24.1. Ажил олгогч аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад сул орон тоо, тухайн сул ажлын байранд тавигдах шаардлагын талаарх мэдээллээ хүргүүлж, ажилтан авах хүсэлт гаргана.
24.2. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны мэдээллийг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд байршуулж, нэн даруй нийтэд мэдээлнэ.
24.3. Ажил олгогч гадаад улсаас ажилтан авах зорилгоор тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай мэргэжил, ур чадварыг хэт өндөр тавих, ажлын байрны шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно. Энэ заалтын хэрэгжилтэнд тухайн аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн улсын байцаагч хяналт тавина.
24.4. Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш 14 хоногийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад улсаас ажилтан ажиллуулах зөвшөөрөл хүсэх эрхтэй.
24.5. Ажил олгогч гадаад улсаас ажилтан авч ажиллуулах хүсэлтийг дараах бичиг баримтын хамт хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргана:
24.5.1. гадаад ажилтан ажиллуулах ажлын байрны ангилал, төрөл, жагсаалт, байршил, тэдгээрийн үргэлжлэх хугацааг тодорхойлсон ажлын төлөвлөгөө;
24.5.2. улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй эрхлэх ажил, үйлчилгээнд хамаарах бол тусгай зөвшөөрлийн бичиг баримт;
24.5.3. гадаад ажилтны мэргэжил, ур чадварыг нотолсон баримт бичиг/тухайн улсын хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагаар баталгаажсан байх/;
24.5.4. энэ хуулийн 24.4 дэх шаардлагыг хангасан талаарх мэдээлэл, тодорхойлолт;
24.5.5. үйлчилгээний хураамж төлсөн тухай баримт;
24.5.6. хууль тогтоомжид заасан бусад.
24.6. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ажил олгогчид гадаад ажилтан авах 3 сарын хугацаатай зөвшөөрөл олгоно.
24.7. Энэ хуульд заасан хугацаанд гадаад ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гадаад ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл аваагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол хугацааг нэг удаа 3 хүртэл сараар сунгаж болно.
24.8. Энэ хуулийн 22.1-ийн 5, 6 дахь хэсэгт заасан ажлын байрны ангилалд 24.5.3-т заасан мэргэшлийн зэрэг, ур чадварын үнэлгээг мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний асуудал хариуцсан байгууллага тогтоон баталгаажуулж, гэрчилгээжүүлж болно.
24.9. Энэ хуулийн 22.1-т заасан ажлын байрны 1, 2, 3, 6.1 дэх ангилалд энэ хуулийн 24.4, 25.5.4-т заасан шаардлага хамаарахгүй.