Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 11-р сарын 10 өдөр
Ulaanbaatar city
СУРГУУЛИЙН ОРЧИНД СУРАЛЦАГЧИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.1. Энэ хуулийн зорилго нь суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, боловсрол олгох, эрүүл амьдралын зөв дадлыг хэвшүүлэх болон сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах, гэмтэл, ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоомж
2.1. Сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль, Хүнсний тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хууль үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх ерөнхий боловсролын сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.
3.2. Энэ хуулийн суралцагчийн эрүүл мэндэд холбогдох зохицуулалт нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын 18 насанд хүрээгүй суралцагчдад мөн үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “эрүүл мэндийг хамгаалах” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасныг;
4.1.2. “эрүүл мэндийг дэмжих” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-т заасныг;
4.1.3. “эрүүл мэндийг тусламж, үйлчилгээ” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.3-т заасныг;
4.1.4. “хариу арга хэмжээ” гэж Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3.1.8-д заасныг;
4.1.5. “сургуулийн орчин” гэж Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг;
4.1.6. “суралцагчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ” гэж бие бялдарын хөгжил, сэтгэцийн эрүүл мэндийн байдал, амьдралын зан үйлийн эрсдэлийг үнэлэх болон халдварт болон халдварт бус өвчний эмнэл зүйн үзлэгийг;
4.1.7. “хяналт, тандалтын цахим бүртгэлийн сан” гэж суралцагчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, зөвлөгөө, эмчилгээ, хяналт, дархлаажуулалт, халдварт өвчний тохиолдол гэх мэт суралцагчийн эрүүл мэндтэй холбогдох мэдээллийг бүртгэх цахим санг.
4.1.8. “суралцагчийг тодорхойлох боломжгүй болгох” гэж Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т заасныг;
5 дугаар зүйл. Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зарчим
5.1. Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахтай холбогдох энэ хуульд заасан үйл ажиллагааг зохион байгуулахад дараах зарчмыг баримтална:
5.1.1. ялгаварлан гадуурхахгүй байх;
5.1.3. хүмүүнлэг, энэрэнгүй хандах;
5.1.4. хүүхдийн хувийн болон эмзэг мэдээллийн нууцлалыг чанд хадгалах;
5.1.5. хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих.
5.2. Энэ хуульд заасан зохицуулалтыг нэг мөр ойлгоход эргэлзээ үүсвэл, дээрх зарчимд нийцүүлэн ойлгоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
СУРАЛЦАГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ, ДЭМЖИХ ТОГТОЛЦОО
6 дугаар зүйл. Суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих төлөвлөгөө
6.1. Суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааны 4 жилийн төлөвлөгөөг эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.
6.2. Боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд нь суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг дараагийн хичээлийн жил эхлэхээс өмнө жил бүр цахим хэлбэрээр байршуулж, олон нийт болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлд тайлагнана.
6.3. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл нь сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой зөвлөмжийг энэ хуулийн 6.2-т заасан тайланг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
6.4. Суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнахад шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтан нэн даруй гаргаж өгөх үүрэгтэй.
6.5. Эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд нь энэ хуулийн 6.1-д заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнахад шаардлагатай санхүүгийн төлөвлөлтийг жил бүр хийж, улсын төсвөөс санхүүжүүлнэ.
7 дугаар зүйл. Суралцагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангах
7.1. Сургууль нь эрүүл мэндийн байгууллагатай хамтран суралцагчийн эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурласан анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
7.2. Сургууль нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай эрүүл мэндийн тоног, төхөөрөмжөөр тохижуулсан эрүүл мэндийн өрөөтэй байна.
7.3. Сургуулийн захирал нь эрүүл мэнд өрөөний стандартын шаардлагыг хангаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног, төхөөрөмжийн ашиглалтад тогтмол хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй.
7.4. Сургууль нь сургалтын болон яаралтай үед ашиглах зөөврийн автомат зүрхний сэдээгчтэй байна.
8 дугаар зүйл. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ
8.1. Сургуулийн захирал нь суралцагчийн ээлжит эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 3 сарын дотор сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон тухайн шатны Засаг даргатай хамтран жил бүр зохион байгуулна.
8.2. Эмнэлгийн байгууллагад хийгдэхээс бусад эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг эрүүл ахуйн шаардлага хангасан, суралцагчдын эмзэг мэдээлэл задрахаас хангалттай сэргийлсэн сургуулийн орчинд хийж болох бөгөөд бусад тохиолдолд эмнэлгийн байгууллагад зохион байгуулна.
8.3. Суралцагчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ нь ерөнхий болон тусгай үзлэг, шинжилгээнээс бүрдэх бөгөөд тусгай үзлэг, шинжилгээний төрөл, хамрагдах нас, хүйсийн ангилал болон тусгай үзлэг, шинжилгээнд орох давтамж, хийх аргачлал, үйл ажиллагааг тайлагнах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.4. Эрүүл мэндийн ерөнхий үзлэг, шинжилгээнд бие бялдрын үнэлгээ, хараа, сонсгол, шүдний үзлэг, шинжилгээ багтах бөгөөд нэгээс арван хоёрдугаар ангийн нийт суралцагчдад жил бүр зохион байгуулна.
8.5. Энэ хуулийн 8.3-т заасан үзлэг, шинжилгээнээс гадна дор дурдсан ангийн суралцагчдад дараах тусгай үзлэг, шинжилгээг заавал хийнэ:
8.5.1. нэгдүгээр ангийн суралцагчид зүрхний цахилгаан бичлэг болон зүрх судасны тогтолцооны үзлэг, шинжилгээ;
8.5.2. долдугаар ангийн суралцагчид амьсгалын эрхтэн тогтолцооны үзлэг, шинжилгээ;
8.5.3. аравдугаар ангийн суралцагчид хеликобактер, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, сэтгэцийн эрүүл мэнд, шээс, бэлгийн тогтолцооны үзлэг, шинжилгээ.
8.6. Суралцагч нь сайн дурын үндсэн дээр Эрүүл мэндийн тухай хуулийн 8.5-т заасан журмын дагуу эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдсан тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийг үндэслэн энэ хуулийн 8.1-т заасан суралцагчдын эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдахгүй байж болно.
8.7. Сургууль нь 8.1-т заасан үзлэг, шинжилгээг зохион байгуулахаас нэг сарын өмнө суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагчид шинжилгээний төрөл, хийх аргачлалын талаарх мэдээллийг бичгээр эсхүл цахимаар мэдэгдэнэ.
8.8. Суралцагч, түүний эцэг, эх, асран хамгаалагч нь Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т заасныг үндэслэн үзлэг, шинжилгээнд хамрагдахаас татгалзсан тохиолдолд тухайн үзлэг, шинжилгээ зохион байгуулагдахаас 7 хоногийн өмнө татгалзлаа бичгээр эсхүл цахимаар сургуульд мэдэгдэнэ.
8.9. Энэ хуулийн 8.1-т заасан үзлэг, шинжилгээг зохион байгуулагч нь сургуулийн эмч, эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн суралцагчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үр дүнг хүлээн авч, суралцагчийн эрүүл мэндийн хяналт, тандалтын цахим бүртгэлийн санд тусгана.
8.10. Сургуулийн захирал нь үзлэг, шинжилгээнд хамрагдсан суралцагчдын эрүүл мэндийн нэгдсэн тайланд үндэслэн суралцагчийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний төлөвлөгөөг сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй.
8.11. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тухайн шатны Засаг дарга нь сургуулийн захиралтай хамтран тухайн жилд хийгдсэн суралцагчийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээний нэгдсэн тайланг боловсруулж, энэ хуулийн 8.10-т заасан өмнөх хичээлийн жилийн хариу арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлангийн хамт тухайн хичээлийн жил дуусахаас 1 сарын өмнө аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт цахимаар эсхүл бичгээр хүргүүлнэ.
8.12. Энэ хуулийн 8.11-т заасан тайлангуудыг хүлээн авсан аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь харьяалах нутаг дэвсгэрийн суралцагчдын эрүүл мэндийн нэгдсэн тайланг боловсруулж, эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад тус тус хүргүүлнэ.
8.13. Боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд нь энэ хуулийн 8.12-т заасан тайланг нэгтгэн дүгнэж, суралцагчдын эрүүл мэндийн улсын хэмжээний үзүүлэлтийг цахим хуудсаараа олон нийтэд тайлагнана.
8.14. Сургуулийн захирал нь шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 8.10-т заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох эрүүл мэндийн байгууллагаас шууд дэмжлэг, тусламж авах эрхтэй. Эдгээр байгууллагууд нь шаардлагатай тусламжийг нэн даруй үзүүлж, суралцагчдын эрүүл мэндийг хамгаалахад хамтран ажиллах үүрэгтэй.
8.15. Энэ хуулийн 8.5-т заасан тусгай үзлэг, шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх бөгөөд тэдгээрээс бусад энэ хуулийн 8.1-т заасан үзлэг, шинжилгээний зардлыг суралцагчид ногдох хувьсах зардал болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагад олгож буй нэг иргэнээр тооцсон төсвөөс санхүүжүүлнэ.
9 дүгээр зүйл. Суралцагчийн хувийн халдашгүй байдлыг хангах
9.1. Суралцагчдын эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамаарах хувийн болон эмзэг мэдээллийг сургуулийн захирал, сургуулийн эмч, суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс бусад этгээдэд дамжуулах, задруулахыг хориглоно.
9.2. Үзлэг, шинжилгээнд хамрагдсан суралцагчдын эрүүл мэндийн талаар статистик мэдээллийг боловсруулахад суралцагчийг тодорхойлох боломжгүй болгох арга хэмжээг авна.
10 дугаар зүйл. Эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ
10.1. Сургуулийн захирал нь энэ хуулийн 8.1-т заасан эрүүл мэндийн үзлэг, шинжилгээгээр өвчтэй эсвэл өвчлөх эрсдэлтэй гэж оношлогдсон суралцагчийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлүүлэхэд шаардлагатай дараах арга хэмжээг нэн даруй авна:
10.1.1. эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нэн даруй мэдэгдэх;
10.1.2. шаардлагатай тохиолдолд суралцагчийг эрүүл мэндийн байгууллагад хүргэх;
10.1.3. шаардлагатай гэж үзсэн бусад.
10.2. Сургуулийн захирал нь суралцагчдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахтай холбогдох дараах арга хэмжээг авна:
10.2.1. суралцагч, эцэг эх, багш ажилтнуудад сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах;
10.2.2. шаардлагатай тохиолдолд тухайн суралцагчийг мэргэжлийн зөвлөгөө өгөх байгууллага болон сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагатай холбож өгөх;
10.2.3. суралцагчийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай бусад арга хэмжээг тухай бүр зохион байгуулах.
10.3. Энэ хуулийн 10.1, 10.2-т заасан арга хэмжээг зохион байгуулахад шаардлагатай зардлыг сургууль хариуцна.
10.4. Сургуулийн захирал нь энэ хуулийн 10.1, 10.2-т заасан арга хэмжээг зохион байгуулахад Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллагад хүсэлт гаргах замаар хамтран ажиллана. Хуульд өөрөөр заагаагүй бол хүсэлт хүлээн авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллага нь хамтран ажиллах хүсэлтээс татгалзах эрхгүй.
11 дүгээр зүйл. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
11.1. Сургуулийн орчинд халдварт өвчин гарах, тархахаас урьдчилан сэргийлэх, сургуульд суурилсан дархлаажуулалт, сургуулийн орчны халдваргүйжүүлэлт, ариутгалыг зохион байгуулах ажлыг сургуулийн захирал хариуцна.
11.2. Сургуулийн захирал нь хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрээр эсхүл суралцагч болон сургуулийн ажилтнаас халдварт өвчин илэрсэн тохиолдолд бусад суралцагч болон сургуулийн ажилтанд халдахаас сэргийлэх арга хэмжээг нэн даруй зохион байгуулна.
11.3. Сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сургуулийн эмч нар нь халдварт өвчин илэрсэн суралцагч болон сургуулийн ажилтныг ялгаварлан гадуурхалтад өртөх болон бусад байдлаар эрх нь зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээг тэр даруйд авна.
11.4. Сургууль нь сургуулийн орчин, анги танхимын ариутгал, халдваргүйжүүлэлтийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө, суралцагчдын болон сургуулийн ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй арга хэлбэр, хуваарийн дагуу хийж гүйцэтгэнэ.
11.5. Сургууль нь халдварт болон олон улсын хөл хориот өвчинтэй тэмцэх хүрээнд хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.
12 дугаар зүйл. Суралцагчийн сэтгэцийн эрүүл мэнд
12.1. Сургуулийн сэтгэл зүйч нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаас гадна суралцагчийн насны ангилалд тохирсон сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлнэ.
12.2. Суралцагч нь ажлын цагаар биечлэн, утсаар, цахим хэлбэрээр сэтгэл зүйчээс зөвлөгөө авч болно.
12.3. Сэтгэл зүйч нь сэтгэл зүйн зөвлөгөөтэй холбогдох мэдээллийн нууцлалыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу хадгална.
12.4. Сэтгэл зүйн зөвлөгөөний явцад суралцагч нь гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон байж болзошгүй нөхцөл байдал илэрвэл, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан арга хэмжээг нэн даруй авна.
12.5. Сургуулийн захирал нь суралцагчийн хувийн мэдээлэл задрахаас сэргийлсэн, шаардлага хангасан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, орчныг бүрдүүлж өгөх үүрэгтэй.
12.6. Сэтгэл зүйч нь жил бүр асуумж болон ажиглалтын аргаар нийт суралцагчдаас сургуулийн орчинд тайван суралцахад тулгамдаж буй асуудал, дутагдлын талаар судалгаа авна.
12.7. Сэтгэл зүйч нь энэ хуулийн 12.6-д заасан судалгааны үр дүнг сургуулийн захиралд хүргүүлнэ.
12.8. Судалгааны үр дүнд үндэслэн сургуулийн захирал нь тухайн асуудлыг шийдвэрлэх бодлого, төлөвлөгөө боловсруулж нэг жилийн дотор асуудал, дутагдлыг бууруулах, арилгах үүрэгтэй бөгөөд тийнхүү бууруулсан, арилгасан тухай тайланг хичээлийн жил дуусахаас өмнө сум, дүүргийн боловсролын асуудал эрхэлсэн байгууллагад тайлагнана.
12.9. Энэ хуулийн 12.6-д заасан судалгааны үр дүн 2 жил дараалан ижил байх тохиолдолд, тухайн сум, дүүргийн боловсролын асуудал эрхэлсэн байгууллагаас тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмж хүргүүлж, холбогдох арга хэмжээ авах үүрэгтэй.
12.10. Аливаа хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас энэ хуулийн 12.6-д заасан судалгааны үр дүнд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон тохиолдолд, сургуулийн сэтгэл зүйч энэ тухай сум, дүүргийн боловсролын асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэнэ.
13 дугаар зүйл. Суралцагчийн эрүүл мэндийн боловсрол
13.1. Боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн захиргааны байгууллагууд нь эрүүл өсөлт хөгжил, халдварт өвчин, халдварт бус өвчин, донтолт, осол гэмтэл, хүчирхийлэл, сэтгэц, бэлгийн болон нөхөн үржихүй, эрүүл ахуйн гар угаах, шүд угаах, хог хаягдлын менежмент, ариун цэврийн өрөөг зохистой ашиглах гэх мэт амьдрах ухааны ур чадваруудыг багтаасан сургалт, сурталчилгааны арга хэмжээг тогтмол зохион байгуулна.
13.2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сургуулийг суралцагчийн эрүүл мэндийн сургалтын цаг, хөтөлбөр, ном, гарын авлага болон бусад шаардлагатай зүйлсээр хангана.
13.3. Сургуулийн захирал нь суралцагчдыг амилуулах суурь тусламжийн сургалтад хамруулах ажлыг эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
14 дүгээр зүйл. Дархлаажуулалтын хяналт
14.1. Дархлаажуулалтын тухай хуулийн 10.3-т заасны дагуу Засгийн газраас баталсан үндэсний товлолын заавал хийх дархлаажуулалтыг сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж болно.
14.2. Сургууль нь бага болон дунд сургуулийн суралцагчийг шинээр элсэн орох үед товлолын дархлаажуулалтад бүрэн хамрагдсан эсэхийг эцэг, эх, асран хамгаалагчаас цахимаар эсхүл бичгээр лавлаж, уг мэдээллийг суралцагчийн эрүүл мэндийн хяналт, тандалтын цахим санд оруулна.
14.3. Сургуулийн захирал нь товлолын дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй суралцагчид шаардлагатай вакциныг хийлгэх талаар удирдан зохион байгуулах үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд харъяа эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагаас дархлаажуулалтад дэмжлэг үзүүлэхийг хүсэж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
СУРГУУЛИЙН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
15 дугаар зүйл. Сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө
15.1. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь 4 жил тутамд сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ.
15.2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хуулийн 15.1-т заасан төлөвлөгөөний биелэлтийг жил бүр дүгнэж, дараагийн хичээлийн жил эхлэхээс өмнө цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд тайлагнана.
15.3. Сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнахад шаардлагатай мэдээллийг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан нь нэн даруй гаргаж өгөх үүрэгтэй.
15.4. Энэ хуулийн 15.1-т заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнахад шаардлагатай санхүүгийн төлөвлөлтийг жил бүр улсын төсвөөс санхүүжүүлнэ.
15.5. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тухайн шатны Засаг дарга нь энэ хуулийн 15.1-т заасан төлөвлөгөөнд нийцүүлэн сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх орон нутгийн төлөвлөгөөг жил бүр баталж, хэрэгжүүлэх үүрэгтэй.
15.6. Энэ хуулийн 15.5-т заасан сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх орон нутгийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хичээлийн жил дуусахаас 1 сарын өмнө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
15.7. Сургуулийн захирал нь энэ хуулийн 15.1, 15.5-д заасан төлөвлөгөөнд үндэслэн жил бүр сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургуулийн төлөвлөгөөг, өөрийн үнэлгээний тайлангийн хамт Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 24.1-т заасан сургуулийн зөвлөлтэй хамтран баталж, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангана.
15.8. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сургуулийн өөрийн үнэлгээний тайлангийн аргачлалыг батална.
15.9. Сургуулийн захирал нь сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургуулийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг сургуулийн өөрийн үнэлгээний тайлангийн хамт сум, дүүргийн Засаг даргад хичээлийн жил дуусахаас 2 сарын өмнө хүргүүлнэ.
15.10. Сум, дүүргийн Засаг дарга нь сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай байгууламжийг байгуулах, аюул учруулах эрсдэлтэй байгууламжийг засварлаж, удирдан зохион байгуулах бөгөөд шаардагдах төсвийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
16 дугаар зүйл. Сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт
16.1. Сургуулийн захирал нь нийт суралцагчдад сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт жил бүр зохион байгуулж, түүний үр дүнг сум, дүүргийн боловсролын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагад тайлагнах үүрэгтэй.
16.2. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалтын цаг, хөтөлбөр, ном, гарын авлага болон бусад шаардлагатай зүйлсээр хангах үүргийг хүлээнэ.
17 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах сургалт
17.1. Сургууль нь суралцагчдад аюулт үзэгдэл, гамшгийн үед хүний амь нас аврах, гамшгийн нөхцөл байдлыг даван гарах анхан шатны чадварыг эзэмшүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулна.
17.2. Сургуулиас суралцагчдад аюулт үзэгдэл, гамшиг, ослын үед болон бусад тохиолдолд амь аврах, даван гарах чадварыг эзэмшүүлэх зорилгоор тухайлсан сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран тогтмол зохион байгуулна.
18 дугаар зүйл. Дэмжлэг, тусламж үзүүлэх
18.1. Орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн байгууллага болон сургуулийн захирал нь сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлийн улмаас хохирсон суралцагч, тэдгээрийн гэр бүлийнхэнд сэтгэл зүйн тогтвортой байдал болон нийгэмд дасан зохицуулах зорилгоор зөвлөгөө өгөх болон сэтгэл зүйн эмчилгээ хийх зэрэг шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх үүрэгтэй.
19 дүгээр зүйл. Сургуулийн орчинд тавигдах шаардлага
19.1. Сургуулийн барилга, байгууламж, эзэмшил газар нь холбогдох барилгын норм, стандартад заасан шаардлагыг хангасан байхаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
19.1.1. нарны тусгал, агаарын урсгал сайтай байх;
19.1.2. хүний биед сөргөөр нөлөөлөх агаар дуслын замаар дамжих бодис ашигладаг үйл ажиллагаанаас мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд заасан хэмжээнээс багагүй хэмжээнд зайтай байх;
19.1.3. орчин тойрондоо аюул учруулж болзошгүй барилга, байгууламжаас мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд заасан хэмжээнээс багагүй хэмжээнд зайтай байх;
19.1.4. байгалийн гамшгийн эрсдэл учирч болзошгүй газраас мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд заасан хэмжээнээс багагүй хэмжээнд зайтай байх;
19.1.5. сургуулийн барилга, байгууламжаас гарах хаалга нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний идэвх өндөр газартай залгаа байж болохгүй;
19.1.6. сургуулийн барилга, байгууламж нь тогтмол дуу чимээний бохирдолтой бүсэд байж болохгүй;
19.1.7. сургуулийн барилга, байгууламж нь нарийн тоосжилт өндөртэй бүсэд байж болохгүй.
19.2. Барилга хот, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сургуулийн барилга, байгууламж баригдахаас өмнө болон дараа энэ зүйлийн 19.1-т заасан шаардлага болон сургуулийн барилга, байгууламжид холбогдох норм, стандарт, дүрэм зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүрэгтэй.
19.3. Энэ зүйлийн 19.1-т заасан шаардлага хангасан газрыг хайж олоход бүх шатны Засаг дарга тусламж үзүүлэх үүрэгтэй.
20 дугаар зүйл. Сургуулийн эзэмшил газар дээрх аюулгүй байдлын шаардлага хангагдаагүйн улмаас үүсэх хариуцлага
20.1. Сургуулийн захирал нь сургуулийн барилга, байгууламж, биеийн тамирын талбай, сургуулийн эзэмшил газар дээрх аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
20.2. Сургуулийн барилга, байгууламж, биеийн тамирын талбай, сургуулийн эзэмшил газар дээрх аюулгүй байдалд холбогдох норм, стандарт, дүрмийг бүрэн хангаагүйн улмаас бусдын эрүүл мэнд, хөрөнгө, амь насанд учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу сургууль хариуцан арилгах үүрэгтэй.
21 дүгээр зүйл. Сургуулийн барилга байгууламжийн эрүүл ахуйн шаардлага хангагдаагүйн улмаас үүсэх хариуцлага
21.1. Сургуулийн барилга, байгууламжийн эрүүл ахуйн норм, стандартын хэрэгжилтийг сургуулийн захирал хариуцна.
21.2. Сургуулийн барилга, байгууламжийн эрүүл ахуйн норм, стандартыг хангаагүйн улмаас бусдын эрүүл мэнд, хөрөнгө, амь насанд учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу сургууль хариуцан арилгах үүрэгтэй.
22 дугаар зүйл. Сургуулийн барилга, байгууламжийн засвар, үйлчилгээ
22.1. Сургуулийн барилга, байгууламжийн засвар, үйлчилгээний ажлын улмаас суралцагчийн эрүүл мэндэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тэргүүн ээлжид сургууль хариуцна. Сургууль нь суралцагчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгасны дараа буруутай этгээдээс нөхөн төлбөрт зарцуулсан мөнгөн төлбөрийг шаардах эрхтэй.
22.2. Сургуулийн барилга, байгууламжийн дотор засварын ажилд дотоод орчны агаарт ялгарах дэгдэмхий органик нэгдэл ашиглах тохиолдолд, тухайн засварын ажлыг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс 28 хоногийн өмнө гүйцэтгэсэн байна.
22.3. Сургуулийн барилга, байгууламжийн дотор засварын ажлыг энэ зүйлийн 22.2-т заасан хугацааны дотор гүйцэтгээгүй тохиолдолд, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр тухайн засвар хийсэн орчинд сургалтын үйл ажиллагаа явуулж болох эсэхийг шийдвэрлэнэ.
23 дугаар зүйл. Сургуулийн орчны болон хүнсний эрүүл ахуй
23.1. Сургуулийн захирал нь сургуулийн орчны эрүүл ахуй болон хүнсний эрүүл ахуй нь холбогдох стандартыг хангаж буй эсэхтэй холбогдуулан жилд хоёроос доошгүй удаа хяналт, шалгалтыг зохион байгуулах бөгөөд үр дүнг тэмдэглэн сургуулийн зөвлөлд тайлагнана.
23.2. Энэ хуулийн 23.1-д заасан эрүүл ахуйн хяналт, шалгалтыг зохион байгуулахдаа сургуулийн зөвлөлийн эцэг эхийн төлөөллийг оролцуулна.
23.3. Энэ хуулийн 23.1-т заасан хяналт, шалгалтыг явуулахдаа эрүүл ахуй болон хүнсний эрүүл ахуй хариуцсан эрх бүхий байгууллагатай хамтран ажиллана.
23.4. Энэ хуулийн 23.1-т заасан хяналт, шалгалтын үр дүн нь сургуулийн орчны эрүүл ахуйн стандартад нийцээгүй бол, сургуулийн захирал нэн даруй шаардлагатай арга хэмжээ авч, сургуулийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээг зохион байгуулна.
23.5. Сургуулийн захирал нь энэ хуулийн 23.4-т заасан үр дүн болон авсан арга хэмжээний талаар сургуулийн зөвлөлд танилцуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД
24 дүгээр зүйл. Төрөөс бусад байгууллага, хувь хүнээс үзүүлэх дэмжлэг
24.1. Энэ хуульд заасан үйл ажиллагаа, арга хэмжээг явуулахад шаардлагатай зардлыг олон улсын, гадаадын болон дотоодын байгууллага, хувь хүний хандив тусламжаар санхүүжүүлж болно.
24.2. Санхүүжилтийн хэлбэр нь мөнгөн эсхүл бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ ханган нийлүүлэх хэлбэрээр байж болно.
25 дугаар зүйл. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
25.1. Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
26 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
26.1. Энэ хуулийг 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Т. МӨНХСАЙХАН

Т. МӨНХСАЙХАН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх