8.1. Сургуулийн захирал нь суралцагчийн ээлжит эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 3 сарын дотор сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон тухайн шатны Засаг даргатай хамтран жил бүр зохион байгуулна.
8.2. Эмнэлгийн байгууллагад хийгдэхээс бусад эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг эрүүл ахуйн шаардлага хангасан, суралцагчдын эмзэг мэдээлэл задрахаас хангалттай сэргийлсэн сургуулийн орчинд хийж болох бөгөөд бусад тохиолдолд эмнэлгийн байгууллагад зохион байгуулна.
8.3. Суралцагчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ нь ерөнхий болон тусгай үзлэг, шинжилгээнээс бүрдэх бөгөөд тусгай үзлэг, шинжилгээний төрөл, хамрагдах нас, хүйсийн ангилал болон тусгай үзлэг, шинжилгээнд орох давтамж, хийх аргачлал, үйл ажиллагааг тайлагнах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.4. Эрүүл мэндийн ерөнхий үзлэг, шинжилгээнд бие бялдрын үнэлгээ, хараа, сонсгол, шүдний үзлэг, шинжилгээ багтах бөгөөд нэгээс арван хоёрдугаар ангийн нийт суралцагчдад жил бүр зохион байгуулна.
8.5. Энэ хуулийн 8.3-т заасан үзлэг, шинжилгээнээс гадна дор дурдсан ангийн суралцагчдад дараах тусгай үзлэг, шинжилгээг заавал хийнэ:
8.5.1. нэгдүгээр ангийн суралцагчид зүрхний цахилгаан бичлэг болон зүрх судасны тогтолцооны үзлэг, шинжилгээ;
8.5.2. долдугаар ангийн суралцагчид амьсгалын эрхтэн тогтолцооны үзлэг, шинжилгээ;
8.5.3. аравдугаар ангийн суралцагчид хеликобактер, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, сэтгэцийн эрүүл мэнд, шээс, бэлгийн тогтолцооны үзлэг, шинжилгээ.
8.6. Суралцагч нь сайн дурын үндсэн дээр Эрүүл мэндийн тухай хуулийн 8.5-т заасан журмын дагуу эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдсан тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийг үндэслэн энэ хуулийн 8.1-т заасан суралцагчдын эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдахгүй байж болно.
8.7. Сургууль нь 8.1-т заасан үзлэг, шинжилгээг зохион байгуулахаас нэг сарын өмнө суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагчид шинжилгээний төрөл, хийх аргачлалын талаарх мэдээллийг бичгээр эсхүл цахимаар мэдэгдэнэ.
8.8. Суралцагч, түүний эцэг, эх, асран хамгаалагч нь Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т заасныг үндэслэн үзлэг, шинжилгээнд хамрагдахаас татгалзсан тохиолдолд тухайн үзлэг, шинжилгээ зохион байгуулагдахаас 7 хоногийн өмнө татгалзлаа бичгээр эсхүл цахимаар сургуульд мэдэгдэнэ.
8.9. Энэ хуулийн 8.1-т заасан үзлэг, шинжилгээг зохион байгуулагч нь сургуулийн эмч, эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн суралцагчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үр дүнг хүлээн авч, суралцагчийн эрүүл мэндийн хяналт, тандалтын цахим бүртгэлийн санд тусгана.
8.10. Сургуулийн захирал нь үзлэг, шинжилгээнд хамрагдсан суралцагчдын эрүүл мэндийн нэгдсэн тайланд үндэслэн суралцагчийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний төлөвлөгөөг сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй.
8.11. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тухайн шатны Засаг дарга нь сургуулийн захиралтай хамтран тухайн жилд хийгдсэн суралцагчийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээний нэгдсэн тайланг боловсруулж, энэ хуулийн 8.10-т заасан өмнөх хичээлийн жилийн хариу арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлангийн хамт тухайн хичээлийн жил дуусахаас 1 сарын өмнө аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт цахимаар эсхүл бичгээр хүргүүлнэ.
8.12. Энэ хуулийн 8.11-т заасан тайлангуудыг хүлээн авсан аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь харьяалах нутаг дэвсгэрийн суралцагчдын эрүүл мэндийн нэгдсэн тайланг боловсруулж, эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад тус тус хүргүүлнэ.
8.13. Боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд нь энэ хуулийн 8.12-т заасан тайланг нэгтгэн дүгнэж, суралцагчдын эрүүл мэндийн улсын хэмжээний үзүүлэлтийг цахим хуудсаараа олон нийтэд тайлагнана.
8.14. Сургуулийн захирал нь шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 8.10-т заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох эрүүл мэндийн байгууллагаас шууд дэмжлэг, тусламж авах эрхтэй. Эдгээр байгууллагууд нь шаардлагатай тусламжийг нэн даруй үзүүлж, суралцагчдын эрүүл мэндийг хамгаалахад хамтран ажиллах үүрэгтэй.
8.15. Энэ хуулийн 8.5-т заасан тусгай үзлэг, шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх бөгөөд тэдгээрээс бусад энэ хуулийн 8.1-т заасан үзлэг, шинжилгээний зардлыг суралцагчид ногдох хувьсах зардал болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагад олгож буй нэг иргэнээр тооцсон төсвөөс санхүүжүүлнэ.