Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 12-р сарын 19 өдөр
Ulaanbaatar city
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь биеийн тамир, спортоор дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшлийг дэмжих, салбарын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлоход оршино.
2 дугаар зүйл. Биеийн тамир, спортын хууль тогтоомж
2.1. Биеийн тамир, спортын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулаагүй үндэсний спорттой холбогдсон бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2. Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулаагүй спортын холбооны үйл ажиллагаатай холбогдсон бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.3. Спортыг дэмжих сантай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн хуулиар зохицуулна.
3.4. Спортын маргаан шийдвэрлэх ажиллагааг холбогдох хууль, дүрмээр зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “биеийн тамир” гэж дасгал сургуулилт, идэвхтэй хөдөлгөөнөөр дамжуулан иргэний сэтгэл, оюуны болон бие бялдрыг хөгжүүлэх, үүний үр дүнд оюун ухааны болон материаллаг үнэт зүйлийг бий болгох үйл ажиллагааг;
4.1.2. “биеийн тамирын арга зүйч” гэж биеийн тамир, спортын нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахад болон иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх этгээдийг;
4.1.3. “биеийн тамир, спортын ажилтан” гэж биеийн тамир, спортын байгууллагад ажиллаж байгаа болон энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэшсэн этгээдийг;
4.1.4. “биеийн тамир, спортын байгууллага” гэж биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа эрхэлж, спортын чиглэлийн ажил, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
4.1.5. “гарын үсэг зурагч тал” гэж Дэлхийн Допингийн эсрэг Агентлагийн өмнө үүрэг хүлээсэн Монголын Үндэсний Олимп, Паралимпын Хороо болон допингийн эсрэг үндэсний байгууллагыг;
4.1.6. “дасгалжуулагч” гэж биеийн тамирын зохих боловсролтой, спортын амжилтыг ахиулах зорилго бүхий, сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагааг удирдах эрхтэй этгээдийг;
4.1.7. “допинг” гэж спортын үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглосон бодис, хориотой аргыг;
4.1.8. “Дэлхийн Допингийн эсрэг Агентлаг” гэж допингийн эсрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хянах чиг үүрэг бүхий олон улсын байгууллагыг;
4.1.9. “Допингийн эсрэг Үндэсний зөвлөл” гэж Монгол улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын "Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц", Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг хангах талаар дүгнэлт, зөвлөмж гаргах эрх бүхий этгээдийг;
4.1.10. “Допингийн эсрэг үндэсний байгууллага” гэж Монгол улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын "Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц", Копенхагены тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх төрийн бус байгууллагыг;
4.1.11. “идэвхтэй хөдөлгөөн” гэж эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн хүний булчингийн үйл ажиллагааны оролцоотой 30 ба түүнээс дээш минутын хугацаанд тасралтгүй хүч зарцуулан тогтмол хийж байгаа дасгал хөдөлгөөнийг;
4.1.12. “Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитр” гэж спорттой холбоотой маргааныг эвлэрүүлэн зуучлал болон арбитрын журмаар, допингын маргааныг дагнасан комиссын журмаар хянан шийдвэрлэдэг, байнгын үйл ажиллагаатай төрийн бус байгууллагыг;
4.1.13. “Монголын Үндэсний Олимп, Хороо” гэж олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх,хамгаалах,сурталчлан дэлгэрүүлэх зорилго бүхий Олон улсын олимпын хорооны гишүүн,Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын үүсгэн байгуулагч төрийн бус байгууллагыг;
4.1.14. “Монголын Үндэсний Паралимпын Хороо” гэж паралимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх, хамгаалах, сурталчлан дэлгэрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг биеийн тамир, спортын арга хэмжээнд татан оролцуулах зорилго бүхий Олон улсын Паралимпын хорооны гишүүн, Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын үүсгэн байгуулагч төрийн бус байгууллагыг;
4.1.15. “мэргэжлийн тамирчин” гэж спортын тодорхой нэг төрлөөр мэргэшсэн, гэрээ, контрактын дагуу ашгийн төлөө тэмцээнд оролцон цалин хөлс, бусад мөнгөн урамшуулал авдаг тамирчныг;
4.1.16. “оюутны спорт” гэж мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагын суралцагч оюутанд бие бялдрын боловсрол олгоход чиглэсэн биеийн тамир, спортын арга хэмжээ, бэлтгэл сургуулилт, албан ёсны биеийн тамир, спортын тэмцээн, наадамд оролцуулах үйл ажиллагааг;
4.1.17. “сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол” гэж боловсролын албан болон албан бус хэлбэрээр иргэний сэтгэл, оюун ухаан болон бие бялдрыг хөгжүүлэхэд шаардлагатай идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх мэдлэг, арга барил, дадал, хандлага, дүрэм, журмыг эзэмшүүлэх үйл ажиллагааг;
4.1.18. “спорт” гэж биеийн тамирын хөгжлийн үр дүнд буюу дасгал хөдөлгөөнөөр тусгай журмын дагуу бэлтгэж, тэмцээн наадамд оролцох үйл ажиллагааг;
4.1.19. “спортын барилга байгууламж” гэж иргэн, тамирчид биеийн тамир, спортоор хичээллэх, спортын тэмцээн зохион байгуулах зориулалт бүхий байгууламж, түүний дэд бүтцийг;
4.1.20. “спортын клуб” гэж идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортын үйл ажиллагаа эрхлэн, сургалт-дасгалжуулалтын чиглэлээр үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
4.1.21. “спортын наадам” гэж нэгдсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа спортын тэмцээн, соёл урлагийн арга хэмжээний нэгдлийг;
4.1.22. “спортын тэмцээн“ гэж тухайн спортын төрлөөр тамирчид, багуудын хооронд тогтоосон дүрмийн дагуу өрсөлдөх үйл явцыг;
4.1.23. “спортын холбоо” гэж нэг, эсхүл хэд хэдэн спортын төрлийг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг;
4.1.24. “спортын төрөл” гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм, журамтай, тодорхой хэрэгсэл, тоног төхөөрөмж, орчин бүхий спортын нэг хэсгийг;
4.1.25. “спортын шүүгч” гэж тэмцээн, наадмыг дэнслэх үйл ажиллагаанд тусгайлан бэлтгэгдсэн, холбогдох цол зэрэгтэй, спортын дүрэм журам, зааврын хэрэгжилтийг сахин хангуулах, зохион байгуулагчаас эрх олгосон этгээдийг;
4.1.26. “тамирчин” гэж спортын сургалт-дасгалжуулалтаар тогтмол бэлтгэгдэн, спортын тэмцээнд оролцон амжилтад хүрэх хүсэл зорилготой этгээдийг;
4.1.27. “үндэсний спорт” гэж ард түмний уламжлалт ёс заншилд тулгуурлан хөгжсөн үндэсний онцлог шинжийг агуулсан уламжлалт спортыг;
4.1.28. “хүүхдийн спорт” гэж сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагын хүүхэд, сурагчдад сэтгэл, оюуны болон бие бялдрын бэлтгэл олгоход чиглэсэн биеийн тамир, спортын арга хэмжээ, үйл ажиллагааг;
4.1.29. ”ёс зүйн зөвлөл” гэж холбогдох ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий салбар хариуцсан Засгийн газрын гишүүн болон спортын холбоо, клубын дэргэдэх ажиллах орон тооны бус бүтцийг.
5 дугаар зүйл. Иргэн, гэр бүл биеийн тамир, спортод эрхэмлэх зүйл
5.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг тул гэр бүлийн хүрээнд биеийн тамир, спортын талаар дараах хандлагыг эрхэмлэвэл зохино:
5.1.1. иргэн эрүүл мэндээ хамгаалах, бие бялдрын чанараа байнга хөгжүүлэх зорилгоор биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж, хүн амын дунд зохиож байгаа спортын арга хэмжээнд идэвхтэй оролцох, сорилын болзлоо ханган биелүүлэх;
5.1.2. хүн бүр өдөр тутамдаа 30 минутаас багагүй хугацаанд хөдөлгөөн хийх, эрүүл чийрэг бие бялдар, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх;
5.1.3. хүний сэтгэл оюуны боловсрол, бие бялдрын хөгжлийг дэмжих замаар нийгэмд эерэг хандлагыг дэлгэрүүлэхийн тулд тамирчин байх эсэхээс үл хамааран хүн бүр өөрийн бие бялдар, хүсэл сонирхолд нийцсэн биеийн тамир, спортоор хичээллэх, тэмцээн наадамд оролцох, амралт чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх;
5.1.4. эцэг, эх, асран хамгаалагч хүүхдийн авьяасыг багаас нь илрүүлэх, ур чадварыг хөгжүүлэх,бие бялдрын хөгжил, сэтгэл оюуны төлөвшилд нь байнга анхаарах, туслалцаа дэмжлэг үзүүлэх;
5.1.5. хүүхдээ спортын сургалтын үйл ажиллагаанд хамруулах, багш, дасгалжуулагчаас тавьсан шаардлагыг биелүүлэх, хамтран ажиллах, хөгжлийн үйл явц, үр дүнтэй танилцах, хяналт тавих;
5.1.6. хүүхдийг гэр бүлийн орчинд биеийн тамир, спортоор хичээллүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, зөв арга барил, дадал чадварыг эзэмшүүлэх;
5.1.7. хүүхдэдээ үлгэрлэх, тэднийг урамшуулах, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх.
6 дугаар зүйл. Биеийн тамир, спортын үйл ажиллагааны зарчим
6.1. Биеийн тамир, спортын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
6.1.1. идэвхтэй хөдөлгөөн, спорт нь бүх нийтэд хүртээмжтэй, тогтвортой байх;
6.1.2. хувь хүний онцлог, бие бялдрын хөгжилд нийцсэн олон хувилбартай, сонголт хийх боломжтой байх;
6.1.3. төр, хуулийн этгээд, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах.
7 дугаар зүйл. Биеийн тамир, спортод эрхэмлэн баримтлах ёс зүйн хэм хэмжээ
7.1. Спортын тамирчид, дасгалжуулагч, шүүгч, зүтгэлтэн, дэмжигчид оюун ухаан, бие бялдар, ёс суртахууны зөв хандлагатай бүтээлч иргэн, идэвхтэй амьдралын дадал хэвшилтэй гэр бүлийн орчныг төлөвшүүлэхийн төлөө дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:
7.1.1. хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, үзүүлсэн амжилт, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдлаар ялгаварлан гадуурхлаас ангид байх;
7.1.2. сэтгэл зүй, бие бялдар, ажил мэргэжил, мэргэшил, бэлгийн алив нэгэн шахалт дарамтыг биеэр, үгээр болон цахимаар үзүүлэхийг цээрлэх;
7.1.3. нөхөрсөг зан харилцаа, хүний мөн чанарт итгэж, хүн хүнээ хүндэтгэх ёс суртахуун, хүмүүжил, хүндлэл, тэвчээр зэрэг зан үйлийн сайн чанарыг дээдлэх;
7.1.4. спортын талбарт хичээнгүйлэн өрсөлддөг, ямарваа нэгэн хууран мэхлэх оролдлогоос зайлсхийж, шан харамж, бэлэг сэлт, бусад санхүүгийн үр, ашигтай үйлчилгээг шаардахгүй, уг саналыг бусдад тавихгүй, хүлээн авдаггүй байх, шударга бус өрсөлдөөн, худал хуурмаг явдалтай үл эвлэрэх;
7.1.5. бусдыг манлайлж, хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн ур чадварыг байнга дээшлүүлж, үзүүлсэн амжилт, үр дүнгийнхээ төлөө бүрэн хариуцлага хүлээдэг, өөрийн мэргэшсэн спортын төрлийн хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө тууштай тэмцэх;
7.1.6. иргэн болон өөр хоорондоо хүндэтгэлтэй, эелдэг харьцаж, нийгэмд биеэ зөв боловсон соёлтой авч явах, бусдад үлгэр дуурайлал үзүүлэх;
7.1.7. олимпизмын үзэл санааг дэмжиж, гадаад, дотоодын аливаа тэмцээн, наадамд оролцохдоо улс орон, баг хамт олныхоо нэр хүндийг ямагт эрхэмлэх;
7.1.8. улс төржсөн аливаа үйлдлээс ангид байж, аливаад төвч байр суурьнаас хандах;
7.1.9. бусдын нэр төрийг гүтгэн гутаах, доромжлох, баримтгүйгээр мэдээ, мэдээлэл нийтэд тараах, хувь хүний нууцад халдахгүй байх;
7.1.10. төрийн хууль ёсыг өөрийн үзэл бодол, ёс суртахуун, үйлдлээрээ эрхэмлэн дээдэлж, Монгол Улсын хууль, спортын салбарын дүрэм, журам, зааврыг дагаж мөрдөх;
7.1.11. спортын цэвэр ариун байдал, эрүүл ахуйг үлгэрлэн сахих;
7.1.12. монгол ёс заншлыг дээдэлсэн, ашгийн бус, нийгэм ялангуяа өсвөр, ахмад настан руу чиглэсэн хүмүүнлэг үйлсэд өөрийн биеэр оролцон уриалсан, хүний мөн чанар ёс жудгийг эрхэмлэсэн, амьдралын зөв дадлыг сурталчилсан, нийгэмд эерэг нөлөөлөл, хандлага түгээж байх.
7.2. Энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн тухай гомдлыг салбар хариуцсан Засгийн газрын гишүүний дэргэдэх Ёс зүйн зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.
7.3. Энэ хуулийн 7.1-д заасныг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан нь ёс зүйн зөвлөлийн шийдвэрээр батлагдсан тохиолдолд ёс зүйн шийтгэл хүлээх хугацаанд хамаарах мөнгөн шагнал, урамшууллыг олгохгүй.
7.4. Биеийн тамир, спортын салбарын улс төрийн, захиргааны болон, үйлчилгээний албан хаагчид Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг энэ хуулийн 7.1-д заасан хэм хэмжээний нэгэн адил дагаж мөрдөнө.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН УДИРДЛАГА, ТОГТОЛЦОО, БҮРЭН ЭРХ
8 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
8.1. Улсын Их Хурал нь биеийн тамир, спортыг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1. биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
8.1.2. биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих;
8.1.3. биеийн тамир, спортын асуудлаар олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, цуцлах асуудлыг шийдвэрлэх;
8.1.4. хуульд заасан бусад бүрэн эрх.
9 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
9.1. Монгол Улсын Засгийн газар биеийн тамир, спортын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1. биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;
9.1.2. иргэний нас, хүйс, хэрэгцээ сонирхолд нийцсэн биеийн тамир, спортын төрлийг хөгжүүлэхэд чиглэсэн зорилтот хөтөлбөр батлах;
9.1.3. улсын хэмжээний спортын тэмцээн, наадам зохион байгуулах асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах журмыг батлах;
9.1.4. тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалтыг батлах;
9.1.5. энэ хуулийн 9.1.3, 9.1.4, 11.1.10-д заасан тэмцээн, наадмыг зохион байгуулахад улсын төсвөөс болон спортыг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам, шалгуур үзүүлэлтийг батлах;
9.1.6. Монгол Улс олон улс, бүс нутаг, тив, дэлхийн зэрэглэлийн наадам зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвших, зохион байгуулах шийдвэр гаргах;
9.1.7. энэ хуулийн 9.1.3, 9.1.4, 12.1.3, 12.1.4-д заасан үндэсний хэмжээний болон олон улс, тив, дэлхийн наадам зохион байгуулах нутаг дэвсгэрийг хөгжүүлэх хөгжлийн зорилтот хөтөлбөрийг батлан хэрэгжилтэд хяналт тавих;
9.1.8. олимпын наадам, тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчид мөнгөн шагнал олгох, урамшуулах журмыг батлах;
9.1.9. биеийн тамир, спортын хөгжлийн шалгуурт нийцсэн хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох журам, аргачлалыг батлах;
9.1.10. допингийн эсрэг үндэсний дүрмийг батлах;
9.1.11. допингийн эсрэг Үндэсний зөвлөлийг байгуулах, бүрэлдэхүүнийг батлах;
9.1.12. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
9.2. Монгол Улсыг төлөөлөн Олимп, Паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах Үндэсний хороог Ерөнхий сайдын дэргэд байгуулж ажиллуулна.
9.3. Энэ хуулийн 9.2-т заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах дүрмийг Ерөнхий сайдын захирамжаар батална.
10 дугаар зүйл. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
10.1. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1. Монгол Улсын хууль, УИХ-ын бусад шийдвэр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангуулах;
10.1.2. улсын төсвөөс болон спортыг дэмжих сангаас энэ хуулийн 9.1.1-д заасны дагуу дэмжлэг үзүүлэх спортын төрөл ангилалыг сонгох, үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, санхүүжүүлэх журмыг батлах;
10.1.3. өсвөр үе, залуучууд, оюутан, насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн спортын сургалт-дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээнд оролцуулах үйл ажиллагааг эрхлэх, эрх олгох журмыг батлах;
10.1.4. өсвөр үе, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт явуулах, тэмцээн уралдаан зохион байгуулах журам батлах;
10.1.5. Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний норматив, шаардлага, зохион байгуулах эрх олгох журам батлах;
10.1.6. спортын тэмцээн, наадмын удирдлага, зохион байгуулалт, нээлт, хаалтын дэг, соёлын журмыг батлах;
10.1.7. олимпын болон тив, дэлхийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчид мөнгөн шагнал олгох, урамшуулах тушаал гаргах;
10.1.8. биеийн тамир, спортын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, биеэ авч явах байдлаар бусдад үлгэр дууриалал болсон, нэр хүнд бүхий зүтгэлтэн, эрдэмтэн, тамирчдаас бүрдсэн Ёс зүйн орон тооны бус зөвлөлийг байгуулах, зөвлөлийн ажиллах дүрмийг батлах;
10.1.9. биеийн тамирын ажилтан, дасгалжуулагч, арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журмыг батлах;
10.1.10. Допингийн эсрэг Үндэсний Зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлах;
10.1.11. энэ хуулийн 10.1.9-д заасан мэргэжлийн зэргийн нэмэгдлийг хөдөлмөр, нийгмийн хамгаалал, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;
10.1.12. улсын хэмжээнд биеийн тамир, спортын барилга, байгууламжийг гэрчилгээжүүлэх журмыг батлах;
10.1.13. төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх спортын холбоог сонгон шалгаруулах журмыг батлах;
10.1.14. спортын маргааныг эвлэрүүлэн зуучлал болон арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
10.1.15. спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх, орчин үеийн судалгаа, ололт амжилт, заах арга зүйн ололтыг ашиглах, эрдэм шинжилгээний захиалгат ажил явуулахад дэмжлэг үзүүлэх;
10.1.16. орон нутгийн биеийн тамир, спортын байгууллага хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт болон төлбөртэй үйлчилгээ үзүүлэх тариф, орлогыг зарцуулах үлгэрчилсэн журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах.
11 дугаар зүйл. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний бүрэн эрх
11.1. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1. биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангуулах;
11.1.2. аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг захиргаа, бусад холбогдох байгууллагын саналыг авч биеийн тамир, спортын хөгжлийн ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;
11.1.3. хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол, амьдралын зөв хандлагыг төлөвшүүлэх, иргэнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх ажлыг зохион байгуулах;
11.1.4. спортын хөгжлийн шалгуурт нийцсэн хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох аргачлал, журмыг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах;
11.1.5. төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
11.1.6. энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим чиг үүргийг биеийн тамир, спортоор дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол тэгш олгох чадамжтай төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлэх;
11.1.7. биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон холбогдох бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай хамтран ажиллах;
11.1.8. эрхэлсэн сайдын баталсан улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журмын хэрэгжилтийг хангах;
11.1.9. улсын хэмжээнд зохион байгуулах спортын наадмын хөтөлбөрт багтах спортын төрлийг тогтоох, тэмцээний удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангах, хяналт тавих;
11.1.10. улсын төсвөөс санхүүжүүлэх улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах спортын холбоог сонгон шалгаруулах, эрх олгох, норматив, шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих, олон улсын дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах;
11.1.11. энэ хуулийн 9.1.1, 9.1.4-т заасныг үндэслэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах спортын холбоонд энэ хуулийн 9.1.3-д заасан журмын дагуу дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих;
11.1.12. биеийн тамир, спортын ажилтан, дасгалжуулагчийг нэгдсэн бодлого, тодорхой чиглэлээр бэлтгэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох дээд байгууллагад хүргүүлэх, энэ талаар гарсан шийдвэрийн биелэлтийг хангах;
11.1.13. биеийн тамир, спортын салбар эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу биеийн тамирын ажилтан, дасгалжуулагч, арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журмын хэрэгжилтийг хангах;
11.1.14. биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх, байнгын үйл ажиллагааг хангах, системийн өрөгтгөл, шинэчлэлийг тогтмол хийх;
11.1.15. допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
11.1.16. допингийн хяналтыг хэрэгжүүлэх, допингийн маргааныг хянан шийдвэрлэх спортын арбитрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
11.1.17. сургуулийн өмнөх, бага, дунд, мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагын биеийн тамирын хичээл, сургалтын хөтөлбөр, агуулга, сургалтын орчныг сайжруулах зөвлөмж гаргах, багшийн ажилд мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
11.1.18. биеийн тамир, спортын асуудлаар гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах, үр өгөөжийг дээшлүүлэх;
11.1.19. биеийн тамир, спортын байгууллагын төрийн албан хаагчийн ёс зүйн хууль, дүрмийг хэрэгжүүлэх, зөвлөл байгуулан, энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан хэм хэмжээг чанд мөрдүүлэх;
11.1.20. улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа биеийн тамир, спортын барилга, байгууламжыг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах;
11.1.21. Засаг даргын саналыг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн дагуу аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын даргыг томилох, түүний ажлын үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үндэслэн Засаг даргатай зөвшилцөн чөлөөлөх.
11.1.22. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
11.2. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь биеийн тамир, спортын боловсрол олгох сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, арга зүйн болон мэргэжил дээшлүүлэх, спортын анагаах ухааны нэгжтэй байж болно.
12 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
12.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1. нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, биеийн тамир, спортыг хөгжүүлэх төлөвлөгөө батлах, шаардлагатай төсөв хөрөнгийг баталж, хяналт тавих;
12.1.2. биеийн тамир, спортын асуудлаар тухайн шатны болон доод шатны Засаг даргын тайланг хэлэлцэж, чиглэл өгөх;
12.1.3. эдийн засгийн тооцоо, материаллаг бааз, хүний нөөцийн судалгаанд үндэслэн нутаг дэвсгэртээ улсын хэмжээний спортын тэмцээн, наадам зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвших эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх;
12.1.4. Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулах улсын хэмжээний болон олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулалтыг хариуцан гүйцэтэх хуулийн этгээдийг байгуулах шийдвэр гаргах;
12.1.5. биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог дэмжих.
12.1.6. хуульд заасан бусад бүрэн эрх.
13 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
13.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1. биеийн тамир, спортын төрийн чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;
13.1.2. нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортыг хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах;
13.1.3. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас биеийн тамир, спортын талаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
13.1.4. тухайн нутаг дэвсгэрийн хүн ам, байгууллага, хамт олныг биеийн тамир, спортын арга хэмжээнд оролцуулах, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах;
13.1.5. сум, дүүргийн хороодод орон тооны биеийн тамирын арга зүйч ажиллуулах;
13.1.6. энэ хуулийн 12.1.3, 12.1.4 дэх заалтын хэрэгжилтийг ханган, удирдлага, арга зүйгээр хангаж, энэ хуулийн 9.1.3-д заасан журмын дагуу санхүүгийн дэмжлэгийг төсөвт тусган санхүүжүүлэх;
13.1.7. хүн амын нягтаршил, боломж, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн иргэний идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх талаар хариуцсан нэгжтэй байх, спортын барилга байгууламж, заал, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх;
13.1.8. биеийн тамир, спортыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх;
13.1.9. биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлээр спортын холбоод, бусад байгууллагатай хамтран ажиллах;
13.1.10. нутаг дэвсгэрийн давуу тал, орон нутгийн онцлогт тохирсон спортын төрлийг нэн тэргүүнд хөгжүүлэх;
13.1.11. хуульд заасан бусад бүрэн эрх.
13.2. Засаг даргын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын даргыг Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох, түүний ажлын үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үндэслэн Засаг даргатай зөвшилцөн чөлөөлнө.
14 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллага
14.1. Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг:
14.1.1. биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах;
14.1.2. биеийн тамир, спортын сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, дасгалжуулагч, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах;
14.1.3. биеийн тамир, спортын талаарх тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;
14.1.4. орон нутгийн биеийн тамир, спортын бусад байгууллага, баг тамирчдад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
14.1.5. аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын байгууллага нь салбарын стандарт, норм, нормативыг сахин мөрдөж байгаа эсэх хяналт тавих;
14.1.6. аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын байгууллага өөрийн албан ёсны орон тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөөллийг авч ажиллуулах;
14.1.7. ажилтан, дасгалжуулагчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
14.1.8. хуульд заасан бусад бүрэн эрх.
15 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
15.1. Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1. тухайн нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
15.1.2. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас биеийн тамир, спортын талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
15.1.3. сум, дүүргийн иргэдийн биеийн тамир, спортын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
15.1.4. тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж биеийн тамир, спортын эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт, норм, нормативыг сахин мөрдөж байгаа эсэхэд тэдгээрийн харьяалал, өмчийн хэлбэрийг үл харгалзан хяналт тавих;
15.1.5. сум, дүүргийн хороонд орон тооны биеийн тамирын арга зүйч ажиллуулах.
15.2. Аймаг, дүүргийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь орон тооны биеийн тамирын арга зүйчийг сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилж, түүний ажлын үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн үнэлгээ болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн чөлөөлнө.
15.3. Нийслэлийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дүүргийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргыг дүүргийн Засаг даргатай зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилж, тэдгээрийн ажлын үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн үнэлгээ болон дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн чөлөөлнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТООР ДАМЖУУЛАН СЭТГЭЛ, ОЮУНЫ БОЛОН БИЕ БЯЛДРЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ, ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН
16 дугаар зүйл. Боловсролын байгууллага дахь биеийн тамирын үйл ажиллагаа
16.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь биеийн тамир спортоор дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох, идэвхтэй хөдөлгөөний талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
16.1.1. сургуулийн өмнөх, бага, дунд, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллага биеийн тамир, спортоор дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох, идэвхтэй хөдөлгөөний амьдралын дадал хэвшилтэй иргэн бэлтгэх зорилгыг агуулсан цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
16.1.2. боловсролын сургалтын байгууллагын биеийн тамирын хичээлийн цөм хөтөлбөр, агуулга, стандартад хичээлээс гадуурх ажлын чиглэлийг тогтоохдоо биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг тусгах;
16.1.3. биеийн тамир, спортын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд, биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг тусган ажиллах;
16.1.4. боловсролын сургалтын байгууллага, суралцагчдын сургуулийн орчинд идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үндэсний стандартад нийцсэн биеийн тамир, спортын заал, талбай, хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
16.1.5. хүүхдийн болон оюутны спортыг хариуцсан төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлэх.
16.2. Бүх шатны боловсролын байгууллага нь биеийн тамир, спортоор дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох, идэвхтэй хөдөлгөөнийг хөгжүүлэх талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
16.2.1. бүх шатны боловсролын сургалтын байгууллага суралцагчид олгох сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох үндсэн хичээлийг батлагдсан хөтөлбөр, агуулгын дагуу шаардлага хангасан стандартын заал танхим, сургалтын хэрэглэл бүхий орчинд, зохих биеийн тамирын дүрэмт хувцастайгаар зааж сургах;
16.2.2. бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь өсвөр үе, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт явуулах, тэмцээн, наадмыг зохион байгуулах, тэднийг улс, аймаг, нийслэл, бүсийн тэмцээнд оролцоход дэмжих, туслалцаа үзүүлэх;
16.2.3. хичээлээс гадуурх биеийн тамир, спортын сургалтын ажлыг секц, дугуйлангийн хэлбэрээр зохион байгуулж, шаардлагатай хөрөнгийг жил бүрийн төсөвтөө тусгах;
16.2.4. их дээд сургууль, боловсролын байгууллага нь биеийн тамир, спортоор дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох тогтолцоог үндсэн хөтөлбөрөөс гадна спортын клубийн хэлбэрээр зохион байгуулах;
16.2.5. дээд боловсролын сургалтын байгууллага нь шинээр элсэх спортын гоц авьяас чадвартай хүүхдэд сургалтын тэтгэлэг олгох, түүнийг дэмжих;
16.2.6. сургуулийн захиргаа ерөнхий эрдмийн хичээлийн сургалтын чанарын үнэлгээ хангасан суралцагчдыг хуулийн дагуу үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа тэмцээн, наадамд оролцуулахад нь дэмжлэг үзүүлэх.
16.3. Бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь сургалтын агуулга, стандарт, хичээлээс гадуурх сургалтын ажлын хөтөлбөрийг зөрчин суралцагчдад биеийн тамир, спортын заал, талбай, хэрэглэл, тоног төхөөрөмжийг төлбөртэй ашиглуулахыг хориглоно.
16.4. Тэмцээн, наадамд оролцох ерөнхий эрдмийн хичээлийн сургалтын чанарын үнэлгээны хязгаар, чанарын үнэлгээ хангасан суралцагчдыг тэмцээн, наадамд оролцуулах журмыг боловсролын болон спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж мөрдүүлнэ.
17 дүгээр зүйл. Эрүүл мэндийн байгууллага дахь биеийн тамирын үйл ажиллагаа
17.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүний эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд мэдээлэх, сурталчлах талаар биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
17.1.1. халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах;
17.1.2. хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах тусламж, үйлчилгээ, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг идэвхтэй хөдөлгөөн, спортоор дамжуулан зохион байгуулах;
17.1.3. спортын анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын эрүүл мэндийн хяналт үйлчилгээг хамтран зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх.
17.2. Эрүүл мэндийн байгууллага нь биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
17.2.1. биеийн тамирыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх орчныг бүрдүүлэхэд чиглэсэн ажил, үйл ажиллагааг зохион байгуулах;
17.2.2. нөхөн сэргээх, физик эмчилгээнд биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг ашиглах, биеийн тамир,спортын ажилтны оролцоотойгоор зохион байгуулах;
17.2.3. хүний эрүүл мэндийг дэмжсэн хамтарсан сургалт, сурталчилгаа, мэдээллийн ажлыг явуулж байх.
17.3. Эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтад хамрагдах магадлан итгэмжлэгдсэн спортын клубийн нэрсийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлнэ.
18 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага дахь биеийн тамир, спортын үйл ажиллагаа
18.1. Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага нь идэвхтэй хөдөлгөөн, спортоор дамжуулан ажиллагсдын сэтгэл, оюуны болон бие бялдрын хөгжлийг дэмжих, ажиллагсдын дунд нөхөрсөг, найрсаг харилцааг бүрдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
18.1.1. ажлын байрны онцлог нөхцөлтэй уялдуулан ажиллагсдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчныг бүрдүүлэх;
18.1.2. ажиллагсдаа идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх төлөвлөгөө гарган ажиллах, спортын тэмцээн зохион байгуулах;
18.1.3. байгууллагын төсөвт ажиллагсдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд шаардагдах зардлыг тусгах;
18.1.4. ажиллагсдын бие бялдрын түвшин тогтоох, байгаа төвшнөөс бууруулахгүй байх, ахиулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх;
18.1.5. тухайн байгууллага сайн дурын үндсэн дээр спортын клуб байгуулан ажиллуулах, биеийн тамирын ажилтантай байх;
18.1.6. байгууллагын биеийн тамир, спортын ажилтныг боловсрол, мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулах, хөгжүүлэхэд анхаарах;
18.1.7. байгууллага, салбарын хүрээнд спортын тэмцээн, наадам зохион байгуулж, ажилчдын бие бялдар, эрүүл мэндийг хамгаалах ажлыг дэмжих;
18.1.8. ажиллагсдыг биеийн тамир, спортоор хичээллэхэд зориулсан спортын барилга байгууламж барьж ашиглах, спортын хэрэглэл, тоног төхөөрөмжтэй байх;
18.1.9. биеийн тамир, спортын байгууллагыг бэхжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, ивээн тэтгэсний төлөө хууль тогтоомжид заасан зохих хөнгөлөлт эдлэх;
18.2. Амралтын газар, сувилал, хүүхдийн зуслан нь амрагчдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлнэ.
19 дүгээр зүйл. Зэвсэгт хүчин, хил хамгаалах, онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага дахь биеийн тамир, спортын үйл ажиллагаа
19.1. Зэвсэгт хүчин, хил хамгаалах, онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага нь энэ хуулийн 18.1-д зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
19.1.1. өөрийн үйл ажиллагааны чиглэлээр спортын тэмцээн, наадам зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
19.1.2. бие бүрэлдэхүүний бие бялдрын хөгжлийн тусгай норм, норматив тогтоох, тусгай сургалтын хөтөлбөрийг батлан мөрдүүлэх;
19.1.3. бие бүрэлдэхүүний бие бялдрын хөгжлийг хангах, спортоор хичээллэх, мэргэжлийн тусгай бэлтгэлийг хангах чиглэлээр спортын дагнасан нэгж ажиллуулах.
19.2. Цэргийн насны залуучуудын бие бялдрын бэлтгэлийн чиглэлээр төрөл бүрийн ажил, арга хэмжээг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран явуулж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
20 дүгээр зүйл. Спортын холбоо, түүний чиг үүрэг
20.1. Спортын холбоо нь ёс зүйтэй, хүмүүнлэг, бүтээлч, эрүүл чийрэг иргэн бэлтгэх, эерэг хандлага түгээх зорилгоор тухайн спортын төрлийг дэлгэрүүлэхэд чиглэсэн тодорхой хөтөлбөрийн дагуу бодитой, байнгын үйл ажиллагааг эрхлэн, улс болон олон улсын түвшний тэмцээнд оролцох, зохион байгуулах, тамирчдад зориулсан сургалтын ажил эрхэлнэ.
20.2. Спортын холбоо Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тухайн спортын төрлийн олон улсын холбооны өөр өөрийн онцлогт тохирсон дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулна.
20.3. Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн тухайн спортын холбоог нэгдсэн бүртгэлд хамруулах, ангилах, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх спортын холбоог салбар эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу сонгон шалгаруулна.
20.4. Спортын холбоо нь нутаг дэвсгэр, өөрийн онцлог байдал, үйл ажиллагааны чиглэлээр нэг спортын төрлийн нэг салбар, холбоо, байгууллагатай байна.
20.5. Спортын холбоо нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн гишүүнчлэлтэй байж болно.
20.6. Спортын холбоо нь өөрийн төлөөлөгчийн газар, салбар холбоо, спортын клубээр дамжуулан иргэнд идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
20.7. Магадлан итгэмжлэлд орсон спортын холбооны үйл ажиллагаанд төрөөс зохих дэмжлэг үзүүлж, тухайн спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж болно.
20.8. Спортын холбооны эрх, үүрэг:
20.8.1. спортын тэмцээний заавар, тухайн жилийн тэмцээн, наадмын хуваарь батлах;
20.8.2. улсын хэмжээний спортын тэмцээний нэгдсэн хуваарьт оруулах саналаа биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
20.8.3. дасгалжуулагч, спортын шүүгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, олон улсын дүрмийн дагуу тухайн спортын төрлөөр дасгалжуулагч, спортын шүүгчээр ажиллах эрхийг хязгаарлах, хасах;
20.8.4. спортын клубийг холбооны гишүүнээр элсүүлэх, тухайн спортын төрлөөр сургалт-дасгалжуулалт эрхлэх зөвшөөрөл олгох, клубийн спортын дасгалжуулагчдыг энэ хуулийн 10.1.9-д заасан журмын дагуу мэргэшүүлэх;
20.8.5. спортын тэмцээн, наадмын үед олон улсын дүрмийн дагуу тоглолтын үр дүнд нөлөөлөхүйц үйлдэл, эс үйлдэл гаргасан тамирчин, дасгалжуулагч, спортын шүүгчийн тухайн спортын тэмцээн, наадмын үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлах, хасах;
20.8.6. олон улсын холбооноос гаргасан тэмцээний болон шүүлтийн дүрмийг мөрдүүлэх, тамирчин, биеийн тамир, спортын ажилтан, дасгалжуулагч, тамирчны ёс зүйн дүрмийг олон улсын дүрэм, энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээнд нийцүүлэн баталж, мөрдүүлэх;
20.8.7. спортын холбооны ёс зүйн зөвлөл байгуулах;
20.8.8. ёс зүйн үндэсний зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх;
20.8.9. тамирчны сургалт-дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, шигшээ баг бүрдүүлэн спортын тэмцээн, наадамд оролцуулах;
20.8.10. холбооны бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулсан спортын тэмцээн, наадам, тамирчны амжилт, спортын цол, зэрэг, гишүүнчлэлийн талаарх өөрчлөлтийг мэдээллийн цахим санд тогтмол шинэчлэх;
20.8.11. тухайн спортын төрлөөр хичээллэгч тамирчин, шүүгчид спортын зэрэг, цол олгох болзол, журмыг батлах, олгох;
20.8.12. тамирчин, дасгалжуулагч, спортын шүүгчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
20.8.13. Тухайн спортоо нутаг дэвсгэрийн хэмжээнд хөгжүүлэх, төр, төрийн бус байгууллагатай энэ чиглэлээр хамтран ажиллах.
20.9. Батлагдсан спортын дүрмийг зөрчсөн болон ёс зүйн алдаа гаргасан спортын шүүгчийн цол, зэргийг хасах ба бууруулж болно.
20.10. Энэ хуулийн 20.8.11-д заасан спортын улсын цол зэргийн амжилтыг биелүүлээгүй хүнд тодорхойлолт гаргахыг хориглоно.
20.11. Тухайн спортын төрлөөр Олон улсын тэмцээн, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадмыг Монгол Улсад зохион байгуулж, төрөөс санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй холбоо нь зохион байгуулах эрх авах асуудлыг тухай оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө биеийн тамир, спортын салбар эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулна.
21 дүгээр зүйл. Спортын клуб, түүний үйл ажиллагаа
21.1. Спортын клуб нь ёс зүйтэй,хүмүүнлэг, бүтээлч, эрүүл чийрэг иргэн бэлтгэх, эерэг хандлага түгээх зорилгоор спортын тухайлсан болон хэд хэдэн төрлөөр үйл ажиллагаа явуулж болно.
21.2. Спортын клуб нь спортын төрлийн дагнасан сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагаанд тухайн спортын төрлийн үндэсний стандартыг, үндэсний стандарт байхгүй тохиолдолд олон улсын спортын холбооноос гаргасан сургалт-дасгалжуулалтын хөтөлбөрийг мөрдөнө.
21.3. Сургалт дасгалжуулалтын үйл ажиллагааг удирдах, хянах зорилгоор дасгалжуулагч, биеийн тамирын арга зүйч ажиллуулж, хичээллэгчийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулна.
21.4. Спортын клубийг оршин суугаа газар, аж ахуйн нэгж, байгууллага, бүх шатны боловсролын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ажиллуулж болно.
22 дугаар зүйл. Биеийн тамир, спортын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа
22.1. Магадлан итгэмжлэл нь спортын холбоо, клубийн үйл ажиллагаа, сургалт-дасгалжуулалтын чанарт хараат бус үнэлгээ хийж, мэргэжлийн дүгнэлт өгөх үйл ажиллагаа юм.
22.2. Магадлан итгэмжлэгдсэн клубт хичээллэсэн иргэний идэвхтэй хөдөлгөөн, спортоор тогтмол хичээллэсэн үр дүнд суурилсан бие бялдрын түвшин тогтоох сорилын дүнгээр Спортыг дэмжих сангаас төлбөрийн урамшуулал үзүүлнэ.
22.3. Төлбөрийн урамшууллын хэмжээ, олгох зохицуулалтыг Сангийн болон Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтарсан журмаар зохицуулна.
22.4. Биеийн тамир, спортын магадлан итгэмжлэлийг биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон байгууллага гэрээгээр хэрэгжүүлэх бөгөөд тус байгууллага нь үйл ажиллагааныхаа үр дүнг биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагад тайлагнана.
22.5. Магадлан итгэмжлэх мэргэжлийн байгууллага нь биеийн тамир, спортын шинжээч нарыг оролцуулан үйл ажиллагаа явуулж болно.
22.6. Спортын холбоо, клуб нь сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлүүлнэ.
22.7. Спортын холбоог магадлан итгэмжлэх журам, шалгуур үзүүлэлтийг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
23 дугаар зүйл. Үндэсний шигшээ баг
23.1. Үндэсний шигшээ баг нь өсвөр үе, залуучууд, оюутны, насанд хүрэгчдийн гэсэн ангилалтай байна.
23.2. Бие даасан бүтэцтэй байгуулах үндэсний шигшээ багийг тухайн спортын төрлийн холбооноос санал авсны үндсэн дээр бүрдүүлж, зохион байгуулна.
23.3. Энэ хуулийн 10.1.2-д заасан журмын дагуу сонгосон спортын төрлийн холбооны саналыг харгалзан улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэрээний дагуу санхүүжүүлнэ.
23.4. Оюутны дэлхийн аварга, Универсиад наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох Оюутны шигшээ багийг нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулна.
23.5. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулна.
23.6. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн нөөцийг бэлтгэх оюутны шигшээ багийг бүрдүүлэн ажиллах журмыг оюутны спортын асуудал хариуцсан төрийн бус байгууллагын саналыг үндэслэн нийслэлийн Засаг дарга батална.
23.7. Нийслэлийн Засаг дарга нь оюутны шигшээ багийн сургалтын орчныг бүрдүүлэх, спортын хэрэглэл, материалаар хангах асуудлыг шийдвэрлэнэ.
23.8. Спортын онцгой авьяас, чадвартай тамирчин суралцагчийг илрүүлж хөгжүүлэх, урамшуулан дэмжих, спортын сургуульд сургах нөхцөл бололцоогоор хангах замаар Үндэсний шигшээ багийн тамирчдын нөөцийг бүрдүүлнэ.
23.9. Ёс зүйн болон допингийн ноцтой зөрчил гаргасан нь тухайн спортын холбоог үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасах үндэслэл болно.
24 дүгээр зүйл. Сургалт-дасгалжуулалтыг удирдан зохион байгуулах
24.1. Энэ хуулийн 33.1.-д заасан шаардлага хангасан дасгалжуулагчид өсвөр үе, залуучууд, оюутан, насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн спортын сургалт-дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээнд оролцуулах, үйл ажиллагаа эрхлэх эрхийг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу олгоно.
24.2. Спортын дасгалжуулагчид мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг энэ хуулийн 10.1.3 -д заасан журмын дагуу тухайн төрлийн спортын холбоо, биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулна.
24.3. Сургалт-дасгалжуулалтын ажлыг спортын дүрмийн шаардлага, Стандартчиллын үндэсний зөвлөлийн баталсан тухайн спортын орчин, сургалтад тавих Монгол Улсын стандартын дагуу удирдан явуулна.
24.4. Спортын сургалт-дасгалжуулалт болон тэмцээнд оролцогчийг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах үүргийг тухайн байгууллага, дасгалжуулагч хүлээнэ.
25 дугаар зүйл. Спортын тэмцээн, наадмын зохион байгуулалт
25.1. Улсын хэмжээний спортын наадмыг Олон улсын олимпын хорооны ивээл доор явагдах болон бусад тив, дэлхийн наадмын мөчлөгт нийцүүлэн зохион байгуулна.
25.2. Спортын төвлөрсөн наадмыг зохион байгуулах хороог байгуулан ерөнхий удирдлагаар хангана.
25.3. Цогцолбор наадмын зохион байгуулалтыг тухайн спортын төрийн бус байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
25.4. Энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан улсын хэмжээний спортын наадмын удирдлага, зохион байгуулалтыг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь спортын хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг цогцолбор спортын холбоотой хамтран хэрэгжүүлнэ.
25.5. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дараа онд зохиогдох улсын хэмжээний спортын тэмцээний нэгдсэн хуваарийг 09 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө албан ёсоор зарлах бөгөөд улсын хэмжээний спортын тэмцээний нэгдсэн хуваарийг гаргахдаа спортын холбооны саналыг авна.
25.6. Орон нутгийн чанартай спортын тэмцээн зохион байгуулах тохиолдолд зохион байгуулагч нь тухайн сумын биеийн тамирын арга зүйч, дүүргийн Биеийн тамир, спортын газарт ажлын 10 өдрийн өмнө урьдчилан мэдэгдэх бөгөөд сумын биеийн тамирын арга зүйч, дүүргийн Биеийн тамир, спортын газар нь аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын газар, тухайн спортын төрлийн холбоонд мэдэгдэнэ.
25.7. Энэ хуулийн 25.5-т заасан хуваарьт ороогүй улсын хэмжээний спортын тэмцээн, энэ хуулийн 25.6-д зааснаар урьдчилан мэдэгдээгүй орон нутгийн чанартай спортын тэмцээн зохион байгуулахыг хориглоно.
25.8. Спортын тэмцээн, наадмын мэндчилгээ, хаалтын илтгэл, дэг, соёлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн сайдын баталсан журмаар зохицуулна.
25.9. Улсын хэмжээний тэмцээн, наадмаас бусад арга хэмжээнд тамирчныг медалиар шагнахыг хориглоно.
26 дугаар зүйл. Мэргэжлийн спорт
26.1. Ашиг олох зорилгоор мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн тамирчны оролцоотой мэргэжлийн спортын тэмцээн зохион байгуулж болно.
26.2. Мэргэжлийн спортын аливаа үйл ажиллагаа оролцогч талуудын хамтын гэрээний үндсэн дээр хэрэгжих бөгөөд гэрээний маргааныг спортын арбитраар шийдвэрлүүлэхээр гэрээнд тусгана.
26.3. Мэргэжлийн спортын үйл ажиллагаа нь харилцан ашигтай байх зарчмын хүрээнд гэрээний дагуу хэрэгжих тул төрийн байгууллагын зүгээс хөндлөнгөөс оролцохгүй.
26.4. Мэргэжлийн тамирчин, дасгалжуулагч нь энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ
ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА
27 дугаар зүйл. Допингийн эсрэг үндэсний тогтолцоо
27.1. Монгол улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын "Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц", Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг дараах байгууллага хангаж ажиллана.
27.1.1. Монголын Үндэсний Олимп, Паралимпын Хороо;
27.1.2. Допингийн эсрэг үндэсний байгууллага;
27.1.3. Допингийн эсрэг Үндэсний Зөвлөл;
27.1.4. Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр;
27.2. Монголын Үндэсний Олимп, Паралимпын Хороо нь Дэлхийн Допингийн эсрэг Агентлагийн “гарын үсэг зурагч”-ийн бүрэн эрхийн хүрээнд допингийн эсрэг үндэсний байгууллагыг үүсгэн байгуулах онцгой эрхтэй.
27.3. Энэ хуулийн 27.1.2-т заасан байгууллага нь Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Копенхагены тунхаглал, Дэлхийн болон допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ.
27.4. Допингийн эсрэг үндэсний байгууллага нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
27.4.1. Монгол Улсын хууль дээдлэх, допингийн эсрэг олон улсын дүрэм, удирдамж, зөвлөмжийг чанд биелүүлэх;
27.4.2. ил тод байдлыг хангаж, холбогдох дүрэмд заасан үйл ажиллагааг тайлагнах;
27.4.3. сайн засаглалыг хэрэгжүүлэх;
27.4.4. ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
27.4.5. тамирчны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалах.
27.5. Допингийн эсрэг үндэсний байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнийг Монголын үндэсний олимпын хороо, Монголын Үндэсний паралимпын хороо, биеийн тамир, спортын салбарын төрийн байгууллага, спортын холбоо, хууль, эрүүл мэндийн салбарын эрдэмтдийн төлөөллөөс бүрдүүлнэ.
27.6. Допингийн эсрэг үндэсний байгууллага нь Дэлхийн Допингийн эсрэг Агентлагийн допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдлын тухай удирдамжийн холбогдох заалт, Монгол Улсын Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу ил тод байдлыг хангах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллана.
27.7. Монгол Улсын Засгийн газар нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын "Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц"-ын дагуу хүлээсэн үүргээ энэ хуулийн 27.1.3.-т заасан Допингийн эсрэг Үндэсний Зөвлөлөөр төлөөлүүлэн хэрэгжүүлнэ.
27.8. Допингтой холбоотой аливаа маргааныг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр харьяалан шийдвэрлэнэ.
28 дугаар зүйл. Допингийн эсрэг үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг
28.1. Нэгдсэн Үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн Допингийн Эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлж, хяналт тавина.
28.2. Допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлсэн эсхүл татан буугдсан бол энэ тухай Дэлхийн Допингийн эсрэг Агентлагт мэдэгдэж, тус байгууллагыг шинэчлэх, дахин шинээр байгуулах хүртэл түүний үүргийг Дэлхийн Допингийн эсрэг Агентлагийн “гарын үсэг зурагч”-ийн бүрэн эрхийн хүрээнд Монголын Үндэсний Олимп, Паралимпын Хороо түр орлон гүйцэтгэнэ.
28.3. Допингийн эсрэг үндэсний байгууллага нь энэ хуулийн 27.4 -т заасан чиг үүргийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
28.3.1. Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон допингийн эсрэг үндэсний дүрмийг хэрэгжүүлэх;
28.3.2. олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадам болон түүнтэй адилтгах тэмцээнд оролцох тамирчинд допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
28.3.3. тамирчдаас шинжилгээний сорьцыг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжлүүлэх, хариу хүлээн авах ажлыг зохион байгуулах;
28.3.4. допингийн эсрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, судалгааг явуулах;
28.3.5. допингийн эсрэг боловсрол олгох сургалт, сурталчилгааг эрх бүхий байгууллагатай хамтран зохин байгуулах;
28.3.6. үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, шийтгэл ногдуулах;
28.3.7. эмчилгээний зорилгоор чөлөөлөх ажлыг хэрэгжүүлэх;
28.3.8. дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан бусад дүрэм, заавар, зөвлөмж, олон улсын стандартын хэрэгжилтийг хангах;
28.3.9. Нэгдсэн Үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн Допингийн Эсрэг дүрэм болон Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэхээр байгуулсан гэрээг үндэслэн улсын төсвөөс олгосон хөрөнгө, санхүүжилтээр гүйцэтгэсэн үйл ажиллагаа, холбогдох гэрээ хэлцэл, санхүүгийн гүйлгээ, нягтлан бодох бүртгэлийн талаар хувь хүний нууцад хамаарахаас бусад тайлан, мэдээллийг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх.
28.4. Допингийн эсрэг Үндэсний Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
28.4.1. Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцын хэрэгжилтийн үндэсний тайланг хэлэлцэх;
28.4.2. Допингийн эсрэг үндэсний байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн “допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдлын тухай удирдамж”-д нийцэж байгаа эсэх тухай дүгнэлт, зөвлөмж гаргах;
28.4.3. Допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх, дүгнэх, зөвлөмж гаргах;
28.4.4. улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх Допингийн хяналтын хөтөлбөрийн зардал, үйл ажиллагааны төлөвлөлт, зарцуулалтыг хэлэлцэх, зөвлөмж гаргах;
28.4.5. төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдааг хангах, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх;
28.4.6. тухайн асуудлаар олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал, зөвлөмжийг хэлэлцэх;
28.4.7. зөвлөлийн гишүүдийн ажлын тайлан, мэдээлэл болон бусад асуудлыг хэлэлцэх, зөвлөмж гаргах.
28.5. Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр нь Дэлхийн Допингийн Эсрэг дүрэм, түүний хүрээнд батлагдсан олон улсын стандартуудын нийцлийг хангаж буй талаар хэрэг хянан шийдвэрлэнэ.
28.6. Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитраас допингийн асуудалтай холбогдох маргааныг шийдвэрлэхдээ Дэлхийн Допингийн Эсрэг дүрэм, олон улсын стандарт болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу явуулна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН АЖИЛТАН, ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧ, ШҮҮГЧ
29 дүгээр зүйл. Тамирчны эрх, үүрэг
29.1. Тамирчин дараах эрх эдэлнэ:
29.1.1. спортын төрлөө сонгох, хичээллэх;
29.1.2. тэмцээн, наадамд оролцох;
29.1.3. спортын цол, зэрэг авах;
29.1.4. харьяалагддаг спортын клубээс гэрээний дагуу өөр спортын клубт шилжих;
29.1.5. спортын тэмцээн, наадамд бэлтгэх, оролцох хугацаанд үндсэн ажил, сургуулиас чөлөөлөгдөх;
29.1.6. зөрчигдсөн эрхээ хамгаалахаар спортын арбитрт хандах;
29.1.7. хууль тогтоомжид заасан бусад эрх.
29.2. Тамирчин нь дараах үүрэг хүлээнэ:
29.2.1. ёс зүйн дүрмийг чандлан сахин биелүүлэх;
29.2.2. биеийн тамир, спортын үйл ажиллагаа, бэлтгэл сургалтын заавар журмыг баримтлах;
29.2.3. оролцож байгаа тэмцээний дүрэм болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
29.2.4. шударга өрсөлдөөнийг эрхэмлэх, допинг хэрэглэхгүй байх хэрэв хэн нэгэн сэргээш хэрэглэхийг шаардвал татгалзах, зохих байгууллагад мэдэгдэх;
29.2.5. эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм, зааврыг баримтлах, эмнэлгийн үзлэгт байнга орох;
29.2.6. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
30 дүгээр зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамир, спортын үйл ажиллагаа
30.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамир, спортын үйл ажиллагаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан дэмжлэг үзүүлнэ.
30.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын тэмцээн, наадамд оролцоход төрийн байгууллага, спортын холбоод дэмжлэг үзүүлж ажиллана.
30.3. Спортын тэмцээн, наадам нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчныг бие эрхтэн, хөгжлийн онцлогоор адил түвшинд өрсөлдүүлэх зарчмыг баримтална.
30.4. Энэ хуулийн 30.3-т заасан зарчмыг хангах зорилгоор улсын хэмжээний спортын тэмцээнд оролцох хөгжлийн бэрхшээлтэй тамирчны ангиллыг олон улсын дүрмийн дагуу тогтоох комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг биеийн тамир, спорт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
30.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь энэ хуулийн 29 дугаар зүйлд заасан тамирчны эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
31 дугаар зүйл. Биеийн тамир, спортын ажилтны эрх, үүрэг
31.1. Биеийн тамир, спортын ажилтан дараах үүрэгтэй:
31.1.1. биеийн тамир, спортын салбарын хууль тогтоомж, сургалтын стандарт, спортын ажил, үйлчилгээний зааврыг мөрдөж ажиллах;
31.1.2. спортын ажилтан ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, мэргэжлээ хүний эрүүл мэнд, бие бялдрын эсрэг нөлөөтэй зүйлд ашиглахгүй байх;
31.1.3. спортын шударга өрсөлдөөнийг эрхэмлэх;
31.1.4. биеийн тамир, спортын боловсрол олгох, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, өөрийн биеэр үлгэрлэх;
31.1.5. мэдлэг, мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлэх.
32 дүгээр зүйл. Дасгалжуулагчийн эрх, үүрэг
32.1. Биеийн тамир, спортын дасгалжуулагч дараах эрхтэй:
32.1.1. дасгалжуулагч нь шинжлэх ухааны дэвшилт арга барил, спортын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сургалтад сонгон хэрэглэх;
32.1.2. суралцагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагчид шаардлага тавих, зөвлөгөө өгөх;
32.1.3. суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авьяас, бие сэтгэцийн хөгжилд тодорхойлолт өгөх;
32.1.4. суралцагчийг сонгон суралцуулах, спортын гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах;
32.1.5. судалгаа шинжилгээний ажил хийх, дүгнэлт гаргах;
32.1.6. мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, төгсөлтийн дараах сургалтад таван жил тутамд хамрагдах;
32.2. Дасгалжуулагч нь энэ хуулийн 9.1.8-д заасан журмын дагуу авах мөнгөн урамшууллын хэмжээг тухайн мөнгөн шагнал хүртсэн тамирчин, дасгалжуулагч, бэлтгэлд оролцогч талууд буюу холбоо, клубын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
32.3. Биеийн тамир, спортын дасгалжуулагч дараах үүрэгтэй:
32.3.1. ёс зүйн дүрмийг чандлан сахин биелүүлж, суралцагчдыг ялгаварлан харьцахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах;
32.3.2. тухайн спортын стандарт болон үлгэрчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
32.3.3. онолын мэдлэг, заах арга зүй, ур чадвараа дээшлүүлэх;
32.3.4. суралцагч бүрийн онцлог байдалд тохируулан сургалт явуулах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүний хүмүүжил төлөвшилд дэмжлэг үзүүлэх;
32.3.5. суралцагч бүрийн онцлог байдалд тохируулан сургалт явуулах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүний хүмүүжил төлөвшилд дэмжлэг үзүүлэх;
32.3.6. суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих;
32.3.7. суралцагчийн бие махбод, сэтгэл зүйд дарамт, шахалт үзүүлэхгүй байх;
32.3.8. дасгалжуулагч нь хүний эрүүл мэнд, бие бялдрын эсрэг нөлөөтэй зүйлд мэргэжил,мэдлэгээ ашиглахгүй байх.
33 дугаар зүйл. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, ажил мэргэжлийн зэрэг олгох
33.1. Дээд боловсрол эзэмшсэн дасгалжуулагч, спортын шүүгч болон ажилтанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.
33.2. Спортын ажилтанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгоно.
33.3. Таван жилийн хугацаанд мэргэжлийн зохих сургалтад хамрагдан багц цаг бүрдүүлнэ.
33.4. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд спортын ажилтны мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэшлийн зэрэг олгох болон нарийн мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх орон тооны бус зөвлөл ажиллана.
33.5. Мэргэжлийн сургалтын журам, холбогдох зардлын жишгийг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
33.6. Мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх зөвшөөрөл, ажил мэргэжлийн зэргийн бүртгэлийн сан нь дасгалжуулагч, спортын шүүгчийн бүртгэлийн хувийн дугаар үүсгэн, хөтөлж ажиллана.
34 дүгээр зүйл. Биеийн тамир, спортын ажилтан, тамирчин, арга зүйч, дасгалжуулагч, шүүгчийн нийгмийн баталгаа
34.1. Тамирчин доор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:
34.1.1. тамирчин Олон улсын олимпын хорооны ивээл доор зохион байгуулагддаг тивийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадам, болон үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртвэл энэ хуулийн 9.1.8-д заасан журмын дагуу мөнгөн шагнал авах;
34.1.2. үндэсний шигшээ багийн тамирчдын цалингийн хэмжээ, урамшууллыг тэдний гаргасан амжилт, цол зэрэг, ур чадварыг харгалзан тусгайлан тогтоох;
34.1.3. үндэсний шигшээ багийн тамирчдын тамирчны ажлын онцгой, хүнд нөхцөл байдал, биеийн ачаалал авах байдлыг нь харгалзан тэтгэврийг насыг тооцох;
34.1.4. спортын сургалт-дасгалжуулалт болон тэмцээнд оролцогчийг дүрмийн шаардлага хангасан тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлээр тухайн байгууллага, багаас хангах;
34.1.5. нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтоох.
34.2. Биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагч,шүүгч нь дараах нийгмийн баталгаагаар хангагдана:
34.2.1. хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн онцлог, гүйцэтгэсэн хөдөлмөрийн чанар, хэмжээнд тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нөхөн олговор, тусламж, шагнал, урамшуулал авах;
34.2.2. тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан, амралтын өдрүүдээр ажилладаг байдлыг харгалзан нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг үзүүлэх;
34.2.3. дараах этгээдэд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох;
34.2.3.а. аймаг, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагын биеийн тамирын арга зүйч, спортын дасгалжуулагч,шүүгч;
34.2.3.б. сум, хорооны биеийн тамирын арга зүйч,дасгалжуулагч.
34.2.4. ажилтан, дасгалжуулагч нарын ээлжийн амралтын үндсэн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах;
34.2.5. төрийн өмчийн биеийн тамир, спортын болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагч,шүүгчид тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтоох.
34.3. Энэ хуулийн 33.2.5-д заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход шаардагдах зардлыг тухайн байгууллага дараа жилийн төсөвтөө тусгана.

ДОЛДУГААР БҮЛЭГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЭДИЙН ЗАСАГ
35 дугаар зүйл. Биеийн тамир, спортын санхүүжилт
35.1. Энэ хуулийн 9.1.3, 9.1.4, 23.3, 23.5, 28.1, 37.2-т заасан үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
35.2. Энэ хуулийн 12.1.1,12.1.3,12.1.4, 13.1.5,13.1.8, 23.6, 23.7, 23.8-д заасан үйл ажиллагааг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
35.3. Биеийн тамир, спортын байгууллага санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, ажилтан, дасгалжуулагч, тамирчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн ажил, үйлчилгээ явуулж болох бөгөөд түүнээс олсон орлогоо энэ хуульд заасан зориулалтын дагуу захиран зарцуулж болно.
35.4. Энэ хуулийн 10.1.14-т заасан журмын дагуу орон нутгийн биеийн тамир, спортын байгууллага хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт болон төлбөртэй үйлчилгээ үзүүлж, олсон орлогыг биеийн тамир, спортын ажилтны хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, тоног төхөөрөмж худалдан авах, засвар үйлчилгээ хийхэд зарцуулж болно.
35.5. Биеийн тамир, спортын байгууллагын өөрийн орлогын хэмжээтэй холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг багасгахыг хориглоно.
35.6. Биеийн тамир, спортын зардлыг улсын болон орон нутгийн төсөвт бие даасан зүйл болгон батална.
35.7. Төрийн зардлаас бусад санхүүжилтээр явуулж байгаа спортын тэмцээн, наадмын арга хэмжээнээс зохион байгуулагч зохих хэмжээний оролцооны төлбөр, хураамж авч болно.
35.8. Биеийн тамир, спортод зориулсан төсвийн болон сангийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
36 дугаар зүйл. Биеийн тамир, спортын үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэг
36.1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь спортын холбоо, спортын клуб, биеийн тамирын арга хэмжээ, спортын тэмцээн, наадмыг ивээн тэтгэж болно.
36.2. Аж ахуйн нэгж, байгууллагын спортын заал, талбай түүний дэд бүтцийг барих, спортын хэрэглэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд төрөөс татварын дэмжлэг үзүүлнэ.
36.3. Энэ хуулийн 36.2-т заасан татварын дэмжлэгийг дараах хууль тогтоомжийн дагуу үзүүлнэ:
36.3.1. спортын холбоо, клубийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өгсөн 100 сая хүртэлх төгрөгийн хандив, Олон улсын олимпын хорооны стандарт, шаардлагад нийцсэн спортын барилга байгууламжийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандив, тусламжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15.1.8-д заасны дагуу чөлөөлөх;
36.3.2. спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэл, Олон улсын олимпын хорооны стандарт, шаардлагад нийцсэн спортын барилга байгууламжийн тоног төхөөрөмж, барилгын материалыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.19-д заасны дагуу чөлөөлөх;
36.3.3. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгаар иргэдэд үйлчлэх спортын зориулалтаар тоноглон ашиглаж байгаа барилга байгууламж, заал, талбайг Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтын дагуу газрын төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх;
36.3.4. иргэдэд үйлчлэх спортын зориулалттай, барилга байгууламжийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.7-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлөх.
36.4. Хэвлэл мэдээллийн байгууллагаас өөрсдийн зардлаар биеийн тамир, спортын мэдээ, сурталчилгааг явуулах, иргэдийн спортын сонирхлыг дэмжсэн контент бэлтгэх, соён гэгээрүүлэх, уриалах, таниулах ажлыг дэмжиж ажиллана.
36.5. Спортын холбооны санаачлагаар баригдах иргэдэд үйлчлэх спортын зориулалттай, барилга байгууламжид нэг удаа тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны эрх бүхий байгууллага үнэ төлбөргүй газар олгоно.
37 дугаар зүйл. Биеийн тамир, спортын барилга байгууламж, сургалтын орчин, спортын хэрэглэл материал
37.1. Спортын барилга байгууламж, заал, талбай, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хэрэглэл материал нь спортын ажилтан, дасгалжуулагч, тамирчны хөдөлмөрийн онцлогт тохирсон, стандартад нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан байна.
37.2. Спортын барилга байгууламж, заал, талбайн стандартыг боловсруулан, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.5-д заасны дагуу батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
37.3. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа биеийн тамир, спортын барилга, байгууламжийг гэрчилгээжүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу хэрэгжүүлнэ.
37.4. Биеийн тамир, спортын барилга байгууламж, заал, талбай нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээ, техникийн шаардлагыг хангасан байна.
37.5. Төрийн болон орон нутгийн өмчийн спортын барилга байгууламж, заал, талбайн зориулалтыг өөрчлөхийг хориглоно.
37.6. Хувьчлах болон тухайн барилга байгууламж, заал, талбайг буулгаж, шинээр барих тохиолдолд биеийн тамир, спортын зориулалтыг хэвээр хадгална.
37.7. Сургуулийн өмнөх, ерөнхий, мэргэжлийн болон дээд боловсрол олгох сургалтын байгууллага нь суралцагчийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх стандартын шаардлага хангасан барилга байгууламж, заал, талбай, хэрэглэл материал, тоног төхөөрөмжтэй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
37.8. Спортын төрөл бүрийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал, хувцас хэрэглэлийг дотоодоо үйлдвэрлэх, засварлах, хангах ажилд төрөөс дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
37.9. Биеийн тамир, спортын байгууламжийг сургуулийн өмнөх насны хүүхэд, сурагчид, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд ашиглуулахдаа тухайн байгууллага нь хөнгөлөлт үзүүлнэ.
37.10. Биеийн тамир, спортын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана.
37.11. Боловсролын сургалтын байгууллага нь барилга, хот төлөвлөлтийн норм, нормативыг баримтлан тогтоосон, биеийн тамирын хичээлийн сургалтад зориулсан гадаа эзэмшил талбай, газартай байна.

НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
38 дугаар зүйл. Гадаад харилцаа
38.1. Биеийн тамир, спортын гадаад хамтын ажиллагаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн, гадаад бодлогын нэгдмэл байдлыг баримтална.
38.2. Биеийн тамир, спортын асуудлын хүрээнд гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын болон бусад байгууллагатай гэрээ байгуулж болох бөгөөд гэрээг байгуулахдаа гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.
38.3. Тухайн төрлийг хариуцсан олон улсын спортын гишүүн үндэсний хэмжээний спортын төрийн бус байгууллага нь тэдгээртэй шууд харилцан, арга хэмжээ, тэмцээн, наадамд Монгол Улсыг төлөөлөн, баг тамирчдаа оролцуулах арга хэмжээг зохион байгуулна.
38.4. Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын харьяат иргэн болсноор Монгол Улсын нэрийн өмнөөс олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпын наадамд оролцох эрх эдэлнэ.
38.5. Гадаадын тамирчин, дасгалжуулагчийг биеийн тамир, спортын байгууллага, холбоо гэрээгээр ажиллуулж болох бөгөөд энэ харилцаа нь олон улсын спортын байгууллагаас гаргасан дүрэм, журам, зааварт нийцсэн байна.
39 дүгээр зүйл. Биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
39.1. Биеийн тамир, спортын салбарын хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгаа хийх хэлбэрээр хэрэгжүүлнэ.
39.2. Биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтэд бүх шатны Засаг дарга хяналт тавьж ажиллана.
39.3. Өмчийн аль ч хэлбэрийн биеийн тамир, спортын байгууллага хууль тогтоомжид заасан мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж биеийн тамир, спортын дээд шатны байгууллагад тайлагнана.
39.4. Талууд гэрээнд маргааныг спортын арбитраар шийдүүлэхээр харилцан тохиролцсон, шүүхийн харьяаллын бус спортын үйл ажиллагаатай холбоотой маргааныг спортын арбитрын журмаар шийдвэрлүүлнэ.
39.5. Спортын холбоод болон тамирчин, шүүгч, дасгалжуулагч, сонирхогч этгээд хүсэлт гаргасан бол спорттой холбоотой аливаа маргааныг спортын арбитрын шийдвэрлэнэ.
40 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
40.1. Удирдах ажилтан болон тамирчин, дасгалжуулагч, спортын шүүгч нар нь энэ хуульд заасан ёс зүйн хэм хэмжээ, зарчмыг зөрчсөн бол Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон тухайн холбооны ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага хүлээнэ.
40.2. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
40.3. Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль , эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
41. Энэ хуулийг …. оны … дүгээр сарын ..-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ

Төслийн хэрэглэгчид

Б. БАТ-ЭРДЭНЭ

Б. БАТ-ЭРДЭНЭ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх