15.1. Мэргэжлийн нэгдсэн холбоо нь энэ хууль болон дүрэмдээ заасан зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн байгууллагатай дараахь чиглэлээр хамтран ажиллана:
15.1.1. салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх саналаа төрийн байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг хамтран зохион байгуулах;
15.1.2. хууль тогтоомжийн төсөл боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн зөвлөмжөөр хангаж, дэмжлэг үзүүлэх;
15.1.3. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан салбарын хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн зөвлөмжөөр хангаж, дэмжлэг үзүүлэх;
15.1.4. захиргааны хэм хэмжээний акт боловсруулахад батлах эрх бүхий байгууллага албан тушаалтантай хамтран ажиллах, төсөл боловсруулж хүргүүлэх;
15.1.5. салбарын бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний норм, норматив, стандарт, дүрэм, журмыг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
15.1.6. салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжлийн зэрэг дэв, итгэмжлэл олгох болон мэргэшүүлэх сургалт зохион байгуулах чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх;
15.1.7. салбарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх;
15.1.8. салбарын дотоод зах зээлийг хамгаалах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн татвар, зээлийн болон бусад дэмжлэг, урамшууллын талаар санал боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
15.1.9. салбарын хэмжээнд байгаль орчныг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх чиглэлийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
15.1.10. дотоод, гадаадад төрөлжсөн үзэсгэлэн, яармаг, хурал, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах;
15.1.11. төрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж буй тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүний 50-иас доошгүй хувийг Мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөллөөс бүрдүүлэх;
15.1.12. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн төлөөлөн удирдах зөвлөлд мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөллийг оролцуулах;
15.1.13. бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй холбоотой салбар болон салбар дундын судалгаа, шинжилгээний ажлыг хийхэд оролцох;
15.1.14. зах зээлийн багтаамж, эрэлтэд нийцүүлэн салбарт хэт өрсөлдөөн үүсгэхгүй байх хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх талаар саналаа хүргүүлэх;
15.1.15. салбарын бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг сайжруулах ажлын хүрээнд “Эх оронч худалдан авалт”-ын тогтолцоог бүрдүүлэх, соён гэгээрүүлэх, сурталчлах ажлыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах;
15.1.16. хуульд болон гэрээнд заасан бусад.
15.2. Мэргэжлийн нэгдсэн холбоо нь хууль болон гэрээнд зааснаас гадна үйл ажиллагааны тайлангаа жил бүрийн 12 дугаар сард багтаан салбарынхаа төрийн захиргааны төв байгууллага болон Үндэсний нэгдсэн зөвлөлд хүргүүлнэ.