Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 5-р сарын 27 өдөр
Ulaanbaatar city
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрх, түүнийг хангах, хамгаалах талаар баримтлах зарчим, иргэн, өмчийн бүх хэлбэрийн байгууллагын эрх, үүрэг, оролцоо, хариуцлагыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомж
2.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль, тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль Монгол Улсын иргэн болон Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, өмчийн бүх хэлбэрийн байгууллагад нэгэн адил хамаарна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны болон хандлагын бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох боломж нь хязгаарлагдсан хүүхэд, насанд хүрэгчийг;
4.1.2. “хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхах” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах, шаардлагатай тохируулгаар хангагдах боломжийг үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг;
4.1.3. “туслах бүтээгдэхүүн” гэж хувь хүний үйлдэл, бие даасан байдлыг сайжруулах, эсхүл хэвийн хэмжээнд нь хүргэх зориулалттай хиймэл эрхтэн, туслах хэрэгсэл, тоног төхөөрөмж, харилцаа холбоо, мэдээлэл технологийн хэрэгсэл зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүнийг;
4.1.4. “шаардлагатай тохируулга” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил хүний үндсэн эрх, эрх чөлөөг тэгш эдлэхэд зориулсан нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл, программ хангамж, орчин нөхцөл, үйлчилгээг;
4.1.5. “туслах технологи” гэж туслах бүтээгдэхүүн, шаардлагатай тохируулга, түүний үйлчилгээг хүргэхтэй холбоотой үйл ажиллагааг;
4.1.6. “түгээмэл загвар” гэж нэмэлт тохиргоо, тусгай загвар шаардахгүйгээр бүх хүн ашиглахад тохиромжтой, энгийн бүтээгдэхүүн, программ хангамж, орчин болон үйлчилгээний хэв маяг, архитекторын шийдлийг;
4.1.7. “олон нийтэд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бүрдүүлж, гэр бүл, хамт олны дунд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийг;
4.1.8. “бие даан амьдрах эрх” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн өөртэй нь холбоотой аливаа асуудлаар бие даан шийдвэр гаргах, сонголт хийх, оролцох боломжийг;
4.1.9. “хөтөч нохой” гэж хараагүй хүн тухайн орчинд зөв чиг баримжаатай, саадгүй, аюулгүй зорчиход нь туслах зорилгоор тусгайлан сургаж, бэлтгэсэн нохойг;
4.1.10. “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагч” гэж сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд ярианы хэлнээс дохионы хэл рүү, дохионы хэлнээс ярианы хэл рүү, дохионы хэлнээс дохионы хэл рүү хөрвүүлэн хэлмэрчилдэг хүнийг; Тайлбар: “Дохионы хэлний хэлмэрч” гэж ярианы хэлнээс дохионы хэл рүү, дохионы хэлнээс ярианы хэл рүү хэлмэрчилдэг бүрэн сонсголтой хүнийг; “Дохионы хэлний орчуулагч” гэж дохионы хэлнээс дохионы хэл рүү хөрвүүлэн орчуулдаг хүнийг, “Дохионы хэлний тактиль хэлмэрч” гэж хараа, сонсголын хавсарсан бэрхшээлтэй хүнд ярианы хэл болон дохионы хэлнээс дохионы хэл рүү хөрвүүлэн хэлмэрчилдэг хүнийг хэлнэ.
4.1.11. ”Ажлын байрны дадлагажуулагч” гэж ажлын байран дээр аж ахуйн нэгж, байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй, энэ чиглэлийн арга зүйг эзэмшсэн хүнийг”.
5 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад баримтлах зарчим
5.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах бодлого, үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
5.1.1. хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн харилцаанд эрх тэгш оролцоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх;
5.1.2. хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжих эрхийг хангах, сонголт хийх эрх, онцлог, хараат бус байдлыг хүндэтгэх;
5.1.3. хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох, хөдөлмөрлөх зэрэг нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхийг хангахад саадгүй, хүртээмжтэй орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь бүх нийтийн үүрэг байх;
5.1.4. хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн, түүний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоог хангах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ТЭГШ ОРОЛЦОХ ЭРХ
6 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үл ялгаварлан гадуурхах
6.1. Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй.
6.2. Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.
6.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, улс төрийн эрхээ эдлэхэд иргэн, өмчийн бүх хэлбэрийн байгууллагын дараах үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:
6.3.1. барилга байгууламж, авто зам, замын байгууламжид саадгүй хүрэх, нийтийн тээврийн хэрэгслээр саадгүй хүртээмжтэй зорчих орчин нөхцөлийг бүрдүүлээгүй байх;
6.3.2. хөгжлийн бэрхшээлтэй хүн мэдээлэл авах, бусадтай харилцахад шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлээгүй байх;
6.3.3. хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан боловсролын үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, тэгш хамран суралцахад шаардагдах тохируулгат орчин, нөхцөлийг бүрдүүлэхгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгэм, хамт олны дунд бие хүн болж төлөвших, хөгжихийг хязгаарлах аливаа үйлдэл, үл хайхралт, дарамт, шахалт үзүүлэх;
6.3.4. хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгааны улмаас зээл, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
6.3.5. хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн үржихүйн эрхийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хязгаарлах;
6.3.6. төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих үйл ажиллагаанд оролцуулахаас татгалзах, зайлсхийх;
6.3.7. сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлээгүй байх.
6.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхээ эдлэхэд иргэн, өмчийн бүх хэлбэрийн байгууллагын дараах үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:
6.4.1. ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилд авахаас татгалзах, зайлсхийх;
6.4.2. хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний албан тушаал ахих, дэвших боломжийг хязгаарлах;
6.4.3. өмчийн бүх хэлбэрийн байгууллага нь ажилтныг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах;
6.4.4. гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах;
6.4.5. хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт тохирсон шаардлагатай тохируулга бүхий ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг ялгавартай тогтоох.
6.5. Дараах үйлдлийг гэр бүл болон олон нийтийн орчин дахь ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:
6.5.1. хүнийг хөгжлийн бэрхшээлээр нь доромжлох, тохуурхах, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл, эцэг эхийг гадуурхах;
6.5.2. олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаар буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл, зар сурталчилгаа явуулах, соёл урлагийн бүтээл хийх;
6.5.3. хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшилд суурилан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд халдсан аливаа зөвлөгөө өгөх;
6.5.4. гэр бүлийн гишүүн, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмээс тусгаарлах, нуух, түүнийг нийгмийн харилцаанд оролцохыг аливаа хэлбэрээр хязгаарлах, хөгжүүлэх чадавхжуулах үйлчилгээнд хамруулахаас татгалзах, зайлсхийх;
6.5.5. хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан хүнийг хуульд зааснаас бусад үндэслэлээр үр хүүхдээ асрамжиндаа авах эрхийг хязгаарлах;
6.5.6. хөгжлийн бэрхшээлтэй хүний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх болон хуульд заасан бусад эрхийг хязгаарлах;
6.5.7. хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар гэр бүлтэй болох, гэрлэхийг хориглох, эсэргүүцэх, өв хөрөнгийг өвлөх эрхийг хязгаарлах.
6.6. Төрөөс хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглосон, ялгаварлан гадуурхалтад өртөхөөс нь хамгаалсан нийгэм, эдийн засаг, хууль зүйн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
6.7. Өмчийн бүх хэлбэрийн байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн харилцаанд эрх тэгш, бүрэн дүүрэн, үр ашигтай оролцохыг баталгаажуулах зорилгоор тэднийг шаардлагатай тохируулгаар хангах, саадгүй, хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.
6.8. Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг нь бодитой хангах, онцлогт нь тохируулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ялгаварлан гадуурхалт гэж үзэхгүй.
7 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээ
7.1. Хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
7.1.1. хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчлэх, түүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллагыг хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтад 3 жил тутамд хамруулна;
7.1.2. иргэн, өмчийн бүх хэлбэрийн байгууллага нь ажилтан, албан хаагчдынхаа дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулна;
7.1.3. хөгжлийн бэрхшээлийн талаар мэдлэг ойлголтыг түгээх, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэсэн нийтлэл, нэвтрүүлгийн хөтөлбөрийг олон нийтийн радио, телевиз үнэ төлбөргүй, бусад хэвлэл мэдээллийн байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн хүртээл болгоно;
7.1.4. иргэн, өмчийн бүх хэлбэрийн байгууллага, гэр бүл, хамт олны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын бие даан амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, хүний эрхийг дээдэлсэн нийгмийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн санал санаачлагыг дэмжих, үүнтэй холбогдох зардлыг хүүхэд, залуучуудын хөгжлийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагa, аймаг, нийслэл, дүүргийн төсөвт тусган шийдвэрлэх;
7.2. Энэ хуулийн 7.1.1-д заасан сургалтыг зохион байгуулах, сургагч багш бэлтгэх, төлбөрийн хэмжээг зохицуулах журмыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.3. Энэ хуулийн 7.1-д заасан зарим арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, байгууллагаар гүйцэтгүүлж болно.
8 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах
8.1. Барилга байгууламж, авто зам, замын байгууламж, нийтийн тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үйлчилгээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд саадгүй, хүртээмжтэй байна.
8.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллах, амьдрах орчин нөхцөл, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үйлчилгээг сайжруулахтай холбоотой харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ
9 дүгээр зүйл. Сурч боловсрох эрх
9.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох, мэргэжил эзэмших эрхийг хангах чиглэлээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.1.1. 9.1.1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 6.3-т заасан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний хэрэгжилт, сурагчдад гарсан ахиц, өөрчлөлтийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэх удирдлага эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоотой хэлэлцэж, дүгнэлтийг тухайн боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага болон энэ хуулийн 32.2.1-д заасан зөвлөлд хүргүүлэх.
9.2. Боловсролын ерөнхий хуулийн 11.6-д заасан үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурах идэвх, санаачилгыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, түүний онцлог хэрэгцээнд нийцүүлэн брайль үсэг, монгол дохионы хэл болон бичгийн монгол хэлний хосолсон арга зүй, харилцааны бусад арга хэлбэрийг хэрэглэх, орон зай, чиг баримжааны чадвар олгох, зөвлөн туслахад чиглэсэн дэмжлэг үзүүлэх ба холбогдох журмыг боловсролын, эрүүл мэндийн, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
10 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох нөхцөл
10.1. Бүх түвшний боловсролын сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид амьдрах ухаан, ур чадварыг үр дүнтэй эзэмшүүлэх бөгөөд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
10.1.1. хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид Боловсролын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд зааснаас гадна тэдний онцлог хэрэгцээнд нийцсэн заах арга зүй, арга барил эзэмшсэн дэмжигч, явуулын болон багшийн туслахын дэмжлэгтэйгээр боловсрол эзэмшүүлж, цаашид дэвшин суралцахад туслалцаа үзүүлэх;
10.1.2. элсэлтийн шалгалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээ, шаардлагад нийцсэн шаардлагатай тохируулгааар хангаж, хүртээмжтэй орчин, нөхцөлд зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд нэмэлт цаг олгох.
10.2. Элсэлтийн шалгалтад тэнцэж, дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагад суралцах эрхтэй болсон хөгжлийн бэрхшээлтэй хүний бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын зардлыг, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлнэ.
10.3. Хөдөлмөрийн зах зээлд хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр хомсдолтой байгаа мэргэжлээр элсэлтийн шалгалтад тэнцэж дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцах эрхтэй болсон амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эсхүл эх, хууль ёсны асран хамгаалагчийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлнэ.
10.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд мэргэжлийн чиг баримжаа, ур чадвар олгох үйл ажиллагааг дагнан явуулж байгаа сургалтын байгууллагын үйл ажиллагааны зардлыг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх ба жишиг зардлыг тооцох журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11 дүгээр зүйл. Монгол дохионы хэл
11.1. Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний албан ёсны эх хэл мөн.
11.2. Сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй.
11.3. Өмчийн бүх хэлбэрийн байгууллага нь монгол дохионы хэлээр харилцах нөхцөлийг бүрдүүлж, дохионы хэлний хэлмэрч, орчуулгын үйлчилгээгээр хангана.
11.4. Монгол дохионы хэлний хэлмэрч, орчуулагч бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн эрх, ашгийг хамгаалдаг болон тэдэнд дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын саналыг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11.5. Дохионы хэлмэрч, орчуулагч бэлтгэх ажлыг сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн эрх, ашгийг хамгаалдаг болон тэдэнд дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагатай хамтран боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
11.6. Монгол дохионы хэлийг эзэмшүүлэх, сургах, судлах, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, түүний хэрэгжилтийг хангах чиг үүргийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл хэрэгжүүлнэ.
11.7. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд Дохионы хэлний хөгжлийн орон тооны бус зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллах ба зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Хэлний бодлогын үндэсний зөвлөл батална.
11.8. Сонсголгүй хүнд монгол дохионы хэл болон бичгийн монгол хэлний хосолсон хөтөлбөрөөр бүх шатны боловсрол эзэмшүүлнэ.
11.9. Энэ хуулийн 11.8-д заасан хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлан хэрэгжүүлнэ.
11.10. Сонсголын бэрхшээлтэй үндэсний цөөнх иргэд өөрийн соёл, уламжлал, хэлний онцлог бүхий дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй.
12 дугаар зүйл. Брайль үсгийн стандарт
12.1. Харааны бэрхшээлтэй хүн брайль бичгийг ашиглан боловсрол эзэмших эрхтэй бөгөөд бүх түвшний боловсролын сургалтын байгууллага харааны бэрхшээлтэй хүн брайль бичиг болон бусад технологи ашиглан боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлнэ.
12.2. Брайль үсгийн стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага батална.
13 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийг бэлтгэх
13.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 5 жил тутамд батална.
13.2. Эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүйн болон барилга байгууламж, авто зам, замын байгууламж, мэдээллийн технологи, харилцаа холбоо, хүний нөөцийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн ерөнхий суурь хэсгийн сургалтын хөтөлбөр, агуулгад хөгжлийн бэрхшээлийн тухай мэдлэг ойлголт олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах агуулга, арга зүйг тусгана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ
14 дүгээр зүйл. Хөдөлмөрлөх эрх
14.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орох, албан тушаал дэвших, цалин хөлс, нөхөн олговор авах, хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд бусадтай адил тэгш хамрагдах эрхтэй.
14.2. Иргэн, өмчийн бүх хэлбэрийн байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүний бие эрхтэн, хөгжлийн онцлогт нийцсэн шаардлагатай тохируулга бүхий ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 144.1-д заасны дагуу бий болгож ажиллуулах үүрэгтэй.
14.3. Өмчийн бүх хэлбэрийн 100 болон түүнээс дээш ажилтантай байгууллага нь дэмжлэг шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангасан тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу ажлын байрны дадлагажуулагч ажиллуулж болно.
14.4. Иргэн, өмчийн бүх хэлбэрийн байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхийг хангахдаа энэ хуулийн 6.4-т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
14.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихтэй холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.
15 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ
15.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтэд төрөөс дараах дэмжлэгийг үзүүлнэ:
15.1.1. өөртөө ажлын байр бий болгосон хөгжлийн бэрхшээлтэй хүнд шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж, материал болон бусад шаардлагатай хэрэгслийг худалдан авахад нь Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.3-т заасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангаас нэг удаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
15.1.2. хөгжлийн бэрхшээлтэй хүний дунд мэргэжлийн ур чадварын тэмцээнийг дотоодод зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
15.1.3. мэргэжлийн ур чадварын бүс, тив, дэлхийн тэмцээнд оролцох эрх авсан хөгжлийн бэрхшээлтэй хүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.3-т заасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангаас дэмжлэг үзүүлэх;
15.1.4. хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэлж байгаа бизнес, тэдний үүсгэл, санаачилгаар байгуулагдсан аж ахуйн нэгжийг санхүүгийн болон хууль тогтоомжид заасан бусад нөхцөлөөр дэмжих;
15.1.5. хөгжлийн бэрхшээлтэй хүн, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын орлого олох, ажлын байраар хангагдахад нь тусгайлан дэмжих хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулах;
15.1.6. мэргэжил эзэмшиж ажлын байран дээр гарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүнд ажлын байрны шаардлагатай тохируулга хийх, тоног төхөөрөмжөөр хангахад нэг удаагийн дэмжлэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.3-т заасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангаас үзүүлэх.
15.2. Энэ хуулийн 15.1.3-т заасан тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.3. Ажлын байрны тохируулга хийх, ажлын байрны тохируулгыг үнэлэх үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж болно.
16 дугаар зүйл. Ажлын байрны сонгон шалгаруулалт
16.1. Өмчийн бүх хэлбэрийн байгууллага нь ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог, хэрэгцээг харгалзан үзнэ.
16.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохдоо түүний хөгжлийн бэрхшээлийн онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцсэн шаардлагатай тохируулгаар хангагдах, нэмэлт цаг ашиглах эрхтэй.
16.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүн энэ зүйлийн 16.2-т заасан хэрэгцээ, шаардлагын талаар хүсэлт гаргасан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулж байгаа байгууллага хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ
17 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
17.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангах чиглэлээр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
17.1.1. эрүүл мэндийг дэмжих, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, үнэлэх, эмчлэх, сувилах, сэргээн засах, хөнгөвчлөх, туслах бүтээгдэхүүнээр хангах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
17.1.2. бүх шатны эрүүл мэндийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ тэдний онцлог хэрэгцээ, шаардлагыг хангасан шаардлагатай тохируулга, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх;
17.1.3. хөгжлийн бэрхшээлтэй хүний бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хангахад чиглэсэн хүний эрхэд суурилсан олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ нэвтрүүлж, эрүүл мэндийн асуудал, хэрэгцээг үнэлж, тэдгээрийн онцлогт тохирсон үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх;
17.1.4. хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх;
17.1.5. хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг хүний нөөцийн судалгааг гаргаж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх;
17.1.6. хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулж, хяналт тавих.
17.2. Энэ зүйлийн 17.1.2-т заасан тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмж, эм, урвалж бодис, эрт илрүүлгийн хэрэгсэл, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд шаардагдах зардлыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын төсөвт тусган хэрэгжүүлнэ.
17.3. Энэ зүйлийн 17.1.3-т заасан үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж болно.
17.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.
18 дугаар зүйл. Туслах технологи
18.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, бие махбодийн онцлог, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согогт нь тохирсон, чанар, стандартын шаардлага хангасан туслах бүтээгдэхүүнээр хангагдах эрхтэй.
18.2. Туслах бүтээгдэхүүн авах зардлыг холбогдох хуульд заасны дагуу Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сангаас тус тус санхүүжүүлнэ.
18.3. Энэ хуулийн 32.2.4-т заасан салбар зөвлөл нь 0-18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37.7-д заасан Эрүүл мэндийн магадлалын зөвлөл нь 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог, хэрэгцээнд нийцсэн туслах бүтээгдэхүүн олгох шийдвэр гаргана.
18.4. Туслах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙГ ХАМТ ОЛОНД ТҮШИГЛЭН ХАМРУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ
19 дүгээр зүйл. Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ
19.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээг дараах чиглэлээр үзүүлнэ:
19.1.1. өвчин, эмгэг, гэмтэл, бэртлийн улмаас үүссэн үр дагаврыг арилган хэвийн байдалд оруулахад чиглэсэн эрүүл мэндийн;
19.1.2. хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил боловсрол, мэргэжил эзэмшихийг дэмжих боловсролын;
19.1.3. хөгжлийн бэрхшээлтэй хүн гэр бүл, хамт олондоо эдийн засгийн хувьд хувь нэмрээ оруулахыг дэмжих хөдөлмөрийн;
19.1.4. хөгжлийн бэрхшээлтэй хүн, гэр бүл, хамт олны дунд бусдын адил үүрэг хариуцлага хүлээсэн, идэвхитэй, бие даасан гишүүн болохыг дэмжих нийгмийн;
19.1.5. хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн харилцаанд оролцохыг дэмжих барилга байгууламж, авто зам, замын байгууламж, нийтийн тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үйлчилгээний хүртээмжийн.
19.2. Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэх байгууллага нь тухайн хүний онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.
19.3. Энэ зүйлийн 19.1-д заасан үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.
20 дугаар зүйл. Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ эрхлэх
20.1. Энэ хуулийн 19.1-д заасан үйлчилгээг өмчийн бүх хэлбэрийн байгууллага үзүүлнэ.
20.2. Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тохиолдолд зардлыг бүрэн болон хэсэгчлэн тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсвөөс санхүүжүүлнэ.
20.3. Энэ хуулийн 19.1-д заасан үйлчилгээний удирдамжийг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
20.4. Энэ зүйлийн 20.2-т заасан төрийн бус байгууллага магадлан итгэмжлэх журмыг үзүүлж буй үйлчилгээний чиглэлийн хүрээнд тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
20.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч нь хүүхдийг энэ хуулийн 32.8-д заасан дүгнэлтийн дагуу хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээнд хамруулна.

ДОЛДУГААР БҮЛЭГ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ҮЗҮҮЛЭХ НИЙГМИЙН ХАЛАМЖ
21 дүгээр зүйл. Нийгмийн хамгаалал хүртэх эрх
21.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүн Нийгмийн халамжийн тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмжид хамрагдахаас гадна хоол хүнс, хувцас, орон байр, нийгэм, ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг авах, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй.
21.2. Хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчид хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд нь шаардлагатай дэмжих үйлчилгээ авах эрхтэй.
21.3. .Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг халамжийн, түрээсийн, ипотекийн зээлд хамруулах, орон сууц, хүртээмжтэй орон байраар хангах чиглэлээр барилга, хот байгуулалтын болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
21.3.1. хөгжлийн бэрхшээлтэй хүнийг болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийг халамжийн, түрээсийн, ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах орон сууц, орон байрны хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг аймаг, нийслэлийн Засаг даргын болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний жил бүрийн төсөвт тусгах;
21.3.2. гэр хороололд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдарч байгаа орон байрыг инженерийн дэд бүтэц болон тохируулгаар хангах зорилгоор нэг удаагийн дэмжлэг үзүүлэх.
21.4. Энэ зүйлийн 21.3.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөрийг Засгийн газар батална.
21.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол Нийгмийн халамжийн тухай хуульд заасан тэтгэврээс бусад арга хэмжээнд үргэлжлүүлэн хамрагдана.
21.6. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, дэмжлэг, үйлчилгээ, нийгмийн даатгалд хамруулах асуудлыг Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн даатгалын хууль, тогтоомжоор болон холбогдох бусад хуулиар зохицуулна.
22 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх нийгмийн халамжийн зарим арга хэмжээ
22.1. Энэ хуулийн 4.1.1-д заасан хүнд Нийгмийн халамжийн сангаас доор дурдсан тусламж, хөнгөлөлтийг үзүүлнэ:
22.1.1. байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хараа, хэл яриа, сонсголын бүрэн чадваргүй, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүнд төрийн түрээсийн орон сууцны төлбөрийн зөрүү төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;
22.1.2. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний эх /эцэг/, эсхүл хууль ёсны асран хамгаалагчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн суралцахуйн төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, өдөр өнжүүлэх төв, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдахад ирж, очих унааны зардлыг хөнгөлөх, эсхүл автобусаар үйлчлэх;
22.1.3. орон нутгаас албан боловсрол эзэмших зорилгоор аймаг, нийслэлд ирж сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний эх /эцэг/, эсхүл хууль ёсны асран хамгаалагчид ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа нийтийн тээврийн болон агаарын тээврийн тарифаар тооцон олгох;
22.1.4. байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан, сувилалд дараалал харгалзахгүйгээр сувилуулах;
22.1.5. нийслэлээс 500 ба түүнээс дээш километр алслагдсан газарт байнга оршин суудаг байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын зөвлөлийн шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх тохиолдолд хот хоорондын зорчигч тээврийн жишиг үнийг үндэслэн тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүнд унааны зардлыг жилд нэг удаа 100 хувь, хууль ёсны асран хамгаалагчид 50 хувийг нөхөн олгох;
22.1.6. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүний нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх;
22.1.7. өгжлийн бэрхшээлтэй хүүхэд эмнэлгийн магадлагаагаар дотоодод усан эмчилгээ хийлгэсэн бол эмчилгээний төлбөрийн 70 хувийг нөхөн олгох;
22.1.8. хараагүй хүний брайль үсгээр бичсэн захидал, ил захидал, брайль хэвлэл, хараагүй хүний зориулалттай техник, тоног төхөөрөмж, материал хэрэгсэл зэрэг 10 кг хүртэлх илгээмжийг дотоодод үнэ төлбөргүй хүргүүлэх;
22.1.9. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүүхдийн зуслан, харгалзан дэмжигчийн хамт эх, хүүхдийн амралтад амарвал жишиг үнийг харгалзан хүүхдийн эрхийн бичгийн төлбөрийг 100 хувиар, харгалзан дэмжигчийн төлбөрийг 50 хувиар жилд нэг удаа олгох;
22.1.10. хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхдийн дотоод, гадаадад хийлгэсэн болон худалдан авсан туслах бүтээгдэхүүний үнийг эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүр жишиг үнийг баримтлан нөхөн олгох;
22.1.11. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 14.1.11-д заасан туслах бүтээгдэхүүн хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн туслах бүтээгдэхүүний үнийг гурван жил тутамд нэг удаа жишиг үнийг баримтлан олгоно;
22.1.12. паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй тамирчинд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний тусламжийг амжилт гаргасан 4 жилийн хугацаанд нэг удаа олгох;
22.1.13. хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхэд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хиймэл эрхтэн хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан туслах бүтээгдэхүүний үнийг гурван жил тутам нэг удаа жишиг үнийг баримтлан нөхөн олгох;
22.1.14. насанд хүрсэн хараа, хэл яриа, сонсголын бүрэн чадваргүй хүний харилцаа холбооны зардалд хөнгөлөлт үзүүлэх.
22.2. Энэ зүйлийн 22.1-д заасан хөнгөлөлт, тусламжийн жагсаалт, жишиг үнэ, хөнгөлөлтийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
22.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино.
22.4. Энэ зүйлийн 22.3-т заасан харилцааг зохицуулах журмыг Засгийн газар баталж, шаардагдах хөрөнгийг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлсэн аймаг, Нийслэлийн жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.
22.5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан тэтгэмж авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нас барвал нийгмийн даатгалын сангаас нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжтэй тэнцүү хэмжээний мөнгөн тусламж олгоно.
22.6. Энэ хуулийн 4.1.1-д заасан хүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас доор дурдсан үйлчилгээг үзүүлнэ:
22.6.1. магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан болон сувилалд сувилуулахад:
22.6.1.а. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зардлыг бүрэн;
22.6.1.б. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнийг асран халамжилж буй нэг иргэний зардлын 50 хувь;
22.6.1.в. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний зардлын 50 хувь.
22.6.2. асаргаа сувилгааны хэрэгсэл, ариун цэвэр-эрүүл ахуйн материал;
22.6.3. холголт, цооролтын үеийн эмчилгээний зардал.
22.7. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй хүний байнгын асаргааны зэргийг хамааруулан Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу тогтооно.

НАЙМДУГААР БҮЛЭГ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ БУСАД ЭРХ
23 дугаар зүйл. Хууль зүйн туслалцаа авах эрх
23.1. Шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөл, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд саадгүй, хүртээмжтэй байна.
23.2. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүн шаардлагатай хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл, сэтгэл зүйн тусламж үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэ төлбөргүй хангагдах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
23.3. Шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөл, хууль сахиулах байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүнд түүний эрх, үүрэг болон холбогдох мэдээллийг хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь нийцүүлэн ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр тайлбарлаж өгнө.
23.4. Шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөл, хууль сахиулах байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүн эрх ашгаа хамгаалахад хүртээмжтэй орчныг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд үйлчилгээ үзүүлэхдээ текст уншигч, бичигч, дохионы хэлний хэлмэрч, орчуулагчаар үнэ төлбөргүй хангана.
23.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хууль зүйн анхан шатны мэдээлэл зөвлөгөөг түүний бэрхшээлийн онцлогт тохируулан хүртээмжтэй хүргэж, чадавхжуулах үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын эрх зүйн хөтчөөр дамжуулан хүргэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
23.6. Энэ зүйлийн 23.1-23.5-д заасан үйлчилгээний зардлыг шүүх, прокурор, цагдаа, хууль сахиулах байгууллагын тухайн жилийн төсөвт тусган шийдвэрлэнэ.
23.7. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль зүйн туслалцаа авахтай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг холбогдох бусад хуулиар зохицуулна.
24 дүгээр зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх
24.1. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, үнэлэх, түүнд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн, гэр бүл, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, хүүхдийн хөгжлийн төвийг байгуулан, хөгжлийн хоцрогдолтой хүүхдэд тусгай хөтөлбөрийн дагуу үйлчилгээ үзүүлэхийг төрөөс дэмжинэ.
24.2. Төрөөс үзүүлж буй эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үнэ төлбөргүй байна.
24.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх төвийг төрийн бус байгууллагын дэргэд ажиллуулж болно.
24.4. Энэ зүйлийн 24.3-т заасан төвөөр дараах үйлчилгээг үзүүлнэ:
24.4.1. сэргээн засах үйлчилгээ;
24.4.2. боловсрол, хөгжлийн үйлчилгээ;
24.4.3. сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээ;
24.4.4. сэргээн засах болон боловсрол, хөгжлийн цогц үйлчилгээ.
24.5. Энэ зүйлийн 24.3-т заасан үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журмыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн, боловсролын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
24.6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн стандартыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн, боловсролын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
24.7. Энэ зүйлийн 24.3-т заасан төвийн үйлчилгээ, үйл ажиллагааны зардлыг аймаг, нийслэл, дүүргийн тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
24.8. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн үйлчилгээ, үйл ажиллагааны жишиг зардлыг Засгийн газар батална.
24.9. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчид хүүхдээ өсгөн бойжуулах, хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар олгох ажлыг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж болно.
24.10. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэр бүл, олон нийтэд суурилсан хамруулан хөгжүүлэх хүрээнд олон улсад туршигдсан хөтөлбөр, үйлчилгээнд хамруулж, холбогдох салбарын бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлнэ.
24.11. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэтгэлэг төлөгч нь Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу тэтгэлэг төлнө.
24.12. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй эх /эцэг/ сайн дураар нийгмийн даатгалд хамрагдах тохиолдолд тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс бүрэн хариуцна.
24.13. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд Боловсролын ерөнхий хуулийн 10.1.11 дэх заалтад заасан эрхтэй.
24.14. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.
24.15. Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар байнгын асаргаа шаардлагатай 18 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, эсхүл хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөл, хүсэлтээр 21 насанд хүртэл нь энэ хуульд заасан боловсролын болон асрамжийн үйлчилгээнд хамруулж болно.
25 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний жендэрийн эрх тэгш байдал
25.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор төрөөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
25.1.1. гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, гэмт хэрэгт өртсөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх эрүүл мэнд, хууль зүйн, сэтгэл зүйн болон бусад шаардлагатай үйлчилгээг түүний сэтгэл зүй, нас бие, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн мэргэжлийн түвшинд хүртээмжтэй үзүүлэх;
25.1.2. гэрч, хохирогчийг хамгаалах байр нь хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн, хүртээмжтэй байх;
25.1.3. энэ зүйлийн 25.1.1-д заасан үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж болно.
25.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний жендэрийн эрх тэгш байдалтай холбогдон энэ хуульд зааснаас бусад харилцааг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
26 дугаар зүйл. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх
26.1. Бүх шатны сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй хүн саналаа бие даан, чөлөөтэй, нууцаар өгөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
26.2. Бүх шатны сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хүртээмжтэй байна.
26.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүх шатны сонгуульд нэр дэвшихэд улс төрийн нам, эвсэл холбогдох хуульд заасны дагуу дэмжих үүрэгтэй.
26.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар улс төрийн нам, эвсэл, бие даагч бодлого, мөрийн хөтөлбөртөө тусгана.
26.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг Улсын Их Хурал, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшүүлэх доод хязгаарыг холбогдох хуулиар баталгаажуулна.
27 дугаар зүйл. Хувийн нууцыг хүндэтгэх
27.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний захидал харилцаа, эрүүл мэнд, эд хөрөнгө, гэр бүлийн нууц болон нэр төр, алдар хүндийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаална.
27.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлж байгаа аливаа этгээд хөгжлийн бэрхшээлтэй хүний нууцыг задруулахыг хориглоно.
28 дугаар зүйл. Бие даан амьдрах эрх
28.1. 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрах эрхтэй.
28.2. Бие даан амьдрах эрх нь дараах дэмжих үйлчилгээгээр хангагдана:
28.2.1. хувийн туслахын үйлчилгээ;
28.2.2. дэмжих бүлэг буюу харилцан суралцах үйлчилгээ;
28.2.3. сургалт мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ;
28.2.4. бие даан амьдрахад бэлтгэх түр байрлуулах үйлчилгээ;
28.2.5. дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийн үйлчилгээ;
28.2.6. хөтөч нохойн үйлчилгээ.
28.3. хөтөч нохойн үйлчилгээ.
28.4. Энэ зүйлийн 28.2.1-28.2.5-д заасан үйлчилгээний жишиг зардлыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
28.5. Энэ зүйлийн 28.2.1-28.2.4-т заасан үйлчилгээний зардлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.3-т заасан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангаас санхүүжүүлнэ.
28.6. Энэ зүйлийн 28.2.5-д заасан дэмжих үйлчилгээний төлбөрийг тухайн салбарын үйлчилгээ үзүүлсэн байгууллага нь дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийн үйлчилгээ үзүүлсэн байгууллага, хувь хүнд төлнө.
28.7. Энэ зүйлийн 28.2.6-д заасан үйлчилгээний журмыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн, хөдөө аж ахуйн, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
28.8. Хөтөч нохой сургахтай холбоотой хөрөнгийг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн байгууллагын төсвөөс санхүүжүүлнэ.
28.9. Дэмжих үйлчилгээний журам бүрт үйлчилгээний төрөл, хэлбэр, жишиг зардал, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах, түүнд тавигдах шаардлагыг тусгана.