Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 1-р сарын 09 өдөр
Ulaanbaatar city
ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор сайн дураараа эрхтэн, эд, эсээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах цогц үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтооход оршино.
2 дугаар зүйл. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах хууль тогтоомж
2.1. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Эрүүл мэндийн тухай , Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай , Эрүүл мэндийн даатгалын тухай , Гэр бүлийн тухай , Хөдөлмөрийн тухай , Нийгмийн даатгалын тухай , Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор сайн дураараа эрхтэн, эд, эсээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах цогц үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбогдох харилцааг зохицуулна.
3.2. Цусны донортой холбогдсон харилцааг бие даасан хуулиар зохицуулна.
3.3. Эрхтэн, эд, эсийг худалдах, худалдан авах, санал болгох, ашиг олох зорилгоор бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахтай холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “хүний эрхтэн, эд, эс” гэж хүний эрхтэн, эрхтний хэсэг, эдийн нийлмэл бүрдэл болон эсийг;
4.1.2. “амьд донор” гэж бусдын эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор эрхтэн, эд, эсээ сайн дураар өгөгч гэр бүлийн гишүүн бөгөөд гэрлэгчид, төрлийн хүн, садангийн хүн, хүргэн, бэр гэсэн дарааллаар сонгогдсон хүнийг;
4.1.3. “амьгүй донор” гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, тархины үхэл нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгахаар авч болох донорыг;
4.1.4. “эсийн донор” гэж үүдэл эс болон бэлгийн эсийн донорыг;
4.1.5. “тархины үхэл” гэж тархины болон тархины багана хэсгийн үйл ажиллагаа эргэж сэргэхгүйгээр бүрэн алдагдсан байдлыг;
4.1.6. “реципиент” гэж донорын эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгуулах зайлшгүй шаардлагатай болон шилжүүлэн суулгуулсан хүнийг;
4.1.7. “реципиент эмнэлэг” гэж эрх бүхий байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусгай зөвшөөрөлтэй, байгууллагын бүтцэд нь төрөлжсөн тасаг эсхүл, мэргэжлийн багтай эрүүл мэндийн байгууллагыг
4.1.8. “донор эмнэлэг” гэж амьгүй донорыг илрүүлэх, оношлох, эрхтэн хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагыг;
4.1.9. “үүдэл эс” гэж хуваагдах замаар шинэ эс үүсгэх, ялгаран хөгжих чадвартай эсийг;
4.1.10. “хүйн цус” гэж нярайн хүй таслагдсаны дараа ихсийн хүйн судсанд байгаа цусыг;
4.1.11. “эд, эсийн сан” гэж эд, эс бүртгэж, шинжилж, өсгөвөрлөж, боловсруулж, хадгалж, шаардлагатай үед эмчилгээ, судалгааны зорилгоор тохирох эд, эсээр хангахыг;
4.1.12. “шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ” гэж эмнэлгийн нөхцөлд донорын эрхтэн, эд, эсийг авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, реципиентэд суулгах мэс засал, эмчилгээг;
4.1.13. “эрхтэн, эд, эсийг авах” гэж донороос эрхтэн, эд, эсийг эмнэлгийн нөхцөлд авахыг;
4.1.14. “эд, эсийн тохироо” гэж донор болон реципиентийн эд, эс удам зүйн шинжээрээ тохирсон байдлыг;
4.1.15. “тээгч эх” гэж бусдын үр хөврөлийг тээж, хүүхэд төрүүлэх эмэгтэйг;
4.1.16. “эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ гэж” хүний эрүүл мэнд болон амьдралын чанарыг сайжруулах зорилгоор хийж буй цогц үйл ажиллагааг;
5 дугаар зүйл. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1. хууль, хүний эрхийг дээдлэх;
5.1.2. хүмүүнлэг, энэрэнгүй байх;
5.1.3. ялгаварлан гадуурхахгүй байх;
5.1.4. хүний эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн нууцыг хамгаалах;
5.1.5. донор нь авлагагүй, сайн дурын байх;
5.1.6. мэдээллийг танилцуулж зөвшөөрөл авсан байх;

ХОЁРДУГААР БҮЛЭГ
РЕЦИПИЕНТ БОЛОН АМЬД ДОНОРЫГ СОНГОХ, ТЭДГЭЭРИЙН ЭРХ ҮҮРЭГ, АМЬГҮЙ ДОНОРЫГ ИЛРҮҮЛЭХ, БҮРТГЭХ
6 дугаар бүлэг. Реципиентэд тавигдах шаардлага
6.1. Реципиентэд дараах шаардлага тавигдана:
6.1.1. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх заалт бүхий реципиентийг холбогдох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсон дүгнэлт, шийдвэр гарсан байх;
6.1.2. реципиент холбогдох журам, зааврын дагуу өөрийн хүсэлтээр үндэсний хүлээх жагсаалтад бүртгэгдсэн байх;
6.1.3. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах зөвшөөрлийг 18 насанд хүрсэн бол өөрөө, хүүхэд бол түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн бичгээр өгсөн зөвшөөрлийг авсан байх;
6.2. Эрхтэн, эд шилжүүлэн суулгах гадаад улсын иргэнд дараах шаардлага тавигдана. Үүнд:
6.2.1. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон, тус улсад байнга оршин суугаа гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн гэрлэлтээ бүртгүүлснээс хойш 3-аас доошгүй жил Монгол улсад хамтран амьдарсан байх;
6.2.2. Монгол Улсад гадаад улсын иргэн эрхтэн, эд шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх тохиолдолд холбогдох журмын дагуу шаардлагад нийцсэн донортой байх
7 дугаар зүйл. Реципиентийн эрх, үүрэг
7.1. Реципиент доор дурдсан эрх, үүрэгтэй:
7.1.1. яс үндэс, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, боловсрол харгалзахгүйгээр иргэн амьдралын чанараа сайжруулах, эрүүл мэндээ хамгаалуулах зорилгоор донорын эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгуулах мэс засал, эмчилгээг хийлгэх;
7.1.2. эмнэлгийн тусламж, үйлчилгээ, гарч болох эрсдэл, хүндрэлийн талаар мэдээлэл авах;
7.1.3. эмч, эмнэлгийн хяналтад тогтмол үзүүлэх, амьдралын чанарыг хангах тасралтгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр авах;
7.1.4. эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний өгсөн заавар, зөвлөгөөг дагаж мөрдөх.
8 дугаар зүйл. Амьд донорт тавигдах шаардлага
8.1. Амьд донор нь дараах шаардлагыг хангасан байна:
8.1.1. 21 насанд хүрсэн байх;
8.1.2. энэ хуулийн 4.1.2-д заасан иргэн байх;
8.1.3. гэрлэгч нь гэрлэлтээ бүртгүүлснээс хойш 3-аас доошгүй жил болсон байх, хэрэв гэрлэгчид өөрсдийн хүүхэдтэй бол жил харгалзахгүй байх;
8.1.4. донор болох шийдвэрээ сайн дурын үндсэн дээр бие даан гаргасан, өөрийн шийдвэрийн эрсдэл, үр дагаврыг бүрэн ухамсарласан, сэтгэцийн эмгэггүй гэдгийг эрх бүхий байгууллага тодорхойлсон байх;
8.1.5. амьд донор нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд зориулан эрхтэн, эд, эсээ өгөхдөө ашгийн төлөө бус авлагагүй сайн дурын байх;
8.2. Хүүхдээс ясны хэм, захын цус авахдаа 14 хүртэлх настай бол эцэг, эх болон асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийнх нь болон эцэг, эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн зөвшөөрлийг бичгээр авсан байна.
9 дүгээр бүлэг. Амьд донорын эрх, үүрэг
9.1. Амьд донор доор дурдсан эрх, үүрэгтэй:
9.1.1. донорыг яс үндэс, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, боловсролоор ялгаварлан гадуурхахгүй байх;
9.1.2. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ, түүнтэй холбоотой бусад мэдээ мэдээлэл авах;
9.1.3. эмч, эмнэлгийн хяналтад тогтмол үзүүлэх, амьдралын чанарыг хангах тасралтгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр авах;
9.1.4. эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний өгсөн заавар, зөвлөгөөг мөрдөх;
9.1.5. амьд донор болсны төлөө реципиент, түүний гэр бүлийн гишүүдээс ашиг хонжоо, шан харамж авах, шаардахгүй байх.
10 дугаар зүйл. Амьгүй донорт тавигдах шаардлага
10.1. Амьгүй донор нь тогтоогдсон тохиолдолд эрхтэн, эд, эс авна.
10.2. Энэ хуулийн 10.1-д заасан донорын эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан эцэг, эх, төрсөн хүүхэд, төрсөн ах, эгч, дүү гэсэн дарааллаар гэр бүлийн гишүүдийн 3 хүртэлх гишүүнээс зөвшөөрлийг бичгээр авсан байна.
10.3. Амьгүй донорын эрхтэн, эд, эсийг зөвхөн Монгол Улсын иргэнд шилжүүлэн суулгана.
10.4. Эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээнд оролцож байгаа болон реципиентийн эмчлэгч эмчийг тархины үхэл тодорхойлох мэргэжлийн багийн бүрэлдэхүүнд орохыг хориглоно.
10.5. 18 хүртэлх насны амьгүй донорын эрхтэн, эд, эсийг хүүхэд, насанд хүрсэн хүн гэсэн дарааллаар шилжүүлэн суулгана.
11 дүгээр зүйл. Амьгүй донорыг тандан судлах
11.1. Амьгүй донорыг тандан судлах, илрүүлэх, бүртгэх, эрхтэн, эд, эс хамгаалах эмчилгээ хийх, гэр бүлийн гишүүдээс донор болгох зөвшөөрөл авах журмыг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
12 дугаар зүйл. Донор болохоо илэрхийлэх
12.1. 21 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтэн, эд, эсээ бусдад суулгахыг зөвшөөрсөн хүсэлтээ өөрийн харьяа болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гаргаж донорын гэрчилгээг авна.
12.2. Энэ хуулийн 12.1-д заасан Донорыг бүртгэх, тэмдэглэгээ хийх, гэрчилгээ олгох журмыг эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон цахим хөгжил, харилцаа холбоо хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
12.3. Донорын гэрчилгээ эзэмшигч донор болох хүсэлтээсээ татгалзах эрхтэй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ
13 дугаар зүйл. Эрхтэн, эд, эс авах
13.1. Амьд донороос эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах тохиолдолд энэ хуулийн 8.1-д заасан шаардлага хангасан амьд донороос эрхтэн, эд, эсийг авна.
13.2. Амьгүй донороос эрхтэн, эд, эсийг авах тохиолдолд шилжүүлэн суулгах эрхтэн, эд, эсийн талаар түүний гэр бүлийн гишүүдэд урьдчилан танилцуулж, энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан донороос авна.
13.3. Энэ хуулийн 4.1.8-д заасан заасан эрүүл мэндийн байгууллага нь амьгүй донорыг тодорхойлж, эрхтэн, эд, эс авах бэлтгэлийг хангаж, эрхтэн хамгаалах тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
13.4. Энэ хуулийн 4.1.7-д заасан эрүүл мэндийн байгууллага нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэргэжлийн баг эрхтэн, эд, эс авах мэс заслыг гүйцэтгэнэ.
13.5. Амьд болон амьгүй донороос эрхтэн, эд, эс авах журмыг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
13.6. Үр хөврөлийн болон ургийн үеийн, өдөөгдсөн үүдэл эсүүдийг судалгаа шинжилгээний ажлаас бусад тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
14 дүгээр зүйл. Эрхтэн, эд, эс шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, устгах
14.1. Донор, реципиентийн эрхтэн, эд, эсийн тохироо үзэх, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэнэ.
14.2. Энэ хуулийн 14.1-д заасан үйл ажиллагааг гүйцэтгэх журмыг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
14.3. Үүдэл эсийг эмчилгээнд ашиглах, боловсруулах, хадгалах, тээвэрлэх журмыг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
15 дугаар зүйл. Донорын эрхтэн, эд, эсийг улсын хилээр нэвтрүүлэх
15.1. Эрхтэн, эд, эсийг экспортлохыг хориглоно.
15.2. Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу эмчилгээний зорилгоор шаардлага хангасан эд, эсийг импортолж болно.
15.3. Донорын сорьц, эд, эсийг улсын хилээр нэвтрүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
16 дугаар зүйл. Эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээнд тавигдах шаардлага
16.1. Донор, реципиентийн эрхтэн, эд, эсийн тохироог үзэх, донороос авсан эрхтэн, эд, эсийг шинжлэх, шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээг тусгай зөвшөөрөл бүхий магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн баг гүйцэтгэнэ.
16.2. Энэ хуулийн 8.1 болон 10 дугаар зүйлд заасан донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээг үзүүлнэ.
16.3. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээнд олон улсын чанарын шаардлагад нийцсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, хэрэглэгдэхүүнийг ашиглана.
16.4. Энэ хуулийн 4.1.10-д заасан эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эд, эсийн сантай байна.
16.5. Эд, эсийн сангийн ажиллах журмыг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
16.6. Хүүхдэд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.2-т заасны дагуу төр хариуцна.
16.7. Эс шилжүүлэн суулгах эмчилгээнд үүдэл эсийг ашиглана.
16.8. Донор бэлгийн эсийг үр шилжүүлэн суулгах эмчилгээнд ашиглаж болно.
16.9. Эс шилжүүлэн суулгах эмчилгээг тусгай зөвшөөрөл бүхий, мэргэжлийн багаас бүрдсэн магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага эрхэлнэ.
16.10. Энэ хуулийн 16.7 болон 16.8-д заасан журмыг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
16.11. Эрүүл мэндийн байгууллагаас өөрөө хүүхэд тээх боломжгүй нь батлагдсанаас бусад тохиолдолд тээгч эх ашиглахыг хориглоно.
16.12. Тээгч эхтэй холбоотой тусламж, үйлчилгээний журмыг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
16.13. Тээгч эхээс төрсөн хүүхдийн иргэний бүртгэлийг биологийн эцэг, эхийн нэрээр бүртгэнэ.
17 дугаар зүйл. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааны нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан
17.1. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааны зохицуулалтын газар нь нэгдсэн бүртгэл мэдээллийн сантай байх бөгөөд мэдээллийн технологийн нууцлал, найдвартай байдлыг хангасан байна.
17.2. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааны нэгдсэн бүртгэл мэдээллийн сангийн ажиллах журмыг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
18 дугаар зүйл. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааны талаарх Засгийн газрын бүрэн эрх
18.1. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааны талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих;
18.1.2. эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний талаар баримтлах бодлогыг батлах, биелэлтэд хяналт тавих;
18.1.3. засгийн газар хоорондын болон олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
18.1.4. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тогтолцоог бүрдүүлэх, түүнтэй холбогдон гарах зардлын санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх;
18.1.5. эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг байгуулах, түүний дүрэм, бүрэлдэхүүнийг батлах, үйл ажиллагаанд бодлогоор дэмжлэг үзүүлэх;
18.1.6. дархлаа дарангуйлах эмийн эмчилгээний санхүүжилтийг улсын төсвөөс хариуцах;
18.1.7. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
19 дүгээр зүйл. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эрх үүрэг
19.1. Эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах тусламж, үйл ажиллагааны талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах эрх үүрэгтэй:
19.1.1. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
19.1.2. эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр боловсруулах, биелэлтийг хангуулах;
19.1.3. эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд хяналт тавих;
19.1.4. эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгуулах, түүний дүрэм, бүрэлдэхүүнийг батлах, үйл ажиллагаанд бодлогоор дэмжлэг үзүүлэх;
19.1.5. энэ хуульд заасан холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;
19.1.6. эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах цогц үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох дүрэм, журам, заавар батлах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих;
19.1.7. эрхтэн, эд, эсийн донорын нэгдсэн бүртгэл мэдээллийн сангийн үйл ажиллагааны журмыг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн батлах;
19.1.8. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах зардлыг шийдвэрлэх, бодлогоор дэмжиж ажиллах;
19.1.9. дархлаа дарангуйлах эмийн эмчилгээний санхүүжилтийг улсын төсвөөс хариуцах;
19.1.10. энэ хуулийн 4.1.8-д заасан байгууллагын хүчин чадал, чадамжийг сайжруулах, эмч мэргэжилтнийг чадавхижуулах, үйл ажиллагааг дэмжих, үр дүнг тооцох механизм бий болгох:,
19.1.11. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн донор эмнэлэг, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах загвар гэрээг батлах;
19.1.12. эд, эсийн сан байгуулах нөхцлийг бүрдүүлэх, нөөцийг бүрдүүлж нөхөн хангалт хийх, бэлэн байдлыг хангах;
19.1.13. хуульд заасан бусад эрх, үүрэг.
20 дугаар зүйл. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх үүрэг
20.1. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах чиглэлээр:
20.1.1. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, уялдуулан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
20.1.2. донор эмнэлэг болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах гэрээний төсөл, журмыг боловсруулан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
20.1.3. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээтэй холбоотойгоор иргэн, эмчлүүлэгч нарт эрсдэл үүсэх, хохирол учрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
20.1.4. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний явцад донор эмнэлэг болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагаас гарч буй зардал, цалин, урамшуулал, илүү цагийн хөлс зэргийг тооцож төсөв болон гүйцэтгэлийн санхүүжилтэд санал тусгаж холбогдох байгууллагад хүргүүлэх;
20.1.5. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааны нэгдсэн бүртгэл мэдээллийн сан ажиллуулах бөгөөд ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална;
20.1.6. үндэсний хүлээх жагсаалтад реципиентийг бүртгэх
20.2. Сургалт, судалгаа, хамтын ажиллагааны чиглэлээр:
20.2.1. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд хамтран эмнэлзүйн судалгаа хийх, тайлагнах, үр дүнг тооцох, холбогдох эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;
20.2.2. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний чиглэлээр ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллага болон төрийн, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах; эмч эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах багуудын чадавхийг дээшлүүлэх,
20.2.3. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний талаар иргэд, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх, ухуулан таниулах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах.
20.2.4. эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний талаарх мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, дүн шинжилгээ судалгаа хийх, шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах.
20.2.5. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээнд орчин үеийн шинэ технологи, арга аргачлалыг нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллах.
20.3. Амьгүй донорыг илрүүлэх, эрхтэн, эд, эс хуваарилах, зохицуулах чиглэлээр:
20.3.1. Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.11, 15.1.12, 15.1.13-т заасан байгууллагад амьгүй донорыг илрүүлэх, тархины үхэл тодорхойлох багт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
20.3.2. улсын хэмжээнд амьгүй донорын тандалт хийх, илрүүлэх, бүртгэх тогтолцоог удирдан зохион байгуулж, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх, хяналт тавьж хамтран ажиллах;
20.3.3. амьгүй донорын гэр бүлтэй уулзах, эрхтэн, эд, эсийн донор болгох хүсэлт тавих;
20.3.4. амьгүй донорыг бүртгэх, сонгох, шинжлэх, нийлүүлэх, хуваарилах, хадгалах, тээвэрлэх, хянах үйл ажиллагааг энэ хуулийн 13.2-д заасан журмын дагуу гүйцэтгэх;
20.3.5. Энэ хуулийн 19.1.10 заасан заалтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.
20.4. Ёс зүй, олон нийттэй харилцах чиглэлээр:
20.4.1. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллага, донор эмнэлгийн, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээнд хяналт тавьж эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх ёс зүйн хороотой хамтран ажиллах;
20.4.2. эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах асуудлаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг энэ хуулийн 21.4.1-д заасан ёс зүйн хороонд хүргүүлэх;
20.4.3. хүний наймаа болон хүний эрхтэн, эд, эсийн наймаатай холбоотой ямар нэгэн хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэх;
20.4.4. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээний талаар иргэд, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх, ухуулан таниулах, ойлгуулах үйл ажиллагааг боловсролын болон хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
20.5. Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
21 дүгээр зүйл. Эрүүл мэндийн байгууллагын нийтлэг чиг үүрэг
21.1. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага нь эрх бүхий байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага байх ба тус байгууллагын бүтцэд мэргэжлийн баг, нэгж ажиллана.
21.2. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
21.2.1. амьд донорын эрүүл мэндэд учирч болзошгүй хүндрэл, сөрөг нөлөөллөөс сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх, хяналт тавих;
21.2.2. реципиентэд тавих нөхцөл, шаардлага, үзүүлэлт хангасан хүнийг үндэсний хүлээх жагсаалтад бүртгүүлэхээр энэ хуулийн 20-д заасан байгууллагад мэдээллэх;
21.2.3. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг энэ хуулийн 20.1.5-д заасан санд тухай бүр оруулах;
21.2.4. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээг эрх бүхий байгууллагаас батлагдсан журам, заавар, стандарт, технологийн дагуу гүйцэтгэх;
21.2.5. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах;
21.2.6. эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэн бэлтгэх, сургах, хүний нөөцийг чадавхжуулах;
21.2.7. эрхтэн, эд, эсийг авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний явцад тохиолдож болох хүндрэл, эрсдэлээс сэргийлэх;
21.2.8. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээнд орчин үеийн шинэ технологи, арга аргачлалыг нэвтрүүлэх;
21.2.9. амьд донор болон реципиентэд урт хугацаанд хяналт тавих;
21.2.10. аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн зохих эмнэлгийн мэргэжилтэнд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний чиглэлээр сургалт зохион байгуулах;
21.2.11. хуульд заасан бусад.
21.3. энэ хуулийн 4.1.8-д заасан эрүүл мэндийн байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
21.3.1. эрүүл мэндийн байгууллагын бүтцэд тархины үхэл тодорхойлох мэргэшсэн баг ажиллуулах;
21.3.2. амьгүй донорыг илрүүлэх, оношлох, эрхтэн хамгаалах үйл ажиллагааг холбогдох журмын дагуу зохион байгуулах;
21.3.3. амьгүй донор эмчлүүлж буй төв, тасаг, нэгжийн эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн болон бэлэн байдлыг хангах;
21.3.4. амьгүй донорын талаарх мэдээллийг энэ хуулийн 21-д заасан байгууллагад тухай бүр мэдээлэх;
21.3.5. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагаас ажиллах багийн үйл ажиллагааг дэмжин ажиллах, шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх;
21.3.6. тухайн эрүүл мэндийн байгууллагад донорын эрхтэн, эд, эсийг авах мэс заслыг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд амьгүй донорын эрчимт эмчилгээг үргэлжлүүлэх, зөөвөрлөх бэлэн байдлыг хангуулах талаар энэ хуулийн 21-д заасан байгууллагатай хамтран ажиллана.
22 дугаар зүйл. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэнд хориглох зүйл
22.1. Эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ гүйцэтгэхэд оролцсон эмнэлгийн мэргэжилтэн нь донор болон реципиент, тэдний гэр бүлийн гишүүн, тэдгээрийн хамаарал бүхий этгээдээс аливаа хэлбэрээр төлбөр, урамшуулал авахыг хориглоно.
22.2. Донор болон реципиентийн эмзэг мэдээллийн нууцыг хадгалж, өөрөөс нь бусдад мэдээлэх, задруулах, дамжуулахыг хориглоно.
22.3. Шинжлэх ухааны бус зориулалтаар судалгаа шинжилгээ, туршилт хийхээр эсийн эмчилгээний үеийн дэвшилтэт биотехнологийн аргуудыг ашиглахыг хориглоно.
22.4. Эмнэлгийн мэргэжилтэн нь эрхтэн, эд, эсийн донорыг зуучлах, сурталчлах, худалдах, санал болгох, бусдад давуу эрх олгохыг хориглоно.
22.5. Донорын эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээнд оролцож байгаа буюу реципиентийг эмчилж байгаа эмнэлгийн мэргэжилтэн энэ хуулийн 21.3.1-д заасан багийн бүрэлдэхүүнд орохыг хориглоно.
23 дугаар зүйл. Амьд донорын нийгмийн баталгаа
23.1. Амьд донор дараах нийгмийн баталгаагаар хангагдана:
23.1.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 117.2-т заасан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаандаа авах;
23.1.2. донор нь эрхтэн, эд, эсээ өгөхдөө тухайн тусламж, үйлчилгээг гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулах, заавал даатгуулах болон бусад даатгалд хамрагдах;
23.1.3. эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний явцад эсхүл, дараа нь уг эмчилгээний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 28.2-т заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг тогтоолгох;
23.1.4. эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний явцад технологийн заавар зөрчигдсөний улмаас донорын эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдсон бол эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгасан буруутай этгээд, байгууллагаар хохирлоо нөхөн төлүүлэх;
23.1.5. амьд донорт эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
23.1.6. хуульд заасан бусад эрх.
24 дүгээр зүйл. Амьгүй донорын гэр бүлд олгох тэтгэмж
24.1. Амьгүй донор болсон иргэний гэр бүлд дор дурдсан тэтгэмж олгоно
24.1.1. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын зардал
24.2. Амьгүй донорт хүндэтгэл үзүүлэх, алдаршуулах журмыг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
25 дугаар зүйл. Санхүүжилтын тогтолцоо
25.1. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг олон нийтэд ойлгуулах, ухамсарлуулах нөлөөллийн үйл ажиллагаа, донорын үйл хэрэг, шилжүүлэн суулгах, эрчимт эмчилгээ, хяналт, судалгаа шинжилгээ, сургалт, эс, эдийн банк байгуулах, хадгалах, тээвэрлэх, мэдээллийн сан үүсгэх, үр дүнг тооцохтой холбоотой санхүүжилт нь улсын болон орон нутгийн төсөв, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
25.2. Донорын эрхтэн, эд, эсийг эмчилгээний зориулалтаар авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагааны санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, реципиентийн төлөх төлбөр, Засгийн газрын тусгай сан, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
25.3. Донорын эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний үнийн жишгийг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
25.4. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний явцад донор эмнэлэг болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагаас гарч буй зардал, цалин, урамшуулал, илүү цагийн хөлс зэргийг тооцож төсөв болон гүйцэтгэлийн санхүүжилтэд санал тусгаж холбогдох байгууллагад хүргүүлэх.
25.5. Гадаад улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ авч буй иргэд тэдгээрийн гэр бүлээс гарч буй зардал, санхүүгийн талаарх тоо мэдээ, мэдээллийг нэгтгэн гаргаж эх орондоо эмчлэгдэх нөхцөл бололцоог бүрдүүлэх талаар эрүүл мэндийн болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран ажиллах.
26 дугаар зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих
26.1. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, холбогдох бусад байгууллага хяналт тавина.
27 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
27.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
27.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

 . зохицуулагч

Ж. ЧИНБҮРЭН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх