Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 11-р сарын 18 өдөр
Улаанбаатар хот
НАС БАРСАН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВАГЧИЙН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч иргэн арилжааны банкнаас авсан тэтгэврийн зээлээ төлж барагдуулаагүй байхдаа нас барсан тохиолдолд төрөөс түүний тэтгэврийн зээлийг чөлөөлж, арилжааны банкинд төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Өндөр насны тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хууль тогтоомж
2.1. Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Банкны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль арилжааны банкнаас өндөр насны тэтгэврийн зээл аваад төлж амжилгүй нас барсан тэтгэврийн зээл авагчид хамаарна.
4 дүгээр зүйл. Тэтгэврийн зээлийг чөлөөлөх журам
4.1. Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан нас барсан тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг Нийгмийн даатгалын сангаас арилжааны банкинд төлнө.
4.2. Засгийн газар энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан нас барсан тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх, арилжааны банкинд зээлийг шилжүүлэхэд баримтлах бүртгэл, тооцооны болон холбогдох бусад үйл ажиллагааны журмыг энэ хуульд нийцүүлэн боловсруулж батална.
5 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
5.1. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төсөл боловсруулагчид

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх