8.1. Монголын Үндэсний танхимын Удирдах зөвлөл /цаашид “Удирдах зөвлөл” гэх/ нь Их хурлын чөлөөт цагт Монголын Үндэсний танхимын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий хамтын удирдлагын байгууллага байна.
8.2. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга нь Монголын Үндэсний танхимын Удирдах зөвлөлийн гишүүн байна.
8.3. Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн дарга байна.
8.4. Монголын Үндэсний танхимын Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.4.1. Монголын Үндэсний танхимын жилийн ажлын төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
8.4.2. Монголын Үндэсний танхимын дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
8.4.3. Их хурлыг зарлан хуралдуулах, товыг тогтоох;
8.4.4. Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгчийн санал болгосноор Монголын Үндэсний танхимын бүтцийг хэлэлцэн батлах;
8.4.5. Монголын Үндэсний танхимын үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, нөхцөл, журмыг батлах;
8.4.6. энэ хуулийн 4.6-д заасан салбарын танхим байгуулах эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллыг батлах;
8.4.7. аймаг, нийслэлийн болон салбарын танхимуудын жилийн үйл ажиллагааны нэгдсэн тайланг сонсох;
8.4.8. Удирдах зөвлөлийн ажиллах журмыг тогтоох;
8.4.9. Монголын Үндэсний танхимын гишүүнчлэлийн хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх нөхцөл, журмыг тогтоох;
8.4.10. Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгчийн санал болгосноор Үндэсний танхимын дэргэдэх арбитрын даргыг томилж, чөлөөлөх;
8.4.11. хууль, Монголын Үндэсний танхимын дүрэмд заасан бусад бүрэн эрх.
8.5. Удирдах зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд нийт гишүүдийн олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
8.6. Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгчийн, эсхүл Хяналтын зөвлөлийн, эсхүл Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар зарлан хуралдуулна.
8.7. Удирдах зөвлөл хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд нэмэлт санал хураалт явуулж санал дахин тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
8.8. Удирдах зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.