4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “нийт бодит хүү” гэж зээлийн хүү, бүх төрлийн шимтгэл, үйлчилгээний төлбөр, албадан даатгал болон зээлийн гэрээтэй холбоотой зайлшгүй төлөх бусад төлбөрийн нийлбэрийг жилийн хувиар илэрхийлснийг;
4.1.2. “зээлийн нийт бодит хүүгийн дээд хязгаар” гэж банк болон банк бус зээлдүүлэгчийн тогтоож болох нийт бодит хүүгийн хамгийн их хэмжээг;
4.1.3. “банк бус зээлдүүлэгч” гэж хууль тогтоомжийн дагуу бусдад мөнгө зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, ломбард болон бусад хуулийн этгээд, хувь хүнийг;
4.1.4. “мөнгө хүүлэлт” гэж энэ хуульд заасан нийт бодит хүүгийн дээд хязгаараас давсан нөхцөлөөр зээл олгож ашиг олох үйл ажиллагааг;
4.1.5. “илүүдэл хүүгийн орлого” гэж нийт бодит хүүгийн хуульд заасан дээд хязгаараас давсан хэсэгт ногдох орлогыг.