Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 3-р сарын 19 өдөр
Ulaanbaatar city
Органик бүтээгдэхүүний тухай /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, баталгаажуулах, бүртгэх, органик болохыг илэрхийлсэн тэмдэг хэрэглэх, сурталчлах, худалдаалах, органик үйлдвэрлэл эрхлэгчид дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Органик бүтээгдэхүүний тухай хууль тогтоомж
2.1. Органик хүнсний бүтээгдэхүүний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Ургамал хамгааллын тухай хууль, Тариалангийн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Ойн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай органик хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүн, амьд мал амьтан, тэжээл, бордоо, таримлын үр, суулгацыг үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, тээвэрлэх, хадгалах, шошголох, худалдаалах, экспортлох, импортлох үйл ажиллагаанд хамаарна.
3.2. Ан амьтны гаралтай түүхий эдээр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. .“органик үйлдвэрлэл” гэж үйлдвэрлэл, боловсруулалт, бэлтгэл, хадгалалт, тээвэрлэлт, худалдааны болон энэ хуулийн 4.1.4-д заасан шилжилтийн үеийн бүх үе шатанд энэ хуульд заасан шаардлагад нийцсэн арга, технологийг ашиглахыг;
4.1.2. "органик бүтээгдэхүүн" гэж энэ хуулийн 4.1.1-д заасан органик үйлдвэрлэлийн үр дүнг;
4.1.3. .“органик үйлдвэрлэл эрхлэгч” гэж энэ хуулийн 4.1.1-т заасан үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг;
4.1.4. ."шилжилтийн үе" гэж үйлдвэрлэл эрхлэгч энэ хуулийн 9.1-т заасан баталгаажуулалт хийх эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулснаас эхлэн органик үйлдвэрлэлд бүрэн шилжих хүртэл хугацааг;
4.1.5. "хувиргасан амьд организм" гэж Хувиргасан амьд организмын тухай хуулийн 3.1.2-т заасныг;
4.1.6. .“хамтын баталгаажуулалт” гэж үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг органик үйлдвэрлэлийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд хэрэглэгчийн идэвхтэй оролцоо, харилцан итгэлцэлд тулгуурлан үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад оролцогчид хамтран баталгаажуулахыг.
5 дугаар зүйл. Органик үйлдвэрлэлийн зарчим
5.1. Органик үйлдвэрлэлд доор дурдсан зарчмыг баримтална:
5.1.1. хөрс, ус, агаар, ургамал, амьтан, хүн амын оршин тогтнох эрүүл аюулгүй байдлыг хамгаалсан байх;
5.1.2. экосистемд сөрөг нөлөөгүй, байгаль экологийн тогтвортой байдлыг хадгалсан байх;
5.1.3. зах зээлийн шударга өрсөлдөөнд суурилж, үйлдвэрлэлийн бүх үе шатанд шударга, энэрэнгүй ёсыг баримтлах;
5.1.4. хүрээлэн байгаа орчин, одоо болон ирээдүй хойч үеийн эрүүл мэнд, сайн сайхныг хамгаалах, бүтээгдэхүүний органик болон байгалийн шинж байдлыг хадгалахад чиглэсэн хариуцлагатай арга технологиор үйлдвэрлэл эрхлэх.
5.2. Орцын 95 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай бүтээгдэхүүнийг органикт тооцно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХОРИГЛОХ ЗҮЙЛС
6 дугаар зүйл. Органик үйлдвэрлэл эрхлэгчийн эрх
6.1. Органик үйлдвэрлэл эрхлэгч дараах эрх эдэлнэ:
6.1.1. энэ хуулийн 9.1-д заасан эрх бүхий байгууллагаар баталгаажсан, органик бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн сан (цаашид “мэдээллийн сан” гэх)-д бүртгэлтэй шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүний шошгод энэ хуулийн 13.2-т заасан шилжилтийн үеийн, эсхүл органик болохыг илэрхийлсэн тэмдэг хэрэглэх;
6.1.2. энэ хуулийн 8.2-т заасан журмын дагуу органик үйлдвэрлэлийг органик бус үйлдвэрлэлтэй хавсран эрхлэх;
6.1.3. нийлүүлэгчээс түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахдаа энэ хуулийн 8.2-т заасан бодис, хувиргасан амьд организм, цацрагийн боловсруулалт, өсөлтийн даавар хэрэглээгүй болон органик болохыг тодорхойлсон баталгаа шаардах.
7 дугаар зүйл. Органик үйлдвэрлэл эрхлэгчийн үүрэг
7.1. Органик үйлдвэрлэл эрхлэгч дараах үүрэг хүлээнэ:
7.1.1. баталгаажуулалтын байгууллагатай байгуулсан энэ хуулийн 11.2.1-т заасан гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах;
7.1.2. мал, амьтан, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, түүхий эд, бүтээгдэхүүний байгалийн шинж чанарыг хадгалах үйлдвэрлэлийн арга технологи боловсруулж мөрдөх;
7.1.3. мал, амьтан, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, түүхий эд, бүтээгдэхүүний байгалийн шинж чанарыг хадгалах үйлдвэрлэлийн арга технологи боловсруулж мөрдөх;
7.1.4. органик үйлдвэрлэлийг бүхэлд нь, эсхүл тухайн төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ зогсоосон бол ажлын 10 өдөрт багтаан баталгаажуулалтын байгууллагад мэдэгдэх;
7.1.5. энэ хуулийн 11.2-т заасан гэрээнд тусгасан хугацаанд баталгаажуулалтад хамрагдах;
7.1.6. энэ хуульд өөрөөр заагаагүй бол баталгаажуулалтын зардлыг хариуцах;
7.1.7. ойн дагалт баялаг болон байгалийн ургамал түүж ашиглахдаа Ойн тухай болон Байгалийн ургамлын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлэх;
7.1.8. байгалийн дагалт баялаг болон байгалийн ургамлыг энэ хуулийн 8.2-т зааснаас бусад бодисыг сүүлийн гурван жилийн туршид хэрэглээгүй тухай сум, дүүргийн байгаль орчин асуудал хариуцсан этгээдийн тодорхойлсон талбайгаас түүх;
7.1.9. энэ хуулийн 6.1.2-т заасны дагуу органик үйлдвэрлэлийг органик бус үйлдвэрлэлтэй хавсран эрхлэхээс өмнө баталгаажуулалтын байгууллагад мэдэгдэх.
8 дугаар зүйл. Органик үйлдвэрлэлд хориглох зүйл
8.1. Органик үйлдвэрлэлд дараах зүйлийг хориглоно:
8.1.1. энэ хуулийн 8.2-т заасан жагсаалтад орсноос бусад бодис хэрэглэх;
8.1.2. органик бүтээгдэхүүнийг боловсруулах явцдаа цацрагийн боловсруулалт хийх;
8.1.3. айл өрх болон үйлдвэр, аж ахуйн газрын бохир, хот суурины цэвэрлэх байгууламжийн лаг ашиглах;
8.1.4. эсээр үржүүлэх /клонинг/ аргаар гарган авсан мал, амьтан, тэдгээрийн үр төл ашиглах;
8.1.5. хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон өсөлтийн даавар ашиглах;
8.1.6. хөрсгүй технологи (гидропоник г.м) арга ашиглах;
8.1.7. энэ хуулийн шаардлага хангаагүй болон эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх.
8.2. Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд баримтлах журам, органик үйлдвэрлэлд хэрэглэх бодист тавих шаардлага, тэдгээрийг үнэлэх аргачлал болон жагсаалтыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТ, ШОШГОЛОЛТ, БҮРТГЭЛ
9 дүгээр зүйл. Баталгаажуулалтын байгууллага
9.1. Органик үйлдвэрлэлийн баталгаажуулалтыг доор дурдсан эрх бүхий байгууллага (цаашид “баталгаажуулалтын байгууллага” гэх) гүйцэтгэнэ:
9.1.1. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу итгэмжлэгдсэн, эсхүл бүртгүүлсэн баталгаажуулалтын байгууллага;
9.1.2. хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ хуульд заасны дагуу бүртгүүлсэн хамтын баталгаажуулалтын байгууллага.
9.2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хоёр болон олон талт олон улсын гэрээнд органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын дүнг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлыг тусгана.
9.3. Итгэмжлэлийн байгууллага нь энэ хуулийн 9.1.1-д заасан баталгаажуулалтын байгууллагын, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 9.1.2-т заасан хамтын баталгаажуулалтын байгууллагын мэдээллийг тус тус органик бүтээгдэхүүний мэдээллийн санд оруулна.
9.4. Энэ хуулийн 9.1.2-т заасан хамтын баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага, түүнийг байгуулах, баталгаажуулалт хийх журмыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10 дугаар зүйл. Баталгаажуулалтын байгууллагын үүрэг
10.1. Баталгаажуулалтын байгууллага дараах үүрэг хүлээнэ:
10.1.1. органик үйлдвэрлэл эрхлэгчтэй энэ хуулийн 11.2-т заасан гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллах;
10.1.2. энэ хуулийн 9.1.1-д заасан баталгаажуулалтын байгууллага баталгаажуулалтыг олон улсад мөрдөгддөг стандарт баримт бичгийн дагуу гүйцэтгэх;
10.1.3. хамтын баталгаажуулалтын байгууллага энэ хуулийн 9.4-д заасан журмын дагуу баталгаажуулалтыг гүйцэтгэх;
10.1.4. органик үйлдвэрлэл эрхлэгч энэ хуулийн 8.1-т заасныг зөрчиж үйлдвэрлэл явуулсан бол баталгаажуулалтыг хүчингүй болгож, энэ тухай мэдээллийн санд ажлын 10 өдөрт багтаан мэдэгдэх.
10.2. Энэ хуулийн 9.1.1-т заасан баталгаажуулалтын байгууллага шаардлагатай гэж үзвэл үйлдвэр эрхлэгчийг бүлгээр нь баталгаажуулж болно.
10.3. Мэдээллийн санд бүртгэлгүй баталгаажуулалтын байгууллага шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнийг баталгаажуулахыг хориглоно.
11 дүгээр зүйл. Органик бүтээгдэхүүний баталгаажуулалт
11.1. Үйлдвэрлэл эрхлэгч мэдээллийн санд бүртгэлтэй баталгаажуулалтын байгууллагад органик үйлдвэрлэлд шилжих тухай хүсэлтээ гаргана.
11.2. Баталгаажуулалтын байгууллага дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
11.2.1. бүтээгдэхүүнийг органик болохыг баталгаажуулах тухай гэрээг үйлдвэрлэл эрхлэгчтэй байгуулж, баталгаажуулалтыг хийх;
11.2.2. органик үйлдвэрлэлийн байршил, төрөл, ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөлтийн байдал, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт болон бусад хүчин зүйлийг харгалзан шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 8.2-т заасан журмын дагуу шилжилтийн үеийн хугацааг тогтоох.
11.2.3. баталгаажсан шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнд баталгаажуулалтын гэрчилгээг олгож, гэрчилгээг холбогдох баримт бичгийн хамт мэдээллийн санд илгээх.
11.3. Мэдээллийн сангаас шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүн бүртгэгдсэн тухай мэдэгдэл үйлдвэрлэл эрхлэгчид ирснээр бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг хэрэглэх эрх үүснэ.
11.4. Энэ хуулийн 11.2.3-т заасан баталгаажуулалтын гэрчилгээний загварыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12 дугаар зүйл. Органик бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн сан
12.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталгаажсан шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүн, үйлдвэрлэлтэй холбогдох мэдээллийн цахим санг бүрдүүлж, тухай бүр шинэчлэн, нийтэд нээлттэй байлгана.
12.2. Мэдээллийн санд баталгаажсан шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнийг бүртгүүлэх тухай журмыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.3. Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлсэн органик бүтээгдэхүүнтэй хрлбоотой мэдээллийг мэдээллийн санд оруулах үүрэг хүлээнэ.
12.4. Мэдээллийн сангийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19.1-д зааснаар мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн, чадамжтай засгийн газрын бус байгууллагад хариуцуулж болно.
13 дугаар зүйл. Органик бүтээгдэхүүний шошго
13.1. Энэ хуульд заасны дагуу баталгаажуулж, бүртгүүлсэн бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг тавина.
13.2. Органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг шилжилтийн үед шар, органик үйлдвэрлэлд шилжсэнээс хойш ногоон өнгийн дэвсгэртэй байна.
13.3. Энэ хуулийн 13.7.2-т заасан аргачлалын дагуу бүтээгдэхүүний органик орц, найрлагыг тооцож шошгод тусгана.
13.4. Органик бүтээгдэхүүнийг сав баглаа боодолгүй бөөнөөр нь худалдаалах тохиолдолд баталгаажуулалтын гэрчилгээг нийтэд ил харагдахуйц газар байршуулна.
13.5. Органик болохыг илэрхийлсэн тэмдгийг хэрэглэхэд дараах үйлдлийг хориглоно:
13.5.1. органик бус бүтээгдэхүүнийг органик болохыг илэрхийлсэн тэмдэгтэйгээр нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, зар сурталчилгаанд ашиглах;
13.5.2. шилжилтийн үед үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний шошгод ногоон өнгийн дэвсгэртэй тэмдэг хэрэглэн нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, зар сурталчилгаанд ашиглах.
13.6. Бүтээгдэхүүний шошгод монгол болон гадаад хэлээр бичигдсэн "органик", "байгалийн цэвэр", "байгалийн гаралтай цэвэр", “эко”, “ногоон”, “экологийн гаралтай”, “экологийн цэвэр”, “”экологийн” “био”, “биологийн”, “биологийн гаралтай”, “биологийн цэвэр”гэсэн үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хэрэглэх бол энэ хуулийг дагаж мөрдөнө.
13.7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь журам, аргачлалыг батална. Үүнд:
13.7.1. органик болохыг илэрхийлсэн тэмдгийн загвар, хэрэглэх журам;
13.7.2. органик бүтээгдэхүүний орц, найрлага тооцох аргачлал.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛАЛ
14 дүгээр зүйл. Органик бүтээгдэхүүнийг худалдаалах
14.1. Дотоодын болон импортын баталгаажсан органик бүтээгдэхүүнийг мэдээллийн санд бүртгүүлсний дараа Монгол Улсын зах зээлд худалдаална.
14.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалах импортын органик бүтээгдэхүүн нь холбогдох хуульд зааснаас гадна дараахь шаардлага хангасан байна:
14.2.1. экспортлогч улсын эрх бүхий баталгаажуулалтын байгууллагаас олгосон органик болохыг тодорхойлсон хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх;
14.2.2. импортын органик хүнсийг жижиглэн савласан тохиолдолд шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.8-д заасан болон холбогдох журам, стандартын шаардлагыг хангасан байх.
14.3. Импортлогч нь органик бүтээгдэхүүнийг мэдээллийн санд бүртгүүлэх үүрэгтэй.
15 дугаар зүйл. Төрөөс органик үйлдвэрлэл эрхлэгчид үзүүлэх дэмжлэг
15.1. Органик үйлдвэрлэл эрхлэгчийн дараах үйл ажиллагаанд доор дурдсан мөнгөн дэмжлэг үзүүлнэ:
15.1.1. шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал;
15.1.2. олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдаанд баталгаажсан органик бүтээгдэхүүнийг оролцуулах зардал.
15.1.3. дотоодод үйлдвэрлэсэн органик бордоог тариалангийн талбай, хүлэмжиндээ ашиглаж байгаа тариалангийн анхан шатны органик үйлдвэрлэл эрхлэгчийн бордоо худалдан авсан эхний 3 жилийн зардал.
15.2. Органик үйлдвэрлэл эрхлэгчид доор дурдсан мөнгөн бус дэмжлэг үзүүлнэ:
15.2.1. сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэх;
15.2.2. органик бүтээгдэхүүнийг экспортолсон тохиолдолд үйлдвэрлэл эрхлэгчийн хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-иас доошгүй хувьд хүүгийн дэмжлэг үзүүлэх;
15.2.3. дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж нутагшуулан шинэ нэр төрлийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн тохиолдолд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох;
15.2.4. органик үйлдвэрлэл эрхлэгчид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
15.2.5. органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл, сургалт, сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэх.
15.3. Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортод төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшуулалтай холбогдох журмыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.4. Энэ хуулийн 15.2.1-д заасан дэмжлэг үзүүлэх асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцаж хэрэгжүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
16 дугаар зүйл. Органик үйлдвэрлэл, органик бүтээгдэхүүнд тавих хяналт
16.1. Органик үйлдвэрлэл эрхлэгч органик бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдал болон зөрчлөөс үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцна.
16.2. Баталгаажуулалтын байгууллага органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явцад олон улсын норматив бичиг баримт болон энэ хуулийн 11.2-т заасан гэрээний дагуу хяналт хэрэгжүүлнэ.
16.3. Нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн органик бүтээгдэхүүний шошгод тавих төрийн хяналтыг Төрийн хяналт, шалгалтын тухай болон бусад холбогдох хуулиар тус тус зохицуулна.
17 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
17.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
17.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
18 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
18.1. Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
18.2. Хууль хүчин төгөлдөр болсноор Органик хүнсний тухай хууль хүчингүй болно.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг

Төслийн хэрэглэгчид

А. Амарсайхан

Ч. УНДРАМ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх