Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 5-р сарын 23 өдөр
Ulaanbaatar city
НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежменттэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль тогтоомж
2.1. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль , Барилгын тухай хууль , Орон сууцны тухай хууль , энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежмент болон Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой харилцаанд үйлчилнэ.
3.2. Түрээслээд өмчлүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд баригдсан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежмент болон Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.3. Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:
3.3.1. нийтийн зориулалттай орон сууцны байшинг ашиглалтад оруулахаас өмнө үүссэн;
3.3.2. барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд барилгын захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээдийн тухайн барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хангахтай холбогдон үүссэн;
3.3.3. орон сууцны байшинг дангаар өмчлөх.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "нийтийн зориулалттай орон сууцны байшин" гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг;
4.1.2. "сууц” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах, аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөөг;
4.1.3. "сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх бүхий хүн, хуулийн этгээдийг;
4.1.4. "түрээслээд өмчлөх эрхтэй сууц эзэмшигч" гэж түрээсийн төлбөрийг тодорхой хугацаанд төлж, өмчлөлдөө шилжүүлэн авах нөхцөлтэй гэрээгээр сууц эзэмшиж байгаа хүнийг;
4.1.5. "орон сууцны байшингийн үйлчилгээний талбайн өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлчилгээний зориулалттай талбайг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх бүхий хүн, хуулийн этгээдийг;
4.1.6. "сууц өмчлөгчид ногдох хэсэг" гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчийн оролцох хувь, хэмжээг;
4.1.7. "сууцны бус зориулалттай хэсэг" гэж тухайн дангаар өмчлөх сууцны гал зуух, ариун цэврийн болон угаалгын өрөө, тагт, өрөө хоорондын хонгил, агуулахыг;
4.1.8. "сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцах, заавал гишүүнчлэлтэй хуулийн этгээдийг;
4.1.9. ”мэргэжлийн байгууллага” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, засвар, арчлалт, хамгаалалт, үйлчилгээг сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээний үндсэн дээр хуулийн дагуу эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийг.
5 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, өмчлөл, эзэмшил, ашиглалтад баримтлах зарчим
5.1. Нийтийн зориулалттай орон сууцны байшин (цаашид “орон сууцны байшин” гэх)-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежментэд дараах зарчмыг баримтална:
5.1.1. сууц өмчлөгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах;
5.1.2. сууц өмчлөгчдийн холбооны гишүүдийн тэгш оролцоог хангаж, ардчилсан удирдлага, хамтын хяналттай байх;
5.1.3. үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байх;
5.1.4. сууц өмчлөгчдийн холбоо шилэн данстай байх;
5.1.5. орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнэ цэнийг алдагдуулахгүй, эдийн засгийн үр өгөөжийг урт хугацаанд хадгалах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГӨ
6 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө
6.1. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна:
6.1.1. орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана;
6.1.2. доод хонгил, дээвэр, дээврийн хонгил;
6.1.3. цахилгаан болон явган шат, шатны хонгил;
6.1.4. сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө;
6.1.5. сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж;
6.1.6. орцны цонх, хаалга, довжоо, саравч, салхижуулалтын болон хог зайлуулах хоолой;
6.1.7. орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээ, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны магистрал болон салбар шугам, цахилгааны ерөнхий шит, давхрын хуваарилах самбар, зангилаа шугам, газардуулгын байгууламж;
6.1.8. тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө;
6.1.9. тухайн орон сууцны байшингийн оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж;
6.1.10. сууц өмчлөгчдийн холбоо байрлаж үйл ажиллагаа явуулах өрөө;
6.1.11. холбооны бусад хөрөнгө.
7 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх
7.1. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг тухайн орон сууцны байшин дахь сууцнаас тусад нь бүртгэнэ.
7.2. Сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ
8 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөх
8.1. Сууц өмчлөгчид орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө.
8.2. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг энэ хуулийн 8.1-д заасныг зөрчиж нэг сууц өмчлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлэхийг хориглоно.
8.3. Сууц өмчлөгчид нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөхдөө инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ эрхэлж буй мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.
9 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах
9.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг зөвхөн сууц өмчлөгчид хамтран эзэмшиж, ашиглана.
9.2. Сууц өмчлөгчид нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхдээ инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ эрхэлж буй мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.
10 дугаар зүйл. Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бий болсон эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт
10.1. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн зориулалттай орон сууцны байшин, орчны газарт бий болсон эд хөрөнгийг тухайн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд бүртгэнэ.
10.2. Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийтийн зориулалттай орон сууцны байшин, орчны газарт бий болсон эд хөрөнгийг тухайн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд бүртгэнэ.
10.3. Төрийн болон аймаг, нийслэлийн өмчийн харилцааны асуудал эрхэлсэн байгууллага энэ хуулийн 10.1, 10.2-т заасан эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах гэрээг холбогдох сууц өмчлөгчдийн холбоотой байгуулна.
10.4. Энэ хуулийн 10.3-т заасан гэрээний үлгэрчилсэн загварыг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
10.5. Энэ хуулийн 10.1, 10.2-т заасан эд хөрөнгийг ашиглалтад оруулахад гүйцэтгэгч, захиалагч, сууц өмчлөгчдийн холбоо хамтарсан үзлэг хийж, илэрсэн зөрчлийг гүйцэтгэгч этгээдээр арилгуулах бөгөөд зөрчлийг арилгаагүй тохиолдолд тухайн эд хөрөнгийг ашиглалтад оруулахыг хориглоно.
11 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах
11.1. Сууц өмчлөгчдийн холбоо дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, ашиг олох зорилгоор тухайн эд хөрөнгийг хүн, хуулийн этгээдэд гэрээгээр эзэмшүүлж, ашиглуулж болно.
11.2. Энэ хуулийн 11.1-д заасан тохиолдолд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг хуваарилах, төлөхтэй холбоотой асуудлыг гэрээгээр зохицуулна.
11.3. Энэ хуулийн 11.2-т заасан гэрээний үлгэрчилсэн загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
11.4. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслэгч, эзэмшигч, ашиглагч оршин суугч, иргэдийн тав тухыг алдагдуулах, хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандарт зөрчихийг хориглоно.
12 дугаар зүйл. Орон сууцны байшингийн хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө
12.1. Орон сууцны байшингийн хонгил, нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөөг энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу хүн, хуулийн этгээдэд гэрээгээр эзэмшүүлж, ашиглуулж болно.
12.2. Энэ хуулийн 12.1-д заасан тохиолдолд мөн хуулийн 11.2-т заасны дагуу холбогдох сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулна.
12.3. Орон сууцны байшингийн сууцны бус зориулалттай техникийн өрөөг хүн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулахыг хориглоно.
12.4. Орон сууцны байшингийн сууцны бус зориулалттай техникийн өрөөг мэргэжлийн байгууллагад үнэ төлбөргүй ашиглуулна.
12.5. Энэ хуулийн 12.4-т заасан тохиолдолд ил тод, нээлттэй, үл ялгаварлах зарчмыг баримталж, аливаа нэг этгээдэд давуу эрх олгохгүй.
13 дугаар зүйл. Орон сууцны байшин дахь сууц өмчлөгчдийн холбооны өрөө
13.1. Орон сууцны байшин сууц өмчлөгчдийн холбоо байрлаж, үйл ажиллагаа явуулахад зориулсан өрөөтэй байна.
13.2. Энэ хуулийн 13.1-д заасан өрөө 40 хавтгай дөрвөлжин метрээс багагүй ашигтай талбайтай байна.
13.3. Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл өөрөөр шийдвэрлээгүй бол энэ хуулийн 13.1-д заасан өрөөнд сууц өмчлөгчдийн холбооноос өөр хүн, хуулийн этгээд байрлаж, үйл ажиллагаа явуулахгүй.
13.4. Барилгын ажлын захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч энэ хуулийн 13.1-д заасан өрөөг орон сууцны байшингийн доод болон дээврийн хонгилд төлөвлөх, байгуулахыг хориглоно.
14 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээ
14.1. Сууц өмчлөгчдийн холбоо орон сууцны байшингийн цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээний талаар дараах шаардлагыг хангана:
14.1.1. цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээнд эрх бүхий байгууллагаас баталсан норм, дүрэм, үндэсний болон хотын стандартыг дагаж мөрдөх;
14.1.2. цахилгаан шатны аюулгүй, найдвартай ажиллагаа, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах;
14.1.3. цахилгаан шатны засвар, үйлчилгээг гэрээний дагуу мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
14.1.4. ашиглалтын хугацаа дууссан, ашиглах боломжгүй цахилгаан шатыг ашиглахгүй байх, аюул, ослоос сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
14.1.5. хууль тогтоомж, стандарт шаардлагад заасан бусад.
15 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн галын аюулгүй байдлыг хангах
15.1. Сууц өмчлөгчдийн холбоо орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн галын аюулгүй байдлын талаар дараах шаардлагыг хангана:
15.1.1. хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэх;
15.1.2. орон сууцны байшинд гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, бодис, материал суурилуулж, цаг тухайд нь техникийн үйлчилгээ хийн, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах;
15.1.3. орц бүрийг гал түймэр унтраах анхан шатны багаж, хэрэгслээр хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан байх;
15.1.4. орон сууцны байшинд гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлах;
15.1.5. ажилчдыг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
15.1.6. галын аюулгүй байдлын дүрэм, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг зохион байгуулах;
15.1.7. барилга байгууламж бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байх;
15.1.8. гал түймэр гарсан тохиолдолд оршин суугчдын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бэлтгэл ажлыг зохион байгуулах;
15.1.9. хууль тогтоомж, стандарт шаардлагад заасан бусад.
16 дугаар зүйл. Орон сууцны байшинд гэрийн тэжээвэр амьтан тэжээх
16.1. Сууц өмчлөгч орон сууцны байшин, сууцанд гэрийн тэжээвэр амьтнаас өөр төрлийн амьтан тэжээхийг хориглоно.
16.2. Сууц өмчлөгч орон сууцны байшин, сууцанд гэрийн тэжээвэр амьтан тэжээх, асран хамгаалах бол цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбогдсон нэмэлт төлбөр төлнө.
16.3. Энэ хуулийн 16.2-т заасан төлбөрийн хэмжээг сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл тогтооно.
16.4. Нийтийн зориулалттай орон сууцны байшин, сууцанд гэрийн тэжээвэр амьтан тэжээх, асран хамгаалахтай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулиар нарийвчлан зохицуулна.
17 дугаар зүйл. Ногоон байгууламж
17.1. Сууц өмчлөгчдийн холбоо орон сууцны байшингийн ногоон байгууламжийн талаар дараах шаардлагыг хангана:
17.1.1. орон сууцны байшингийн орчны газрын өнгө үзэмжийг сайжруулах, дуу чимээ болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тухайн газрын 40-өөс доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгах;
17.1.2. орон сууцны байшингийн ахуйн хог хаягдлын цэг тухайн орон сууцны байшингийн гадна талд байрладаг бол тойруулан хамгаалалтын ногоон байгууламж байгуулах;
17.1.3. барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг төлөвлөхөд ногоон байгууламжийн ойртох зайн стандартыг дагаж мөрдөх;
17.1.4. хууль тогтоомж, стандарт шаардлагад заасан бусад.
17.2. Орон сууцны байшингийн орчны газрын ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтыг сууц өмчлөгчдийн холбоо хариуцна.
18 дугаар зүйл. Тоглоомын талбай
18.1. Сууц өмчлөгчдийн холбоо орон сууцны байшингийн орчны газрын тоглоомын талбайн талаар дараах шаардлагыг хангана:
18.1.1. тоглоомын талбайг тэгш хэмтэй газарт байгуулах;
18.1.2. 06 сараас 23 сартай хүүхдэд зориулсан тоглоомын талбай 50 хавтгай дөрвөлжин метрээс, 2-5 настай хүүхдэд зориулсан тоглоомын талбай 100 хавтгай дөрвөлжин метрээс тус тус багагүй байх;
18.1.3. тоглоомын талбай нь тухайн орон сууцны ахуйн хог хаягдлын цэгээс 100 метрээс багагүй зайд байрших;
18.1.4. тоглоомын талбайн хязгаарлах бүс авто замаас 6 метрээс ихгүй зайд байгаа тохиолдолд авто зам дээр хурд сааруулагч суурилуулж, “хүүхэд” тэмдэглэгээ бүхий анхааруулах тэмдгийг жолоочид харагдах газар байрлуулсан байх; Тайлбар: “Хязгаарлалтын бүс” гэдэгт хүний аюулгүй байдлыг хангах, тоглоомын талбайг зориулалтын бусаар ашиглахаас сэргийлэх зорилгоор явган хүний зам, зорчих цэгээс тусгаарласан бүсийг ойлгоно.
18.1.5. тоглоомын талбайг цахилгаан дамжуулах агаарын шугамын доор, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан шугам сүлжээний хамгаалалтын зурваст байгуулахгүй байх;
18.1.6. тоглоомын талбай энэ хуулийн 18.1.5-д заасан обьектоос 5 метрээс, цахилгааны дэд станцаас 10 метрээс багагүй зайд байрлах;
18.1.7. тоглоомын талбай инженерийн хангамжийн үзлэгийн болон хяналт, тохируулгын худгаас 5 метрээс багагүй зайд байрлах;
18.1.8. хөгжлийн бэрхшээлтэй хүн очих, тоглох нөхцөлийг бүрдүүлсэн байх;
18.1.9. хүний хөдөлгөөний урсгалыг зохицуулж, өөр хоорондоо мөргөлдөхөөс сэргийлсэн байх;
18.1.10. тоглоомын загвар болон хамрах нас, хүрээ, тоглох зааврын талаарх мэдээллийг тоглоомын талбайн орчинд, эсхүл тухайн тоглоом дээр монгол хэлээр байршуулсан байх.
18.2. Сууц өмчлөгчдийн холбоо орон сууцны байшингийн орчны газрын тоглоомын талбайн материал дараах шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавьж ажиллана:
18.2.1. тоглоомын талбайн гадаргуу хүн тээгэлдэх, бүдрэхээргүй тэгш, хур тунадас тогтохгүй, хурц ирмэггүй, гогцоогүй байх;
18.2.2. тоглоомын талбайн гадаргууг элс, голын хайрга, дахин боловсруулсан резин, резин хавтанцар, зүлгийн аль тохирохоор хийсэн байх;
18.2.3. тоглоомын талбайн гадаргууг бетон, асфальт зэрэг хатуу, ирмэгтэй, арзгар материалаар хийгээгүй байх.
18.3. Сууц өмчлөгчдийн холбоо орон сууцны байшингийн орчны газрын тоглоомын талбайн хийц дараах шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавьж ажиллана:
18.3.1. тоглоомыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу угсарсан байх;
18.3.2. тоглоомын түгжээ, холбогч, хамгаалалтын бүрээс зэрэг нь бүрэн бүтэн, тусгай багаж хэрэглэхгүйгээр тайлж авах боломжгүй байх;
18.3.3. тоглоомын түгжээ, холбогч, хамгаалалтын бүрээс нь урах, хатгах, хувцас тээглэх эрсдэл учруулахааргүй байх;
18.3.4. тоглоомын эрэг, боолт, бусад түгжих, бэхлэх зүйлс нь сулрах, мултрахаас хамгаалагдсан, ил харагдах хэсэг нь далдлагдсан, эсхүл хамгаалагдсан байх;
18.3.5. тоглоомын дэгээнүүд битүүлэгдсэн байх;
18.3.6. тоглоомын будаг эрүүл ахуйн стандарт шаардлагыг бүрэн хангасан байх;
18.3.7. тоглоомын аль ч хэсэг хурц үзүүргүй, тоглоомын булан, зах ирмэг нь дугуй байх;
18.3.8. энгийн хэрэглээний үед болон санаандгүй тохиолдлоор буруу хэрэглэх явцад тулгуурын бусад элемент өргөгдөх, бэхэлгээний хэрэгсэл мултарч, хөмрөхөөс сэргийлэхийн тулд зангуу, гадас зэрэг бэхэлгээг суурилуулсан байх.
18.4. Орон сууцны байшингийн орчны газрын тоглоомын талбайн тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ, хамгаалалтыг сууц өмчлөгчдийн холбоо хариуцна.
18.5. Сууц өмчлөгчдийн холбоо осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тоглоомын талбайд 14 хоног тутам үзлэг, шалгалт хийнэ.
18.6. Тоглоомын талбайг төлөвлөх, байгуулах, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан гүйцэтгэхдээ хууль тогтоомж, стандарт шаардлагыг дагаж мөрдөнө.
19 дүгээр зүйл. Гэрэлтүүлэг
19.1. Орон сууцны байшингийн орц, доод хонгил, орчны газар, авто зам болон явган хүний зам, нийтийн эдэлбэр газар нь харанхуй үед аюулгүй зорчих нөхцөлийг хангасан гэрэлтүүлэгтэй байна.
19.2. Гэрэлтүүлэг нь эрчим хүчний хэмнэлттэй, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байна.
19.3. Гэрэлтүүлгээс давхар цахилгаан тэжээл салаалж ашиглахыг хориглоно.
19.4. Сууц өмчлөгчдийн холбоо гэрэлтүүлгээс ил гарсан цахилгааны утас, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийн эвдрэлээс шалтгаалан хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, засвар, үйлчилгээг хариуцна.
19.5. Гэрэлтүүлгийг төлөвлөх, суурилуулах, цэвэрлэгээ, үйлчилгээ, хамгаалалтыг хариуцан гүйцэтгэхдээ хууль тогтоомж, стандарт шаардлагыг дагаж мөрдөнө.
20 дугаар зүйл. Авто зогсоол
20.1. Орон сууцны байшингийн авто зогсоолыг төлөвлөх, байгуулахад дараах шаардлагыг хангана:
20.1.1. хоёр сууцын дунд нэгээс доошгүй дулаан авто зогсоолтой байх;
20.1.2. сууц бүрд нэгээс доошгүй ил авто зогсоолтой байх;
20.1.3. үндэсний болон хотын стандартад нийцсэн тэмдэг, тэмдэглэгээтэй байх;
20.1.4. борооны ус зайлуулах байгууламжтай байх;
20.1.5. хууль тогтоомж, үндэсний болон хотын стандарт шаардлагад заасан бусад.
20.2. Сууц өмчлөгчдийн холбоо авто зогсоолын тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцна.
20.3. Авто зогсоолын анхны төлөвлөлтийг өөрчлөхийг хориглоно.
20.4. Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд өөрөөр заагагүй бол сууц өмчлөгчөөс бусад этгээд орон сууцны байшингийн ил авто зогсоолд тээврийн хэрэгслээ 3 болон түүнээс дээш хоног зөвшөөрөлгүй байрлуулахыг хориглоно.
20.5. Энэ хуулийн 20.4-т заасан тохиолдолд сууц өмчлөгчдийн холбоо тухайн тээврийн хэрэгслийг зориулалтын техник, тоног төхөөрөмж ашиглан зохих журмын дагуу зөөж, шилжүүлнэ.
20.6. Энэ хуулийн 20.5-д заасан тохиолдолд хөндлөнгийн гэрч оршин суугчдын төлөөлөл болон цагдаагийн алба хаагчийг байлцуулан, дуу-дүрсний бичлэгээр баримтжуулна.
21 дүгээр зүйл. Явган хүний зам
21.1. Орон сууцны байшингийн орчны газарт явган хүний зам төлөвлөх, байгуулахад дараах шаардлагыг хангана:
21.1.1. явган хүний зорчих өргөнийг барилга байгууламжийн гадна хэсэг, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг харгалзан иж бүрэн төлөвлөх;
21.1.2. явган хүний замын сүлжээ буюу явган хүний зам нь тасралтгүй үргэлжилсэн байх;
21.1.3. бие даан хөдөлгөөнд оролцох чадвартай явган зорчигчоос гадна бусдын тусламж, хараа хяналтад байдаг хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх;
21.1.4. дулааны шугам байрлаж байгаа хэсэгт төлөвлөхгүй байх.
21.2. Явган хүний зам дараах шаардлагыг хангасан байна:
21.2.1. явган хүний зорчих хэсэг саадгүй байх;
21.2.2. явган хүний замын өргөн нь 3 метрээс багагүй байх;
21.2.3. явган хүний зам дээгүүр байрлах зүйлс 2100 мм-ээс дээш байх;
21.2.4. явган хүний замын хажууд байрлах зүйлс 100 мм-ээс бага байх;
21.2.5. жигд, тогтвортой, ус тогтохгүй, халтиргаанаас сэргийлсэн гадаргуутай байх;
21.2.6. гэрэлтүүлэгтэй байх;
21.2.7. дагуу налуу нь 8%-иас бага байх;
21.2.8. хөндлөн хэвгий нь 2%-иас бага байх;
21.2.9. хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүн зорчих боломжийг хангасан байх;
21.2.10. стандарт шаардлагад нийцсэн тэмдэг, тэмдэглэгээтэй байх;
21.2.11. явган хүний замын гадаргуу дээр байрлах ус зайлуулах сараалжтай таг, шүүрт худгийн нүхний өргөн 13 мм-ээс ихгүй байх;
21.2.12. явган зорчигчийн тав тухыг хангах, дуу чимээ болон агаарын бохирдлыг бууруулах, авто замыг тусгаарлах ногоон байгууламжтай байх.
21.3. Сууц өмчлөгчдийн холбоо явган хүний замын тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцна.
21.4. Явган хүний замыг төлөвлөх, байгуулах, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан гүйцэтгэхдээ хууль тогтоомж, стандарт шаардлагыг дагаж мөрдөнө.
22 дугаар зүйл. Хогийн цэг
22.1. Орон сууцны байшин ахуйн хог хаягдлыг хадгалах, тээвэрлэх хогийн цэгтэй байна.
22.2. Хогийн цэг хог тээвэрлэх орц, гарцтай байх бөгөөд хог тээвэрлэх тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байна.
22.3. Хогийн цэг төлөвлөх, байгуулах, цэвэрлэгээ, үйлчилгээ, хамгаалалтыг хариуцан гүйцэтгэхдээ хууль тогтоомж, стандарт шаардлагыг дагаж мөрдөнө.
22.4. Хогийн сав дараах шаардлагыг хангасан байна:
22.4.1. галд тэсвэртэй, бат бөх материалаар хийгдсэн байх;
22.4.2. хурц ирмэг, өнцөггүй байх;
22.4.3. цаасан, дахивар болон бусад хог хаях зориулалтыг заасан стандарт мэдээлэх тэмдэгтэй байх;
22.4.4. хог хаягдлыг ангилах, цуглуулах, ачих технологид нийцсэн байх.
22.4.5. хууль тогтоомж, үндэсний болон хотын стандарт шаардлагад нийцсэн байх.
22.5. Орон сууцны байшин, орчны газрын хог хаягдал, цас, мөсний цэвэрлэгээг сууц өмчлөгчдийн холбоо хариуцна.
23 дугаар зүйл. Орон сууцны байшингийн гадна тал /фасад/-ын хийц, бүтээц, өнгийг өөрчлөх
23.1. Орон сууцны байшингийн гадна тал /фасад/-ын үндсэн хийц, бүтээц, өнгийг өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор шийдвэрлэнэ.
23.2. Сууц өмчлөгчдийн холбоо орон сууцны байшингийн гадна тал /фасад/-ын үндсэн хийц, бүтээц, өнгийг өөрчлөх саналаа уг байшин байршиж байгаа аймаг, нийслэлийн ерөнхий архитекторт хүргүүлж болно.
23.3. Аймаг, нийслэлийн ерөнхий архитектор энэ хуулийн 23.2-т заасан саналыг хүлээн аваад үндэсний уран барилгын өв уламжлал орчин үеийн хотын хөгжлийн нийтлэг жишгийг харгалзан 30 хоногийн дотор хариу өгнө.
24 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн үндсэн бүтээц, хийцийг өөрчлөх
24.1. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн дараах эд хөрөнгийн үндсэн бүтээц, хийцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөхийг хориглоно:
24.1.1. гадна хана, даацын хана, багана;
24.1.2. доод хонгил, дээвэр, дээврийн хонгил;
24.1.3. орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой.
24.2. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн дараах үндсэн бүтээц, хийцийг анхны зураг төслөөс өөрчлөх, зориулалтыг өөрчлөхийг хориглоно:
24.2.1. цахилгаан болон явган хүний шат, шатны хонгил;
24.2.2. орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээ, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны магистрал болон салбар шугам, цахилгааны ерөнхий шит, давхрын хуваарилах самбар, зангилаа шугам, газардуулгын байгууламж;
24.2.3. орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, сууц хоорондын талбай, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө.
24.3. Дараах орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн зориулалтыг өөрчлөхийг хориглоно:
24.3.1. сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө;
24.3.2. сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж;
24.3.3. ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ОРЧНЫ ГАЗАР
25 дугаар зүйл. Орон сууцны байшингийн орчны газар
25.1. Орон сууцны байшингийн орчны газар (цаашид “орчны газар” гэх) нь ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэр газар байна.
25.2. Орчны газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу төрийн нийтийн өмч мөн.
25.3. Оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орчны газарт хяналтын камер суурилуулна.
25.4. Энэ хуулийн 25.3-т заасны дагуу хяналтын камер суурилуулах, ашиглахад нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.
25.5. Орчны газарт суурилуулах хяналтын камерын дуу, дүрсний мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах боломжтой дүрс бичлэгийн техник, хэрэгсэл нь Монгол Улсын стандарт MNS6423:2019 "Телехяналтын системийн техникийн ерөнхий шаардлага"-ыг хангасан байна.
25.6. Сууц өмчлөгч гадаадын иргэн, харьяалалгүй хүн сууц өмчлөгчдийн холбооны ашиглаж байгаа газрын харилцаанд эрх эдэлж, шийдвэр гаргахыг хориглоно.
26 дугаар зүйл. Орчны газрыг ашиглах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх
26.1. Орон сууцны байшингийн захиалагч буюу орчны газрын эзэмшигч нь тухайн барилга ашиглалтад орсноос хойш 3 сарын дотор газар эзэмших гэрээг цуцлах, газар ашиглах эрхийг холбогдох сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх хүсэлтээ аймаг, сум, нийслэлийн Засаг даргад гаргана.
26.2. Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 26.1-д заасан хүсэлтийг хүлээн аваад 30 хоногийн дотор орчны газрыг ашиглах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгоно.
26.3. Орчны газрыг ашиглах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгохтой холбогдсон харилцааг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулна.
27 дугаар зүйл. Орчны газрын төлөвлөлт
27.1. Орон сууцны байшингийн орчны газрын зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, орц, гарц, машины зогсоол тэдгээртэй адилтгах байгууламжийн төлөвлөлт, барилгажилтын норм, дүрмийг барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
28 дугаар зүйл. Орчны газрыг ашиглах гэрээ
28.1. Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга орон сууцны байшингийн орчны газрыг ашиглуулах гэрээг Газрын тухай хуульд заасны дагуу сууц өмчлөгчдийг төлөөлүүлж зөвхөн сууц өмчлөгчдийн холбоотой байгуулна.
28.2. Газар ухах, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, зогсоолыг буулгах зэргээр тухайн орчны газрын төлөвлөлтөд өөрчлөлт оруулах бол нийт сууц өмчлөгчдөд мэдэгдсэний үндсэн дээр сууц өмчлөгчдийн холбоотой урьдчилан тохиролцож, гэрээ байгуулна.
29 дүгээр зүйл. Орчны газрын тохижилт, арчилгаа, хамгаалалт, цэвэрлэгээ, үйлчилгээ
29.1. Орон сууцны байшингийн орчны газрыг тохижуулах, арчлах, цэвэрлэх, хамгаалах үүргийг сууц өмчлөгчдийн холбоо хариуцна.
30 дугаар зүйл. Орчны газрын хашаа, хайс, хашлаганд тавих шаардлага
30.1. Орон сууцны байшингийн орчны газарт энэ хуулийн 30.2-т зааснаас бусад тохиолдолд хашаа, хайс барихыг хориглоно.
30.2. Орчны газарт дараах тохиолдолд хашаа, хайс барьж болно:
30.2.1. мод, бутаар барих;
30.2.2. биеийн тамир, спортын болон хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах.
30.3. Орчны газрын авто замын хашлага дараах шаардлагыг хангасан байна:
30.3.1. хүн болон авто замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх;
30.3.2. авто замын үзэгдэх орчныг хязгаарлахгүй байх;
30.3.3. гал түймэр унтраах, цагдаа, эмнэлэг болон бусад тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх боломжтой байх;
30.3.4. хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих зам, хөдөлгөөний харагдах орчныг хязгаарлахгүй байх;
30.3.5. хүний биед гэмтэл, бэртэл учруулахгүй хийцтэй байх;
30.3.6. хүний эрүүл мэндэд аюул учруулахуйц материалаар хийгдээгүй байх;
30.3.7. хурц ирмэг, өнцөггүй байх.
30.4. Энэ хуулийн 30.2, 30.3-т заасны дагуу хашаа, хайс, хашлага барих, байрлуулахад хууль тогтоомж, стандарт шаардлагыг дагаж мөрдөнө.
31 дүгээр зүйл. Хориглох зүйл
31.1. Орчны газраар дайран өнгөрсөн цахилгаан, дулаан дамжуулах, түгээх шугам сүлжээ, дэд станцын засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэгч мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.
31.2. Орчны газрыг энэ хуульд заасныг зөрчиж, хүн, хуулийн этгээдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.
31.3. Орчны газарт барилга байгууламж барихыг хориглоно.
32 дугаар зүйл. Орчны газрыг хууль бус барилга байгууламжаас чөлөөлөх
32.1. Орчны газарт хууль зөрчиж барилга байгууламж барьсан бол Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу уг газрыг албадан чөлөөлж, зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.

ТАВДУГААР БҮЛЭГ
ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭ, ТЭДГЭЭРИЙН ЗАРДЛЫГ ХУВААРИЛАХ
33 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн засвар, үйлчилгээ
33.1. Сууц өмчлөгчдийн холбоо дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, орчны газар, зам, талбайн тохижилтын ажлыг тогтмол хийж, холбогдох зардлыг хариуцна.
33.2. Энэ хуулийн 33.1-д заасан засвар, үйлчилгээ, тохижилтын ажлыг сууц өмчлөгчдийн холбоо өөрөө, эсхүл эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
33.3. Орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэн, засвар, үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, түүнд шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
33.4. Оршин суугч эзгүй үед ус алдах, гал гарах зэргээр бусад оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгөд хохирол учруулахуйц эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд тухайн сууц, автомашинд нэвтрэн орж эвдрэл, гэмтлийг арилгаж, эзгүй байсан оршин суугчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч болно. Энэ тохиолдолд хөндлөнгийн гэрч оршин суугчдын төлөөлөл болон боломжтой бол цагдаагийн алба хаагчийг байлцуулан, дуу-дүрсний бичлэгээр баримтжуулна.
33.5. Орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж, бусдад саад учруулахыг хориглоно.
33.6. Засвар, үйлчилгээ хийх үед орон сууцны байшин, сууцны ус, дулаан, цахилгаан хангамжийг таслах шаардлага гарсан тохиолдолд сууц өмчлөгчдийн холбоо буюу сууц өмчлөгчийн захиалга, хүсэлтийг үндэслэн эрх бүхий мэргэжлийн байгууллага таслалт, холболтыг даруй хийж, гүйцэтгэлд нь хяналт тавих бөгөөд энэ тухай оршин суугчдад урьдчилан мэдэгдэнэ.
33.7. Орон сууц болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан хохирол, гэмтэл /цэвэр, бохир ус, халаалт, хэрэглээний халуун усны шугам, тоног төхөөрөмж хагарч, гэмтэх зэрэг/-ийг арилгах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг тухайн гэрээт мэргэжлийн байгууллага хариуцна.
34 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалт, үйлчилгээний зардлын хэмжээ
34.1. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд шаардлагатай, нэг гишүүний сар бүр төлөх төлбөрийн хэмжээг энэ хуулийн 34.2-т заасан аргачлалыг харгалзан сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар тогтооно.
34.2. Энэ хуулийн 34.1-д заасан зардлын доод хэмжээг тооцох аргачлалыг барилгын асуудал эрхэлсэн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
34.3. Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө.
34.4. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараах тохиолдолд доор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно:
34.4.1. дундын өмчлөлийн зарим эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээ нь тодорхой сууц өмчлөгчийн ашиг сонирхолд бусдынхаас илүү нийцэж байгаа бол;
34.4.2. сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол.
34.5. Сууц өмчлөгч өөрийн сууцыг ашиглаагүй, эсхүл бусдад ашиглуулаагүй тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийн цахилгаан шат, явган хүний шат ашигласны зардлын төлбөрөөс чөлөөлөгдөнө.
35 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн төлбөр, зардлыг төлөх
35.1. Сууц өмчлөгч орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон энэ хуулийн 34.1-д заасан төлбөрийг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө.
35.2. Сууц өмчлөгч өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо болон бусад ашиглалтын төлбөрийг хангагч байгууллагад төлнө.
35.3. Сууц өмчлөгчдийн холбоо энэ хуулийн 34.1-д заасан төлбөрийг мөн хуулийн 35.2-т заасан халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбооны төлбөртэй хамтатган төлүүлэхээр үүсгэн байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор хангагч байгууллагатай гэрээ байгуулна.
35.4. Орон сууцны цахилгаан болон явган хүний шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар, үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана.
35.5. Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээ, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны магистрал болон салбар шугам, цахилгааны ерөнхий шит, давхрын хуваарилах самбар, зангилаа шугам, газардуулгын байгууламж, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана.
35.6. Дангаар өмчлөх талбайн хэмжээг тодорхойлохдоо сууц өмчлөгчийн сууцны талбай дээр дангаар өмчлөх сууцны бус зориулалттай талбайн гуравны нэгийг нэмнэ.
35.7. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоог хариуцсан хангагч байгууллагад энэ хуулийн 35.3-т заасан гэрээг байгуулахаас татгалзахыг хориглоно.
36 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын ашиглалтын талбайн цахилгааны төлбөрийг төлөх
36.1. Орон сууцны байшингийн дундын ашиглалтын талбайн эрчим хүчний төлбөрийг сууц өмчлөгчдийн холбоо төлнө.
36.2. Энэ хуулийн 36.1-д заасан төлбөрийн хэмжээг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан айл өрхөд борлуулах тарифаар тооцно.
37 дугаар зүйл. Орон сууцны байшингийн хонгил дахь авто зогсоолын цэвэрлэгээ, үйлчилгээ, дулаан, цахилгааны зардлыг төлөх
37.1. Орон сууцны байшингийн хонгил дахь авто зогсоолын цэвэрлэгээ, үйлчилгээ, дулаан, цахилгааны зардлыг тухайн зогсоолын өмчлөгч төлнө.
37.2. Энэ хуулийн 37.1-д заасан төлбөрийн хэмжээг ашиглалт, үйлчилгээний зардлын хэмжээг үндэслэн сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар тогтооно.
38 дугаар зүйл. Хориглох зүйл
38.1. Энэ хуулийн 34.1, 35.1, 35.2, 37.1-д заасан төлбөрөө төлөөгүй, эсхүл төлбөрийн үлдэгдэлтэй тохиолдолд тухайн орон сууц болон зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх, барьцаалах, түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг улсын бүртгэгчид, орон сууцны даатгалын нөхөн төлбөрийг олгохыг даатгагчид хориглоно.

ЗУРГAАДУГААР БҮЛЭГ
ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТ, ЗАСВАР, АРЧЛАЛТ, ХАМГААЛАЛТЫГ ХАРИУЦСАН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА
39 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, засвар, арчлалт, хамгаалалт, үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
39.1. Сууц өмчлөгчдийн холбоо орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, засвар, арчлалт, хамгаалалт, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.
39.2. Мэргэжлийн байгууллага нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, засвар, арчлалт, хамгаалалт, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх чадавхтай хүний нөөц, техник, тоног төхөөрөмжтэй байна.
39.3. Хуульд заасан тохиолдолд мэргэжлийн байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байна.
40 дүгээр зүйл. Мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах
40.1. Сууц өмчлөгчдийн холбоо мэргэжлийн байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр чөлөөтэй сонгоно.
40.2. Мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, гэрээ байгуулах хугацаа, нээлттэй сонгон шалгаруулалт явуулах журмыг сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл батална.
41 дүгээр зүйл. Мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, цуцлах
41.1. Энэ хуульд заасны дагуу сонгон шалгаруулсан мэргэжлийн байгууллагатай сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал гэрээ байгуулна.
41.2. Энэ хуулийн 41.1-д заасан гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг тухай бүр 5 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.
41.3. Энэ хуулийн 41.2-т заасан тохиолдолд гэрээний хугацаа дуусахаас нэг жилээс доошгүй хугацааны өмнө сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл гэрээг сунгах шийдвэр гаргана.
41.4. Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэрээр энэ хуулийн 41.1-д заасан гэрээг цуцалж болно. Энэ тохиолдолд гэрээг цуцлах мэдэгдэл нөгөө талд хүргүүлснээс хойш 3 сарын дараа гэрээг цуцална.
41.5. Энэ хуулийн 41.1-д заасан гэрээний загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
42 дугаар зүйл. Мэргэжлийн байгууллагын чиг үүрэг
42.1. Мэргэжлийн байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
42.1.1. үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг тухай бүр сууц өмчлөгчдийн холбооноос гэрээнд заасны дагуу гаргуулах;
42.1.2. цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбооны зэрэг үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцах;
42.1.3. дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангах үүднээс сууц өмчлөгчдийн холбоотой хамтран жилд 2-оос доошгүй удаа урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, дүгнэлт гарган шаардлагатай арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах;
42.1.4. орон сууцны инженерийн гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах;
42.1.5. цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбоо зэрэг үйлчилгээтэй холбоотой мэдээллийн үнэн, зөвийг хариуцах;
42.1.6. хууль тогтоомж, дүрэмд заасан бусад чиг үүрэг.
43 дугаар зүйл. Гэм хорыг арилгах
43.1. Энэ хуулийн 41.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг сууц өмчлөгчдийн холбооны дүрэм, гэрээнд өөрөөр заагаагүй бол мэргэжлийн байгууллага хариуцан арилгана.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН САН
44 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалтын сан
44 .1. Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх, ашиглалт, үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой засвар, арчлалтын сан (цаашид “Сан” гэх) аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна.
44 .2. Сан нь орлого, эх үүсвэр, хуримтлалын хувьд аймаг, нийслэлийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.
44 .3. Сангийн хөрөнгийн удирдлагыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хөрөнгө оруулалтын менежментийн компаниар гүйцэтгүүлнэ.
44 .4. Энэ хуулийн 44.3-т заасан хөрөнгө оруулалтын менежментийн компанийг сонгон шалгаруулах журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
44 .5. Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг Сангийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.
44 .6. Энэ хуулийн 44.5-д заасан зардлын тухайн жилд зарцуулах дээд хэмжээг Сангийн хөрөнгийн хэмжээ, олон улсын жишигт нийцүүлэн өмнөх жилүүдийн дунджийг харгалзан санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
44 .7. Сангийн хөрөнгийн удирдлагын бодлогыг тодорхойлох, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүргийг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлнэ.
44 .8. Сан, төсөв хоорондын харилцаанд аймаг, нийслэлийн ерөнхий аудитор хяналт тавина.
45 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн эх үүсвэр
45.1. Сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
45.1.1. аймаг, нийслэлийн төсвөөс оруулсан хөрөнгө;
45.1.2. сангийн хөрөнгө оруулалтаас олсон орлого;
45.1.3. санд өгсөн хандив, тусламж;
45.1.4. сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банканд хадгалуулсны хүү;
45.1.5. бусад эх үүсвэр.
46 дугаар зүйл. Сангийн хөрөнгө оруулалт
46.1. Сангийн хөрөнгийн 50 хүртэл хувийг аюулгүй, хөрвөх чадвартай, ашигтай байх зарчмыг баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд байршуулж болно:
46.1.1. Засгийн газраас гаргасан болон батлан даасан үнэт цаас;
46.1.2. Монголбанкны үнэт цаас;
46.1.3. нийслэлийн үнэт цаас;
46.1.4. зээлжих зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий олон улсын байгууллагаас тогтоосон зээлжих зэрэглэлийн үнэлгээгээр “A”-гаас доошгүй үнэлгээ авсан гадаад улсын Засгийн газрын болон олон улсын санхүүгийн байгууллагын үнэт цаас;
46.1.5. зээлжих зэрэглэл тогтоодог олон улсын нэр хүндтэй байгууллагаас тогтоосон зээлжих зэрэглэлийн үнэлгээгээр “B” болон түүнээс дээш үнэлгээ авсан арилжааны банканд нээсэн мөнгөн хадгаламж.
47 дугаар зүйл. Сангийн хөрөнгийг удирдахад баримтлах зарчим
47.1. Сангийн хөрөнгийг удирдахад дараах зарчмыг баримтална:
47.1.1. хараат бус байх;
47.1.3. сангийн хөрөнгийг зохистой удирдах;
47.1.4. сангийн хөрөнгийг үр ашигтай удирдах;
47.1.5. хариуцлагатай байх.
48 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх
48.1. Энэ хуулийн 47.1.1-д заасан хараат бус байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
48.1.1. Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нөлөөлөхгүй, зааварчилгаа өгөхгүй байх;
48.1.2. Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, энэ хуульд зааснаар шалгаруулах, томилох, гэрээ байгуулахад бусдын нөлөөнд автахгүй, хараат бус, бие даасан байх;
48.1.3. Сангийн үйл ажиллагаанд оролцогч эрх бүхий албан тушаалтан, гүйцэтгэх удирдлага, ажилтан ашиг сонирхлын зөрчилтэй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсэж болох шийдвэр гаргахгүй, үйл ажиллагаа явуулахгүй байх.
48.2. Энэ хуулийн 47.1.2-т заасан ил тод байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
48.2.1. Сангийн хөрөнгийн удирдлагын талаар үнэн зөв мэдээллийг сууц өмчлөгчдийн холбоо, сууц өмчлөгчид болон олон нийтэд энэ хуульд заасан журмын дагуу ойлгомжтой, хүртээмжтэй мэдээлж байх;
48.2.2. хууль тогтоомжид олон нийтэд мэдээлэхээр заасан мэдээллийг тогтоосон хугацаанд мэдээлэх.
48.3. Энэ хуулийн 47.1.3-т заасан Сангийн хөрөнгийг зохистой удирдах зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
48.3.1. Сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, түүнийг арвижуулах;
48.3.2. болзошгүй алдагдлыг хамгийн бага байлгах, илүүдэл эрсдэл хүлээхгүй байхаар өгөөжийн зорилтот түвшинг зохистой тодорхойлох;
48.3.3. хөрөнгө оруулалтын багцыг оновчтой тодорхойлох;
48.3.4. хөрөнгө оруулалтын багцыг төрөлжүүлэхдээ эрсдэл-өгөөжийн нөхцөлийг сайжруулах чиглэл баримтлах;
48.3.5. хөрөнгө оруулах стратеги, эрсдэлийн түвшин болон хөрөнгө оруулалтын багцыг зах зээлийн хувьсал, эрсдэл-өгөөжийн зорилтын өөрчлөлтөд нийцүүлэн байнга хянан тохируулах;
48.3.6. хөрөнгө оруулах шийдвэр нь тооцоо, судалгаанд суурилсан үндэслэлтэй байх;
48.3.7. эдийн засаг, улс төр, нийгмийн тогтвортой орчин бүхий зах зээл, улсад хөрөнгө оруулах;
48.3.8. эрсдэлийг хэт төвлөрүүлэхгүй байх, хөрвөх чадварын зохистой удирдлагыг хэрэгжүүлэх;
48.3.9. эрсдэлийг зохистой удирдах бүтэц, арга, хэрэгсэлтэй байх.
48.4. Энэ хуулийн 47.1.4-т заасан Сангийн хөрөнгийг үр ашигтай удирдах зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
48.4.1. Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ өгөөжийн зорилтот түвшинг хангаж ажиллах;
48.4.2. Сангийн хөрөнгийг урт хугацаанд өгөөжтэй байхаар байршуулах.
48.5. Энэ хуулийн 47.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
48.5.1. хөрөнгө оруулалтын стратегийг чанд мөрдөж ажиллах;
48.5.2. Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн байх;
48.5.3. хөрөнгө оруулалт хийж болохгүй хуулийн этгээдэд хөрөнгө оруулахгүй байх;
48.5.4. Сангийн нэр хүндэд харш аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх;
48.5.5. Сангийн хөрөнгийг улс төрийн үйл ажиллагаа явуулах болон санхүүжүүлэхэд ашиглахгүй байх.
49 дүгээр зүйл. Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд тавих шаардлага
49.1. Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд дараах шаардлага тавигдана:
49.1.1. Сангийн хөрөнгийг барьцаалах, зээл олгох, зээлийн баталгаа, батлан даалт гаргах болон бусад аливаа хэлбэрээр бусдын үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ, хэлцэл байгуулахгүй байх;
49.1.2. санхүүгийн хөшүүрэг оролцсон аливаа төрлийн гэрээ, хэлцэл хийхгүй байх;
49.1.3. санхүүгийн үүсмэл хэрэгслийг зөвхөн хөрөнгө оруулалтын эрсдэлийг хаах, бууруулах зорилгоор ашиглах;
49.1.4. нэгж санхүүгийн хэрэгсэлд байршуулсан хөрөнгийн хувь, хэмжээг хөрөнгө оруулж байгаа этгээдийн хяналтын багцын хувь, хэмжээнд хүргэхгүй байх.
49.2. Сангийн хөрөнгөөс дараах хэлбэрээр хөрөнгө оруулахыг хориглоно:
49.2.1. цэрэг, зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, тэдгээрийн худалдаа, хуулиар хориглосон бусад үйл ажиллагаанд;
49.2.2. эрх бүхий этгээдэд бүртгүүлээгүй үнэт цаасанд.
50 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн зарцуулалт
50.1. Энэ хуулийн 46.1-д зааснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгийг зөвхөн ашиглалтад хүлээж авснаас хойш 10-аас доошгүй жилийн хугацаа өнгөрсөн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хийх их засвар хийхэд зориулан зарцуулна.
50.2. Их засвар хийх орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хуваарийг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал, сууц өмчлөгчдийн холбооны хүсэлтийг үндэслэн сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани батална.
50.3. Сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
51 дүгээр зүйл. Сангийн үйл ажиллагаанд хяналт тавих Хяналтын зөвлөл
51.1. Сангийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий Хяналтын зөвлөл ажиллана.
51.2. Хяналтын зөвлөл нь хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн сууц өмчлөгчдийн холбооны төлөөллөөс бүрдэнэ.
51.3. Сууц өмчлөгчдийн холбоо тус бүр Хяналтын зөвлөлд түүнийг төлөөлж ажиллах нэг гишүүнийг нэр дэвшүүлж болно.
51.4. Хяналтын зөвлөлийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна:
51.4.1. .дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
51.4.2. хувь хүний ёс зүй болон нэр хүнд нь Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;
51.4.3. ял шийтгэлгүй байх.
51.5. Хяналтын зөвлөлийн гишүүнд дараах этгээдийг нэр дэвшүүлэхгүй:
51.5.1. улс төрийн албан тушаалтан;
51.5.2. улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;
51.5.3. Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээдэд сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллаж байсан, эсхүл ажиллаж байгаа этгээд;
51.5.4. Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээдийн хувьцааны хяналтын багц эзэмшигч.
51.6. Энэ хуулийн 51.4, 51.5-д заасан журмаар нэр дэвшүүлсэн этгээдээс аймаг, нийслэлийн Засаг дарга Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгоно.
51.7. Хяналтын зөвлөлийн гишүүн энэ хуулийн 51.4, 51.5-д заасан шаардлагыг хангахгүй болсон тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга 7 хоногийн дотор Хяналтын зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргана.
51.8. Энэ хуулийн 51.7-д заасан тохиолдолд холбогдох сууц өмчлөгчдийн холбоо мөн хуулийн 51.4, 51.5-д заасан журмын дагуу 14 хоногийн дотор өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлнэ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх