22.1. Энэ хуулийн 4.1.1-д заасан хүнд Нийгмийн халамжийн сангаас доор дурдсан тусламж, хөнгөлөлтийг үзүүлнэ:
22.1.1. байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хараа, хэл яриа, сонсголын бүрэн чадваргүй, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүнд төрийн түрээсийн орон сууцны төлбөрийн зөрүү төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;
22.1.2. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний эх /эцэг/, эсхүл хууль ёсны асран хамгаалагчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн суралцахуйн төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, өдөр өнжүүлэх төв, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдахад ирж, очих унааны зардлыг хөнгөлөх, эсхүл автобусаар үйлчлэх;
22.1.3. орон нутгаас албан боловсрол эзэмших зорилгоор аймаг, нийслэлд ирж сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний эх /эцэг/, эсхүл хууль ёсны асран хамгаалагчид ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа нийтийн тээврийн болон агаарын тээврийн тарифаар тооцон олгох;
22.1.4. байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан, сувилалд дараалал харгалзахгүйгээр сувилуулах;
22.1.5. нийслэлээс 500 ба түүнээс дээш километр алслагдсан газарт байнга оршин суудаг байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын зөвлөлийн шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх тохиолдолд хот хоорондын зорчигч тээврийн жишиг үнийг үндэслэн тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүнд унааны зардлыг жилд нэг удаа 100 хувь, хууль ёсны асран хамгаалагчид 50 хувийг нөхөн олгох;
22.1.6. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүний нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх;
22.1.7. өгжлийн бэрхшээлтэй хүүхэд эмнэлгийн магадлагаагаар дотоодод усан эмчилгээ хийлгэсэн бол эмчилгээний төлбөрийн 70 хувийг нөхөн олгох;
22.1.8. хараагүй хүний брайль үсгээр бичсэн захидал, ил захидал, брайль хэвлэл, хараагүй хүний зориулалттай техник, тоног төхөөрөмж, материал хэрэгсэл зэрэг 10 кг хүртэлх илгээмжийг дотоодод үнэ төлбөргүй хүргүүлэх;
22.1.9. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүүхдийн зуслан, харгалзан дэмжигчийн хамт эх, хүүхдийн амралтад амарвал жишиг үнийг харгалзан хүүхдийн эрхийн бичгийн төлбөрийг 100 хувиар, харгалзан дэмжигчийн төлбөрийг 50 хувиар жилд нэг удаа олгох;
22.1.10. хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхдийн дотоод, гадаадад хийлгэсэн болон худалдан авсан туслах бүтээгдэхүүний үнийг эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүр жишиг үнийг баримтлан нөхөн олгох;
22.1.11. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 14.1.11-д заасан туслах бүтээгдэхүүн хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн туслах бүтээгдэхүүний үнийг гурван жил тутамд нэг удаа жишиг үнийг баримтлан олгоно;
22.1.12. паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй тамирчинд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний тусламжийг амжилт гаргасан 4 жилийн хугацаанд нэг удаа олгох;
22.1.13. хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхэд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хиймэл эрхтэн хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан туслах бүтээгдэхүүний үнийг гурван жил тутам нэг удаа жишиг үнийг баримтлан нөхөн олгох;
22.1.14. насанд хүрсэн хараа, хэл яриа, сонсголын бүрэн чадваргүй хүний харилцаа холбооны зардалд хөнгөлөлт үзүүлэх.
22.2. Энэ зүйлийн 22.1-д заасан хөнгөлөлт, тусламжийн жагсаалт, жишиг үнэ, хөнгөлөлтийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
22.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино.
22.4. Энэ зүйлийн 22.3-т заасан харилцааг зохицуулах журмыг Засгийн газар баталж, шаардагдах хөрөнгийг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлсэн аймаг, Нийслэлийн жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.
22.5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан тэтгэмж авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нас барвал нийгмийн даатгалын сангаас нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжтэй тэнцүү хэмжээний мөнгөн тусламж олгоно.
22.6. Энэ хуулийн 4.1.1-д заасан хүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас доор дурдсан үйлчилгээг үзүүлнэ:
22.6.1. магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан болон сувилалд сувилуулахад:
22.6.1.а. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зардлыг бүрэн;
22.6.1.б. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнийг асран халамжилж буй нэг иргэний зардлын 50 хувь;
22.6.1.в. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний зардлын 50 хувь.
22.6.2. асаргаа сувилгааны хэрэгсэл, ариун цэвэр-эрүүл ахуйн материал;
22.6.3. холголт, цооролтын үеийн эмчилгээний зардал.
22.7. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй хүний байнгын асаргааны зэргийг хамааруулан Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу тогтооно.