Бусад төслүүд more_horiz

Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 2-р сарын 28 өдөр
Улаанбаатар хот
“Эрдэнэт үйлдвэр” Төрийн Өмчит Үйлдвэрийн Газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах .
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1 ДЭХ ХЭСГИЙГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасныг үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимтэй явуулах;
2. хүдрийн овоолгыг боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалтыг бүрэн шийдвэрлэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхэлснээс хойш 7-оос илүүгүй жилийн дотор өөрийн эзэмшиж буй хувьцааг компанид эргүүлэн өгөх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн хөрөнгө оруулагчийг нээлттэй шалгаруулан катодын цэвэр зэс үйлдвэрлэх хуулийн этгээдийг хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр байгуулах;
3. хаалттай хувьцаат компанийн хувьцааны 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 33 хувийг хөрөнгө оруулагч /тогтоолын 2-т заасны дагуу шалгарсан аж ахуйн нэгж/, 33 хувийг Орхон аймагт оршин суугаа иргэн хамтарсан санд өөрийн хүсэлтээр нэгдэж орсноор эзэмшүүлэх;
4. энэ тогтоолын 2-т заасны дагуу хөрөнгө оруулагчийн эзэмшилд байгаа 33 хувийн хувьцааг компанид эргүүлэн өгсөн үед давуу эрхийн хувьцаагаар сольж Орхон аймгийн орон нутгийн өмчид шилжүүлэх;
5. орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг зөвхөн дараах зориулалтаар зарцуулах; Үүнд:
a. Орхон аймгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах хөрөнгө оруулалтад;
б. Орхон аймаг дахь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгоход.
6. Орхон аймагт оршин суугаа иргэн дараах шалгуурыг хангасан иргэн хамтарсан санд өөрийн хүсэлтээр нэгдэж орох;
a. 2022 оны 06 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Орхон аймагт тасралтгүй 5-аас доошгүй жил оршин суусан;
б. Орхон аймагт төрсөн, 2022 оны 06 дүгээр сарын 01-нээс хойш 5 нас хүрсэн, эцэг эх нь Орхон аймагт албан ёсоор оршин сууж байгаа.
7. энэ тогтоолын 3-т заасан хамтарсан сангийн дүрэмд дараах нөхцөлд иргэдийн хувьцаа эзэмших эрхийг дуусгавар болгох асуудлыг тусгах; Үүнд:
a. иргэн Орхон аймгаас шилжиж оршин суух бүртгэлээс албан ёсоор хасагдсан;
б. иргэн нас барсан.
8. иргэдэд ноогдол ашиг тараахдаа бэлэн мөнгө хувиарлахгүй байх зарчмыг баримтлан дараах зориулалтаар олгох:
a. иргэд орон сууцны зээл, хүүгийн төлбөрөө төлөх;
б. хүүхдийн сургалтын төлбөр төлөх;
в. эмчилгээний зардал төлөх;
г. даатгалын хураамжийн төлбөр төлөх.
9. ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг цаашид баталгаатай өсгөх зорилгоор эрсдэлээс хамгаалагдсан хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлэх.
2. Энэ тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө хүдрийн овоолго ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бүх компанийг тогтоол батлагдсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд энэхүү тогтоолд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах.
3. Энэ тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төсөл боловсруулагчид

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх