1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мал аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх малчны эрх зүйн байдлыг тодорхойлж, малчны ажиллах, амьдрах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, байгалийн чадамжид нийцсэн, бүтээмж бүхий өрсөлдөх чадвартай мал аж ахуйг хөгжүүлэхэд оршино.
2 дугаар зүйл.Малчны тухай хууль тогтоомж
2.1.Малчны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ хууль болон малчны үйл ажиллагаатай холбогдсон бусад хууль тогтоомжийн актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь малчин болон мал бүхий иргэн, аж ахуй нэгжийн эрхлэх үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг дэмжих, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлохтой холбогдсон харилцаанд хамаарна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“мал аж ахуй” гэж байгаль цаг уурт дасан зохицсон, байгалийн нөөц, чадавхад нийцсэн, уламжлалт болон шинжлэх ухаанч арга барилд суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэлийг;
4.1.2.“малчин” Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэнийг;
4.1.3.“туслах малчин” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 71.2-т заасныг;
4.1.4.“хот айл” гэж мал аж ахуй эрхэлсэн 2 ба түүнээс дээш малчин өрх хамтран нүүдэллэж, хөдөлмөрөө хоршин мал сүргээ маллах, ашиг шимийг хамтын хүчээр авдаг хөдөлмөр зохион байгуулалтын хэлбэрийг;
4.1.5.“мал аж ахуйн зохистой дадал” гэж хүн, байгальд ээлтэй малчны мал маллагаа, бэлчээр нутаг, малын эрүүл мэнд, үүлдэр угсаа, малын ашиг шим, түүхий эдийн чанар, аюулгүй байдлыг хангах арга барилыг;
4.1.6.“малчны хөгжил” гэж малчин насан туршид мэдлэг, ур чадвар, амьдралын чанараа дээшлүүлэх тогтвортой үйл ажиллагааг.