Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 4-р сарын 18 өдөр
Ulaanbaatar city
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдал, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, удирдлага зохион байгуулалтыг тодорхойлж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хууль тогтоомж
2.1. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , Төрийн бус байгууллагын тухай хууль , Улсын бүртгэлийн ерөнхий хууль , Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /цаашид “Монголын Үндэсний танхим” гэх/, аймаг, нийслэлийн танхим болон эдийн засгийн үйл ажиллагааны салбараар нэгдсэн танхим /цаашид “салбарын танхим” гэх/-ын зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагаа, гишүүнчлэл, санхүүжилт, төрийн болон бусад байгууллагатай харилцах болон бусад харилцааг зохицуулна.
3.2. Энэ хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан худалдаа, аж үйлдвэрийн танхимаас бусад худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.
4 дүгээр зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдал
4.1. Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах зорилгыг хэрэгжүүлэгч ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.
4.2. Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь энэ хуулийн 4.1-д заасан зорилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэгч Монголын Үндэсний танхим, аймаг, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэгч аймаг, нийслэлийн танхим, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын хүрээнд хэрэгжүүлэгч салбарын танхим, гадаад улсад хэрэгжүүлэх төлөөлөгчийн газраас бүрдэнэ.
4.3. Монголын Үндэсний танхим нь Монгол Улсын хэмжээнд нэг байх бөгөөд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлана.
4.4. Монголын Үндэсний танхимыг аймаг, нийслэлийн танхим болон салбарын танхимууд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулна.
4.5. Аймаг, нийслэлийн танхим нь тухайн аймаг, нийслэлд нэг байна.
4.6. Салбарын танхим нь эдийн засгийн үйл ажиллагааны салбар бүрд нэг байна.
4.7. Монголын Үндэсний танхим нь гадаад улсад худалдаа, аж үйлдвэрийн танхимын зорилгыг хэрэгжүүлэх төлөөлөгчийн газар байгуулж болно.
4.8. Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь энэ хууль болон өөрийн үндсэн дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
5 дугаар зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1. хууль дээдлэх;
5.1.2. төр болон улс төрийн нам, эвслээс хараат бус, бие даасан байх;
5.1.3. аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
5.1.4. үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН БҮРЭН ЭРХ
6 дугаар зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүрэн эрх
6.1. Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь энэ хуулийн 4.1-д заасан зорилгын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад оролцох;
6.1.2. аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд төлөөлөн илэрхийлэх, хамгаалах;
6.1.3. аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн асуудлаар төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа, шийдвэрийн үр нөлөөг сайжруулахтай холбоотой санал, зөвлөмж хүргүүлэх;
6.1.4. хуульд заасан болон холбогдох төрийн байгууллагатай зөвшилцсөний дагуу зөвлөл, хороо, комисс зэрэг хамтын удирдлагын бүрэлдэхүүнд төлөөлөл оролцуулах;
6.1.5. эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын төсөлд хуульд заасан журмын дагуу санал өгөх, холбогдох ажлын хэсгийн бүхэлдэхүүнд орж ажиллах;
6.1.6. эдийн засгийн салбаруудын талаар төрийн бодлого боловсруулахад оролцох;
6.1.7. хууль болон дүрэмд заасан бусад.
6.2. Энэ хуулийн 6.1-д заасан бүрэн эрхийг Монголын Үндэсний танхим үндэсний болон гадаад улсын хүрээнд, аймаг, нийслэлийн танхим нь тухайн аймаг, нийслэлийн хүрээнд, салбарын танхим нь тухайн эдийн засгийн салбарын хүрээнд тус тус хэрэгжүүлнэ.
6.3. Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19.1-д заасан холбогдох шийдвэрийн дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг хэрэгжүүлж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТАНХИМЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
7 дугаар зүйл. Монголын Үндэсний танхимын Их хурал
7.1. Монголын Үндэсний танхимын эрх барих дээд байгууллага нь Монголын Үндэсний танхимын их хурал /цаашид “Их хурал” гэх/ байна.
7.2. Их хурлын төлөөлөгчдийг аймаг, нийслэлийн танхим болон салбарын танхимын удирдах зөвлөлийн гишүүд бүрдүүлэх бөгөөд нэг төлөөлөгч саналын нэг эрхтэй байна.
7.3. Их хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит хурлыг дөрвөн жилд нэг удаа хуралдуулна.
7.4. Ээлжит бус их хурлыг Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгч, эсхүл удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй гишүүдийн саналаар зарлан хуралдуулна.
7.5. Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох саналыг нууцаар гаргах бөгөөд санал хураалтыг цахимаар зохион байгуулна.
7.6. Их хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
7.7. Их хурал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.7.1. Монголын Үндэсний танхимын дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
7.7.2. Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх;
7.7.3. Монголын Үндэсний танхимын Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх;
7.7.4. Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгч болон Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, дүгнэлт өгөх;
7.7.5. Их хурал хуралдааны дэгээ өөрөө тогтооно;
7.7.6. Их хурлаар хэлэлцэх асуудлын саналыг тоолох үүрэг бүхий тооллогын комиссыг аймаг, нийслэлийн болон салбарын танхимаас тус бүр хоёр, Монголын Үндэсний танхимаас нэг хүнийг буюу нийт долоон хүнийг нууц санал хураалтаар сонгоно;
7.7.7. хуульд заасан бусад.
7.8. Их хурал төлөөлөгчдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.
7.9. Их хурал асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана.
8 дугаар зүйл. Монголын Үндэсний танхимын Удирдах зөвлөл
8.1. Монголын Үндэсний танхимын Удирдах зөвлөл /цаашид “Удирдах зөвлөл” гэх/ нь Их хурлын чөлөөт цагт Монголын Үндэсний танхимын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий хамтын удирдлагын байгууллага байна.
8.2. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга нь Монголын Үндэсний танхимын Удирдах зөвлөлийн гишүүн байна.
8.3. Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн дарга байна.
8.4. Монголын Үндэсний танхимын Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.4.1. Монголын Үндэсний танхимын жилийн ажлын төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
8.4.2. Монголын Үндэсний танхимын дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
8.4.3. Их хурлыг зарлан хуралдуулах, товыг тогтоох;
8.4.4. Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгчийн санал болгосноор Монголын Үндэсний танхимын бүтцийг хэлэлцэн батлах;
8.4.5. Монголын Үндэсний танхимын үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, нөхцөл, журмыг батлах;
8.4.6. энэ хуулийн 4.6-д заасан салбарын танхим байгуулах эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллыг батлах;
8.4.7. аймаг, нийслэлийн болон салбарын танхимуудын жилийн үйл ажиллагааны нэгдсэн тайланг сонсох;
8.4.8. Удирдах зөвлөлийн ажиллах журмыг тогтоох;
8.4.9. Монголын Үндэсний танхимын гишүүнчлэлийн хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх нөхцөл, журмыг тогтоох;
8.4.10. Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгчийн санал болгосноор Үндэсний танхимын дэргэдэх арбитрын даргыг томилж, чөлөөлөх;
8.4.11. хууль, Монголын Үндэсний танхимын дүрэмд заасан бусад бүрэн эрх.
8.5. Удирдах зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд нийт гишүүдийн олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
8.6. Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгчийн, эсхүл Хяналтын зөвлөлийн, эсхүл Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар зарлан хуралдуулна.
8.7. Удирдах зөвлөл хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд нэмэлт санал хураалт явуулж санал дахин тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
8.8. Удирдах зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
9 дүгээр зүйл. Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгч
9.1. Ерөнхийлөгчөөр Монголын Үндэсний танхимын Удирдах зөвлөлийн гишүүн, улс төрийн намын харъяалалгүй, төрийн албан хаагч бус, 10-аас доошгүй жил аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай Монгол Улсын иргэнийг Их хурлаас нууц санал хураалтаар нэг удаа дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
9.2. Ерөнхийлөгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.2.1. Монголын Үндэсний танхимыг гадаад, дотоод харилцаанд төлөөлөх;
9.2.2. Монголын Үндэсний танхимын нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл байгуулах,
9.2.3. Их хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулах;
9.2.4. Монголын Үндэсний танхимын гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, гэрээ байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
9.2.5. Монголын Үндэсний танхимын бүтцийг Удирдах зөвлөлөөр батлуулах;
9.2.6. Монголын Үндэсний танхимын чиг үүрэгт бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Зөвлөл, Хороо байгуулах;
9.2.7. хууль болон Монголын Үндэсний танхимын дүрэмд заасан бусад бүрэн эрх.
9.3. Ерөнхийлөгч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргана.
9.4. Ерөнхийлөгч дараах үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Удирдах зөвлөлд гаргана:
9.4.1. эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
9.4.2. төрийн албан тушаалд томилогдохоор болсон, улс төрийн намд гишүүнээр элссэн, эсхүл бүх шатны сонгуульд нэр дэвшихээр болсон.
9.5. Энэ хуулийн 9.4-т заасан нөхцөл бий болсон, эсхүл Ерөнхийлөгч энэ хуулийн 9.1-д заасан шалгуурыг хангахгүй болсон, эсхүл гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон бол Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, ээлжит бус Их хурлыг 30 хоногийн дотор зарлан хуралдуулна.
9.6. Энэ хуулийн 9.5-д заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд Ерөнхийлөгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Удирдах зөвлөл томилно.
10 дугаар зүйл. Хяналтын зөвлөл
10.1. Хяналтын зөвлөл нь Монголын Үндэсний танхимын дүрэм, журмын хэрэгжилт болон санхүүгийн үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргах хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгох чиг үүргийг хэрэгжүүлнэ.
10.2. Хяналтын зөвлөл нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийг Их хурлаас нууц санал хураалтаар нэг удаа дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
10.3. Дараах шаардлагыг хангасан хүнийг Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгоно:
10.3.1. банк, санхүү, хууль, эдийн засгийн салбарын дээд боловсролтой, тухайн салбарт таваас доошгүй жил ажилласан;
10.3.2. төрийн улс төрийн болон жинхэнэ алба тушаалд ажилладаггүй;
10.3.3. ял шийтгэлгүй.
10.4. Хяналтын зөвлөлийн даргыг Хяналтын зөвлөлийн гишүүдийн дотроос гишүүдийн олонхын саналаар сонгоно.
10.5. Хяналтын зөвлөл үйл ажиллагаагаа Их хурлын өмнө хариуцан тайлагнана.
10.6. Монголын Үндэсний танхимын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгч, санхүүгийн асуудал хариуцсан ажилтан нь Хяналтын зөвлөлийн гишүүн байхыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОН САЛБАРЫН ТАНХИМЫГ БАЙГУУЛАХ, УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
11 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимыг байгуулах
11.1. Аймаг, нийслэлийн танхимыг тухайн аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 50-аас доошгүй тооны аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдүүд сайн дурын үндсэн дээр нэгдэн энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулах бөгөөд үйл ажиллагаагаа бие даан хэрэгжүүлнэ.
11.2. Салбарын танхимыг эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 50-аас доошгүй тооны аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдүүд сайн дурын үндсэн дээр нэгдэн энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулах бөгөөд үйл ажиллагаагаа бие даан хэрэгжүүлнэ.
11.3. Аймгийн танхим байгуулагдаагүй хоёр болон түүнээс дээш аймгийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдүүд нэгдэж аймаг дундын танхим, эсхүл хэд хэдэн аймгийн танхим хоорондоо нэгдэж аймаг дундын танхим байгуулж болно. Нэгдсэн аймгийн танхимын эрх, үүрэг шинээр бий болсон аймаг дундын танхимд шилжинэ.
11.4. Хэд хэдэн салбарын танхим нэгдэж салбарын дундын танхим байгуулж болно. Нэгдсэн салбарын танхимын эрх, үүрэг шинээр бий болсон салбарын дундын танхимд шилжинэ.
11.5. Тухайн эдийн засгийн үйл ажиллагааны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдийн тоо энэ хуулийн 11.2-т заасан шаардлагыг хангахгүй тохиолдолд тухайн салбарын хуулийн этгээдийн олонх нэгдэн салбарын танхим байгуулж болно.
11.6. Монголын Үндэсний танхим нь шинээр байгуулагдах зарим салбарын танхимын чиг үүргийг тухайн эдийн засгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн олонхын төлөөллийг нэгтгэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ашгийн төлөө бус хуулийн этгээдэд гэрээний үндсэн дээр шилжүүлж болно.
12 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын Бүх гишүүдийн хурал
12.1. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал /цаашид “Бүх гишүүдийн хурал” гэх/ байна.
12.2. Бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит хурлыг дөрвөн жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна.
12.3. Бүх гишүүдийн ээлжит бус хурлыг аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга эсхүл удирдах зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар зарлан хуралдуулна.
12.4. Бүх гишүүдийн хурал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.4.1. энэ хуульд нийцүүлэн аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
12.4.2. Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх;
12.4.3. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, зөвлөмж, чиглэл өгөх;
12.4.4. дүрэмд заасан бусад.
12.5. Бүх гишүүдийн хурал асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана.
13 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын Удирдах зөвлөл
13.1. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын Удирдах зөвлөл нь бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт аймаг, нийслэлийн болон салбарын танхимын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий хамтын удирдлагын байгууллага байна.
13.2. Удирдах зөвлөл нь 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
13.3. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд нэг эцсийн өмчлөгчтэй таваас дээш тооны хуулийн этгээд байхыг хориглоно.
13.4. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.4.1. аймаг, нийслэлийн болон салбарын танхимын үндсэн чиглэл, бодлогыг тодорхойлох;
13.4.2. аймаг, нийслэлийн болон салбарын танхимын даргыг сонгох, чөлөөлөх;
13.4.3. аймаг, нийслэлийн болон салбарын танхимын үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
13.4.4. аймаг, нийслэлийн болон салбарын танхимын бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах;
13.4.5. аймаг, нийслэлийн болон салбарын танхимын даргын санал болгосноор аймаг, нийслэлийн болон салбарын танхимын гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх;
13.4.6. аймаг, нийслэлийн болон салбарын танхимын бүтцийг батлах;
13.4.7. аймаг, нийслэлийн болон салбарын танхимын бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлыг батлах;
13.4.8. аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дүрэмд заасан бусад.
13.5. Удирдах зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд нийт гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
13.6. Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг дарга, эсхүл удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар зарлан хуралдуулна.
13.7. Удирдах зөвлөл хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд нэмэлт санал хураалт явуулж санал дахин тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
14 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга
14.1. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын даргыг Удирдах зөвлөлийн хурлаас нууц санал хураалтаар нэг удаа дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
14.2. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга нь тухайн танхимын удирдах зөвлөлийн дарга байна.
14.3. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.3.1. аймаг, нийслэлийн болон салбарын танхимыг төлөөлөх;
14.3.2. аймаг, нийслэлийн болон салбарын танхимын нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл байгуулах;
14.3.3. аймаг, нийслэлийн болон салбарын танхимын бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулах;
14.3.4. хууль болон аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дүрэмд заасан бусад бүрэн эрх.
14.4. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга нь Удирдах зөвлөлийн гишүүдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг тухай бүр Монголын Үндэсний танхимд хүргүүлнэ.
14.5. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргана.
14.6. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга дараах үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Удирдах зөвлөлд гаргана:
14.6.1. эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
14.6.2. төрийн албан тушаалд томилогдохоор болсон.
14.7. Энэ хуулийн 14.6-д заасан нөхцөл бий болсон эсхүл гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон бол удирдах зөвлөлөөс даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, бүх гишүүдийн ээлжит бус хурлыг 30 хоногийн дотор зарлан хуралдуулна.
14.8. Энэ хуулийн 14.7-д заасны дагуу даргын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг удирдах зөвлөл томилно.
15 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын хяналтын зөвлөл
15.1. Хяналтын зөвлөл нь аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, санхүүгийн үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргах хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгох чиг үүргийг хэрэгжүүлнэ.
15.2. Хяналтын зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдийн хурлаас нууц санал хураалтаар нэг удаа дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
15.3. Хяналтын зөвлөл үйл ажиллагаагаа бүх гишүүдийн хурлын өмнө хариуцан тайлагнана.
15.4. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын удирдах зөвлөлийн гишүүн, дарга болон санхүүгийн асуудал хариуцсан ажилтан нь хяналтын зөвлөлийн гишүүн, дарга байхыг хориглоно.

ТАВДУГААР БҮЛЭГ
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ГИШҮҮНЧЛЭЛ, САНХҮҮЖИЛТ
16 дугаар зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүнчлэл
16.1. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимууд нь Монголын Үндэсний танхимын гишүүн байна.
16.2. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой нэг салбарын танхим, эсхүл өөрийн харьяа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хамаарах аймаг, нийслэлийн танхимд сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэж болно.
16.3. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй эдийн засгийн үйл ажиллагааны салбараас хамааран хэд хэдэн салбарын танхимд гишүүнээр элсэж болно.
16.4. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн танхимаас гадна салбарын танхимд давхар гишүүнчлэлтэй байж болно.
16.5. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь Монголын Үндэсний танхимд гишүүнээр элсэхгүй.
16.6. Төрийн өмчийн 50-аас дээш хувийн оролцоотой хуулийн этгээд нь худалдаа, аж үйлдвэрийн танхимд гишүүнээр элсэхгүй.
16.7. Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь гишүүнчлэлийнхээ бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлнө.
17 дугаар зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын санхүүжилт, зарцуулалт
17.1. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
17.1.1. гишүүнчлэлийн хураамж;
17.1.2. хандив, тусламж;
17.1.3. үйлчилгээний орлого;
17.1.4. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.
17.2. Энэ хуулийн 17.1.1-д заасан гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг тухайн танхимын удирдах зөвлөл батална.
17.3. Аймаг, нийслэлийн болон салбарын танхим нь Монголын Үндэсний танхимд, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн болон салбарын танхимд гишүүнчлэлийн хураамж төлнө.
17.4. Монголын Үндэсний танхимд тухайн жилийн гишүүнчлэлийн хураамжаа төлөөгүй аймаг, нийслэлийн болон салбарын танхим нь Монголын Үндэсний танхимын Их хурал, Удирдах зөвлөлд сонгох, сонгогдох эрх эдлэхгүй.
17.5. Аймаг, нийслэлийн болон салбарын танхимд тухайн жилийн гишүүнчлэлийн хураамжаа төлөөгүй хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн болон салбарын танхимын бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөлд сонгох, сонгогдох эрх эдлэхгүй.
17.6. Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь гишүүнчлэлийн хураамж болон үйл ажиллагааны орлогоо зөвхөн хууль, дүрэмд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд зарцуулна.
17.7. Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь жил бүр санхүүгийн тайландаа хөндлөнгийн аудит хийлгэх бөгөөд гишүүд, олон нийтэд нээлттэй байна.
17.8. Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь өөрийн зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэхдээ бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНТАЙ ХАРИЛЦАХ
18 дугаар зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах
18.1. Монголын Үндэсний танхим нь худалдаа, аж үйлдвэрийн танхимын зорилгод хамаарах аливаа асуудлаар бүх шатны төрийн байгууллага, албан тушаалтантай шууд харилцана.
18.2. Аймаг, нийслэлийн танхим нь үйл ажиллагаа явуулж байгаа аймаг, нийслэлийн төрийн байгууллага, албан тушаалтантай шууд харилцах бөгөөд бусад харилцаанд Монголын Үндэсний танхимаар дамжуулан харилцана.
18.3. Салбарын танхим нь өөрийн хамаарах эдийн засгийн үйл ажиллагааны салбарын асуудлаар холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтантай шууд харилцах бөгөөд бусад харилцаанд Монголын Үндэсний танхимаар дамжуулан харилцана.
18.4. Бүх шатны төрийн байгууллага, албан тушаалтан нь худалдаа, аж үйлдвэрийн танхим энэ хуульд заасан зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТАНХИМЫН ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
19 дүгээр зүйл. Гарал үүсэл тодорхойлох, гэрчлэх, баталгаажуулах
19.1. Монголын Үндэсний танхим нь Монгол Улсаас гарал үүсэлтэй экспортын барааны гарал үүслийг тодорхойлох, гэрчлэх үйлчилгээ үзүүлнэ.
19.2. Монголын Үндэсний танхим нь эрх бүхий этгээдийн хүсэлтээр гарал үүслийн гэрчилгээг дахин шалгах буюу баталгаажуулж болно.
19.3. Гарал үүслийн гэрчилгээ нь Монголын Үндэсний танхимаас олгосон үнэт цаас бүхий хууль ёсны баримт бичиг бөгөөд олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байна.
19.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.4.3-т заасан бараа, материалын гарал үүсэл, үзүүлж байгаа үйлчилгээг нийслэл, дүүрэг, улсын зэрэглэлтэй хотод хамаарахгүй орон нутагт үйлдвэрлэсэн талаарх тодорхойлолт олгоно.
19.5. Монголын Үндэсний танхим нь бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг Монгол Улсын олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээрт заасан нөхцөл, журмыг баримтлан гэрчилнэ.
20 дугаар зүйл. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлыг гэрчлэх
20.1. Монголын Үндэсний танхим нь гэрээний талуудын хооронд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад үүссэн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийг гэрчилнэ.
20.2. Монголын Үндэсний танхим нь гэрээний талуудын хооронд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад үүссэн хүнд нөхцөл байдлыг талуудын гэрээний тохиролцоо болон ханш, инфляцийн өөрчлөлтийг үндэслэн гэрчилнэ.
20.3. Монголын Үндэсний танхимын Удирдах зөвлөл нь энэ хуулийн 20.1-д заасан үйлчилгээний нөхцөл, журмыг олон улсын худалдааны танхимын нийтлэг жишигт нийцүүлэн батална.
21 дүгээр зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар нэвтрүүлэх баримт бичиг олгох
21.1. Монголын Үндэсний танхим нь Монгол Улсын хилээр бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар татваргүй нэвтрүүлэх, гарахад шаардлагатай үндэсний гаалийн мэдүүлгийг орлох баримт бичиг /АТА карней/ олгох, бүрдүүлэлт хийх, хяналт тавих үйлчилгээ үзүүлнэ.
21.2. Монголын Үндэсний танхим нь энэ хуулийн 21.1-д заасан үйлчилгээг үзүүлэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд заасан нөхцөл, журмыг баримтлана.
22 дугаар зүйл. Хөндлөнгийн магадлал, үнэлгээ, дүгнэлт гаргах
22.1. Монголын Үндэсний танхим нь хувь хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр экспорт, импортын барааны гэрээгээр тохирсон тоо, чанар, иж бүрдлийг хараат бусаар хянан хөндлөнгийн магадлал гаргана.
22.2. Монголын Үндэсний танхим нь хувь хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр хөндлөнгийн үнэлгээ болон дүгнэлт гаргах үйлчилгээг үзүүлнэ.
23 дугаар зүйл. Арбитрын үйлчилгээ
23.1. Монголын Үндэсний танхимын дэргэд байнгын, хараат бус, бие даасан арбитрыг Арбитрын тухай хуулийн 7.3-т заасны дагуу байгуулан ажиллуулна.
23.2. Энэ хуулийн 23.1-д заасан арбитрын үйл ажиллагаатай холбоотой харилцааг Арбитрын тухай хуульд заасны дагуу зохицуулна.
24 дүгээр зүйл. Эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ
24.1. Монголын Үндэсний танхимын дэргэд маргааныг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх зорилготой эвлэрүүлэн зуучлалын төв ажиллуулж болно.
24.2. Энэ хуулийн 24.1-д заасан эвлэрүүлэн зуучлалын төвийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар зохицуулна.
25 дугаар зүйл. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлчилгээ
25.1. Монголын Үндэсний танхим нь Оюуны өмчийн тухай хуулийн 16.2-т заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлчилгээ үзүүлж болно.
25.2. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үйл ажиллагаандаа Оюуны өмчийн тухай хуулийн 16.6-д заасан журмыг баримтална.
25.3. Энэ хуулийн 25.1-д заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг Оюуны өмчийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.
26 дугаар зүйл. Монголын Үндэсний танхимын үйлчилгээний эрхийг шилжүүлэх
26.1. Монголын Үндэсний танхим нь зарим үйлчилгээг үзүүлэх эрхээ аймаг, нийслэлийн болон салбарын танхимд гэрээний үндсэн дээр шилжүүлж болно.
26.2. Үйлчилгээний эрх шилжүүлэхтэй холбоотой харилцааг Монголын Үндэсний танхимын дүрэмд зааснаар зохицуулна.

НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
27 дугаар зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хараат бус байдал
27.1. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаа нь төр болон улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байна.
27.2. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
27.2.1. улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаа, нэр дэвшигчтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулах;
27.2.2. энэ хууль болон дүрэмд заасан зорилгоос ангид үйл ажиллагаа явуулах.
27.3. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг худалдаа, аж үйлдвэрийн танхимын дүрмээр зохицуулна.
28 дугаар зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааны тайлан
28.1. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан олон нийтэд нээлттэй, ил тод байна.
28.2. Аймаг, нийслэлийн болон салбарын танхим нь жил бүрийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг дараа оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Монголын Үндэсний танхимд хүргүүлнэ.
29 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
29.1. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
ГАРЫН ҮСЭГ

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх