“18 дугаар зүйл.Гадаад улсаас цахимаар үзүүлэх үйлчилгээ
18.1.Гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах татвар төлөгчид
зайнаас цахимаар үзүүлсэн үйлчилгээнд татвар ногдуулна.
18.2.Монгол Улсад оршин суугч бус этгээд гадаад улсаас Монгол Улсын нутаг
дэвсгэрт байрлах этгээдэд зайнаас, цахимаар үйлчилгээ үзүүлж, жилийн 400 сая төгрөг
ба түүнээс дээш борлуулалтын орлого олсон бол оршин суугч бус этгээд нь татвар
суутган төлөгчөөр бүртгүүлнэ.
18.3.Монгол Улсад оршин суугч бус этгээд нь өөрийн бараа, үйлчилгээг цахим
арилжааны платформоор дамжуулан Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах татвар
төлөгчид бараа, ажил, үйлчилгээ борлуулж, жилийн 400 сая төгрөгийн орлого олсон
бол цахим арилжааны платформ эрхлэгч этгээд суутган төлөгчөөр бүртгүүлнэ.
18.4.Дараах нөхцөлөөс хоёр ба түүнээс дээш нөхцөлийг хангасан үйлчилгээ
авагчийг зайнаас үйлчилгээ авч буй Монгол Улсад байрлах татвар төлөгч гэнэ:
18.4.1.төлбөр гүйцэтгэсэн этгээд нь Монгол Улсад байрлах;
18.4.2.зайнаас авах үйлчилгээг ашиглах төхөөрөмжийн интернэт протокол
хаяг нь Монгол Улсад байрлах;
18.4.3.татвар төлөгчийн төлбөр хийхэд ашигласан дансны мэдээлэл,
банкны хаяг нь Монгол Улсад байрлах;
18.4.4.татвар төлөгчийн утасны дугаар нь Монгол Улсад хамаарах;
18.4.5.үйлчилгээ авч буй байрлал нь Монгол Улсад байрлах;
18.4.6.үйлчилгээ авч буй татвар төлөгчийн худалдаанд шаардлагатай
мэдээлэл нь Монгол Улсад хамаарах.
18.5.Оршин суугч бус татвар суутган төлөгч нь борлуулалтын орлогоос 10 хувиар
төлөх татварыг тодорхойлно.
18.6.Оршин суугч бус татвар суутган төлөгч нь худалдан авсан бараа, ажил,
үйлчилгээнд төлсөн татварыг хасагдуулахгүйгээр борлуулсан бараа, ажил,
үйлчилгээний үнийн дүнгээс татварыг шууд тайлагнана.
18.7.Оршин суугч бус татвар суутган төлөгч этгээд тухайн улирлын тайланг
дараа сарын 10-ны өдрийн дотор харьяа татварын албанд цахимаар тушаана.
18.8.Оршин суугч бус татвар суутган төлөгч этгээд энэ зүйлд заасны дагуу тухайн
улиралд төлбөл зохих татвараа тодорхойлж дараа сарын 15-ны өдрийн дотор төсөв
төлнө.
Тайлбар: Энэ зүйлд заасан гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах
татвар төлөгчид зайнаас цахимаар үзүүлсэн үйлчилгээнд татвар ногдуулах харилцаа
гэж олон улсын татварын харилцаанд нийтлэг ашиглагддаг “Татварын суурийг багасгах,
ашиг шилжүүлэх явдалтай тэмцэх 1 дүгээр үйл ажиллагаа” буюу "Addressing the Tax
Challenges of the Digital Economy"-г ойлгож, хуульд өөрөөр заагаагүй бол энэ үйл
ажиллагааны дүрмийг баримтална.”