Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 1-р сарын 03 өдөр
Ulaanbaatar city
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хууль /цаашид “Үндсэн хууль” гэх/ зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэц иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид “Цэц” гэх/-д маргаан хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хуулиас бүрдэнэ.
2.2. Маргаан хянан шийдвэрлэх нарийвчилсан журмыг Цэцийн зөвлөгөөнөөс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон энэ хуульд нийцүүлэн баталсан Үндсэн хуулийн цэцийн дэг /цаашид “Дэг” гэх/-ээр зохицуулна.
3 дугаар зүйл. Нэр томьёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “иргэн” гэж Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
3.1.2. “маргагч” гэж энэ хуульд заасны дагуу Цэцэд хандан өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргагчийг;
3.1.3. “маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж маргаантай асуудлыг хянан шийдвэрлэх, дахин хянан үзэх, эсхүл үндсэн эрхийн маргааныг магадлан шийдвэрлэх ажиллагааг;
3.1.4. “маргаантай асуудал” гэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Цэцийн харьяалан шийдвэрлэх асуудлыг;
3.1.5. “мэдээлэл” гэж нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс энэ хуульд заасны дагуу иргэдийг төлөөлөн маргаантай асуудлаар Цэцэд хандсаныг;
3.1.6. “өргөдөл” гэж хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, бусад акт иргэний үндсэн эрхийг нь зөрчсөн гэж үзсэн тухайн иргэн энэ хуульд заасны дагуу Цэцэд хандсаныг;
3.1.7. “үндсэн эрх” гэж Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1, 3, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18-д заасан үндсэн эрх, эрх чөлөө, мөн зүйлийн 4-ийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох” эрх, болон түүнтэй адилтгах эрхийг;
3.1.8. “үндсэн эрхийн маргаан” гэж хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, бусад акт өргөдөл гаргагчийн өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн эсэх маргааныг;
3.1.9. “хүсэлт” гэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас маргаантай асуудлаар өөрийн чиг үүргийн хүрээнд энэ хуульд заасны дагуу Цэцэд хандсаныг;
3.1.10. “хуралдаан” буюу “Цэцийн хуралдаан” гэж Бага, Дунд, эсхүл Их суудлыг;
3.1.11. “бүрэлдэхүүн” гэж Бага, Дунд, эсхүл Их суудлын бүрэлдэхүүнийг;
3.1.12. “акт” гэж эрх зүйн хэм хэмжээ тогтоосон болон нэг бүрчилсэн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйг;
3.1.13. “ам хуралдаан” гэж маргааны үндсэн оролцогч, шаардлагатай тохиолдолд бусад оролцогчийг оролцуулан хуралдааны танхимд маргааныг хэлэлцэхийг;
3.1.14. “зөвлөлдөх хуралдаан” гэж хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэх явцад цугларсан тайлбар, баримтад үндэслэн маргааны оролцогчийг оролцуулахгүйгээр бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд маргааныг хэлэлцэхийг;
3.1.15. “тусгай санал” гэж бүрэлдэхүүнд орсон гишүүн маргааныг хянан шийдвэрлэсэн Цэцийн шийдвэрийн тогтоох хэсэгтэй санал нэгдсэн ч үндэслэх хэсэгтэй санал зөрсөн тухай /зэрэгцээ санал/ эсхүл шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгийн аль алинтай санал зөрсөн тухай /эсрэг санал/ үндэслэлээ бичихийг.
Тайлбар: Энэ хуулийн 3.1.7-д заасан үндсэн эрх, эрх эрх чөлөөтэй “адилтгах эрх” гэдэгт Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөв, Арван тавдугаар зүйл, Арван наймдугаар зүйлийн 5 дахь хэсэг, Арван ес дүгээр зүйл, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Тавин хоёр, Тавин гурав, Тавин дөрөв, Тавин тав дугаар зүйлд заасан эрх, мөн Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрх”-ийг ойлгоно.
4 дүгээр зүйл. Маргаан хянан шийдвэрлэх хүрээ
4.1. Цэц гагцхүү Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд бусад хууль зөрчсөн тухай өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авахгүй.
4.2. Цэц хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, бусад шийдвэр, эсхүл бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа албан тушаалтны акттай холбоотой, Цэцийн харьяалалд хамаарах маргааныг хянан шийдвэрлэнэ.
5 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх хугацаа
5.1. Цэц энэ хуульд өөрөөр заагаагүй бол маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Бүрэлдэхүүн нь тухайн маргаан ээдрээ, төвөгтэй гэж үзвэл энэ хугацааг 90 хоногоор хоёр хүртэл удаа сунгаж болно. Хугацаа сунгах журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
5.2. Дараах шийдвэртэй холбоотой маргааныг хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг даруй хангана:
5.2.1. онц болон дайны байдал зарласан, эсхүл цэрэг хөдөлгөх тухай;
5.2.2. гамшгаас хамгаалах өндөржүүлсэн эсхүл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн.
5.3. Энэ хуулийн 5.2-т заасан тохиолдолд хэд хэдэн илтгэгч гишүүнийг томилж болно.
6 дугаар зүйл. Хугацаа тодорхойлох, тоолох
6.1. Маргаан хянан шийдвэрлэх хугацааг хуанлийн жил, сар, гариг, хоног, ажлын өдөр, цагаар тодорхойлно.
6.2. Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уг хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно.
6.3. Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.
6.4. Үүргийг гүйцэтгэх бол зохих журмаар тогтоосон тухайн байгууллагын ажлын өдөр дуусах эцсийн цагийн дотор гүйцэтгэнэ.
6.5. Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ.
6.6. Цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар, хоногийг хорин дөрвөн цагаар тоолно.ч
6.7. Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно.
6.8. Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна.
6.9. Хуанлийн жил нь 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусна.
6.10. Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт, гаригаар тогтоосон хугацаа тухайн товлосон гариг дуусах эцсийн цагт, цагаар тогтоосон хугацаа уг хугацаа дуусах цагийн мөн хоромд дуусна.
7 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх зардал
7.1. Цэцэд маргаан хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах дараах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:
7.1.1. шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, Цэцийн шийдвэрээр гүйцэтгэсэн ажил үндсэн чиг үүрэгт нь хамаарахгүй бол ажлын хөлс;
7.1.2. гэрчийн тээвэр, байр, хоолны зардал, цалин, хөдөлмөрийн хөлс;
7.1.3. хөгжлийн бэрхшээлтэй оролцогчийг маргаан хянан шийдвэрлэхэд оролцуулах зардал;
7.1.4. шаардлагатай бусад ажиллагааг гүйцэтгэсний зардал.
7.2. Маргаан хянан шийдвэрлэх зардлыг дараах журмаар тооцно:
7.2.1. шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж байгаа албан томилолтын зардлын хэмжээгээр;
7.2.2. шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг жишиг үнэлгээг харгалзан тогтоосон хэмжээгээр;
7.2.3. мэдүүлэг өгөхөөр Цэцэд дуудагдсан хугацаанд гэрч цалин, хөдөлмөрийн хөлсөөр хохирсон бол энэ хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсний дунджаар;
7.2.4. хөгжлийн бэрхшээлтэй оролцогчийг маргаан хянан шийдвэрлэхэд оролцуулахад шаардлагатай хэрэгсэл, тоног төхөөрөмж ашигласны төлбөрөөр;
7.2.5. бусад зардлыг зохих журмын дагуу.
7.3. Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан зардлыг тооцож олгох журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗАРЧИМ
8 дугаар зүйл. Хараат бус байх
8.1. Цэцийн гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан, иргэнээс хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдан маргааныг хянан шийдвэрлэнэ.
8.2. Байгууллага, албан тушаалтан, иргэн, хэн боловч Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шахалт, дарамт үзүүлэх, бусад хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.
8.3. Цэцийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тал үл харах бөгөөд Цэцээр хянан шийдвэрлэх асуудал болон Цэцийн хянаж байгаа маргааны талаар Цэцийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал, дүгнэлтийг нийтэд урьдчилан илэрхийлэх, зөвлөгөө өгөхийг түүнд хориглоно.
9.1. Цэц нь аливаа асуудал, маргааныг хамтын зарчмаар хэлэлцэж, хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
9.2. Цэцийн гишүүн асуудал, маргааныг хянан шийдвэрлэхэд санал өгөх, хуралдаанд оролцох болон бусад албан үүргээ хэрэгжүүлэхээс хуульд зааснаас бусад үндэслэлээр татгалзах, зайлсхийхийг хориглоно.
10.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Цэц маргааныг ил тодоор хянан шийдвэрлэж, шийдвэрээ нийтэд мэдээлнэ.
10.2. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол ам хуралдааныг нээлттэй явуулна.
10.3. Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэл /цаашид “хуулиар хамгаалагдсан нууц, мэдээлэл” гэх/, эсхүл хүний аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай тухай маргааны оролцогч, эсхүл бүрэлдэхүүнд орсон гишүүний саналыг бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзвэл хуралдааныг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаалттай явуулж болно.
10.4. Хаалттай хуралдааны явцад илэрхий болсон, түүнчлэн албаны чиг үүргийн хүрээнд мэдсэн хуулиар хамгаалагдсан нууц, мэдээллийг Цэцийн гишүүн, маргааны оролцогч, бусад этгээд задруулахыг хориглох бөгөөд шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу нууцын баталгаа гаргуулан авна.
10.5. Бүрэлдэхүүн хаалттай хуралдаанд оролцохыг тодорхой этгээдэд зөвшөөрч болно.
10.6. Хуульд өөрөөр заагаагүй бол ам хуралдааны явцыг дууны болон дуу-дүрсний бичлэгээр зохих журмын дагуу баталгаажуулж, архивд хадгална.
10.7. Цэцийн шийдвэр, нээлттэй хуралдааны тэмдэглэлийг маргааны оролцогч, бусад этгээд өөрийн зардлаар хувилан авах эрхтэй.
11 дүгээр зүйл. Тэгш эрхийг хангах
11.1. Цэц маргаан хянан шийдвэрлэхдээ тэгш эрхийг хангах бөгөөд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсрол, эсхүл бусад шинжээр нь ялгаварлан гадуурхаж үл болно.
11.2. Маргаан хянан шийдвэрлэхэд оролцож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ хуульд заасан эрхээ эдлэхэд Цэц дэмжлэг үзүүлнэ.
12 дугаар зүйл. Цэц өөрөө нотлох
12.1. Цэц маргааныг Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэхэд шаардлагатай ажиллагааг явуулж, ач холбогдол бүхий баримтыг цуглуулах, үнэлэх үүрэгтэй.
12.2. Цэц маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтыг иргэн, албан тушаалтан, байгууллагаас гаргаж өгөхийг шаардах бүрэн эрхтэй бөгөөд холбогдох этгээд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.
12.3. Үндсэн оролцогч нь маргаан хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн, хуульд заасан арга, хэрэгслээр олж авсан баримтыг Цэцэд гаргаж өгнө.
12.4. Цэц шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үндэслэн шийдвэр гаргаж болно.
13 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх хэл, бичиг
13.1. Цэц маргааныг монгол хэлээр хянан шийдвэрлэж, төрийн албан ёсны бичгээр хөтөлж баталгаажуулна.
13.2. Маргааны оролцогч монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хөгжлийн бэрхшээлтэйн улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио, зангаа, тусгай тэмдэгт ашиглан тайлбар, баримт гаргаж өгөх эрхтэй.
13.3. Энэ хуулийн 13.2-т заасан этгээдээс Цэцэд гаргасан тайлбар, баримтыг тухайн бүрэлдэхүүн болон маргааны бусад оролцогчид, түүнчлэн тухайн этгээдэд хуралдааны явц, бусад тайлбар, баримтыг зохих харилцааны хэрэгсэл, эсхүл орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулна.
14 дүгээр зүйл. Хуралдааныг биечлэн явуулах
14.1. Цэцийн хуралдааныг хуулиар тогтоосон журмын дагуу томилсон бүрэлдэхүүн эхнээс нь дуусах хүртэл биечлэн явуулна.
14.2. Бүрэлдэхүүнд орсон гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй бол түүний оронд Цэцийн өөр гишүүнийг томилно.
14.3. Энэ хуулийн 14.2-т заасан тохиолдолд бүрэлдэхүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг эсхүл хуралдааныг эхнээс нь явуулах эсэхийг шийдвэрлэнэ.
15 дугаар зүйл. Хуралдааныг тасралтгүй явуулах
15.1. Цэцийн хуралдааныг амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна.
15.2. Хуралдаанаар маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн бол бүрэлдэхүүн уг нөхцөл арилах хүртэл боломжит хугацаагаар хуралдааныг хойшлуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦЭЦЭД ХАНДАХ ХЭЛБЭР, ХУГАЦАА
16 дугаар зүйл. Цэцэд хандах хэлбэр
16.1. Өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг бичгээр, эсхүл цахимаар Цэцэд гаргана.
16.2. Иргэн эрхээ хамгаалах хуульд заасан арга замыг дуусгасны дараа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, бусад акт өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн хэвээр байгаа гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргана.
16.3. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар дараах этгээд иргэдийг төлөөлөн Цэцэд мэдээлэл гаргана:
16.3.1. иргэнээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 20.1-т заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисст гаргасан асуудал үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бол түүнийг тогтоолгохоор Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн;
16.3.2. иргэн Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчигдсөн талаар тухайн чиглэлийн төрийн бус байгууллагад нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хандсан нь үндэслэлтэй бол тухайн байгууллага.
16.4. Энэ хуулийн 16.3.2-д заасан төрийн бус байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
16.4.1. мэдээллийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх;
16.4.2. дүрмийн зорилгын дагуу сүүлийн таваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.
16.5. Иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл зарим буюу бүрэн бус чадамжтай, түүнчлэн эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан иргэний үндсэн эрхийг зөрчсөн талаарх өргөдлийг түүний хууль ёсны төлөөлөгч Цэцэд гаргаж болно.
16.6. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар дараах эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд энэ хуульд заасны дагуу хүсэлт гаргана:
16.6.1. Ерөнхийлөгч;
16.6.2. Ерөнхий сайд;
16.6.3. Улсын Их Хурлын гишүүдийн тавны нэгээс доошгүй;
16.6.4. Улсын дээд шүүх;
16.6.5. Улсын ерөнхий прокурор.
16.7. Иргэн Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан маргаантай асуудлаар хандсаныг үндэслэлтэй гэж үзвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтан уг асуудлаарх хүсэлтийг Цэцэд гаргаж болно.
16.8. Хууль тогтоомжоос бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн талаар Цэцэд өргөдөл, мэдээлэл гаргахдаа уг шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан, тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх бүхий этгээд, шүүхэд хандах зэргээр эрхээ хамгаалах хуульд заасан арга замыг дуусгасан байна.
17 дугаар зүйл. Цэцэд хандах хугацаа
17.1. Үндсэн эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэн дараах хугацаанд өргөдөл гаргана:
17.1.1. хууль тогтоомж хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жилийн дотор;
17.1.2. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасан хууль тогтоомжоос бусад шийдвэр гарсан өдрөөс хойш нэг жилийн дотор;
17.1.3. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан сонгуулийн төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш хоёр сарын дотор;
17.1.4. шүүхийн шийдвэр, эсхүл бусад актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор.
17.2. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан асуудлаар энэ хуулийн 17.1.1, 17.1.2, 17.1.3-т заасан хугацаанд мэдээлэл гаргана.
17.3. Хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаантай асуудлаар хэдийд ч хүсэлт гаргаж болно.
17.4. Энэ хуулийн 17.3-т зааснаас бусад маргаантай асуудлаар хүсэлт гаргах үндэслэл бий болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүсэлт гаргаж болно.
17.5. Энэ хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн бол маргагч хугацаа сэргээлгэх саналаа холбогдох баримтын хамт Цэцэд гаргаж болно.
18 дугаар зүйл. Өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд тавих шаардлага
18.1. Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд дараах зүйлийг тусгана:
18.1.1. өргөдөл, мэдээлэл гаргагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа хаяг, байгууллага бол түүний нэр, оршин байгаа хаяг, эсхүл хүсэлт гаргагчийн нэр, албан тушаал, хаяг;
18.1.2. өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн утасны дугаар, цахим хаяг;
18.1.3. Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа хууль тогтоомж, бусад акт, түүний заалт, эсхүл Үндсэн хууль зөрчсөн, огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй хэмээн үзэж байгаа албан тушаалтны нэр, шийдвэр, бусад актын талаарх мэдээлэл;
18.1.4. Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалт болон түүнийг зөрчсөн гэж үзэж буй үндэслэл;
18.1.5. Цэцээр шийдвэрлүүлэх шаардлага;
18.1.6. өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргагчийн тоон, эсхүл ердийн гарын үсэг, огноо.
18.2. Өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд дараах зүйлийг хавсаргана:
18.2.1. маргаан хянан шийдвэрлэхэд төлөөлөгчөөр дамжуулан оролцох эсхүл өмгөөлөгчөөр төлөөлүүлэх бол бүрэн эрхийн хүрээг тодорхойлж, төлөөлөх эрх олгосон баримт бичиг;
18.2.2. Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа хууль тогтоомж, бусад акт, түүний заалтын хуулбар, эсхүл Үндсэн хууль зөрчсөн, огцруулах, эгүүлэн татах үндэслэл болсон шийдвэр, бусад актын нотолгоо;
18.2.3. монгол хэлээс өөр хэл дээрх баримт бичгийн албан ёсны орчуулга.
18.3. Өргөдөлд энэ хуулийн 18.1, 18.2-т зааснаас гадна энэ хуулийн 16.8-д заасны дагуу эрхээ хамгаалах хуульд заасан арга замыг дуусгасан ч үндсэн эрх нь зөрчигдсөн хэвээр байгаа гэж үзсэн үндэслэлээ тусган, холбогдох шийдвэр, баримтыг хавсаргана.
18.4. Мэдээлэлд энэ хуулийн 18.1, 18.2-т зааснаас гадна нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар иргэдийг төлөөлж Цэцэд хандсан зорилгыг тусган, энэ хуулийн 16.4-т заасан шаардлага хангасан байгууллага болохыг нотолсон баримт бичгийн хуулбарыг хавсаргана.
19 дүгээр зүйл. Өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авах
19.1. Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Ерөнхий бүртгэгч хүлээн авна.
19.2. Ерөнхий бүртгэгч нь өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Цэцэд ирүүлснээс хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 16, 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх, Цэц урьд нь тухайн асуудлыг шийдвэрлэсэн эсэхийг нягтлан үзэж, хянан шийдвэрлэх бүртгэлд бүртгэсэн эсэх талаар үндэслэл бүхий хариуг маргагчид өгнө. Холбогдох журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
19.3. Ерөнхий бүртгэгч дараах тохиолдолд өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг маргагчид буцаана:
19.3.1. энэ хуулийн 16, 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;
19.3.2. Цэцээс урьд өмнө нь хариу өгсөн асуудлаар дахин өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан бөгөөд түүнийг дахин нягтлан үзэх үндэслэлгүй.
19.4. Ерөнхий бүртгэгчээс энэ хуулийн 19.3-т заасны дагуу өгсөн хариуг маргагч эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Цэцэд дахин гаргаж болно.
19.5. Өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг энэ хуульд заасан шаардлага хангаж, эсхүл түүнийг энэ хуулийн 19.4-т заасны дагуу гаргасан бол Ерөнхий бүртгэгч ажлын таван өдрийн дотор Цэцийн зөвлөгөөнөөс тогтоосон хуваарь, Дэгд заасны дагуу Бага суудлын бүрэлдэхүүнд гардуулж, хянан шийдвэрлэх бүртгэлд бүртгэнэ.
19.6. Цэцэд хандах эрхээ урвуулан ашиглаж, эсхүл хариу өгсөн, шийдвэр гарсан асуудлаар удаа дараа хандаж, Цэцийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.
20 дугаар зүйл. Цахим бүртгэл хөтлөх
20.1. Ерөнхий бүртгэгч өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг албан хэрэг хөтлөх журмын дагуу бүртгэж, цахим сан үүсгэнэ.
20.2. Цэцийн шийдвэрийн хуулбар, эсхүл маргаан хянан шийдвэрлэхэд хамаарах баримт бичгийг маргааны оролцогчдод цахимаар хүргүүлнэ.
20.3. Маргааны оролцогч Цэцийн шийдвэр, холбогдох баримт бичгийг бичгээр авах санал гаргасан, эсхүл цахим үйлчилгээ үзүүлэх боломжгүй тохиолдолд маргааны оролцогчид шийдвэр, баримт бичгийг шуудангаар хүргүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МАРГААНЫ ОРОЛЦОГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
21 дүгээр зүйл. Маргааны оролцогч
21.1. Маргагч болон өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд Үндсэн хууль зөрчсөн гэж тусгасан шийдвэр, бусад актыг гаргасан байгууллага, албан тушаалтан нь үндсэн оролцогч байна.
21.2. Гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, Цэцийн нарийн бичгийн дарга нь бусад оролцогчид хамаарна.
21.3. Төлөөлөгч, өмгөөлөгч нь маргааны бие даасан оролцогч бус, зөвхөн төлөөлүүлж, өмгөөлүүлж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрх олгосон хүрээнд хамгаалж байгаа этгээд мөн.
22 дугаар зүйл. Үндсэн оролцогчийн эрх, үүрэг
22.1. Үндсэн оролцогч нь маргаан хянан шийдвэрлэхэд дараах эрх эдэлнэ:
22.1.1. маргаж байгаа асуудлаар байр сууриа илэрхийлж, тайлбар гаргах, баримт гаргаж өгөх, баримт гаргуулах санал гаргах;
22.1.2. энэ хуульд заасны дагуу гэрч оролцуулах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилуулах, Цэцийн хуралдааныг хойшлуулах тухай санал гаргах;
22.1.3. өргөдөл, мэдээлэл, хүсэлт, холбогдох тайлбар, цугларсан баримттай танилцах, хуулбарлан авах, тэмдэглэл хийх, хариу тайлбар өгөх;
22.1.4. маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой Цэцээс гаргасан шийдвэрийн талаар мэдэх, хуулбарлан авах;
22.1.5. биечлэн, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан энэ хуульд заасны дагуу ам хуралдаанд оролцох, оролцогчоос асуулт асуух;
22.1.6. бүрэлдэхүүн, эсхүл бусад оролцогчоос энэ хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах санал гаргах;
22.1.7. өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах;
22.1.8. энэ хуульд заасан бусад эрх.
22.2. Үндсэн оролцогч маргаан хянан шийдвэрлэхэд дараах үүрэг хүлээнэ:
22.2.1. Цэцээс товлосон цагт хүрэлцэн ирэх;
22.2.2. Цэцийн шаардсан баримтыг тогтоосон хугацаанд гаргаж өгөх;
22.2.3. Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлт, тайлбар нь бодит байдалд нийцсэн, үнэн байх;
22.2.4. маргаан хянан шийдвэрлэх явцад олж мэдсэн хуулиар хамгаалагдсан нууц, мэдээллийг задруулахгүй байх;
22.2.5. хуралдааны дэгийг сахих;
22.2.6. энэ хуульд заасан бусад үүрэг.
22.3. Өргөдөл, хүсэлт гаргагч нь энэ хуулийн 42.2-т заасны дагуу маргаан үүсгэсэн магадлалыг хүлээн авсан өдрөөс хойш 10 ажлын өдрийн дотор шаардлагаа ихэсгэх, эсхүл багасгах, бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах санал гаргаж болно. Өргөдөл, хүсэлтийн шаардлагыг ихэсгэх, багасгах, татгалзах нь нийтийн ашиг сонирхолд нөлөөлнө гэж бүрэлдэхүүн үзвэл энэ тухай саналыг хүлээн авахгүй.
22.4. Маргаан үүсгэсний дараа мэдээллийн шаардлагаас татгалзах, эсхүл түүнийг ихэсгэх, багасгахыг хориглоно.
22.5. Дунд суудлын шийдвэр гарсны дараа маргагч шаардлагаасаа татгалзах, эсхүл түүнийг ихэсгэх, багасгахыг хориглоно.
22.6. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэд хамтран оролцож байгаа бол дотроосоо тав хүртэл тооны иргэнийг сонгон ам хуралдаанд оролцуулах бөгөөд тэдгээр нь үндсэн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
22.7. Цэц үндсэн оролцогчид эрх, үүргийг нь танилцуулж, тэгш боломжоор хангана.
23 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх
23.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол үндсэн оролцогч зөвхөн хуульчид итгэмжлэл олгох замаар хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлж болно.
23.2. Улсын Их Хурал аль нэг гишүүнээрээ, Улсын Их Хурлын гишүүн өөрөө, эсхүл хуульчаар төлөөлүүлэн Цэцийн ам хуралдаанд оролцоно.
23.3. Засгийн газар, эсхүл Ерөнхий сайдыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл Ерөнхий сайдын итгэмжилсэн хуульч ам хуралдаанд төлөөлнө.
23.4. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, эсхүл бусад байгууллага, албан тушаалтан хуульд заасны дагуу, эсхүл хуульчаар төлөөлүүлэн ам хуралдаанд оролцоно.
23.5. Хууль тогтоомж, бусад шийдвэр болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжилсэн хуульч ам хуралдаанд байгууллагыг төлөөлнө.
23.6. Байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд нь түүнд олгосон итгэмжлэлийг Цэцэд гаргаж өгнө.
23.7. Итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байна:
23.7.1. төлөөлүүлэгч өөрийн нэр, регистрийн дугаар, утасны дугаарыг бичиж, гарын үсэг зурсан байх, байгууллагын итгэмжлэлд тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;
23.7.2. олгосон огноог заах;
23.7.3. хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх;
23.7.4. ямар маргаанд хэрхэн оролцохыг тодорхой заах;
23.7.5. итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.
23.8. Хугацаа заагаагүй итгэмжлэл нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.
23.9. Маргааны оролцогч, эсхүл түүний төлөөлөгч маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.
23.10. Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажиллагааг хуулийн хүрээнд явуулж, төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийн хүрээнд энэ хуульд заасан маргааны оролцогчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
23.11. Дараах этгээд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцохыг хориглоно:
23.11.1. гэрчээр оролцсон этгээд;
23.11.2. эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар, эсхүл ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд шүүгч, прокурор.
23.12. Төлөөлөл дараах үндэслэлээр дуусгавар болно:
23.12.1. төлөөлөгч итгэмжлэлээс татгалзсан;
23.12.2. төлөөлүүлэгч өөрийн олгосон итгэмжлэлийг хүчингүй болгосон;
23.12.3. хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон;
23.12.4. төлөөлүүлэгч байгууллага татан буугдсан.
23.13. Төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй. Энэ тухай Цэцэд даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдэгдээгүйгээс гарах үр дагаврыг төлөөлүүлэгч хариуцна.
24 дүгээр зүйл. Өмгөөлөгч
24.1. Маргааны оролцогч маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно.
24.2. Маргаан хянан шийдвэрлэхэд оролцох өмгөөлөгчийн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талтай байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно.
25 дугаар зүйл. Гэрч
25.1. Маргаан хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал, үйл баримтыг мэдэж байгаа этгээдийг илтгэгч гишүүн, эсхүл бүрэлдэхүүн гэрчээр оролцуулж болно.
25.2. Гэрч нь товлосон цагт хүрэлцэн ирж, маргаантай холбогдсон асуудлаар үнэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай тэмдэглэл, баримт бичиг, мэдээ сэлтийг ашиглаж болно.
25.3. Гэрч санаатайгаар худал мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхөөс хууль бусаар зайлсхийсэн, татгалзсан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулж, Дэгд заасны дагуу баримтжуулна.
26 дугаар зүйл. Шинжээч
26.1. Үндсэн оролцогчийн саналаар, эсхүл өөрийн санаачилгаар илтгэгч гишүүн, эсхүл бүрэлдэхүүн маргааныг хянан шийдвэрлэхэд тусгай мэргэшил, мэдлэг зайлшгүй шаардсан асуудлаар уг маргаанд ашиг сонирхлын зөрчилгүй этгээдийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулж болно.
26.2. Энэ хуулийн 26.1-т заасан шийдвэрт шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай асуудлыг тодорхойлон заана.
26.3. Шинжээч нь Цэцийн товлосон цагт хүрэлцэн ирэх, тогтоосон хугацаанд үнэн зөв, бүрэн, үндэслэл бүхий дүгнэлт гаргах үүрэгтэй.
26.4. Шинжээч санаатай худал дүгнэлт гаргах, дүгнэлт гаргахаас хууль бусаар зайлсхийсэн, татгалзсан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулж, баримтжуулна.
26.5. Мэргэшил, мэдлэг тохирохгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол шинжээч дүгнэлт гаргахаас татгалзаж болно.
26.6. Шинжээч дүгнэлт гаргахад шаардлагатай бол маргааны материалтай танилцах, нэмэлт баримт авах саналаа Цэцийн гишүүнд гаргах эрхтэй.
26.7. Шинжээч өөрийн хийсэн ажиллагаа, шинжилгээ, түүний үндсэн дээр хүрсэн дүгнэлтээ тодорхойлохын хамт Цэцийн гишүүнээс тавьсан асуултад нэг бүрчлэн үндэслэл бүхий тодорхой хариулт өгч дүгнэлтээ бичгээр үйлдэнэ.
26.8. Шинжээч Цэцийн тавьсан асуултад тусгагдаагүй боловч маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар дүгнэлтдээ тусгаж болно.
26.9. Хэд хэдэн этгээдийг баг болгон шинжээчээр томилсон бол тэд санал нэгтэй байвал нэг дүгнэлт гаргаж гарын үсгээ зурах бөгөөд харин аль нэг шинжээч санал нийлэхгүй байвал дүгнэлтээ тусдаа гаргана.
27 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрч
27.1. Үндсэн оролцогч монгол хэл мэдэхгүй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэйн улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол түүний саналын дагуу орчуулагч, хэлмэрчийг илтгэгч гишүүн, эсхүл бүрэлдэхүүн томилж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.
27.2. Орчуулагч, хэлмэрч товлосон цагт хүрэлцэн ирж, өргөдөл, мэдээлэл, хүсэлт, тайлбар, мэдүүлэг, баримттай танилцах, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, Цэцийн шийдвэрийн агуулгыг үнэн зөв, бүрэн орчуулж, хэлмэрчлэх үүрэгтэй.
27.3. Орчуулагч, хэлмэрч нь тодруулах асуулт тавьж болно.
27.4. Маргааны оролцогч нь орчуулагч, хэлмэрчийн үүрэг давхар гүйцэтгэхийг хориглоно.
27.5. Орчуулагч, хэлмэрч санаатайгаар худал орчуулсан, хэлмэрчилсэн, орчуулга хийх, хэлмэрчлэхээс хууль бусаар татгалзсан, зайлсхийсэн тохиолдолд түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай сануулж, баримтжуулна.
28 дугаар зүйл. Цэцийн нарийн бичгийн дарга
28.1. Цэцийн нарийн бичгийн дарга /цаашид “нарийн бичгийн дарга”/ нь маргааны оролцогчид маргаан хянан шийдвэрлэхэд оролцох эрх, үүргийг танилцуулан баталгаажуулах, хуралдаан явуулах нөхцөлийг хангах, маргааны оролцогчид товыг мэдэгдэх, тэдний ирцийг бүртгэж, танилцуулах, хуралдааны тэмдэглэл хөтлөх, түүнд гарын үсэг зурж, даргалагчаар баталгаажуулж маргааны материалд хавсаргах, шаардлагатай бусад ажиллагааг гүйцэтгэнэ.
29 дүгээр зүйл. Татгалзан гаргах үндэслэл, журам
29.1. Цэцийн гишүүн дараах үндэслэл байвал бүрэлдэхүүнд оролцохоос өөрөө татгалзан гарах үүрэгтэй:
29.1.1. тухайн маргааныг захиргааны байгууллага, шүүхээр хянан шийдвэрлэхэд албан үүргийн дагуу, эсхүл мэргэжлийн үүднээс оролцсон;
29.1.2. өөрөө, эсхүл өөртэй нь хамаарал бүхий этгээд үндсэн оролцогч.
29.2. Үндсэн оролцогч энэ хуулийн 29.1-т заасан үндэслэлээр Цэцийн гишүүнийг татгалзан гаргах санал тавих эрхтэй бөгөөд саналаа бичгээр гаргаж, татгалзан гаргах үндэслэлийг тодорхой заана.
29.3. Цэцийн гишүүн татгалзан гарах, гаргах саналыг тухайн бүрэлдэхүүн уг гишүүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэх ба санал тэнцвэл татгалзан гаргаагүйд тооцно.
29.4. Маргааныг хянан шийдвэрлэхэд Цэцийн хоёроос дээш тооны гишүүн татгалзан гарах, эсхүл тэдгээрийг татгалзан гаргахыг хориглоно. Татгалзан гарснаар, эсхүл гаргаснаар бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болох тохиолдолд татгалзан гарах, эсхүл гаргахыг хориглох бөгөөд Цэцийн гишүүн энэ хуулийн 29.1-т заасан үндэслэл үүссэн эсэхээс үл хамааран чиг үүргээ хэрэгжүүлнэ.
29.5. Энэ хуулийн 29.1-т зааснаас бусад үндэслэлээр Цэцийн гишүүнийг татгалзаж үл болно.
29.6. Энэ хуулийн 29.1-т заасан, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй бусад үндэслэл бий болсон бол орчуулагч, хэлмэрч, шинжээч, нарийн бичгийн дарга өөрөө татгалзан гарах үүрэгтэй бөгөөд тэдгээрийг татгалзан гаргах саналыг бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.
29.7. Энэ хуулийн 29.1, 29.6-д заасан татгалзан гарах үндэслэл байвал Цэцийн гишүүн, орчуулагч, хэлмэрч, шинжээч, нарийн бичгийн дарга Цэцийн хуралдаан эхлэхээс өмнө тухайн хуралдаан даргалагчид бичгээр, эсхүл татгалзан гарах үндэслэл хуралдаан эхлэх хүртэл мэдэгдээгүй, хуралдааны явцад илэрсэн бол энэ тухайгаа мэдсэн даруй хуралдаан даргалагчид мэдэгдэж, татгалзан гарах үүрэгтэй.
29.8. Илтгэгч гишүүн татгалзан гарсан эсхүл түүнийг татгалзан гаргасан бол нөхөн томилогдсон гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ба шаардлагатай гэж үзвэл зарим ажиллагааг дахин явуулж болно.
29.9. Бүрэлдэхүүнд орсон илтгэгч гишүүнээс бусад гишүүн татгалзан гарсан, эсхүл түүнийг татгалзан гаргасан бол өөр гишүүнийг нөхөн томилж, хуралдааныг шинээр эхлүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл бүрэлдэхүүн хуралдааныг хойшлуулна.

ТАВДУГААР БҮЛЭГ
МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ
30 дугаар бүлэг. Маргаан хянан шийдвэрлэх үндэслэл
30.1. Цэц гагцхүү энэ хуульд заасны дагуу гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг үндэслэн маргааныг хянан шийдвэрлэнэ.
30.2. Тусгай журам тогтоосноос бусад тохиолдолд маргааныг энэ хуульд заасан нийтлэг журмаар хянан шийдвэрлэнэ.
31 дүгээр бүлэг. Өргөдөл, мэдээлэл, хүсэлт, маргааныг хуваарилах болон холбогдох бусад журам
31.1. Өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Бага суудалд хуваарилах, Бага, Дунд суудлын бүрэлдэхүүн, хуралдаан даргалагч, илтгэгч гишүүнийг томилох, маргааныг Дунд суудалд хуваарилах журам нь урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд дараах шаардлагыг хангасан программ хангамжийг ашиглана:
31.1.1. Цэц өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авсан даруй хуваарилалтыг хийх, Зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөх боломжгүй хамгаалалттай байх, хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг оролцогч этгээдэд шууд өгөх боломжтой байх;
31.1.2. цахимаар хийгдсэн хуваарилалтыг гагцхүү татгалзан гаргах, гарах саналыг үндэслэлтэй гэж үзсэн, эсхүл Цэцийн гишүүн, тухайн бүрэлдэхүүнд энэ хуульд заасны дагуу өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөх бөгөөд уг өөрчлөлт нь хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулсан байх.
31.2. Цэцийн дарга өөрийн оролцсон Их суудлыг даргална. Цэцийн дарга нь Их суудалд ороогүй, эсхүл илтгэгч гишүүний хувиар бүрэлдэхүүнд орсон бол аль нэг гишүүн даргална.
31.3. Энэ хуулийн 31.1, 31.2-т заасан журмын дагуу өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Бага суудалд хуваарилах, Бага, Дунд суудлын бүрэлдэхүүн, хуралдаан даргалагч, илтгэгч гишүүнийг томилох бөгөөд маргааныг Дунд суудалд хуваарилна. Энэ асуудлаарх журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
32 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэхэд бусад байгууллага дэмжлэг үзүүлэх
32.1. Бүх шатны шүүх, захиргааны болон бусад байгууллага, албан тушаалтан, холбогдох этгээд шаардлагатай баримт, мэдээллийг Цэцэд саадгүй гаргаж өгөх, Цэцэд маргаан хянан шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
33 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх
33.1. Маргааныг хянан шийдвэрлэхэд бусад шүүхээс гарах шийдвэр ач холбогдолтой гэж үзвэл бүрэлдэхүүн тухайн шийдвэр гарах хүртэл хугацаагаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.
33.2. Энэ хуулийн 33.1-т зааснаас бусад үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно.
33.3. Түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд бүрэлдэхүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ.
33.4. Маргааны оролцогч, эсхүл бүрэлдэхүүнд орсон гишүүн энэ зүйлд заасны дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, эсхүл сэргээх тухай саналыг бүрэлдэхүүнд гаргаж болно.
34 дүгээр зүйл. Маргааныг хэрэгсэхгүй болгох
34.1. Бүрэлдэхүүн дараах нөхцөлд маргааныг хэрэгсэхгүй болгож болно:
34.1.1. өргөдөл гаргагч нас барсан бол;
34.1.2. өргөдөл, хүсэлт гаргагч маргааны шаардлагаасаа татгалзсан;
34.1.3. маргаан бүхий хууль тогтоомж, бусад шийдвэр хүчингүй болсон, эсхүл маргаан бүхий нөхцөл арилсан.
34.2. Маргаан үүсгэсэн асуудал нь нийтийн ашиг сонирхолд нөлөөлнө гэж бүрэлдэхүүн үзвэл энэ хуулийн 34.1-д заасан нөхцөл үүссэн эсэхээс, эсхүл маргагч биечлэн оролцож байгаа эсэхээс үл хамааран маргааныг үргэлжлүүлэн хянан шийдвэрлэнэ.
35 дугаар зүйл. Ам хуралдааны тэмдэглэл
35.1. Ам хуралдааны явцыг бүрэн хэмжээгээр бичиж тэмдэглэж, дараах зүйлийг тусгах бөгөөд мэдээллийн технологийн хэрэгсэл ашиглаж болно:
35.1.1. тэмдэглэлийн нэр, хуралдаан болсон огноо, газар, байр, хуралдаан эхэлсэн, дууссан цаг, минут;
35.1.2. хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнд орсон гишүүд, нарийн бичгийн даргын нэр;
35.1.3. хэлэлцэх маргааны агуулга;
35.1.4. маргааны оролцогчийн нэр, ажил, албан тушаал, холбогдох бусад мэдээлэл;
35.1.5. маргааны оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан шаардлага, тайлбар, түүний хариу болон бусад тайлбар, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тэдгээрийн санал, асуулт, хариулт болон хуралдааны бусад явц;
35.1.6. хуралдааны явцад гарсан асуудлыг шийдвэрлэсэн ам магадлал, түүнчлэн шийдвэрийн агуулга.
35.2. Ам хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдааны явцад гадаад хэлээр өгсөн тайлбар, мэдүүлэг, бусад мэдээллийн орчуулгыг бичгээр буулгана. Гадаад хэлээр гаргасан тайлбар, мэдүүлгийг Цэцийн хуралдааны тэмдэглэлд хавсаргаж болно.
35.3. Ам хуралдааны тэмдэглэлийг хуралдаан дууссан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор бичгээр үйлдэж, хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга тус тус гарын үсэг зурж баталгаажуулан маргааны материалд хавсаргана.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
36 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх зохион байгуулалт
36.1. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг Бага, Дунд, Их суудлаар зохион байгуулна.
36.2. Бага суудал гурав, Дунд суудал зургаа, Их суудал нийт гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдана.
37 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх хуралдааны хэлбэр
37.1. Хуралдаан нь ам, эсхүл зөвлөлдөх хэлбэртэй байна.
37.2. Маргааныг зөвлөлдөх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
37.3. Үндсэн оролцогчийн тайлбарыг биечлэн сонсох, гэрч, эсхүл бусад оролцогчийн мэдүүлэг, дүгнэлттэй хуралдаан дээр танилцах, тодруулга авах нь маргааныг бүрэн, бодитой шийдвэрлэхэд шаардлагатай гэж үзвэл бүрэлдэхүүн ам хуралдаан явуулахаар шийдвэрлэж болно.
37.4. Ам хуралдааныг маргааны оролцогч, эсхүл Цэцийн гишүүний саналыг үндэслэн цахимаар явуулж, эсхүл зайлшгүй тохиолдолд бүрэлдэхүүнд орсон зарим гишүүн, тодорхой оролцогчийг хуралдаанд цахимаар оролцуулж болно.
38 дугаар зүйл. Бага суудал
38.1. Цэц өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар, эсхүл хүсэлтээр маргаан үүсгэх эсэхийг Бага суудлаар шийдвэрлэнэ.
38.2. Бага суудал зөвлөлдөх хэлбэрээр хуралдана.
38.3. Бага суудлын бүрэлдэхүүн Цэцэд маргаан үүсгэх эсэх, эсхүл энэ хуульд заасан бусад асуудлыг шийдвэрлэж, магадлал гаргана. Магадлал нь маргаан үүсгэх эсэх талаарх эцсийн шийдвэр болно
38.4. Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргах хугацааг сэргээлгэх саналыг энэ хуулийн 17.5-д заасны дагуу ирүүлснээс хойш 30 хоногийн дотор Бага суудал шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд Ерөнхий бүртгэгч тайлбараа бичгээр гаргаж өгнө.
39 дүгээр зүйл. Бага суудалд бэлтгэх
39.1. Энэ хуулийн 19.5-д заасны дагуу өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг гардуулснаас хойш долоо хоногийн дараа 30 хоногийн дотор Бага суудлыг хуралдуулна. Бага суудал шаардлагатай тохиолдолд уул хугацааг 30 хоногоор нэг удаа сунгаж болно.
39.2. Бага суудлын даргалагч нь бүрэлдэхүүний бусад гишүүнтэй зөвшилцөн хуралдааныг товлож, захирамж гаргана.
40 дүгээр зүйл. Маргаан үүсгэх эсэхийг шийдвэрлэх
40.1. Бага суудал доор дурдсан үндэслэл байвал маргаан үүсгэхээс татгалзаж болно:
40.1.1. Цэцийн харьяалан шийдвэрлэх асуудал биш;
40.1.2. өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргах эрх бүхий этгээд биш, эсхүл түүнийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гаргасан;
40.1.3. эрх зүйн бүрэн чадамжгүй хүн өргөдөл гаргасан;
40.1.4. өргөдөл, мэдээлэл, хүсэлт нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй;
40.1.5. энэ хуульд заасан хугацаа өнгөрсөн;
40.1.6. хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу хандаагүй;
40.1.7. тухайн тодорхой асуудлаар Цэцийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа;
40.1.8. Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулаагүй;
40.1.9. Үндсэн хуулийн суурь ач холбогдолгүй;
40.1.10. өргөдөл, мэдээлэл гаргагч маргааны шаардлагаасаа татгалзсан.
40.2. Маргаан үүсгэснээс хойш ажлын таван өдрийн дотор энэ тухай цахим хуудас болон бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
40.3. Маргаан үүсгэсэн тохиолдолд энэ хуулийн 31.1-т заасан журмын дагуу илтгэгч гишүүнийг даруй томилно.
41 дүгээр зүйл. Дунд суудал
41.1. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудал болон үндсэн эрхийн маргааныг Дунд суудлаар шийдвэрлэж, дүгнэлт гаргана.
41.2. Дунд суудал энэ хуулийн 41.1-д зааснаас бусад асуудлыг зөвлөлдөх хуралдаанаар шийдвэрлэж, магадлал гаргана.
42 дугаар зүйл. Маргааныг хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл
42.1. Илтгэгч гишүүн энэ хуульд заасан ажиллагааг явуулах замаар маргааныг хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангана.
42.2. Илтгэгч гишүүн томилогдсон өдрөөсөө хойш ажлын таван өдрийн дотор маргаан үүсгэсэн магадлалыг энэ хуулийн 20.2, 20.3-т заасны дагуу үндсэн оролцогчид хүргүүлнэ. Үндсэн хууль зөрчсөн гэж тусгасан шийдвэр, бусад актыг гаргасан байгууллага, албан тушаалтанд тухайн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийн хуулбарыг хавсарган хүргүүлж, тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргах боломж олгоно.
42.3. Илтгэгч гишүүн шаардлагатай гэж үзвэл дараах ажиллагааг явуулна:
42.3.1. холбогдох байгууллага, албан тушаалтан, бусад этгээдээс маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой тайлбар, лавлагаа, бусад баримтыг гаргуулах;
42.3.2. гэрчээр дуудах;
42.3.3. шинжээч томилон дүгнэлт гаргуулах;
42.3.4. үндсэн оролцогчоос нэмэлт тайлбар, тодруулга авах;
42.3.5. маргаантай адил агуулга бүхий өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг нэгтгэн шалгах, нэг хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй шаардлагыг тусгаарлах санал гаргах;
42.3.6. маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуулийн 33.1-т заасан үндэслэлээр түдгэлзүүлэх, энэ хуулийн 33.3-т заасны дагуу сэргээх санал гаргах;
42.3.7. энэ хуулийн 34.1-т заасан үндэслэлээр маргааныг хэрэгсэхгүй болгох санал гаргах;
42.3.8. энэ хуульд заасан үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх хугацааг сунгуулах санал гаргах;
42.3.9. шаардлагатай бусад ажиллагаа.
42.4. Энэ хуулийн 42.3.5, 42.3.6, 42.3.7, 42.3.8-д заасан илтгэгч гишүүний саналыг бүрэлдэхүүн зөвлөлдөх хуралдаанаар шийдвэрлэх бөгөөд үндсэн оролцогч эдгээр ажиллагааг явуулах тухай саналыг бүрэлдэхүүнд гаргах эрхтэй.
42.5. Үндсэн оролцогч энэ хуулийн 42.3.1, 42.3.2, 42.3.3, 42.3.4, 42.3.9-т заасан ажиллагаа явуулах саналыг илтгэгч гишүүнд гаргах эрхтэй.
42.6. Илтгэгч гишүүн маргааны материалыг хуралдаан болохоос 21-ээс доошгүй хоногийн өмнө бүрэлдэхүүнд хуулбарлан тараана. Бүрэлдэхүүнд орсон гишүүн маргааны материалыг урьдчилан унших бөгөөд эх материалтай танилцах эрхтэй.
42.7. Маргааныг хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангагдсан бол илтгэгч гишүүн бүрэлдэхүүнтэй зөвшилцөн хуралдааны товыг тогтооно. Бүрэлдэхүүний шийдвэрт хуралдаан болох газар, огноо, цаг, түүнийг нээлттэй, эсхүл хаалттай хийх болон зөвлөлдөх, эсхүл ам хэлбэрээр явуулахыг тодорхойлно.
42.8. Бүрэлдэхүүнд орсон гишүүн энэ хуулийн 42.6-д заасны дагуу баримтыг хүлээн авснаас хойш ажлын арван өдрийн дотор нэмэлт ажиллагаа хийлгэх санал гаргаж болох бөгөөд тухайн бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авсан бол энэ хуульд заасны дагуу хуралдаанд бэлтгэх хугацааг сунгана.
42.9. Ам хуралдаан болохоос арваас доошгүй ажлын өдрийн өмнө хуралдаан болох газар, огноо, цагийг маргааны оролцогчдод мэдэгдэж, Цэцийн цахим хуудас болон бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
42.10. Энэ хуулийн 5.2-т заасан тохиолдолд ам хуралдаан болохоос таваас доошгүй ажлын өдрийн өмнө энэ хуулийн 42.9-т заасны дагуу мэдэгдэж, нийтэд мэдээлнэ.
43 дугаар зүйл. Ам хуралдаан
43.1. Цэцийн ам хуралдааныг Монгол Улсын төрийн сүлд, далбааг байрлуулсан, хэлэлцүүлэг хийх шаардлага хангасан танхимд явуулна.
43.2. Хуралдааны танхимд байгаа хүн бүр Цэц болон оролцогчдод хүндэтгэлтэй хандах, хуралдааны дэгийг сахих, хуралдаан даргалагч /цаашид “даргалагч” гэх/-д захирагдах үүрэгтэй.
43.3. Даргалагч хуралдааныг нээх бөгөөд оролцогчдын ирцийн талаар нарийн бичгийн даргаас тодруулж, хэлэлцэх маргааны агуулгыг зарлан мэдэгдэнэ.
43.4. Даргалагч маргааны оролцогчдоос эрх, үүрэгтэй танилцсан эсэхийг тодруулж, хүлээх хариуцлагыг тайлбарлана.
43.5. Даргалагч бүрэлдэхүүнийг зарлан, бусад оролцогчийг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэй болохыг үндсэн оролцогч нарт тайлбарлана.
43.6. Даргалагч хуралдааны дэгийг танилцуулж, түүнийг сахих, даргалагчид захирагдах үүрэгтэйг маргааны оролцогчид болон танхимд байгаа бусад хүнд сануулна.
43.7. Илтгэгч гишүүн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийн агуулга, хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэх явцад явуулсан ажиллагааны талаар товч мэдээлнэ.
43.8. Хуралдааны аль ч үе шатанд тухайн бүрэлдэхүүнд орсон Цэцийн гишүүн маргааны оролцогчдоос асуулт асууж, хариулт авах эрхтэй.
43.9. Үндсэн оролцогч Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт, тайлбар гаргасан дарааллыг баримтлан, маргааны зүйлийн талаарх өөрийн байр суурь, түүний үндэслэлийг тайлбарлана.
43.10. Үндсэн оролцогч гагцхүү хэлэлцэж байгаа маргаантай холбоотой асуудлаар тайлбар хийж, асуулт асууна.
43.11. Шинжээч хуралдаанд оролцож байгаа бол дүгнэлтийг өөрөө уншиж сонсгоно.
43.12. Бүрэлдэхүүнд орсон гишүүн болон маргааны оролцогч шинжээчээс дүгнэлттэй нь холбогдуулан асуулт асууж болох бөгөөд шинжээч хариулах үүрэгтэй.
43.13. Гэрчийг хуралдаанд мэдүүлэг өгөхөөс өмнө хуралдааны танхимаас тусгаарлана.
43.14. Гэрч нь бүрэлдэхүүнд орсон гишүүн болон маргааны оролцогчийн асуултад үнэн хариулах үүрэгтэй.
43.15. Маргааны материалд авагдсан, маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, бичгийн болон бусад баримтыг Цэцийн хуралдаанаар шинжлэн судална.
43.16. Хуралдааны төгсгөлд үндсэн оролцогч Цэцэд хандан үг хэлж болох бөгөөд хуралдаанаар шинжлээгүй баримт бичиг, бусад баримтыг иш татахгүй.
43.17. Даргалагч маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, маргааныг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шийдвэрлэх, оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, эрх тэгш байх зарчмыг хангах, хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэй.
43.18. Цэцийн хуралдааны аюулгүй байдлыг хангах, даргалагчийн даалгаснаар хуралдааны дэг сахиулах үүргийг төрийн тусгай хамгаалалтын албан хаагч гүйцэтгэнэ.
43.19. Ам хуралдаан явуулах журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
44 дүгээр зүйл. Ам хуралдаанд хүрэлцэн ирээгүйн үр дагавар
44.1. Ам хуралдааны товыг маргааны оролцогчдод албан ёсоор мэдэгдсэн боловч хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь энэ хуулийн 44.2-т зааснаас бусад тохиолдолд хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
44.2. Маргааны оролцогч хүндэтгэн үзэх шалтгаанаар ам хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй бөгөөд хуралдаанд биечлэн оролцох саналаа хуралдаан болохоос гурваас доошгүй ажлын өдрийн өмнө бичгээр мэдэгдсэн бол бүрэлдэхүүн хуралдааныг хойшлуулж болно.
44.3. Энэ хуулийн 44.2-т заасан үндэслэлээр хоёр ба түүнээс дээш удаа санал гаргасан нь маргааныг хянан шийдвэрлэхэд санаатай саад учруулахаар байна гэж тухайн бүрэлдэхүүн үзвэл хуралдааныг хойшлуулахгүй.
44.4. Гэрч, шинжээч хүрэлцэн ирээгүй тохиолдолд хуралдааныг үргэлжлүүлэх эсэхийг бүрэлдэхүүн хэлэлцэн шийдвэрлэнэ.
44.5. Орчуулагч, хэлмэрч хүрэлцэн ирээгүй бол бүрэлдэхүүн хуралдааныг хойшлуулж болно.
45 дугаар зүйл. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хуралд хүргүүлэх
45.1. Дунд суудал Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлыг хянан шийдвэрлэж гаргасан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.
45.2. Энэ хуулийн 45.1-т заасан маргаантай асуудлыг хянан шийдвэрлэж Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт хүчин төгөлдөр болсноор тухайн хууль, бусад шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл, заалтын үйлчлэлийг Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
45.3. Бүрэлдэхүүн зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 45.1-т заасан дүгнэлт хүчинтэй болсноор Үндсэн хууль зөрчсөн хууль, бусад шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл, заалтын үйлчлэлийг Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх тухай магадлал гаргаж болно.
45.4. Энэ хуулийн 45.2, 45.3-т заасны дагуу түдгэлзүүлсэн зохицуулалтын үйлчлэлийг сэргээхийг хориглоно.
45.5. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл Улсын Их Хурлын чуулганы чөлөөт цагт дүгнэлт гарсан бол Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор хуульд заасан журмын дагуу хэлэлцэж, шийдвэр гаргана.
45.6. Энэ хуулийн 5.2.1, 5.2.2-т заасан шийдвэртэй холбогдсон асуудлаар гаргасан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хойшлуулшгүй хэлэлцэх бөгөөд үүнд энэ зүйлийн 45.5-т заасан хугацаа хамаарахгүй.
45.7. Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж хүлээн зөвшөөрөөгүй бол энэ тухай шийдвэрээ үндэслэлийн хамт Цэцэд ажлын 10 өдрийн дотор хүргүүлэх бөгөөд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч уг үндэслэлийн талаарх тайлбараа Цэцэд гаргаж болно.
46 дугаар зүйл. Их суудал
46.1. Их суудлаар дараах маргааныг хэлэлцэж, шийдвэрлэнэ:
46.1.1. Улсын Их Хурал энэ хуулийн 45.5, 45.6-т заасан хугацаанд Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж хүлээн зөвшөөрөөгүй, энэ хуулийн 45.7-д заасан хугацаанд энэ тухай шийдвэрээ үндэслэлийн хамт Цэцэд хүргүүлээгүй эсхүл уул хугацаанд зохих шийдвэр гаргаагүй;
46.1.2. Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль, бусад шийдвэрийн зүйл, заалтыг шууд, эсхүл агуулгаар нь дахин сэргээсэн эсэх асуудлаар гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийн дагуу Бага суудал маргаан үүсгэсэн;
46.1.3. Үндсэн хуулийн тодорхой зүйл, заалтын талаарх Цэцийн эрх зүйн байр суурийг өөрчлөх, шинээр тогтоох шаардлага үүссэн гэж Дунд суудалд оролцсон гишүүдийн гурваас доошгүй нь үзсэн;
46.1.4. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан маргаантай асуудал.
46.2. Их суудлыг Цэцийн нийт гишүүний бүрэлдэхүүнтэй хийх бөгөөд хуульд заасан үндэслэлээр татгалзсан, эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болсон бол Их суудлыг долоогоос доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй явуулж болно.
46.3. Их суудалд оролцсон гишүүдийн олонхын саналаар маргааныг шийдвэрлэнэ.
47 дугаар зүйл. Маргааныг эцэслэн шийдвэрлэх
47.1. Энэ хуулийн 46.1-т заасан үндэслэл бүрдсэн бол Их суудлын товыг тогтооно.
47.2. Маргааныг Их суудлаар хэлэлцүүлэхээр бэлтгэх, хэлэлцэхэд энэ хуульд заасан Дунд суудлын нийтлэг журмыг баримтална.
47.3. Их суудал энэ хуулийн 46.1.1-т заасан үндэслэлээр маргааныг дахин хянан үзэж, эцсийн шийдвэр гаргах бөгөөд энэ шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Их суудлаас Үндсэн хууль зөрчсөн тухай шийдвэр гаргавал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай Улсын Их Хурлын шийдвэрийг хүчингүй болох, эсхүл Үндсэн хууль зөрчөөгүй тухай шийдвэр гаргавал Цэцийн дүгнэлтийг хүчингүй болгоно.
47.4. Их суудал энэ хуулийн 46.1.2, 46.1.3-т заасан маргааныг эцэслэн шийдвэрлэж тогтоол гаргана.
47.5. Их суудал энэ хуулийн 46.1.4-т заасан маргааны талаар дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд хүргүүлнэ.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
ЦЭЦИЙН ШИЙДВЭР ГАРГАХ
48 дугаар зүйл. Маргааныг зөвлөлдөх хуралдаанаар хэлэлцэх
48.1. Маргааны талаарх шийдвэрийг зөвлөлдөх тасалгаанд зөвхөн тухайн бүрэлдэхүүний гишүүд зөвлөлдөн гаргах бөгөөд нарийн бичгийн дарга, маргааны оролцогч, бусад этгээдийг байлцуулахгүй.
48.2. Зөвлөлдөх хуралдааныг даргалагч удирдан явуулна.
48.3. Бүрэлдэхүүнд орсон гишүүн зөвлөлдөж байгаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрх эдэлж, илтгэгч гишүүнээс асуулт асууж, хариулт авч болох бөгөөд уг асуудлаар саналаа заавал өгөх үүрэгтэй.
48.4. Зөвлөлдөх тасалгаанд илтгэгч гишүүн өөрийн санал, дүгнэлтийг эхэлж гаргах бөгөөд түүний дараа бүрэлдэхүүнд орсон гишүүдийн Цэцэд хамгийн удаан ажилласан гишүүнээс эхлэн ажилласан хугацааны эрэмбээр санал, дүгнэлтээ хэлж, хуралдаан даргалагч эцэст нь гаргана.
48.5. Цэцийн гишүүд санал хэлж дууссаны дараа даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг нэгтгэн томьёолж санал хураалтыг дараах журмаар явуулна:
48.5.1. Эхний санал хураалтын дараа цөөнх саналын үндэслэлээ гарган дахин үг хэлж болно. Шаардлагатай бол олонх болсон гишүүн хариу хэлж болно;
48.5.2. Цэцийн гишүүд саналаа харилцан хэлж дууссаны дараа даргалагч хоёр дахь санал хураалт явуулна. Энэ санал хураалтаар өмнөх саналын томьёоллыг өөрчлөхгүйгээр санал хураалтыг явуулах бөгөөд олонхын санал дэмжигдвэл шийдвэрийн тогтоох хэсгийг дэмжсэнд тооцно;
48.5.3. Хоёр дахь санал хураалтаар өмнөх цөөнх олонх болбол Цэцийн гишүүд дахин үг хэлж саналын үндэслэлээ тайлбарласны дараа гурав дахь санал хураалт явуулж гишүүдийн олонхын дэмжлэг авсан саналаар шийдвэрлэнэ.
48.6. Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай шийдвэр гаргасан бол Их суудал уул шийдвэр болон түүний үндэслэлийг хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн эсэх томьёоллоор санал хураана.
48.7. Зөвлөлдөх тасалгаанд саналаа илээр хураах бөгөөд Цэцийн гишүүний хэлсэн үг, тайлбар, үндэслэл, гаргасан санал нь нууц байна. Зөвлөлдөх хуралдааны нууцыг бусдад мэдээлэх, задруулах, тараахыг хориглоно.
48.8. Ам хуралдаан хийсэн тохиолдолд Цэцийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг бүрэлдэхүүний тогтоосон хугацаанд маргааны оролцогчид танилцуулж, нийтэд мэдээлнэ.
48.9. Ам хуралдаан хийгээгүй тохиолдолд Цэцийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг бүрэлдэхүүний тогтоосон хугацаанд нийтэд мэдээлнэ.
48.10. Цэцийн шийдвэр энэ хуулийн 48.8, 48.9-д заасны дагуу нийтэд мэдээлснээр хүчинтэй болно.
Тайлбар:Энэ зүйлд заасан “Цэцэд хамгийн удаан ажилласан гишүүн” гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн тайлбарт заасан гишүүнийг ойлгоно.
49 дүгээр зүйл. Цэцийн шийдвэрийн үндэслэлийг хэлэлцэн тогтоох
49.1. Цэцийн шийдвэрийн үндэслэх хэсгийн төслийг бүрэлдэхүүний олонхоор дэмжсэн саналд үндэслэн зөвлөлдөх хуралдаан болсноос хойш 14 хоногийн дотор илтгэгч гишүүн, эсхүл бүрэлдэхүүний томилсон өөр гишүүн бичиж бүрэлдэхүүнд танилцуулна. Бүрэлдэхүүний бусад гишүүн саналаа бичгээр өгч болно.
49.2. Бүрэлдэхүүнд орсон гишүүн энэ хуулийн 49.1-т заасан төслийн үндэслэх хэсэгт холбогдуулан саналаа бичгээр өгөх үүрэгтэй.
49.3. Энэ хуулийн 49.1-т заасан төслийг танилцуулснаас хойш 14 хоногийн дотор Цэцийн шийдвэрийн үндэслэх хэсгийг Зөвлөлдөх хуралдаанаар эцэслэн хэлэлцэнэ.
49.4. Энэ хуулийн 49.1-т заасан төсөлтэй танилцсан гишүүдийн талаас доошгүй нь Цэцийн шийдвэрийн үндэслэх хэсгийн төслийг дахин боловсруулах, нэмэлт судалгаа хийх, эсхүл үндэслэлд зарчмын өөрчлөлт оруулах санал гаргасан бол Зөвлөлдөх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно.
49.5. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол бүрэлдэхүүнд орсон гишүүдийн олонхын саналаар Цэцийн шийдвэрийн үндэслэх хэсгийн агуулгыг тодорхойлно.
49.6. Илтгэгч гишүүн, эсхүл бүрэлдэхүүний томилсон өөр гишүүн Цэцийн шийдвэрийг Зөвлөлдөх хуралдаанаар хэлэлцсэн агуулгын дагуу бусад гишүүний саналыг тусган бүрэн эхээр нь бичгээр үйлдэнэ.
49.7. Дунд, Их суудлаас гаргасан шийдвэр хүчинтэй болсноос хойш хоёр сарын дотор гарын үсэг зурж ёсчилно.
49.8. Бүрэлдэхүүнд орсон гишүүн бүр Цэцийн шийдвэрт гарын үсэг зурах үүрэгтэй.
49.9. Цэцийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгтэй санал бүрэн, эсхүл хэсэгчлэн нийлээгүй гишүүн энэ тухай тусгай саналаа бичгээр гаргах эрхтэй. Тусгай саналыг маргааны материалд хавсаргана.
49.10. Цэцийн шийдвэр, түүний үндэслэл гаргахаар зөвлөлдөх журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
50 дугаар зүйл. Цэцийн шийдвэрийн бүтэц
50.1. Цэцийн дүгнэлт нь доор дурдсан агуулгатай удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ:
50.1.1. удиртгал хэсэгт Цэцийн шийдвэрийн нэр, дугаар, огноо, хуралдаан хийсэн газар, бүрэлдэхүүн, маргааны оролцогчийн нэр, хэлэлцсэн маргааны товч агуулгыг тусгана;
50.1.2. тодорхойлох хэсэгт маргаан үүсгэсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийн товч утга, маргааны оролцогчдын тайлбар, шаардлагатай бусад мэдээлэл, баримтын агуулгыг тусгана;
50.1.3. үндэслэх хэсэгт маргааныг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон Үндсэн хуулийн зүйл, заалтыг зааж, түүний утгыг тайлбарлаж, хэрхэн зөрчигдсөн эсэх үндэслэлийг хууль хэрэглээний аргачлал ашиглан бичих бөгөөд цугларсан баримт, мэдээллийн болон үндсэн оролцогчийн гаргасан үндэслэлийн учир холбогдлыг тодорхойлно;
50.1.4. тогтоох хэсэгт Үндсэн хууль зөрчигдсөн эсэхийг тогтоох бөгөөд дүгнэлтийн удирдлага болсон хуулийн нэр, түүний зүйл, заалт, маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шийдлийг хоёрдмол утгагүй, тодорхой заана. Үндсэн хууль зөрчсөн тухай шийдвэр гаргасан бол хууль, бусад шийдвэрийн зүйл, заалтын үйлчлэлийг түдгэлзүүлж эхлэх хугацааг тусгана.
50.2. Цэцийн тогтоол нь дор дурдсан агуулгатай удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ:
50.2.1. удиртгал хэсэгт энэ хуулийн 50.1.1-т зааснаас гадна Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай Улсын Их Хурлын шийдвэр байгаа бол түүний нэр, дугаар, эцэслэн хэлэлцсэн маргааны товч агуулгыг тусгана;
50.2.2. тодорхойлох хэсэгт энэ хуулийн 50.1.2-т зааснаас гадна Цэцийн дүгнэлт болон түүнийг хүлээн зөвшөөрөөгүй тухай Улсын Их Хурлын шийдвэр байгаа бол тэдгээрийн агуулга, үндэслэлийг тусгана;
50.2.3. үндэслэх хэсэгт энэ хуулийн 50.1.3-т зааснаас гадна Цэцийн дүгнэлт болон түүнийг хүлээн зөвшөөрөөгүй тухай Улсын Их Хурлын шийдвэр байгаа бол тухайн шийдвэрийг үндэслэлтэй, эсхүл үндэслэлгүй гэж үзсэн талаарх үндэслэлийг бичнэ;
50.2.4. тогтоох хэсэгт Үндсэн хууль зөрчигдсөн эсэхийг тогтоох бөгөөд тогтоолын удирдлага болсон хуулийн нэр, түүний зүйл, заалт, Цэцийн дүгнэлтийн талаарх Улсын Их Хурлын шийдвэр, эсхүл бусад шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох эсэх талаар гаргасан шийдлийг хоёрдмол утгагүй зааж, хүчингүй болгох хууль, бусад шийдвэр бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, заалтыг тодорхой тусгана.
50.3. Цэцийн шийдвэрт үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа гарсан бол тухайн шийдвэрийг гаргасан бүрэлдэхүүн залруулга хийж болно.
50.4. Маргаан үүсгэхтэй холбогдуулан Бага суудлаас гаргах магадлалд үндэслэх хэсэг бичихгүй бөгөөд маргаан үүсгэхээс татгалзсан магадлалд энэ хуулийн 40.1-т заасан үндэслэлийг эшилнэ.
50.5. Дунд, Их суудлаар маргааныг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэвэл энэ тухай магадлал гаргана. Уг магадлалын бүтэц нь энэ хуулийн 50.1-т заасан шаардлагыг хангана.
50.6. Маргааныг хянан шийдвэрлэх явцад бүрэлдэхүүн магадлал гаргах бөгөөд шийдвэрлэсэн асуудлын хүрээнд агуулгыг тодорхойлно.
51. Цэцийн шийдвэрийг биелүүлэх, нийтлэх болон бусад журам
51.1. Цэцийн шийдвэрийг нийт байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлэх үүрэгтэй.
51.2. Цэцийн дүгнэлт, тогтоол, энэ хуулийн 50.5, 53.1-т заасан магадлалыг ёсчилсон өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор цахим хуудсанд байршуулж, нийтлэх бөгөөд эдгээр шийдвэр нь ийнхүү нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Цэцийн гишүүн шаардлагатай гэж үзвэл тусгай саналаа эдгээр шийдвэрийн хамт нийтлүүлж болно.
51.3. Энэ хуулийн 51.2-д заасан шийдвэр, тусгай саналыг ёсчилсны дараагийн сард гарах “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ.
51.4. Жил бүрийн нэгдүгээр сард багтаан өмнөх жилд гарсан энэ хуулийн 51.2-д заасан шийдвэр, тусгай саналыг Цэцийн шийдвэрийн эмхэтгэлд нийтэлнэ.
51.5. Цэцийн шийдвэрийг ёсчилсноос хойш ажлын таван өдрийн дотор маргааны үндсэн оролцогч болон Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд хүргүүлнэ.
51.6. Бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл Цэцийн шийдвэрийн агуулгыг нийтэд амаар танилцуулах өдрийг товлоно.
51.7. Цэцийн шийдвэр, маргаан хянан шийдвэрлэх журмыг ойлгомжтой байдлаар нийтэд мэдээлнэ.
51.8. Энэ хуулийн 51.2-д заасан шийдвэр, тусгай саналыг амаар танилцуулах, нийтэд мэдээлэх, нийтлэхэд хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээс бусад тухайн хүний хувийн мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглоно.
51.9. Дараах зайлшгүй шаардлага үүссэн гэж үзвэл бүрэлдэхүүн маргааны оролцогч, эсхүл бусад этгээдийн хувийн мэдээллийг нийтлэхгүй:
51.9.1. төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах;
51.9.2. тухайн этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах.
51.10. Цэцийн шийдвэрийг хүргүүлэх, амаар танилцуулах, нийтэд мэдээлэх, нийтлэх журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
52 дугаар зүйл. Цэцийн шийдвэрийн үр дагавар
52.1. Маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Цэцийн шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Үндсэн хууль зөрчсөн хууль, бусад шийдвэр, түүний холбогдох зүйл, заалт хүчингүй болох бөгөөд хүчингүй болгох хугацааг тухайлан заана.
52.2. Хууль зүй, эдийн засаг, зохион байгуулалтын үр дагаврыг харгалзан хууль тогтоомж, бусад шийдвэр, түүний холбогдох зүйл, заалтыг хүчингүй болгох хугацааг шийдвэр гарснаас хойш байхаар тогтоох, эсхүл Цэцийн шийдвэрийг биелүүлэх арга, журмыг Цэцийн шийдвэрт тусган тодорхойлж болно.
52.3. Цэц захиргааны актын үндэслэл болж буй хууль, бусад шийдвэрийн заалтыг хүчингүй болгосон бол тухайн захиргааны акт, эсхүл түүний заалт нэгэн адил хүчингүй болно.
52.4. Хууль, бусад шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн шийдвэр гарснаар нийгмийн харилцаа зохицуулалтгүй орхигдохоор бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн нийгмийн харилцааг Цэцийн шийдвэрийн дагуу Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх буюу шинээр зохицуулах шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд Цэц шийдвэртээ хугацааг зааж эрх бүхий байгууллага, албан тушаалтанд үүрэг хүлээлгэж болно.
52.5. Хууль, түүний холбогдох зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн шийдвэр гарснаар Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл бий болсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг дахин хянаж болно.
52.6. Өргөдөл гаргагчийн үндсэн эрх зөрчигдсөн тухай Цэцийн шийдвэр гарсан бол уул эрхийг нь сэргээх үндэслэл болох бөгөөд үндсэн эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтан шийдвэр, бусад актаа Цэцийн шийдвэрийн дагуу Үндсэн хуульд нийцүүлэх үүрэгтэй.
53 дугаар зүйл. Түр түдгэлзүүлэх тухай магадлал
53.1. Маргаан хянан шийдвэрлэх явцад нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж буй хүчирхийллээс хамгаалах, эсхүл үндсэн эрхээ эдэлснийх нь төлөө иргэнийг яллах ажиллагааг зогсоохын тулд нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай гэж бүрэлдэхүүн үзвэл маргаан бүхий хууль, бусад шийдвэрийн үйлчлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түр түдгэлзүүлэх тухай магадлал гаргаж болно.
53.2. Цэц хууль, бусад шийдвэрийн үйлчлэлийг түр түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ ам хуралдаан хийж болно. Нэн яаралтай тохиолдолд үндсэн оролцогчид, эсхүл бусад эрх бүхий этгээдээс тайлбар авахгүйгээр энэ хуулийн 53.1-т заасан магадлалыг гаргаж болно.
53.3. Түр түдгэлзүүлэх тухай магадлал гаргасан бол үндэслэлийг нь дурдахгүйгээр энэ тухай нийтэд даруй мэдээлэх бөгөөд магадлалын үндэслэлийг тусад нь үндсэн оролцогчид хүргүүлнэ.
53.4. Түр түдгэлзүүлэх тухай магадлал нь гурван сарын хугацаанд хүчинтэй байх бөгөөд бүрэлдэхүүний гишүүдийн дийлэнх олонхын саналаар уул хугацааг сунгаж болно.
53.5. Нэн яаралтай тохиолдолд Дунд, эсхүл Их суудлын ирц хүрэхгүй бол Цэцийн гурван гишүүн санал нэгтэйгээр гаргасан магадлалаар хууль, бусад шийдвэрийг түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэж болно. Ийнхүү гаргасан магадлал нэг сарын хугацаанд хүчинтэй байна.

НАЙМДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ ЖУРАМ
54 дүгээр зүйл. Хууль, бусад шийдвэрт холбогдох маргаантай асуудал
54.1. Дараах эрх бүхий этгээд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд дор дурдсан маргаантай асуудлаар Цэцэд хүсэлт гаргаж болно:
54.1.1. Улсын Их Хурлын гишүүдийн тавны нэгээс доошгүй, Ерөнхийлөгч эсхүл Ерөнхий сайд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар;
54.1.2. Улсын Их Хурлын гишүүдийн тавны нэгээс доошгүй эсхүл Ерөнхий сайд зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар;
54.1.3. Улсын Их Хурлын гишүүдийн тавны нэгээс доошгүй эсхүл Ерөнхийлөгч Засгийн газрын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар;
54.1.4. Улсын Их Хурлын гишүүдийн тавны нэгээс доошгүй эсхүл Ерөнхийлөгч Монгол Улс соёрхон батлах, нэгдэн орох олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлаар тийнхүү соёрхон батлах, нэгдэн орох тухай хууль гарахаас өмнө.
54.2. Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч Цэцээс тогтоосон хугацаанд энэ хуулийн 54.1-т заасан маргаантай асуудлаар тайлбар гаргаж болно.
54.3. Дунд суудал энэ хуулийн 54.1-т заасан маргаантай асуудлыг хянан шийдвэрлэж гаргасан дүгнэлтээ энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хуралд хүргүүлж, 46.1.1-т заасан тохиолдолд тухайн маргаантай асуудлыг дахин хянан үзэж, эцсийн шийдвэр гаргана.
55 дугаар зүйл. Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр үүссэн маргаантай асуудал
55.1. Шүүх нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, саналаа Улсын дээд шүүхийн холбогдох танхимд гаргах бөгөөд тухайн танхимын нийт шүүгчийн гуравны нэгээс доошгүй нь энэ саналыг үндэслэлтэй гэж үзвэл Цэцэд хүсэлт гаргана.
55.2. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан нь хэрэг, маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, уг хуулийн талаарх хүсэлтийг Цэцэд гаргана.
55.3. Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73.2-т заасны дагуу саналаа Улсын дээд шүүхэд хүргүүлэх бөгөөд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Цэцэд хүсэлт гаргана.
55.4. Энэ хуулийн 55.1, 55.2-т заасны дагуу Цэцэд хүсэлт гаргаагүй бол тухайн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцсон яллагчийн саналаар Улсын ерөнхий прокурор тухайн хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх хүсэлтийг Цэцэд гаргаж болно.
55.5. Энэ хуулийн 55.1, 55.2, 55.4-т заасан санал, хүсэлт нь тухайн хэргийн үйл баримтад уг хуулийг хэрэглэснээр Үндсэн хууль зөрчигдөнө гэж үзсэн үндэслэлийг тодорхой, дэлгэрэнгүй тусгана.
55.6. Энэ хуулийн 55.1, 55.2, 55.3, 55.4-т заасан хүсэлтийн дагуу маргаан хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 54.2, 54.3-д заасныг баримтална.
55.7. Маргааны оролцогч иргэн хуулийн заалтыг үндсэн эрх зөрчсөн гэж үзэн Цэцэд өргөдөл гаргасан эсэхээс үл хамааран энэ хуулийн 55.1, 55.2, 55.3, 55.4-т заасан хүсэлтийг гаргаж болно.
55.8. Цэц нь Улсын дээд шүүхийн холбогдох танхим, эсхүл санал гаргасан шүүхийн явуулж байгаа хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид тайлбар гаргах боломж олгоно.
55.9. Шүүхийн хянан шийдвэрлэж байгаа хэрэг, маргааны аль нэг тал нь энэ хуулийн 55.1-т заасан саналыг гаргах талаар тухайн шүүхэд, энэ хуулийн 55.2-т заасан хүсэлтийг гаргах талаар хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд тус тус хандах эрхтэй.
56 дугаар зүйл. Албан тушаалтанд холбогдох маргаантай асуудал
56.1. Улсын Их Хурлын гишүүдийн тавны нэгээс доошгүй, Ерөнхийлөгч эсхүл Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор дараах маргаантай асуудлаар Цэцэд хүсэлт гаргаж болно:
56.1.1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын шийдвэр, бусад акт Үндсэн хууль зөрчсөн эсэх;
56.1.2. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд Үндсэн хууль, эсхүл бусад хуулийг санаатай зөрчсөн нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл болох эсэх.
56.2. Энэ хуулийн 56.1-т заасан хүсэлтэд Үндсэн хууль зөрчсөн, эсхүл огцруулах, эгүүлэн татах талаарх үндэслэл, нотолгоог тусгана.
56.3. Их суудал энэ хуулийн 56.1-т заасан хүсэлтээр үүсгэсэн маргааныг ам хуралдаанаар хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн эсэх, эсхүл огцруулах, эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх тухай дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд хүргүүлнэ.
56.4. Цэцийн ам хуралдаанд энэ хуулийн 56.1.1, 56.1.2-т заасан албан тушаалтныг оролцуулна. Тухайн албан тушаалтан ам хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй талаар санал гаргавал Цэц төлөөлөгч оролцуулахыг даалгах, эсхүл хуралдааныг нэг удаа хойшлуулах шийдвэрийг гаргаж болно.
56.5. Цэц дүгнэлтдээ дараах асуудлын үндэслэлийг тодорхой бичнэ:
56.5.1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор нь шийдвэр, бусад актаараа Үндсэн хууль зөрчсөн эсэх;
56.5.2. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд Үндсэн хууль, эсхүл бусад хууль зөрчсөн нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл болох эсэх.
57 дугаар зүйл. Үндсэн эрхийн маргаан
57.1. Үндсэн эрхийн маргааныг Дунд суудлаар хянан шийдвэрлэж дүгнэлт гаргана.
57.2. Үндсэн эрхийн маргаанд ашиг сонирхол нь хөндөгдсөн холбогдох этгээд тогтоосон хугацаанд тайлбар гаргаж болно.
57.3. Өргөдөл нь хууль тогтоомж Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлыг хөндөж байгаа бол Улсын Их Хурал, Засгийн газар Цэцээс тогтоосон хугацаанд тайлбар гаргаж болно.
57.4. Үндсэн эрхийн маргааныг ам хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн бол энэ хуулийн 57.3-т заасан этгээд хуралдаанд оролцож болох бөгөөд энэ хуулийн 57.2-т заасан этгээдийг хуралдаанд оролцуулж болно.
57.5. Дунд суудал өргөдлийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны ямар шийдвэр, бусад акт нь Үндсэн хуулийн аль заалтаар хамгаалагдсан үндсэн эрхийг зөрчсөн тухай үндэслэлийг дүгнэлтдээ тодорхой заана. Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн шийдвэр, бусад актыг давтан гаргасан тохиолдол бүр нь Үндсэн хуулийн зөрчил болно хэмээн дүгнэлтдээ зааж болно.
57.6. Үндсэн эрх зөрчсөн шийдвэрийн үйлчлэлийг Цэцийн дүгнэлт хүчин төгөлдөр болсноор түдгэлзүүлж, уг асуудлыг үндсэн эрхэд нийцүүлэн дахин шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ. Цэц шүүхийн шийдвэрийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн тохиолдолд Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасны дагуу үндсэн эрхийг хамгаалах асуудлыг Улсын дээд шүүхэд шилжүүлнэ.
57.7. Бүрэлдэхүүн зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 57.6-д заасан шийдвэрийн үйлчлэлийг Цэцийн дүгнэлт хүчинтэй болсноор түдгэлзүүлэх тухай магадлал гаргаж болно.
57.8. Энэ хуулийн 57.6-д заасан шүүх, бусад байгууллага, албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд Цэцийн дүгнэлтийн дагуу тухайн асуудлыг үндсэн эрхэд нийцүүлэн шийдвэрлэж, холбогдох шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд иргэний үндсэн эрхийг сэргээх, цаашид зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээ авна.
57.9. Хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн талаар гаргасан өргөдлийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол энэ хуулийн 45.2, 45.3-т заасны дагуу тухайн хууль тогтоомжийг Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, дүгнэлтийг Улсын Их Хуралд хүргүүлэх бөгөөд Улсын Их Хурал энэ хуулийн 45.5, 45.6-т заасны дагуу хэлэлцэж тогтоол гаргана.
57.10. Улсын Их Хурал энэ хуулийн 45.5, 45.6-т заасан хугацаанд Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж хүлээн зөвшөөрөөгүй, эсхүл уул хугацаанд зохих шийдвэр гаргаагүй бол тухайн маргааныг дахин хянан үзэж, эцсийн шийдвэр гаргана.
57.11. Энэ хуулийн 57.6-д заасан шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн хууль тогтоомжид үндэслэн гарсан бол тухайн хууль тогтоомжийг мөн адил түдгэлзүүлж, энэ хуулийн 57.9, 57.10-т заасны дагуу шийдвэрлэнэ.
57.12. Сонгох, сонгогдох эрхтэй холбоотой үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэхэд энэ зүйл болон энэ хуулийн 58 дугаар зүйлийг баримтална.
58 дугаар зүйл. Сонгох, сонгогдох үндсэн эрхийн маргаан
58.1. Сонгуулийн эрх бүхий иргэн дараах үндэслэл бүхий өргөдлийг Цэцэд гаргаж болно:
58.1.1. сонгуулийн төв байгууллагын шийдвэр, бусад актын улмаас тухайн иргэний сонгох эрх нь зөрчигдсөн;
58.1.2. нэр дэвшигчийг эсхүл намын нэрийн жагсаалтыг бүртгэх эсэх зэрэг асуудлаарх сонгуулийн төв байгууллагын шийдвэр, бусад акт тухайн иргэний сонгогдох эрхийг зөрчсөн.
58.2. Энэ хуулийн 58.1-т заасан өргөдөл нь тойрогт явуулсан сонгуультай холбоотой бол зөвхөн тухайн тойргийн сонгогч өргөдөл гаргах эрхтэй.
58.3. Энэ хуулийн 58.1-т заасан өргөдлөөр маргаан үүсгэснээс хойш дөрвөн сарын дотор Дунд суудал хянан шийдвэрлэж, дараах дүгнэлтийн аль нэгийг гаргана:
58.3.1. энэ хуулийн 58.1.1-т заасан маргааныг хэлэлцэхэд сонгох эрх зөрчигдсөн нь тогтоогдсон бөгөөд энэ нь сонгуулийн дүн, суудал хуваарилалтад нөлөөлсөн тохиолдолд тухайн сонгуулийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох;
58.3.2. энэ хуулийн 58.1.2-т заасан маргааныг хэлэлцэхэд сонгогдох эрх зөрчигдсөн нь тогтоогдсон бөгөөд энэ нь сонгуулийн дүн, суудал хуваарилалтад нөлөөлсөн тохиолдолд тухайн сонгуулийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох;
58.3.3. сонгох, эсхүл сонгогдох эрх зөрчигдсөнийг тогтоох;
58.3.4. маргааныг хэрэгсэхгүй болгох.
59 дүгээр зүйл. Ард нийтийн санал асуулга, сонгуульд холбогдох маргаантай асуудал
59.1. Улсын Их Хурлын гишүүдийн тавны нэгээс доошгүй нь ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний, эсхүл Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх маргаантай асуудлаар Цэцэд хүсэлт гаргаж болно.
59.2. Энэ хуулийн 59.1-т заасан хүсэлтийг санал асуулга, эсхүл тухайн сонгуулийн дүнг танилцуулсан өдрөөс хойш хоёр сарын дотор гаргана.
59.3. Энэ хуулийн 59.1-т заасан хүсэлтийг дараах үндэслэлээр гаргана:
59.3.1. ард нийтийн санал асуулга, эсхүл сонгуулийг бэлтгэх, явуулах, дүнг гаргах явцад нийтээрээ, тэгш, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн нь Улсын Их Хурлын суудал хуваарилалт, Ерөнхийлөгчийн сонгуулийн, эсхүл ард нийтийн санал асуулгын дүнд нөлөөлсөн;
59.3.2. нэр дэвшигчийг, эсхүл намын нэрийн жагсаалтыг бүртгэхтэй холбогдсон сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн.
59.4. Дунд суудал энэ хуулийн 59.1-т заасан хүсэлтээр маргаан үүсгэснээс хойш дөрвөн сарын дотор хянан шийдвэрлэж, дараах дүгнэлтийн аль нэгийг гаргана:
59.4.1. энэ хуулийн 59.3.1-т заасан маргаантай асуудлыг хэлэлцээд Үндсэн хуулийн зөрчлийг тогтоох бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний суудал хуваарилалтыг зөвтгөх, эсхүл тухайн тойргийн сонгуулийг хүчингүй болгох;
59.4.2. энэ хуулийн 59.3.2-т заасан маргаантай асуудлыг хэлэлцээд сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөнийг тогтоох бөгөөд шаардлагатай тохиолдолд сонгуулийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох;
59.4.3. маргаантай асуудлын хүрээнд Үндсэн хууль зөрчигдсөн гэдгийг тогтоох;
59.4.4. маргаантай асуудлыг хэрэгсэхгүй болгох.
59.5. Энэ хуулийн 59.1-т заасан хүсэлтийг энэ хуулийн 54.2, 54.3-т заасны дагуу хянан шийдвэрлэнэ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
60 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
60.1. Маргааны оролцогч, эсхүл бусад этгээд хуралдааны дэгийг зөрчсөн, дэгийг сахих талаарх шийдвэрийг үл биелүүлсэн, эсхүл Цэцийг үл хүндэтгэсэн бол сануулах, тухайн хүнийг Цэцийн хуралдааны танхимаас албадан гаргах, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
60.2. Цэц, түүний гишүүнийг маргаан хянан шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шахалт, дарамт үзүүлэх, бусад хэлбэрээр нөлөөлөхийг оролдсон, Цэцийн шийдвэрийг биелүүлээгүй иргэн, байгууллага, албан тушаалтан, бусад этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
60.3. Цэцэд хандах эрхээ урвуулан ашигласан, эсхүл хариу өгсөн, шийдвэр гаргасан асуудлаар удаа дараа хандаж хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
60.4. Шинжээч, гэрч санаатайгаар худал дүгнэлт гаргасан, мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхөөс хууль бусаар зайлсхийсэн, татгалзсан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
61 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
61.1. Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

 . зохицуулагч

Ц. МӨНХ-ОРГИЛ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх