15.1. Органик үйлдвэрлэл эрхлэгчийн дараах үйл ажиллагаанд доор дурдсан мөнгөн дэмжлэг үзүүлнэ:
15.1.1.шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал;
15.1.2.баталгаажсан, бүртгэлтэй органик бүтээгдэхүүнийг олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулах зардлын 50-иас доошгүй хувийг;
15.1.3.дотоодод үйлдвэрлэсэн органик бордоо ашигласан органик үйлдвэрлэл эрхлэгчийн бордоо худалдан авсан эхний 3 жилийн зардал.
15.2. Органик үйлдвэрлэл эрхлэгчид доор дурдсан мөнгөн бус дэмжлэг үзүүлнэ:
15.2.1.сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэх;
15.2.2.органик бүтээгдэхүүнийг экспортолсон тохиолдолд үйлдвэрлэл эрхлэгчийн хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-иас доошгүй хувьд хүүгийн дэмжлэг үзүүлэх, ногоон зээлд хамруулах;
15.2.3.дэвшилтэт арга, технологи, инноваци нэвтрүүлж, нутагшуулан шинэ нэр төрлийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн тохиолдолд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох;
15.2.4.органик үйлдвэрлэл эрхлэгчид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
15.2.5.органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл, сургалт, сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэх;
15.2.6.сум, дүүргийн нутаг дэвсгэрт энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн органик мал аж ахуй, тариалангийн үйлдвэрлэлийг эрхлэх бүс нутаг /цаашид “органик бүс нутаг” гэх/-тай байх;
15.2.7.олон улсын болон гадаад орны зээл, тусламжаар органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.
15.3. Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого, шийдвэрийг үндэсний хэмжээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутагт тухайн аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус хэрэгжүүлнэ.
15.4. Энэ хуулийн 15.2.1-д заасан дэмжлэг үзүүлэх асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцаж хэрэгжүүлнэ.
15.5. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 15.2.6-д заасан органик бүс нутаг, түүний заагийг тогтоох асуудлыг шийдвэрлэж, мэдээллийн санд бүртгүүлнэ.
15.6. Баталгаажсан, мэдээллийн санд бүртгэлтэй органик бүтээгдэхүүнийг энэ хуулийн 15.2.2.-т заасан ногоон зээлийн шаардлага хангасанд тооцно.
15.7. Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортод төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшуулалтай холбогдох журмыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.