийн газар, орон нутгийн өмчийн төлөв байдлын тайланд тавигдах шаардлага, тайлагнах журмыг Төрийн өмчийн хороо батална.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН
65 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийн нэгдсэн сан
65.1. Төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийн нэгдсэн сан /цаашид “Мэдээллийн нэгдсэн сан” гэх/-д төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, ангилал, үнэлгээ, өмчийг удирдах этгээд болон өмчийн хөдөлгөөн, тооллого, төрийн болон орон нутгийн өмчит компанийн үр ашиг, менежментийн гүйцэтгэл болон энэ хуулийн холбогдох бусад тайлан мэдээлэл, хяналт шалгалтын талаарх мэдээллийг төвлөрүүлнэ.
65.2. Мэдээллийн нэгдсэн сан нь улсын төрөлжсөн бүртгэлийн мэдээлэлд хамаарах бөгөөд баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ. Мэдээллийн сан нь төрийн онцгой обьектын зэрэглэлтэй байна.
65.3. Мэдээллийн нэгдсэн санд мэдээллийг дараах төрлөөр ангилан тусгана:
65.3.1. төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийн бүртгэл, тооллогын дүн, хөдөлгөөн /олж авах, шилжүүлэх, данснаас хасах/, өмч, хөрөнгийг удирдах этгээдийн талаарх мэдээлэл;
65.3.2. төрийн болон орон нутгийн байгууллага, албан газрын санхүүгийн болон өмчийн тайлан;
65.3.3. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг бусдад ашиглуулах, шилжүүлэх шийдвэр, гэрээний бүртгэл;
65.3.4. төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, үйл ажиллагааны болон санхүү, өмчийн тайлан;
65.3.5. хөрөнгийн удирдлагын хяналт шалгалтын тайлан;
65.3.6. өмчийн төлөв байдлын жил бүрийн нэгдсэн тайлан.
65.4. Мэдээллийн нэгдсэн сан нь Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан өөрт хамаарах мэдээллийг агуулсан байна.
65.5. Мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх, мэдээллийг баталгаажуулах болон хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хангах асуудлыг Төрийн өмчийн хороо хариуцна.
65.6. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь холбогдох бүртгэл, мэдээллийг Мэдээллийн нэгдсэн санд тогтоосон хугацаанд бүрэн, үнэн зөв оруулах үүрэгтэй.
65.7. Энэ хуулийн 65.6-д заасан үүргийн хэрэгжилтэд Төрийн өмчийн хороо болон Орон нутгийн өмчийн газар хяналт тавина.
65.8. Төрийн болон албаны нууцад хамаарах болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан хаалттай болон хязгаарлалтай мэдээллээс бусад Мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэл нь олон нийтэд ил тод, нээлттэй байна.
65.9. Энэ хуулийн 65.8-д заасан ил тод, нээлттэй байх мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.8, 8.9, 8.10-т заасан журмаар олон нийтэд хүргэнэ.
65.10. Төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийн нэгдсэн санг хөтлөх журмыг Засгийн газар батална.

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
66 дугаар зүйл. Гомдол хянан шийдвэрлэх
66.1. Иргэн, хуулийн этгээд нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас төрийн болон орон нутгийн өмчийг эзэмшиж, ашиглах болон бусдад ашиглуулах, шилжүүлэхтэй холбоотой гаргасан шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргана.
66.2. Энэ хуулийн 66.1-д заасан гомдлыг хүлээн авсан захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 94-99 дүгээр зүйлд заасан журмын дагуу гомдлыг шийдвэрлэнэ.
66.3. Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 66.2-т заасны дагуу захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
67 дугаар зүйл. Шилжилтийн зохицуулалт
67.1. Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө албан газар, улсын төсөвт болон аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн зохион байгуулалтын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах, эсхүл энэ хуулийн 4.1.2-т заасан албан газар, эсхүл Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуульд заасан компанийн хэлбэрээр өөрчлөн байгуулах эсэхийг Засгийн газар шийдвэрлэнэ.
67.2. Засгийн газар энэ хуулийн 67.1-д заасны дагуу орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналд үндэслэн гаргана.
67.3. Өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дараах арга хэмжээг энэ хуулийг дагаж мөрдсөнөөс хойш нэг жилийн хугацаанд багтаан зохион байгуулна:
67.3.1. энэ хуулийн 67.1-д заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах, өөрчлөн байгуулах;
67.3.2. энэ хуулийн 66 дугаар зүйлд заасан Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх;
67.3.3. төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийг шинэчлэх.
67.4. Энэ хуулийн 12.2.14, 13.5.7, 14.2.9, 15.2.6, 16.3.6-д заасан өмчийн төлөв байдлын тайлан гаргах, хэлэлцэх, эрх бүхий байгууллагад хүргүүлэх чиг үүргийн хэрэгжилтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
68 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
68.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
68.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
69 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
69.1. Энэ хуулийг 2022 оны … дүгээр сарын сарын …-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх