4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “бие даасан дулаан хангамжийн систем” гэж төвлөрсөн дулаан хангамжийн системд холбоход төвөгшилтэй бүс, байршилд дулааныг зарж борлуулах зорилгогүйгээр, зөвхөн өөрийн хэрэглээг хангах зориулалтаар барьж байгуулсан хэрэглэгчийн өмчийн дулаан хангамжийн системийг;
4.1.2. “дулаан” гэж дулаан зөөгчийн термодинамикийн үзүүлэлтийг өөрчлөх замаар хэрэглэгчийн хэрэгцээнд бий болгосон эрчим хүчийг;
4.1.3. “дулаан дамжуулах” гэж дулааны эх үүсгүүрээс үйлдвэрлэсэн дулааныг дулаан түгээх сүлжээ болон дамжуулах сүлжээнд шууд холбогдсон хэрэглэгчид тээвэрлэн хүргэх үйл явцыг;
4.1.4. “дулаан дамжуулах байгууллага” гэж дулаан дамжуулах үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг;
4.1.5. “дулаан дамжуулах төв” гэж хоёр ба түүнээс дээш барилгын халаалт, агаар сэлгэлт, халуун ус хангамж, дулаан ашигладаг технологийн тоног төхөөрөмжийг холбоход зориулагдсан байгууламжийг;
4.1.6. “дулаан дамжуулах сүлжээ” гэж төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл системийн эх үүсгүүрээс дулаан дамжуулах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг;
4.1.7. .“дулаан зөөгч” гэж дулааныг зөөвөрлөхөд ашигладаг шингэн эсхүл хийн бодис болох ус, уур, агаар болон бусад бодисыг;
4.1.8. “дулаан түгээх” гэж дулаан эсхүл дулаан зөөгчийг дулаан дамжуулах сүлжээнээс хэрэглэгчид хүргэх үйл явцыг;
4.1.9. “дулаан түгээх байгууллага” гэж дулаан түгээх үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийг;
4.1.10. “дулаан түгээх сүлжээ” гэж дулаан дамжуулах төв, түүнээс хэрэглэгчийн тоолуур, хэмжих хэрэгсэл хүртэлх шугам, тоног төхөөрөмжийг;
4.1.11. “дулаан үйлдвэрлэх” гэж дулааны анхдагч эх үүсвэрийг ашиглан стандартын шаардлага хангасан дулааны эрчим хүчийг хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж үйлдвэрлэх үйл явцыг;
4.1.12. “дулаан үйлдвэрлэх байгууллага” гэж дулааны эх үүсгүүрээр хэрэглэгчийн хэрэгцээнд дулаан үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийг;
4.1.13. “дулаан хангамжийн байгууллага” гэж дулаан үйлдвэрлэх, дамжуулах болон түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагыг;
4.1.14. “дулаан хангамжийн бүс” гэж байгаль орчны шаардлагыг хангасан, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн, үндэслэл бүхий үнэтэй дулаанаар хэрэглэгчийг аюулгүй, найдвартай, үр ашигтай хангах нарийвчилсан төлөвлөгөөний үндсэн дээр тодорхойлсон бүсийг;
4.1.15. “дулаан хангамжийн найдвартай байдал” гэж хэрэглэгчдэд чанартай, аюулгүй дулаан хангамжийг тасралтгүй хүргэх дулаан хангамжийн системийн төлөв байдлын үзүүлэлтийг;
4.1.16. “дулаан хангамжийн оролцогч талууд” гэж дулаан хангамжийн байгууллага, хэрэглэгчийг;
4.1.17. “дулаан хангамжийн систем” гэж барилга, орон сууц, үйлдвэрлэлийн байгууламжид зориулж үйлдвэрлэсэн дулааны эрчим хүч ба уурыг дулааны эх үүсгүүрээс шугам, сүлжээгээр дамжуулан хэрэглэгчийн тоноглол хүртэл хуваарилах систем, түүний иж бүрдлийг;
4.1.18. “дулаан хангамжийн хөгжлийн схем” гэж тухайн орон нутаг, бүсийн онцлогийг харгалзан дулааны эрчим хүчний ирээдүйн хэрэгцээг хангах зорилгоор боловсруулж баталсан, дулаан хангамжийн системийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөлт бүхий, техник-эдийн засгийн нарийвчилсан үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг;
4.1.19. дулаан хэрэглэгч (цаашид "хэрэглэгч" гэх)” гэж өөрийн хэрэгцээнд дулааны эрчим хүч худалдан авч байгаа иргэн, хуулийн этгээдийг;
4.1.20. “дулаанаар зохицуулалттай хангах” гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.17-д заасныг;
4.1.21. “дулаанаар хангах” гэж дулаан үйлдвэрлэгчээс шаардлагатай хэмжээний дулааныг худалдан авч, хэрэглэгчид худалдан борлуулах үйл ажиллагааг;
4.1.22. “дулаанаар хангах байгууллага” гэж хэрэглэгчид дулааны эрчим хүч борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг;
4.1.23. дулааны барилга байгууламж” гэж дулааны эх үүсгүүр, дулаан дамжуулах, түгээх сүлжээ болон технологийн зориулалттай бусад байгууламжийг;
4.1.24. “дулааны тариф” гэж зохицуулах байгууллага төвлөрсөн дулаан хангамжийн системийн үйл ажиллагааны бодит өртөг зардалд үндэслэн дулаан хангамжийн байгууллага болон хэрэглэгч мөрдөхөөр тогтоосон үйлчилгээний төлбөр ба тарифыг;
4.1.25. “дулааны тоолуур” гэж дулааны эрчим хүчний баланс тооцох болон хэрэглэгчийн хэрэглэсэн дулааны эрчим хүчийг тооцох, хэмжих зориулалттай хэмжих хэрэгслийг;
4.1.26. “дулааны үнэ” гэж хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн өмчлөгч эсхүл эзэмшигч тухайн системд холбогдсон хэрэглэгчтэй харилцан зөвшилцөж, тохиролцсон нэгж дулааны эрчим хүч борлуулах үнийг;
4.1.27. “дулааны хоёрдогч эх үүсвэр” гэж үйлдвэрлэлийн процессоос хаягдаж буй ус, ууранд хадгалагдаж буй дулаан болон сүлжээний буцах уснаас ашиглах боломжтой дулааныг;
4.1.28. “дулааны хуримтлуур” гэж цахилгаан эрчим хүчийг дулааны эрчим хүч болгон хувиргах болон илүүдэл дулааны эрчим хүчийг нөөцлөх, сүлжээний найдвартай ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх зориулалттай даралтад сав /хадгалах сав/ бүхий иж бүрэн тоног төхөөрөмжийг;
4.1.29. “дулааны чадал” гэж дулааны эх үүсгүүр, дамжуулах, түгээх сүлжээ, хэрэглэгчийн түвшинд тодорхойлогдсон нэгж хугацаанд үйлдвэрлэсэн, дамжуулсан, хэрэглэсэн дулааны тоо хэмжээг;
4.1.30. “дулааны эрчим хүчний чанар” гэж энэ хуульд заасан дүрэм, норм, стандартын хүрээнд дулаан хангамжийн системийн термодинамикийн үзүүлэлтийн нийцлийг;
4.1.31. “дулааны эх үүсгүүр” гэж дулаан үйлдвэрлэх зориулалттай дулааныг дангаар болон цахилгаантай хослон үйлдвэрлэх станц, халаалтын зуух, бусад суурилуулсан тоног төхөөрөмжийн нэгдлийг;
4.1.32. “зардал хуваарилах төхөөрөмж” гэж барилгын халаах хэрэгсэл дээр суурилуулсан тухайн халаах хэрэгслийн дулаан ялгаруулалтыг хэмжих зориулалттай төхөөрөмжийг;
4.1.33. мэдээллийн нэгдсэн систем” гэж Эрчим хүчний тухай хуулийн 111 дүгээр зүйлд заасан дулаан хангамжийн салбарын хэвийн үйл ажиллагааг хангахад байгууллага хоорондын нэгдмэл уялдааг хангах, үйл ажиллагаанд хяналт, дүн шинжилгээ хийх, бодлого төлөвлөлтөд шаардлагатай мэдээллийг нэгтгэн боловсруулж, дүн шинжилгээ хийх зориулалт бүхий мэдээллийн системийг;
4.1.34. нийтийн сүлжээ” гэж хоёр ба түүнээс хэрэглэгчийг хангах зориулалттай төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээний хэсгийг;
4.1.35. “оргил ачааллын эх үүсгүүр” гэж дулаан хангамжийн системийн оргил ачааллыг хаах зориулалттай, эх үүсгүүрийн дэргэд болон дулаан дамжуулах, түгээх сүлжээнд тархмал байдлаар холбосон эх үүсгүүрийг;
4.1.36. “орон нутгийн төвлөрсөн дулаан хангамжийн систем” гэж хот, тосгон, аймаг, сумын төвийг бүхэлд нь эсхүл тухайн орон нутгийн тодорхой суурьшлын бүсийн дулааны хэрэглээг хангах зориулалттай дулааны эх үүсгүүр, түгээх сүлжээний нэгдлийг;
4.1.37. “төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл систем” гэж дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг болон дулааныг дангаар үйлдвэрлэдэг нэг болон түүнээс дээш эх үүсгүүрээс дулаан дамжуулах нэгдсэн сүлжээгээр диспетчерийн зохицуулалттайгаар хангах үйл ажиллагааг;
4.1.38. “тархмал эх үүсгүүр” гэж төвлөрсөн дулаан хангамжийн системийн ачааллыг оновчтой зохицуулах, үр ашгийг сайжруулах, найдвартай байдлыг хангах зорилгоор нэгдсэн сүлжээний тодорхой байршилд холбосон дулааны нэмэлт эх үүсгүүрийг;
4.1.39. “техникийн нөхцөл” гэж дулаан хангамжийн систем, шугам сүлжээг барьж байгуулах, тоног төхөөрөмж суурилуулах техник, технологийн шийдлийг тодорхойлсон эрх бүхий этгээдээс авах зөвшөөрлийг;
4.1.40. “түлш” гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.3 дахь заалтыг;
4.1.41. "халаалтын улирал" гэж хүний ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тухайн орон нутгийн олон жилийн цаг агаарын дундаж үзүүлэлтэд тулгуурлан тогтоосон барилга, байгууламжийг дулаанаар хангах шаардлагатай хугацааг;
4.1.42. “хэсэгчилсэн дулаан хангамжийн систем” гэж төвлөрсөн дулааны сүлжээнд холбох боломжгүй бүс, байршилд дундын эх үүсгүүр ашиглах нэгдмэл ашиг сонирхолтой, эсхүл хоорондоо харилцан зөвшилцсөн этгээдүүд өөрсдийн хувийн орон байр эсхүл барилга байгууламжийг дулаанаар хангах зориулалттайгаар барьж байгуулсан, 10МВт хүртэл суурилагдсан хүчин чадалтай дулаан хангамжийн системийг;
4.1.43. “хэрэглэгчийн тоноглол” гэж хэрэглэгчийг дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбох, түүнийг дулаанаар хангахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг;
4.1.44. “эрчим хүчний анхдагч эх үүсвэр” гэж дулаан үйлдвэрлэх зориулалтаар ашиглаж болох бүх төрлийн нүүрс, занар, мазут, газрын тос, уран ба торийн хүдэр, тэдгээрийн дагавар бүтээгдэхүүн болон баяжмал, байгаль дээр оршиж байгаа биомасс, хий, бусад органик материалыг;
4.1.45. “эрчим хүчний эх үүсгүүр” гэж эрчим хүчний анхдагч эх үүсвэрийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа байгууламжийг;