Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 4-р сарын 29 өдөр
Ulaanbaatar city
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
1.1.Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хот, тосгоны эрх зүйн байдлын хууль тогтоомж
2.1.Хот, тосгоны эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас бусад нийслэл Улаанбаатар хот, түүний дагуул хоттой холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2.Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын харилцааг тухайлан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Хот, тосгон, хотын зэрэглэл
4.1.Хот нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага, зохион байгуулалт, эдэлбэр газар, хот бүрдүүлэгч дэд бүтэц, эдийн засгийн чадавх бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын шилжүүлсэн зарим чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд мөн.
4.2.Тосгон нь 2000-аас доошгүй байнгын оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, логистик, худалдаа зэрэг салбарын аль нэг зонхилон хөгжсөн, хотын зарим шинжийг агуулсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын шилжүүлсэн зарим чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд мөн.
4.3.Улсын эдийн засаг, нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, хэрэгжүүлэх өөрийн болон засаг захиргааны чиг үүргийн онцлогийг нь харгалзан хотыг дараах байдлаар ангилна:
4.3.1.нийслэл Улаанбаатар хот;
4.3.2.улсын зэрэглэлтэй хот;
4.3.3.орон нутгийн зэрэглэлтэй хот.
4.4.100000-аас доошгүй оршин суугчтай, эсхүл оршин суугчтай байхаар төлөвлөсөн, тэдгээрийн дийлэнх хувь нь үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэцтэй, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий хот нь улсын зэрэглэлтэй байна.
4.5.30000-аас доошгүй оршин суугчтай, эсхүл оршин суугчтай байхаар төлөвлөсөн хот нь орон нутгийн зэрэглэлтэй байна.
4.6.Нийслэл Улаанбаатар хот болон улсын зэрэглэлтэй хот дагуул хоттой байж болно.
4.7.Дагуул хот орон нутгийн зэрэглэлтэй байна.
4.8.Байнгын ажиллагаатай хилийн боомт бүхий суурин газрыг хот, эсхүл тосгоны хэлбэрээр хөгжүүлж болно.
5 дугаар зүйл.Хот, тосгон байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах
5.1.Хот байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг дараах шалгуурыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ:
5.1.1.улс, бүс болон аймгийн эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөө, ач холбогдол;
5.1.2.хүн амын байршил, нийгмийн үйлчилгээг хүргэх дэд бүтэц;
5.1.3.зам, харилцаа, инженерийн байгууламж, бусад дэд бүтцийн хөгжил
5.1.4.хүрээлэн байгаа орчин, оршин байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үзүүлэх эдийн засгийн нөлөөлөл.
5.2.Хот байгуулах шийдвэрт тэдгээрийн оноосон нэр, эдэлбэр газрын хэмжээ, байршил, зааг болон тухайн хотод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг шилжүүлэх талаар тусгана.
5.3.Хот байгуулах санаачилгыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дангаараа, эсхүл хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагаар уламжлуулан Засгийн газарт гаргаж болно.
5.4.Хотыг өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбогдсон харилцааг Хот байгуулалтын тухай хуулиар нарийвчлан зохицуулна.
5.5.Тосгон байгуулах, өөрчлөн байгуулах асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, эсхүл хотын Зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэх бөгөөд шийдвэрт энэ хуулийн 5.2-т заасныг тусгана.
5.6.Тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг шилжүүлэх бол Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
6 дугаар зүйл.Хот, тосгоны удирдлагын зарчим
6.1.Хот, тосгоны өөрийн удирдлага үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна доор дурдсан зарчмыг баримтална:
6.1.1.төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах;
6.1.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хот, тосгоны өөрийн удирдлагатай хослуулах;
6.1.3.эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, хариуцлага хүлээх;
6.1.4.оршин суугчдын эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах;
6.1.5.асуудлыг шийдвэрлэхэд оршин суугчдын санал, оролцоог нэн тэргүүнд харгалздаг байх;
6.1.6.нийтийн аж ахуйн үйлчилгээг оршин суугчдад тэгш, хүртээмжтэй хүргэх;
6.1.7.тогтвортой хөгжлийг хангах;
6.1.8.ил тод байх, оршин суугчдыг мэдээллээр хангах.
7 дугаар зүйл.Хот, тосгоны засаг захиргааны харьяалал
7.1.Хот нь хуульд өөрөөр заагаагүй бол оршин байгаа тухайн аймаг, эсхүл нийслэлд харьяалагдана.
7.2.Тосгон нь хуульд өөрөөр заагаагүй бол оршин байгаа тухайн сум, дүүрэг, эсхүл хотод харьяалагдана.
7.3.Хот, тосгон нь хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг дамнан байрлах бол харьяаллыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
8 дугаар зүйл.Хот, тосгоны дүрэм
8.1.Хот, тосгон нь хууль тогтоомжид нийцүүлэн баталсан өөрийн дүрэмтэй байна.
8.2.Нийслэлд харьяалагдахаас бусад хот, тосгоны дүрэмд дараах харилцааг тусгаж болно:
8.2.1.ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт;
8.2.2.цэцэрлэгт хүрээлэн /парк/-ийн ашиглалт, хамгаалалт;
8.2.3.тарьж ургуулж болох мод, бут, сөөг;
8.2.4.дуу, чимээний бохирдлын хяналт;
8.2.5.хүүхдийн тоглоомын талбай байгуулах, түүний ашиглалт, тохижилт;
8.2.6.нийтийн зориулалттай эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт;
8.2.7.хөшөө, дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулах;
8.2.8.хашаа, хайсны стандарт, түүнийг барих, ашиглах, буулгах;
8.2.9.явган хүний болон дугуйн зам, талбай төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт;
8.2.10.ашиглалтад орсон орон сууц, барилга байгууламжийн нүүр тал /фасад/-д тавих шаардлага, өнгөний шийдэл;
8.2.11.зам дагуух барилга байгууламж, үйлчилгээ эрхлэгчдийн гаднах орчны тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ;
8.2.12.барилга угсралтын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн ариутгал, цэвэрлэгээ;
8.2.13.ерөнхий боловсролын сургуулийн эргүүл;
8.2.14.хотын оршин суугчийн соёл, хөршийн холбоо;
8.2.15.сургуулийн хүүхэд тээвэрлэх автобус;
8.2.16.нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ ашиглалт;
8.2.17.гудамж, талбайд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах;
8.2.18.нийтийн тээврээр үйлчлүүлэх харилцаа;
8.2.19.зар сурталчилгаа, хаягжилт, гудамжны тоноглол;
8.2.20.нийтийн байрны ашиглалт, зохицуулалт;
8.2.21.алдагдсан эд зүйлсийн зохицуулалт;
8.2.22.нүхэн жорлонгийн шаардлага, ашиглалт.
8.3.Хотын дүрмийг Зөвлөл баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.
8.4.Тосгоны дүрмийг харьяалах сум, дүүргийн Засаг дарга, эсхүл хотын Захирагч баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.
8.5.Хот, тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд нь хот, тосгоны дүрмийг дагаж мөрдөнө.
9 дүгээр зүйл.Хот, тосгоны эдэлбэр газар
9.1.Хот, тосгон нь эдэлбэр газартай байна.
9.2.Хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, өөрчлөх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал, тосгоны эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, эсхүл хотын Зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
9.3.Хот, тосгоны эдэлбэр газар нь хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутаг дэвсгэрийг дамнан байрлаж болох бөгөөд шаардлагатай бол тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэст өөрчлөлт оруулах асуудлыг хууль тогтоомжид заасан журмаар шийдвэрлэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ХОТ, ТОСГОНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЧИГ ҮҮРЭГ
10 дугаар зүйл.Хот, тосгоны удирдлагын тогтолцоо
10.1.Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын удирдлага дараах тогтолцоотой байна:
10.1.1.хотын Зөвлөл;
10.1.2.хотын Захирагч.
10.2.Хотын Зөвлөл, Захирагч нь ажлын албатай байна.
10.3.Тосгоны удирдлагыг тосгоны Захирагч хэрэгжүүлнэ.
10.4.Энэ хуулийн 11.2, 11.3-т заасан хотын хороо нь Захирагч, ажлын албатай байна.
11 дүгээр зүйл.Хот, тосгоны зохион байгуулалт
11.1.Хотын зохион байгуулалтын нэгж нь хотын хороо байна. Хотын хороо оноосон нэртэй байна.
11.2.Улсын зэрэглэлтэй хотын хороог 10000-аас доошгүй оршин суугчтайгаар байгуулах бөгөөд эдэлбэр газрын заагийг хотын Зөвлөл тогтооно.
11.3.Орон нутгийн зэрэглэлтэй хотын хороог 8000-аас доошгүй оршин суугчтайгаар байгуулах бөгөөд эдэлбэр газрын заагийг хотын Зөвлөл тогтооно.
11.4.Тосгон нь хэсгийн зохион байгуулалттай байж болно.
12 дугаар зүйл.Хотын нийтлэг чиг үүрэг
12.1.Хот нь дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1.хууль тогтоомжид заасан хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;
12.1.2.хотын орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт болон бусад сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлан, хяналт;
12.1.3.хотын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн менежмент;
12.1.4.хот байгуулалт, барилга, стандарт, хяналт, зохицуулалт;
12.1.5.хотын аялал жуулчлалын бодлого, менежмент;
12.1.6.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, төрийн захиргааны болон төрийн бусад байгууллага, гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад үзүүлэх дэмжлэг;
12.1.7.хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний болон олон улсын хэмжээний баяр наадам, хурал, соёл, урлаг, спортын болон бусад арга хэмжээний зохион байгуулалт;
12.1.8.олон улсын зорчигч болон ачаа тээвэр, логистикийн үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт;
12.1.9.түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт;
12.1.10.олон улсын болон орон нутгийн чанартай авто зам барих, түүний арчлалт, засвар, холбогдох үйл ажиллагаа;
12.1.11.олон улс, улсын чанартай болон тусгай зориулалттайгаас бусад авто зам, зогсоолын төлөвлөлт, хяналт, байршил;
12.1.12.хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт;
12.1.13.барилга байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, үйлчилгээ, хамгаалалт;
12.1.14.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, орчны аюулгүй байдал;
12.1.15.хүнсний хангамж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөр, нийтлэг зохицуулалт;
12.1.16.хот, суурин газрын дахин төлөвлөлт;
12.1.17.хотын цахилгаан эрчим хүч, дулааны төвлөрсөн болон төвлөрсөн бус инженерийн хангамж;
12.1.18.сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны зохицуулалт, хяналт;
12.1.19.харилцаа холбоо, цахилгаан, дулаан түгээх сүлжээ, цэвэр ус, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах байгууламж, үерийн далан, суваг тэдгээрт хамааралтай барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалт, хяналт;
12.1.20.ус, дулаан, цахилгаан хангах, түгээх, дамжуулах үйл ажиллагаа;
12.1.21.гадна болон явуулын зар сурталчилгааны зохицуулалт, хяналт;
12.1.22.нийтийн тээвэр, такси үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;
12.1.23.гадаадын зээл, тусламжаар хотод хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хотын хариуцах хөрөнгө, зээлийн хүүгийн төлбөр;
12.1.24.хотын эдэлбэр газар дахь усны сан бүхий газрын хамгаалалт, тохижилт;
12.1.25.хотын эдэлбэр газар дахь дархан цаазат болон байгалийн цогцолбор, нөөц, дурсгалт газрыг иргэдийн аялах, амрах орчныг бүрдүүлэх зорилгоор тохижуулах, хамгаалах төсөл, арга хэмжээ;
12.1.26.хотын өөрийн мэдлийн орон сууцны ашиглалт, хуваарилалт;
12.1.27.хотын аж ахуйн нэгдмэл байдлыг хангаж, хотын аж ахуйн асуудал хариуцсан байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
12.1.28.хотын аж ахуйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах;
12.1.29.хотын өмч, хотод оршин суугчдын болон хуулийн этгээдийн бүртгэл;
12.1.30.эдэлбэр газрын хэмжээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл;
12.1.31.хуульд заасан бусад.
12.2.Хот нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 69.1, 69.2-т заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
12.3.Хот нь хууль, нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27.5-д заасан төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэж болно.
12.4.Энэ хуулийн 12.1-д заасан хотын нийтлэг чиг үүргээс хотын хороонд нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлж болно.
12.5.Хот нь хууль тогтоомжоор тухайлан зохицуулаагүй эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно. Тайлбар: Энэ зүйлд заасан “хот” гэдэгт улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотыг ойлгоно.
13 дугаар зүйл.Тосгоны чиг үүрэг
13.1.Тосгон нь дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:
13.1.1.хуульд заасны дагуу оршин суугчдад нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх;
13.1.2.хууль тогтоомжид заасан болон өөрийн санаачилсан асуудлаар оршин суугчдын нийтлэг санал, хүсэлтийг зохих шатны байгууллага, албан тушаалтанд уламжлах ажлыг зохион байгуулах;
13.1.3.хууль, зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд тосгоны бие даан шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудал;
13.1.4.бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлан, тариалан, бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалт, зохицуулалт;
13.1.5.байгаль орчны тэнцвэрт байдалд тавих хяналтад иргэдийн оролцоог хангах ажил.
13.1.6.тосгоны чанартай санал асуулга, хэлэлцүүлгийн зохицуулалт;
13.1.7.тосгоны удирдлагаар шийдвэрлүүлэхээр тухайн хот, нэгжийн удирдлагаас шилжүүлсэн асуудал;
13.1.8.хууль тогтоомжид заасан бусад.
13.2.Тосгоны нь эдэлбэр газрынхаа хэмжээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 69.3-т заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
13.3.Тосгон нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна хууль, гэрээний үндсэн дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27.5-д заасны дагуу төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэхээр шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ ХОТЫН ЗӨВЛӨЛ
14 дүгээр зүйл.Хотын Зөвлөл
14.1.Хотын өөрийн удирдлагын байгууллага нь хотын Зөвлөл /цаашид “Зөвлөл гэх”/ мөн.
14.2.Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
14.3.Зөвлөл нь гишүүдээс бүрдэнэ.
14.4.Улсын зэрэглэлтэй хотын Зөвлөлийн гишүүнийг оршин суугчдаас сонгох ба гишүүний тоог доор дурдсанаар тогтооно:
14.4.1.оршин суугчийн тоо нь 200 000 хүртэл бол 21;
14.4.2.оршин суугчийн тоо нь 200 001-ээс дээш бол 25.
14.5.Орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөлийн гишүүнийг оршин суугчдаас сонгох ба гишүүний тоог доор дурдсанаар тогтооно:
14.5.1.оршин суугчийн тоо нь 50 000 хүртэл бол 11;
14.5.2.оршин суугчийн тоо нь 50 001-ээс дээш бол 15.
14.6.Зөвлөлийн сонгуулийг холбогдох хуулиар зохицуулна.
15 дугаар зүйл.Зөвлөлийн бүрэн эрх
15.1.Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1.хотын чиг үүрэгт хамаарахаар энэ хуулиар тогтоосон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
15.1.2.нийслэлд харьяалагдахаас бусад орон нутгийн зэрэглэлтэй хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах;
15.1.3.хотын Захирагчийн өргөн мэдүүлснээр хотын төсвийг хэлэлцэж батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах;
15.1.4.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;
15.1.5.хотын өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх;
15.1.6.хотын өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;
15.1.7.оршин суугчдын нийтлэг ашиг сонирхол, оролцоог хангах үүднээс санал асуулга зохион байгуулах шийдвэр гаргах;
15.1.8.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үнэт цаас гаргах чиг үүргээ шилжүүлсэн тохиолдолд хотын Захирагчийн өргөн мэдүүлснээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэт цаас гаргах, зээл авах зөвшөөрөл олгох;
15.1.9.Зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;
15.1.10.Зөвлөлийн хороо, ажлын хэсэг байгуулах, хорооны дарга, бүрэлдэхүүнийг сонгох, өөрчлөх;
15.1.11.хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
15.1.12.Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж байгаа Захирагчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх;
15.1.13.энэ хуульд заасан үндэслэлээр Захирагчийг чөлөөлөх, огцруулах;
15.1.14.захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;
15.1.15.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
15.2.Энэ хуулийн 15.1.8-д заасан бүрэн эрх орон нутгийн зэрэглэлтэй хотын зөвлөлийн бүрэн эрхэд хамаарахгүй.
15.3.Хотын Зөвлөлийн бүрэн эрх дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:
15.3.1.Зөвлөлийн нийт гишүүдийн олонх нь тухайн Зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж санал оруулсныг нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргавал тухайн Зөвлөл өөрөө тарна;
15.3.2.анхдугаар хуралдааныг товлон зарласнаас хойш хотод 15 хоногийн дотор анхдугаар хуралдааныг хуралдуулж чадаагүй, эсхүл хуульд заасан хугацаанд төсвөө батлаагүй, түүнчлэн хуралдаан зарлаж товлосон хугацаанаас хойш хуралдахгүй 60 хоног өнгөрсөн бол улсын зэрэглэлтэй хотын Зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөлийг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч тараах шийдвэр гаргана.
15.4.Хотын Зөвлөлийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд ээлжит бус сонгуулийг 30 хоногийн дотор хуульд заасан журмын дагуу товлон зарлана.
16 дугаар зүйл.Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт
16.1.Зөвлөл нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Зөвлөлийн тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хороо байгуулан ажиллуулж болно.
16.2.Зөвлөлийн хороог түүний бүрэн эрхийн хугацаагаар байгуулах бөгөөд хорооны даргыг тухайн хорооны гишүүдийн дотроос сонгоно.
16.3.Зөвлөлийн хороо нь тухайн Зөвлөлд ажлаа хариуцан тайлагнана.
16.4.Зөвлөл нь тодорхой асуудлаар санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
16.5.Хороо, ажлын хэсэг байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааны чиглэл, бүрэлдэхүүн, ажиллах журмыг Зөвлөл тогтооно.
16.6.Зөвлөлийн дэргэд улс төрийн нам, эвслийн болон бусад нэгж байгуулахыг хориглоно.
17 дугаар зүйл.Зөвлөлийн хуралдаан
17.1.Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдааны дэгийг Зөвлөл тогтоолоор батална.
17.2.Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор сонгуулийн хороо хотын Зөвлөлийн анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна. Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад гишүүн даргална.
17.3.Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Зөвлөлийн дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Зөвлөлийн дарга, түүний эзгүйд Зөвлөлийн даргын санал болгосноор гишүүдийн аль нэг нь удирдана.
17.4.Зөвлөлийн хуралдаанд тухайн Зөвлөлийн нийт гишүүдийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
17.5.Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Зөвлөлийн гишүүн хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно.
17.6.Зөвлөлийн ээлжит хуралдааныг сард нэг удаа зохион байгуулна.
17.7.Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар эсхүл Зөвлөлийн дарга, хотын Захирагчийн санаачилгаар хуралдуулна.