Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 5-р сарын 06 өдөр
Ulaanbaatar city
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ /Анхдагч хуулийн төсөл/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжихэд оршино.
2 дугаар зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж
2.1. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь төрөөс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар баримтлах бодлого, зарчим, чиг үүргийг тодорхойлж, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой харилцаанд үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “гарааны компани” гэж Инновацийн тухай хуулийн 3.1.8-д заасныг;
4.1.2. “дэвшилтэт технологи” гэж шинжлэх ухааны судалгаа, мэдлэгт суурилсан мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, хөгжүүлэх технологийг;
4.1.3. “мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан тоон өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох үйл ажиллагааг;
4.1.4. “мэдээллийн технологийн үйлдвэрлэл” гэж мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгох, хөгжүүлэх, түгээх, үйлчилгээ үзүүлэхийг;
4.1.5. “мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс” гэж мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийг цахим хэлбэрээр бүртгэсний үндсэн дээр энэ хуульд заасан дэмжлэг үзүүлэх зорилготой албан ёсны хаяг, байршил бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийг;
4.1.6. “хуулийн этгээд” гэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэгдсэн хуулийн этгээдийг;
4.1.7. “сэндбокс орчин” гэж мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, хөгжүүлэх, сайжруулах, бодит орчинд турших боломж олгох зорилго бүхий орчныг;
5 дугаар зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар баримтлах зарчим
5.1. Төрөөс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар баримтлах бодлогыг тодорхойлох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэхэд дараах зарчмыг баримтлан ажиллана:
5.1.1. төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах;
5.1.2. төр мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзаж, худалдан авах ажиллагаагаар хэрэгжүүлэх;
5.1.3. мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдэд үзүүлэх дэмжлэг нь олон нийтэд ил тод, нээлттэй, шударга байх;
5.1.4. мэдээллийн технологийн үйлдвэрлэлд хүн, хуулийн этгээд тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох.
5.1.5. мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮЛЭЭХ НИЙТЛЭГ ҮҮРЭГ
6 дугаар зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар Засгийн газрын бүрэн эрх
6.1. Засгийн газар мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар дараах бүрэн эрхтэй байна:
6.1.1. энэ хуулийн 14.3.1, 14.3.2, 14.3.4, 14.3.5-д заасан мэдээллийн технологийн үйлдвэрлэлд олгох грант, урамшуулал олгох, зээлийн батлан даалт гаргахад тавигдах шаардлага, грант, урамшуулал олгох, зээлийн батлан даалт гаргах, тэдгээрийг олгох, гаргахаас татгалзах нөхцөл, журмыг тогтоох;
6.1.2. мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулах;
6.1.3. мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар шаардлагатай улсын төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг тодорхойлох;
6.1.4. энэ хуулийн 4.1.7-д заасан дэвшилтэт технологийн жагсаалтыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
6.1.5. бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээг батлах;
6.1.6. хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксыг байгуулах, түүний журмыг батлах;
6.1.7. хөгжлийн тэргүүлэх болон дэвшилтэт технологийн жагсаалтад багтсан чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөрийг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаар хийлгэх.
7 дугаар зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хүлээх үүрэг
7.1. Төрийн болон нутгийн өөрөөр удирдах байгууллага нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ:
7.1.1. мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаарх бодлого, төлөвлөгөө, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах;
7.1.2. мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар хүн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах ажиллагаагаар хэрэгжүүлэх, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх;
7.1.3. мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжихэд шаардагдах хөрөнгийг төсөвтөө багтаан шийдвэрлэх;
7.1.4. хуульд заасан бусад.
7.2. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлан таниулахад шаардагдах зардлыг төрөөс санхүүжүүлж болно.
7.3. Төрийн захиргааны төв байгууллага нь бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээнд нийцүүлэн салбарын онцлог бүхий сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсруулж, батлахад цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг авна.
7.4. Төсвийн байгууллага нь программ хангамжийг хүн, хуулийн этгээдээс худалдан авахдаа программ хангамжийн эх кодыг захиалагч, эсхүл түүний нэр заасан этгээд, эсхүл гүйцэтгэгч эзэмших нөхцөлийг тендер шалгаруулалтын баримт бичигт зааж, харилцан тохиролцоно.
7.5. Төсвийн байгууллага нь өөрийн эзэмшиж байгаа программ хангамжийн эх кодыг гадаад улсад гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.
8 дугаар зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
8.1. Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах чиг үүргийг авч хэрэгжүүлнэ:
8.1.1. мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар нийтээр дагаж мөрдөх стандарт, дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах;
8.1.2. тухайн салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, стандарт, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий зөвлөл, хороо, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн холбоог оролцуулах, хамтран ажиллах, санал, зөвлөмж, дүгнэлтийг авах;
8.1.3. мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар оролцогч талуудын түншлэл, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах;
8.1.4. бүх нийтийн цахим ур чадварын түвшинг үнэлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах;
8.1.5. мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээний судалгааг тогтмол хийх, хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
8.1.6. мэдээллийн технологийн бүтээгдэхүүний оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, бодлогын судалгаа шинжилгээ хийх, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих;
8.1.7. үндэсний мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад таниулахад дэмжлэг үзүүлэх;
8.1.8. мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах.
9 дүгээр зүйл. Мэдээлэл, технологийн үндэсний паркийн чиг үүрэг
9.1. Мэдээлэл, технологийн үндэсний парк нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1. дэвшилтэт технологийг хөгжүүлэх, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн судалгаа хийх, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;
9.1.2. гарааны компанийг бойжуулах, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, гарааны компаниудын үйл ажиллагааг уялдуулах;
9.1.3. мэдээллийн технологийн тэмцээн, уралдаан зохион байгуулах, хүний нөөц бэлтгэх чиглэлээр дотоод, гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон хувь хүн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах;
9.1.4. мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд биет болон биет бус хэлбэрээр хөрөнгө оруулалт татах;
9.1.5. үндэсний мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах, гадаад аутсорсингийн үйлчилгээг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах;
9.1.6. мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүн, хуулийн этгээдээс худалдан авахад шаардлагатай нэг цонхны бүртгэлийн системийг хариуцан ажиллуулах;
9.1.7. мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдэд зориулан инкубатор, хамтын оффис ажиллуулах, инкубаторт элсэх хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг тодорхойлох;
9.1.8. мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг гүйцэтгэх;
9.1.9. мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд хуулийн этгээдийг бүртгэх, хуульд заасан үндэслэлээр бүртгэлээс хасах;
9.1.10. мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
9.1.11. гадаад болон дотоодын зах зээлд нийлүүлэх мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ангилал, төрөл, зориулалт, зохиогчийн эрх болон бусад нэмэлт мэдээллийн хамт бүртгэх.
10 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэл
10.1. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл санаачлах, хэрэгжүүлэхтэй холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.
10.2. Төрийн байгууллага нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлтэй холбоотой дараах зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хувийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлж болно:
10.2.1. төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэхэд ашиглах дэвшилтэт технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, түүний засвар, арчлалт, үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах;
10.2.2. энэ хуулийн 8.1.5-д заасан бүх нийтийн цахим ур чадварын түвшинг үнэлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах;
10.2.3. энэ хуулийн 8.1.6-д заасан мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээний судалгааг тогтмол хийх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ВИРТУАЛ БҮС
11 дүгээр зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс
11.1. Монгол Улс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс (цаашид “виртуал бүс” гэх)-тэй байна.
11.2. Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх, виртуал бүсийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) ажиллана.
11.3. Зөвлөлийн дарга нь цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. Зөвлөлийн бүрэлдэхүүн нь эдийн засаг, санхүү, төсвийн болон мэдээллийн технологиийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.
11.4. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд Зөвлөлийн шийдвэр нь тогтоол, зөвлөмж, мэдэгдэл хэлбэртэй байна.
11.5. Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.5.1. мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэн батлах;
11.5.2. виртуал бүсийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, зөвлөмж гаргах;
11.5.3. Ажлын албаны үйл ажиллагаанд хяналт тавих, чиглэл өгөх.
11.6. Зөвлөлийн бүрэлдэхүүн, Зөвлөлийн болон виртуал бүсийн ажиллах журмыг Засгийн газар тогтооно.
11.7. Зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байна.
12 дугаар зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийг виртуал бүсэд бүртгэх, бүртгэлээс хасах
12.1. Ажлын алба нь мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээд (цаашид “хуулийн этгээд” гэх)-ээс цахим хэлбэрээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 3 өдрийн дотор хянаж, дараах шаардлагыг хангасан тохиолдолд виртуал бүсэд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.5.6-д заасан Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр бүртгэж, хариу мэдэгдэнэ:
12.1.1. хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл;
12.1.2. Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн ажилтныг нийгмийн даатгалд хамруулсан эсэх тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
12.1.3. эхлэлтийн баланс, эсхүл өмнөх жилийн санхүүгийн тайлан.
12.2. Ажлын алба нь виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдтэй цахим хэлбэрээр гэрээ байгуулна. Гэрээний загварыг Зөвлөл батална.
12.3. Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн нэр, эцсийн өмчлөгчийн мэдээллийг нээлттэй, ил тод байршуулна.
12.4. .Ажлын алба нь бүртгэлтэй хуулийн этгээдийг дараах үндэслэлээр бүртгэлээс хасна:
12.4.1. виртуал бүсэд бүртгүүлсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлээгүй;
12.4.2. мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс бусад төрлийн үйл ажиллагааг виртуал бүсээр дамжуулан эрхэлсэн;
12.4.3. гэрээ, дүрэмд заасан мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд үйл ажиллагаа нь өөрөөс хамаарах шалтгаанаар тасалдсан, зогссон;
12.4.4. Иргэний хуулийн 32.1-д заасны дагуу татан буулгасан.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ВИРТУАЛ БҮСЭД БҮРТГҮҮЛСЭН ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ
13 дугаар зүйл. Татварын болон татварын бус дэмжлэг
13.1. Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээд нь санхүүгийн болон татварын тайланг холбогдох журмын дагуу гаргаж, Ажлын албанд жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан хүргүүлнэ.
13.2. Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд үзүүлэх татварын дэмжлэгийг холбогдох хуульд заасны дагуу үзүүлнэ.
13.3. Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд улсын төсвөөс санхүүжүүлэх дараах татварын бус дэмжлэг үзүүлнэ:
13.3.1. мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын холбогдох байгууллагуудад патентжуулах зардлыг санхүүжүүлэхэд грант олгох;
13.3.2. экспортод чиглэсэн мэдээллийн технологийн бүтээгдэхүүний олон улсын чанар стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн грант олгох;
13.3.3. виртуал бүсэд бүртгэгдсэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгох;
13.3.4. хиймэл оюун ухаанд суурилсан төсөл, арга хэмжээний нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсэгт грант олгох;
13.3.5. дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох;
13.3.6. Батлан даалтын сангийн тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу зээлийн батлан даалт гаргах;
13.3.8. экспортонд гаргасан болон оюуны өмчид бүртгүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрт судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьтай тэнцэх 1 удаагийн дэмжлэгийг дотоодын мэдээлэл технологийн гарааны бизнест олгох;
13.3.9. мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүний тодорхой хувийг санхүүжүүлэх;
13.3.10. мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж гарааны компанид эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох;
13.3.11. мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэгдсэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаа явуулах байрны түрээсийн зардлын 50 хүртэлх хувийг санхүүжүүлэх.
13.4. Энэ хуулийн 13.3-т заасан улсын төсвөөс санхүүжүүлэх татварын бус дэмжлэгийн хувь, хэмжээг цахим хөгжил, харилцаа холбооны болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
14 дүгээр зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих дэмжлэгийн эх үүсвэр
14.1. Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд үзүүлэх дэмжлэг нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
14.1.1. мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс төсөвт төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн 40 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө;
14.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж;
14.1.3. энэ хуулийн 7.4-т заасны дагуу төсвийн байгууллагын өөрийн эзэмшиж байгаа программ хангамжийн эх кодыг гадаад улсад ашиглуулснаас олсон орлого;
14.1.4. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.5, 5.3.10, 5.3.20-д заасан Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн 5-аас доошгүй хувь.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
15 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
15 .1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
15 .2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Төслийн файлууд

4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
9. Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
10. Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны зарчмын зөрүүтэй саналын томьёолол
11. Эцсийн хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооноос бэлтгэсэн талаарх танилцуулга
12. Эцсийн хэлэлцүүлэг -Төслийн эцсийн хувилбар

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх