Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 20 өдөр
Ulaanbaatar city
БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж
2.1. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-ноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2. Засгийн газрын тусгай зориулалттай сан, төслийн нэгжээс олгох зээлийн үйл ажиллагаа, банк, даатгал, үнэт цаасны компани, хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, хадгаламж, зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг холбогдох бусад хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “банк бус санхүүгийн үйл ажиллагаа” гэж Хорооноос тусгай зөвшөөрөлтэй эрхлэх энэ хуулийн 6.2-т заасан үйл ажиллагааг;
4.1.2. “баталгаа, батлан даалт гаргах” гэж Иргэний хуулийн 234, 458 дугаар зүйлд заасныг ойлгох ба баталгааны гэрээ нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасны дагуу зохицуулагдахыг;
4.1.3. “санхүүгийн түрээс /лизинг/” гэж Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг;
4.1.4. “гадаад валютын арилжаа” гэж иргэн, хуулийн этгээдээс гадаад валютыг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр худалдах, худалдан авах үйл ажиллагааг;
4.1.5. “өрийн хэрэгсэл” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.9-д заасныг;
4.1.6. “финтек” гэж санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг технологийн шийдэл ашиглан цахимаар хүргэхийг;
4.1.7. “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 3.1.2-т заасан хуулийн этгээдийг;
4.1.8. “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэгж” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэрийн өмнөөс Хорооноос олгосон зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх салбар, төлөөлөгчийн газрыг;
4.1.9. “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн холбогдох этгээд” /цаашид “холбогдох этгээд” гэх/ гэж дараах этгээдийг:
4.1.9.a. Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан нэгдмэл сонирхолтой этгээд;
4.1.9.б. хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, тэдгээрийн эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд;
4.1.9.в. Санхүүгийн зохицуулах хорооноос “холбогдох этгээд” гэж тодорхойлсон бусад этгээд.
4.1.10. “эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан этгээдийг;
4.1.11. “нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан этгээдийг;
4.1.12. “актив, пассив, өөрийн хөрөнгө” гэж олон улсын стандартад нийцүүлэн санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хорооноос хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсныг;
4.1.13. “өөрийн хөрөнгийн хүрэлцээ” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс үүсэх алдагдлыг хаахад хүрэлцэхүйц хэмжээний өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлсон үнэлгээг;
4.1.14. “өөрийн хөрөнгийн шаардлага” гэж Хорооноос тогтоосон, энэ хуулийн 4.1.13-д заасан өөрийн хөрөнгийн хүрэлцээний доод хэмжээг;
4.1.15. “зохистой харьцааны шалгуур үзүүлэлт” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хөрөнгийн болон үйл ажиллагааны эрсдэлийг урьдчилан тооцох, үнэлэх Хорооноос тогтоосон харьцаа үзүүлэлтүүдийг;
4.1.16. “тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өөрчлөн байгуулах” гэж Компанийн тухай хуульд заасны дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлахыг;
4.1.17. “нэгдсэн хяналт, шалгалт” гэж энэ хуулийн нэгдлийн оролцогчийн үйл ажиллагаанд заасан этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд дангаар болон холбогдох төрийн бусад чиг үүрэг бүхий байгууллагатай хамтран хяналт шалгалт хийхийг;
4.1.18. “төсөл хөтөлбөр дамжуулан хэрэгжүүлэх” гэж жижиг, дунд бизнес эрхлэх иргэн, хуулийн этгээд, зорилтод бүлэг, орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх үйл ажиллагааг;
4.1.19. “хуулийн нэгдлийн оролцогч” гэж Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.14-т заасан хуулийн этгээдийг;

ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ
5 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд
5.1. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан байна.
5.2. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нь иргэн, хуулийн этгээд байх ба хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд байх тохиолдолд нөхөрлөл, компани байна.
5.3. Гадаадын хуулийн этгээд нь банк бус санхүүгийн үйл ажиллагааг энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй эрхэлнэ.
5.4. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээдийн нэгдлийн оролцогч байж болно.
5.5. Шашны болон улс төрийн байгууллага, төрийн бус байгууллага, Иргэний хуулийн 36 дугаар зүйлд заасан этгээд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, хувьцаа эзэмшихийг хориглоно.
6 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа
6.1. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа нь үндсэн, нэмэлт үйл ажиллагаанаас бүрдэнэ.
6.2. Банк бус санхүүгийн үндсэн үйл ажиллагаанд дараах үйл ажиллагаа хамаарна:
6.2.4. валют арилжаа;
6.3. Банк бус санхүүгийн нэмэлт үйл ажиллагаанд дараах үйл ажиллагаа хамаарна:
6.3.1. мөнгөн гуйвуулга;
6.3.2. санхүүгийн түрээс;
6.3.3. баталгаа, батлан даалт гаргах;
6.3.4. санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх;
6.3.5. хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх;
6.3.6. төсөл хөтөлбөр дамжуулан хэрэгжүүлэх;
6.3.7. хууль тогтоомжоор хориглоогүй Хорооноос зөвшөөрсөн бусад ажил, үйлчилгээ.
6.4. Банк бус санхүүгийн үндсэн үйл ажиллагааг Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлнэ.
6.5. Банк бус санхүүгийн үйл ажиллагааг дараах байдлаар ангилна:
6.5.1. энэ хуулийн 6.2.3-т зааснаас бусад үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийг хөрөнгө удирдлагын;
6.5.2. энэ хуулийн 6.2.2, 6.2.3-д зааснаас бусад үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийг зээлийн;
6.5.3. энэ хуулийн 6.2.3-д заасан үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийг факторингийн;
6.5.4. энэ хуулийн 6.2.4-т заасан үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийг валютын арилжааны;
6.6. Энэ хуулийн 6.5.1, 6.5.2-т заасан ангилалд хамаарах хуулийн этгээд нь энэ хуулийн 6.3-т заасан нэмэлт үйл ажиллагааг үндсэн үйл ажиллагааны хүрээнд эрхэлнэ.
6.7. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь нэмэлт үйл ажиллагааг дангаар эрхлэхгүй.
6.8. Энэ хуулийн 6.5.1, 6.5.2-т заасан ангилалд хамаарах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол банкны зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагааг нэмж эрхэлж болно:
6.8.1. цахим мөнгө гаргах;
6.8.2. төлбөрийн хэрэгсэл гаргах;
6.8.3. төлбөр тооцооны үйлчилгээ;
6.9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зориулалтын компаниар дамжуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, өрийн хэрэгсэл гаргаж болно.
6.10. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуулийн 6.5-т заасан үйл ажиллагааны ангилал өөрчлөгдсөн тохиолдолд ангилал шилжихээс өмнө нь байгуулсан хэлцлээс үүссэн шаардах эрх хэвээр хадгалагдана.
6.11. Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг Хороо тогтооно.
7 дугаар зүйл. Итгэлцлийн үйл ажиллагаа
7.1. "Итгэлцлийн үйл ажиллагаа" гэж итгэмжлэгчийн активыг үнэгүйдлээс хамгаалж, үр шим олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцож байгуулсан хөрөнгө итгэмжлэн удирдах итгэмжлэгдэгчээс гэрээнд заасан хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагааг хэлнэ.
7.2. “Үр шим” гэж Иргэний хуулийн 88.2-т заасныг;
7.3. Итгэлцлийн үйл ажиллагаанд итгэмжлэгч нь хөрөнгө итгэмжлэх гэрээгээр актив хөрөнгийг итгэмжлэгдэгчид шилжүүлэх, итгэмжлэгдэгч нь актив хөрөнгийг хүлээн авч, итгэмжлэгчийн эрх ашиг, сонирхолд нийцүүлэн захиран зарцуулна.
7.4. Хөрөнгө итгэмжлэх гэрээг Иргэний хуулийн 406.2-т заасны дагуу бичгээр байгуулах ба итгэмжлэгч нь гэрээнээс үүсэх аливаа эрсдэлийг Иргэний хуулийн 406.3-т заасны дагуу хүлээж, үр шимийг хүртэнэ.
7.5. Итгэмжилсэн хөрөнгийн эх үүсвэрийг итгэмжлэгдэгч нь хөрөнгө итгэмжлэх гэрээнд заасны дагуу Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд захиран зарцуулна.
7.6. Итгэмжлэгдэгч нь хөрөнгө итгэмжлэх гэрээний үндсэн дээр итгэмжлэгчийн актив хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой үүссэн үүргийг гуравдагч этгээдийн өмнө хариуцна.
7.7. Итгэмжлэгч нь итгэмжилсэн хөрөнгийн эцсийн өмчлөгч байх ба хөрөнгийн гарал үүслийг итгэмжлэгдэгч нь шалгах үүрэгтэй.
8 дугаар зүйл. Факторингийн үйл ажиллагаа
8.1. “Факторингийн үйл ажиллагаа” гэж бэлтгэн нийлүүлэгч, зээлдүүлэгчээс борлуулсан бараа, ажил, үйлчилгээ болон хэлцлээс хүлээгдэж буй шаардах эрхээ шилжүүлэх, энэхүү эрхийг хүлээн авагч нь бэлтгэн нийлүүлэгч, зээлдүүлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр санхүүжилт олгох болон худалдан авагч, зээлдэгчээс нэхэмжлэлийн дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлнэ.
8.2. Факторингийн үйл ажиллагаа нь урьдчилгаа санхүүжилтийн, авлагын удирдлагыг хэрэгжүүлэх төрөлтэй байх бөгөөд Хорооноос бусад төрлийг нэмж тогтоож болно.
8.3. Бэлтгэн нийлүүлэгч, зээлдүүлэгч нь факторингийн компанид шаардах эрхээ гэрээгээр шилжүүлэх бөгөөд шилжүүлэхдээ худалдан авагч буюу үүрэг гүйцэтгэгчид энэ талаар мэдэгдэнэ.
8.4. Факторингийн компани нь шаардах эрхийг хүлээн авахдаа бэлтгэн нийлүүлэгч, зээлдүүлэгчийн санхүүгийн байдал, төлбөрийн чадвар, зах зээлийн байдал, өрсөлдөх чадварыг үнэлэн, хугацаандаа төлөгдөх боломжтой авлагыг санхүүжүүлэх шийдвэр гаргах ба чанаргүй активыг шилжүүлэх, хүлээн авахыг хориглоно.
8.5. Факторингийн компани нь бэлтгэн нийлүүлэгч, зээлдүүлэгчээс шаардах эрхийг хүлээн авч, мөнгөн төлбөрийг саадгүй, бүхэлд нь хэрэгжүүлэх ба тэдгээрийг шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллага, цагдаагийн байгууллага зэрэг гуравдагч этгээдийн өмнө бүрэн төлөөлнө.
8.6. Бэлтгэн нийлүүлэгч, зээлдүүлэгчээс шаардах эрхээ факторингийн компанид шилжүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч, зээлдэгч, бусад гуравдагч этгээд нь факторингийн компанийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.
9 дүгээр зүйл. Санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа
9.1. “Санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх” гэж үнэт цаас болон түүнтэй адилтгах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагааг хэлнэ.
9.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа алдагдуулахгүйгээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан санхүүгийн хэрэгсэл, Засгийн газар болон Төв банкны үнэт цаасанд хөрөнгө оруулж болно.
9.3. Хөрөнгө оруулалтаас үүсэх алдагдлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн хөрөнгөөрөө хариуцна.
10 дугаар зүйл. Мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа
10.1. “Мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа” гэж төлбөр шилжүүлэгч, төлбөр хүлээн авагчийн нэр дээр данс үүсгэхгүйгээр мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн харилцах дансаар дамжуулан бусдын мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үйл ажиллагааг хэлнэ.
10.2. Мөнгөн гуйвуулгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн банкан дахь харилцах дансаар дамжуулан гүйцэтгэнэ.
10.3. Мөнгөн гуйвуулгын мэдээлэл нь шилжүүлэх дүн, гуйвуулагчийн овог нэр, регистрийн дугаар, хүлээн авагчийн овог, нэр, регистрийн дугаар хүлээн авах улс, хот зэрэг мэдээллийг агуулсан байх ба нууц шифр, хяналтын дугаартай байна.
10.4. Мөнгөн гуйвуулгын үйл ажиллагааг тухайн улсад зөвшөөрөл авсан ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэх тохиолдолд тухайн хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан байна.
10.5. Мөнгөн гуйвуулгын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй этгээдээр дамжуулан гүйцэтгэх, бэлэн мөнгөөр шилжүүлэг хийхийг хориглоно.
11 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр
11.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оноосон нэр нь дор дурдсан дэлгэрэнгүй эсхүл товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ:
11.1.1. энэ хуулийн 6.5.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьд оноосон нэрийн ард “Хөрөнгө удирдлагын банк бус санхүүгийн байгууллага” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “Хөрөнгө удирдлагын ББСБ”;
11.1.2. энэ хуулийн 6.5.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьд оноосон нэрийн ард “Зээлийн банк бус санхүүгийн байгууллага” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “Зээлийн ББСБ”;
11.1.3. энэ хуулийн 6.5.3-д заасан үйл ажиллагааг дагнан эрхлэх хуулийн этгээд нь оноосон нэрийн ард “факторинг” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ;
11.1.4. энэ хуулийн 6.5.4-д заасан үйл ажиллагааг дагнан эрхлэх хуулийн этгээд нь оноосон нэрийн ард “валют арилжаа” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ.
11.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэгж нь энэ хуулийн 11.1-т заасан тэмдэглэгээг хэрэглэнэ.
11.3. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд нь энэ хуулийн 11.1-т заасан тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
12 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд тавигдах хязгаарлалт
12.1. Энэ хуулийн 4.1.8-т заасан этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгааны дээд хэмжээ нь өөрийн хөрөнгийн 10 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтрэхгүй.
12.2. Энэ хуулийн 4.1.8-т олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгийн төлөгдөх хугацаа болон гаргасан баталгаа, батлан даалтын дуусах хугацаа нь 6-аас дээш сараар хэтэрсэн бол уг этгээд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн удирдах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохгүй байх.
12.3. Санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд нэг компанийн гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй.
12.4. Нөөцийн сан, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Хороо тогтооно.
13 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хориглох зүйл
13.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
13.1.1. тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх;
13.1.2. бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаанд зарцуулах;
13.1.3. иргэн, хуулийн этгээдээс хадгаламж татах;
13.1.4. банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс бусад этгээдээс зээл авах;
13.1.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр дээрх данснаас бусад дансаар гүйлгээ хийх;
13.1.6. хувьцаа эзэмшигчид хувь нийлүүлсэн хөрөнгөө барьцаалан зээл олгох, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалт гаргах;
13.1.7. харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг энэ хуулийн 22.2-т зааснаас бусад этгээдэд гаргаж өгөх, задруулах, ашиглуулах, олон нийтэд мэдээлэх;
13.1.8. итгэлцлээр татан төвлөрүүлэх мөнгөн хөрөнгөд хүү тооцох, үр шимийг нийтэд зарлах;
13.1.9. тайлан тэнцэлд тусгаагүй хөрөнгийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах;
13.1.10. өрийг хувьцаагаар солих;
13.1.11. хувьцааг нэрлэсэн үнээс нь доогуур үнээр худалдах;
13.1.12. тухайн гүйлгээний утга, үнийн дүн, гүйцэтгэсэн хэлбэр, он, сар, өдөр, дансны дугаар, гүйлгээний бусад оролцогч болон данс эзэмшигчийн талаарх мэдээллийг буруу ташаа мэдүүлэх;
13.1.13. тусгай зөвшөөрөл эзэмшигч нь охин компани байгуулах.
13.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд нь энэ хуульд заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхлэхийг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, БҮРТГЭХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
14 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага
14 .1. Тусгай зөвшөөрөл олгоход дараах шаардлагыг тавина:
14.1.1. хувь нийлүүлсэн хөрөнгө нь хууль ёсны татвар төлсний дараах орлогоос бүрдсэн мөнгөн хөрөнгө байх ба Хорооноос тогтоосон доод хэмжээг хангасан байх;
14 .1.2. дүрэм, үйл ажиллагаа эрхлэхэд мөрдөх эрх зүйн баримт бичиг нь энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байх;
14.1.3. төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, нэгжийн удирдлага нь 20.4-т заасан болон Хорооноос тогтоосон холбогдох шаардлагыг хангасан байх;
14 .2. Энэ хуулийн 14.1.1-т заасан шаардлага нь хувьцаат компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид мөн адил хамаарах ба бусад хувьцаа эзэмшигчдэд хамаарахгүй.
14 .3. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн дүрэм, үйл ажиллагаа эрхлэхэд мөрдөх эрх зүйн баримт бичиг, бизнес төлөвлөгөө, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, боловсон хүчин, ажлын байр, техник, програм хангамжийн байдалд тавигдах шаардлагыг Хороо тогтооно.
14 .4. Тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичгийг Хороо тогтооно.
15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох
15.1. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэж ирүүлсэн өргөдөл, баримт бичгийг энэ хуулийн 14.1-14.4-т заасан шаардлага болон Хорооноос тогтоосон баримт бичгийг бүрэн хангасан тохиолдолд хүлээн авна. Тусгай зөвшөөрлийн баримт бичгийн бүрдэл дутуу, шаардлага хангаагүй гэж үзвэл Хороо баримт бичгийг хүлээн авахгүй.
15.2. Хороо шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт бичиг шаардах бөгөөд холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч болно.
15.3. Тусгай зөвшөөрлийн хүсэлт, холбогдох баримт бичгийг бүрэн хангасан гэж үзсэнээс хойш Хороо ажлын 30 хоногийн дотор Хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.
15.4. Тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгох ба уг зөвшөөрөл нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
16 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах
16.1. Хороо банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд олгохоос татгалзана:
16.1.1. энэ хуулийн 14дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;
16.1.2. хууль тогтоомж зөрчсөн нь үндэслэл бүхий баримтаар тогтоогдсон;
16.1.3. баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон;
16.1.4. хувь нийлүүлсэн хөрөнгийг зээлийн эх үүсвэрээр бүрдүүлсэн нь баримтаар тогтоогдсон;
16.1.5. энэ хуулийн 15.2-т заасан нэмэлт баримт бичгийг шаардсан өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд бүрэн бүрдүүлж ирүүлээгүй.
16.2. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.
16.3. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд Хороо тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг 1 жилийн дотор дахин хүлээн авахгүй.
17 дугаар зүйл. Зөвшөөрөл, бүртгэл
17.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах тохиолдолд Хорооноос тогтоосон журмын дагуу зөвшөөрөл авна.
17.1.1. оноосон нэр өөрчлөх;
17.1.2. нэгж байгуулах, татан буулгах;
17.1.3. өрийн хэрэгсэл гаргах;
17.1.4. хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, бүтцэд өөрчлөлт оруулах;
17.1.5. шинээр хувьцаа гаргах, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувьцаагаа нийтэд санал болгох, худалдах, шилжүүлэх, үүнтэй төстэй бусад хэлцэл хийх.
17.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах тохиолдолд өөрчлөлтийг Хороонд бүртгүүлнэ.
17.2.1. гүйцэтгэх болон нэгжийн удирдлага;
17.2.2. хаяг байршил;
17.2.3. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, тэдгээрийн өөрчлөлт.
17.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2, 6.3-т заасан үйл ажиллагааг финтек ашиглан эрхлэх тохиолдолд Хорооноос тогтоосон журмын дагуу зөвшөөрөл авна.
17.4. Энэ хуулийн 6.2, 6.3-т заасан үйл ажиллагааг финтек ашиглан эрхлэхээр зөвшөөрөл авсан этгээд нь харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг дэвшилтэт технологи ашиглан хэрэгжүүлж болно.
17.5. Энэ хуулийн 6.2, 6.3-т заасан үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан хэрэгслийг үйл ажиллагааны онцлогт тохируулан ашиглаж болох бөгөөд эдгээрээр хийгдсэн гэрээ, хэлцлийг Иргэний хуулийн 421, 196 дугаар зүйлд заасантай адилаар хэлцэл хийсэн гэрээ байгуулсанд тооцно.
18 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
18.1. Тухайн төрлийн үйл ажиллагааг хэсэгчлэн эсхүл тусгай зөвшөөрлийг бүхэлд нь түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэлийг Хороо тогтоож, шийдвэрлэнэ.
18.2. Тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:
18.2.1. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаагүй;
18.2.2. энэ хуулийн 13.1-т заасан хориглосон үйл ажиллагааг эрхэлсэн;
18.2.3. газар дээрх шалгалтын дүгнэлтийг үндэслэн;
18.2.4. хяналт шалгалтаас санаатайгаар зайлсхийсэн;
18.2.5. хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр.
18.3. Хорооноос тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан өдрөөс хойш тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны чиглэлээр шинээр аливаа гэрээ, хэлцэл байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно.
18.4. Түдгэлзүүлсэн үндэслэлд заасан зөрчил дутагдлыг арилгаж, хэвийн үйл ажиллагааг хангасан гэж үзсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн Хороо тусгай зөвшөөрлийг сэргээж болно.
18.5. Тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:
18.5.1. өөрөө хүсэлт гаргасан;
18.5.2. түдгэлзүүлсэн хугацаанд гаргасан зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй;
18.5.3. түдгэлзүүлсэн хугацаанд тухайн үйлчилгээг эрхэлсэн;
18.5.4. тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дампуурсан буюу төлбөрийн чадваргүй болсныг эсхүл татан буугдсан тухай эрх бүхий байгууллага, хувьцаа эзэмшигчдийн хурлаас зарласан;
18.5.5. хуульд заасан бусад.
18.6. Хороо банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай олон нийтэд мэдээлнэ.
18.7. Хорооноос тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр гарснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа нь дуусгавар болно.
18.8. Хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш 1 жилийн дотор тухайн хуулийн этгээдээс дахин зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авахгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ, УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
19 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг:
19.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх ба Компанийн тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
19.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах эрхтэй:
19.2.1. хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны удирдлага, шийдвэрт нь хөндлөнгийн нөлөөлөл оруулахаас татгалзах;
19.2.2. тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа, эрх, бүртгэлийн талаар зохицуулагч байгууллагаас мэдээлэл авах;
19.2.3. хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалуулах;
19.2.4. Хорооны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд гомдол гаргах;
19.2.5. хуульд заасан бусад.
19.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг:
19.3.1. хөрөнгө оруулагч, харилцагчийн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;
19.3.2. өөрийн үйл ажиллагааны талаар харилцагч этгээдэд үнэн зөв мэдээлэх;
19.3.3. харилцагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хөндөхгүй байх ;
19.3.4. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, холбогдох журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах;
19.3.5. хуульд заасан бусад.
20 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, гүйцэтгэх удирдлага
20.1. Энэ хуулийн 6.5.2, 6.5.3-т заасан ангилалд хамаарах эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлтэй байж болно.
20.2. Энэ хуулийн 6.5.1-т заасан ангилалд хамаарах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гурваас доошгүй гишүүн бүхий төлөөлөн удирдах зөвлөл, дотоод хяналтын бүтэцтэй байна.
20.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна.
20.4. Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага,нэгжийн удирдлага нь дараах шаардлагыг хангана:
20.4.1. зээлийн гэрээ буюу өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд төлбөрийн баталгаа, батлан даалтаар хүлээсэн чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
20.4.2. эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
20.4.3. эдийн засаг, банк, санхүү, мэдээллийн технологи , хууль эрх зүйн дээд боловсролтой, эсхүл банк, санхүүгийн салбарт ажилласан туршлагатай;
20.4.4. сүүлийн 5 жилийн хугацаанд аливаа хуулийн этгээдийн татан буугдах, дампууралд буруутай болохыг шүүхээс тогтоож байгаагүй;
20.4.5. Компанийн тухай хуулийн 37.8-д заасан шаардлагыг хангасан байх.
20.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд энэ хуулийн 20.4.3 дахь заалт хамаарахгүй.
21 дүгээр зүйл. Сонирхлын зөрчил
21.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажил үүрэг, эд хөрөнгийг шууд болон шууд бусаар хариуцдаг захирал, ажилтан нь хариуцаж байгаа албан үүргийнхээ хувьд сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-д энэ сонирхлоо үнэн зөв, бүрэн хэмжээнд зохих ёсоор мэдүүлнэ.
21.2. Сонирхлын зөрчилтэй холбоотой энэ хуульд заагаагүй харилцааг Компанийн тухай хуулийн 12 дугаар бүлэгт зааснаар зохицуулна.
22 дугаар зүйл. Мэдээллийн нууцлал
22.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагааныхаа хүрээнд олж авсан харилцагчийн нууцыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хамгаалах үүрэгтэй.
22.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, түүний харилцагч болон гуравдагч этгээдийн нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсан тохиолдолд гаргаж өгч болно:
22.2.1. тухайн этгээд бичгээр өөрөө зөвшөөрсөн;
22.2.2. Хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;
22.2.3. шүүх, прокурорын байгууллагын удирдлага хүсэлт гаргасан, эсхүл авлигатай тэмцэх байгууллага, цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны шаардлагаар, түүнчлэн тагнуулын байгууллага мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах шаардлагаар мөрдөгчийн саналыг прокурор зөвшөөрсөн.
22.3. Энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан тайлан, мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгосон зээлийн талаарх эрх бүхий байгууллага хоорондын мэдээлэл, зээлийн мэдээллийн санд гаргаж өгөх мэдээлэл нь энэ хуулийн 13.1.7-д заасанд хамаарахгүй.

ТАВДУГААР БҮЛЭГ
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, ТАЙЛАГНАЛ, АУДИТ
23 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэл
23.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг дагаж мөрдөнө.
23.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт, дансны жагсаалт, маягт нь олон улсын стандарт, санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн,Хорооны даргын хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн багц журам, зааварт нийцсэн байна.
23.3. Хувьцаа эзэмшигч хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан хөрөнгийн хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээж, алдагдлыг нөхнө.
23.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нягтлан бодох бүртгэлийн баримт бичгээ 10 жилээс доошгүй хугацаагаар хадгална.
24 дүгээр зүйл. Санхүүгийн тайлан,тайлагнал
24 .1. Санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан бүрэлдэхүүнтэй байна.
24 .2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хорооноос баталсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлан, санхүүгийн тайланг улирал бүрийн дараа сарын 10-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны эхний сарын 10-ны өдрийн дотор цахимаар болон хэвлэмэл байдлаар Хороонд ирүүлнэ.
24 .3. Хорооноос эдийн засгийн нөхцөл, цаг үеийн байдалтай уялдуулан үйл ажиллагаатай холбоотой тайлан, мэдээг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тухай бүр гаргуулан авч болно.
24 .4. Санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримт, тодруулгыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, нэгдлийн оролцогчоос Хороо шаардах эрхтэй ба тайлбар, тодруулгыг цаг хугацаанд нь үнэн зөв, бүрэн гаргаж өгнө.
24 .5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүүгийн тайлан, мэдээллийн үнэн зөв эсэхэд Хороо хяналт тавьж, зохих журмыг баримтлаагүй, буруу, ташаа, алдаатай бол залруулахыг шаардаж, биелэлтэд хяналт тавьж ажиллана.
24 .6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь санхүүгийн үйл ажиллагааны мэдээллийн санг давагдашгүй хүчин зүйл, бусад аюулаас сэргийлэх зорилгоор архивын биет болон цахим хэлбэрээр хадгална.
24 .7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тайлант хугацаа бүрт банк бус санхүүгийн нэмэлт үйл ажиллагаанаас аль нэг төрлийг эрхлээгүй тохиолдолд Хороонд мэдэгдэнэ.
25 дугаар зүйл. Санхүүгийн тайлангийн аудит, түүнийг нийтэд мэдээлэх
25.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь санхүүгийн тайлан, бусад шаардлагатай баримт бичгийг энэ хуулийн 25.2-т заасан аудитын байгууллагаар жилд 1-ээс доошгүй удаа шалгуулж, баталгаажуулна.
25.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид санхүүгийн тайланд аудит хийх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
25.2.1. Аудитын тухай хуульд заасан аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
25.2.2. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүүгийн тайланг баталгаажуулах эрхийг Хорооноос авсан байх.
25.3. Хороо энэ хуулийн 25.2-т заасан эрх бүхий аудитын байгууллагын нэрсийн жагсаалт болон түүнд орсон өөрчлөлтийг тухай бүр нийтэд мэдээлнэ.
25.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь аудитын байгууллагыг аудит хийх нөхцөл, боломжоор хангана.
25.5. Аудитын байгууллага нь санхүүгийн тайланг баталгаажуулсан дүгнэлтийг тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна.
25.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь аудитын дүгнэлтийг дараагийн санхүүгийн жилийн 4 сарын 30-ны өдрийн дотор баталгаажуулж, дараа сарын 10-ны өдрийн дотор Хороонд ирүүлнэ.
25.7. Аудитор нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүүгийн тайлан баримт бичигт үндэслэн дараах дүгнэлтийг гаргавал энэ талаарх дүгнэлтээ Хороонд даруй мэдээлнэ:
25.7.1. санхүүгийн онц хүндрэлтэй байдалд орж болзошгүй байгаа;
25.7.2. тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсон хүчин нь санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлсөн шударга бус, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаанд оролцсон гэж үзсэн.
25.8. Аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайланг цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дараагийн санхүүгийн жилийн 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор Хорооноос баталсан маягтын дагуу нийтэд мэдээлнэ.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЗОХИЦУУЛАГЧ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, ХЯНАЛТ
26 дугаар зүйл. Зохицуулагч байгууллагын бүрэн эрх
26.1. Хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрхээс гадна тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг зохицуулахтай холбогдуулан хэм хэмжээний акт батлах, түүнийг дагаж мөрдүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих дараах эрхийг хэрэгжүүлнэ:
26.1.1. тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, зөвшөөрөл олгох, бүртгэх, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.2. банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг улсын эдийн засгийн байдал, төгрөгийн ханшийн өөрчлөлт, салбарын хөгжлийн чиг хандлага, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, газар зүйн байршлыг харгалзан тогтоох;
26.1.3. хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, бүтцэд өөрчлөлт оруулах харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.4. энэ хуулийн 6.2, 6.3-т заасан үйл ажиллагааг зохицуулсан журам, заавар батлах,
26.1.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.6. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн активыг ангилах, түүнд эрсдэлийн санг байгуулах, захиран зарцуулахад мөрдөх харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.7. санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн багц журам, заавар батлах;
26.1.8. тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тооцох харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.9. банк бус санхүүгийн үйл ажиллагаатай холбогдох сендбоксын зохицуулалттай холбоотой журам, заавар батлах;
26.1.10. банк бус санхүүгийн үйл ажиллагаатай холбогдох финтект суурилсан үйлчилгээтэй холбоотой журам, зааврыг батлах;
26.1.11. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд зайны болон эрсдэлд суурилсан хяналт шалгалт, газар дээрх хяналт болон үнэлгээ хийх журам, заавар батлах;
26.1.12. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, удирдах албан тушаалтанд тавигдах тохиромжтой этгээдийг тодорхойлох журам, заавар батлах;
26.1.13. тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай зөвшөөрөл авахтай холбогдох харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.14. өрийн хэрэгсэл гаргах харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.2. Хороо нь хууль тогтоомжийн хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний ханшийн өөрчлөлт, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаатай холбоотой энэ хуулийн 26.1-т зааснаас бусад захиргааны хэм хэмжээний актыг баталж болно.
26.3. Хороо зээлийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх арга, хэрэгслийг тогтоож болно.
26.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг Хороо урьдчилан шийдвэрлэнэ.
26.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
26.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэх журмыг Хороо тогтооно.
26.7. Улс орныг хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Хороо бодлого, зохицуулалтын хүрээнд банк бус санхүүгийн үйл ажиллагаа, актив пассив хөрөнгө, бусад санхүүгийн үзүүлэлтэд тусгайлан шаардлага тавьж, хязгаарлалт хийж болно.
26.8. Алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт хямд өртөгтэй олон төрлийн санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүргэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийг дэмжих бодлого, зохицуулалт, хэм хэмжээг тогтоож болно.
26.9. Хороо нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг болон гэрээ байгуулж болно.
27 дугаар зүйл. Хяналт шалгалт
27.1. Хороо нь энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорооны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаа байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.
27.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд Улсын ерөнхий байцаагчийн томилсон улсын байцаагч хяналт, шалгалтыг хэрэгжүүлнэ.
27.3. Хорооны улсын байцаагч нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, улсын байцаагчийн дүрэмд зааснаас гадна дараах эрхтэй байна:
27.3.1. хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автах, төр, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч, харилцагчийн хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгөө болон гэр бүлийн гишүүн, садан, төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх;
27.3.2. хяналт шалгалтын дүнг үндэслэн акт тогтоох, түүний гүйцэтгэлийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хугацаатай үүрэг, албан шаардлага өгч, биелэлтийг хангуулах;
27.3.3. энэ хуулийн 27.3.2-т заасан үүрэг, албан шаардлагыг биелүүлээгүй, эсхүл хяналт шалгалтын явцад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох, энэ тухай нийтэд мэдээлэх, шаардлагатай гэж үзвэл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг Хороонд оруулж шийдвэрлүүлэх;
27.3.4. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, судалгаа, бусад баримтыг хадгалж байгаа албан байранд нэвтрэн орж, үзлэг хийх, тооллого явуулах, баримт бичиг, эд хөрөнгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хураах, хяналт шалгалтын ажил хийх;
27.3.5. улсын байцаагч мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого, зарлага, ажил гүйлгээний мэдээлэл бүхий компьютер, техник хэрэгсэл, программ хангамжид нэвтрэх;
27.3.6. хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай магадлагаа, баримтын хуулбар, мэдээ, судалгаа, дансны хуулга, холбогдох бусад баримт бичиг, мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, түүнтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
27.3.7. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаатай холбогдуулан мэдээ, тайлан, гэрээ, хэлцлийг хамтран үйл ажиллагаа явуулсан гуравдагч этгээдээс шаардах;
27.3.8. тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн ажлын байранд нэвтрэх, биед нь үзлэг шалгалт хийх, үйл ажиллагааг шалгах, таслан зогсоох, хууль бусаар олсон орлогыг хураах;
27.3.9. хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах;
27.3.10. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
27.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хувь хүн, хуулийн этгээд хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно.
28 дугаар зүйл. Нэгдсэн хяналт, шалгалт хийх
28.1. Хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэгдлийн оролцогчийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийх шаардлагатай гэж үзвэл дангаараа эсхүл холбогдох төрийн байгууллагатай хамтран хийх бөгөөд түүнд хамрагдах хуулийн этгээдийн санхүүгийн тайланг нэгдсэн байдлаар гаргаж үнэлэлт, дүгнэлт өгнө.
28.2. Нэгдсэн хяналт шалгалтад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэгдлийн оролцогчийг хамруулах, тэдгээрийн санхүүгийн тайлан, холбогдох бусад мэдээллийг гаргаж тайлагнах, хяналт шалгалт хийх харилцааг холбогдох төрийн байгууллагатай хамтран баталсан удирдамжийн дагуу зохицуулна.
28.3. Нэгдлийн оролцогч нь өөр улсад бүртгэгдсэн буюу байршдаг бол Хороо тухайн орны эрх бүхий байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллаж нэгдсэн хяналт, шалгалтыг хэрэгжүүлж болно.
28.4. Энэ хуулийн 28.1-т заасан нэгдсэн хяналт шалгалтыг нэгдлийн оролцогчдын санхүү, төлбөрийн чадвар, тэдгээрийн хоорондох хөрөнгийн урсгал, нэг оролцогчоос нөгөөд оруулсан хөрөнгө, өглөг, авлага, зээл, нэгдлийн оролцогчдын хоорондын санхүүгийн бусад үүрэг, ажил, гүйлгээний хамаарлыг тэдгээрийн болон тэдгээртэй холбогдох этгээдийн санхүүгийн үйл ажиллагааны мэдээ, мэдээлэлд үндэслэн тодорхойлж, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн нэгдлийн оролцогчийн санхүү, төлбөрийн чадвар нь шаардлагыг хангаж байгаа эсэхийг дангаар нь болон нэгдсэн байдлаар тодорхойлон үнэлэлт, дүгнэлт өгөх байдлаар хийнэ.
28.5. Хорооноос шаардсан мэдээллийг тогтоосон хугацаанд тухайн нэгдлийн оролцогч өөрөө, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчээр дамжуулан гаргаж өгнө.
29 дүгээр зүйл. Нэгдсэн хяналт шалгалтад хамрагдахгүй байх нөхцөл
29.1. Хороо нэгдсэн хяналт шалгалтын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэгдлийн оролцогчийг дараах тохиолдолд оролцуулахгүй байж болно:
29.1.1. үйл ажиллагааны төрөл, хэмжээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүү, төлбөрийн чадварын байдалд нөлөө үзүүлдэггүй;
29.1.2. тухайн хуулийн этгээдийг нэгдсэн хяналт шалгалтад хамруулахгүй байх нь нэгдсэн хяналт шалгалтын үйл ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлэхэд саад болохооргүй;
29.1.3. нэгдсэн хяналт шалгалтад хамруулахгүй бол энэ тухай Хороо тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч, түүний толгой компани, тухайн оролцогчид мэдэгдэнэ.
30 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүлээлгэх албадлагын арга хэмжээ
30.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль болон бусад хууль тогтоомж, эсхүл Хорооноос тогтоосон хэм хэмжээг зөрчсөн бол зөрчлийн шинж байдлыг харгалзан Хорооны улсын байцаагч дор дурдсан албадлагын арга хэмжээ авна:
30.1.1. албан бичгээр сануулах, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх;
30.1.2. үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох;
30.1.3. тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар Хороонд санал оруулах;
30.1.4. хууль тогтоомжид заасан бусад.
30.2. Албадлагын арга хэмжээ авах тухай улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн этгээд Хорооны ерөнхий байцаагч болон шүүх, хяналтын байгууллагад гомдол гаргаж болно.
30.3. Албадлагын арга хэмжээ ногдуулсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, түүний эрх бүхий албан тушаалтныг бусад хууль тогтоомжийн дагуу хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
30.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, нэгдлийн оролцогч, түүнтэй холбогдох этгээд болон эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь Хорооны улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, бололцоогоор хангах үүрэгтэй.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ, БУСАД
31 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах
31.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг Хорооны зөвшөөрлийг үндэслэн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өөрчлөн байгуулж, татан буулгаж болно.
31.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлагыг Хороо тогтооно.
31.3. Хороо нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, харилцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол зөвшөөрөл өгөхөөс татгалзана.
31.4. Энэ хуулийн 31.2-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Хороо шийдвэрлэж, нийтэд мэдээлнэ.
31.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хорооноос өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг гаргаснаас хойш ажлын 10 хоногийн дотор харилцагчдад мэдэгдэнэ.
31.6. Өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл олгосны дараа тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өөрчлөн байгуулах, татан буулгах ажиллагаа эхлэх ба Хороо татан буулгах комисст хугацаатай үүрэг өгч, өөрчлөн байгуулах, татах буугдах үйл ажиллагаанд хяналт тавина.
32 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
32.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
32.2. Энэ хуулийг зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигч, ажилтан, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
33 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
33.1. Энэ хуулийг 20.. оны ... дүгээр сарын...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

М. ОЮУНЧИМЭГ

М. ОЮУНЧИМЭГ

Initiator of the draft law
М. ОЮУНЧИМЭГ

Э. БАТ-АМГАЛАН

Initiator of the draft law
М. ОЮУНЧИМЭГ

Х. ГАНХУЯГ

Initiator of the draft law
М. ОЮУНЧИМЭГ

Т. ДОРЖХАНД

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх