87.1. Хороо дараах тохиолдолд санхүүгийн хоршоог албадан татан буулгах шийдвэр гаргаж, татан буулгах комисс томилж болно:
87.1.1. энэ хуульд заасан албадлагын арга хэмжээний хүрээнд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон;
87.1.2. санхүүгийн хоршоог өөрчлөн байгуулах боломжгүй буюу хүлээн авах тохиромжтой санхүүгийн хоршоо байхгүй.
87.2. Хороо энэ хуулийн 87.1-д заасан шийдвэр гаргахад санхүүгийн хоршооны бүх гишүүдийн хурлыг хуралдуулахгүй бөгөөд үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг авах шаардлагагүй.
87.3. Хорооноос бусад этгээд санхүүгийн хоршоог албадан татан буулгах буюу дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх эрх эдлэхгүй.
87.4. Татан буулгах комисс нь санхүүгийн хоршоо, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон санхүүгийн хоршооны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй бөгөөд санхүүгийн хоршооны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулах, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна.
87.5. Хороо татан буулгах комиссын гишүүнээр шаардлага хангасан өөрийн ажилтан, эсхүл бусад этгээдийг томилно.
87.6. Татан буулгах комиссын гишүүдийн цалин хөлсийг Хороо тогтооно.
87.7. Татан буулгах комисс нь санхүүгийн хоршоог татан буулгах хугацаа, санхүүгийн хоршоо хадгаламжийн үйл ажиллагаа явуулахгүй тухай болон шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгасан татан буулгах тухай шийдвэрийг олон нийтэд мэдээлнэ.
87.8. Татан буулгах комисс нь дараах бүрэн эрхтэй:
86.8.1. эд хөрөнгийг захиран зарцуулах;
86.8.2. санхүүгийн хоршоог төлөөлөх, удирдах;
86.8.3. санхүүгийн хоршооны нэрийн өмнөөс гэрээ байгуулах, цуцлах;
86.8.4. санхүүгийн хоршооны өр төлбөрийг барагдуулах, хязгаарлах, шилжүүлэх, зогсоох;
86.8.5. санхүүгийн хоршооноос байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээг цуцлах;
86.8.6. санхүүгийн хоршооны хөрөнгө оруулалт хийхээр байгуулсан гэрээг цуцлах;
86.8.7. санхүүгийн хоршооны хадгаламж эзэмшигчид өгөх төлбөрөөс тухайн хадгаламж эзэмшигчээс авах зээлийн төлбөрийг суутгах;
86.8.8. татан буулгах арга хэмжээний хүрээнд тухайн санхүүгийн хоршоотой холбогдох зарим үйл ажиллагааг үргэлжлүүлэх, зогсоох;
86.8.9. шаардлагатай ажилтан авах, чөлөөлөх;
86.8.10. санхүүгийн хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох.
87.9. Татан буулгах ажиллагааны явцад зээлдэгч гишүүдийн зээл, зээлийн эргэн төлөлттэй холбоотой мэдээллийг зээлийн мэдээллийн санд хүргүүлж, татан буулгах ажиллагааг дуусгавар болсон гэж үзвэл зээлийн мэдээллийн сантай байгуулсан гэрээг цуцлах хүсэлтийг хүргүүлнэ.
87.10. Гишүүн, эрх бүхий албан тушаалтан, бусад ажилтан, хөндлөнгийн аудиторын үйл ажиллагаанд эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн бол татан буулгах комисс энэ тухай Хороонд нэн даруй мэдэгдэж, тухайн асуудлыг шалгуулж, шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад шилжүүлнэ.
87.11. Санхүүгийн хоршоог татан буулгах ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг татан буулгах комисс Хороонд хүргүүлж, тогтоосон хугацаанд тайланг тогтмол ирүүлнэ.
87.12. Татан буулгах комисс санхүүгийн хоршооны хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй.
87.13. Санхүүгийн хоршооноос хийгдсэн төлбөр, шилжүүлэг зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илүүд авч үзсэн байх шинжтэй бол татан буулгах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх гурван сарын дотор хийгдсэн төлбөрийг, хэрэв төлбөр хүлээн авагч нь тухайн санхүүгийн хоршооны гишүүн, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан, тэдгээрт холбогдох этгээд байвал санхүүгийн хоршоог татан буулгах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх 12 сарын дотор хийгдсэн бүх төлбөрийг хүчингүйд тооцно.