Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 10-р сарын 13 өдөр
Ulaanbaatar city
АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/25 дугаар зүйлийн 25.7 дах хэсэг:
“25.7. Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор зэрлэг амьтныг агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй.”
2 дугаар зүйл. Амьтны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/25 дугаар зүйлийн 25.8-25.15 дахь хэсэг:
“25.8.Энэ хуулийн 25.7-д заасан нөхцөлийг үнэлэхдээ аюулын бодит байдал, шууд байдал, учирч болох хохирол, тухайн үед аюулыг зайлуулах боломжтой байсан арга хэрэгсэл, амьтны хамгаалалтын статус болон экологийн ач холбогдлыг харгалзана. Нэн ховор амьтныг агнасан тохиолдолд энэ хуулийн 25.7-д заасан зохицуулалтыг зөвхөн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэглэнэ. Амьтан агнах зорилгоор аюулыг зориудаар бий болгосон, эсхүл шууд аюул арилсны дараа амьтныг мөрдөн хөөж агнасан үйлдэлд энэ хуулийн 25.7 хамаарахгүй.
25.9.Энэ хуулийн 25.7, 25.8-д заасан нөхцөлийг хангасан үйлдэлд энэ хуулийн 7.2, 7.5, 9 дүгээр зүйл, 11.1.3, 11.1.7, 11.1.10, 11.1.12, 21.1, 24.1, 25.1, 25.5, 25.6, 26 дугаар зүйл, 28.1, 29.1-д заасан агнах, барих зориулалт, зөвшөөрөл, эрхийн бичиг, гэрээ, урьдчилсан бүртгэл, анчны үнэмлэх, тоо хэмжээ, хугацаа, байршил болон амьтны насанд холбогдох шаардлага, хязгаарлалт хамаарахгүй. Энэ хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас тогтоосон агнах, барих хугацаа, байршлын хязгаарлалтад мөн адил хамаарна. Энэ үл хамаарах нөхцөл нь зөвхөн тухайн шууд аюулыг зайлуулахад зайлшгүй шаардлагатай үйлдлийн хүрээнд үйлчилнэ.
25.10.Энэ хуулийн 25.7-д заасан үйлдэл хийсэн иргэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангасны дараа нэн даруй, боломжтой бол 24 цагийн дотор тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, байгаль хамгаалагч, эсхүл сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдэнэ. Холбооны сүлжээгүй, гэмтэж бэртсэн, эсхүл бусад бодит саадтай байсан бол уг саад арилсан даруй мэдэгдэнэ. Мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан харьяалах цагдаагийн болон байгаль орчны байгууллагад даруй дамжуулна.
25.11.Энэ хуулийн 25.7-д заасан үйлдэл хийснээр тухайн амьтан, сэг зэм, түүний эд эрхтэн, гаралтай түүхий эдийг иргэн өмчлөх, худалдах, бусдад шилжүүлэх, хувийн хэрэгцээнд ашиглах эрх үүсэхгүй. Иргэн өөрийгөө болон бусдыг нэмэлт аюулд оруулахгүйгээр байгаа байршлыг зааж, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, эсхүл цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгнө. Аюулгүй байдал, нотлох баримтыг хамгаалах зайлшгүй шаардлагаар, эсхүл эрх бүхий албан тушаалтны чиглэлийн дагуу түр хадгалах, тээвэрлэхийг хувийн ашиглалтад тооцохгүй. Шаардлагагүйгээр сэг зэмийг задлах, эд эрхтнийг салгахыг хориглоно.
25.12.Мэдээлэл хүлээн авсан нутаг дэвсгэрийн байгаль орчны байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран аюул арилгах, газар дээрх нөхцөл, амьтны зүйл, гэмтэл, сэг зэмийн байдал, учирсан болон учирч болох байсан хохирлыг баримтжуулах, шаардлагатай шинжилгээ хийлгэх, сэг зэм, эд эрхтнийг аюулгүй хадгалах, хүлээн авах ажиллагааг зохион байгуулна. Эд мөрийн баримтад хамаарах эд зүйлийг холбогдох хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.
25.13.Мэдэгдэх хугацаа хэтэрсэн, зураг, дүрсний бичлэггүй, эсхүл гэрчгүй гэх үндэслэл дангаараа энэ хуулийн 25.7, 25.8-д заасан нөхцөл үүсээгүйд тооцох үндэслэл болохгүй. Үйл явдлын нөхцөлийг холбогдох хуульд заасан журмаар цуглуулсан баримтаар тогтооно. Байгаль орчны байгууллагын бүртгэл, тэмдэглэл нь мөрдөгч, прокурор, шүүх, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг орлохгүй.
25.14.Энэ хуулийн 25.10–25.12-т заасан мэдээлэл хүлээн авах, дамжуулах, нөхцөл байдлыг бүртгэх, амьтан, сэг зэм, эд эрхтнийг хүлээн авах, хадгалах, холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа шийдвэрлэх журмыг байгаль орчны болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. Уг журмаар энэ хуульд заагаагүй зөвшөөрөл, чөлөөлөлтийн нэмэлт нөхцөл, иргэний хариуцлага тогтоохгүй.
25.15.Энэ хуулийн 25.7-25.14-т заасан нь төлөвлөсөн агнуур, амьтны тоо толгойг зохицуулах ажиллагаа явуулах, хууль бусаар галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, эсхүл галт зэвсгийн аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчих эрх олгохгүй. Галт зэвсгийн тухай хуульд нийцүүлэн ашиглаж байгаа галт зэвсгээр хүний амь нас, эрүүл мэндэд тулгарсан шууд аюулыг энэ хуулийн 25.7, 25.8-д заасан нөхцөлөөр зайлуулсан тохиолдолд энэ хуулийн 10.1.8 дахь заалт хамаарахгүй. Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хуульд заасан гарцаагүй байдлыг тухайн хуулийн дагуу үнэлэхэд энэ хуулийн 25.7-25.14 саад болохгүй.”
2/37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэг:
“37.5.Энэ хуулийн 25.7, 25.8-д заасан нөхцөлийг хангасан үйлдлээр тухайн амьтанд учруулсан хохиролд энэ хуулийн 37.1, 37.2, 37.4-т заасан нөхөн төлбөр ногдуулахгүй. Иргэний хуулийн 11.5-д заасан тохиолдолд энэ чөлөөлөлт хамаарахгүй. Энэ хуулийн 25.11-д заасан шаардлагад нийцүүлэн амьтан, сэг зэм, эд эрхтнийг түр хадгалсан, тээвэрлэсэн, хүлээлгэн өгсөн үйлдлийг энэ хуулийн 37.3-т заасан цуглуулсанд тооцохгүй. Энэхүү чөлөөлөлт нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах асуудалд хамаарахгүй.”
3 дугаар зүйл. Энэ хуулийг албан ёсоор нийтэлснээс хойш 60 хоногийн дараа дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Ж. ЗОЛЖАРГАЛ

Ж. ЗОЛЖАРГАЛ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх