Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 3-р сарын 29 өдөр
Улаанбаатар хот
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭГДСЭН ЗАРИМ ЭТГЭЭДИЙН ЯЛЫГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь шүүхээр шийтгэгдсэн, хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй ял эдэлж буй хүүхэд, насны хувьд эрсдэл бүхий ялтныг коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал /цаашид “цар тахал” гэх/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор хорих ялыг нь өөрчлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж ял өөрчлөх тухай хууль тогтоомж
2.1. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж ял өөрчлөх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хууль үйлчлэх цаг хугацаа
3.1. Энэхүү хууль нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгэгдсэн этгээдэд хамаарна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХОРИХ ЯЛ ӨӨРЧЛӨХ ХЭЛБЭР, ХАМРАХ ХҮРЭЭ, ХЭМЖЭЭ
4 дүгээр зүйл. Хорих ялыг өөрчлөх хэлбэр
4.1. Энэ хуульд заасан шаардлага хангасан ялтны хорих ялыг өөрчлөхдөө эрүүгийн хуулийн 5.5-д заасан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна.
4.2. Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солин өөрчлөхдөө эдлэх ёстой хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногтой дүйцүүлэн өөрчилж шүүхийн шийтгэх тогтоолд тусгана.
5 дугаар зүйл. Хорих ялыг өөрчлөх
5.1. Шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор 5 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэгдсэн, энэ хууль үйлчлэх хугацаанд 50 нас хүрсэн буюу түүнээс дээш настай эмэгтэй, 55 нас хүрсэн буюу түүнээс дээш настай эрэгтэй, жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй хүний хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна.
5.2. Хууль үйлчлэх хугацаанд шүүх энэхүү хуулийн 5.1-д заасан шаардлага хангасан этгээдэд хорих ял ногдуулаад, ногдуулсан ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, энэ тухайгаа шүүхийн шийтгэх тогтоолд тусгана.
5.3. Шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор 5-аас дээш жилийн хорих ялаар шийтгэгдсэн боловч тэрхүү ялаа биечлэн эдэлж 5 жил буюу түүнээс доош хугацааны ял үйлдсэн, энэ хууль үйлчлэх хугацаанд 50 нас хүрсэн буюу түүнээс дээш настай эмэгтэй, 55 нас хүрсэн буюу түүнээс дээш настай эрэгтэй, жирэмсэн хүн, насанд хүрээгүй хүний хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна.
6 дугаар зүйл. Зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөх
6.1. Энэхүү хуулийн үйлчлэлд хамрагдаж хорих ялаа зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулсан ялтан зохих журмаар ялаа биелүүлээгүй бол эрүүгийн хуулийн 5.5-д заасны дагуу үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХОРИХ ЯЛ ӨӨРЧЛӨХӨД ҮЛ ХАМААРУУЛАХ
7 дугаар зүйл. Хорих ялыг өөрчлөхөд хамааруулахгүй нөхцөл байдал
7.1. Энэхүү хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан боловч дараах байдалтай хүний хорих ялыг энэхүү хуульд заасан журмаар өөрчлөхгүй:
7.1.1. цаазаар авах ял шийтгүүлсэн хүний ял нь уучлагдан хорих ялаар солигдсон;
7.1.2. онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон;

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХУУЛЬ ХЭРЭГЛЭХ
8 дугаар зүйл. Хууль хэрэглэх журам
8.1. Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн, шүүхийн шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон хүн хамаарна.
8.2. Энэ хуулийн үйлчлэлээр хорих ялыг өөрчлөхдөө шүүх тухайн иргэний хүсэлтийг үндэслэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлэх бөгөөд өөрчлөлт оруулсан шийдвэрт талууд гомдол гаргах эрхгүй.

ТАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
9 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа
9.1. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төсөл боловсруулагчид

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх