Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12-р сарын 25 өдөр
Ulaanbaatar city
Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бооцоот морин уралдаан зохион байгуулах, оролцогч, уяач, унаачийн эрхийг хангах, бооцоот морин уралдаан зохион байгуулах хуулийн этгээдийн чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлэх, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Бооцоот морин уралдааны хууль тогтоомж
2.1. Бооцоот морин уралдааны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “бооцоо” гэж морин тойруулгад зохион байгуулж байгаа морин уралдааны үр дүнгийн талаар дэвшүүлсэн таамаг нь таарсан тохиолдолд дүрэмд зааснаар өсгөж авах нөхцөлтэйгөөр эрсдэлээ өөрөө хариуцаж, зохион байгуулагчид сайн дураараа шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг;
3.1.2. бооцоот морин уралдаан” /цаашид “бооцоот уралдаан” гэх/ гэж эрх бүхий этгээд тогтоосон дүрмийн дагуу морин тойруулгад зохион байгуулж байгаа морин уралдааныг;
3.1.3. “бооцоот уралдаан зохион байгуулах” гэж бооцоот морин уралдааны үр дүнгийн талаар оролцогчдоос бооцоо цуглуулах, уралдааны үр дүнг гарсны дараа оролцогчдын хүртэх хонжворын хэмжээг тооцоолж оролцогчдод олгох зэргээр бооцоот морин уралдааны үйл ажиллагааг эрхлэхийг;
3.1.4. “оролцогч” гэж бооцоот уралдааны үр дүнгийн талаар аз туршсан таамаг дэвшүүлж, учирч болох эрсдэлээ хүлээн зөвшөөрч, морин уралдаанд бооцоо тавьж оролцож байгаа хувь хүнийг;
3.1.5. “зөвлөл” гэж Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан мөрийтэй тоглоомын асуудал хариуцсан байгууллагыг;
3.1.6. “Монголын морин уралдааны холбоо” гэж энэ хуулийн дагуу байгуулагдсан, сайн дурын гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг;
3.1.7. “морин тойруулгын цогцолбор” гэж бооцоот морин уралдаан зохион байгуулахад зориулсан зам талбай, барилга байгууламж, тотализатор, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл бүхий цогцолбор байгууламжийг;
3.1.8. “унаач” гэж бооцоот морин уралдаанд морийг унаж, уралдуулах хүнийг;
3.1.9. "уяач” гэж бооцоот морин уралдаанд уралдуулж байгаа морины өмчлөгчийг;
3.1.10. “тотализатор” гэж бооцоо цуглуулах, бооцооны дүнг гаргах, бооцоог хуваарилахад ашигладаг программ хангамж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн иж бүрдэл бүхий тооцоолуурыг;
3.1.11. “хонжвор” гэж Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн 4.1.10-т заасныг.
4 дүгээр зүйл. Бооцоот уралдааны үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1. Бооцоот уралдааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1. бооцоот уралдааныг нээлттэй, шударга, хариуцлагатай, ил тод байдлаар зохион байгуулах, оролцогчдод тэгш боломж олгох;
4.1.2. бооцоот уралдаанд оролцогчид үнэнч шударгаар өрсөлдөх, ёс зүйтэй байх;
4.1.3. олон нийтийг бооцоот тоглоомонд донтохоос урьдчилан сэргийлэх;
4.1.4. нийтийн дэг журмыг хангах, бооцоот тоглоомыг гэмт хэргийг дэмжих хэрэгсэл болохоос урьдчилан сэргийлэх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
БООЦООТ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ
5 дугаар зүйл. Бооцоот уралдаан зохион байгуулах
5.1. Бооцоот уралдааныг Засгийн газрын эрх олгосноор Монголын морин уралдааны холбоо /цаашид “Холбоо” гэх/ зохион байгуулна.
5.2. Бооцоот уралдааны зориулалтаар морин тойруулгын цогцолбор байгуулах байршлыг Засгийн газар тогтооно.
5.3. Бооцоот уралдааныг энэ хуулийн 6.1-д заасан шаардлагад нийцсэн морин тойруулгын цогцолборт зохион байгуулна.
5.4. Энэ хуулийн 5.2-т заасны дагуу тогтоосон байршилд морин тойруулгын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг 15 жилийн хугацаагаар холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд байгуулах бол чөлөөт бүсийн захирагч олгож, мөн хугацаагаар сунгана.
5.5. Зөвлөл нь бооцоот уралдааны эрх авахаар ирүүлсэн баримт бичгийг үнэлж, дүгнэлтээ Засгийн газарт танилцуулна.
5.6. Холбоо энэ хуулийн 7.1-д заасан дүрэм, аргачлалаас гадна дараах бичиг баримтыг Зөвлөлд хүргүүлнэ:
5.6.1. Холбооны танилцуулга;
5.6.2. морин тойруулгын барилга байгууламжийн төсөл болон бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх төсөл;
5.6.3. Холбооны дүрэм;
5.6.4. харилцагч банкны тодорхойлолт.
5.7. Холбоо нь морин тойруулгын салбар байгуулах бол тухай бүр Засгийн газраас зөвшөөрөл авна.
5.8. Бооцоот уралдаанд уралдах хурдан морьдын ангилал, уралдааны төрөл, хэлбэрийг Бооцоот морин тойруулгын дүрмээр тогтооно.
5.9. Энэ хуулийн 5.1-д зааснаас бусад этгээд бооцоот уралдаан зохион байгуулахыг хориглоно.
5.10. Холбоо бооцоот уралдаан зохион байгуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхтэй хамааралгүй үйл ажиллагаа болон казино, бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагааг хавсран эрхлэхийг хориглоно.
5.11. Бооцоот уралдааны зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Бооцоот морин тойруулгын дүрмээр зохицуулна.
6 дугаар зүйл. Морин тойруулгын цогцолбор
6.1. Морин тойруулгын цогцолбор нь дараах шаардлагыг хангасан байна:
6.1.1. бооцоот уралдааны үйл ажиллагаанд зориулсан олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, аюулгүй байдлыг хангасан зохистой дэд бүтэц бүхий морин тойруулгын үйл ажиллагаа, аялал жуулчлал, амралт, бусад олон нийтийн үйлчилгээнд зориулагдсан байх;
6.1.2. бооцоот уралдааны үйл ажиллагаанд зориулсан олон улсын стандартад нийцсэн, үйлдвэрийн баталгаа бүхий зориулалтын тоног төхөөрөмж, тотализатор, техник, хэрэгсэл, программ хангамжаар хангагдсан байх;
6.1.3. морин тойруулгын ажилтан нь бооцоот уралдааны үйл ажиллагаанд бэлтгэгдсэн байх;
6.1.4. оролцогчоос бооцоо хураах, бэлэн мөнгө авах, өгөх мөнгөн кассын хэсэг, бооцоот уралдаан зохион байгуулж байгаа танхим бүрт дуу-дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулсан байх;
6.1.5. Зөвлөлөөс баталсан шаардлагыг хангасан байх.
6.2. Бооцоот уралдааны тотализатор нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай холбогдсон байх бөгөөд бооцоо, хонжворын мэдээлэл нь тухай бүр бүртгэгдсэн байна.
6.3. Оролцогчийг бооцоот уралдаанд зээлээр оролцуулах, морин тойруулгын цогцолборт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
7 дугаар зүйл. Бооцоот морин уралдааны журам
7.1. Бооцоот уралдааны үйл ажиллагаанд энэ хуульд зааснаас гадна дараах дүрэм, аргачлалыг дагаж, мөрдөнө:
7.1.1. морин тойруулгын дүрэм;
7.1.2. бооцоот морин уралдаан зохион байгуулах, бооцоо тавих, бооцоог тооцоолох, хуваарилах дүрэм, аргачлал;
7.1.3. бооцоот морин уралдааны мөнгөн кассын дүрэм;
7.1.4. бооцоот морин уралдааны ёс зүйн дүрэм.
7.2. Энэ хуулийн 7.1-д заасан дүрэм, аргачлалыг Холбоо баталж, Зөвлөлд бүртгүүлнэ.
7.3. Холбоо нь бооцоот уралдаанд оролцох унаач, уяач, морины шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Шударга бусаар өрсөлдөхийг завдсан болон шударга бусаар өрсөлдсөн бол морин тойруулгын дүрэм, бооцоот морин уралдааны ёс зүйн дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ.
7.4. Холбоо нь Бооцоот морин уралдааны ёс зүйн дүрмийг зөрчсөн уяач, унаач, морин тойруулгын бусад ажилтныг ажлаас халах, уралдаанд оролцохыг хугацаагүйгээр, эсхүл тодорхой хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээг авна.
7.5. Бооцоот уралдаанд оролцогчийн тавьж болох бооцооны дээд хэмжээг Зөвлөл батална.
8 дугаар зүйл. Бооцоот уралдаанд хориглох үйл ажиллагаа
8.1. Холбоонд бооцоот уралдааны үйл ажиллагаатай холбоотой дараах зүйлийг хориглоно:
8.1.1. оролцогч, уяач, унаачийг хууран мэхлэх зорилгоор уралдааны үр дүнг өөрчлөх, программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хохироох;
8.1.2. хожсон оролцогчийн хонжвор, түрүүлсэн болон шагналт байранд орсон морины уяач, унаачийн шагналыг олгохоос зайлсхийх, татгалзах;
8.1.3. морин тойруулгын дүрэм, бооцоот уралдаан зохион байгуулах, бооцоо тавих, бооцоог хуваарилах дүрэм, бооцоот уралдааны мөнгөн кассын дүрмийг зөрчих;
8.1.4. оролцогчоор дамжуулан бооцоо тавих, оролцогчийн бооцоо тавих шийдвэр гаргахад дотоод мэдээллийг ашиглуулах, давуу тал үүсгэх боломж олгох;
8.1.5. санаатайгаар, эсхүл зохион байгуулалттайгаар шударга бусаар бооцоот уралдааны үр дүнд нөлөөлөх, уралдаанд оролцож байгаа унаач, морийг түрүүлүүлэх, хожигдуулахаар урьдаас үгсэн хуйвалдах;
8.1.6. нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан агуулгатай, эсхүл мөрийтэй тоглоомын донтолт үүсгэхүйц хэлбэрээр зар сурталчилгаа явуулах;
8.1.7. Зөвлөлийн хориглосон бусад үйл ажиллагаа.
8.2. Оролцогч, уяач, унаач, Холбоо болон бусад этгээд бооцоот уралдааны үр дүнд нөлөөлөх зорилгоор хуйвалдах, шударга бус үйлдлээр бооцоот уралдааны бусад оролцогчдын эрхийг зөрчих, хохирол учруулахыг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ОРОЛЦОГЧ, УЯАЧ, УНААЧ
9 дүгээр зүйл. Оролцогч
9.1. Бооцоот уралдаанд оролцогч нь 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн байна.
9.2. Холбоо нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу оролцогчийг таньж мэдэх үүрэгтэй байна.
10 дугаар зүйл. Уяач
10 .1. Бооцоот уралдаанд морио уралдуулах уяач Холбооны гишүүн байна. Бооцоот уралдаанд Холбооны гишүүнчлэлтэй уяач морио уралдуулах эрхтэй байна.
10 .2. Уяач өөрийн өмчлөлийн морийг бооцоот уралдаанд уралдуулахдаа морин тойруулгын дүрмийн дагуу Холбоонд бүртгүүлэх бөгөөд нэг морины бүртгэлд хоёроос дээш уяач бүртгэхгүй.
10 .3. Уяач өөрийн өмчлөлийн морийг бооцоот уралдаанд уралдуулахдаа сайн дураар даатгуулж болно.
10 .4. Уяач өөрийн өмчлөлийн морийг бооцоот уралдаанд уралдуулахад морин тойруулгын дүрмийг мөрдөх бөгөөд дүрмээр зохицуулаагүй харилцааг гэрээгээр тохиролцож болно.
11 дүгээр зүйл. Унаач
11.1. Бооцоот уралдааны унаач нь морь уралдуулах чадвар, дадлыг эзэмшүүлэх морин уралдааны боловсрол олгох коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий 18 насанд хүрсэн хүн байна.
11.2. 18 насанд хүрээгүй хүнээр бооцоот уралдаанд морь унуулахыг хориглоно.
11.3. Холбоо унаачийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэлээр хангана.
11.4. Унаач ослын даатгалд даатгуулсан байна.
11.5. Унаачийг мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага бэлтгэх бөгөөд холбогдох харилцааг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна.
11.6. Бооцоот уралдааны аюулгүй байдлын дүрмийг Зөвлөл батална.
11.7. Уралдуулсан морь нь бооцоот уралдаанд түрүүлсэн болон бооцоот уралдаанд шагналт байранд орсон тохиолдолд морин уралдааны бооцооноос олсон орлогоос уяач болон унаач нарын хүртэх хувь хэмжээг бооцоот уралдаан зохион байгуулах, бооцоо тавих, бооцоог тооцоолох, хуваарилах дүрэм, аргачлалын дагуу олгоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МОРИН УРАЛДААНЫ ХОЛБОО, ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
12 дугаар зүйл. Морин уралдааны холбоо, түүний гишүүнчлэл
12.1. Монголын морин уралдааны холбоо нь үндэсний өв соёл, уламжлал, морин уралдааныг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор энэ хуулийн дагуу байгуулагдсан, сайн дурын гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна.
12.2. Дараах этгээд Холбооны гишүүн байж болно:
12.2.1. Монгол Улсын иргэн;
12.2.2. Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
12.3. Гишүүнчлэлийн нөхцөл, шаардлага, хураамжийн хэмжээг Холбооны дүрмээр тогтооно.
12.4. Гишүүнчлэлийн эрхийг хуульд заасны дагуу бэлэглэх, өв залгамжлах зэргээр бусдад шилжүүлж болно.
12.5. Холбооны санхүүжилт нь гишүүнчлэлийн хураамж, хандив, бооцооны орлогоос бүрдэнэ.
12.6. Холбооны санхүүгийн тайлан нээлттэй байх бөгөөд санхүүгийн аудитыг жил тутамд хийлгэж, гишүүддээ болон олон нийтэд тайлагнана.
12.7. Холбоо нь Монгол Улсын арилжааны банкаар төлбөр тооцоо хийж, өдөр тутам орлогоо байршуулна.
13 дугаар зүйл. Морин уралдааны холбооны чиг үүрэг
13.1. Холбоо дараах чиг үүрэгтэй байна:
13.1.1. бооцоот уралдаан зохион байгуулах;
13.1.2. морь арчлах, амраах, сэрүүцүүлэх үйлчилгээ эрхлэх;
13.1.3. бооцоот морин уралдааны үйл ажиллагааг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх;
13.1.4. мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх;
13.1.5. мэргэжлийн унаачийн эрх олгох.
13.2. Холбоо дараах үүрэгтэй:
13.2.1. хууль тогтоомж болон Зөвлөлөөс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
13.2.2. зохих татварыг хуульд заасан журам, хэмжээгээр төлөх;
13.2.3. зориулалтын техник хэрэгсэл, сүлжээ, программ хангамж, хяналтын дууны, дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон байх;
13.2.4. хууран мэхлэх, залилах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх;
13.2.5. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг мөрдөх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний болон олон улсын байгууллагаас тавьж байгаа шаардлагыг биелүүлэх;
13.2.6. бооцоот уралдаан зохион байгуулах үйл ажиллагаандаа мөрдөж байгаа дүрэм, журам, аргачлалыг оролцогчид болон олон нийт танилцах боломжтой байдлаар нээлттэй байлгах, өөрчлөлт орсон тухай бүр шинэчлэх, бүртгүүлэх;
13.2.7. хуульд заасан бусад.
13.3. Холбоо бооцоот уралдаанд цугларсан нийт орлогын 60-аас доошгүй хувийг оролцогчдын бооцооны хонжвор, түрүүлсэн болон шагналт байранд орсон морины уяач, унаачийн шагналд олгох үүрэгтэй.
14 дүгээр зүйл. Морь арчлах, амраах, сэрүүцүүлэх үйл ажиллагаа
14.1. Холбоо холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн морь арчлах, амраах, сэрүүцүүлэх үйлчилгээ эрхэлж болно.
14.2. Үйлчилгээний журам, үнэ тариф, гэрээний нөхцөлийг Холбоо тогтооно.
14.3. Үйлчилгээний улмаас учирч болох эрсдэл, хариуцлагын талаар гэрээнд тусгана.
15 дугаар зүйл. Морин уралдааны холбооны дүрэм
15.1. Холбооны дүрэмд дараах зүйлийг тусгана:
15.1.1. зорилго, үйл ажиллагааны чиглэл;
15.1.2. дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам;
15.1.3. бүх гишүүдийн хуралдааны журам;
15.1.4. удирдах зөвлөлийн хуралдааны журам;
15.1.5. холбооны гишүүний эрх, үүрэг;
15.1.6. гишүүн элсүүлэх, гишүүнчлэлээс хасах, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх үндэслэл, журам, гишүүнчлэлээс хасах үндэслэл;
15.1.7. ээлжит бус хурал зарлан хуралдуулах, үндэслэл журам;
15.1.8. гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ;
16 дугаар зүйл. Холбооны удирдлага, зохион байгуулалт
16.1. Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.
16.2. Холбооны удирдах байгууллага нь Удирдах зөвлөл байна.
16.3. Холбоо нь хяналтын хороо болон холбооны өдөр тутмын үйл ажиллагааг явуулах гүйцэтгэх удирдлагатай байна.
17 дугаар зүйл. Холбооны Бүх гишүүдийн хурал
17.1. Бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байна. Ээлжит хурлыг жилд нэг удаа хуралдуулах бөгөөд ээлжит бус хурал зарлан хуралдуулахтай холбогдсон харилцааг Холбооны дүрмээр зохицуулна.
17.2. Бүх гишүүдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.2.1. холбооны дүрмийг батлах;
17.2.2. холбооны бодлого, хөгжлийн хөтөлбөрийг тодорхойлох;
17.2.3. ёс зүйн дүрмийг батлах;
17.2.4. бооцоот морин тойруулгын дүрмийг батлах;
17.2.5. бооцоот уралдаан зохион байгуулах, бооцоо тавих, бооцоог тооцоолох, хуваарилах дүрэм, аргачлалыг батлах;
17.2.6. бооцоот уралдааны мөнгөн кассын дүрмийг батлах;
17.2.7. Холбооны Удирдах зөвлөл, Холбооны Хяналтын хороо/цаашид "Хяналтын хороо" гэх/-ийн гишүүнийг сонгох, чөлөөлөх;
17.2.8. Холбооны Удирдах зөвлөл, Холбооны Хяналтын хорооны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
17.2.9. Холбооны гүйцэтгэх удирдлагыг сонгох, чөлөөлөх;
17.2.10. морин тойруулгын салбар байгуулах шийдвэр гаргах;
17.2.11. Холбооны гишүүнчлэлийн төрөл, хураамжийн хэмжээг тогтоох;
17.2.12. Холбооны жилийн төсвийн төслийг батлах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;
17.2.13. хууль болон холбооны дүрэмд заасан бусад бүрэн эрх.
17.3. Бүх гишүүдийн хурлын тов болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хурал эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө Холбооны Удирдах зөвлөл өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
17.4. Бүх гишүүдийн хурал асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана.
18 дугаар зүйл. Холбооны Удирдах зөвлөл
18.1. Холбооны Удирдах зөвлөл нь Бүх гишүүдийн чөлөөт цагт Холбооны үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий хамтын удирдлагын байгууллага байна.
18.2. Холбооны Удирдах зөвлөл 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
18.3. Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр хоёроос дээш удаа дараалан сонгогдохгүй.
18.4. Холбооны Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.4.1. Холбооны жилийн ажлын төлөвлөгөө, Холбооны бодлого, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
18.4.2. Холбооны бодлого, хөгжлийн хөтөлбөр, Холбооны дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
18.4.3. Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах;
18.4.4. Холбооны жилийн төсвийг боловсруулах, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;
18.4.5. Холбооны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гишүүдээс гаргасан санал, гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх;
18.4.6. Холбооны ажлын албаны бүтэц, орон тоо, ажилтны цалин хөлсний хэмжээг тогтоох;
18.4.7. Холбооны санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
18.4.8. Холбооны дүрэмд заасан бусад бүрэн эрх.
18.5. Холбооны Удирдах зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд нийт гишүүний дийлэнх олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
18.6. Холбооны Удирдах зөвлөл асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
18.7. Холбооны Удирдах зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
18.8. Холбооны Удирдах зөвлөлийн даргыг гишүүдийн дотроос нийт гишүүний олонхийн саналаар сонгоно.
19 дүгээр зүйл. Гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг
19.1. Гүйцэтгэх удирдлага дараах эрхтэй:
19.1.1. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
19.1.2. Удирдах зөвлөлөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд Холбоог төлөөлөн гэрээ, хэлцэл хийх;
19.1.3. Нягтлан бодох бүртгэлийг хуульд заасан журмын дагуу хөтлөх ажлыг зохион байгуулах;
19.1.4. санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хуульд заасан журмын дагуу гаргаж, эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэх холбогдох байгууллагад хүргүүлэх;
19.1.5. Холбооны гишүүдийн бүртгэлийг хөтлөх ажлыг зохион байгуулах;
19.1.6. Холбооны дүрэмд заасан бусад.
19.2. Гүйцэтгэх удирдлагын цалин хөлсийг удирдах зөвлөлийн хурлаас тогтооно.
20 дугаар зүйл. Хяналтын хороо
20.1. Удирдах зөвлөлөөс Холбооны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороог байгуулна.
20.2. Хяналтын хорооны гишүүдийг удирдах зөвлөлөөс томилох бөгөөд бүрэлдэхүүнд гүйцэтгэх удирдлага, гүйцэтгэх албан тушаалтнаас оролцуулахыг хориглоно.
20.3. Шаардлагатай тохиолдолд Холбооны үйл ажиллагаанд аудит хийлгэх саналыг удирдах зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
20.4. Хяналтын хороо ажлаа удирдах зөвлөлийн өмнө тайлагнана.
20.5. Хяналтын хороог мэдээллээр хангах үүргийг гүйцэтгэх удирдлага хариуцна.
20.6. Хяналтын хорооны үйл ажиллагааны зардал, гишүүдэд олгох урамшууллыг удирдах зөвлөлөөс тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГ
ЗӨВЛӨЛИЙН ЭРХ, ҮҮРЭГ
21 дүгээр зүйл. Зөвлөлийн бүрэн эрх
21.1. Зөвлөл нь бооцоот уралдааны үйл ажиллагаатай холбоотойгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
21.1.1. бооцоот морин уралдааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
21.1.2. оролцогч, унаач, уяачаас цаасаар болон цахимаар гомдол хүлээн авах, шийдвэрлэх, харьяаллын дагуу гомдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
21.1.3. Холбооноос шаардлагатай мэдээлэл, тайлан, тайлбар гаргуулж авах;
21.1.4. Холбооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, морин тойруулгын цогцолборын тоног төхөөрөмжийг шалгах, магадлагаа хийх;
21.1.5. энэ хуульд заасан үүргийг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих;
21.1.6. Холбооны удирдлага, бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах арга хэмжээ авах.
21.2. Бооцоот уралдаанд оролцогчийн тавьж болох бооцооны дээд хэмжээг Зөвлөл батална.
21.3. Бооцоот уралдааны мөнгөн кассын өрөөнд тавигдах шаардлагыг Зөвлөл батална.
22 дугаар зүйл. Бооцоот уралдааны үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт
22.1. Зөвлөлийн ажлын алба бооцоот уралдаан зохион байгуулах үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус, эсхүл гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ.
22.2. Уралдаан зохион байгуулах үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс гомдол ирсэн тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх бөгөөд Холбоонд хүргүүлсэн хугацаатай албан шаардлагын биелэлтийг шалгах зорилгоор гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ.
22.3. Улсын байцаагч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.3.1. бооцоот морин уралдааны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
22.3.2. хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
22.3.3. хяналт шалгалт хийх обьектод саадгүй нэвтрэн орох, хяналт шалгалтын явцад зөрчлийн ул мөр, нотлох баримт цуглуулах, зөрчлийн талаарх ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор шалгагдаж байгаа этгээдийн бие, албан тасалгаа, бичиг баримт, компьютер, эд зүйлд үзлэг хийх, шаардлагатай баримт материал, эд зүйлийг түр хураан авах;
22.3.4. бооцоот уралдааны үйл ажиллагааны явцын хяналтын дуу, дүрс, бичлэгийг шалгах;
22.3.5. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
БУСАД
23 дугаар зүйл. Бооцоот морин уралдааны хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
23.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
23.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
24 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
24.1. Энэ хуулийг Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

2. Хэлэлцэх эсэх -Нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлт

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх