Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 1-р сарын 15 өдөр
Ulaanbaatar city
ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь цахим орчинд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим дарамт, заналхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааны тогтолцоо, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж
2.1.Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ.
3.2.Техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүүхдийн талаарх мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, түгээхтэй холбогдсон харилцаанд энэ хууль нэгэн адил үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд заасан дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“хүүхэд” гэж Хүүхдийн эрхийн конвенцийн 1 дүгээр зүйлд заасныг;
4.1.2.“цахим сүлжээ” гэж мэдээлэлд хандах, нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авах зорилгоор хэрэглэх мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг;
4.1.3.“хүүхдэд зориулсан контент” гэж хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон цахим сүлжээгээр дамжиж байгаа үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг цахим хэлбэрт хувиргасныг;
4.1.4.“хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал” гэж хүүхэд түүний эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй мэдээ, мэдээллийн хор хөнөөлөөс хамгаалагдсан байхыг;
4.1.5.“цахим заналхийлэл” гэж хүүхдийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар цахим сүлжээнд сүрдүүлэхийг;
4.1.6.“цахим дарамт” гэж цахим орчинд хүүхдийг дээрэлхэж, гадуурхсан, айлган сүрдүүлсэн, доромжилсон зүй бус агуулга бүхий мэдээ, мэдээллийг өөрт нь болон бусдад түгээхийг;
4.1.7.“цахим сүлжээ ашиглан хүүхдийг садар самуунд уруу татах” гэж хүүхдийг садар самуунд уруу татах зорилгоор цахим сүлжээ ашиглан хүүхэдтэй харилцаа тогтоохыг;
4.1.8.“цахим сүлжээний шүүлтийн программ” гэж цахим сүлжээн дэх контентийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт зориулан шүүн ангилах, түгээх цогц үйл ажиллагааг;
4.1.9."хүүхдийн эрхийн ажилтан" гэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.7-д заасныг
4.1.10."цахим сүлжээний үйлчилгээ эрхлэгч" гэж үүрэн телефоны оператор, интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон цахим хуудас эрхлэгч, мөн эдгээр үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр эрхлэхийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ
5 дугаар зүйл. Гэр бүлийн орчинд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах
5.1.Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийг цахим сүлжээгээр заналхийлэх, дарамтлах, садар самуунд уруу татах, аливаа гэмт хэрэг, зөрчилд уруу татахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авна:
5.1.1.хүүхэд цахим сүлжээг зөв зохистой хэрэглэх талаарх боловсрол, хүмүүжил, төлөвшил олгох;
5.1.2.цахим орчны зохистой хэрэглээний талаар мэдлэгтэй байж, хүүхдийн цахим орчны хэрэглээнд хяналт тавих;
5.1.3.хүүхэд цахим сүлжээнээс хэт хамааралтай байхаас урьдчилан сэргийлж, эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх;
5.1.4.хүүхдийг дарамталсан, айлган сүрдүүлсэн, доромжилсон, дээрэлхсэн зүй бус агуулга бүхий мэдээ, мэдээллээс хамгаалах;
5.1.5.хүүхдийн цахим орчинд нэвтрэхэд хязгаарлалт тогтоох;
5.1.6.хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан цахим сүлжээний шүүлтийн программ хэрэглэх.
5.2.Энэ хуулийн 5.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн этгээдээс зөвөлгөө, туслалцаа авч болно.
6 дугаар зүйл. Боловсрол, сургалтын байгууллага хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах
6.1.Боловсрол, сургалтын байгууллага цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхдээ цахим сүлжээний шүүлтийн программ хэрэглэнэ
6.2.Боловсрол, сургалтын байгууллага, түүний албан тушаалтан, багш, ажилтан цахим дарамт, заналхийлэлд өртсөн хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авна.
6.3. Боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхэд бүрийг цахим орчин дахь дарамт, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.3.1. боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын цахим дарамт, заналхийлэлд өртсөн эсэхийг үнэлэх, судлах, зөвлөгөө өгөх;
6.3.2.боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтан, суралцагчид цахим орчинд нөхөрсөг бус харилцсан, маргаан, зөрчил гаргасныг эвлэрүүлэх, зохицуулах, гэр бүлд нь мэдэгдэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
6.3.3.цахим сүлжээ ашиглан хүүхдэд хууль бус зар сурталчилгаа түгээхээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах.
7 дугаар зүйл. Цахим сүлжээний үйлчилгээ эрхлэгч хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах
7.1.Цахим сүлжээний үйлчилгээ эрхлэгч нь цахим сүлжээн дэх контентыг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт зориулан шүүн ангилна.
7.2.Цахим сүлжээний шүүлтийн программ нь дуу, дүрсний, дуу-дүрсний гэсэн тохиргоотой байна.
7.3.Цахим сүлжээний үйлчилгээ эрхлэгч нь цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
7.3.1.цахим сүлжээний шүүлтийн программ хангамжийг хөгжүүлэх, техник, технологийн нөхцлийг бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, тогтмол сайжруулалт хийх;
7.3.2.түгээж байгаа контентыг хүлээн авагч, хэрэглэгчийг таньж мэдэх талаар шаардлагатай арга хэмжээг авах;
7.3.3.үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахаас өмнө хэрэглэгч, түүний орчинд хүүхэд байгаа эсэхийг нягтлан асуух;
7.3.4.энэ хуулийн 7.3.3-т заасан асуулгын дүнд тухайн үйлчилгээний хэрэглэгч нь хүүхэд байх боломжтой гэдгийг тодорхойлсон бол цахим сүлжээний шүүлтийн программыг хэрэглэх нөхцөлтэй байх;
7.3.5.хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй контентын талаар гомдол, мэдээлэл хүлээн авч, зохих журмын дагуу хязгаарлалт хийх.
8 дугаар зүйл. Бусад этгээд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах
8.1.Аливаа этгээд цахим сүлжээнд мэдээ, мэдээлэл нийтлэх, дамжуулахдаа хүүхэд цахим сүлжээний заналхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхал, садар самуун, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлнэ.
8.2.Аливаа этгээд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг цахим сүлжээнд нийтлэх, дамжуулахыг хориглоно.
8.3.Хүүхдэд зориулсан үйлчилгээ эрхлэгч нь цахим сүлжээний шүүлтийн программыг хэрэглэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
9 дүгээр зүйл. Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
9.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1.цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
9.1.2.цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам батлаж биелэлтийг хангуулах;
9.1.3.хуульд заасан бусад.
10 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
10.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1.цахим орчны аюулгүй байдлын талаарх мэдлэгийг сурагч, эцэг, эх, асран хамгаалагчид мэдлэг олгох ажлыг хариуцан зохион байгуулах;
10.1.2.хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн боловсролын хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулсаныг хянан батлах;
10.1.3.сургуулийн орчинд интернэтийн хэрэглээнд хяналт тавих цогц хөтөлбөр боловсруулж, бүх түвшний боловсролын байгууллагад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
10.1.4.хуульд заасан бусад.
11 дүгээр зүйл. Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүрэг
11.1.Харилцаа холбооны зохицуулах хороо нь цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1.хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;
11.1.2.цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, хэрэгжилтэнд нь хяналт тавих;
11.1.3.цахим сүлжээний шүүлтийн программ ашиглах журам боловсруулж, батлах;
11.1.4.түгээж байгаа контентыг хүлээн авагч, хэрэглэгчийг таньж мэдэх программ хангамжийг хөгжүүлэх;
11.1.5.хуульд заасны дагуу ирүүлсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэх, гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэх;
11.1.6.энэ хуулийн ...-д заасан журмыг цахим хөгжил, харилцаа, холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;
11.1.7.хуульд заасны дагуу ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн энэ хуулийн ...-т заасан контентын хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг хэрэгжүүлэх;
11.1.8.хуульд заасан бусад.
12 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
12.1.Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1.Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар олон нийтэд чиглэсэн сургалт, судалгааны ажил эрхлэх;
12.1.2.хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй контентын шалгуурыг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран батлах;
12.1.3.хүүхдийг дарамталсан, айлган сүрдүүлсэн, доромжилсон, дээрэлхсэн зүй бус агуулга бүхий мэдээ, мэдээллийг цахим орчин ашиглан илгээх, бусдад түгээх асуудлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах;
12.1.4.эцэг, эх, асран хамгаалагчийг хүүхдийн цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлж, хяналт тавихад чиглэсэн арга хэмжээ авч, зөвлөмж боловсруулж, таниулах;
12.1.5.цахим орчин дахь хүүхдийн эрхийг зөрчлийн нөхцөл байдлыг судалж, дүн шинжилгээ хийх, цахим орчинд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах;
12.1.6.хуульд заасан бусад.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
13 дугаар зүйл. Гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх
13.1.Цахим орчинд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа талаар ирүүлсэн гомдол, мэдээллийг нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан, хууль сахиулагч, цахим сүлжээний үйлчилгээ эрхлэгч хүлээн авч шалгах, эсхүл шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу авна.
13.2.Энэ зүйлд заасан гомдол, мэдээллийг хүлээн авах, илрүүлэх зорилгоор яаралтай тусламжийн утас, цахим шуудан ажиллуулж болно.
13.3.Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн талаар ирүүлсэн гомдол, мэдээлэл гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалган шийдвэрлэх бөгөөд тухайн асуудлыг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагад заавал мэдэгдэнэ.
13.4.Цахим орчинд хүүхдийн эрх зөрчсөн, эсхүл эрсдэлт нөхцөлд байгаа талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан ажилтан, албан тушаалтан тухайн мэдээллийг газар дээр нь шалгах, үнэлэх явцад хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул шууд учирсан, эсхүл уг нөхцөл бүрдсэн бол яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналыг эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
13.5.Цахим орчин дахь хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргийг цагдаагийн байгууллага холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
14 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
14.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
14.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
15 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
15.1.Энэ хуулийг 2022 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг

Төслийн хэрэглэгчид

Г. Нямсүрэн

Б. БАЯРСАЙХАН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх